Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн прокуророор Д.Баярмагнайг томилжээ

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогтын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг томилсон.

Уг томилгоог, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тушаалаар Б.Амгаланбаатарыг дээрх албан тушаалд томилжээ. Дээрх томилгоо хийгдсэнтэй холбоотойгоор Д.Баярмагнайг нийслэлийн прокуророор мөн томилсон байна. Б.Амгаланбаатар нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Нийслэлийн прокурорын алба хашиж байсан. Түүний ажлыг хүлээж авсан Д.Баярмагнайгийн хувьд мөн прокурорын байгууллагад олон жил ажиллажээ. Мөн өнгөрөгч 2016 оны сүүлээр Цагдаагийн ерөнхий газрын даргаар Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг томилсон бол түүний оронд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Э.Идэрцогийг томилжээ. Э.Идэрцог өмнө нь Мөрдөн байцаах газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30 цагийн орчимд эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг хуваарийг танилцуулав. Тэрээр, “Өнөөдрийн чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолын төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ. Үдээс хойш Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно” гэсэн юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байгаагүй тул товын дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай хууль тогтоолын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж эхлэв. Тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдах юм байна. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсгол зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно.

Categories
мэдээ спорт

МУГТ Г.Мандахнаран дэлхийд чансаагаараа тавд орлоо

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2017 оны хамгийн эхний чансааг шинэчлэн зарлаж Г.Мандахнаран гавьяат тавдугаарт бичигджээ. ДАШТ-ий (2013) 66 кг-ын хүрэл медальт, Азийн наадмын (2010) чөлөөт бөх барилдааны 60 кг жингийн аварга тэрээр Унгарын нийслэл Будапешт хотод болсон 2013 оны ДАШТ-д Мандахнаран Украйны Семён Радуловыг 10-4, Унгарын Герго Вёллерийг 9-2, Грекийн Андреас Триантафиллидисийг 11-3 оноогоор тус тус ялсанаар хэсгийн аварга болсон.

Хагас шигшээд Олимп (2012), Дэлхийн (2011) хүрэл медальт Кубын Ливан Лопест тэнцүү (6-6) оноогоор буюу техникийн оноогоор ялагдаж цааш барилдаанд БНАСАУ-ын Кан Жинь-Хёгийг 3-1 харьцаагаар ялж 2007 оны ДАШТ-д Баяраагийн Наранбаатарын үзүүлсэн амжилтаас хойш тасраад байсан эрэгтэйчүүдийн амжилтыг үргэлжлүүлж хүрэл медаль хүртсэн билээ. Мөн өнгөрсөн РИО-2016 олимпийн наадам амжилттай оролцсон юм.

Тус чансааны жин тус бүрт дэлхийн шилдэг 20 тамирчны жагсаалтад Монголын таван бөх эрэмблэгджээ. Тодруулбал, 57 кг-д Э.Бэхбаяр 15-д, 61 кг-д Т.Түвшинтулга 14-т, 65 кг-д Г.Мандахнаран 5-д, 74 кг-д П.Өнөрбат 12-т, 86 кг-д О.Үйтүмэн 17-д тус тус бичигдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 2016 оны НӨАТ-ын баримт бүртгэх сүүлийн өдөр

НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн 20 хүртэл хувийн буцаан олголт авахаар болсон. Хуулийн дагуу иргэд 2017 оны эхний улиралд буюу гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө буцаан олголтоо авна.

Ингэхдээ 2016 оны баримтуудаа энэ оны нэгдүгээр сарын 6-ны дотор буюу өнөөдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай. Үүний дараа та өөрийн хувийн мэдээллийг сайтар нягтлан, дахин баталгаажуулахад таны дансанд буцаан олголтын мөнгө автоматаар орох юм. .

Оны өмнөхөн ebarimt.mn сайт дахь иргэдийн бүртгүүлсэн баримт устаж үгүй болсон тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Шинэ оноос эхэлж 2016, 2017 он гэсэн хоёр цонхтой болох юм байна. Тодруулбал, 2017 оны цонхонд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн баримтууд бүртгэгдэнэ гэсэн үг. Иргэд 2016 оны бүх баримтыг 2017 оны нэгдүгээр сарын 6-нд бүртгүүлж дуусах ёстой. Түүнээс хойш 2017 оны цонхонд бүртгэл хийж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

1, 6-гаар төгссөн дугаартай автомашинтай бол энэ сард татвар төлнө

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:

  • 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
Categories
мэдээ нийгэм

Л.Эрхэмбаяр, Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ

09.00 цагт Төрийн ордонд Аймаг, нийслэлийн ИТХ-ын
дарга, Засаг дарга нарын семинар үргэлжилнэ. УИХ-ын дарга М.Энхболд
аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзана. 09.30 цагаас Ерөнхий сайд
мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгнө.

