Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл: Мөнгө тараасан мэдээллийг би цацсан ч, мэдээж зохион байгуулаагүй

АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ сонгуулийн өдөр мөнгө тараасан эсэхийг сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид лавласан. С.Эрдэнэ “Ер нь хуучин эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй мөнгө авсан өгсөн гэдэг гол дүрд тоглосон гэсэн мэдээлэл байгаа. Түүнийг зохион байгуулсан хүн нь гишүүн асан Ц.Оюунгэрэл гэдгийг хүн болгон мэдэж байгаа” хэмээн хариулсан юм. Энэ талаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.


-Мөнгө тараасан мэдээллийг би цацсан нь үнэн. Харин энэ бичлэг дотор орсон үйл явдлыг мэдээж зохион байгуулаагүй. Тэр бичлэг доторх мөнгө төгрөг тарааж байгаа хүнийг би танихгүй. Тэрийг зохион байгуулах ямар ч боломжгүй. Би энэ бичлэгээс “Манай нам дотор ийм юм байна” гэдгийг л харсан. Би Л.Гантөмөрийг дэмжсэн. Л.Гантөмөрийн штабаас энэ баримтыг сонгуулийн байгууллагад явуулаад, нэр дэвшигчийн асуудлыг тавьсан. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй. Яагаад шийдэгдээгүйн учрыг би дараа нь ойлгосон. Саяын марафон түр журмаар зохион байгуулагдаж байгаа. З.Энхболд даргын тушаалаар баталсан ажлын хэсэг журмыг гаргасан. Сонгууль зохион байгуулсан хүмүүсийн баталсан журмаар энэ сонгуулийг явууллаа. Мөнгө төгрөг, бэлэг тараах, санал худалдаж авахыг санкцгүй орхисон юм билээ. Өөрөөр хэлбэл мөнгө тараахад нэр татахгүйгээр дүрэм хийсэн. Штабаас Сонгуулийн хороонд явуулсан шаардлага шийдэгдэхгүй үлдэж байгаа. Яг ийм нөхцөлд энэ асуудал хууль хяналтын байгууллага руу явах уу , яагаад АН ийм асуудал дээр ямар ч санкцгүй болчихов гэдэг асуудал гарч байна. Өнөөдрийн Монголд мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал намын дотоод асуудал хэвээр үлдэх юм билээ. Намын дотоод асуудлыг намын дүрмээр шийднэ гэхээр намын дүрэмд нэр татна гэдэг үг байхгүй. Нэр татах үндэслэл байхгүй. Хэзээ энэ асуудал хууль шүүхийн асуудал болно гэхээр бичлэг хийсэн гэрчид халдах, дарамтлах аливаа оролдлого гарвал Гэрчийг хамгаалах хууль үйлчилж эхэлнэ. Ийм тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандах эрх үүсэх юм билээ.

-С.Эрдэнэ дарга хэлэхдээ мөнгө төгрөг өгсөн авсан гээд байгаа гол дүрийн эмэгтэй АЭХ-ны гишүүн байсан гэсэн. Тэр утгаараа таныг хардаад байгаа юм биш үү?

-Бичлэгийнхээ гол дүрийг буруу тайлбарлаж байна л даа. Бичлэгийн гол дүр нь мөнгө шүү дээ. Мөнгө гэдэг юм тэнд байгаагүй бол хэн ч гол дүр биш. Яриад байгаа эмэгтэй бол гол дүрийг л баримтжуулсан. Ярьж байгаа эмэгтэй ч, цүнхнээсээ юм гаргаад өгч байгаа эрэгтэй ч гол дүр биш. Сонгуулийн үеэр мөнгө тараасан уу гэдэгт хариулах гэж хийсэн бичлэг. Тэр эмэгтэй бол гол дүрийн үзэгдлийг баримтжуулсан л эмэгтэй. Нэгэнт нэрийг нь дурдаж, олон нийтэд зарлаж байгаагийн хувьд бид яалт ч үгүй эрхийг нь хамгаалах үүрэгтэй болж байгаа юм. Би тухайлбал мэдээлэл цацсан хүний хувьд гэрчийн аюулгүй байдалд халдсан аливаа дарамт, халдлагын талаар хууль шүүхийн байгуулагад хандах үүрэгтэй. Ийм тохиолдолд намын дотоод асуудлаасаа халиад хүний аюулгүй байдлын асуудал болж хувирна.

-Таныг энэ хэргийг зохион байгуулсан эзнээр тодруулчихсан. Та нэр төрд халдсан асуудлаар хууль, шүүхийн байгуулагад хандах уу?

-Нэр төрд халдсан асуудлаар би гомдол гаргахгүй. Би гэрчийг хамгаалах үүднээс цохилт авах бүрэн совесть байна. Миний нэр төрд жаахан халдахад би гомдол гаргахгүй. Харин би зөвхөн гэрчийн аюулгүй байдалд санаа зовж байна. Бичлэг хийсэн эмэгтэйн нэрийг зарлаад, түүнд ямар нэг дарамт шахалт үзүүлээд, хавчаад эхэлбэл гэрчийг хамгаалах алхмуудыг хийнэ гэв.

