Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт шатахуун тээвэрлэж явсан машин унаж 44 тонн түлш хөрсөнд нэвчжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т “Хадана ус” гэдэг газарт “Шунхлай” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан машин унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг очиход “Шунхлай” ХХК-ийн 44 тонн дизель түлшийг Дорноговь аймгаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан “35-51” УНН улсын дугаартай Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2400 м2 талбайд алдагдаж хөрсөнд нэвчсэн байжээ. Шатахуун гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байжээ.

Тиймээс ажлын хэсгийнхэн шороон замын ховилд тунаж үлдсэн 1150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг шуурхай эхлүүлэн бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан, байгаль бохирдохоос урьдчилан сэргийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Далай ламын тодруулсан X Богдыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль санаачилжээ

Далай ламын монгол дахь айлчлал нэлээдгүй хүмүүсийн анхаарлыг татаад өнгөрсөн билээ. Тэгвэл энэхүү сүр дуулиантайхан айлчлалаас үүдээд олон асуудал нийгэмд үр дагавраа үлдээсэн. Тухайлбал Хятадын тал Далай ламд виз олгосон явдлыг буруутган мэдэгдэл хийсэн. Мөн монголын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ЗГ-ын бүрэн эрхийн хугацаад далай ламыг дахин монголд айлчлуулахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн.

Тэгвэл ошны өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байсан. Учир нь, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Засгийн газар X Богдыг тодруулахад оролцохгүй” гэж мэдэгдсэнээс гадна УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Оюундарь нар бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглосон агуулгатай хуулийн төсөл боловсруулжээ.

Бага насны хүүхдийг хутагт, хувилгаанаар тодруулан шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж ирээдүйн хувь заяаг нь шууд шийдэх нь буруу гэж тэд үзсэн байна.

Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал Далай ламын тодруулсан гэх X Богдыг сэнтийд нь залах боломжгүй болох нь.

Categories
гадаад мэдээ

Хавай арлын галт уул дэлбэрч жуулчид амиа алджээ

АНУ-ын Хавай арлын зүүн хэсэгт байрлах Камокуна гэх галт уул гэнэт дэлбэрчээ. Хавайн арлын энэхүү галт уул их хэмжээний хохирол учруулжээ.

Хавай бол дэлхийн аялал жуулчлалын гол бүс нутагт тооцогддог. Тэгвэл тус бүс нутагт жуучлалаар ирээд байсан гадаадын таван иргэн харамсалтайгаар амиа алдсан байна.

Одоогоор амиа алдагсад аль улсын иргэн болохыг тогтоогоогүй байна. Галт уул 15-хан минутын дотор дэлбэрч, агаарт их хэмжээний үнс нурмаа цацан гэнэтийн гамшиг тохиожээ.

Онцгой байдлынхан аюултай бүс нутагт амьдарч буй нутгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, Камокуна галт уултай ойр очихыг жуулчдад хориглосон шийдвэр гаргажээ.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол бүсгүй “Манжуурын мисс” тэмцээний ялагч болов

Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Манжуурын мисс” тэмцээн ОХУ-д 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөжээ.

Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна. Үүнээс тэмцээний ялагчаар Монгол улсаас оролцсон Н.Мишээлт тэргүүн байр эзэлжээ.

Харин БНХАУ-ын оролцогч Лю Шухан дэд байранд шалгарсан бол ОХУ-ын оролцогч Павлисова гуравдугаар байрт шалгарсан байна.

Categories
мэдээ улс-төр

Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг импортоор хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ

Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг импортоор хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд хуралдана. Тус хуралдаанаар Төмөр замын шугамын чиг тогтоох тухай болон буруу талдаа жолооны хүрдтэй машиныг импортоор хязгаарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг үндэсний чуулган болно

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо угтан авлигын эсрэг олон улсын өдрөөр “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлээд эхэлжээ. Түүнчлэн иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон нийтийн төв” байгуулаад байна. Энэ төвд иргэн бүр чөлөөтэй нэвтэрч болох бөгөөд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талын бүх мэдээллийг авах боломжтой юм.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох үүднээс Олон нийтийн дэд зөвлөлийг ажиллуулахаар орон нутагт 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү хяналтын зөвлөл нь 21 аймагт буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах ажээ.

“Бид 10 жилийн ойгоо баяр хөөр болгон тэмдэглэхгүй. Харин ажил хэрэгч, бүтээлч байдлаар хандаж, авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэллээ. Энэ хүрээнд өнөөдөр /2017.01.11/ Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулах юм байна. Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн салбар хуралдаантай үргэлжлэх ажээ. Энэхүү томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох юм байна.