09.30 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Цай
үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг” болох гэж байна. Уулзалт
хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, төрийн болон шинжлэх ухааны
байгууллагууд, орон нутаг, нийслэлийн 25 цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн,
аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцоно.

11.00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн
төвд Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус
аймагт болж буй цаг үе улс төрийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдийн
талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт АН-ын байранд ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.

14.00 цагт циркийн барыг Циркийн хойноос Их дэлгүүр хүртэл зугаалуулна.

16.00 цагт “Шангрила молл” “IMAX”-т П.Ануужингийн “Шинэ эрин шинэ хандлага” нэртэй лекц үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшх хуралдаанаар Улсын Их Хурлын
гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг
хэлэлцэв.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг,
З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан
боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл
баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн
төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн
ерөнхий зарчмыг баримтлан зарчмын болон найруулгын зарим засвар өөрчлөлт
хийж боловсруулсан. Олон намын төлөөлөлтэй Улсын Их Хурал байх үед олонхийн зөвшилцлөөр гаргасан хуулийг суурь болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн
тухай өмнөх хуульд байсан шаардлагатай гэж үзсэн зарим зарчим, зүйл,
заалтуудыг тусгасныг дурдав.

Уг хуулийн төсөл нь нийт 14 бүлэг, 103 зүйлтэй агаад Сонгуулийн тухай
хуулийн нийтлэг зохицуулалтуудыг төсөлд хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн
сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгажээ. Мөн 2016 оны
Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль явуулахад гарсан
бэрхшээлтэй, хэрэглэхэд төвөгтэй зарим заалтыг Сонгуулийн төв
байгууллагын саналыг үндэслэн хассаны зэрэгцээ ойлголтын зөрүүтэй зарим
заалтуудыг тодруулж өөрчлөн найруулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ.

Мөн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад
авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа
холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны
зохицуулах хорооноос олгохоор, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг
шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт
авдаг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг
багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг
улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэд нэмж оруулах шаардлагатай гэсэн
саналыг Сонгуулийн төв байгууллагаас гаргасныг төсөлд тусгажээ.

Мөн нэр дэвшигчийн сонгуулийн
зардлын зарцуулалтын зэрэгцээ сонгуулийн зардлын төлөвлөлтөд төрийн
аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж байх асуудлыг нэмж зохицуулжээ.

Түүнчлэн сонгуулийн
сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй
байсныг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь
зүйтэй
гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж
оруулжээ. Харин Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг
хуулийн төсөлд хэвээр үлдээсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ оны эхний хуралдаанаараа уг
хуулийн үзэл баримтлалын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн
тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн
Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэл,
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн
Х.Баделхан, О.Баасанхүү, С.Чинзориг, А.Сүхбат, Л.Болд, Т.Аюурсайхан,
Н.Амарзаяа, С.Жавхлан нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч
гишүүн Н.Энхболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн төсөлд
Үндсэн хууль зөрчсөн заалт огт байхгүй.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ямар шалгуур шаардлагыг хангасан байх
талаархи Үндсэн хуулийн заалтыг үг үсэг, цэг таслалаар нь энд оруулсан
байгаа. Мөн өмнө нь мөрдөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон
2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай
холбоотой заалтыг тэр хэвээр нь авч тусгасан.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр
дэвшигч нь намын гишүүн байх уу, нам бус хүн байх уу гэдэг нь сонгуульд
нэр дэвшүүлэх эрхтэй намын эрх мэдлийн асуудал.

Сонгуулийн сурталчилгааны тухайд
өмнө нь 17 өдөр байсныг энэ төслөөр 22 өдөр болгон нэмэгдүүлж, нэр
дэвшигч нь бүртгүүлсэн өдрөөсөө сурталчилгааны ажлаа эхлүүлэх боломжийг
нээж өгсөн
гэдгийг тодотголоо.

Хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын
Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Л.Болд, С.Жавхлан,
Н.Цэрэнбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их
Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгуулиар хандив өгдөг явдлыг болиулж төрийн
тэргүүнийг мөнгөнөөс холдуулах хэрэгтэй байгааг ажлын хэсэг
хэлэлцүүлгийн явцад анхаарахыг санал болгож байв.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үзэл
баримтлалын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын
томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50
гишүүний 43 нь буюу 86.0 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны
хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд
шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойг хөдөлгөх таван хувилбар

