Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзав

Нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг
бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил,
агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад
албаныхантай өчигдөр уулзлаа.

Уулзалтын
эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын
хэсгийнхэн зүгээс “Бид агаарын бохирдлын нөхцөл байдал та бүхний
өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа. Энэ бүхнээс үзвэл Улаанбаатар хотын
агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд
цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд, ард иргэд, хувийн
хэвшлийнхний оролцоо, дэмжлэг ихээхэн чухал байна” гэж хэлээд зарчмын
зарим саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.

Агаарын
бохирдлын нөхцөл байдал болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил,
цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцсанаа дурдаад
ажлын хэсгийнхэн цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын
тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч
хэрэгжүүлэх, ингэхдээ иргэд, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж
тэдний дэмжлэгийг авах зэрэг зарчмын хэд хэдэн саналыг нийслэлийн
удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан
“Агаарын бохирдлыг бууруулах асуудалд нийслэлийн удирдлагын шинэ баг
онцгой анхааран ажиллаж, судалгаа хийж, ирэх жилүүдэд хийх ажлаа
төлөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд 190 гаруй тэрбум төгрөг улсын хэмжээнд
зарцуулсан эдийн засгийн тооцоо бий. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр
дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна. Тиймээс
бид шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа. Төсөв хөрөнгөө зөв
хуваарилж, иргэдтэйгээ хамтдаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийх,
гаднах агаараас гадна дотоод орчны агаарыг цэвэр байлгах асуудалд
анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ дагуу Дэлхийн банктай хамтарч гэр
хорооллын бүсийн 200 гаруй цэцэрлэгийн анги, танхимд дотоод агаарыг
цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан. Иргэдийг агаарын бохирдлоос
сэргийлэх үүднээс хувийн хэвшил болон нийслэлийн эрүүл мэндийн
газартайгаа хамтарч ажиллаж байгаа. 2017 оны төсөвт агаарын бохирдол
бууруулах ажилд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Улсын
төсөвт 5 тэрбум төгрөг суусан. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад
бага төсөв ч гэлээ бид бүхэн байгаа боломжоо ашиглан бүхий л хүчээ
дайчлан ажиллаж байна. Агаарын бохирдлын талаар зөвхөн өвлийн хэдэн сар
яриад өнгөрөх биш жилийн 4 улирлын турш үргэлжлүүлэн ажиллаж, түүнтэй
тэмцэх болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын
чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны хуваарь, хэлэлцэх
асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 12 дугаар
сарын 28-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

01 дүгээр сарын 06-ны Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтээр ажиллана

Засгийн
газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан
гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд
дөрөв хоног дарааллан амарсан билээ.

Тэгвэл энэ өдрийг нөхөж маргааш буюу нэгдүгээр сарын 7-ны бямба гарагт бүх нийтээр ажиллах юм.

Томуу, томуу
төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар
иргэдийн ажил, амралтыг зохицуулах шаардлагаар Засгийн газрын
хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр ажлын өдрийн
тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаалтын материалыг хоёрдугаар сарын 15 хүртэл хүлээж авна

Хувь хүн
өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн
хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга
барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй
хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөгдөнө.

Харин хөнгөлөлт
эдлэх эрхтэй иргэд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад
гурван сая хүртэл төгрөг авах юм. Үүний тулд та шаардлагатай
материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч,
цахимаар тайлангаа явуулна. Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар
сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм. Бүрдүүлсэн материалаа Нийслэлийн
үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй өгч
болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Генийн өөрчлөлттэй хүнс

Завханы Дөрвөлжин суманд хэн нэг нь канола тариалж эхэлжээ. Монголоор юу гэдэг юм бол, нэгэн сортын рапс гэх ургамал. Тосыг нь авч хэрэглэдэг. Уг нь улаан буудайнаас бараг хоёр дахин үнэ хүрдэг болохоор сүүлийн үед манайд ихээр тариалах болсон. Шар цэцэгтэй, талбай нь зун шаргалтаад л байдаг. Одоо дэлхий даяар уламжлалт рапс биш, канола сортыг тариалах болжээ. Канола гэдгийн “кан” гэдэг нь Канад гэсэн нэрийн эхний үе. Канадын гурван бахархлын нэг гэдэг юм билээ. 1924 онд тэнд инсулин гарган авснаар чихрийн шижин өвчтэй хүмүүсийг аварсан. Энэ зууны эхээр блэкбэрри хэмээх шинэ төрлийн гар утас хийсэн. Гурав дахь нь канола.

