Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорино

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээллэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ.

Эрүүл монгол хүнийг хөгжүүлэхэд эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал нэн чухал гэж Засгийн газар үзэж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Малын эрүүл мэндийн тухай, Тариалангийн тухай, Ургамал хамгааллын тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мэргэжлийн хяналт шалгалтын тухай хууль, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөн ажиллаж байна.

УИХ-аас батлан гаргасан дээрх хууль, тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газар түүхий эд бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирлээ.

Монгол Улсын хүнсний хэрэгцээ, хэрэглээ, хангамжийн өнөөгийн байдлын талаар зарим цөөн тоон мэдээллийг авч үзье.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 , будаа, өндөг, жимс, жимсгэний хувьд 23-45 хувьтай байна.

2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мян.тн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мян.тн шингэн сүү, 118.7 мян.тн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мян.тн гурил, 55.1 мян.тн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мян.тн төмс, 72,3 мян.тн хүнсний ногоо үйлдвэрлэжээ.

Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах, махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгджээ.

2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшинг тооцож үзвэл элсэн чихэр, чихрийн зүйл 100 хувь, жимс, жимсгэний 94,5 хувь, хүнсний тосны 92,3 хувь нь импортоос хамааралтай байна.

2015 онд байгаль, цаг уурын гэнэтийн үзэгдэлийн улмаас ургац алдаж буудайны 69 хувь, хүнсний ногооны 52 хувь, төмсний 20 хувийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаар авч үзвэл төмс, хүнсний ногоо, гурилыг дотооддоосоо бүрэн хангах боломжтой байна.

Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

Монгол Улсын стратегийн хүнсний хангамжийн 2017 оны төлөв хандлагыг танилцуулья.

Холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачдын хийсэн судалгааны дүнгээс авч үзвэл 2017 онд нийт 11,6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн махыг бэлтгэх боломжтой гэсэн тооцоо байна. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мян.тн махыг экспортлох боломжтой, мөн 6,1 сая толгой малын махыг бэлтгэн гадаад зах зээлд экспортлох нөөц байна.

Үндэсний Статистикийн хорооны даргын тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж тооцож үзэхэд 2017 онд дунджаар 130,0 мянган тн сүү, 180,0 мянган тн сүүн бүтээгдэхүүн шаардагдахаар байна.

Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 72 хувьтай байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж, өвөл, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын 90 хүртэл хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүүг хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээнд 4,4 мян.тн хуурай сүү импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

Нэг хүний хоногт хэрэглэх гурил, гурилан бүтээгдэхүүний дундаж хэмжээг үндэслэн тооцоход жилд нэг хүнд өргөн хэрэглээний гурил 36.5 кг, гурилан бүтээгдэхүүнд 80.3 кг буюу гурилд шилжүүлэн тооцвол 59.4 кг, нэг хүний жилийн хэрэгцээнд 95.9 кг гурил шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

2016 оны ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай хураан авсан нь ирэх намрын ургац хүртэл гурилын үйлдвэрлэл болон хүн амын гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой.

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульболон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн актаас бүрдэж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран хүнсний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчны нөхцөл байдал, хяналтын тогтолцоонд үнэлгээ хийх ажлыг энэ онд хэрэгжүүлсэн.

Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор батлагдаж, 2011 оны 114 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хугацаа өнгөрсөн 2016 онд дуусч байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд 78 хувийн хэрэгжилттэй байна.

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардах хөрөнгө оруулалт дутагдалтай байсан нь хэрэгжилтэд голчлон нөлөөлсөн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний стандарт, техникийн зохицуулалт, түүний хэрэгжилт чухал ач холбогдолтой байдаг. Хүнсний салбарт нийт 753 стандарт, үүнээс заавал мөрдөх 379, зөвлөмжийн шинжтэй 374 стандарт мөрдөгдөж байна.

Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд цаг хугацаа, зардал ихээр шаарддаг тул манай дотоодын аж ахуйн нэгжүүд өргөнөөр хамрагдаж чадахгүй байна.

Хүнсний бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн 65 лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр лабораториудын нэгдсэн сүлжээг зохион байгуулах, чадавхийг нь дээшлүүлэх, лабораторийн хүний нөөцийг сургаж бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн хяналт, шалгалтын дүнгээс товч танилцуулья.