Оны өмнөхөн МАН-ын бүлэг дээр ширүүхэн маргаан болсныг эс тооцвол Уул уурхайн яамны Таван толгойг хөдөлгөх ажлын хэсгийн хувилбар төрийн ордон хавьцаа яригдаж амжаагүй байна. Хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцсэн жиргээг алгасаад харвал ордноос гаднах ертөнцөд ч Таван толгойг хөдөлгөхгүй гэсэн сүрхий хүчтэй эсэргүүцэл алга. Ачир дээрээ хоногийн хоолоо гэж яваа олонд халаасан дахь хэд нь цаас болохгүй байх л амин асуудал. Халаасан дахь төгрөг нь долларт дарлуулахгүй байх ганц гарц нь гаднаас ахиухан доллар орж ирэх. Том төслөө хөдөлгөж байж ахиухан доллар олдгийн учир шалтгааныг давтан улиглаад яахав, ингэсгээд зогсъё. Таван толгойд дөрвөн асуудал бий. Энэ ордын лиценз хэнд байх вэ гэдэг нь эхний асуудал. Төслийг хөдөлгөе гэвэл уул уурхайн төслийн компани байгуулна. Бас нүүрсээ зөөх тээвэр ложистикийн компани байгуулах зайлшгүй шаардлага бий. Мэдээж борлуулалтын компани байгуулж байж нүүрсээ зарна. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойг хөдөлгөх ямар хувилбарууд яригдаж ирснийг жагсаая.

М.Энхсайханы хувилбар: М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсэг Таван толгойн лиценз эзэмшигч нь “Эрдэнэс Таван толгой” гэсэн хувилбар гаргаж байв. Зах зээл дэх нүүрсний үнээс хамаарч 2-8 хувийн рояалти авна гэсэн тохироог хөрөнгө оруулагчидтай хийснийг тухайн үеийн хэвлэлийн мэдээнээс харж болно. Мэдээж улс таван хувийн рояалтигаа авдгаараа авна гэсэн нөхцөлтэйгөөр. Уул уурхайн төслийн компанийн 51 хувийг ММС буюу “Энержи ресурс”, 49 хувийг “Шинхуа” гэсэн хувилбарыг М.Энхсайханы баг санал болгосон юм. Тээвэр ложистик буюу төмөр замын тухайд 100 хувь “Шинхуа” хөрөнгөө гаргаж барихаар за зүй болсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Тээвэр ложистик дээр rolling stock гэж бий. Тодруулж хэлбэл, төмөр зам дээгүүр явах зүтгүүр вагон. Үүн дээр “Шинхуа”, “ММС” хамтарна гэж байв. Борлуулалтын хувьд 70 хувь нь “ММС”, 30 хувь нь “Сумитомо” гэсэн тохироо хийснийг мөн л хэвлэлийн мэдээнээс харах боломжтой. М.Энхсайханы багийнхны хувилбарын давуу тал нь гадагшаа өгөх өрөө тэглэж, Монголоос мөнгө гаргахгүйгээр Таван толгойг хөдөлгөх гэж байсан юм.

Л.Эрдэнэчимэгийн хувилбар: М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байв. Дараахан нь Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хувилбараа гаргасан юм. Лицензийн хувьд М.Энхсайханыхтай ижил “Эрдэнэс Таван толгой”-д гэсэн хувилбарыг тэд дэвшүүлсэн. Рояалти биш 51 хувийн ногдол ашиг авна, уул уурхайн төслийн компанийн 51 хувийг “Эрдэнэс Таван толгой”, 49 хувийг “Шинхуа” эзэмшинэ, тээвэр ложистикийн 51 хувь нь “Монголын төмөр зам”, 49 хувь нь “Шинхуа”-д хамаарна, борлуулалтыг “Эрдэнэс Монгол”, “Сумитомо” хариуцна гэсэн уялдаа авцалдаа муутай, бүтэх ямар ч боломжгүй хувилбар нь өчнөөн шүүмжлэл дагуулж байв. Товчхондоо “Энержи ресурс”-ийг жийх хувилбар гэчихэж болно. Учир мэдэх ямар ч засаг Л.Эрдэнэчимэгийн ахалсан багийн хувилбарыг дэмжихгүй л дээ. Гэхдээ энэ хувилбар дэмжигдсэн бол Таван толгой хоёр дахь Эрдэнэт болох байв.

Ч.Сайханбилэгийн хувилбар: Л.Эрдэнэчимэгийн дараа зүтгүүлэх гэж байсан хувилбар. Засаг дээр хэлэлцэгдэж амжаагүй учраас “зүтгүүлэх гэж байсан” гэж тодотголоо. Лицензийн тухайд өмнөх хоёртойгоо адилхан “Эрдэнэс Таван толгой”-д үлддэгээрээ үлдэх хувилбар яригдаж байв. Рояалти авахаас гадна тодорхой хувийн ногдол ашиг авах хувилбар хөшигний цаана яригдсан гэдэг. Хувийнх нь тухайд 34, 17 гэсэн хувилбарууд яригдаж байж. Уул уурхайн төслийн компанийн хувьд 51 хувийг нь хоёр компани хувааж авах хувилбар яригдаж байжээ. 51 хувийг хувааж эзэмших нэг компани нь “Энержи ресурс”, нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”. Үлдсэн 49 хувь нь өнөө олны анхааралд буй “Шинхуа”. Тээвэр дээр 51 хувийг нь “Монголын төмөр зам”, 49 хувийг нь “Шинхуа” эзэмших хувилбарыг гаргасан гэдэг юм. Rolling stock дээр ММС байж болох юм гэсэн яриа хөөрөө өрнөж байж. Борлуулалт маркетинг дээр “Шинхуа”, “Сумитомо”, “Эрдэнэс Монгол” гурвын нэр яригдаж байжээ. “Эрдэнэс Монгол”-ын тухайд борлуулалтын арван хувийг гэсэн санаа оноо өмнөх засгийн түвшинд яригдсан гэдэг. Албан ёсны болж амжаагүй энэ хувилбарыг бизнес рүү дөхсөн хувилбар гэж учир мэдэх улс үнэлдэг юм билээ.

