Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 дугаарт авна

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.

2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж 75.34 хувьд хүрсэн.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/106 дугаар тушаалын дагуу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэн, түргэн тусламжийн нийт дуудлагыг 103 шугамаар авах болсонтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.

Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлсхийнэ үү.

Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Боксын холбооны ерөнхийлөгчид С.Батболд, Б.Нямтайшир нар өрсөлдөнө

Удаан хүлээлгэсэн Монголын боксын холбооны Их хурал энэ сарын 16-нд товлогджээ. Энэхүү хурал МҮОХ-ны хурлын танхимд болно.Энэхүү хурлаар боксын холбоог хэн удирдахыг шийдэх гэнэ. Одоогийн байдлаар МБХ-ны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг дарга С.Батболд, МАК компанийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир нар өрсөлдөхөөрболжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар С.Батболдыг олимпийн аварга Э.Бадар-Ууган, Б.Нямтайширыг гавьяат тамирчин Т.Үйтүмэн зүтгүүлж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар цэцэд гомдол гаргана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Тус хуулийн төслөөр Үндсэн хуулийн цэц гомдол гаргана. Тиймээс энэ хэлэлцүүлэгт оролцохгүй” гэдгээ албан ёсоор илэрхийлэв.

Учир нь ажлын хэсгийн дүгнэлтийг өөрт нь танилцуулаагүй гэх үндэслэлээр тэрбээр хэлэлцүүлэгт оролцохоос татгалзаж байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

Түүнчлэн О.Баасанхүү гишүүн уг хуулийн төслийг хүч түрэмгийлэн баталж байна гэсэн байр суурьтай байв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийхээр болжээ.

Түүний энэ удаагийн уулзалтын сэдэв Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах тухайд чиглэгдэх аж.

Ерөнхийлөгчийн уулзалт Төрийн ордон дахь Иргэний танхимд маргааш өглөө 10 цагаас болно.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн боловч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, банкны бие даасан байдлыг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх, шаардлага бий болж байна гэдгийг онцолж байлаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах явцдаа Өмнөд Ази, Латин америк, Африк тивийн зарим орнууд дахь Хөгжлийн банкуудын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж үзжээ. Улс төрөөс хэт хараат байдал, банкны бие даасан, хараат бус байдал алдагдсан, үйл ажиллагаагаа нь улсынхаа санхүү, эдийн засгийн бодлоготой уялдаагүй, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай байв. Түүнчлэн нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр санхүүжүүлсэн, санхүүжилтийг хэт бага хүүгээр олгох нь урт хугацааны тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг сул талууд ажиглагдсанаас гадна чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 50 хувьд хүрсэн тохиолдол ч гарсан байв.

Харин Зүүн Азийн орнуудын Хөгжлийн банкуудын амжилтын нууц нь тэдгээрийн үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байлгаж, санхүүжүүлж буй төсөл бүрийг бодитойгоор үнэлэх, хянах хөшүүрэг, механизмыг бий болгож, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн, хөгжилд зориулсан бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлж чадсан байжээ.

Иймд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор, эдгээр туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан байна. Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ. Мөн хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосноос гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хамтын санхүүжилт, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн төрлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн компанийн засаглалын тогтолцоог сайжруулсан зохицуулалтуудыг нэмж, хөндлөнгийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дурдлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Уг байнгын хорооны хуралдаанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн оролцсон юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд цаг үеэ олсон, өмнө нь гарсан алдаануудаа зассан хуулийн төсөл болсныг онцлохын зэрэгцээ Засгийн газар хяналт тавихаар болсон нь эргээд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хэт оролцсон, дээрээс чиглэл өгсөн хандлага гаргах вий гэдгийг тодруулж байлаа.

Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан. Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан гэж хариулав.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ гэж байлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм. Уг хуулийн төслийг хэлэлцсэн эсэх талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн уг шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ахлахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Казиногийн хуулийн ажлын хэсгийг Л.Энхболд ахална

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Казино байгуулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Учрал нарын гишүүд багтжээ.

Казино байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д 2015 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Түүнд тусгаснаар хоёр ч казино байгуулахаар заасан байдаг. Одоогийн хуулийн төсөлд казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлэх боломжтойгоор хуульчлан томъёолсон байна.

