Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Хатуухан хэлэхэд би намаа солих уу гэдэг дээр тулна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг МАН-ын бүлгийн гишүүд өргөн барьсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй хэмээн тус намын бүлэг үзсэнээр хууль санаачлагчид нь буцаахаар боллоо. Таны хувьд эхнээс нь уг хуулийн төслийг эсэргүүцэж байсан шүү дээ. МАН-ын бүлгийн байр суурийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Энэ хуулийг баталлаа гэж бодоход Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах байсан гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж ирсэн. Хэн ч хамаагүй жирийн иргэн ҮХЦ-д гомдол гаргахад энэ хууль унах байсан юм. Өмнө нь Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд бүлгийнхээ ажлын хэсгийг ахалж байсан. Дараа нь АН, МАН-ын гишүүд хамтраад “Энэ хуулийг баталъя” гээд оруулж байсан юм. МАХН-аас Д.Тэрбишдагва, МҮАН-аас Н.Батцэрэг нар ажлын хэсэгт орж байлаа. Тухайн үед “Ёстой сайн хууль боллоо” гээд бүгдээрээ л ам уралдан ярьцгааж байсан биз дээ. Харин би “Энэ хуулийг баталж болохгүй ээ. Парламентын сонгуулийг хүчээр хийж магадгүй. Орон нутгийн сонгууль явлаа гэхэд Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд юм болно доо” гэдгийг хэлж л байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг өөрчлөх нь зөв. Гэхдээ хуулийн дагуу л орж ирэх ёстой. Яагаад гэхээр өнгөрсөн жил Сонгуулийн нэгдсэн хууль гэж баталсан хэрнээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Гэсэн ч Сонгуулийн нэгдсэн хуулийг хүчингүй болгох ямар нэгэн зүйл орж ирээгүй. Сонгуулийн нэгдсэн хуулийг хүчингүй болголоо гэхэд УИХ, орон нутгийн сонгууль хуульгүй болох юм. Тиймээс шинэчилсэн найруулгаар оруулж ирэх ёстой байв.

Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэсэн гурван хуулийн төсөл орж ирэх ёстой байтал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэсэн ганцхан төслийг оруулж ирсэн юм. Харамсалтай нь одоогийн хуулийн гуравны нэгийг нь хүчингүй болгох заалтаар оруулж ирсэн. Техник ажлыг нь харахаар алийг нь хүчингүй болгох вэ гэдэг асуулт гарсан. Ц.Нямдорж гишүүний 78 зарчмын санал бусад гишүүдийн хэлээд буй 70 санал гээд 148 саналыг баталлаа гэж бодоход Сонгуулийн нэгдсэн хуулийг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Нүдээ аниад дуртай дуртайгаа хүчингүй болгоод явах байсан уу. Ийм юм байхгүй. Тиймээс энэ бүхэн улстөржсөн шийдвэр байгаагүй, цэвэр хуулийн асуудал байсан. Энэ хуулийн гуравны нэгт нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар уг хууль чадамжгүй болох тул эмх замбараагүй байдал үүсэх байлаа. МАН-ынхан үүнээс айсан. Түүн дотор байгаа заалт бүрийг шүүгээд үзэхэд маш түвэгтэй байдалд хүрэх байсан юм. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, З.Нарантуяа нар хуулийг өргөн барьсан.

-Таныг хуулийн төслийг өргөн барьсан гээд таны зураг хөрөг хүртэл яваад байсан даа?

-Би өргөн барилцаагүй ээ. Юу гэж өөрийнхөө өргөн барьсан хуулийг эсэргүүцдэг юм. Тэр хуулийн төслийг би өргөн барилцаагүй байхад өргөн барьсан гээд гүтгэж байгаа нь тухайн хүний ёс зүйтэй холбоотой. Би чинь эрүүл ухаантай хүн байна даа, арай ч дээ бас. Өөрөө хуулийн төсөл өргөн барьсан бол түүнийгээ эсэргүүцнэ гэдэг маш тэнэг үйлдэл. Би тийм хүн биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 103 заалттай. Гэтэл 148 нэмэлт өөрчлөлт оруулах санал гарчихсан. Хуульд 50-иас дээш хувийн өөрчлөлт орвол шинэчилсэн найруулга буюу шинэ хууль орж ирдэг. Энэ нөхдүүд хуулийн усыг нь шүүсэн гэж яриад байгаа. Үнэндээ хуульд “Ус шүүнэ” гэдэг хэллэг байдаггүй. Зарчмын зөрүүтэй саналаар өөрчилсөн, өөрчлөөгүй л гэж бий. Ажлын хэсэг гарч хуульд нэмэлт, өөрчлөлт хийдэг. Гэхдээ өргөн барьсан хуулиасаа давсан нэмэлт, өөрчлөлт гэж байдаггүй. Ийм утгагүй зүйл явсан байхгүй юу.

-Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах нь тодорхой байсан юм бол МАН-ынхан үүнийг мэдэхгүй өргөн барина гэж баймааргүй юм даа…

-МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байсан хүнээ санаатайгаар хорлох гэж байсан юм болов уу гэж харж байлаа. “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан болгон дайсан биш”. Хуучин хуулийг засах ёстой гэвэл засах ёстой. Засахдаа хуулийн хүрээнд дэгийнхээ дагуу явдаг болохоос дургүй хүнээ хорлох гэж байгаа юм шиг ийм зүйл хийх гэж байсан юм. Сонгуулийн өмнө тавдугаар сард энэ хууль ҮХЦ дээр очоод хүчингүй болох нь тодорхой. Цэцийн гишүүд чинь хуульчид. Ингээд хүчингүй болсон үед ямар хуулиар сонгууль явах вэ гээд ойлгомжгүй байдал үүсэх байв. Ноцтой биз. АН, МАН, МАХН-аас нэр дэвших гурван хүний хуулийн маргааны үед яах вэ гэдэг асуудал үүснэ. Хууль бус зүйлийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. “Төрийг бужигнууллаа” энэ тэр гээд манай Ц.Нямдорж гишүүн арай дэндүү улстөрждөг хүн. Ц.Нямдорж гишүүний хувьд хуульч, ахмад хүн гээд хүндэлмээр зүйл байдаг ч хүнийг нь заримдаа шүүмжилмээр санагддаг. Өмнө нь Х.Тэмүүжин хуулийн төсөл өргөн барихад нь би нэхэж шаардаад байхад “Баасанхүү гэдэг хүн бүтэн сар УИХ-ыг бужигнууллаа” гээд хүний нэр төрд халдаад байхаар нь “Ард түмэн харж байгаа даа” гэж бодоод л өнгөрсөн. Тиймээс ард түмнээрээ тоглох хэрэггүй л дээ. Одоогийн буцсан энэ хуулийг ч гэсэн хууль дүрмийнх нь хүрээнд ярьж байгаа юм. Ирээдүйд болох аюулаас нь сэрэмжлүүлсэн.

-Гэхдээ МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд таныг ганцаарчилсан шоу хийгээд байна гэдгийг байнга шүүмжилж ирсэн. Уг нь МАН-ынханд ашигтай биш бүх нэр дэвшигчдэд хэрэгтэй хууль байсан гэсэн. Таныг мөн хуулийн төсөлд санал оруулах гэж зүтгэсэн ч ороогүй болохоор тэглээ гэх юм…

-Тийм зүйл огт байхгүй. УИХ-ын гишүүн зарчмын зөрүүтэй санал бичгээр гаргадаг. Ажлын хэсгийн ахлагчид ганц санал бичгээр өгсөн ч тэд дэмжээгүй. Бид “суудал бүхий нам” гэдгээ тодорхойлох ёстой. Тодорхойл гэдэг нь бүлэгтэй бол бүлгийн шийдвэр, бүлэггүй бол гишүүдийн шийдвэр байх ёстой гэж зарчмын санал оруулсан юм. МАН-ынхны дэмжсэн санал бүр нь хууль зөрчсөн. Тухайлбал, “суудалгүй нам хамтарч биш дэмжиж оролцоно” гэдэг заалтыг өргөн барьж, ажлын хэсэг нь суудалгүй намд хамааралгүй гээд аваад хаячихсан. Парламентад суудалгүй намууд чинь “Сонгуульд ямар нэгэн байдлаар оролцох эрхийг боогдууллаа” гээд Цэцэд хандана. Нэр дэвшүүлэх эрх нь суудалтай намд хамаатай болохоос улс төрийн эрхийг нь хаагаагүй.

Тэд хамтраад юм уу, дэмжээд явъя гэхэд “Энд ямар заалт алга” гээд явах болсон тул Цэц дээд унах л байлаа. Энэ мэтчилэн зүйлс бий. Манай гишүүд “Баасанхүү улстөржлөө” гээд яриад байх юм.