Ж.Эрдэнэбат, Ц.Дашдоржхоёрын хувилбар: Энэ засгийн үед Таван толгойн хөдөлгөх хоёр хувилбар яригдаж байна. Нэг нь шууд зарах хувилбар. Хэрвээ энэ хувилбараар явбал Эрдэнэс Таван толгойн лиценз “Таван толгой”-г худалдаж авах талд очно гэсэн үг. Хэрвээ тэгвэл “Эрдэнэс Таван толгой” татан буугдаж таарна. Нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”-д үлдэх хувилбар. Гэхдээ ямар нөхцөлд яаж үлдэх талаар тодорхой болсон зүйл одоохондоо алга. Бүх тохироо, хувилбар хөшигний ард байна. Ойрхны баттай мэдээ гэвэл МАН-ын бүлэг дээр өрнөсөн маргаан. Уул уурхай, эдийн засгийн нарийн мэдлэг, ойлголтгүй залуу голдуу гишүүд Таван толгойг зарах нь, үнэгүй болгох нь гэж ирээд сүрхий дуугарсан дуулдаж байна. МАН-ын бүлэг дээр Таван толгойг “Шинхуа”-д таван тэрбум ам.доллараар зарчихъя гэсэн яриа ч өрнөөд авч. Энэ хувилбар шийдэл болбол “Чалко”-гийн томсгосон хувилбар болох өндөр эрсдэлтэй. Юун эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн тусгаар оршихуй болно. Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч яригдсан бололтой байна.

Тав дахь хувилбар. Дөрөв дэх засаглалын хувьд эдийн засаг унах эсэх, улс хөгжих, уруудахын нэгнийг шийдсэн том төсөлтэй хамаатай асуудалд гарц, шийдэл гаргах нь хэвлэлийнхний үүрэг. Энэ утгаараа гаргаж байгаа хувилбар. Уг нь эдийн засаг талаас нь, улсад ирэх өгөөж ашиг гэдэг өнцгөөс нь харвал Таван толгойг цогцоор нь хөдөлгөх М.Энхсайханы багийн хувилбар дажгүй. Уул уурхайн том төслийг төрийн компани хэрэгжүүлээд амжилтад хүрсэн түүх дэлхийн хаана ч байхгүй гэдэг утгаар нь дэмжихээс аргагүй хувилбар байсан. Хувийн компани Таван толгой шиг том төслийн удирдлага менежмэнтийг хариуцаад цогцоор нь хөдөлгөөд явчихвал алсдаа ирэх ашиг нь их гэдгийг уул уурхайгаараа хөгжсөн улсуудын түүх бэлхнээ нотолдог. Гэхдээ МАН-д Оюу толгойг хөдөлгөсөн С.Баяр шиг, ядаж л түүнд дөхөхөөр лидер одоохондоо байхгүй. Тэгэхээр энэ засаг М.Энхсайханы багийн гаргасан хувилбараар, Таван толгойг зах зээлийн жамаар нь зоригтой хөдөлгөж чадах эсэх нь эргэлзээтэй. Эргэлзээтэй гээд эдийн засаг хүнд ийм цагт Таван толгойг өмнөх засгууд шиг таг гацаах бүр боломжгүй. Иргэдээ тэгтэл нь туйлдуулах эрх энэ УИХ-д байхгүй.

