Categories
мэдээ улс-төр

Нийтэд тустай ажил хийх ялыг өргөн хэрэглэх боломжийг бүрдүүлнэ гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилтэт зохицуулалт нэлээд туссан ч практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд дутагдалтай, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тоон мэдээлэл болон эрдэмтэн, судлаачид, иргэд, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэснээс гадна ОХУ, ХБНГУ-ын Эрүүгийн хууль, олон улсын эрдэмтдийн хамтран гаргасан “Эрүүгийн загвар хууль”-ийн зохицуулалтыг судлан үзсэн байна. Үүний үндсэн дээр зарим нэр томьёог тодорхой болгох, эрүүгийн хариуцлагын тухай ойлголт, гэмт хэрэг нийгэмд аюултай шинж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалтыг Эрүүгийн хуульд нэмэхээр тусгасан байна.

Эрүүгийн хариуцлага хувь хүн, хуулийн этгээдэд гарцаагүй байх, түүнчлэн гэмт хэрэг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, гэмт хэргийн ангилалд шинжүүдийг тодорхой тусгасан гэв. Мөн уг хуулийг хэлэлцэх шатанд уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах, “шоронжуулах” явдлыг багасгана гэх зорилтыг дэвшүүлж байсан боловч батлагдсан хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар байгаа нь хуулийн үзэл баримтлал, дэвшүүлсэн зорилттой нийцэхгүй байх тул зарим төрлийн нийгэмд учруулах хор аюул багатай гэмт хэргүүдэд хорих ял оногдуулахгүй байх, үүнтэй холбогдуулан хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өргөн хэрэглэх бололцоог бүрдүүлэх зорилгоор нийтэд тусгай ажил хийх ялыг оногдуулах боломж нөхцлийг нэмэгдүүлсэн зохицуулалтыг тусгажээ. Хорих ялын доод хугацаа 7 хоног байсныг 6 сар байхаар зааж, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцох зохицуулалтыг хийсэн байна.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 440 заалтын ердөө хоёр заалтад нийтэд тустай ажил хийх ял ногдуулахаар заасан байсныг өргөтгөсөн гэлээ. Мөн улс орны эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан торгуулийн нэг нэгжийг 2000 төгрөг байсныг бууруулан 1000 төгрөгтэй тэнцүү байхаар өөрчилсөн байна. Түүнчлэн уг хуулийг практикт нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр залруулахаар боловсруулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан юм. Мөн Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, хяналтын систем, Монгол Улсын байр зүйн зургийг улсын нууцаас гаргаж, тоон хэлбэрт шилжүүлэх зэргийг шийдвэрлэх, холбогдох дэд бүтцийг бүрдүүлэх шаардлагын улмаас Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, хорих ялын доод хэмжээг 6 сар болгон өөрчилж байгаа нь ямар үндэслэлтэй болохыг лавласан. Хорих ялын хэмжээ нь 7 хоног байх нь гэмт хэргийг магадлан тогтоох, шүүх шийдвэрлэх, давж заалдах зэрэг үйл явцтай хамааралтайгаар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчих, хүний эрх зөрчигдөх, шийдвэрийн биелэлтэй холбоотой бэрхшээл үүсэх магадлалтай. Түүнчлэн хорих байр байхгүй сум, аймгаас өөр аймаг руу шилжүүлэх явцад ялын хугацаа дуусах зэрэг практикт хэрэглэхэд бэрхшээл гарах эрсдлийг тооцон эдгээр зохицуулалтыг оруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав. Эрүүгийн хууль 440 заалтаар хорих ял ногдуулахаар байгаа нь танилцуулга, үзэл баримтлалтайгаа зөрчилдөж байгааг өөрчлөн гэмт хэргийн хор хохирол, шинжийг харгалзан үзэж, аль болох шоронд хорихоос татгалзан ялын бусад төрлийг ногдуулахаар хорих ялын доод хэмжээг өөрчилсөн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, талууд байгуулсан гэрээ, хэлцэлийнхээ үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нөгөө талдаа хор хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог байсныг өөрчилсөн нь хэр оновчтой болохыг тодруулан, үүнээс үүдэх үр дагаварын талаар судалгаа, тооцоолол хийсэн эсэхийг лавласан.