Үнэндээ бол улс төрийн албан тушаалтан ажлаа л хийж байгаа юм шүү дээ. Бодитой зүйлийг байгаар нь ярьж байна. Чуулганы хуралдааныг сурвалжилдаг сэтгүүлчийн хувиар та харж л байгаа байх. Би бүр сүүлдээ санаа зовоод хамгийн сүүлд асуултаа асуудаг юм бил үү гэж бодох болсон. Энэ гишүүд чинь хууль хэлэлцэхээ болиод миний үгийг хэлэлцдэг болчихлоо. Миний хэлсэн үгийг “Буруу байна, муу байна, муухай байна” гээд дайрдаг. Би яагаад заавал тэдэн шиг сэтгэх ёстой юм бэ. Хувь хүн гэдэг утгаараа би алдаатай, буруу зүйл ярьж болно. Энэ чинь хуульд байгаа нэг санал. “УИХ-ын гишүүн үг хэлэх, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх” гээд хуультай юм байгаа биз дээ. МАН-ынхан миний үгийг биш хуулиа хараад ярь л даа. Ерөөсөө намайг амлаад авчихсан юм шиг л байдаг боллоо. “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Баасанхүү шоудсаар байгаад буцаалгачихлаа” гээд шал худлаа мессэжийг МАН-ынхан тараагаад байх юм. Надаас болоод буцаачихсан юм биш. Өөрсдөөсөө болоод буцсан. Энэ хууль МАН-ынхны маш том хагарлыг харуулсан. Тэдний намаас хэн нэр дэвших гэж байгаа билээ. Тэр хүндээ зориулсан торхтой дарь бэлдсэн юм. Хүчээр хуулиа батлаад явсан бол энэ торхтой дарь сонгуулийн өмнө дэлбэрэх байсан. Хохирлыг нь хэн амсах юм. Нэр дэвшигч нь шүү дээ. Би хэн нэгний талд биш хуулийн талд л байгаа. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Н.Энхболд гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан. Энэ хүн одоо хаана байна. Сүүлийн үед сураггүй болж байр суурь илэрхийлэхгүй байгаа биз дээ. Хэдэн залуу гишүүдээрээ бамбай хийгээд алга болчихдог. Н.Энхболд гишүүн өмнө нь ажлын хэсэг ахалж байхдаа яагаад муу хууль баталсан юм. Одоо яагаад сайн хууль гэж яриад байгааг хэн ч асуудаггүй. Хоорондынхоо зодоон, хэрүүлд намайг битгий хавчуулаад бай гэж хэлмээр байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль Сонгуулийн нэгдсэн хуулиараа явах байх тийм үү?

-Тэгэхээс өөр ямар ч арга байхгүй. Одоо сонгуулийн тов зарлах тогтоолын төслөө оруулж ирэх ёстой. -Парламентад суудалтай гурван нам, нэг бие даагч УИХ-д суудал авсан. Гурван нам ч яахав хүнээ илгээчих байх. Бие даагч гишүүн С.Жавхлан өөр улс төрийн намтай хамтарч хүн нэр дэвшүүлэх эрхийг хаалаа хэмээн мэдэгдсэн дээ?

-МАН-ын 65 гишүүний 20 нь 20 өөр намд ороод хүн нэр дэвшүүлэх хэр боломжтой вэ. Боломжгүй шүү дээ. Бие даагч байх эсэх нь хэнд ч хамаагүй. Улс төрийн намд иргэд санал өгдөг. Тэр саналаар төр бариулах шийдвэр гаргадаг. Саналынх нь хэмжээгээр төрөөс санхүүжилт өгдөг. Суудал бүхий гэдэг үг чинь их хурлын гишүүн гэдгээрээ бус намын оролцоотой байх юм. Өөрөөр хэлбэл, би намаасаа гарч өөр намд орж болно. Гэхдээ МАХН суудал бүхий нам хэвээрээ байна. Учир нь ард түмэн энэ намыг сонгосон байхгүй юу. С.Жавхлан гишүүн өөр намд орж болно, болохгүй гэдэг нь тэр хүнтэй холбоотой яриад байгаа юм биш.

Өнөөдрийн бидний мөрдөж буй Үндсэн хууль, бусад хуулиудын аргачлал нь энэ. Харин суудал бүхий нам суудалгүй намтай хамтарч болно. Үндсэн хуулиар суудалгүй нам суудалтай намтай хамтрах эрх нь бий.

-Та сонгуулиас өмнө МАН-ынхны торхтой дарийг устгаад өгсөн юм байна гэж ойлголоо. Энэ хүмүүс танд талархлаа илэрхийлэх юм уу?

-Тэр хүмүүсийн ёс суртахууны асуудал. Бүх намд зөв хүн, бүх намд буруу хүн байна. Зөв хүмүүс нь нэг талдаа гарч энэ улсыг хөгжүүлээсэй гэж хүсдэг. Улс төрд олон нүүр хэрэггүй, нэг л нүүр хэрэгтэй. Ард түмэн нэг нүүрээр нь л үнэлдэг.

-Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Зарим намуудын нэр дэвших хүн тодорхой гэх юм. Танай нам хэнийг өрсөлдөөнд оруулах гэж байна вэ?

-Намууд ямар хүнийг нэр дэвшүүлэх нь тэдний эрх. Би “МАХН заавал хүн дэвшүүлэх ёстой” гэдэг хатуу байр суурьтай байгаа.

-Тэр нь хэн юм бэ?

-Н.Энхбаяр дарга дэвшвэл сайн. Би Н.Энхбаяр даргыг битгий дэвш гэж байгаа юм биш. Гэхдээ хуулийн гарц, боломж, улстөрчдийн дарамт, шахалтаас болоод дэвшүүлэхгүй боллоо гэвэл өөрийнхөө оронд өөр хүнийг дэвшүүлэх ёстой. Ард түмэн манай намыг суудалтай болгож өгсөн болохоор тэдний өмнө хариуцлага хүлээгээд сууж байгаа. Биднийг суудалтай болгож өгөөч гэж сонгуульд орчихоод суудалтай болоод “Бид больё” гэж болохгүй. Манай намд гурван боломж бий. Нэгдүгээрт, АН юм уу МАН-тай хамтраад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болно. Ил тод ард түмэнд үүнийгээ хэлэх хэрэгтэй. Эсвэл дангаараа хүнээ дэвшүүлж болно л доо. Эс бөгөөс суудалгүй намуудыг цуглуулж байгаад дундаасаа нэр дэвшүүлэх хэрэгтэй. Трамп, Путин шиг хэнийг ч байж болно. Харин ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Хэрэв ингэж боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийх магадлал үүснэ.

-Өөр сонголт оо. Та намаа солих гэж байгаа юм уу?

-Хатуухан хэлэхэд би намаа солих уу гэдэг дээр тулна. Би биш бол хэн ч биш гэж болохгүй гэж байгаа юм.

-Н.Энхбаяр дарга нэр дэвшвэл сайн гэлээ. Гэхдээ Эрүүгийн хуулиар ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй?

-Улсын дээд шүүх нэр дэвших боломжийг нь олгосон. Өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Хууль нэг л тайлбартай байдаг. Монгол Улсад ганц хуульч байдаг юм биш. Ядаж байхад тэр нь Ц.Нямдорж биш. Хэдэн мянган хуульч манайд бий. Тэд 78 дугаар зүйлийг хүчингүй гээд байхад уг зүйлийг хэрэглэе гээд байж болохгүй биз дээ. Тэгэхээр 78 дугаар зүйлийн дагуу шийдвэр гаргая гэхээр Өршөөлийн хуулиар тэр нь байхгүй болчихсон. Тиймээс боломжтой. Нэг хүнийг дэвшүүлэхгүй гээд байгаа бол хоёр дахь хүнээ манай нам нэр дэвшүүлэх хэрэгтэй.

-Н.Энхбаяр дарга нэр дэвшдэггүй юм бол дараагийн нэр дэвших боломжтой рейтинг өндөр байгаа нь та юм биш үү?

-Биш ээ. МАХН-аас нэр дэвшүүл гэдэг хууль байхгүй. МАХН нь хүнийг дэвшүүл гэж байгаа юм. Аль ч намын хүн байж болно. Монгол Улсын уугуул иргэн, сүүлийн таван жил Монгол Улсад байнга оршин суусан байх ёстой. Дээрээс нь 45 нас хүрсэн байх ёстой гэдэг шалгуур байгаа болохоос ямар нэгэн намын гишүүн бай гэдэг ямар ч шалгуур байхгүй. Ардчилсан нам, Ардын намаас орж ирээд манай намын нэр дээр нэр дэвшиж болно.

-Та 45 нас хүрсэн үү?