Шийдэх боломжтой хувилбаруудаа нээлттэй ярилцаад шийдэлд хүрэх л анхаарал татсан асуудал болчихоод байна. Таван толгойн лицензийг “Эрдэнэс Таван толгой”-д үлдээж, Цанхийг зүүн, баруунаар нь хуваан ашиглуулах гарц байж болох юм. Баруун Цанхи дээр “Энержи ресурс”, “Шинхуа”-г оруулж, Зүүн Цанхи дээр Эрдэнэс Таван толгой “ үндэснийхээ операторуудтай ажилла гэвэл болохгүй юмгүй. Энэ хувилбарын сул тал нь “хятадууд зөвшөөрөхгүй” гэсэн эрсдэл бий. Төмөр замаа “Шинхуа”-д өгч, борлуулалтыг “Сумитомо”-той хамтраад өөрсдөө хийх гарц байж болох юм. Төмөр зам гэснээс “Монголын төмөр зам” Таван толгойн тээвэр ложистикт оролцох ямар ч шаардлагагүй гэж уул уурхайн салбарынхан, эдийн засагчид дуу нэгтэй хэлдэг. “Сумитомо”-гийн хувьд анхнаасаа борлуулалтын 30 хувийг хариуцъя гэж дуугарсан ч сүүлд мөнгө гаргая, хувь нийлүүлье гэж хэлсэн сураг дуулдсан. Гэхдээ үнэн, худал нь тодорхой болоогүй мэдээлэл. Дотооддоо тэрсэлдээд учраа олохгүй бол манайх шиг орнуудад туслах зорилготой, мега төслүүд дээр зөвлөгөө өгдөг газар хандаж болох юм. Ингэвэл өмнө яригдсан хувилбаруудаас шүүж, ашигтай хувилбар гаргах гарц уг нь бол бий.

Сүүлд сонссон сонин гэвэл яамны ажлын хэсэг нөхцөлүүдээ хэд хэдэн хувилбараар судалж, консорциумтай хэлэлцээрээ хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогоор нөхцөлүүдээ яг эцэслэсэн зүйл байхгүй аж. Талууд нөхцөлүүдээ тохирч, тодорхой байдлаар эцэслэсэн тохиолдолд УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь ойлгомжтой.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэдэг ганцхан үг л дутуу байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ямар өөрчлөлт орохоор болов?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байна лээ. Эд хуулийн төслөө 28-ны үдээс хойш өргөн барьсан. Маргааш (өнөөдөр) Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Нэг ёсондоо цаг хугацааны хувьд дэндүү хавчигдмал байгаа юм. Би хуультай нарийн танилцаж амжсангүй. Өнгөц харахад хуучнаасаа улам дорджээ. Өөрчлөлт оруулах өнцгөө Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн хууль нэгдсэн хэлбэрээр байгааг салгая гэж их гоё тайлбарлаж байгаа юм. Яахав ээ, салгаж болно. Хамгийн гол нь олон улсын жишигт сонгууль болохоос нэг жилийн дотор аливаа хуулийг өөрчлөхгүй гэх жишгийг орхигдуулж байна. Зайлшгүй хийх тодорхой өөрчлөлт байна гэж үзэх юм бол зарим нэг жижиг заалтуудыг өөрчилж болох байсан. Жишээлбэл, өмнөх хуулиар 18 хоног сурталчилгаа хийнэ гэсэн байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дэндүү бага байна. Манай улс 21 аймагтай биз дээ. Нэр дэвшиж байгаа хүн нэг аймагт ядаж 2-3 хоног ажиллаж, сурталчилгаа хийх хэрэгтэй. Би энэ саналаа ТББХ-ны даргад хэлсэн. Гэтэл нэгэнт Монгол Улсад танигдсан хүн нэр дэвших учраас заавал олон хоног сурталчилгаа хийх шаардлагагүй гэж байна лээ. Ийм давчуу хугацаатай сурталчилгаа явуулахаар МАН, АН-ынхан онгоц хөлөглөж очоод ард түмэнтэйгээ уулзчихдаг. Өмнөх сонгуулиар яг л ийм дүр зураг харагдаж байсан. Онгоцгүй бусад нь сурталчилгааны хугацаанд хавчигдаад ард иргэдтэйгээ уулзаж чадахгүй байлаа. Ерөнхийлөгч гэдэг бол нийт иргэдээс сонгогддог. Тиймээс бүх аймагт очиж ажиллах хэрэгтэй. Энэ бол нэг талаас сурталчилгаа. Нөгөө талаас хүндлэл. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө бүрэн таниулна. Хэн, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллах вэ гэдэг чухал. Түүнээс биш хөөрхөн хүнийг сонгох гээд байгаа зүйл алга. Олонд танигдсан хүнийг нэр дэвшүүлнэ гэвэл хошин шогийн жүжигчдээс сонгох хэрэгтэй. Том нам дарангуйлсан байдалтай сонгууль зохион байгуулах гэж байгаа нь буруу.

-Үндсэн хуультай харшилдахаар зүйл, заалтууд орж уу?

-Үндсэн хуультай зөрчилдсөн, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохооргүй хэд хэдэн зүйл бий. Үндсэн хуульд 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэж заасан байдаг. Гэтэл шинэчилсэн хуулийн төслийн 6.3-т “45 насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан хүн байх ёстой” гээд заачихаж. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хүн хаана ч амьдарч болно гэсэн байдаг. Түүнээс биш Ерөнхийлөгчийн сонгууль болохоос таван жилийн өмнө хаа нэг гадаад улс оронд амьдарч байсан бол нэр дэвшиж болохгүй гэсэн заалт байдаггүй. Шинэ хуульд ингээд оруулаад ирлээ. Мөн заавал аль нэг намын гишүүн байх ёстой. Монгол Улсын төрийн тэргүүн аливаа нэгэн намыг төлөөлдөггүй. Аль ч намд үйлчлэхгүйгээр нийт ард түмнийг төлөөлж эв нэгдлийг хангагч байх ёстой гэсэн байдаг. Гэтэл заавал өөрийнхөө намын хүнийг дэвшүүлнэ, хэрэв нам бус бол өргөдөл авч байж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гээд заачихаж.