Манай хөдөө аж ахуйн яамны түшмэлүүдтэй тариалагчид тохироогүй юу, авлигаа багадуулсан уу, эсвэл эртний өстөн нэг нь таарсан уу, генийн өөрчлөлттэй аюулт рапсын эсрэг сурталчилгаа мэдээллийн хэрэгслээр хахах боллоо. Ийм хүнснээс болоод америк эрчүүд үргүй болж боожгоо нь ажилгүй болсон гэнэ. Ген нь өөрчлөгдөөд хүн удахгүй хүн биш болчихдог гэнэ. Наймдугаар ангийн боловсрол хагас дутуу ч болов авч хүчрээгүй болов уу гэмээр сэтгүүлч гэх жарвагар охид гудамжаар микрофон барин аймшигт генийн өөрчлөлттэй хүнсний тухай тайлбарлан эмгэд хөгшдийг айлгангаа үнэнийг илчлэгчийн дүр эсгэж баатар царайлна. Тээр жил Баянхонгор, Говь-Алтайд эфир гаргаж авахаар тариалалт эхэлсэн чинь эфир бол дэлхий дээр хамгийн аймаар, хар тамхинаас хэдэн мянга дахин хүчтэй хор гэж шуугиан үүсгэж Мэргэжлийн хяналтынхнаар хаалгаж байсан. Одоо энэ канола тариалалтыг мань Содхүү хааж шударга журам медаль хүртэх нь гарцаагүй. Ер нь юм мэдэхгүй хүнийг нэр томьёогоор айлгах буюу баярлуулах амархан л даа. Дигидроген оксидийн аюулын тухай харанга дэлдэн бөөн бужигнаан үүсгэж болно. Гэтэл энэ нь ердийн усны томьёоны латин нэршил шүү дээ.

Генийн өөрчлөлттэй организм хэмээх шинэ нэршил ерээд оноос буй болжээ. Ge­netically modified organism (GMO) эсвэл genetically engi­neered organism (GEO) гэсэн англи нэршил бүх хэлэнд хурдтай тарсан хэрэг. Өөр сурвалжаас гаралтай ДНХ-ийн молекулыг организмд суулган шинэ шинж тэмдэг гаргаж авах энэ процесс 1973 онд нээгдсэн ба улмаар хөгжсөөр биотехнологи хэмээх шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цоо шинэ салбар буй болсон юм. Өсөлтийн дааврын генийг давхарлуулж суулгаснаар бараг бярууны хэртэй том хонь гаргаж аван гайхуулж байсан нь аль ерээд оны үе. Өөхгүй гахай гаргаж авч байсан, харамсалтай нь 22.5 хэмд амьдардаг, температурын яльгүй зөрүү гарахад үхчихдэг хэврэг амьтан байв. Нефть иддэг бичил биетэн гаргаж авсан нь их шуугиан тарьж байв. Далай тэнгист асгарсан тосыг үтэр түргэн цэвэрлэхэд их хэрэг болно. Цаас идэгч буй болгоод хог цэвэрлүүлнэ. Ер нь биотехнологи бол орчин үеийн шинжлэх ухааны хамгийн гайхамшигт ололтын нэг. Гэвч моралийн, этикийн, шашны талаас нэг том асуулт тавигддаг: Өдий хүртэл хүн төрөлхтөн зөвхөн байгалийн байсан хуулийг нээдэг байлаа. Дэлхийд байгаа бүхий л амьтан ургамал бол Бурханы биш юм гэхэд байгалийн бүтээгдэхүүн. Гэтэл хүн байгалийн хуулийг өөрт нь эргүүлж ашиглаад байгальд байхгүй юм шинээр бүтээж байна. Энэ бол Бурханы, эсвэл байгалийн эсрэг үйлдэл!