Казино байгуулснаар улсын төсөвт жилд 74-130 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийн маргааныг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой зарим зүйл иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдлыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд ирүүлжээ.

Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Су.Батболд: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нэгдүгээрт, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх нэлээд сүүлд бичигддэг

Төрийн ордны “А” танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах талаар хийх ажлаа ҮАБЗ-д танилцуулсны дараа ийнхүү мэдээлсэн юм.

С.Батболд агаарын бохирдлыг бууруулах гурван захирамж гаргажээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд:

-А 18 тоот захирамж гарган нийслэлийн суурьшлын бүсэд хязгаарлалт тогтоолоо. Нийслэлийн суурьшлын бүс төлөвлөлтгүй, дүүргийн Засаг дарга нарын захирамжаар газар олгож байсан учраас гэр хороолол хэт тэлсэн. Одоо 35,206 га газраас цааш гэр хорооллын суурьшлын бүсийг тэлэхгүй. Харин Багануур, Багахангай, Налайх, Төв аймагт шинэ суурьшлын бүс бий болгоно. Ингэж захиргааны аргаар хот хязгааргүй тэлэхийг хязгаарлана. БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж гарч, Агаарын чанарын дөрвөн бүсийг тогтоосон. Мэргэжлийн хяналтын байцаагчид агаарын хяналтын байцаагч болно. ТББ-ууд, иргэд, хяналт тавина.

Нэгдүгээр бүсэд хамрагдсан өрхүүд стандарт хангасан зуух, био түлш, газ хэрэглэнэ. ТҮЦ, дугуй засвар эрхэлж байгаа этгээд зуух хэрэглэхгүй.

Энэ бүсэд хамаарагдах сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч суурилуулна. Жирэмсэн эхчүүд, настануудад маск тараана. Гурав, дөрөвдүгээр бүсэд багтсан Улаанбаатар хотын орон сууцны хороололд нэг ч яндан ажиллуулахгүй. Энэ бүсэд яндангаас утаа гарах ёсгүй. Дэлхийн хотууд утаанаасаа салсан түүх хатуу хязгаарлалтын арга хэмжээ авсантай холбоотой. Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Үндсэн хуульд нэгдүгээрт бичигддэг. Харин оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх нэлээд сүүлд тавигддаг эрх.

Суурьшлын бүсээс гадна иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглосон. Дөрвөн уулын дунд хашаа хатгах газаргүй болсон. Зуухны стандарт дөрөвдүгээр сараас мөрдөгдөж эхэлнэ. Энгийн хийцтэй зуухыг зах худалдааны төвд худалдаалахыг хориглож байна. Одоо ажиллаж байгаа энгийн зуухнуудыг үе шаттай хална. Үүнд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажиллана. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөгөөний дагуу мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулна.

Гэр хорооллын утаанаас гадна агаар бохирдуулагч хоёр дахь эх үүсвэр нь тээврийн хэрэгслээс ялгардаг утаа. Бид он удаан жил явсан машиныг тодорхой үе шаттайгаар хязгаарлана. Хабрид, цахилгаан эсвэл хийгээр ажилладаг хөдөлгүүртэй автобуснуудыг нийтийн тээвэрт явуулна. Ийм арга хэмжээ авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах юм. Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн агаарын бохирдлыг 20 хувьд хүргэж бууруулахаар заасан байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд өмнө нь түүхий нүүрс тарааж байсан бол одоо сайжруулсан түлш олгодог болно.

Эдгээр арга хэмжээг ҮАБЗ-ийн гишүүд бүхэлд нь дэмжсэн. ҮАБЗ Улаанбаатарын утааг гамшгийн хэмжээнд байгаа учраас онцгой дэглэмээр ажиллахыг зөвлөсөн. Энэ бол байгалийн бус хүний үйл ажиллагаанаас учирсан гамшиг.

Нөхцөл байдал хүндэрсэн учраас аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа очиж амьдрахаар шийдсэн хүмүүстээ ажлын байр бий болгох, талаар хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Хүний эрүүл мэндэд хортой бүсээс хүмүүс явах учиртай. Хотын захирагч нэг сая 300 мянган хүний эрхийг хамгаалахын тулд тодорхой эрхүүдийг хязгаарлаж байна. Улаанбаатар хот таны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг эдлүүлэх боломжгүй болсон учраас эрүүл аюулгүй утаагүй орчинд амьдар гэсэн хязгаарлалт тавьж байгаа юм хэмээн хотын дарга тайлбарлав.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрч, бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн байна. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр хүүхдийн эмнэлэг ашиглалтанд оруулна гэлээ. Нэг нь тун удахгүй үүдээ нээх юм байна.