-Хүрээгүй. Тэгээд ч би нэр дэвшихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг чинь өндөр босготой байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр том хариуцлага үүрдэг. Нэг нь дотоодын эв нэгдлийг хангах, хоёр дахь нь гадаадын геополитикт оролцох явдал. Өнөөдөр нэг гараараа Хятадаа, нөгөө гараараа Америкаа муулаад явж болохгүй. Тэр утгаараа Л.Эрдэнэчулуун гуайг хэлээд байдаг нь тийм юм. Монгол Улсын гадаад харилцааг үе удам дамжин авч явсан Лувсан гуай гэж гадаад харилцааны агуу хүн байлаа. Байман Ханд гуай гэж мундаг хүн байсан юм. Удмыг нь хөөгөөд явбал алтан ургийн хүн л дээ. Үүнийг бүх хүн хүлээн зөвшөөрдөг. Жинхэнэ монгол хүн байгаа биз дээ. Үе дамжин дипломат албанд зүтгэсэн. АНУ-д Элчин сайд, НҮБ-д олон жил суусан ийм хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшвэл ямар байх вэ. Ц.Гомбосүрэн гуай шиг хүн яагаад нэр дэвшиж болохгүй гэж. Гэхдээ энэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм биш. Монгол ард түмэн иймэрхүү хүмүүсийг сонгооч ээ гээд хэлээд байгаа юм. Л.Түдэв гуай шиг хүнийг яагаад сонгож болдоггүй юм бэ. Хэрэв түүнийг сонгосон бол дотоодын эв нэгдлийг хангаж, алт ухаж, бизнес сэтгэлгээгээр асуудалд хандахгүй байлаа. Тэр хүнд үсрээд л хэдэн ном байх байв. Мэдлэг, оюун ухааных нь хэмжээгээр “Манай Ерөнхийлөгч мундаг хүн” гээд яриад явах боломжтой байсан. Гэхдээ ард түмэн өөр сонголт хийсэн. Бид олон удаа алдаж болохгүй. Нэг алдвал тэнэг гэдэг юм. Хоёр алдвал гэнэн тэнэг, гурав алдвал усан тэнэг гэхээс өөр сонголт арга алга. Монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүсээ сайн бод. Тэдэнтэйгээ харьцуул. Засгийн газрын ажлыг хийдэг байж болохгүй. Харамсалтай нь манай Н.Энхбаяр дарга хууль болгонд өөрчлөлт хийсээр байгаад бараг Засгийн газрын эрх мэдэлтэй юм шиг болсныг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үргэлжлүүлж байна. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ яллаа

Ардчилсан намын даргад өрсөлдсөн нэр дэвшигчдээс С.Эрдэнэ хамгийн олон санал авснаар ялалт байгуулжээ. Нийт 20 аймаг, найман дүүрэг дүнг нэгтгэхэд С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус, тус аваад байна.

Нэр дэвшигчид аль аймагт ялалт байгуулсаныг дараах жагсаалтаас харна уу.
  • Архангай аймаг /С.Эрдэнэ/
  • Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/
  • Чингэлтэй дүүрэг /С.Эрдэнэ/
  • Баянзүрх дүүрэг /С.Эрдэнэ/
  • Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/
  • Булган аймаг /С.Эрдэнэ/
  • Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/
  • Налайх дүүрэг /С.Эрдэнэ/
  • Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/
  • Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/
  • Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/
  • Төв аймагт /С.Эрдэнэ/
  • Завхан аймаг /Н.Алтанхуяг/
  • Баян-Өлгий аймаг /Н.Алтанхуяг/
  • Ховд аймаг/Л.Гантөмөр/
  • Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/
  • Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/
  • Говь-Алтай аймаг /Н.Алтанхуяг/
  • Хэнтий аймаг/Д.Эрдэнэбат/
  • Дундговь аймаг /Н.Алтанхуяг/
  • Өмнөговь аймаг /Н.Алтанхуяг/
  • Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/
  • Сүхбаатар аймаг /Ж.Батзандан/
  • Сэлэнгэ аймаг /Д.Эрдэнэбат/
  • Орхон аймаг /Н.Алтанхуяг/
  • Сүхбаатар дүүрэг /Л.Гантөмөр/
  • Дорнод аймаг /Н.Алтанхуяг/
  • Говьсүмбэр /1. Л.Гантөмөр, 2. Н.Алтанхуяг/
  • Дорноговь аймаг/1.Л.Гантөмөр, 2.Ж.Батзандан/
  • Увс аймаг /1. Н.Алтанхуяг, 2. Л.Гантөмөр/
Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын манлай харцага, “Өвөө” багшийнд өнжлөө

Энэ удаад бид Монгол Улсын манлай харцага, бөхчүүд дундаа “Өвөө” багш хэмээн хүндлэгддэг Чойдорын Өвгөнхүүгийнд өнжлөө. Өнгөрөгч баасан гаригт “Өвөө” багштай Бөхийн өргөөнд уулзах цаг товлоод очиход, “жилд нэг авдаг цолны урамшуулал, амралтын өдөр зохион байгуулагдах “Харцага” цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны урилгаа авах гэж ирсэн” тухайгаа хуучилсан юм. Эндээс гараад бид өөрийнх нь нэрлэснээр “өвгөчүүлийн” гэгдэх ахмадын хорооллыг зорилоо.

Гэрт ормогц зээ охин А.Энэрэл нь “Өвөө ирлээ” гээд гүйж ирж үнсүүлэх нь өхөөрдмөөр. “Өвөө” багш жинхэнээсээ өвөө болж 12 ач зээгийн өмөг түшиг болсон нь энэ ажээ. Монгол Улсын манлай харцага Ч.Өвгөнхүү өнөөдөр Энэбиш даргынхаа өгсөн хоёр өрөө байранд охин, хүргэн, зээ хүү Билгүүн, зээ охин а.Энэрэл нарынхаа хамт эгэл даруухан амьдарч байна. Том өрөөнд ормогц Чингистэй хивс, хивсэн дээр олимп, тив, дэлхийн аваргаас хүртэж байсан медаль бүхий туузаа өлгөсөн нь шууд нүдэнд тусна. Жүдогийн дэлхийн аварга, Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медалиас эхлээд Москва, Мюнхэний олимпод оролцож байсан дурсгалын медалиуд нь түүний бөхийн спортод зориулсан дусал хөлс бүрийн гэрч болон дурайх ажээ.

Харин хойд хананд байрлах хүрэн шүүгээнд нутгийн шүтээн “алтан овоо”, хань ижлийнхээ хөрөг зургийг байрлуулсан байх юм. Тэртээ 1966 онд нэг нэг чемодантай хоёр талаас нийлж, таван охин, хоёр хүүг нь төрүүлж өгсөн хань Н.Цагаандарь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд гурван оныг үджээ. Охин Ө.Үржинбадам нь цай унд дөхүүлэх зуураа “Бид аавд хань болоод хамт байдаг юм. Та хоёр сайхан ярилцана биз” гээд гарлаа.

Ч.Өвгөнхүү багш, “Зээ хүү Билгүүнийгээ барилдаж магадгүй гэж горьдож сууна.Одоогоор надад баригдаж, барилдахгүй л байгаа. Гэхдээ бөх, морь хоёрыг гэмтээж болдоггүй юм. Цаг нь ирэхээр болох биз” гээд хүүгээ өхөөрдөн харна. “Өвөө” багшийн өргөсөн эцэг Дашням хүүдээ үрээний эмээл, хулсан лимбэ, мөнгөн аяга зэхэж, “Миний хүү бөх болно” гэдэг байж.

Бөхийн спортод анх хөл тавьсан үеэ “1963 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн спорт танхимд хоёр нөхрийн хамт бөх үзэхээр очиход тасалбар ав гээд хавьтуулдаггүй. Цэргийн залуучуудад тасалбар авах мөнгө байхгүй тул барилдах цэргүүд аргалаад ортол жижүүр өвгөн шүүгчдэд гурван цэрэг дайрч орлоо гээд хов хүргэсэн юм билээ. Ингээд урьд өмнө заал танхимын барилдаанд нэг ч удаа үзэгдэж байгаагүй гурван цэрэг нэгийн даваанд хоёр аварга, нэг арслангийн аманд “зөөлөн боов” болж очсон юм. Би тэр жил улсын наадамд түрүүлж, улсын арслан болсон Ж.Мөнхбатын аманд очсон. Муу эрийн шийдсэн мэх гэгчээр унах нь тодорхой юм чинь гэж бодоод золгонгуутаа тонгортол залуу арслан унаж танхим даяар шуугиад явчихсан. Барилдаан өндөрлөмөгц нутгийн ах улсын начин Дашдаваагийн аав Лувсандорж гуай ирж “Нутгийн дүү миний хүүд хань болох нь” гээд арван төгрөгөөр мялааж байсан” гэж дурсав. Дараа жил нь армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болж. Тэр барилдаанд 18 давсан Д.Сэрээтэр, Т.Артаг, Шаравдоржтой хамт дөрвүүлээ цэргийн арслан цол хүртсэн юм байна. Ингэж л “Алдар” нийгэмлэгийн бөх болжээ.

Ч.Өвгөнхүү багшийн амьдралыг ардын арми, “Алдар” нийгэмлэггүйгээр төсөөлөх аргагүй. Тийм ч болохоор “өвөө” багш “Гитель үзэх үү” гэсээр нөгөө өрөөнөөс энгэр дүүрэн одон, хошууч мөрдэстэй гителиэ авчирч үзүүллээ. “Тухайн үед манай ранг хошууч байсан. Одоо бол дэд хурандаа болсон. 2016 онд “Алдар” спорт хорооны 70 жилийн ойгоор дэд хурандаа цолоо зүүчих гэхээр нь, яах вэ, надад хошууч цол минь ээлтэй гээд бөөн инээдэм болсон” гэж байна.