“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы салбар хуралдаануудыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “Ийгл” телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

“Стэнд бай” орж ирэхээр ам.долларын ханш 1900-гаас ч уруудна

Найман шарга захын өчигдрийн хаалтын ханшаар ам.долларыг 2497 төгрөгөөр авч 2499 төгрөгөөр зарж байна. “Стэнд бай” хэрэгжээд эхлэхээр ам.долларын ханш буурна гэсэн хүлээлт валютын зах дээр байгаа юм. Наад зах нь 1900 төгрөг рүү орно, цаашлаад яривал илүү буух ч магадлал бий аж. “Стэнд бай”-н хүрээнд яригдаж буй 1-1.5 тэрбум ам.долларын түрүүч хоёрдугаар сараас ороод ирнэ гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө. ОУВС-тай за зүй болоод гар хөлийн үсэг зураад авбал Японы хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл ороод ирнэ гэсэн сайн мэдээ бий. Нийтдээ гурван тэрбум гаруй ам.доллар орж ирэх нь тодорхой болчихоор ногоон валютын ханш сулрах нь тодорхой гэж эдийн засагчид хэлж байна. Өмнө нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ам.долларын ханшид иймэрхүү өөрчлөлт гарч байсныг валютын ханшийн түүхээс харж болно.

Засгийн газар 2009 онд хямралын эсрэг арга хэмжээнүүд авсны нэг нь ОУВС-тай тохирсон “Стэнд бай” хөтөлбөр байсанюм. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сард шийдвэр гарч байв. Тухайн үед 229 сая ам.долларын зээлийг валютын нөөцийг зузаатгахад авч ашигласан түүхтэй. Тэр үед манай улс яг өнөөдрийнх шиг валютын багахан нөөцтэй, долларгүйгээс болж валютын ханшийн огцом хэлбэлзэл бий болчихсон байсан юм. Ийм шалтгаанаар эдийн засгийн тогтворгүй байдал даамжрах төлөвтэй болчихсон тэр цагт нүүрс, зэс гэх мэт гадагшаа зарж олдог бүтээгдэхүүний үнэ ч таагүй байсныг эдийн засагчид онцолдог. Экспортоор орж ирдэг валютын урсгал эрс багассан гэсэн шалтгаанаар импортоо гадаад валютын нөөцөөрөө санхүүжүүлж байсан маань тэр үеийн сонин хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. ОУВС-гийн “Стэнд бай” орж ирэхээс өмнө буюу 2009 оны гуравдугаар сарын 31-нд 2048 төгрөг хүрч цойлсон ам.доллар “Стэнд бай”-н шийдвэр гарсны дараахан 1428 төгрөг болж бууж байж. Тодруулж хэлбэл тэр жилийнхээ тавдугаар сард нь. Ногоон валютын ханш 620 төгрөгөөр уруудсан гэсэн үг. Өнөөдөр ам.доллар 2499 төгрөгт хүрсэн гэхээр ирэх сарын сүүлээр юм уу, гурав, дөрөвдүгээр сард наад зах нь 1900 төгрөг болж буух нь.

Эдийн засаг агшчихсан ийм цагт “Стэнд бай”-н хүрээнд орж ирэх дөрөв шахам тэрбум ам.доллар ногоон валютын ханшийг үүнээс ч буулгаж мэднэ гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. 2009 онд ОУВС-гаас 229 сая ам.доллар авч байсан бол энэ жил авах мөнгө тэрбумаар яригдаж байгаа гэсэн ялгаа ч бас бий. ОУВС-тай 2009 онд гэрээ байгуулсны дараа Засгийн газарт олон улсын санхүүгийн байгууллагууд болон донор орнуудаас мөнгө олох боломж өнөөдрийнх шиг нээгдэж байв. Тухайн үед 160 сая ам. доллартай тэнцэхүйц хөрөнгийн эх үүсвэрийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон улсын Засгийн газар хоёр жилийн хугацаанд олгохоо амлаж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэгвэл өнөөдөр “Стэнд бай”-г дагаж ирэх мөнгө хоёр тэрбумаар яригдаж байгаа.

Тэгэхээр ам.долларын ханш 1900-гаас ч уруудаж 1700 төгрөг рүү орохыг ч үгүйсгэх аргагүй. Зах зээл томрох, бизнесүүд хөгжих, бүтээн байгуулалт өрнөх, эдийн засаг тэлэх талаас нь харвал “Стэнд бай” тэгтлээ хүсэхээр хувилбар биш.