Хүнсний үйлдвэр, цехүүдийн төлөвлөгөөт хяналт, шалгалтад хамрагдсан 468 аж ахуйн нэгжийн 11 хувь нь эрсдэл ихтэй, 57 хувь нь дунд, 32 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Хүнс худалдаалах үйл ажиллагаанд хийсэн шалгалтад хамрагдсан нийт 1100 хүнсний худалдааны газрын 41 хувь нь бага эрсдэлтэй, 52 хувь нь дунд эрсдэлтэй, 7 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хүнс, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр 2671 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт, 370 объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 932 объектод гүйцэтгэлийн шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтаар үр дүнд давхардсан тоогоор нийт 36,6 мянган зөрчил илрүүлж, газар дээр нь 74.3 хувийг арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 4013 албан шаардлага, 402 акт, 379 дүгнэлт үйлдсэн ба зөрчлийг арилгах хүртэл 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Эрсдэлтэй объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна 2016 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 1,5 мянган объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, эрсдлийг тогтоон, илэрсэн зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт, сурталчилгааг зохион байгуулсан.

Хяналт шалгалтын явцад эрсдэлтэй объектийн тоо буурсан. Үүнд: 2015 онд их эрсдэлтэй объект 15.9 хувьбайсан бол 2016 онд 14.7 хувь болж буурч байгаа хэдий ч дунд эрсдэлтэй объект 70.0 хувийг эзэлсээр байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой. Иймд хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

Хүнсний тухай хуульд зааснаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх чиг үүргийг салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тэдгээрийг чадавхжуулж бэхжүүлэх, дэмжих бодлогыг хэрэгжүүлж ажиллана.

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна.

  1. Хүнсний болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, ашиглах;
  2. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах;
  3. Баяжуулсан хүнсний тухай, Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих;
  4. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
  5. Хүн амын мах, сүүний хэрэгцээг эрүүл хүнсээр, бүхий л улиралд тогтвортой хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах;
  6. Хүнс боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх, холбогдох зааврыг батлуулах;
  7. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжих;
  8. Хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээ авах;
  9. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалах, тээвэрлэх, зориулалтын агуулах, байр, тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг шийдвэрлүүлэхзэрэг болно.

Хүнсний хангамж, хүрэлцээ, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал Засгийн газрын байнгын анхаарлын төвд байсаар ирсэн. Цаашид ч энэ асуудалд Засгийн газар улам их анхаарал тавьж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллах болно.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Баярцэцэг малчин бүсгүйн дүрд тогложээ

“Mongolian Social Channel” студийн бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцсон “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг тогложээ.

Мисс А.Баярцэцэг уг кинонд Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тоглосон байна. Мөн киноны дүрүүдэд МУГЖ С.Дамдин, МУГЖ Ё.Цог, МУГЖ Л.Дэмидбаатар нарын тэргүүтэй уран бүтээлч тогложээ. Киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна.

Этник, драм чиглэлийн уг кинонд хөдөө ахуй, малчин ардын аж байдлыг тусгасан аж. Киноны зураг авалт сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд зураг авалтыг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг авчээ.

“Явуулын хүн” уран сайхны кино тун удахгүй орон даяар нээлтээ хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Магда бар Улаанбаатарын гудамжаар зугааллаа

Аав, ээжээ дагуулсан бяцхан хүүхдүүд Монголын үндэсний циркийн үүдэнд цуглажээ. Тэд “Одоо бар гарч ирнэ”, “Утсаараа зураг авна” хэмээн шулганана. Хүүхдүүд Монголд анх удаа тоглолтоо толилуулахаар ирсэн дэлхийд ховордсон цагаан бар, цагаан арслангуудыг сонирхохоор цугласан нь энэ аж.

Тун удалгүй хүний хэл ойлгодог, ухаантай бар циркээс гарч ирж, яах ийхийн зуургүй хүмүүс түүнийг хүрээлж авав. Амьтан сургагч хүүхдүүдийг зайнаас харахыг сануулаад, бүгдэд нь харагдах боломжийг хангаж өгч байлаа.

Магда хоёр настай, эм. Тэр өмнө нь ОХУ, Герман, Итали зэрэг оронд зочлон, авьяасаа үзүүлж, хотын иргэдтэй “уулзаж” байжээ.