XX зууны манлай начин Ч.Өвгөнхүү гуайн зургийн цомогт монгол бөхийн нэгэн жарны түүх дурайх аж. Түүний зургийн цомогт Хадаа аваргын зураг нэлээд харагдсан тул сайхан дурсамж хуваалцаач гэхэд, “Хадаа маань түмний хайртай бөх, миний хайртай шавь байлаа. Анх 1970 онд 18 настай цэрэг Холбооны 13 дугаар ангид ирэхэд нь “Алдар” нийгэмлэгтээ авч бөхөөр хичээллүүлсэн. Улсын наадамд хоёр түрүүлсэн. Түүнээс ч их амжилт гаргах боломж байсан. Хүнд муу санадаггүй цаас шиг цагаан хүн байсан даа. Манайхантай их дотно. Том хүүгийн минь хуримыг зохион байгуулж байлаа шүү дээ. Мөн шавь нараасаа Ч.Бээжин аваргадаа их хайртай. Уг нь анх Бээжин гуай миний багш байсан юм. Дараа нь би багш нь болсон. Нас, цолны хувьд надаас илүү ч “багш аа” гэж дуудна. Бидний үе тийм л дэгтэй байлаа” гэсэн юм. Тэрбээр 1972 онд биеийн тамирын дасгалжуулагч, багшийн ангийг Х.Баянмөнх, З.Ойдов, Чанрав нарын арав гаруй нөхдийн хамт дүүргэж байжээ.

Хайрт шавь Хадаа аваргын хамт

Таныг бөх сонирхогчид үүнээс илүү амжилт үзүүлэх чадалтай байсан гэж ярьдаг. Энэ талаар санаа бодлоо хуваалцаач гэхэд, “Илүү амжилт үзүүлэх бяр, хүч, ухаан сэтгэл зүйн бэлтгэл бүрэн байсан ч аз од тойрчихсон юм болов уу гэж харамсан дурсах мөч олон тохиож байсан. Би 1972 онд дасгалжуулагч болсон. Багш хүн өөрөөсөө илүүтэй шавьдаа анхаарал хандуулж, өөрийгөө гаргуунд нь гаргадаг гэдэг. Үүнээс гадна яг ид барилдаж байх үед самбо бөхийн Олон улсын аварга шалгаруулах тэмцээн гурван жил дараалан Москва хотноо долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагддаг байсан. Жин хасч барилдчихаад арванд улсын наадамд барилддаг байлаа. Тэгэхдээ нэг нь тав даваад, хоёрт нь дөрөв давсан юм. Гэхдээ яахав, олон хүнийг бөхийн ертөнцөд татан оруулснаараа бахархаж явдаг. Шавь нар маань амжилт гаргавал өөрөө гаргаснаас ялгаа юу байхав гэж боддог” хэмээсэн юм.

Монгол түмний их баяр цагаан сар хаяанд ирээд байна. Ертөнцийн гурван баяны нэгд багш хүнийг оруулж болох шиг санагддаг. Таны цагаан сар хөл ихтэй болдог байх даа гэхэд, “Манайх цагаан сараа Улаанхуаранд байдаг гурван өрөө байрандаа гаргадаг. Самбо, жүдогийн гавьяат багш Машбат дасгалжуулагч, Дашдаваа начин хоёр маань бурхан болсон болохоор очиж золгох хүн байхгүй. Тийм болохоор цагаан сараар шавь нараа хүлээж л суух болж дээ. Ц.Магалжав, Анхбаяр хоёр заавал ирдэг. Ер нь бол 500 гаруй хүн ирнэ. Бөхийн өргөөнд болдог битүүлгийн үеэр Баянхонгорын Баасанхүү багштайгаа уулздаг” гэлээ.

Өвгөнхүү харцага цай ойчлонгоо “Одоо ч тэгээд намайг мэдэх, тоох хүн цөөрч байна даа. Цэргийн ерөнхий сургууль дээр бэлтгэл хийж байгаа Сүхбаатарын бөхчүүд дээрээ хааяа очдог. Зундаа “Хайрын бэлэг” амралтанд очиж, “Жавхлант шарга” дэвжээн дээр сайн дураараа бэлтгэлд гардаг. Дээхнэ үед Даншиг наадмын шөвгийн наймд Сэцэн хан аймгийн зургаан бөх үлддэг байлаа. Чүлтэм аварга, Өсөхбаяр аварга, Буянтоо аварга гээд сайхан бөхчүүд байсан. Манай аймаг орон нутгийн удирдлагууд бөхчүүдээ дэмждэггүй. Уг нь манай улсад ганц байдаг спортын дэд доктор Нямаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынх. Бид хоёроос гадна хоёр гурван ч багш бий. Гэтэл манай аймгаас сайн бөхчүүд гарахгүй байгаа нь орон нутгаас дэмжихгүй байгаагаас болж байна гэж боддог. Намайг улсын начин болох үед Увс аймагт улаан гуталт Цэрэндорж, Гэлэгжамц гэж хоёр бөх л байсан. Өнөөдөр Увс аймагт 38 улсын цолтон төрөөд байна шүү” хэмээн хуучлав.

Таныг сайн бөх, сайн дасгалжуулагч байснаас гадна Бөхийн өргөөг босгоход гар бие оролцож явсан гэдэг. Монгол орныг тойрч хандив цуглуулж явахад тохиолдсон хөгжилтэй явдлаасаа хуваалцахгүй юу гэхэд, “Би 1990 онд тэтгэвэртээ гарч, хоёр жил гэртээ суусан. Тэгээд Монголын үндэсний бөхийн холбооны “Итгэмжит элч” болж хандив цуглуулахаар 18 аймгийг тойрсон. Монголын ард түмэн бөхдөө хайртай болохоор хаана ч очсон хоосон буцаагаагүй. Эхэндээ гуйх арга эвээ олохгүй жаахан будилсан. Даваасамбуу гуай бид хоёр хамт явсан. Бөх хүн хоосон хонохгүй гэдэг үг үнэн шүү. Хаана ч явсан нялх балчраасаа эхлээд бүгд хүндэтгэж, бололцооныхоо хэрээр мөнгө өгч байсан. Хөдөөнийхөн тэр бүр мөнгөтэй байх нь ховор учраас мал их өгсөн. Тухайн үед Бөхийн холбоо намайг жаахан гомдоосон доо. Тэгээд “Алдар” нийгэмлэгт зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм” гэлээ.

1967 оны Улсын баяр наадмын зургаагийн даваанд уран мэхт улсын арслан Ч.Бээжинг хоёр дахиа өвдөг шороодуулсан нь

“Гарьд магнай” кинонд Гомбо аваргын дүрийг бүтээсэн талаараа “Ж.Бунтар найруулагч миний цэрэг Д.Батдоржийг Далайцэрэнгийн дүрд тоглуулахын тулд надад дүр өгсөн юм. Намайг цэргээ өгөхгүй гээд уурлаад байхаар надад дүр өгсөн хэрэг. Би үүнээс өмнө “Хань” кинонд тоглох гэж бүтэн сар Тэрэлжийн эрэг дээр зураг авалт хийлгэсэн хүн байхгүй юу. Гэтэл кино гартал би бараг харагддаггүй. Ингээд кинонд их сүжиг муутай болчихсон байсан үе. Ж.Бунтар гуай “Танай салааны энэ цэрэг л яг таараад байна. Энэ цэргээ өгчих л дөө” гэхэд нь “Энэ хүү чинь жүдо бөхийн шигшээ багийн цугларалтад дуудагдаж байгаа бөх хүн. Тэгж бэлтгэлийг нь таслуулахгүй” гэж ширүүхэн хэлээд “Хань” кинонд хэрхэн тоглосноо дурсаад амжсан юм. Гэтэл Ж.Бунтар гуай “Энэ удаад танд том аваргын дүр өгнө” гэхээр нь зөвшөөрчихлөө. Ж.Бунтар найруулагч тэр үед манай салаа цэргийг авахдаа “Алдар”-ын дарга асан Б.Тавхай гуайд нэг ноёны дүр өгсөн юм. Гэтэл кино гарахад тэр дүр огт гараагүй” гэж дурсав. Харцага яриагаа “Тэр үед Далайцэрэн бид хоёрын хайн унадаг хэсгийн зургийг авахдаа Далайцэрэн биш та давж буй мэт гэхдээ хайн байдлаар уна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ердөө нэг л удаа тэр зургийг авахуулахад Ж.Бунтар гуай “Яг болсон. Жинхэнэ гоё зураг боллоо. Ахиад та давтаж чадахгүй” гэж хэлсэн. Сүүлд Сүрэнжав гуай “Гарьд магнай” кинонд тоглосон хүмүүсийг цуглуулсан. Тийм уулзалт их гоё болдог юм билээ. Одоо нэг тэгж бөөгнүүлээсэй гэж боддог. Нас ахихаар тиймэрхүү юм сонирхдог юм байна. Кино гарсны дараа Ж.Бунтар найруулагч намайг “Монгол кино үйлдвэр дээр очоод хоёр цаг суугаад шалдан зургаа зуруулаач” гэсэн. Би үндэс, самбо, жүдогийн гурван бөхийн төрлөөр дасгалжуулагч хийж байсан болохоор очиж амжаагүй. Гэр орондоо ч харагдаж үзэгдэх нь ховор байсан даа. Хэрвээ зуруулсан бол жинхэнэ монгол бөхийн дүртэй хүн байна гээд дахиад киноны пробонд орох боломжтой байсан юм билээ” хэмээн үргэлжлүүлэв.