Уул нь генийн өөрчлөлттэй организмыг хүн төрөлхтөн 10 мянга гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлжээ. Зарим амьтныг гэршүүлсэн нь удаан хугацааны селекцийн үр дүн юм. Тахь 72 хромосомтой атал адуу 66 хромосомтой байдаг нь аль зэрэг холдон генийн өөрчлөлтөд орсны тод жишээ. 10 мянган жилийн өмнө дэлхийд гэнэтийн дулаарал болоход Хоёр мөрний хавьцаа нэгэн гажиг ургамал ургах болсныг хүмүүс ажиглажээ. Үет ургамлын үр салхинд хийсч тардаг атал тэр гажиг ургамлын хальс нь хийсч хүнд жинтэй үр нь үлдэнэ. Мутацаар буй болсон ийм ургамал байгальд цаашид оршин тогтнох бололцоогүй. Генийн ихээхэн өөрчлөлттэй организм. Харин хүн түүнийг гэршүүлэн тарьж эхэлсэн. Энэ ургамлын хүчээр анхны суурьшмал иргэд буй болж иргэншил эндээс үүссэн билээ. Генийн өөрчлөлттэй энэ ургамлыг бид өнөөдөр улаан буудай гэж нэрлэдэг.

Харин өнөө үед шинэ технологи амжилттай хөгжин анагаах ухаан, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны бусад салбарт хүчтэй нэвтэрлээ. 1982 онд генетик өөрчлөлтөд орсон бактерийн тусламжаар хүний инсулин гаргаж авсан нь ихээхэн том амжилтад тооцогддог. Тахал, цэцэг мэтийн аюултай өвчнийг анагаах эм вакцины хэсгийг үйлдвэрлэдэг ургамал бас гаргаж авчээ. Геноторапи хэмээх анагаах ухааны салбар буй болж эмчилгээнд асар том алхам хийв. Хөдөө аж ахуйн хувьд юун түрүүн таагүй орчин болон хортон шавьжтай нөхцөлд ажрахгүй ургаж чаддаг ургамлын шинэ сорт гаргаж авч эхэлжээ. Илүү ургац өгдөг, илүү том, илүү олон түрүүтэй, илүү амттай сортууд сүүлийн гучин жилд хэдэн мянгаараа буй болов. Үл орлогдох аминхүчил болон витамин дотроо ихээр агуулсан сорт ургамал ч олноор шинээр мэндлэв. Дотроо их целлюлоз агуулсан хурдан ургадаг мод буй болгосон нь байгаль орчны нөхөн сэргээлт болон цөлжилтийн эсрэг чухал эм болж байна. Аквариумын загас болон таримал цэцгийн шинэ шинэ сорт үүлдрүүд нь байгальд хэзээ ч байгаагүй үзэсгэлэн төгөлдөр амьтан ургамлын цуглуулга буй болголоо.

Ерээд оны үеэс генийн өөрчлөлттэй хүнс зах зээлд орж ирлээ. Үүнийг монголоор ГӨХ гэж товчилж болох мэт. Генийн өөрчлөлттэй хүнс биотехнологийн салбар дотор хамгийн их маргаан үүсгэсэн юм. Ерөөсөө далаад оны эхээр анхлан ДНХ-ийн хэсгийг салгаж нийлүүлж эхэлсэн туршилтын үеэр ДНХ-ийн кодыг тайлсан Ватсон тэргүүтэй 15 генетикчид генээр хамаагүй оролдох нь хожим төсөөлөөгүй аюулд өртөж болохыг сануулж байсан. Гэвч “хамаагүй” оролдсоор байгаад хиймэл амьтан гаргах дээрээ тулжээ. ГӨХ хэрэглэх нь хожим хүн төрөлхтөнд аймшигт аюул авчирч болох юм гэсэн айдас зарим эрдэмтэнд төржээ. ГӨХ-ээс учирч магадгүй өөр аюулын тухай ч ярьдаг. Тухайлбал, байгалийн бус аргаар гаргаж авсан ургамал хожим байгаль орчинд нөхөж баршгүй занал учруулж болно.