Арванхоёрдугаар сарын 24-нөөс Монголын үндэсний циркт зочилж буй олон улсын циркийн тоглолтод өндөр утсан дээр алхах, дугуйтай явах, хутга шидэгч, уян хатан хүн, илбэчин болон хөгжилтэй алиалагч зэрэг шилдэг үзүүлбэрүүд багтжээ. Мөн Төмөр бөмбөлгөнд зургаан мотоциклтой залуус зэрэг эргэлдэх үзүүлбэр багтсан бөгөөд аль ч циркэд хийдэггүй энэхүү үзүүлбэрийн эздийг жинхэнэ эр зоригтнууд гэж нэрлэхээс аргагүй.

Цагаан бар, арслангууд долоо хоногт 250 кг үхрийн мах, 10 кг лууван, 250 ширхэг өндөг иддэг гэнэ.

Колумби, Их Британи, Франц, Итали болон Ази, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын дэлхийн өнцөг булан бүрээс цугласан жүжигчид нэгэн баг болж, Монголын үзэгчдэд циркийн гайхамшигт тоглолтыг сонирхуулж байгаа. Та хүсвэл амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ хамт циркт очоорой.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нартай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, парламентын үйл ажиллагаа, ирэх дөрвөн жилд баримтлах бодлого зорилт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарт шинэ оны болон Үндсэн хуулийн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүсээд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв.

  • 1. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудал хууль тогтоох байгууллага болон олон нийтийн анхаарлын төвд байгаа. Юуны өмнө өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юү гэдгээ тодорхойлох ёстой. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газарт Ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж байгаа. Та бүхэн орон нутгийнхаа иргэдийн санал бодлыг авч, УИХ-д ирүүлэээрэй.
  • 2. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Та бүхний санал бас тусах ёстой. Төв, орон нутгийн эрх мэдлийн хуваарилалт, орон нутгийн онцлогийг харгалзах, хууль хэрэгжих нөхцөл байдал гээд олон асуудал байгаа байх гэж бодож байна.

  • 3. УИХ зөвхөн хууль баталдаг биш, хуулийн хэрэгжилтийг хянадаг байгууллага байх ёстой гэж энэ УИХ үзэж байгаа. Тиймээс Аудитийн тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад байна. Хууль хэрхэн хэрэгжиж байгааг хамгийн ойроос мэдэрч байгаа хүмүүс та нар. Тиймээс энэ чиглэлээр УИХ-тай хамтарч ажиллаарай.
  • 4. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг УИХ батлан гаргасан. Үүнтэй уялдуулж аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогоо арай өөрөөр, өргөн цар хүрээнд авч үзэх шаардлагатай байна.
  • 5. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг УИХ-аар баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн Засгийн газрын үүрэг биш, та бүхнээс их зүйл хамаарна. Аймгийнхаа эдийн засгийг өөд татах талаар санаачилгатай ажиллах ёстой.
  • 6. Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжих талаар миний бие хэд хэдэн удаа сануулсан. Дорвитой ажил харагдахгүй байна. Зардлаа хянаж, бүтцээ аль болох цомхотгох, төсвөө хэмнэх талаар дор бүрдээ санаачилга гаргах хэрэгтэй. Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үндсэн үзүүлэлт болгоход ч болохгүй юмгүй.
  • 7. Гадаад томилолт, аялал зугаалгаас аль болох татгалзмаар байна. Томилолт байж болно. Гэхдээ үр дүн нь юу вэ гэдгээ сайтар тооцоорой.
  • 8. Гадна, дотнын хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутагтаа татах талаар юу хийж байгаа вэ? Хөрөнгө оруулалт бол эдийн засгаа сэргээх нэг гол хөшүүрэг гэдгийг санагтун. Гаднын хөрөнгө оруулагчдад элдэв дарамт, шахалт үзүүлдэг, үргээж хөөдөг арга барилаас татгалзаарай.
  • 9. Ажлын байрыг нэг гэлтгүй, жижиг гэлгүй нэмэгдүүлэхэд анхаар. Иргэдээ ажилтай, орлоготой байлгаж чадвал хүндрэл бэрхшээлийг гарз багатай туулна. Өмнө нь 2007 онд ийм арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүргэсэн жишээ бий.
  • 10. Орон нутгийн өмчит байгууллагуудын бүтэц, ашигт ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Надад байгаа мэдээгээр орон нутгийн өмчит байгууллагуудын тоо нэмэгдсэн, тэгсэн хэрнээ өртэй, алдагдалтай ажилладаг нь дийлэнх болсон байна шүү.
  • 11. Сүүлийн 4 жил дараалан тасарсан төсвийн орлого урьдчилсан байдлаар 2016 онд давж биелсэн байна. Энэ бол сайн мэдээ. Аймаг бүр төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлж байх ёстой. Та бүхний төр, засгийн өмнө хүлээсэн хамгийн чухал үүргийн нэг нь энэ гэдгийг санаж ажиллагтун.