Томуугийн дэгдэлт харьцангуй буурч 13 хувь байснаа 10 хувьд хүрсэн гэлээ. Одогоор 250 агаар шүүгчийг сургууль цэцэрлэгүүдэд тараагаад байгаа юм байна.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төсөлд эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд байхаар тусгасан гэв

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хийсэн юм.

УИХ-аас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор шийджээ. Хуулийн төсөлд эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллана. Түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллахаар тусгажээ.

Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах гэнэ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Л.Мөнхбаатар “Одоогийн хууль хэрэгжих явцад зохих байгууллага үүргээ хүлээгээгүй юм. Нийгэмд ташаа мэдээлэл өгч байгаад буцаад цагдаагийн байгууллагад шилжүүлж байна. Хаана хаанаа хуулиа хүлээх хэрэгтэй” хэмээлээ. Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд гудамжинд ухаанаа алдсан, бие авч явах чадваргүй болсон тохиолдолд цагдаагийн байгууллага эмнэлгийнхэнд хүлээлгэж өгнө” гэж байгаа. Харамсалтай нь энэ хуулийг хэрэгжүүлэх талаар эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа ажилчид хуруугаа хөдөлгөөгүй. Гэхдээ энэ хуулиар Эрүүлжүүлэх байранд эмнэлгийн ажилчид тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан байгаа” хэмээн хариулав.

Гишүүн Х.Нямбаатар “Эрүүлжүүлэх байранд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг ноцтой зөрчигддөг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлийг онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг хэллээ. Эрүүлжүүлэх байр төлбөртэй. Эрүүлжүүлэгдсэн этгээд төлбөрөө төлнө. Төлбөрийг нь буцааж эрүүлжүүлэх байранд ашиглагдана. Ажилтнуудын нийгмийн баталгааг хангана гэдгийг салбарын сайд хариулсан юм.

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрүүлжүүлэх асуудал эмнэлэг дээр очсноор хичнээн хүнийг эрүүлжүүлсэн байдгийг тодруулсан юм. Жилд дунджаар согтууруулах ундаа хэрэглээд бие авч явах чадваргүй болсон 5000 дуудлага цагдаагийн байгууллагад ирж байжээ. Эмнэлгийн байгууллага нийт дуудлагын 50 хувьд үйлчилж байсныг ажлын хэсэг хариуллаа.

Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн юм. Мөн Т.Билэгт нарын санаачлан боловсруулсан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэн, дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжив

УИХ-ын Хууль Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан. Зөрчлийн тухай хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах зорилготой юм. Энэ хуульд Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг нэгтгэсэн. Гэвч Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийг давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан зэрэг дутагдалдалтай талууд байгаа тул шинэчилэн найруулсан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Тухайлбал, Замын хөдөлгөөний нягтрал, ачаалал ихтэй, дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй манай улс орны нөхцөлд жолооч зөрчил гаргах магадлал дэлхийн жишгээс өндөр байдаг аж. Гэтэл зөрчил гаргасан эдтгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /240 мянган төгрөг/ эсхүл түүнийг 2-3, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгож байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөг байна. Жолооч гаргасан зөрчил бүртээ нэр сарын цалингаа, эсхүл түүнээс их хэмжээний торгууль төлөх болж таарч байгаа юм. Тиймээс торгуулийн нэгж 2000 төгрөг байсныг 1000 болгож бууруулсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Зөрчлийн тухай хуульд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчлийг нэгтгэсэн. Нэгэнт нэгтгэчихсэн юм чинь нөгөө хуулиудаа хүчингүй болгох юм уу” хэмээн тодруулсан. Ажлын хэсгээс Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын хуулиудыг өөрчлөх, татах шаардлага байхгүй гэсэн хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал бусдыг гүтгэн доромжлох, зохиогчийн эрхэд халдах зэрэг асуудлыг Зөрчлийн бус Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв..

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролсон гишүүдийн 76.9 хувь дэмжлээ.