Гурван удаа гавьяатад тодорхойлсны дараа 1992 онд тэтгэвэрт гарсныхаа эцэст гавьяат цол хүртжээ. Биеийн тамирын хороо болон “Алдар” нийгэмлэгээс тодорхойлолт явуулсан гэнэ. Тухайн үед Н.Гэрэлсүрэн гэж хүн “Нэг хүнд хоёр газраас тодорхойлолт ирэхийг ерөөсөө үзээгүй. Үүнийг шалга, зальтай хүн байна” гэж байж. Дамбасүрэн гэдэг хүн шалгаад “Үнэхээр юм хийсэн хүн байна” гэж байжээ.

Ч.Өвгөнхүү харцага өнөөдөр нас сүүдэр дал хол гарсан ч тавьтай юм шиг дэвхэлзэж явах нь бөхийн спортод нэг насаа зориулсных нь буян заяа гэлтэй.

Түүний алдрын буланд “Ахмадын дэлхийн аварга”-ын хүндэт өргөмжлөл, жүдо бөхийн тавдугаар дангийн сертификат хүндтэй байр эзэлж байна. Жирийн малчны гэрт төрж, өнчин өрөөсөн ганцаар Улаанбаатар хотод илгээлт өвөртлөн ирж байсан Ч.Өвгөнхүү харцагын алдрын булан таван охин, хоёр хүү, ач зээ нарынх нь хамгийн нандин өв болжээ.

Б.НАРАНЧИМЭГ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Амьдралоги” киноны амжилт юу байв

Шинэ оны анхны шөнө Оросын нэрт найруулагч Э.Рязановын “Учрахын заяа буюу ууранд суусан паян” (“Хувь заяаны эргүүлэг” гэх нь ч бий) гэж гайхамшигт романтик инээдмийн киног дахин үзсэн юм. Дараа нь, энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Амьдралоги” романтик инээдмийн киног мөн үзлээ. Үзэгчийн хувьд ямартай ч шинэ оныг романтик инээдмийн кинонуудаар эхлүүлсэндээ баяртай байна.

ДҮРИЙН НАМТАР

“Учрахын заяа буюу ууранд суусан паян” киноны хувьд дэлгэцэнд гарч эхэлснээсээ хойш өдгөө 31 жилийг ардаа үдсэн ч үргэлж шинэ соргог, гайхамшигт чанараа хадгалсаар буй чансаатай кино. Гэхдээ Оросын нэрт найруулагч, кино зохиолч А.Червинскийн томьёолсноор “…зөвлөлтийн кинонууд хэтэрхий нуршуу эхлэлтэй байдаг” гэдэгтэй зарим талаар санал нийлэх боловч, түүнд бас сайн тал бий. Тухайлбал, дээрх киноны гол баатар жил бүрийн 31-ний өдөр найзуудтайгаа ууранд сууж, улмаар үдэж буй хуучин оныхоо муу муухай бүхнийг үлдэн хөөдөг уламжлалтай гэдгийг харуулах зорилготой киноны эхний 10 минут нь хэдий уйтгартай мэт боловч дүрийн намтрыг бүтээлчээр бүтээж буй хэрэг юм. Уг киног анх удаа үзэж буй тэвчээргүй үзэгч бол шууд л сувгаа сольчихно биз. Гэвч бид дараа нь ямар хөгийн, санаанд багтамгүй зүйл болохыг мэддэг. Дүрийн намтаргүйгээр, хөлчүүрхсэн эр Москвад биш Ленинград хотод, танихгүй эмэгтэйн гэрт хэрхэн сэрж, ямар авир ааш гаргахыг харан баясаж үнэмшихэд хүндрэлтэй шүү дээ. Тэгтэл орчин үеийн кино өөр болсон. Өөрөөр хэлбэл, киноны гол дүрийн намтрыг бүтээхдээ аль болох хүний анхаарал, сонирхлыг татахуйц үйл явдлаас нь шууд эхлүүлдэг болсон. Энэ нь өнөө үед манай кино урлагийнхны даган мөрдөж буй Холливүүдийн кино форматын ололттой чанар юм. “Амьдралоги” уран сайхны кино ч энэ зарчмаас хазайсангүй.

Ингээд гол ажилдаа оръё. Салах өргөдөл өгсөн гэр бүлийн хоёрыг эвлэрүүлэн жуучлах журмын дагуу гурван сарын хугацаанд бодож үзэхийг хүссэн тогтоол шүүхээс гаргаж буйгаар кино эхэлнэ. Энэ нь “Амьдралоги” киноны LogLine буюу суурь санаа гэр бүлийн харилцаан доторх хөрөлт, хямралын үеийг хэрхэн даван туулах тухай санаан дээр үндэслэсэн болохыг илтгэнэ.

Нэгэн төсвийн байгууллагын химийн лабораторийн эрхлэгч Сэтгэлсайхан (жүжигчин Ж.Мөнхсайхан) орон тооны цомхотголоор ажлаасаа халагдах дээрээ тулжээ. Учир нь хугацаа зарсан судалгааны ажил нь ямар ч үр ашиггүй байгаад удирдлагууд нь сэтгэл дундуур байгаа бололтой. Тиймээс химич эдэмтэн Сэтгэлсайхан туслах ажилтны хамт цэнэгээ удаан барьдаг шинэ төрлийн зай (батарей) зохион бүтээх ажлынхаа гол туршилтыг байгууллагынхаа лабораторид хийнэ. Гэвч туршилт амжилтгүй болж, Сэтгэлсайхан ажлаасаа халагдах нь тодорхой болов. Түүгээр зогсохгүй байгууллагын лабораторио дэлбэлсэн тул өрөнд ороод ажлаасаа халагдаж байна. Улмаар эхнэрийнхээ (жүжигчин Г.Ундармаа) хурааж хуримтлуулсан хадгаламжийн мөнгийг авч “дэлбэлсэн” лабораторийнхоо засварын төлбөрт өгөх болж байна. Энэ үед эхнэр Ундармаа нь (киноны дүрийн нэр нь мөн Ундармаа) нөхөртөө хандан “Чи таван сая төгрөг төлбөрт өгөх нь битгий хэл, хоёр сая төгрөг гар дээрээ тавьж үзээгүй биз дээ” хэмээн банкны теллерийн дэргэд бүдүүлэг авирлах нь нөхрийнхөө цалин орлогыг илт голж, түүнээс залхсан гэсэн дүрийн намтрыг мөн харуулж байна.

Ямартай ч байгууллагатайгаа төлбөр тооцоогүй болсон мань эр буцаад ажилдаа орчихож юуны магад гэсэн горь тээн ажлынхаа үүдээр хэдэнтэй эргэлдэж туслахаасаа “улс төрийн нөхцөл байдал”-ыг битүүхэндээ тандана. Гэвч тусыг эс олов. Энэ бол Сэтгэлсайхан гэдэг гол дүрийн намтрыг үзэгчдэд уйдаахгүйгээр өгүүлж буй сонирхолтой хэлбэр юм. Сэтгэлсайханыг яагаад лааз өшиглөж явааг мэдсэн үзэгчид дараа нь яах бол гэсэн хүлээлттэй болж киноны үйл явдал улам сонирхолтой болохын хэрээр дүрийн зорилго тодорно. Сэтгэлсайхан ямраар ч болов ажил орлоготой болж, эхрийнхээ хурааж хуримтлуулсан мөнгийг эргүүлэн өгөх, улмаар эхнэрээсээ салахгүй байх гэсэн зорилготой болохыг үзэгч түвэггүй ойлгоно. Эхнэр Ундармаа нь шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгчихсөн, шүүхээс гурван сарын хугацаанд эвлэрэхгүй бол гэр бүл цуцална гэдгийг мэдэгдчихсэн ийм эгзэгтэй үед Сэтгэлсайхан гэр бүлээ аварч үлдэхийг хичээж байна. Азаар хуучин ажлынх нь туслахын идэвх санаачилгаар мань эр нэгэн их сургуулийн харуул хамгаалалтын ажилтан болно.