Гэхдээ өчнөөн жилээр өвчилсөөр ирсэн төсвөө эрүүлжүүлж, алдагдлыг нь багасгахын тулд олон улсын байгууллагын хараа хяналт дор мөнгө төгрөгөө зарцуулж зөв төсөвтэй болох давуу тал бий. Бас ам.долларын ханш уруудаж халаасан дахь төгрөгийн маань үнэ цэнэ мэдэгдэхүйцээр өсөх өгөөж “Стэнд бай”-н ард байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Батзориг: Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой

УИХ-ын гишүүн Б.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ парламент ажиллаад хагас жил өнгөрсөн байна. Гол хийсэн ажил нь юу байв?

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. 2016 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 3-нд эхэлсэн. Энэ хооронд хэд, хэдэн томоохон ач холбогдол бүхий хууль тогтоомжийг баталлаа. Юун түрүүнд мэдээж хэрэг 2017 оны төсвийн тухай хууль. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Эдийн засгаа сэргээх хөтөлбөр гэхчилэн хууль тогтоомжийг баталсан байна. Төсвийн орлого 6.1 их наяд, зарлага 8.5 их наяд. Алдагдалгүй төсөв батлах гэж нэлээн хичээсэн ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас яалт ч үгүй хамаарсан. Одоо харин урагшаа харж ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь МАН сонгуулиар түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Эдийн засаг хүнд байгаа ч гэлээ Боловсролын зээлийн санд 104.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Мөн хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлнээр олгож байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиа үргэлжлүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2557 иргэн хүүхэд харагчийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Хөтөлбөрт 6300 гаруй хүүхэд хамрагдана. Бас ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж өгсөн. Жилдээ хоёр удаа насны хишиг олгож байхаар боллоо. Үүнд 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ахмадууд маань цагаан сар болон улсын их баяр наадмын өмнө дээрх хишгийг авах юм. Харин оны эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулах гэж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж, малчдын нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцээд явж байгаа. Гэх мэтчилэнгээр маш олон хууль, тогтоомж батлаад байна.

-Эдийн засаг хүнд байгаа. Гэтэл танай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа нэрийдлээр мөнгө тарааж байна. Халамжийг хавтгайруулахгүй байж болдоггүй юм уу?

-Эдийн засгийг сэргээхийн тулд томхон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөе гэсэн байр суурьтай байгаа. Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахаар ярьж байна. Таван толгой, Төмөр замын төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд гадны банкны салбарыг эх орондоо оруулж ирэхээр ажиллаж байна. Бизнесийн чиглэлийн төслүүд зах зээлийнхээ жамаар хэрэгжээд явна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд ард түмэндээ амласнаа биелүүлэх ёстой. Тэр утгаараа халамжийн төслүүдийн санхүүжилтийг төсөвт суулгаад явж байгаа. Өнөөдөр иргэдийн амьдрал хэцүү байхад төр барьж буй хүмүүс хараагүй мэт царайлаад явж болохгүй. Тиймээс амласнаа биелүүлж байна. Хүүхдийн мөнгө, насны хишгээ олгоё гэдэг үүднээс ажиллаж байгаа. -УИХ-ын дарга Эмиратад айлчлах үеэр бэлэн төсөл, хөтөлбөр байвал санхүүжүүлье гэсэн байна лээ. Гэтэл манайхан мөнгө л хэрэгтэй гэхээс биш юунд зарцуулахаа нарийн хэлж мэдэхгүй байгаа юм биш үү?

-Том төсөл, хөтөлбөр бол бий. Таван толгойгоос эхлээд ярьж болно. Гол нь зөв хөдөлгөх хэрэгтэй. Эрдэмтэн судлаачдаа оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж улс орондоо ашигтай байдлаар хөдөлгөмөөр байгаа юм. Төмөр замын төсөл байна. Бидэнд маш хэрэгтэй төсөл. Томхон төслүүдээ ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр явуулах ёстой. Аливаа нэг том төслөө хөдөлгөе гэхээр улстөржөөд байдаг. Гадны банк оруулж ирье гэхэд дотоодын арилжааны банкууд эсэргүүцээд эхэлдэг. Өнөөдөр манай улсын ажил хөдөлмөр эрхэлдэг ихэнх хүн цалингийн зээлтэй байгаа. Аж ахуйн нэгжүүд ч зээлээр ч бизнесээ эрхэлж байна. Жилд доод тал нь 20 хувийн хүүтэй зээл авч хүүгийн дарамтад амьдарч байна. Гэтэл гаднаас бага хүүтэй зээл өгөх банк оруулаад ирэхэд юу нь буруу гэж. Маш олон төсөл бий. Санхүүжүүлэх мөнгө л дутаж байна.