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, иргэний хэлцэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хор хохирлын улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байгаатай холбоотой асуудлууд гарч, хууль тогтоогчдоос үүнтэй холбоотойгоор ирүүлсэн саналуудыг үндэслэн захиргааны актын улмаас үүргээ биелүүлээгүй тохиолдол нь захиргааны эрх зүйн харилцаагаараа Захиргааны шүүхээр, иргэний хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаагаараа Иргэний шүүхээр шийдвэрлэгдэх ёстой. Энэ нь харин гэмт хэргийн шинж агуулсан, нийгэмд аюултай үйлдэл байх юм бол Эрүүгийн хуулиар шийдэгдэх болно гэдгийг тайлбарласан юм.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хөндлөнгийн этгээдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс аргагүй хамгаалалт хэрэглэхтэй холбоотой ойлголтыг үгүй болгосон гэдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэлээд, энэ зохицуулалтыг өөрчилсөн эсэхийг тодрууллаа. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйл аргагүй хамгаалалтын талаарх зохицуулалтууд байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд эдгээр зохицуулалтыг өөрчлөөгүй хэмээн салбарын сайд хариулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн тодруулсны дагуу, авлигын гэмт хэргийн шинж байдлаас хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг тодорхой заагласан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дэлгэрэнгүй тайлбарлалаа. Аливаа этгээд гарцаагүй байдалд орсны улмаас авлигал өгсөн, энэ нь нотлогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Харин зохион байгуулалттайгаар, захиалгаар, гэмт хэрэгт хамруулах зорилгоор авлигал өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, торгуулийн нэгжийн хэмжээг ямар үндэслэлээр бууруулсныг тодруулав.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн тухай хуульд торгуулийн нэгж 2000 төгрөгтэй тэнцэхээр заасан байгаа, уг хуулийн төслийг 2013 онд боловсруулж эхэлсэн бөгөөд түүнээс хойших хугацаанд нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэдийн амьжиргааны чанарт нэлээд өөрчлөлт гарсан. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк амьжиргааны болон ядуулын түвшин тогтоох судалгаа хийсэн ба сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өрхийн бодит орлого 50 хувиар буурсан гэдэг дүн гарсан. Үүнтэй уялдуулан торгуулийн нэгжийн хэмжээг бууруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав. Мөн тэрээр, байнгын хорооны даргын тодруулсны дагуу авлигал, өндөр албан тушаалтны гэмт хэргээс олсон орлогыг албадан хурааж, торгуулийн хэмжээг 5-27 сая төгрөг болгон нэмэгдүүлж, хорих ялын хэмжээг гэмт хэргийн ангилалаас хамаарч 1-12 жил болгон, тэнсэхгүй байхаар, тодруулбал ялын бодлогыг чангаруулсан зохицуулалтуудыг төсөлд тусгасан талаар тайлбар хийсэн юм. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад илүү энэ төрлийн зохицуулалтуудыг илүү тодорхой болгох бололцоотой гэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой. Ял хөнгөрүүлж байгаа шалтгаан, нөхцлийг судалгаатай нарийвчилж үзэх нь зүйтэй. Торгуулийн нэгжийн хэмжээг бууруулж байгаа асуудлыг ч мөн адил. Мөн авлигал болон албан тушаалаа урвуулан ашиглсан гэмт хэрэгт ногдуулах ялыг сонгох санкцаар оруулж байгаагаа зөв эсэхийг нягтлахгүй бол их хэмжээгээр хулгай, луйвар хийсэн нэг хэсэг нь торгуулах, эсвэл хоригдох ялыг өөрөө сонгодог байх нь зөв үү. Ялын бодлоготой холбоотой эдгээр зохицуулалтуудыг онцгойлон анхаарахгүй бол нийгэмд шударга бус байдал, гэмт хэрэг ихсэх эрсдэл дагуулах эрсдэл өндөр шүү” хэмээн санууллаа. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн сэдэв нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байлаа.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан нь УИХ-аас 2015 онд батлан мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энгийн тэтгэвэр авагчид одоо мөрдөж байгаа зарчимтай нийцүүлжээ.