Сэтгэлсайхан бол зузаан линз зүүдэг, хоёр гурван ээлжийн нэг ижил загварын богино ханцуй, босоо захтай сорочик цамцаа шашны номлогч шиг үргэлж хоолойдоо тулган товчилдог, хормойг нь мөн өмд рүүгээ эв хавгүй чихэж өмсдөг, дээр нь кет жийчихсэн гээд харагдах байдлаасаа илт доожоогүй, номын хүн. Ийм байтал сургуулийн хамгаалагч болж дүрэмт хувцастай тов хийсэн эр болчих нь үзэгчийн анхаарлыг дараа нь яах бол гэсэн хүлээлтээр эрхгүй татна. Кино найруулагч Г.Бадамрагчаагийн “Орчин үеийн кино зохиолын онолын үндэс” номд “Сайхан амьдрах” гэдэг зорилготой дүр идэвхгүй, харин “амьд үлдэх” гэсэн зорилготой дүр бол маш идэвхтэй юм” гээд, “Үзэгчид баатрыг аймхайгаас зоригтой, тэнэгээс ухаантай, бүтэлгүйгээс азтай болж хувирч байгааг үзэх дуртай байдаг” гэсэн нь дүрийн өсөлт хөгжилт юм. Сэтгэлсайхан маань бүтэлгүй эрдэмтнээс, сургуулийн хамгаалагч болон хувирч байна. Энэ нь мэргэжлийн хувьд зиндаа буурч буй боловч, эр хүний хувьд өсөлт хөгжилт юм. Гэтэл тэрээр эхнэрийнхээ багшилдаг сургуулийн хамаалагч болсноо сүүлд мэднэ. Бүр ганц охин нь хүртэл тэр сургуулийн оюутан байж таарна. Үүгээр Сэтгэлсайхан гэх эр эрдэм шинжилгээний ажилд хамаг цагаа зарцуулахаас биш амьдрал ахуй, адаглаад охин нь ямар сургуульд сурч байгааг мэддэггүй амьдралын идэвхгүй нэгэн байсныг гэрчилнэ. Ингээд нэгэн гэр бүл нэгэн сургуулийн багш, оюутан, хамгаалагч болж, бусдад энэ байдлаа мэдэгдүүлэхгүйг хичээнэ.

Нэг үдэш сургуулийн захирал Чимэгцохио (жүжигчин О.Энхтуул) сургуулиасаа гарч явтал бүлэг залуус Чимэгцохиод хорт шингэн үнэртүүлж муужруулаад цүнхийг дээрэмдэхийг завдана. Тэгтэл захирлын туслах, жолооч (жүжигчин Энхбаяр) араас нь гарч ирж таарсан тул бүлэг залуустай нүцгэн гараараа үзэлцэн цохиж унагахыг нь унаган олонхийг хэвтүүлчихээд байтал нэг нь түүнийг модоор цохиод унагачихна. Харин хамгаалагч маань хэрэг явдал бараг өндөрлөсөн хойно гарч ирээд азаар хамгийн сүүлийн дээрэмчинг бороохойдож унагах аж. Энэ үед Чимэгцохио захирал ухаан сэргэн босч ирээд энд тэндгүй хөглөрөн унасан залуусын дунд ганц хамгаалагч нь бороохойгоо барьсан хэвээр зогсож байгааг хараад үнэхээр чадвартай сайн хамгаалагч ажилд авчээ хэмээн сэтгэл нь догдолж, улмаар түүнд дурлах үндсэн нөхцөлийг бүрдүүлэв. Үнэн хэрэгтээ бол Сэтгэлсайханд зүгээр л аз таарсан төдий гэдгийг мэдэж байгаа үзэгчдэд энэ нь хөгжилтэй, инээдэмтэй билээ. Үнэхээр аливаа кинонд киноны зарим дүрийн мэдэхгүй байгааг мэдэж байх нь үзэгчдэд давуу байдлыг үүсгэж, тэр хэрээр таашаал төрүүлдэг. Энэ зарчим “Амьдралоги” кинонд нэвт шувт шингэжээ.

ЖИРЭМСНИЙ ТЕСТ БУЮУ ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Ганц бие Чимэгцохио захирал Сэтгэлсайханд дурлаж буйг, нөхрийнхөө гэр бүлээ гэсэн чин халуун сэтгэлийг мэдэх болсон Ундармаа багшийн хахир хатуу ааш авир аажмаар зөөлөрч хамаг учир нөхөрт нь биш өөрт нь байж болзошгүй гэж сэтгэх болов. Тэгтэл хосуудын ганц охин нь жирэмсэн болж, эцэггүй хүүхэд тээсэн нэгэн болов. Үүнийгээ аав, ээждээ хэлэхээс эмээнэ. Нэгэн удаа хогийн саванд хаячихсан жирэмсний тестийг нь Сэтгэлсайхан санамсаргүй олж үзээд зургаан сар тусдаа унтсан эхнэртээ гомдох болов. Тэгтэл сургуулийнх нь Бат багш (Жүжигчин Н.Онон) л эхнэрт нь тал засч харагдаад хардах сэтгэлийг нь улам дэвэргэж орхино. Удахгүй өвөө болох гэж байж эмээгээ хардаад бөөн будлиан хутгах аж. Эцэст нь хамаг хэргийн зангилаа тайлагдаж бие биенээсээ хөрсөн хосууд бие биедээ шинээр дурлана. Шинэ жилийн орой Ундармаа бүсгүй Сэтгэлсайханд гэнэтийн бэлэг барьсан нь жирэмсний тест байв. Мөн Сэтгэлсайхан болон түүний туслах нарын сэдсэн шинэ төрлийн батарей зохион бүтээх ажил амжилттай болж тэднийг баяжуулах аж. Гэтэл бас Сэтгэлсайханы шадар туслах эрдэмтэн нь хүргэн нь болж байна. Гэхдээ зээгийнх нь жинхэнэ эцэг биш гэдгийг мэдэхгүй байгаа. Ер нь мэдсэний ч хэрэггүй биз ээ.

Романтик гэхээсээ инээдмийн өнгө аяс нь давамгайлсан мөн олон асуудлын ээдрээ зангилааг тайлсан ийм нэг кино бүтээгдсэнд баяртай байна.

Уншигчдадаа ойлгомжтой болгоход “Амьдралоги” гэх нэр нь амьдрал гэх нэр үгэнд Грегийн “логос” буюу судлах гэдэг үгний логи залгавар залгаж “Амьдрал судлал” гэсэн үг бүтээж буй хэрэг юм гэнэ билээ. Бямбын Ринчен абугай байсан сан бол энэ нэрний тухайд “Монгол гутал өмсөөд зангиа зүүчихсэн хүн шиг” гэх байсан болов уу. Миний л хувьд киноны нэр өвөрмөц гэхээсээ илүү монгол хэлийг харьчилж “монголчилсон”-д нь сэтгэл дундуур буйгаа Ундарлоги тэргүүт уран бүтээлчдэд нь хаяглая.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Шартаж гөлөрсөн монголчууд архинаасаа салах цаг болсон

Монгол орон тэр чигтээ архин далайд дуниарч байна. Ёстой л хиар цохиулсан юм шиг энд тэндгүй савж унацгааж, зах замбараагүй ууцгааж байна. Уулзсан хүн бүхний нүд нь гөлөрчихсөн, урьд шөнийнх нь уусан архины үнэр амнаас нь арилаагүй, үмхий ханхлах нь гутамшигтай. Юу ярьж байгаа нь огтоос ойлгогдохгүй, шартаж гөлийсөн хүмүүс дүүрэн байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд гэлтгүй бүгд ууж байна. Нялх хүүхдийнхээ дэргэд ухаан мэдрэлээ алдан тасраад уначихсан монгол хүүхнүүдийн зураг хаа сайгүй. Мөн баар саванд архидаж, үс гэзэг нь сэгсийлдсэн залуу сайхан охидын зураг ч газар сайгүй. Ингэж л эр эм гэлтгүй ууцгааж байгаа нь аймшигтай.

Ажлын цагаар ажлынхаа байранд ухаан жолоогүй архидацгааж, амьд нүдтэй эрүүл хүн гэж алга. Бүр сүүлдээ хэн хүнгүй архиндаа нэвшрэн донтчихсон, архины төрлийн л бол хор ч хамаагүй ууж мажийцгаах боллоо. Саяхан Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт таван хүн архинд хордож нас барсан. Тэдний шүүх эмнэлгийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Уг үйл явдалтай холбогдуулж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ сарын 17-ны 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм.

Архийг хориглосны хүчинд амьд нүдтэй хүн хаа нэг тааралдах боллоо. Харамсалтай нь тэд “архины хорио хэзээ дуусах, шагчид архи зарж байгаа, үнэ ханш нь төд байгаа” тухай л ярих ажээ. Тэгээд нэг их бахархалтайгаар хуучин цагийн архидаж явсан дурсамж дурдатгалаа сэргээнэ. Анзаараад байх нь ээ, шагийн архи зарж байгаа нөхдийг жигтэйхэн эвийлж хаацайлсан мэдээллүүд гарах юм. Хэдэн халтар цаасны төлөө ард түмэндээ хор өгч байгаа шагчдыг өмгөөлөн магтацгааж, улс орноо аварч байгаа мэтээр сүйд болцгоон мандуулдаг нь ямар учиртай юм бэ.