-Таван толгойг хөдөлгөх асуудал юу болж байна вэ. 49 хувийг хятадуудад худалдах нь гэх яриа гарч байна. Энэ талаар танай намын бүлэг дээр юу гэж ярьсан юм бол?

-Томхон төслүүдээ хөдөлгөхөөр ярьж байгаа. Гэхдээ яг ширээний ард суугаад хоёр талаасаа хэлцэл хийж байгаа зүйл байхгүй юм билээ. Ер нь яаж хөдөлгөх вэ гэдэг тал дээр судалгааны ажлууд хийж байгаа гэх мэдээлэл Засгийн газраас өгсөн.

-Оны эхээр ОУВС-тай хамтарч ажиллах ажил нэлээн тодорхой болно гэж байсан. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах явц юу болж байгаа вэ?

-Засгийн газар ажиллаж байгаа. Өнгөрсөн онд манай улсын зээлжих зэрэглэл –B байсан бол он гарснаар С болж байна. Байдал улам муу болж байна гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа газрууд судалгаагаа явуулж байгаа байх. Яг өнөөдрийн байдлаар шийдчихсэн зүйл алга.

-Засгийн газар хэтэрхий удаан ажиллаад ямар ч асуудал шийдэж чадахгүй байгаа юм биш үү?

-Удаан ажиллаж байна гэж хэлж болохгүй. Харин ч энэ удаагийн парламент маш богино хугацаанд Засгийн газраа бүрдүүлж ажиллаж чадсан. Ажиллаад дөнгөж зургаан сар болж байна. Хийх ёстой ажлуудаа хийгээд л явж байгаа. Байгуулсан Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой. Өнөөдөр байгуулчихаад маргааш нь муулаад байвал ажил яаж олигтой урагшлах вэ. Бүтэн жил ажиллаадхаг. Тэр үед сайн уу, муу юу гэдгийг ярья. Хувь гишүүнийхээ хувьд Засгийн газрыг боломжийн ажиллаж байгаа гэж бодож байна.

-Та Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга. Дорвитой ажил хийхгүй юм уу. Улаанбаатарчууд утааны асуудлаас хэзээ гарах юм бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүлж байгаа. Оны өмнөхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж буй ажлуудаа танилцуулсан байх. Агаарын бохирдол нийслэлчүүдийн санааг зовоож буй нь үнэн. Манай улсын тулгамдсан асуудлын нэг болчихлоо. Иймд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хөтөлбөртэй болсон. Хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Зүгээр нэг ярьсан төдийгөөр агаарын бохирдлыг бууруулна гэж байхгүй. Аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо, санаачилга их чухал. Мэдээж хэрэг төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй байлгүй яахав. Юуны түрүүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Гэр хорооллын дундуур инженерийн шугам сүлжээ татъя гэж байгаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт Амгалангийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнийг түшиглээд аж ахуйн нэгж, иргэдийг дулаанд холбох боломжтой. Ерөнхийдөө гэр хорооллын айл өрх рүү инженерийн шугам сүлжээ татах ажлыг төрөөс бодлогын хувьд дэмжиж ажиллана. Мөн нийтийн тээврийг дизелийн түлш хэрэглүүлэхгүй. Манай улс шиг нийтийн тээвэртээ дизел түлш хэрэглэдэг улс орон бараг байхгүй биз. Тиймээс нийтийн тээвэрт үйлчилж буй том оврын автобусыг дизель түлш хэрэглэхийг нь хязгаарлана. Оронд нь хий, газ ашиглаж болно. Үүнийг Засгийн газраас бодлогоор зохицуулна.

-Түүхий нүүрсний хэрэглээг яах вэ?

