Categories
мэдээ улс-төр

АН-ын даргаар С.Эрдэнэ тодорсныг албан ёсоор зарлалаа

Төрийн ордонд АН-ын даргын сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах хэвлэлийн хурал боллоо. АН-ын дарга З.Энхболд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Эрхэмбаяр, АН-ын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар хэвлэлийн хуралд оролцлоо.

АН-ын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар ийнхүү мэдээлэв.

-Нийтдээ 176 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Үүнээс 120 703 гишүүн сонгуульд оролцох саналын эрх нь нээгдсэн. Үүний 78,2 хувийн ирцтэйгээр сонгууль явлаа. АН-ын сонгуулийн дүн гаргасан онцлог шууд сонгогчдын авсан саналаар гаргаагүй, сонгогчдын өгсөн саналыг онооны системд хөрвүүлж дүнг гаргасан. Нийт улсын хэмжээнд авбал зохих нийлбэр оноо нь 8350 оноо. Үүнээс таван нэр дэвшигчийн хэн нь хамгийн өндөр оноо авав гэдгээр энэ сонгуулийн ялагч тодорсон. Өчигдөр 22 цагт сонгуулийн санал авч дууссан. Санал тоолох үйл ажиллагаа хэсгийн хороод дээр нээлттэй ил тод байдлаар сонгуулийн хорооны ажилтнууд, ажиглагч нарыг байлцуулж, саналын хуудсыг нэг бүрээр нь гаргаж ирж камерт харуулж, тоолсон онцлогтой сонгууль болсон. Ингээд нэр дэвшигчдийн авсан саналыг эцсийн байдлаар танилцуулья.

Өглөөний таван цаг хүртэл аймаг орон нутгаас дүнг авч нэгтгэсэн. Ингээд төв аймаг, Сонгино хайрхан дүүргийн дүн ялигүй удааширсан учраас өнөө өглөө тухайн салбар хороодоос дүнг авч АН-ын даргын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар та бүхэнд зарлахад бэлэн боллоо. Монгол Улсын хэмжээнд нэр дэвшигчдийн авсан нийлбэр оноогоор Н.Алтанхуяг 2033, Ж.Батзандан 1110, Л.Гантөмөр 1417, С.Эрдэнэ 2920, Д.Эрдэнэбат 857 оноо тус тус авсан байна. Хамгийн өндөр оноо авсан С.Эрдэнийг ялагчаар тодруулж байна гэв.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Хэрэв мөнгө тараасан бол намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий

АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ мөнгө тараасан гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр явсан. Харин шинэхэн дарга С.Эрдэнэ энэ мэдээллийг эрс үгүйсгэлээ. “Мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй. Хэрэв мөнгө тараасан үйлдэл байдаг бол намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий. Тийм учраас би үүнийг хариуцлагатай хэлж байна. Ямар ч аргаар хамаагүй ялах, илүү оноо цуглуулах гэсэн оролдлого гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ хүмүүсийн хэлж байгаа хууль бус гүтгэлгийн шинжтэй асуудлуудыг Сонгуулийн хороо хянаж үзсэн байх. Нүүр нь, нэр нь байхгүй. Хэн дуртай захын хүн гар утаснаасаа бичлэг хийдэг болчихсон шүү дээ. Зохиомлоор хоёр хүн зогсч байгаад бичлэг хийгээд баримт болгоод байх юм бол хэн ч чадна. Ер нь хуучин эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй мөнгө авсан өгсөн гэдэг гол дүрд тоглосон гэсэн мэдээлэл байгаа. Түүнийг зохион байгуулсан хүн нь гишүүн асан Ц.Оюунгэрэл гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Өнөөдөр нотлох баримтын хэмжээнд асуудлыг тавьж байгаа бол нэг өөр. Гүтгэлэгийн шинжтэй зохиомол асуудал тавьж байгаа бол нэг өөр. Үүнийг манай Сонгуулийн хороо ялгаж салгаж байгаа байх” гэж тэр хэллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН –ын бүлэг хуралдаж, АН-ын бүлгийн хурал хойшлогдов

УИХ дахь МАН-ын бүлэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн төсөл, Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Харин Ардчилсан намын бүлгийнхэн өчигдөр болсон АН-ын намын даргын сонгууль өчигдөр болж, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялсан. Өнөөдрийн хуралдаанаа хойшлуулж, маргааш хуралдахаар болжээ. Тус намын даргын сонгуулийн дүн оройтож гарсан учраас АН-ын бүлэг маргааш хуралдахаар болжээ. Яг одоо Төрийн ордонд АН-ын даргын сонгуулийн үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал болж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадмын шилдэг шүлэг “Тэр эмэгтэй”

“Болор цом” наадмын тэргүүн найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт зохиогдсон “Болор цом” наадамд гуравдугаар байрын шагнал хүртэж байжээ. Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөө жил 34 дэх удаагаа Дорнод аймагт зохион байгуулагдсан билээ.

Энэ жилийн наадмын хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан бол Хэнтийн Д.Гансүрэн, Дарханы Ч.Уянсүх болон залуу найрагч Ч.Ууганбаяр нар тусгай байруудыг эзэлсэн байна. “Болор цом”-ын шүүгчээр Д.Нямсүрэн найрагчийн шавь Д.Ган-Очир, утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Б.Галсансүх нар ажиллажээ.

Тэргүүн байр эзэлсэн шүлгийг та бүхэнд толилуулж байна.