Гэвч энэ бүхний цаана эдийн засгийн асар их өрсөлдөөн нуугдаж байлаа. Юун түрүүн зах зээлийг хэн эзэмших булаацалдаан. Хөгжиж байгаа орнууд түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд, харин хөгжингүй орнууд аж үйлдвэрт олон жил ноёрхож ирсэн. Гэтэл биотехнологийн хөгжлөөс болоод хөдөө аж ахуй нь өндөр технологи болон хувирч хөгжингүй орнууд зах зээлийг тэр чигээр нь булаан авч байна. Иймээс Их наймын гэх мэтийн уулзалтын үеэр уламжлалт хөдөө аж ахуйн орны фермерүүд нийлж жагсан “даяаршлын эсрэг” гэх мэтийн сүрт жагсаал зохион байгуулах болов. Өнөөдөр биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, арван хувь Европт, арван хувь Япон болон бусад оронд ноогдож байгаа. Ингэхээр энэ салбарт дагнан ноёрхож байгаа АНУ нь бусад орны хөдөө аж ахуйн зах зээлийг булаан авч буй хэрэг. Ялангуяа Франц мэтийн орнууд энэ явдлыг үл тэвчин “генийн өөрчлөлттэй хүнсэнд хориг тавих” гэх мэтийн хөдөлгөөнийг өрнүүлж буй. Фермерүүдийн шахалтаар Засгийн газрууд ч хуулийн хаалт хийж эхэлсэн болно. Зүүн Европын орнуудаас хөдөө аж ахуйн хөгжлөөр тэргүүлдэг нь Унгар. Эдний зах зээл биотехнологийн довтолгоонд хамгийн түрүүн өртөж буй учир ГӨХ-д бүрэн хориг тавьсан байна. Хэсэгчилсэн хоригийг нэлээд орон тавьсан. Голдуу өөрснөө илүү үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хамгаалахын тулд тухайлсан сортод хориг тавьсан байх юм. Зарим орон, тухайлбал, Орос ГӨХ-ээс нэр заан өөрийн зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олгож байгаа ба энэ бүртгэл жил ирэх тутам нэмэгдэж байна. 2008 онд Оросын зах зээлд орохоор зөвшөөрөгдсөн генийн өөрчлөлттэй организмд шар буурцгийн шугам А40-3-2, шугам А2704-12, шугам А 5547-127 гэх мэтээр сортоор нь заагаад өгчээ. Энэ нь цагаан будаа, төмс, чихрийн нишингэ, эрдэнэ шишийн гээд цааш явахаар нэлээд урт жагсаалт болно.

Генийн өөрчлөлттэй организм, хүнс, бүтээгдэхүүн өдөр ирэх тутам улам хүчээ авсаар. Өнөөдөр дэлхийн нийт газар тариалангийн талбайн 20 хувь нь ийм ургамал тариалахад зориулагджээ. Шар буурцаг, рапс, хөвөн, эрдэнэ шишийн дэлхийн нийт ургацын 90-ээс дээш хувь нь генийн өөрчлөлттэй болсон. Нишингэ, улаан лооль, чихэрлэг чинжүүний нийт ургацын талаас илүү нь генийн өөрчлөлттэй. Энэ жилээс анхны генийн өөрчлөлттэй цагаан будааг том талбайд тариалж эхэлнэ. Нэг үгэндээ хүн төрөлхтөн ГӨХ-ээс зугтаах боломжгүй болсон.

Зарим генетикчдийн болгоомжлуулаад байгаа болзошгүй аюул гэдгийг дэлхийн тэргүүлэх хүрээлэнгүүд нягтлан шалгаж байна. Хүний хоол боловсруулах ажиллагаанд оролцдог эширика коли мэтийн бактери ГӨХ-ийн нөлөөгөөр өөрчлөлтөд орж болох тухай эмзэг жишээг их ишилдэг байсан. Хүнийг бодвол бактери нь амархан өөрчлөлтөд орж болох организм юм. Өнгөрсөн онд энэ таамаглал ташаа болохыг хэд хэдэн институци туршилтаар баталлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ГӨХ-ийг өргөнөөр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй гэж зарлав. Өнгөрсөн жилүүдэд ГӨХ-ээс болж эрүүл мэндээр хохирсон нэг ч жишээ илрээгүйг тэмдэглэжээ. Америкийн хүнсний холбоо ч ийм мэдэгдэл гаргалаа. Шинжлэх ухааны олон байгууллагын туршилт, мэдэгдлийн үр дүнд шашны байгууллагууд ч ГӨХ-ийг зөвшөөрөх болов. Иудайн шашны нэгдсэн холбоо ГӨХ-ийг бүрэн зөвшөөрч байгаагаа хүлээсний дараа Лалын нэгдсэн шүүхийн зөвлөл ГӨХ-ийг халяль буюу шариатын хуулийг зөрчихгүй гэдгийг албан ёсоор зарлав. Ватиканаас ГӨХ-ийг хүн төрөлхтнийг ядуурал өлсгөлөнгөөс гаргах чухал зүйл хэмээгээд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Үнэхээр яавч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа газрын нэг бол Грин пийс хэмээх байгаль орчныг хамгаалах олон улсын сайн дурын байгууллага болой. Япончууд халим агнаж байгааг, францчууд Номхон далайд цөмийн туршилт явуулж байгааг эсэргүүцэж байна хэмээн хүч хэрэглэн террорист халдлага байнга явуулдгаараа нэлээд нэрд гарсан байгууллага л даа. ГӨХ-ийг эсэргүүцдэг хүнсний болон лэв