Мөн хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгасан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо хийжээ. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөшигийн хөндийн нисэх буудлаас 1164 зөрчил илрүүлжээ

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг маргааш хүлээж авах байсан. Гэвч хүлээж авах улсын комисс 1164 зөрчил илэрсэн гэв. Тэд энэ сарын 18-ныг хүртэл Хөшигийн хөндийд ажиллах юм байна. Тэд тус бүр дүгнэлтээ гаргаж, Улсын комисст танилцуулсанаар шинэ нисэх онгоцны буудлыг албан ёсоор хүлээж авах юм байна.

Гэхдээ шинэ нисэх буудлыг хүлээж авсан даруйдаа ашиглах боломжгүй юм. Учир нь, Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн терминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гэсэн гурван байгууламж барих ёстой гэнэ.

Тус гурван барилгын ажил ирэх онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй гэнэ. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилд 3 сая зорчигч хүлээж авах боломжтой гэнэ. Уг нисэх буудал нь “New Ulaanbaatar International Airport” буюу “NUBIA” хэмээн нэрлэгдэх юм байна.


Categories
мэдээ нийгэм

Япон кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлнэ

Энэ оны нэгдүгээр сарын 18-аас 20-ны өдрүүдэд Тэнгис кино театрт Японы кино өдрүүд болох гэж байна. Өдөр бүр 15:00,18:00 цагуудад хоёр удаа үнэ төлбөргүй кинонууд гарах гэнэ. Монгол Японы найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан уг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж. Энэ удаагийн онцлог нь японы ард түмэн хөдөө аж ахуйн салбартаа хэрхэн хөдөлмөрлөж амжилт бүтээл гаргаж байгаа талаар сургамжтай сайхан кинонууд гарах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуульд “туршилтын хугацаа”-г тусгана

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, …” эрхийг баталгаатай эдлэхээр заасан.

Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар (14 хоногоос 1 сар) цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэллээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан туршилтын болон сургалтын хугацааг ашиглан дадлагажих гэдэгт хамааруулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зорилгоор гэрээ байгуулдаггүй, аман хэлцэлээр ажиллуулдаг байна.

Тиймээс хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан хэмээн танилцуулсан.

“Туршилтын хугацаа” гэдэгт тухайн ажилтны мэргэжпийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, хувь хүний болон ажил хэргийн зан чанар нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож тогтоосон хугацааг ойлгохоор төсөлд тусгажээ. Хугацааг тохиролцох нь тухайн байгууллагын ажлын онцлог, гэрээний талуудын сонирхол, эрэлт хэрэгцээтэй холбоотой бөгөөд туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар тусгасан байна.

Ихэнх тохиолдолд ажилгүй иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “цагийн ажил” гэсэн зараар ажил олгогчтой аман гэрээ хийн уг ажпыг хийж гүйцэтгэдэг байна.

Ихэнх байгууллагад байнгын орон тооны ажилтан авч ажиллуулах шаардлагагүй ажлын байр гардаг байна. Манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байна хэмээн хууль санаачлагч тайлбарласан.

Иймд хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Н.Учрал, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа нар асуулт тавьж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд зарим ажил олгогчид иргэдийг аман гэрээгээр авч ажиллуулчихаад, ажилдаа тэнцэхгүй байна гэсэн шалтгаанаар цалин хөлс өгөхгүй явуулдаг асуудлыг хөндсөн.

