Categories
мэдээ цаг-үе

2017 онд хүн төрөлхтний амьдралд нэвтрэх шинжлэх ухааны ололтууд

АВРАГЧ РОБОТ

Италийн Генуе хотын Технологийн хүрээлэнгээс байгалийн гамшиг болон онцгой байдлын үед ажилладаг тусгай роботыг бүтээхээр ажиллаж байна. “Walk-Man” хэмээх нэрлэсэн шинэ робот нь одоогоор туршилтын шатандаа байгаа бөгөөд тун удахгүй хамгийн хүнд нөхцөлд хүмүүсийг аварч тусламж үзүүлэх юм. Эхэндээ хүний удирдлагаар ажиллах боловч ирээдүйд өөрөө өөрийгөө удирддаг болох гэнэ. Ингэхдээ нөхцөл байдал аль хэр эрдсэлтэй байгаа, ямар алхам хийх зэргийг робот өөрөө шийддэг болно. Эрдэмтэд “Walk Man”-ийг улам боловсронгуй болгох бөгөөд ойрын үед уул, хад, овон товонтой газраар явахдаа тэнцвэрээ хадгалж чаддаг болгоход гол анхаарлаа хандуулж байна. Энэ жилийн “Walk-Man”-ийг боловсронгуй болгох ажил үндсэндээ дуусч Италийн онцгой байдлын албанд туршилтаар ажиллах гэнэ. Роботыг хамгийн эхлээд түймэр гарсан газар руу илгээх юм байна. Тухайлбал, байшин шатахад дотор нь хүн байгаа эсэхийг мэдээд олж аврах аж.

ХҮНИЙ ГЕНД ЗАСВАР ХИЙНЭ

Манай дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн дэмжин ажилладаг “Editas Medicine” компани нь энэ жилдээ багтаан хүний генийг засварладаг шинэ технологийг бүтээх гэнэ. CRISPR/Cas9 хэмээн нэрлэсэн уг технологийн ачаар хүнийг удамшлын өвчнөөс салгах юм. Өөрөөр хэлбэл, өвчний эх үүсвэр болсон генийг дөнгөж бүрэлдэж байхад нь олж илрүүлээд засвар хийнэ гэсэн үг. Шинэ технологийг бүтээсэн эрдэмтдийн ярьснаар түүнийг хамгийн эхлээд хорт хавдар, ДОХ буюу ХДХВ өвчинг эмчлэхэд туршихаар төлөвлөжээ. Тодруулбал, хүний ДНХ-ээс өвчилсөн хэсгийг аваад буцааж суулгах гэнэ. Ийнхүү генийг бүрэлдэж амжаагүй байхад нь засвар хийдэг болсноор төгс хүн бий болох үндэс тавигдаж байгааг эрдэмтэд дурдаж байгаа юм.

САРЫГ ЭЗЭМШИХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Энэ жил хятадууд сар руу “Чанэ-5” хэмээх нисгэгчгүй сансрын хөлөг онгоц илгээхээр төлөвлөжээ. Уг хөлөг нь сарны хөрснөөс хоёр килограммыг авчирснаар судалгааны ажилд маш их тус дэм болох юм. Анх 1976 онд Оросын “Луна-24” төхөөрөмж саран дээрээс 170 грамм хөрсний дээж авчирсан бөгөөд энэ ажилд долоон сая ам.доллар зарцуулж байсан гэдэг. Түүний ачаар саран дээр ус байсан болохыг эрдэмтэд тогтоосон билээ.

Хятадын эрдэмтэд ирэх 2018 он гэхэд сарны нөгөө тал дээр төхөөрөмжөө буулгаж судалгаа хийх зорилт тавиад байгаа. Тус улсын сарыг судлах хөтөлбөрийг удирдагчийн ярьснаар изотопийн нөөц болох гели-3-ийг саран дээрээс нэлээд хэмжээгээр илрүүлжээ. Изотопийн нөөцөөр ойрын 10 мянган жилдээ дэлхийг цахилгааны нөөцөөр хангах боломжтой гэнэ.