Анх Үндсэн хуульд суудал бүхий нам бусад намдаа боломж олгохын тулд аль ч намын гишүүн байсан хамаагүй нэр дээрээ дэвшүүлж болно гэж зааж өгсөн. Ийм жишиг ч бий. Угтаа Монгол Улсын иргэн, 45 нас хүрсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нь үл хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой. Ард түмэнд сонгох эрхийг нь олгох хэрэгтэй. Нийт ард түмнээс сонгогдох субьектыг улстөржүүлж, намжуулж байна. МАХН-ыг нухчин дарах гэсэн явуургүй арга хэрэглэж байна. Бас нэг зүйл байгаа. Намууд хамтарч болно гээд заачихаж. Парламентад суудалтай энэ гурван нам яаж хамтрах гээд байгаа юм бэ. МАН ганцаараа хүнээ дэвшүүлнэ гэх санаа л агуулаад байх шиг. АН-ынхан Ерөнхийлөгчид хүн дэвшүүлнэ гээд хэлэх юм бол МАН-д төмсөгдүүлчихээд байгаа. МАН давамгайлсан байдалтай, цаг хугацаагаар шахаж байна. Мөн төрийн албан хаагч нэр дэвшиж болохгүй гэсэн. Сонгуулийн жилд нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа халагдсан байх ёстой гэж заасан. Гэтэл энэ хуулийг нэгдүгээр сарын 1-нд батлаагүй байна. Ийм хууль гарна гэдгийг хэн мэдээд ажлаасаа гарах юм. Тэгээд ч хууль буцаан хэрэглэгдэхгүй, батлагдсан өдрөөсөө эхэлж хэрэгждэг. Дүгнээд хэлэхэд МАХН-ыг хавчин гадуурхах зорилготой л хууль болж. МАН-ыг үг дуугүй даган дууриа, үгүй бол зайл гэсэн гадуурхалт явж байна.

-Парламентад суудалтай гурван намаас бусдад нь ямар боломж гарч ирж байгаа вэ?

-Ямар ч боломж байхгүй. Дэмжиж байна гэдгээ л хэлж болно. Өөрөөр ямар ч боломжгүй. 30.4-т “УИХ-д суудалгүй нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж болно” гэсэн байгаа. Хамтраад явж болохгүй. Нэг үгээр хэлбэл, ганцхан МАН-д зориулсан хууль болчихлоо.

-МАХН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцох вэ. Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ?

-Ард түмэн МАХН-д итгэл хүлээлгэсэн. МАХН Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх хүсэл, зорилготой. Гэхдээ энэ мэтчилэн Н.Энхбаярын эсрэг санаатай хуулийн зохицуулалт хийгээд байх юм. Дээрээс нь зохиомол хэргүүдээр ял шийтгэл хүлээлгэж магадгүй байна. Шорон руу илгээх гэж оролдохыг үгүйсгэхгүй. Ийм хүнд нөхцөлд бид бууж өгөхгүй. А хувилбар нь бүтэхгүй бол Б гэж байх ёстой. МАН хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэж оролдож байна. Энэ өргөн барьсан хуульд нь ганцхан үг л дутуу байна. МАН-аас өөр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж. Бичигдээгүй хуулиар энэ хууль гуравхан намын дунд үйлчилнэ. Гурав дахь намынхаа үгийг сонсохгүй, хавчин гадуурхаж байвал би АН-ынхныг уриална. Та нар битгий сонгуульд оролцооч гэж. МАН ганцаараа өрсөлдөг. Ичихгүй бол ард түмэнд ямар ч сонголт өгөлгүйгээр Ерөнхийлөгчтэй болог. Тэгэхээс өөр гарц үлдэхгүй шинжтэй байна.

-Н.Энхбаяраас гадна таван хүнийг намаасаа нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэсэн. Хэн тав бэ?

-Бид хэнийг нэр дэвшүүлэхээ эрт хэлэхгүй. Шоронд орохоос айж байна. Тэр хүний аюулгүй байдлыг бодож байна. Нэрийг нь хэлсний маргаашаас эхлээд хууль, хяналтынхан тэр хүний эсрэг ажиллаад эхэлнэ. АН-ынхан хэлээд байгаа шүү дээ. Ерөнхийлөгчид гэж дурдах л юм бол балраад байна гэж Ж.Батзандан гишүүн хэлж байна лээ. Барын амнаас гараад арслангийн аманд оров гэж үг бий. Ард түмэн энийг л санах хэрэгтэй.