хөдөө аж ахуйн компаниуд нийлж хэдэн жилийн өмнө Органик хүнсний холбоо байгуулсан нь харин өдгөө нэлээд моод болоод байна. Органик хүнс гэдэг нь генийн өөрчлөлт байтугай химийн бордоо ч огт хэрэглээгүй байгалилаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэлж байгаа юм. Бүтээгдэхүүнийхээ үнийг тэнгэрт гаргаж чадсан бас нэг мундаг амжилт. Органик хүнсний бүтээгдэхүүн нь өдгөө чинээлэг бэлтэй хүмүүсийн үндсэн хэрэглэгдэхүүн болж улам газар авсаар байна.

2012.02.16

Жич: УИХ-аас Генийн өөрчлөлттэй хүнсийг бүрэн хориглохоор хууль өргөн баригдсантай холбогдуулан таван жилийн өмнөх энэ өгүүлэлд хэдэн үг нэмж хэлэх гэсэн юм.

1.ГӨХ-ээс болон даяаршлаас өнөөдөр хэн ч зугтаах бололцоогүй.

2.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хүнсэнд хориг тавих дуртай улс төрийн болон шашны байгууллагаас (Энэтхэгт үхрийн мах, лалын орнуудад гахайн мах хориглодог) ГӨХ-ийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв ГӨХ буй болоогүй бол өнөөгийн ертөнц долоон тэрбум хүнээсээ гурван тэрбумыг нь л тэжээж чадах байж. Хятад хэрэглээнийхээ хагас буюу 30 тэрбум долларын ГӨХ шар буурцгийг жил бүр АНУ-аас худалдан авдаг.

3.100% аюулгүй хүнс гэж энэ хорвоод байхгүй.

4.ГӨХ-д бүрэн хориг тавьсан орон тун цөөн. Зарим орон хэсэгчлэн хориглодог нь өөрснөө түлхүү үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хамгаалах зорилгоор фермерүүдийн шахалтаар хэсэгчилсэн хориг тавьдаг. ГӨХ гэхээсээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хамгаалж чадах тэнхээтэй баян орнууд л ийм арга хэмжээ авах бололцоотой. 2016 онд Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Орост ГӨХ-ийг бүрэн хориглосон нь эдийн засгийн хоригт орсонтой нь холбоотой улс төрийн сөрөг арга хэмжээ юм. Оросууд өрнийн орнуудад мөн сөрөг хориг тавьсныг худалдаачид өргөн хэмжээгээр зөрчиж буй учир тэдэнд давхар даралт учруулахын тулд ГӨХ-ийн хоригоор нэмж шахалт үзүүлж буй юм.

5.Үйлдвэрлэгч компаниудын өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлд түлхүү борлуулахын тулд хийж буй сөрөг суртал нэвтрүүлэг үргэлж байсан, даяаршсан өнөөгийн нөхцөлд үүнд нь хүн төрөлхтөн нийтээр татагдах болсон. Кофе, цай, мах (тахианы махны эсрэг өргөн кампани, Солонгост болсон үхрийн махны эсрэг нийтийн хөдөлгөөн гэх мэт), эм (аспириныг ХХ зуунд 13 удаа хориглож байжээ), кола, бохь, тос (хүн төрөлхтөн 160 жил аюулгүй хэрэглэсэн транс тосны эсрэг цуурхал), хэрэгсэл (Хүүхдийн сооскийг аюултай гэж олон удаа хориглож байв) гэх мэтээр “онц аюултай” болох нь гэнэт мэдэгдэж шуугиулж байсан болгоныг тоочвол барагдахгүй. Голдуу “хавдар үүсгэдэг” гэх хаягтай байдаг. Хавдар нь тухайн хүний генийн онцлогоос ихээхэн хамаардаг учир тэрэн дээрээ тулбал аль нэг хүнд цэвэр агаар ч хавдар үүсгэх бололцоотой. Ямар ч хүнс ямар нэг талаасаа ямар нэг хүнд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлж болохыг дэвэргэсэн судалгаа шинжилгээний заримдаг үр дүнгээр нийтэд айдас үүсгэх гэсэн худалдааны зориулалттай цуурхал шуугианд боловсрол тааруутай нийгмийн хэсэг их автамхай байдаг.