ХИЙМЭЛ ЦУС ҮЙЛДВЭРЛЭНЭ

Тун удахгүй Японд хиймэл цус “үйлдвэрлэхэд” бэлэн болох гэнэ. Тус улсын эрдэмтэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хиймэл цусыг суурь эснээс гаргаж авсан тухайгаа мэдэгдсэн билээ. 2008 оноос хойш энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж уйгагүй ажилласны үр дүнд ийм амжилтад хүрсэн юм. Японы “Megakaryon” корпорацийн эрдэмтэд шинэ нээлтийг хийхдээ Токио болон Киотогийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллажээ. Хиймэл цусыг “үйлдвэрлэдэг” болсноор анагаах ухааны салбарын маш том асуудал шийдэгдэх юм. Тодруулбал донорын шаардлагагүй болно. “Mega­karyon” корпорацийн хүчин чадлын улмаас одоогоор хиймэл цусыг их хэмжээгээр “үйлдвэрлэх” боломжгүй аж.

РОБОТ-МАШИН

Цахилгаан машин, жолоочгүй машиныг туршиж байгаа талаар сүүлийн үед нэлээд мэдээлж байна. Тэгвэл хүний оролцоогүйгээр явдаг машиныг ойрын хугацаанд бүтээх шаардлагатай болсон гэнэ. Нэг үгээр хэлэхэд, машин жолоодох гэдэг ойлголт байхгүй болох бөгөөд робот машинууд явдаг болно. Энэ нь нөгөө талаас нийгмийн хөгжлийн шаардлага аж. Тиймээс машин үйлдвэрлэдэг компаниуд шинэ үеийн унаа бүтээх ажилд маш их хөрөнгө зарцуулсаар байна. Робот-машин бүтээхийн тулд тусгай лазерын тоноглол суурилуулж ингэснээр машин эргэн тойрны бүх мэдээллээ өөрөө уншдаг болох шаардлагатай. Гэвч лазерын технологи нь маш үнэтэй, тэгээд ч бороо орох зэрэгт ажиллагаагүй болдог сул талтай гэнэ. Зарим машин үйлдвэрлэгчид видео камер зэргийг ашиглан туршилт хийж байна. Жишээ нь “Мерседес” нь энэ чиглэлээр нэлээд идэвхтэй ажилладаг.

Онолын хувьд асуудлыг шийдэх олон арга байгаа боловч бодит байдал өөр аж. Робот-машиныг хэрэглээнд оруулахын тулд одоогийн зам тийм ч тохиромжтой бус байгаа аж. Түүнээс гадна зорчигчийн аюулгүй байдал хоёр робот-машин мөргөлдлөө гэхэд хариуцлагын асуудал үүснэ. Гэхдээ энэ бүх асуудлыг шийдэх аргыг энэ жилдээ багтаан олно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

КВАНТЫН КОМПЬЮТЕР

Google, IBM гээд компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компаниуд нь квантын компьютер бүтээхээр шаргуу ажиллаж байна. Квантын компьютер нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ хэмээн та асуух байх. Хамгийн гол нь ердийнхөөс хэдэн сая дахин хурдан ажилладаг аж. Өнөөдөр бидний хэрэглэж буй компьютер нь үйлдэл болон мэдээллийн сангаараа хэрэглэгчдийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэхүү квантын компьютертой байснаар та интернэтээр дамжуулан гэрийнхээ плитка, хөргөгч, халаалтыг ажиллуулна. Нэг үгээр хэлэхэд гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг ажлаасаа удирдана гэсэн үг. Энэ бүх мэдээлэл, үйлдлийг түргэн шуурхай гүйцэтгэх нэлээд мэдээллийг агуулах шинэ үеийн компьютер хэрэгтэй болж байгаа гэсэн үг. “Google” нь квантын компьютер бүтээх ажилдаа нэлээд ахиц дэвшил гаргачихаад байгаа. “D Wave” хэмээн нэрлэсэн шинэ үеийн компьютер нь бидний хэрэглэж байгаагаас 100 сая дахин хурдан аж. Түүнийг өдөр тутам хэрэглэдэг болох хүртэл боловрсонгуй болгоход энэ ажил маш их ахиц дэвшил авчирна хэмээн найдаж байгаа аж.


Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ETU_8745Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд уг хуульд таван удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн нэр томьёоны тодорхойлолт дутуу, зарим тодорхойлолт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголттой зөржээ. Мөн гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаагүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, эрх, үүрэг тодорхой бус зэрэг дутагдалтай талууд байна. Иймд гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллага, Засгийн газрын яам, агентлаг, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, холбогдох талуудын төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг 2013-2016 онд нийт 5 удаа зохион байгуулж, гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн ерөнхий зорилт, агуулгыг хэвээр хадгалж байгаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 54 зүйлээс бүрдэх бөгөөд энэхүү хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино байгааг хууль санаачлагчийн танилцуулгад дурдагдлаа.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Т.Бадрал нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцсон юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, А.Сүхбат, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил хэр байгаа, ОБЕГ-ын техник хангамж, албан хаагчдын нийгмийн халамж ямар байгаа талаар илүүтэй сонирхсон юм.

ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал Монгол Улсын аль ч нутаг дэвсгэр, хаана ч хэдий хэмжээний чичирхийллээр газар хөдөлж байгааг бид цаг тухайд нь бүртгэдэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн эрсдэл жилээс жилд өндөрсч байна. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын машин техникийн хангамж 55, хүн нэг бүрийн багаж, хэрэгслийн хангалт 40 хувьтай байгаа. Энэхүү хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бид гадаад дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс албан хаагчдын нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавьж ажиллаж байна гэж хариулав.

Үүний дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.14:00 цаг хүртэл дагах барилдаан өрнөх бөгөөд 16:00 цагт тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болно. Харин 17:00 цагт эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн медальтнууд тодрох юм. Тэгвэл маргааш эрэгтэй 61, 70, 86, 125, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, тэмцээн өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод өнөөдөр хуралдана

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр төрийн байгууллагууд ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт товлогдсон бол УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанууд тус бүр 09.00 цагт зарлагдсан юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ. Мөн Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарна

Нэгдүгээр сарын 7-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Туна загас 640 мянган ам доллараар зарагджээ

Шинэ оны дараах арилжаа дээр Номхон далайн асар том цэнхэр туна загас өндөр үнээр зарагдсан тухай The Guardian сонин мэдээлжээ.

Аомори мужийн эрэг хавиас баригдсан 212 кг жинтэй загас Цүкизи захын дуудлага худалдаагаар 2 сая иенаар (640 мянган доллар) зарагджээ. Гэсэн хэдий ч XXI зууны дээд амжилтыг энэ удаа эвдэж чадсангүй. 2013 онд 155 сая иенаар (1,3 сая доллар) зарагдсан загас хамгийн өндөр үнэ хүрсэн лот хэвээр үлдлээ.

Токиогийн төвд байрласан Цукизи нь Японы нийслэлийн жуулчлалын гол газруудын нэг болсон ба дэлхийн хамгийн том загасны зах юм. Тэнд өдөр бүр 2000 тонн загас зарагддаг. Шинэ жилийн дараах дуудлага худалдааг их чухалчилдаг. Туна загасны үнээр ирж буй он эдийн засгийн талаасаа ямаршуухан байхыг тодорхойлдог ажээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцлээ

Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль, тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.

Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа аж. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байна.

Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай тогтоолын төслийн талаар аймгуудын иргэдийн хурлын Төлөөлөгчид, Засаг дарга нар, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулж зарим саналыг төсөлд нэгтгэн тусгажээ.

Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсгол зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэж буй бөгөөд уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдаж, нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно хэмээн танилцуулгад дурдсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар мөн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Мөн өдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан.