Архийг хориглосон өдрүүдэд архидан согтуурснаас үүдсэн гэмт хэргийн тоо хэрхэн цөөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол аваар гаргадаг байдал буурсан эсэх судалгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд болоод цагдаагийн газраас гаргасан. Тодруулбал, архигүй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр арав гаруй болж илт буурчээ. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Архийг хориглосон хоёр, гурван хоногт Улаанбаатар ийм нам гүмхэн өнгөрчээ. Хэрвээ таван хүн амиа алдсанаас болж хориглох шийдвэр гараагүй бол шөнөдөө хасах 50 хэм хүрч хүйтэрсэн өнгөрөгч өдрүүдэд хичнээн хүн согтуу хөлчүү хөлдөж үхэцгээхийг таашгүй. Архигүй өдрүүдийн гэмт хэрэг болоод, согтуу жолоочийн тоо илт буурсан дээрх үзүүлэлт шартаж гөлөрсөн монголчуудыг архинаасаа салах цаг болсныг гэрчилж байна. Бид алийн болгон зоомби шиг, ядуу гуйлгачин, өөдгүй үхээнц дорой амьдрах юм бэ. Нийслэл хот маань агаарын бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Хүн амьдрах эцэсгүй аймшгийн утаатай хотод нохой шиг гутамшигтайгаар амьдарч буйн гол баталгаа бол архи. Архидан хөлчүүрхсэн залхаг залхуу монголчууд энэ олон жилийн туршид юу ч бүтээгээгүй. Хэрвээ хүн бүхэн эрүүл саруулаар сэтгэж, дор бүрнээ хөдөлмөрлөж, бүтээж цогцлоох гэж зүтгэсэн бол монголчууд бид өнөөдөр арай ийм үхээнц дорой, ядуу тарчиг аж төрөхгүй байх байсан. Архин далайдаа живж живж нэг л сэхээ автал Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрчихсэн, бүгд зоомби шиг байж байгаа нь тодорхой.

“Монголчуудад хувиа хичээх үзлийн хамгийн хурцадмал хэлбэр болох өөрийгөө дөвийлгөх үзэл хэрээс хэтэрсэн гэдэг нь ажиглагдаж байна. Энэ нь амиа хичээх үзлээс илүү хор уршигтай” гэж Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын төвийн хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд хэлсэн. Энэ бол маш үнэн тодорхойлолт. Өөрийгөө дөвийлгөх үзлийн гол учир шалтгаан бол эцсийн дүндээ архитай холбоотой. Архи ууж онгирч, сагсуурсан хүн ерөөс өөрийгөө л худлаа хоосон магтаж, бусдыг дорд үзэх хандлага илт мэдрэгддэг. “Би бол агуу, би бол Чингисийн Монголын үр сад” гэж цээжээ дэлдэж, ширээ шаадаг. Гэвч энэ Монголд агуу нь хаана байна. Бид чухам юу бүтээчихээд, түүгээрээ гайхуулж бардамнаж байгаа юм. Бүгд л дуулж, хуурдаж, барилдаж, бахиралдацгаасан. Тэгээд түүндээ хөөрч дэвэрч ууж сагсуурсан. Үр дүн нь өнөөгийн Монголын өрөвдмөөр, нүд халирмаар нийгэм, Улаанбаатарын утаа, өөр юу ч биш.

Монгол төрийн жолоог атгалцаж явсан тулхтай өвгөн түшээдийн үг, нийгмийн нэртэй зүтгэлтнүүдийн ярианаас нэг зүйл сэтгэл сэрдхийлгэдэг. “Төрийн ордонд чинь эрүүл хүн гэж байна уу. Хүнтэй очоод ажил ярих гэхээр өөдөөс гөлөрсөн, баларсан хүмүүс байх юм” гэх утгатай зүйлсийг хэлдэг. Сонин хэвлэлд өгсөн яриа хөөрөөнөөс нь ч анзаарагдах нь бий. Нээрээ л шинэ засаг төр солигдсоноос хойш залуу төрийн түшээд маань үүрэг хариуцлагыг ухамсарлахаасаа өмнө бүгд баяраа тэмдэглэн архидацгааж, хөөрч дэвэрсэн хэрэг үү. “Би монгол төрийн толгойд гарчихлаа” гэж онгирч омойтон сагсуурсан юм биш үү. Бүр сүүлдээ эмэгтэй гишүүн нь хүртэл Их хурлын танхимд суудлаа олохгүй тэмтчиж яваа харагдах юм.

Монголчууд өнөөдөр бусдыгаа дорд үзэх, басамжлан гутаах, байхгүй нэгнээ үгийн муугаар чичлэх ажлыг сайн хийж чадаж байна. Уужимхан саруул монгол хүний чанар ийм новшийн болсон байна. “Бид хоорондоо эв түнжингүй, ард түмэн төр засгаа шүүмжлээд төр засаг нь ард түмнээ буруутгаад хоёр тийшээ хараад байвал хөндлөнгийн улсын идэш болно” гэж судлаач хэлсэн. Согтуу солиотой иргэд нь төрд гарсан хүмүүстээ бүр нэг ясных нь дургүй хүрч, чин үнэнээсээ үзэж чадахаа больсон. Зөвхөн төрд гэлтгүй сайн сайхан яваа нэгэн рүүгээ хар хор, өшөө хорсол муу муухай бүхнээ цацаж, нэр төрийг нь гутаах, элдэв муу үгээр доромжлох энүүхэнд болжээ. Эл бүхний үр үндэс ерөөсөө л архидалт шүү дээ. Бид бүхэн хөгжил дэвшлийн тухай бус хов жив ярьсан шигээ хундага тулгаж байна. Тэгэхээр сайн сайхан ирээдүй гэрэлтэх нь юу л бол.

“Баярлана гэдэг балгахын нэр биш” гэж “Өдрийн сонин” одоогоос арваад жилийн өмнө бичиж, тийм уриалгыг нийгэмд дэвшүүлж байсан. Монголчуудын баяраар эх захгүй архидаж буйг, ялангуяа шинэ жил зэрэг нийгмийг хамарсан томоохон баяруудаар ухаан жолоогүй ууж байгааг, бүх л зурагт телевиз нь архийг ил цагаан сурталчлан Монгол Улс маань архин далайд живж буйг сануулсан. Бидний энэхүү уриалгыг олон хүн дэмжиж санаа бодлоо илэрхийлж байв. Нэртэй яруу найрагч, хөгжмийн зохиолч, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс архийг “тогтооё” гэж үндэсний телевизээрээ сурталчилж монголчуудаа архин далайд сэлүүрдэхийг уриалж байв. Архичдыг өөгшүүлсэн, тэднийг үндэсний баатар болгосон нэвтрүүлэг, хошин шогийн тоглолт, кино зай завсаргүй гарч, газар сайгүй архидалтыг дэвэргэснийхээ горыг монголчууд амсаж байна. Монголын хөдөө сум сууринд ард иргэд банкны барьцаа, хүнсний дэлгүүрийнхээ архины барьцаа гэх хоёрхон зүйлийн барьцаанд байдаг нь нууц биш. Ингэж хот хөдөөгүй тэр аяараа ууж живцгээж байна. Одоо монголчууд минь болох юм биш үү. Архинаасаа салж шинэ сэргэгээр, эрүүл саруул амьдаръя. Архины хариуд, мунхарч гүйцсэнийхээ төлөөсөнд газар нутгийнхаа тавны гурвыг, хүн амынхаа ихэнх хувийг хоёр хөршдөө алдаж, цэрэг зэвсэг хүч чадалгүй хөгжил дорой улс болсон. Мөнхийн согтуу, залхуу залхаг, үхээнц өөдгүй байгаагүй бол ядаж энэ бүхнийхээ өмнөөс тэмцэж, ярьж хөөрөх байлаа.

Монголын төр эрмэг зоримог, эрс шийдэмгий байх цаг нь ирсэн. Аль болохоор архийг заруулахгүй байх, түүнийг хориглож журамлах шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Хүйтний улиралд архи зарахыг тас хориглох нь зүйд нийцнэ. Ялангуяа хүйтний эрч чангарч шөнөдөө хасах 25, өдөртөө хасах 18 хэмийн хүйтэнтэй л бол архийг улс даяар хориглодог болох хэрэгтэй. Цаг агаарын мэдээ харж байгаад л “за одоо ард иргэддээ сануулахад архийг хориглох цаг ирсэн байна. Хүйтний эрч тэд хүрч байна” гээд албан ёсоор зарладаг байх. Мөн томоохон баяр ёслолын үеэр ч юм уу, ямар л гарц, боломж байна тэр бүгдэд хориглох шийдвэрийг түргэн шуурхай гаргаж байх хэрэгтэй. Иргэд нийтэд ийн хэвшүүлж, улс орны хамгийн гол шийдвэр гэдгийг ойлгуулж сургах нь чухал юм.

Архийг хориглох нь буруу, хориглох тусам шагийн хорт шингэн ихэсдэг, хориглож цагдах тусам ард түмэн уух гэж хорхойсдог гэх архичдын дэл сул үг, гадны улс орнуудын буруу жишгээр явж болохгүй ээ. Монголын төрөөс яг энэ асуудал дээр хахир хатуу зогсохыг шаардаж байна. Хор гэдгийг нь мэдсээр байж уугаад үхэж байгаа аминаасаа уйдсан архичдынхаа өмнөөс алийн болгон далчганаж сайн хүн гэж болох гэж гүйх юм бэ.