-Түүхий нүүрс хэрэглэхээс татгалзаж байгаа. Яаж эхлүүлэх вэ гэхээр эхний ээлжинд төрийн байгууллага үлгэр жишээ болох хэрэгтэй. Гэр хорооллын сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлгийг дандаа нүүрсээр халааж байгаа. Үүнийг халж нарны эрчим хүч болон цахилгаанаар халаалтаа шийдэх хэрэгтэй. Оны өмнөхөн Ерөнхий сайд эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх зоригтой шийдвэр гаргасан. Энэ ажил маш олон жил яригдаж байгаад энэ оноос хэрэгжиж байна. Миний мэдэхээр 2000 оноос хойш яригдаж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэрэгжиж байна. Одоо нэгэнт эрчим хүчний хэрэглээний шөнийн үнийг чөлөөлсөн юм чинь дагаад хийх олон ажил гарч ирж байна. Гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийг сайжруулах, кабелийг өргөтгөх, трансформаторыг шинэчлэх гэхчилэн ажил бий. Үе шаттайгаар хэрэгжүүлэхээр иргэд дулаанаа цахилгаанаар шийдэх байх. Ингэвэл маш олон яндан шөнийн цагаар ажиллахгүй. Тэр хэрээр утааны асуудал багасна. Гол нь иргэд, аж ахуйн нэгжийн санаачилга их чухал. Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотойгоор зарим нэг компаниуд эхнээсээ маш зөв санал гаргаж байна. “Мон ват” гэж компани л гэхэд шөнөдөө цахилгаан хуримтлуулдаг төхөөрөмж бүтээчихэж. Иймэрхүү санаачилгыг зоригтой дэмжээд ажиллавал ахицтай үр дүн гарах байх.

-Эрчим хүчний шөнийн хэрэглээг төлбөргүй болгосон уг шийдвэр хэр амь бөхтэй байх бол. Иргэд халаалтаа цахилгаанаар шийдсэн хойно эргээд хүчингүй болгочих юм биш биз дээ?

-Иргэд халаалтын системээ цахилгаанаар шийдээд агаарын бохирдол дорвитой буураад явбал уг шийдвэр үргэлжлээд явна.

-Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бэлэн төсөл, хөтөлбөр байхгүй тул ШУА-тай хамтран ажиллана гэж байсан. Тэндээс ямар нэгэн санаачилга гарч байгаа болов уу?

-Аж ахуйн нэгжүүдээс санаачилга гараад эхэлсэн. Үүний хажуугаар нүүрсний хэрэглээнээс татгалзъя гэж маш олон компаниас санал гарч байна. Үртсэн, хорголжин гээд янз бүрийн түлшний санал гарч байгаа. Иймэрхүү санаачилгыг төр зөв олж харж дэмжих нь чухал.


Categories
мэдээ цаг-үе

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ (I)

-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрнээс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны дээд эх хүртэлх Туул голын эрэг даган хэдэн өдөр явж, сурвалжлага бэлтгэлээ. Үнэндээ жирийн иргэд бид Туул гол руу шууд яваад орох ямар ч боломжгүй болжээ. Голын эрэг дагаад битүү төмөр хашаа татсан байлаа. Нэг хашаа дуусахад дараагийн хашааг яг залгуулаад барьчихсан байх аж. Мөн Туул голын эргийг тэгшилж, шороо овоолж нягтаршуулаад хөл гишгэх зайгүй орон сууцны барилга, хаус, худалдааны газар, баар, ресторан барьжээ. Шуудхан хэлэхэд, Алтан тэвшийн хөндий хэмээн нэрлэгдэх болсон Туул гол Монголын хэдхэн эрх мэдэл, өндөр албан тушаалтай толгой баячуудын мэдэлд очжээ.