Тэрбээр, Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг. Тус хуульд Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцоор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар олон улсын гэрээг байгуулж байгаа, олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүй, хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах зарим гэрээний орчуулгын хяналтыг хийх субъект тодорхойгүй, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас бүх гэрээний орчуулгыг Гадаад харилцааны яам хянан баталгаажуулдаг зэрэг хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн УИХ-д мэдүүлсэн.

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, баталсан. Тус хуулийн 37 дугаар зүйлд 2017 оны 1 дүгээр сарын 1- ний өдрөөс дагаж мөрдөнө хэмээн заажээ.

Хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингүй болгох шаардлагад үндэслэн хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс санал гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэр хэлсэн юм.

Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Болорчулуун, Н.Оюундарь нар байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар 5 хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Энэ дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарласан зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөхөөр тусгажээ. Практикт дипломат ажилтнууд ажиллах улсдаа очоод төвхнөх, суугаа орныхоо төр, засгийн албаны хүмүүстэй албаны болон ажилд эерэгээр нөлөөлөх хувийн харилцаа тогтоох, ажилтайгаа танилцах, үйл ажиллагаа жигдрэх зэрэгт багагүй хугацаа ордог. Иймд 4 жил хамгийн тохиромжтой бөгөөд томилолтын хугацааны олон улсын жишиг 4 жил байдгийг харгалзсан аж.

Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй, үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэсчээ. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага бий болжээ. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй аж.

Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөлд дипломат ажилтны томилолтын хугацаа 4 жил байхаар тусгасныг 2-4 жил гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төсөлд өөрчлөн найруулахаар тусгасан 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн найруулгыг хэлэлцүүлгийн явцад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар хуулийн төслийг дэмжиж, Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн гаргасан саналыг тусган ойрын хугацаанд өргөн мэдүүлэх гэсэн саналыг тус тус гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Л.Болд, Д.Цогтбаатар, С.Дэлгэрсайхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Болд, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Ж.Энхбаяр нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Туркт халдлага гарч, хоёр хүн амиа алджээ

Туркийн Измир хотноо өчигдөр террорист халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархтсан хэмээн албаныхан уламжлав. Галт зэвсэгтэй этгээдүүд цагдаагийн ажилчдын шаардлагыг үл биелүүлж, харилцан буудалцаан болжээ.

Уг үйл явдлын дараа Измир хотын шүүхийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрсэн хэмээн гэрчүүд хэлэв. Энэхүү халдлагыг курдууд эсвэл исламын улс бүлэглэл захиалсан эсэх нь тодорхойгүй байна.

Он солигдохтой зэрэгцэн Истанбул хотноо исламын улсын дайчин халдлага үйлдэж, 39 хүнийг хөнөөсөн билээ. Халдлагатай холбоотойгоор таван этгээдийг баривчлаад байгаа ч халдлага үйлдсэн гол этгээдийг өнөөг хүртэл эрэн сурвалжиж байна.

Categories
мэдээ нийгэм

П.Анужин 16:00 цагаас “Шинэ эриний хандлага” лекц уншина

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин өнөөдөр “Шинэ эриний шинэ хандлага” лекцээ 16:00 цагт залуусын хүсэлтээр дахин унших гэж байна.

Түүний лекц Шангри-ла моллд байрлах IMAX кино театрт зохион байгуулагдах юм. Тэрбээр энэ тухай “Хүмүүсийн хамгийн их сонирхдог эрүүл мэнд, хоол хүнс, мацаг хэмээх сэдвийн талаар онцлон ярихаар шийдлээ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гарч, хоёр хүн нас баржээ

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 4 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

СХД-ийн нутаг 1-р хорооллын замд MMC 200L автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 28 настай Б-г мөргөж гэмтээсэн байна.

Орон нутагт буюу Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн тийш 40 км-т шороон замд Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 38 настай Б, зорчигч 29 настай Б нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтжээ.

Хөдөө, орон нутгийн замд болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.