6.Монгол Улс мах, гурилаа эс тооцвол ихэнх хүнсээ импортоор авдаг. Үнэндээ манай мах, ургамал ч эко биш. Монголын Дорнод хэсэг тэр чигээрээ маш их радиацитай учир тэнд тарьсан хүнсний ургамлыг олон улсын стандартад нийцүүлэх нь нэн төвөгтэй. 60-70 жилийн турш химийн бодисоор бордсон бусад талбайд ургасан ургамлыг өнөөгийн ойлголтоор “органик” гэж нэрлэх бололцоогүй. Ийм орчинд олон үе дамжин бэлчээрлэсэн малын мах органик байх үндэсгүй. Монголын бэлчээрийн ургамлын маш олон хувь нь хортой, мянга мянган жил идээшилсэн монгол үүлдрийн мал хортой ургамал идээд дасчихсан. Гадны мал манай бэлчээрийн ургамлыг идээд шууд хорддог. Энэ нь хэдийгээр үнэн боловч иймэрхүү яриаг сүржигнүүлэн дэвэргэх юм бол лав л монголчууд юу ч идэх бололцоогүй болно. Тийм байлаа ч монгол малын мах амттай, сайхан, салахын аргагүй.

7.ГӨХ-ээс зугтаах аргагүй өнөөгийн ертөнцөд үүнийг хориглосноор нийтийн дунд хуурамч айдас үүсгэх төдийгүй үйлдвэрлэгч, хэрэглэгч, мөрөөрөө яваа нэгний хооронд ихээхэн маргаан шуугиан хонзогнол талцал үүсгэнэ. Юун төрийн энэ нь биенээ хорлох, дампууруулах сайхан бололцоо буй болгоно. Их ашиг унагадаг канологийн тариаланг улс төрийн болон хувийн хонзонгоор сүйтгэхээс эхэлнэ. ГӨХ-тэй хүнс нэрийн дор (дэлгүүрт зарж буй импортын хүнс тэртэй тэргүй ГӨХ нь баталгаатай эсвэл сэжигтэй байж таараа) дуртай аж ахуйн нэгжээ дарамтлах үүд нээгдэнэ. Хамгийн наад зах нь дэлгүүрээр нэг байгаа бор цуу болгон ГӨХ. Дэлхий дээр ургаж байгаа шар буурцаг бүгд генийн өөрчлөлттэй учраас шүү дээ. Мэдээж үүнийг дагаад авлига улам газар авна.

8.Уул нь хүнсний аюулгүй байдал (security) Хүнсний сөрөг бус байдал (sefity) гэсэн шал тусдаа хоёр ойлголт байдаг. Аюулгүй байдал гэдэг нь хүнсний хүрэлцээг хэлж байгаа юм. Өлсгөлөнгөөр хэдэн саяараа үхэж байсан Хятад, Европ болон өнөөгийн Африктай харьцуулахад монголчууд хүнсний аюултай байдалд хэзээ ч орж байсангүй. Өдгөө 70 сая малтай гурван сая монголчууд махны хэрэглээгээр дэлхийд тэргүүн байр эзэлж байна. Хүнсний сөрөг бус байдлаас хамгийн санаа зовмоор зүйл нь хэт таргалалт. Нийт хүн амын гуравны нэг, 35 наснаас дээшихт гуравны хоёр нь жингийн хэтрэлттэй байгаа. Хор яривал бүх хүнс ямар нэг хэмжээгээр хортой. Харьцангуй. Тийм учраас сөрөг бус хүнсний стандарт гаргадаг. Өнөө болтол ГӨХ-ээс болж хордсон нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгааг ДЭМБ баталсан бол манайд хорхог, нэрмэл архинаас хордож үхэх тохиолдол байнга гардгийг хэн хүнгүй мэднэ. Ер нь хорхог төдийгүй тарваганы мах, нэрмэл архи, хуушуур, борц зэрэг нь өдгөө манайд мөрдөгдөж буй сөрөг байдлын стандартыг маш олон дахинаар зөрчиж буйг аль ч хүнсний биохимич хэлээд өгөх байх.