  • 12. Зарим газарт өвөлжилт хүндэрч байгаа. Нийт малчин өрхийн 10 хувь нь өөр аймаг, сумын нутагт оторлож яваа гэсэн мэдээ байна. Цас зудын үед бид малаа гээд хүнээ хаячихдаг гэмтэй. Эхлээд хүнээ анхаар. Малчдынхаа эрүүл мэнд, тэтгэмж халамжийн асуудлыг хэрхэвч орхигдуулж болохгүй.
  • 13. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж, иргэдэд үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран ажилламаар байна. Алс зайдуу гэдэг шалтгаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хөдөөд дутмаг байж таарахгүй.
  • 14. Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарын асуудал байхаа болилоо. Аймаг, томоохон суурин утаатай болж хөрс, ус бохирдож байна. Тиймээс нөхцөл байдлыг хяналтаас алдчихаагүй дээрээ урьдчилан сэргийлэх, зогсоох бууруулах асуудалд анхаарах хэрэгтэй байна.
  • 15. Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, холбоо мэдээллийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх асуудал зарим газар дутмаг байна. Гар утастай болсноор бүх асуудал шийдэгдчихсэн мэтээр ойлгож болохгүйг анхааруулъя.
  • 16. Бүсчилсэн хөгжил гарцаагүй чухал гэдэг нь амьдралаас харагдаж байна. Тиймээс хөгжлийн төлөвлөлтөө энэ зүг рүү хандуулах ёстой.
  • 17. Төвлөрлийг сааруулах асуудлаар саналаа УИХ-д ирүүл. Аймаг, суманд байгаа төрийн байгууллагуудын удирдлагыг бараг бүгдийг нь яам, агентлагаас томилдог болсон нь хэр зөв бэ? Засаг даргынхаа өмнө хариуцлага хүлээдэггүй нутгийн захиргааны байгууллагатай байх нь зөв биш гэж бодож байна.
  • 18. Сахилга хариуцлагыг бэхжүүл. Томилогдсон албан тушаалтнууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Хэрвээ чадахгүй бол хариуцлага хүлээлгэж, арга хэмжээ ав. Томилж болсон юм, өөрчилж бас болно шүү.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд “МАН үнэмлэхүй ялалт авсан нь ард олны итгэл, найдварыг хүлээж, даалгавар өвөрлөж, үнэмлэхүй хариуцлага хүлээсэн гэсэн үг шүү” хэмээн онцлоод ИТХ-ын дарга, Засаг дарга нарын саналыг сонсож, асуултад нь хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллах юм.

Үүний дагуу маргааш бүх нийтээр ажиллах учир 0 болон 5-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллээр цацагдсан. Тэгвэл нэгдүгээр сарын 07-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашиныг дугаараар нь хязгаарлахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Таван шарын төмөр замын зорчих хэсгийг хаахаар болжээ

Сонгинохайран дүүргийн 20-р хороо төмөр замын 396 км-т байрлах гармын хойноос урагш чиглэлийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр тугацаагаар хаахаар болжээ. Учир нь энэхүү хэсэгт төмөр замын гармын засвар хийгдэж байгаа аж.

