Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлнө

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүд-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилго бүхий энэ семинарт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр оролцлоо.

Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад цаг үеийн мэдээлэл хийж, тэдний асуултад хариулж, үүрэг даалгавар өглөө.

Орон нутагт хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Засгийн газар гадаад томилолтыг хязгаарласан. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагаанд үр дүнтэй айлчлал хийж болно. Гол нь гаргасан зардлаа хэд дахин нугалах амжилт гаргах учиртайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө гэлээ. Мөн Тавантолгойн ордын тухайд Монгол Улс, монголчууддаа ашигтай байх боломжит хувилбар бүхий төслийг удахгүй УИХ-д өргөн барьж, нээлттэй хэлэлцүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.

Монгол Улсын 330 гаруй сумын 170 гаруй нь эмнэлгийн машингүй байна.

Энэ онд багтааж сумын эмнэлгийг бүрэн унаажуулна гэлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Энэ нь утаанаас ангижрах цогц арга биш. Агаарын бохирдол өргөс авсан мэт арилахгүй. Утаа багасгах бололцоотой бүхий л арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, утаатай холбоотой асуудал ганц нийслэл хотынх биш. Орон нутагт утаанаас сэргийлэх ажлыг одооноос хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Орон нутгийн хөгжилд зориулсан аж ахуйн нэгж, компаниудын хандив тусламжийн 50 хувийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байх, орон нутагт хийх зам, барилга зэрэг дэд бүтэц, бусад төслийн сонгон шалгаруулалт, бэлтгэл ажлыг эртнээс хийж дөрөвдүгээр сарын 1-нээс ажлыг эхлүүлэх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.

Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын ажлын арга барил, хамтын ажиллагаа, санаачилга, зүтгэлээс Монгол Улс, монголчуудын амьдрал ихээхэн хамаарна гэж Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.

Семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, баталгаажууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Аймаг, сумдын сонгуулийн салбар хорооныхныг сургалтад хамруулж байна

Ардчилсан нам бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 6, 7-нд хуралдсан VI их хурлаасаа гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Намын даргын сонгуулийн хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй болж байна.

Намын даргын сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах журмыг боловсруулан баталж, тус журмаар аймаг, дүүрэг, сумдад тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн салбар хороо байгуулан ажиллаж байгаа юм.

Улс орны хэмжээнд сонгууль зохион байгуулах 417 нэгж байгуулагдсан бөгөөд салбар хороонд ажиллах намын гишүүдийг сургалтад хамруулсаар байна.

Өнөөдөр Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулж нийт 15 сумын 85 гишүүн оролцож байна.

Энэ удаагийн сонгуулийн онцлог, тойрог хуваарилалт болон санал тоолох аргачлал, зөрчил маргаан хянан шийдвэрлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах талаар нэгдсэн мэдээллийг өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Сүхбаатарын талбай дээр ном солилцох өдөрлөгтэй

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ.

Дашрамд дуулгахад солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой юм. Түүнчлэн “Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд 2017 оны 1-р сарын 7-ны Бямба гарагт анхны ном солилцох өдөрлөг болно.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

“Номоо солилцъё” өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан ажиллаж байгаа юм байна.

Уг арга хэмжээ сар бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. Ингэснээр алслагдсан дүүргийн иргэд номын хангамжтай болох боломж бүрдэх бөгөөд иргэд хадгалж байсан номоо, мөн өөрийн бичиж хэвлүүлсэн бүтээлийг номын сангуудад хандивлах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын сайтын холбооны III чуулган болно

Монголын Сайтын Холбоо хоёр жил тутамд нэгдсэн чуулганаа зохион байгуулж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө шинэчлэн сонгодог.

2015 оны нэгдүгээр сард болсон II чуулганаар Удирдах зөвлөлийн 21 гишүүнд өөрчлөлт оруулж, шинэчлэгдсэн Удирдах зөвлөлөөсөө breakingnews.mn сайтын захирал Х.Мандахбаярыг ерөнхийлөгчөөр сонгож ажиллуулжээ.

Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /01.05-нд/ болж, Монголын сайтын холбооны III чуулганы товыг энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагаас зохион байгуулах шийдвэр гарч, чуулган зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ингэснээр тус ажлын хэсэгт хгдох хүртэл түр шилжиж байгаа юм.