9.Түлхүү үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ гадны зах зээлээс хамгаалж бослого гаргаад буй фермер манайд алга. Харин ГӨХ гэх мaнгасын домгоор бусдыг дарамтлах гэсэн гэмт хэргийн сэдэлтнүүд бол цөөнгүй.

10.Урт нэртэй хууль санаачлагчид өнөөдөр ч УИХ-д суусаар. Алтанд 68 хувийн татвар тавигч бас л суудалдаа. Банк, уул уурхай, холбоонд ГХО-ыг хориглосон гурвал дараагийн хуулиа өргөн барьсаар. Улс орны эдийн засгийг хорлон сүйтгэсэн өөр олон хууль батлагдсаар. “Юу ч мэддэггүй мөртөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг”.

2016.12.17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таван төгрөгийн төлөө Таван толгойгоо хятадуудад зүгээр өгөхөөр шийдсэн манай хэд” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:”Бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв” ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр ярилцлагадаа, “Гэр хорооллын иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл боломж харьцангуй бага. Өнөөдөр нийслэлд шинээр ашиглалтад орсон барилгын нэг м2 нь дунджаар 1.8 сая төгрөг түүнээс дээш байгаа болов уу. Тэгэхээр зорилтот зах зээлдээ бодитой байдлаар хүрч чадахгүй байна. ..” хэмээн ярьжээ.

Улс төрийн 5-р нүүрт өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн талаарх гишүүдийн байр суурийг дэлгэрэнгүй тэмдэглэжээ. Тухайлбал С.Жавхлан, О.Баасанхүү зэрэг гишүүдийн асуусан асуултад хуучин гишүүд доогтойхон хариу өгч байв.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг нь болсон шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор МУБИС-д шатрын багш дасгалжуулагчийн ангийг өнгөрсөн жил нээжээ. Тэгвэл энэ жил энэ ангийнхан анхны шатрын багш, дасгалжуулагчийн дипломоо гардан авчээ. Ингээд энэ ангийн хамт олонтой манай сонины дугаараар дамжуулан танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Дэлхийн цомын тэмцээний 50 жилийн ой тохиож байна

Олон улсын цанын холбооноос уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах
тэмцээнийг 50 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Нэр хүнд,
цар хүрээгээрээ өвлийн олимпийн наадам болон дэлхийн аваргын тэмцээний
дараа орох дэлхийн цомын тэмцээний түүхт 50 дахь улиралд зориулсан
баярын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Одоогооос 50 жилийн тэртээ буюу
1967 оны 1-р сарын 5-ны өдөр Герман улсын Берхтешгарден хотноо дэлхийн
цомын тэмцээний анхны уралдаан болж байсан түүхтэй. Энэ түүхт өдрийг
тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ цаг үеийн шилдгүүдээс гадна түүхэнд
нэрээ мөнхөлсөн ахмад тамирчид нэг дор цуглаж, олон мянган хөгжөөн
дэмжигчид хүрэлцэн иржээ. Улмаар энэ жилийн дэлхийн цомын тэмцээний
сүүлийн гараа явагдаад байсан Хорват улсын Загреб дахь цанын баазад
Ивица Костелич, Карл Шранц, Тина Мазе, Петра Кронбергер, Марсель Хиршер
зэрэг дэлхийн цомын тэмцээний аваргын цомыг эзэмшигч 18 алдарт тамирчин
165 метр зайд туг сүлжин нөхөрсөг уралдааныг хийсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Нисэх буудлын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байдлаар зохион байгуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока
Масатог хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат “Манай хоёр улсын найрсаг
харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, соёл,
боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна. Дэд бүтцийн салбар,
тэр дундаа зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж
байгаад баяртай байна” гэлээ. Тэрээр ноён Такаока Масатог Элчин сайдаар
томилогдон, ажиллаж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын зам,
тээврийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх хамтын
ажиллагааны талаар санал бодлоо хуваалцлаа.