Тус замыг энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас нэгдүгээр сарын 07-ны өдрийн 07 цаг хүртэл зураглалын дагуу түр хугацаагаар хязгаарлан урдаас хойш чиглэлийн зорчих хөдөлгөөнийг эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээнд оруулж хөдөлгөөн зохицуулалт хийгдэнэ. Иймд жолооч та дээр хугацаанд БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-4 “Эрчим хүчний гудамж”-аар зорчих боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл нууранд цөмөрсөн автомашиныг татаж гаргажээ

HIIMEL NUUR

Увс аймгийн Давст сумын нутаг “Шүдэн уул” гэдэг газар Давсны уурхайгаас давс ачаад буцаж явсан автомашин хиймэл нууранд цөмөрч, орсон тухай дуудлага энэ сарын 4-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан албан хаагчид ажиллаж, нэгдүгээр сарын 5-ны шөнө автомашиныг нуурнаас гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. Тус автомашин хиймэл нууранд эргээс 10 метрийн зайд, гурван метрийн гүнд цөмөрч орсон байжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол олгов

tsagdaa

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилогдсон Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол гардууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол хүртсэн явдалд баяр хүргээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үйл хэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг захисан юм.

Categories
мэдээ нийгэм

Зохиомол түгжрэл үүсгэгч этгээдийг тусгай дугаарт мэдээлдэг болно

Төв замаас бусад замууд дээр үүсдэг түгжрэлийг голдуу орон сууцны хороолол дунд, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчимд буюу зориулалтын зогсоолгүй газарт жолооч нар машинаа тавьснаар үүсдэг байна. Хэн нэгэн тоомжиргүй, соёлгүй жолоочийн буруутай үйлдлээс болж осол аваар гарах, алтан цагаа үрж ажлаа алдагдуулах зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг билээ.

Тэгвэл энэхүү асуудлыг шийдэх үүднээс Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 гэсэн лавлах утас руу залгаж зохиомол түгжрэлээс гарах боломжтой болжээ. Хөдөлгөөнд оролцож буй түгжрэл үүсгэсэн тээврийн хэрэгсэл хүнгүй, жолоочтой холбоо барих утасны дугаар тодорхойгүй үед иргэд дээрх дугаар луу залгаж, асуудлыг шийдэх боломжтой аж.

Дээрх утас руу залгаснаар операторууд тухайн автомашиныг улсын дугаараар нь шүүж, эзнийг нь тогтоогоод хэрэглэгчтэй шууд холбож өгөх үйлчилгээ үзүүлдэг байна. Уг үйлчилгээг иргэд ажлын өдрүүдэд 07:00-22:00, бямба, ням гарагт 08:00-20:00 хүртэл авах боломжтой. Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээр тус төвд өдөрт дунджаар 80-120 иргэн ханддаг бөгөөд баяр ёслолын өдрүүдээр энэ тоо 2-3 дахин нэмэгддэг байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс 580 сая ам.долларын өрөө хугацаанд нь төлнө гэв

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүд-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилго бүхий энэ семинарт оролцов. Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад цаг үеийн мэдээлэл хийж, тэдний асуултад хариулж, үүрэг даалгавар өглөө.

Орон нутагт хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Засгийн газар гадаад томилолтыг хязгаарласан. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагаанд үр дүнтэй айлчлал хийж болно. Гол нь гаргасан зардлаа хэд дахин нугалах амжилт гаргах учиртайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө гэлээ. Мөн Тавантолгойн ордын тухайд Монгол Улс, монголчууддаа ашигтай байх боломжит хувилбар бүхий төслийг удахгүй УИХ-д өргөн барьж, нээлттэй хэлэлцүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.

Монгол Улсын 330 гаруй сумын 170 гаруй нь эмнэлгийн машингүй байна. Энэ онд багтааж сумын эмнэлгийг бүрэн унаажуулна гэв. Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн. Энэ нь утаанаас ангижрах цогц арга биш. Агаарын бохирдол өргөс авсан мэт арилахгүй. Утаа багасгах бололцоотой бүхий л арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, утаатай холбоотой асуудал ганц нийслэл хотынх биш. Орон нутагт утаанаас сэргийлэх ажлыг одооноос хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Орон нутгийн хөгжилд зориулсан аж ахуйн нэгж, компаниудын хандив тусламжийн 50 хувийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байх, орон нутагт хийх зам, барилга зэрэг дэд бүтэц, бусад төслийн сонгон шалгаруулалт, бэлтгэл ажлыг эртнээс хийж дөрөвдүгээр сарын 1-нээс ажлыг эхлүүлэх ёстой гэдгийг хатуу анхаарууллаа.

Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын ажлын арга барил, хамтын ажиллагаа, санаачилга, зүтгэлээс Монгол Улс, монголчуудын амьдрал ихээхэн хамаарна гэж Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. Семинарын төгсгөлд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, баталгаажууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.