ТЭР ЭМЭГТЭЙ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

Халууцсаар очиход минь тосон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

ЭЭЖ гэдэг.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд жагсахаар болжээ

МУИС-ийн оюутнууд өнөөдөр 13:00 цагт сургуулийнхаа гадаа тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Тус сургууль оюутан бүрээс суурь хураамж хэмээн 224 мянган төгрөгийг авдаг аж. Гэвч оюутнууд суурь хураамжийг ямар ч үндэслэлгүйгээр хураан авч байна хэмээн үзэж, үүнийг эсэргүүцэж байгаа юм байна.

Оюутнуудаас авч буй 224 мянган төгрөгийг сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулагдах ёстой. Гэтэл зориулалтын бусаар ашиглаж байна хэмээн үзжээ.

Categories
мэдээ улс-төр

Мөнгө тараасан шалтгаанаар С.Эрдэнийг эргүүлэн татахыг өрсөлдөгчид нь хүсчээ

Ардчилсан намын даргын сонгуульд С.Эрдэнэ ялалт байгуулсан. Нэр дэвшигч С.Эрдэнэ санал хураалтын өдөр намын гишүүдэд мөнгө тараасаныг баримтжуулсан бичлэг цахимаар явсан. Сонгуулийн дүн гарсны дараа бусад нэр дэвшигчдийн штабаас С.Эрдэнийг мөнгө тараан, хүмүүсийг зөөж, сонгуулийн дүрмийг зөрчсөн тул холбогдох арга хэмжээ авч өгнө үү гэж Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарийн сонгуулийн штабаас сонгууль зохион байгуулагчдад албан бичиг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 42 хүний амь насыг аварчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурсан. “Цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлагаар Онцгой байдлын албаныхан ажиллажээ.

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын мөсөн дээгүүр зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин мөсөнд саатжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Гахайн байр” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Бэрх” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Цэцэн” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гол-Эхний хясааны шил” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Долоон даваа” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд саатсан байна. Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрмийн дэрс гэдэг газар иргэн Б (40 настай, эрэгтэй) малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагууд ирж Онцгой байдлын албан хаагчид ажиллалаа.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар иргэн Ө (40 настай, эрэгтэй) малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирж, дуудлагын дагуу дөрвөн албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн гурван иргэн, нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Ө өөрөө гэртээ ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Сайрын худаг гэдэг газар иргэн С (49 настай, эмэгтэй) малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирж, долоон албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 14 иргэн, гурван автомашинтай, нийт 21 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн дүнд иргэнийг тус багийн Цант гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Дорнод аймгийн Матад сумын Ялалт багийн Ямаатай салаа гэдэг газар иргэн Г (28 настай, эрэгтэй) малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад гэрээсээ баруун урд зүгт 50 км газарт иргэн Б-ийнд эсэн мэнд байхад нь олсон байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн Нумтын даваа гэдэг газар иргэн Д-ийн эзэмшлийн нэг зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Майдлаг багийн Хөшийн-Ам гэдэг газар иргэн Г-ийн эзэмшлийн хоёр зорчигч бүхий бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван албан хаагч, нэг автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан байна. Гэвч автомашин нь явах боломжгүй болсон тул газар дээр нь орхиж хоёр иргэнийг аюулгүй газарт хүргэж өгчээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужиган багийн Могой мод гэдэг газар иргэн Н-н эзэмшлийн улсын дугаартай, дөрвөн зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн найман албан хаагч, нэг автомашинтай ажиллаж дөрвөн иргэнийг аюулгүй газарт хүргэж автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Ийнхүү найман аймгийн 11 сумын нутагт, нийт 42 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад Онцгой байдлын байгууллагын 46 албан хаагч, 10 автомашинтай, орон нутгийн 39 иргэн, 9 автомашинтай ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нар сургалтад хамрагдлаа

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Авлигатай тэмцэх газартай хамтран хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан сургалтыг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн хурлын их танхимд зохион байгууллаа.

Сургалтаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай, Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар мэдээлэл өгсөн юм.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан н.Баасандэлгэр удирдан явуулсан ба сургалтад Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, төлөөлөгчид, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Ажлын албаны хэлтсийн дарга нар болон хороодын Засаг дарга нар хамрагдсан юм.

Мэдүүлэг гаргагч та 2016 оны ХАСХОМ-ээ 2017 оны 2 дугаар сарын 15-ны дотор хугацаанд нь мэдүүлээрэй гэж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын боомтууд хэвийн ажиллаж эхэллээ

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Хятадын уламжлалт цагаан сарын баяр тохиолдуулан 2017 оны нэгдүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд амарсан. Харин Олон улсын галт тэрэг болон нисэх онгоцны үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн автозамын боомтууд нээгдэн хэвийн ажиллаж эхэллээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр манай зургаан цаначин уралдана

Казахстаны Алмата хотод дэлхийн оюутны өвлийн спортын “Универсиад” наадмын нээлтийн ёслол өчигдөр “Алмата арена” спортын ордонд боллоо. Өнөөдөр тус наадмын эхний өдөр манай зургаан тамирчин цанын төрөлд хурд сорих юм. Тухайлбал “Алатау” цанын цогцолборт Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа нар цанын 10 км-ын зайд уралдана. Харин эмэгтэйчүүдээс Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар таван км-ын зайд өрсөлдөх гэж байна.