Чуулган зохион байгуулах ажлын хэсэг чуулганд оролцох гишүүн сайтуудыг бүртгэх, мандат олгох, чуулган зохион байгуулагдахад шаардагдах бэлтгэл ажлыг хангах юм. Монголын Сайтын Холбооны III чуулганд холбооны гишүүн сайт бүр нэг саналын эрхтэйгээр оролцон, Удирдах зөвлөлийн 21, Хяналтын зөвлөлийн 11 гишүүнийг хоёр жилийн хугацаатайгаар сонгох гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

482.3 гр алтыг улсын орлого болгон хураажээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан ААН-үүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгчээ.

Энэхүү алтыг МХЕГ-ын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн шийдвэрийн дагуу улсын орлого болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хорио цээрийн дэглэмийг цуцлав

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Б-н 32 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.

Тэгвэл хорио цээрийн дэглэмийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул энэ сарын 04-нд сумын Засаг даргын захирамжаар цуцалсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын даргын сонгуулийн дүнг камераар харуулж тоолно гэв

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам энэ удаагийн намын даргаа бүх нийтээрээ сонгож байгаа. Энэ нь тогтвортой, хүчтэй нам болох сууриа тавьж байгаа хэмээн тодотгож буй. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хэлснээр “АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. УИХ-ын сонгуульд амжилт гаргаж Ерөнхий сайд болдог.

Одоогийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж 1200 төгрөгийн татвараа төлсөн байна. Энэ удаагийн сонгуульд 120-125 мянган гишүүн оролцох урьдчилсан дүн мэдээ гарч байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр 24:00 цагт хаагдаж байгаа. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа журмын дагуу зохион байгуулагдаж байгаа. Ардчилсан намаас аливаа санал асуулга, рейтинг тогтоох судалгааг явуулаагүй байгаа. Тиймээс фэйсбүүк болон, сайтуудаар явж байгаа дүнг АН-аас албан ёсоор няцааж байна” гэлээ.

Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшигчид одоогийн байдлаар найман аймаг хоёр дүүрэгт сурталчилгаагаа хийгээд байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байгаа. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг хийхдээ дүрэм, журмаа сахиж, эв нэгдлийг хангаж ажиллаж байна. Намын шинэчлэлийн бодлого, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Нэр дэвшигчдийн очсон газар бүрт АН-ын гишүүд, дэмжигчид ихээр оролцож, намын үйл ажиллагаа сайжирч байна. Намын даргын сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Энэ сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил төстэй явагдаж байгаа.

Ардчилсан намын даргаа сонгох сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулах үлгэр жишээг харуулна. Дүрэм журмын хүрээнд ямар нэгэн будлиан гаргахгүй байхаар бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ. Мөн санал өгсөн хүний хуруун дээр тусгай тэмдэглэгээ хийх, саналыг камер, тв, дэлгэцээр харуулж тоолох зэрэг ажлыг хийх аж. “Бүх аймгийн төв, дүүрэг, сумын төв, тосгодуудад намын даргын сонгуулийг зохион байгуулахаар салбар хороодоо байгуулна. Нэгдүгээр сарын 29 бол ням гараг байгаа. Энэ өдөр АН-ын гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9,10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулах гэж байна.

Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна.

Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд ирж оролцсоноор төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцаж, нэг дороос сонголтоо хийх боломжтой.

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, эрүүл, аюулгүй орчинд аж төрөхийг хүсвэл уг үзэсгэлэнд ирж оролцохыг ард иргэддээ уриалж байна.

Ирэх даваа гарагийн 11:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд нээгдэх үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцох юм гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Оюун УИХ-д өргөдөл ирүүлжээ

УИХ-ын гишүүн асан С.Оюун УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдлийн нэг хувийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн аж. Тус байнгын хороо хаалттай хуралдах үеэрээ уг өргөдлийг байнгын хорооны гишүүдэд уншиж танилцуулсан байна. Уг өргөдөлд Төрийн нууцын тухай хуулийг шүүн таслах ажиллагаанд хэрэглэсэн байдалд хяналт тавихыг хүссэн байсан аж.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хэлэлцээд өнгөрсөн сарын 27-нд шийдвэрээ гаргасан билээ. Тухайн өдөр С.Зориг агсаны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна.

Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох, гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.

Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хуульзүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцтэгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэжээ. Тэрбээр уг мэдэгдэлтэй утга бүхий өргөдлийг УИХ-д хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид нийлж танхайрчээ

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын таван албан хаагч бүлэглэн бааранд хүн зодож гэмтээсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” гэх бааранд хүн зодож биед нь гэмтэл учруулсан байна. Одоогийн байдлаар хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн байна. Уг хэргийг харьяаллын дагуу Мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэхээр болжээ.