Энэ талаар хуулийн төсөл санаачлагч хариулахдаа, хуулийн төсөлд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээлгэхээр тусгажээ. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000- 10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд оруулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 5.8 тэрбум төгрөгийн арилжаа хийв

Хөрөнгийн бирж 2017 оны Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн анхны арилжаа явуулж нийт 5 390 ширхэгийг 499 сая 491 300 төгрөгөөр арилжлаа.

Тус арилжааг “Новел ҮЦК” ХХК болон “Дэү Секьюритис Монгол ҮЦК” ХХК-иуд хийжээ.

Мөн Хөрөнгийн бирж өнөөдөр “I”, “II ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 26,495 ширхэг хувьцаа арилжсанаас “Монголын цахилгаан холбоо” компани хамгийн өндөр буюу 7.54 хувиар, “Шарын гол” 4.17 хувь, “Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа 2.49 хувиар тус тус өсчээ. Тодруулбал зургаан компанийн хувьцаа өсч, дөрвөн компанийн хувьцаа буурсан бол таван компанийн хувьцаа тогвортой байв. Түүнчлэн “ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.99 хувийн хүүтэй 60 мянган ширхэгийг 5 сая 323 500 мянган төгрөгийн гүйлгээ хийжээ.

Ингэснээр нийт 5 тэрбум 848 сая 538 080 төгрөгийн арилжаа хийж “MSE ALL” нэгдсэн индекс 847.12 нэгж болж 0.13 хувиар өсөв.

Categories
гадаад мэдээ

Оросын консул Андрей Маланиныг Афин дахь гэртээ нас барсан байхыг олжээ

Грек дэхь ОХУ-ын элчингийн консулын газрын дарга Андрей Маланиныг Афин дахь гэртээ нас барсан байхыг нь оллоо гэж тус хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна. Одоогоор үхлийн шалтгаан нь тодорхой болоогүй гэв. Андрей Маланин нь 55 настай бөгөөд гэртээ ганцаараа амьдардаг байжээ. Тэрээр даваа гаригт болох байсан уулзалтдаа ирээгүй бөгөөд утасдахад хариу өгөөгүй гэнэ. Цагдаа нарыг гэрт нь очиход тэрээр шалан дээрээ үхсэн байдалтай байсан бөгөөд гаднаас нь харахад ямар ч шарх сорви, гэмтэл байгаагүй байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторт дэвшүүлэхийг Төсвийн байнгын хороо дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм.

Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асуусангүй. УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, З.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар нар санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж, Үндэсний аудитын газрыг улс төрөөс хараат бус байлгах, өмнө хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэх, дэлхийн аудитын байгууллагын чиг хандлага, олон улсын түвшинд хүргэх, шинэчлэлт өөрчлөлтийг зоримог эхлүүлэх, хувийн болон төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа аудиторуудын ёс зүй, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах, төсвийн сахилга бат, төсвийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавихад анхаарч, хамтран ажиллах хэрэгтэйг захиж байв.

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарыг томилохыг дэмжье гэсэн саналын томёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь уг асуудлыг дэмжив. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг асуудалтай холбогдуулж Үндэсний аудитын газрын даргаас А.Зангадыг чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг томилох УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан юм. Уг асуудлыг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын 280 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр замын цагдаагийн албанд нийт 355 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Мөн Хан-Уул дүүрэг, Богд уулын арын замд амины “Toyota Kluger” маркийн автомашин “Nissan Xtrail” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай болон Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч түр хойшлуулав.

Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газар өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд танилцуулахаар төлөвлөөд байсан ч сайд А.Цогцэцэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа тул байнгын хороонд танилцуулга хийж чадаагүй юм. Тиймээс байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, О.Баасанхүү нарын зүгээс хүн амын эрүүл мэнд, эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын хоол хүнстэй холбоотой чухал хуулийн төслүүд тул ирэх долоо хоногт салбарын сайдыг байлцуулан хэлэлцэх нь зөв гэсэн санал гаргасныг олонх дэмжлээ.