-Оны өмнө С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн гэм буруутанг ялласан. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би коммунизм тогтоогүй биз дээ гэж хэлээд байгаа. Өргөдлийн байнгын хороонд байхдаа 461 дүгээр ангийн дунд шүүх хурал хийдгийг болиулахаар шийдсэн.

Гэтэл өнөө хэр хэвээрээ байна. Дэлхийн бүх улсаас ганцхан манай улс шоронд шүүх хурлаа хийж байгаа. Яагаад иргэний шүүхэд шүүх хурлаа хийхгүй байна вэ. Болж буй нөхцөл байдал ард түмэнд хардлага төрүүлж байгаа. Миний хувьд ч ялгаагүй. Хэрэг хуучирдаггүй гэдэг.

-Он гарчихлаа. Энэ онд эдийн засаг сайжрах болов уу. Гаднаас мөнгө орж ирэх сураг байна уу?

-Мөнгө байгаа ш дээ. Зүгээр л мөнгийг яаж зохицуулах ухаанаа олохгүй байгаа юм. Тэгээд бондын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийг өөгшүүлээд яваад байдаг. Тэд бол баялаг бүтээгчид гэж орилдог. Тэгвэл та бид юу юм бэ. Баялаг устгагчид юм уу. Та жишээлбэл цалингийн зээлээ төрөөр тэглүүлж үзсэн үү. Төр таны ипотекийн зээлийг хөнгөлж байсан уу. Ажил хөдөлмөрөө хийж байгаа жирийн иргэдийнхээ зээлийг нэг ч удаа хөнгөлж, эсхүл тэглэж үзээгүй байж төрөөс хэдэн зуун тэрбумаар нь идэж байгаа компаниудыг өөгшүүлээд байдаг. Энийг нь хэлэхээр Баасанхүү үндэсний үйлдвэрлэгчдийг гадуурхаж байна гэж орилоод байгаа. МАН-ынхан улсын эдийн засаг дампуурч байна гэж яриад л байна. Өнөөг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж л байгаа биз дээ. Бүр нэмээд цалинтай ээж, насны хишиг гэхчлэн баахан халамжийн мөнгө тараах гэж байна. Хэрэв эдийн засаг өөрсдийнх нь яриад байгаа шиг тэгтлээ аймар байгаа юм бол яах гэж ийм олон популист хууль батлаад халамж тараагаад байгаа юм. Ард түмэн юу ч гуйгаагүй байна. Ээжүүдэд цалин өгөхгүй бол Засгийн газар огцор гээгүй байна. Өгч байгаа юм чинь авъя даа л гэж байгаа. Ахмадууд ч ялгаагүй. Улсад мөнгө байгаа. Хамгийн гол нь зөв зохицуулалт, бодлого хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Уранчимэг: Хүнсний харшлын эмчилгээ тухайн хүнсийг идэхгүй байхаас эхэлдэг

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч, Анагаах ухааны магистр, докторант Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-Ургамлын, хоол хүнсний гээд олон төрлийн харшлууд байдаг. Эдгээрээс аль нь манай улсад хамгийн элбэг вэ?

-Тухайн улирлаас шалтгаалаад янз бүр. Өдийд өвлийн улиралд хүйтний харшил элбэг. Мөн баяр ёслолын дараа хоол хүнсний харшил нэмэгдэх хандлагатай байдаг. Сая баярын өдрүүдэд өдөрт 20-50 хүн хоол хүнсний харшлын улмаас манайд хандсан. Хавар гурван сараас нарны, зургадугаар сараас ургамлын, наймдугаар сараас шарилжны харшилтай хүмүүс олширдог.

-Хоол хүнснээс харшсан хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Харшил хурц илрэлтэй, аажим явцтай гэж хоёр янзаар илэрдэг. Хурц хэлбэр нь харшил үүсгэгчийг хэрэглэснээс 24 цагийн дотор илрэнэ. Аажим явцтай харшил нь харшил үүсгэгчийг анх удаа хэрэглэхэд шинж тэмдэг илрэхгүй. Гэхдээ арьс нь тэр бүтээгдэхүүнд мэдрэгшсэн байдаг тул тухайн бүтээгдэхүүнийг дахин хэрэглэхэд харшлын урвал гарч эхэлдэг. Хүнсний харшил сүүлийн жилүүдэд манай улсад элбэг тохиолдох болсон. Энэ нь бидний амьдралын хэв маяг, хүнсний сонголт, аюулгүй байдалтай холбоотой. Хурц халуун ногоотой хоол идэх, кимчи, цитрус, лемон, апельсин, мандарин зэрэг хүчиллэг жимс жимсгэнэ харшил төрүүлдэг. Хоол хүнснээс харшсан хүний биеэр нь тууралт гарч, загатнах, нулимс гарах, хамар битүүрэх, найтаах, уруул хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