Архиндаа хордоод үхэж байгаа нөхдийг “өөрсдийнх нь хохь” гэж төр үздэг байх хэрэгтэй. Түүнээс биш “эвий халаг, төчнөөн иргэн хордчихлоо” хэмээн нялуурч, дэлүүрэхийн хэрэг огтоос байхгүй. Ингэж далчганан, архичдынхаа өмнүүр бөхөлзөж гүйснийхээ хүчинд ахиад л өчнөөн төчнөөн нөхдийг хордуулж алах замыг нээж байна гэсэн үг. Монголчууд бид одоо л сэхээрэхгүй бол, эрс шийдэмгий хатуу бодлого баримтлахгүй бол тэртэй тэргүй хоёр хөрш маань биднийг архин далайд живүүлэх, өөр хооронд нь эв түнжингүй байлгах, өстөн дайсан мэт болгохыг эрмэлзэж байгаа нь нууц биш. Ард түмэн архинаас аль болохоор татгалзаж байж улс орон хөгжин дэвшиж, тусгаар тогтнол, төрийн дархлааны бааз суурь батжин бэхэждэг нь хууль юм.


Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулав

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа маргааш буюу энэ сарын 31 хүртэл хойшлуулжээ.

АН өчигдөр буюу энэ сарын 29-нд намын даргын сонгуулиа зохион байгуулсан.

Өнөөдөр санал хураалтын дүнг олон нийтэд танилцуулах зэрэг үйл ажиллагаатай тул бүлгийн хуралдаанаа түр хойшлуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч П.Хашчулууны “Ерэн оноос хойш чөмгөө дундартал зүтгэсэн баялаг бүтээгчдээ баатрууд минь гэж харах цаг болжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гаригийн дугаарын эхний нүүрэндээ уламжлалт “Танайд өнжье” булангаа нийтэллээ. Энэ удаад манай сурвалжлах баг “Хусхан” эх, хүүхдийн амралтын газарт нэгэн өдрийг өнгөрүүлж үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс та бүхэн АН-ын даргын сонгуулийн явц болон урьдчилсан байдлаар хэн ялалт байгуулсан талаар уншиж мэдэх боломжтой юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Ерэн оноос хойш чөмгөө дундартал зүтгэсэн баялаг бүтээгчдээ баатрууд минь гэж харах цаг болжээ” нийтлэл хэвлэгдлээ.

Мөн улс төрийн тавдугаар нүүрнээс Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойрон дахь сонин содон үйл явдлуудын тухай уншиж сонирхоорой.

Шатаж буй байшингаас дөрвөн хүнийг гаргаж амийг нь аварсан Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяртай хийсэн ярилцлагыг долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Харин наймдугаар нүүрнээс өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд болсон “Боож үхлээ” жагсаалын эргэн тойронд юу болсон талаарх сурвалжлагыг уншаарай.

11 дүгээр нүүрнээс “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой хийсэн нэн сонирхолтой ярилцлагыг уншиж сонирхоорой.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трамп Мексикийн хил дагуу хана барихаар төлөвлөөд байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Энэ талаар сонирхолтой нийтлэлийг 19 дүгээр нүүрэнд нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Урьдчилсан байдлаар С.Эрдэнэ ялалт байгуулж байна

Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр болж өнгөрлөө. Нэг үгээр хэлбэл АН-ын 180 мянган гишүүн энэ өдөр таван нэр дэвшигчээсээ жирийн гишүүдтэйгээ хамгийн ойр, хамгийн их хүрч ажилладаг хүнээ сонгоно. Сонгуулийн дүн албан ёсоор хараахан зарлагдаагүй байгаа ч урьдчилсан мэдээ гарч эхлээд байна. Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирж буй мэдээгээр нэр дэвшигч С.Эрдэнэ тэргүүлж эхэлжээ. Одоогоор 18 аймгийн эцсийн дүн гарахад 10 тойрогт С.Эрдэнэ ялалт байгуулсан бол 8 аймагт хоёрдугаар гарчээ.

ҮҮНД:

Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/

Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/

Булган аймаг /С.Эрдэнэ/

Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/

Налайх дүүрэг /С.Эрдэнэ/

Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/

Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/

Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/

Архангай аймаг /С.Эрдэнэ/

Төв аймагт С.Эрдэнэ ялалт байгуулсан бол Завхан /Н.Алтанхуяг/, Баян-Өлгий /Н.Алтанхуяг/, Ховд, Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/, Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/, Говь-Алтай /Н.Алтанхуяг/,Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/ Хэнтий /Д.Эрдэнэбат/ аймаг, дүүргүүдэд хоёроор гарчээ. Удахгүй бусад аймгийн дүн гарна.

Ардчилсан намын даргын Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 12668 гишүүн санал өгөх эрх нь үүссэн байна. Нийт 361 хэсгийн хороод дээр санал хураалт явагджээ. 22.00 цагийн байдлаар ирцийн мэдээлэл,

Архангай аймаг 70.14 хувь

Булган аймаг 71.86 хувь

Баян-Өлгий аймаг 65.16 хувь

Баянхонгор аймаг 77.96 хувь

Говь-Алтай аймаг 70.28 хувь

Говьсүмбэр аймаг 82.87 хувь

Дархан-Уул аймаг 74.28 хувь

Дорноговь аймаг 67.76 хувь

Дундговь аймаг 77.60 хувь

Дорнод аймаг 68.24 хувь

Завхан аймаг 69.99 хувь

Ховд аймаг 73.96 хувь

Орхон аймаг 57.60 хувь

Өмнөговь аймаг 72.60 хувь

Өвөрхангай аймаг 65.23 хувь

Хэнтий аймаг 63.95 хувь

Хөвсгөл аймаг 71.16 хувь

Сэлэнгэ аймаг 77.97 хувь

Сүхбаатар аймаг 67.18 хувь

Увс аймаг 68.98 хувь

Төв аймаг 67.52 хувийн ирцтэйгээр оролцжээ.

Харин дүүргүүдийн хувьд Баянгол дүүрэг 72.90 хувь

Сүхбаатар дүүрэг 82.85 хувь

Баянзүрх дүүрэг 72.97 хувь

Сонгинохайрхан дүүрэг 70.29 хувь

Чингэлтэй дүүрэг 75.16 хувь

Хан-Уул дүүрэг 66.69 хувь

Багахангай дүүрэг 91.62 хувь

Багануур дүүрэг 80.03 хувь

Налайх дүүрэг 69.68 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн байна. Улсын дунджаар 70.75 хувийн ирцтэйгээр Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд оролцож нийт 85392 хүн сонгуульд саналаа өгчээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын 60 мянган гишүүн саналаа өгчээ

Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан гишүүдийнх нь 50 хувь буюу 60 мянга орчим нь саналаа өгчээ. Энэ нь улсын хэмжээнд 16.00 цагийн байдлаар гаргасан мэдээлэл аж.

Аймгуудын хувьд санал өгсөн гишүүдийн тоо харилцан адилгүй байгаа ч үндсэндээ ирц өндөр гарна гэж Сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.

Цаг агаар хүндхэн байгаа ч санал хураалтад ноцтой нөлөөлөх хэмжээнд хүргээгүй гэх мэдээллийг орон нутгаас ирүүлж буй юм байна.

Харин сонгуультай холбоотой зөрчил маргааны тухайд Ардчилсан намын дарга З.Энхболдын гаргасан тушаалтай холбоотойгоор шинэчилсэн бүртгэлээс хасагдсан гишүүдийн зүгээс “Намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх эрхийг боогдууллаа” гэсэн гомдлыг гаргаж тавьж буй ажээ.

Ардчилсан намын дарга З.Энхболд намын анхан шатандаа бүртгүүлээгүй гишүүдийг намын дүрэм зөрчсөн хэмээн үзэж, бүртгэлээс нь хасах шийдвэр гаргасан юм. Нийтдээ 16 мянга орчим иргэн шинэчилсэн бүртгэлээс хасагдсанаар намын даргыг сонгох сонгуульд оролцох боломжгүй болсон юм.

Санал хураалт өнөөдөр 22.00 цагт дуусна.

Categories
мэдээ спорт

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээАНУ-ын Колорадо мужид “Breckenridge International Snow Sculpture Championships” буюу цасан баримлын олон улсын дэлхийн аварга шалгаруулах уралдаан 27 дахь удаагаа болж байгаа билээ. Уг уралдаанд Монгол улсаас хоёр баг амжилттай оролцож байна. Тэмцээний шилдгүүд өчигдөр тодорсон байна.

Тодруулбал, багийн төрөлд Мөнх-эрдэнэ ахлагчтай баг III байр эзэлжээ. Энэ төрөлд тэргүүн байрыг Хятадын баг эзэлсэн бол хоёрдугаар байрт Шведын баг шалгарчээ. Түүнчлэн манай хоёр баг хамтдаа “Artist choice awards” шагналын эзэд болсон байна.

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

АНУ, Хятад, Энэтхэг, Швед, Их Британи, Турк, Мексик, Итали, Ирланд, Герман, Финланд, Монголын уран бүтээлчид оролцсон уг тэмцээний бүтээлүүд ирэх хоёрдугаар сарын 5-н хүртэл нийтийн хүртээл болох нь ээ.

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголчууд олон улсын цасан баримлын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