Монгол-Японы Засгийн газар хооронд
агаарын тээврийн салбарт амжилттай хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын
олон улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа
төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаараа танилцууллаа.
Энэ хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудлын арилжааны нислэгийн
үйл ажиллагааг шинэ нисэх буудалд шилжүүлэх, нисэх буудлын үйл
ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байлгах арга хэмжээг авч ажиллана
гэдгийг хэлж байв. Мөн тэрээр Япон Улс, БНХАУ хоорондын агаарын
тээврийн салбарын зах зээлд Монгол Улс оролцох боломжийг бүрдүүлэх
зорилгоор БНХАУ-аар дамжин Япон Улс руу нислэг үйлдэхэд Японы талаас
нислэгийн 5 дугаар эрх авахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такаока Масато хоёр орны зам, тээврийн
салбар дахь хамтын ажиллагааг өргөн хүрээнд танилцуулсанд талархаж,
цаашид харилцан уялдаа холбоотой ажиллаж, зам, тээврийн харилцаагаа улам
өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр сайд Д.Ганбат Японы тал
Монгол Улсад хэрэгжих төмөр зам, авто замын томоохон төслүүдэд зах
зээлийн зарчмын дагуу төслийн санхүүжилт хийх, барилгын ажилд оролцох
зэргээр хамтарч ажиллах бололцоотой гэдгийг хэлсэн юм. Ингэхдээ төмөр
замын сүлжээг цогцоор нь буюу аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт,
үүнээс үүдээд тээвэрлэлтийн тоо нэмэгдэх боломж, ОХУ-аар дайраад Японы
боомтод хүрэх, коксжих нүүрсийг экспортлох, мөн Сайншанд – Хөөт –
БНХАУ-ын Бичигт боомтод хүрэх зэрэг олон боломжуудыг нийтэд нь тооцож,
эдийн засгийн үр ашгийг нарийн тооцоолох шаардлагатай байгааг онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Цахилгааны тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж, хяналт тавих ажлын хэсэг хуралдлаа

Улаанбаатар хотын гэр хорооллын айл
өрхүүдийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифыг 2017 оны нэгдүгээр сарын
01-нээс эхлэн тэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын 214 дүгээр тогтоолд
үндэслэн Эрчим хүчний сайдын тушаал гарч, ажлын хэсэг байгуулагдлаа.
Нийт 26 хүний бүрэлдэхүүнд Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга
мэргэжилтнүүд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Дулааны цахилгаан
станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан
түгээх сүлжээ, Диспетчерийн үндэсний төв зэрэг байгууллагын захирал
удирдлагууд багтжээ. Ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын зөвлөх
Ц.Баярбаатар ахалж байгаа юм.

Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж, тодорхой
удирдамж чиглэлийн хүрээнд ажиллахаар боллоо. Тухайлбал,Нийслэлийн гэр
хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж, шинэчлэхтэй
холбогдсон судалгаа, тооцоо хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх
ажлуудыг гүйцэтгэх асуудлыг хэлэлцлээ. Мөн гэр хорооллын цахилгаан
хангамжийн техникийн боломжийн судалгаа дүгнэлт гаргаж, агаарын
бохирдлыг бууруулах хүрээнд дунд хугацааны төлөвлөлт хийх зэрэг 20 гаруй
асуудлыг хөндсөн байна. Тушаалын хэрэгжилтэд ЭХЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга З.Мэндсайхан хяналт тавьж ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийг 30 хоног баривчилна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2015 оны 7 дугаар сарын 8-нд баталсан. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулсан. Дээрх зөрчлийн улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 4900 орчим иргэнд хариуцлага ногдуулж чадаагүй байна. Тиймээс хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг торгох шийтгэл байхаар тусгажээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох тоног төхөөрөмж, боловсон хүчин хангалтгүй. Мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс ХЗДХ-ийн сайдыг мансууруулах бодисын хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийхийг хүсч байна” гэсэн санал тавив. Дээрх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж болно гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлээд, “Хууль хяналтын байгууллагуудаас Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.