-Хүнсний харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүнсний харшлын эмчилгээ тухайн хүнсийг идэхгүй байхаас эхэлдэг. Өвчтөн нэг болон цөөн төрлийн хүнсний зүйлээс харшилтай бол тэдгээрийг хүнсэндээ хэрэглэхгүй байх боломжтой. Харин олон төрлийн хоол, хүнсэнд харшилтай бол голлон харшил өгч буй зүйлсийг бүрэн хорьж, бусдыг нь дөрвөөс тав хоногийн зайтай бага багаар идэж болно. Ингэж тухайн хоол хүнсэнд тэвчил үүсгэх юм. Мөн сонгож буй хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлага, хугацааг сайн харах хэрэгтэй. Манай эмнэлэгт чипснээс харшсан долоон сартай хүүхэд ирсэн тохиолдол бий. Эцэг эхчүүд хийжүүлсэн ундаа, чипс, төрөл бүрийн чихэр жимсийг хүүхдэдээ өгдөг. Энэ нь эргээд харшил үүсгэх магадлалтай тул сонголтоо зөв хийх хэрэгтэй.

-Загатнах, нулимс гарах, биеэр нь юм туурах гэх мэтээр. Харшлын шинж тэмдэг ерөнхийдөө төстэй байдаг. Юунаас харшсанаа чухам яаж мэдэх вэ?

-Эмийн сангуудаар эм тариа элбэг болсноос болоод ч тэр үү, манайхан өөрөө өөртөө онош тавьж эмчлэх гээд байдаг болсон. Харшлын шинж тэмдэг илэрмэгц эмийн сангаас дураараа эм авч уудаг. Энэ нь нэг удаа харшлын шинж тэмдгийг намдааж болох хэдий ч ингээд яваад байвал дахин илрэхдээ илүү даамжирсан байх болно. Тийм учраас харшлын шалтгааныг юун түрүүнд олох хэрэгтэй. Дүүргийн эмнэлгүүд болон манай төвд ирж эмчид хандаж зовиураа хэлээд, шинжилгээ өгч, сорил тавиулах хэрэгтэй. Өвчтөн хэрвээ эмчийн зааваргүй ямар нэг эм дур мэдэн хэрэглэсэн бол сорил тавиулахад үнэн зөв хариулт гардаггүй. Ер нь харшлын эмчилгээ хийлгэсэн ч харшил төрүүлэгчээ хэрэглэсээр байвал харшил хүндэрнэ гэдгийг сайн санах хэрэгтэй.

-Харшлын шалтгааныг олохгүй түр намдаагаад явдаг хүмүүс их байдаг. Ингээд яваад байвал ямар үр дагавартай вэ?

-Харшил хүндэрвэл эмчлэхэд их төвөгтэй. Амьсгалын дээд замын харшил байсан бол даамжраад амьсгалын доод зам руу орно. Сүүлдээ уушгины багтраа ч болох аюултай.

-Би урьд нь ямар ч харшилгүй байсан. Гэнэт нарнаас, ургамлаас харшлаа гэж хүмүүс ярьдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Харшил бол шууд удамшдаг өвчин биш. Гэхдээ эцэг, эх хоёр нь хоёулаа харшилтай бол хүүхдэд удамших магадлал 70 хувьтай. Мөн удамшлын урьтал гэж нэг зүйл бий. Хоёр хүн нэг зүйлийг хэрэглэхэд нэг нь зүгээр, нэг нь харшсан байдаг. Энэ бол удамшлын урьтал болон дархлааны байдлаас шалтгаалж байгаа юм.

-Ханиад томууны улиралд эцэг эхчүүд хүүхэддээ антибиотик их уулгадаг. Үүнээс болж эмийн харшил их тохиох болсон. Энэ талаар?

-Дэлхий нийтээр антибиотикоос татгалзах болсон. Эмч нарыг ч антибиотик бичихдээ “Бод, бод дахин нэг бод” гэж хэлдэг. Эмийн харшил хамгийн аюултай харшилд тооцогддог.

-Утаанаас харшсан хүн танай эмнэлэгт хандаж байсан уу?

– Яг би утааны харшилтай, үүнээс болоод өвдчихлөө гэж манай эмнэлэгт хандсан хүн одоогоор алга. Утаанаас харшсан хүмүүст найтаах, хамар битүүрэх, хоолой хорсох шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн, үсний будаг, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, аяга, таваг угаагч шингэнээс үүдэлтэй харшил ихэсч байна. Үсний будагны харшилтай хүмүүс дараагийн удаа илүү үнэтэй, сайн чанарын будаг хэрэглэвэл харшил өгөхгүй байх гэж бодож хэрэглэдэг. Ингээд л харшлаа улам хүндрүүлдэг.

Б.НАРАНЧИМЭГ