Сайд Г.Мөнхбаярын гэгдээд байгаа “Элеганс” хотхоны барилга

САЙД Г.МӨНХБАЯР ТУУЛ ГОЛЫН ЭРЭГДЭЭР НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТАЙ, ХОТХОН БАРЬЖ БАЙНА

Сонсголонгийн гүүрний хажууханд “Тулгат өргөө” компанийн захиалгаар “Хас дөл” компанийн гүйцэтгэж байгаа “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны барилгууд дүнхийн харагдах ажээ. Хотхоны барилгыг голын эрэг дээр яг тулгаад барьчихсан байх юм. Зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр борлогдох “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны цонхоор Туул гол мэлтэлзэж, шугуйнх нь бургас алган дээр тавьчихсан мэт ойрхон харагдахаар цэлгэр цонхтойгоор зохион байгуулалтыг нь хийсэн байна. Ирэх хавар гэхэд барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад орох юм гэнэ. Зурагчинтайгаа хамт баригдаж байгаа барилгын тэр хавиар хэсэг явж үзлээ. Туул гол руу орох газар битгий хэл нүх сүв үнэндээ байсангүй. Аргаа бараад барилга манаж байгаа харуул хамгаалалтын залуутай уулзлаа. “Энэ хавиар Туул гол руу орох газар байна уу. Танай компанийн хашаа тулчихаад гол руу орж болохгүй юм” хэмээн асуулаа. Тэгсэн өөдөөс гайхсан байдалтайгаар харж байснаа “Та нар энэ хавиар Туул гол руу орно гэж байхгүй. Хүний хувийн эзэмшилд шууд халдсан болно. Уг нь манай хашаагаар дамжаад орж болдог юм. Гэхдээ та нарыг бид оруулж болохгүй. Дарга нарт толгойгоо хяргуулна. Төв цэвэрлэх байгууламжийн доод талаас орж болно. Эсвэл Яармагийн гүүрний тэр хавиас ордог газар байгаа” хэмээн гараараа занган зааж өгөв. Туул гол руу тулгаад баригдсан “Элеганс” хотхоны газрыг хэдэн жилийн өмнө дуудлага худалдаанд оролцож, хоёр тэрбум төгрөгөөр авсан гэнэ. Голынхоо эрэг дээр наран шарлагын газартай, “Элеганс” цогцолбор нь 1080 айлын орон сууц, 145 айлын хаус, орчин үеийн төлөвлөлттэй 150 хүүхдийн цэцэрлэг, 350 хүүхдийн сургууль, үйлчилгээний төв бүхий томоохон хороолол байхаар төлөвлөгдсөн байна. Үүнд, 15 давхар барилга хоёр ширхэг, 12 давхар барилга 15 ширхэг, нийт 17 блок бүхий 1080 айлын орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй байх гэнэ.Дээрх барилгын цаад эзэн нь хотын Засаг дарга асан, одоо Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Эндээс эхлээд л голоо өгсөөд баячууд Туулыг эзэгнэж байна. Сонсголонгийн гүүрнээс доош Туул голыг арьс, ширний үйлдвэрүүд бохирдуулдаг. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн бохиртой холилдон урсдаг болохоор тоож газар авах хүн байхгүй. Харин түүнээс дээших тунгалаг ус урссан Туул голын хөвөөг хэдхэн хүн эзэмшиж байна.

Сайд асан Р.Бурмаагийн дүүгийнх нь уурын зуух, Туул голын эрэг дээр барилга барих гэж байгаа газар

Р.БУРМАА САЙДЫН ДҮҮ БОГИНЫН АМЫГ ТЭРЧИГТ НЬ ЭЗЭМШИЖ, ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙНА

Туул голоо өгсөөд явлаа. Яармагийн гүүр өнгөрч, Богинын ам арай хүрэлгүй шинээр тавигдсан хурдны замын хажууханд дунд оврын уурын зуух баригдсан байлаа. Туул голоос 30 метр хүрэхгүй зайтай юм. Мөн голын өндөрлөсөн эргийн шороог тэгшилж, дээрээс нь шороо нэмж асгаад газрыг нь тэгшилжээ. Энэ газрын эзэн нь нийслэлчүүд өвлийн улиралд олон жилийн турш гулгадаг байсан Богинын амыг бүхэлд нь авчихаад байгаа Р.Бадрал гэгч гэнэ. Р.Бадрал нь УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмаагийн төрсөн дүү юм байна. Өндөр настай иргэдийн тарьсан 200 гаруй модыг бүгдийг нь сүйдэлж барилга барьсан байдаг. Богинын амны газрыг Р.Бадрал дамлан наймаалдаг талаар нэгэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сайд асан Р.Бурмаагийн дүү Богинын аманд эзэн суугаад хэдэн жил болж байна. Бүхэл бүтэн 30 га газар нэг хүний мэдэлд очсон байдаг. Ямар замаар энэ амыг бүхэлд нь авсан нь тодорхойгүй байна. Нэлээд мөнгөтэй компаниудад “Та нар энд барилга бариад өгвөл би газраа өгнө” гэж наймаа хийдэг гэсэн. Ардчилсан намын ахмад гишүүдийн суулгасан модыг бүгдийг нь сүйтгэж, газар дээр нь барилга барьсныг нь харж байгаа биз дээ” гэв.


“Бөхбат” компани Туул голын эрэг дээр хотхон барьжээ

ЗАЙСАНГИЙН ГҮҮРНЭЭС МАРШАЛЫН ГҮҮР ХҮРТЭЛХ ТУУЛ ГОЛЫН ХОЙД ЭРГИЙГ ЭЗЭМШИГЧ “СТАНДАРТ ГРУПП”

Туул голын ай сав газарт 30 гаруй айл тог цахилгаангүй амьдарч байна. Дээрх айлуудад газрын гэрчилгээ, хаягжуулалт огт хийгдээгүй байна. Тэр битгий хэл цахилгаангүй гурван жил болж байгаа аж. Ингээд голоо өгсөж явсаар Зайсангийн гүүрний баруун талд хүрээд ирэв. Зайсангийн аманд барилга барьж, газрын маргаанаас болж оршин суугчидтай тэмцэлдэж байсан “Бөхбат” компанийн барьсан орон сууцны хотхон яг Туул голын эрэг дээр тулаад сүндэрлэжээ. Хэдэн жилийн өмнө баригдаж дуусаад, хэдийнэ иргэд худалдаж аваад дууссан байв. Ингээд зогсохгүй Зайсангийн гүүрнээс эхлээд Туул голын хойд эрэг дагуу битүү барилга, орон сууц баригдсан байна лээ. Мөн л голын эрэг рүү хүн очих ямар ч боломжгүй. Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай. Хэрэв гадны хүн орох бол хотхоны хашаагаар дамжих шаардлагатай болно. Гэхдээ харуул хамгаалалтын ажилтнууд хаашаа, хэн гэдэг айл руу орох гэж байгааг камерын тусламжтайгаар бүрэн хяналтдаа байлгадаг. Хэрэв Туул голын эрэг рүү шууд явах юм бол хамгаалалтын ажилтнууд барьж аваад цагдаа дуудаад өгчихнө. Цагдаа нар бусдын хувийн өмчид халдсан гэх үндэслэлээр саатуулан шалгаад голын эрэг орж салхилах биш шоронгийн хаалга татах дээрээ тулна. Голын хойд талын эргийг тэр чигт нь эзэмшиж, хөл гишгэх зайгүй хотхон барьсан дөрвөн компани байдаг. Эрүүгийн цагдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд нийлээд ч дийлдэхээ байсан “Стандарт групп”-ийн барилгууд энд сүндэрлэнэ. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл дээрх группийн газар бий.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар “Найман нуур” компанид анх Хан-Уул дүүргийн I хорооны нутагт Их тэнгэрийн амны гүүрний баруун талд амралт, зугаалгын зориулалтаар зургаан га газрыг эзэмшүүлсэн байна. Энэхүү газрыг “Стандарт групп”-д шилжүүлэх шийдвэрийг 2001 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга гаргаж байсан аж. “Стандарт групп” газраа зориулалтаар нь ашиглалгүй хадгалж байгаад 2004 онд дахин томруулсан гэнэ. Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар зургаан га газрын хэмжээг 90034 ам метрээр нэмэгдүүлсэн байдаг аж. Энэ мэт явсаар 23.3 га болгосон байна. Анх амралт, зугаалгын зориулалтаар эзэмшүүлсэн газар орон сууц, үйлчилгээний зориулалтынх болж хувирчээ. 15 жилийн хугацаатай энэхүү гэрчилгээг тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр олгосон байдаг аж. “Стандарт групп” өөрийн охин компани болох “Могулимбиз”, “Жививентури”, “Идэр-Интернэшнл” –ийн нэр дээр газраа хуваан эзэмшүүлэх болжээ. “Стандарт групп”-ийн барилгын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас гурван ч удаа зогсоож, акт тавьсан байна. Туул голын эргийн бургасыг огтолж, дээр нь барилга барьсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэвч хууль хэрэгжиж “чадалгүй” барилгууд сүндэрлэжээ. “Стандарт групп”-ийн захирал нь Д.Батаа гэж хүн байдаг гэнэ. Энэ хүний ард талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байдаг гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байсан юм.

МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУД ХУУЛЬ ЗӨРЧИН ТУУЛ ГОЛЫГ ЭЗЭГНЭЖ БАЙНА

“Номин Констракшн Девелопмент групп” ХХК-тай “River Garden” төсөл хамтран Богдхан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газарт 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй таун хаус, пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга барьжээ. Мөн “Маршал таун” хотхон, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү хурд” хотхоны барилгууд энд сүндэрлэнэ. Эдгээр хотхон бүгд Туул голын эрэг дээр хууль зөрчин баригдсан гэдгийг хууль хяналтынхан мэднэ.

Мөн Туул голын урд талын эрэг дээр Зайсангийн гүүрний зүүн талд бурхантай хөшөөний эсрэг талд Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bel­la vista” гэх тансаг хотхон сүндэрлэнэ. Туул голын онцгой болоод энгийн бүсээс 50, 200 метрийн зайд байх ёстой хуулийг дээр дурдсан бүх барилга, орон сууц, хотхон илтэд зөрчжээ. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заажээ. Гэвч дээрх барилгууд эдгээр заалтыг бүгдийг зөрчсөн ч тэдэнд хэн ч хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоож дийлэлгүй өдгөөг хүрчээ. Үүнд хяналт тавьсан хууль хяналтын байгууллага гэж огт байхгүй. Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bella vista” хотхоныг гэхэд л Туул голын эргийг шороогоор дүүргэж, тэгшилж байгаад л барьсан байдаг. Цэлгэр том цонхоор нь зуны цагт голын ус мэлтэлзэнэ. Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Н.Багабанди амьдарч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байр түрээсэлж, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар амьдарч байгаа билээ. MCS группийн “Bella vista” гэх тансаг хотхонтой хаяа дэрлэн “Оюуны ундраа” группийн барилга сүндэрлэж, голын эргийг дагаад өндөр хашаа барьжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Баабар “Үндсэн хууль”-ийн тухай өгүүлэв

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар таны гарт очлоо.

“ТҮЦ ажиллуулах нь төрд тэрсэлсэн хэрэг юмуу” хэмээн энэ төрлийн бизнес эрхлэгчид асуусныг “Өдрийн сурвалжлага” нүүрт онцолжээ. Ээжийгээ эмнэлэгт үзүүлэхээр явсан хойгуур ТҮЦ-ийг нь ачсан гэнэ.

АН-ын гишүүн Б.Гарамгайбаатар “АН-д салхи оруулах нь зөв ч маш их туйлширч байгаа нь худлаа биш” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт Баабар 1990 онд шинэ Үндсэн хуулийг боловсруулах комиссийн бүрэлдэхүүнд байсан үеэ дурсжээ. “1990 онд өнөөгийн дэлхий ертөнц, тэр дундаа чөлөөт ардчилсан зах зээлийн нийгмийн талаархи ойлголт бидэнд тун тааруу байлаа. Гадарладаг ганц нь Б.Чимэд гуай. Комиссийн гишүүд бидний хувьд өвгөний боловсруулсан хуулийн нооргийг голдуу л тайлбарлуулах хэрийн зиндаатай” хэмээн тэр өгүүлжээ. Баабар “Нийгмийн янз бүрийн бүлэглэл, эрх ашгийн нэгдлийг оролцуулсан комиссоос Үндсэн хуулийн шинэчилсэн хувилбарыг боловсруулаад, УИХ-д өргөн барих зарчим байдаг нь өнөөгийн иргэншсэн ертөнцийн тогтсон хууль” гэсэн байна лээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “М-Си-Эс группийн Ж.Од захирлыг сүрдүүлсэн эсэх талаар мэдээлжээ. Централ тауэрт бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн хэрэг үнэхээр түүнтэй холбоотой юм болов уу?

Галт тэргэнд дайруулсан хоёр оюутан хүүхэдтэй байсан тухай уг нүүрт мөн мэдээлжээ. “Шүүхийн тамгын газрын дарга нарыг сэлгэсэн” гэнэ.

Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал “УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар улсын бүртгэлийг хүчингүй болгож өөрөө холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж байгаад харамсч байна” хэмээн ярьжээ. Түүний яриаг XII нүүрээс уншаарай.

“Сонгодог урлаг” нүүрээс ДБЭТ-ийн дуучин С.Мөнгөнцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. “Монголын дуурийн дуучдын хоолой яг байгаль дээр байж байдаг үнэт чулуу шиг л” гэж тэр зүйрлэжээ.

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнгийн тухай XV нүүрээс уншаарай. Утааг багасгах төхөөрөмж, халаагуур, дулаалга, түлш зэргийг үйлдвэрлэсэн 50 аж ахуйн нэгж уг үзэсгэлэнд оролцсон байна.

Дулааны зөвлөх инженер Д.Самдан уг нүүрт ойг залуужуулахын тулд ойн цэвэрлэгээ хийгээд, цэвэрлэсэн модоо гэр хорооллын иргэд түлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна лээ.

Өглөө болгоны ургах нарнаар “Өдрийн сонин” тантай хамт.