Б.ЭГШИГЛЭН

Categories
энтертаймент-ертөнц

“Ертөнцийн гоо бүсгүй” шалгарлаа

Филиппиний нийслэл Манила хотноо 86 дахь удаагаа “Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаад Францыг төлөөлөн оролцсон 24 настай Ирис Маттенэр тэргүүн байрны шагналыг хүртсэн байна. “Францын гоо бүсгүй”-гээр шалгарсан тэрээр Лилль хотод амьдардаг бөгөөд шүдний эмч мэргэжлээр Анагаах их сургуульд сурдаг аж.

Энэ жилийн “Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээнд 86 орны бүсгүйчүүд авьяас, чадвараа сорьсон байна. Хоёрдугаар байранд Гаитигийн төлөөлөн оролцсон Ракель Пелисье, гуравдугаарт Колумбийн гоо бүсгүй Андреа Товар нар тус тус шалгарсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“2020 он хүртэл З.Энхболд ямар нэг ажил төрөлд очихгүй ээ”

АН-ын халаагаа өгөх дарга З.Энхболд Төрийн ордонд тус намын даргын сонгуулийн үр дүнг мэдээлэхдээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараахь хариултыг өгсөн юм.

НАМЫН ДАРГАА СОНГОХ ЭРХ МЭДЛИЙГ ГИШҮҮДЭД НЬ ӨГЛӨӨ

-Фракциуд, төрийн эрх мэдэлд хүртэл оролцсон олигархиуддаа дарлуулсан намын даргаа сонгох эрхийг нийт гишүүдэд нь шилжүүлж өглөө. Одоо АН-ын дарга хэн байхыг гишүүд нь шийддэг болсон. Тийм учраас хуучин системээр сонгогдсон сүүлчийн АН-ын дарга би байна. Өнөөдрөөс эхлээд нийт гишүүдийнхээ олонхийн саналаар сонгогдсон С.Эрдэнэ дарга АН-ын цаашдын реформыг гүнзгийрүүлэн хийж, Монголын улс төрийн голлох намаа ирэх сонгуульд ялуулах үүргийг хүлээж байна. Хамгийн олон санал авч сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэд баяр хүргэе. Бусад дөрвөн нэр дэвшигчдэд намын реформын хамгийн чухал ажлыг нуруундаа үүрч гарсанд баярлалаа. Манай намын зургадугаар их хурлаар эдгээр улсуудад нэр дэвших эрхтэй нь хамт энэ сонгуулийг санхүүжүүлэх үүргийг тэнцүү хувааж үүрүүлсэн. 1,2 тэрбум төгрөгөөр явагдсан сонгууль. Улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг 10 тэрбумаар явуулдаг бол манай нам олон арван мянган хүн цалингүй ажилласны хүчээр ийм мөнгөөр зохион байгуулж, тэр мөнгийг нэр дэвшигчид гаргасан юм. 85 мянган гишүүн хүйтнийг үл харгалзан ирж саналаа өгсөн. Сонгуулийг дүрмийн дагуу зохион байгуулсан. Сүүлийн арав хоног хагас нойртой хонож сонгууль зохион байгуулсан Ж.Оюунбаатар даргатай хороонд баярлалаа. Таван нэр дэвшигч сонгуулийн үеэр маш нягтарсан байна лээ. Анх сурталчилгаа эхлэх, сонгуулийн сурталчилгаа дууссны дараа уулзах хоёрын хооронд маш их ялгаа байсан. Таван нэр дэвшигчдээ баярлалаа.

“2020 ОН ХҮРТЭЛ З.ЭНХБОЛД ЯМАР НЭГ АЖИЛ ТӨРӨЛД ОЧИХГҮЙ ЭЭ”

-Надаас нэг юмыг дахин дахин асууж цаг алдах хэрэггүй. Би хэлсэндээ байдаг хүн. 2020 он хүртэл З.Энхболд ямар нэг ажил төрөлд очихгүй ээ. Миний өмнөөс битгий санаа зовцгоо. 2020 оны УИХ-ын сонгуульд оролцдогоороо оролцоод явна. Намын хүнд ажлыг аль болох хурдан өгөөд жирийн хүн шиг амармаар байна. Би өргөдлөө аль сонгуулийн маргааш өгчихсөн хүн шүү дээ. Энэ хооронд дүрэм шинэчлэгдээд 220 хүн даргаа сонгож болохоо больчихсон учраас би энд суугаад асуултанд хариулаад яваад байна. 13 хоногийн дараа ажлаа өгөх гэж байна.

ӨӨРИЙГӨӨ ОД БОЛСОН ГЭЖ БОДСОН М.БАТЧИМЭГ ГИШҮҮН ШИГ УЛСУУД ХОХИРСОН БАЙНА ЛЭЭ…

Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн. Арванхоёрдугаар сарын 21-нд таван нэр дэвшигчээ оройн хоолоор дайлсан юм. “Та хэдэд ямар хүсэлт байна” гэсэн чинь “Манай анхан, дунд шатны намууд хувьчлагдчихаад шинэ хүн очихоор бүртгэж авахгүй байна. Арванхоёрдугаар сарын 6-ны их хурал нээлттэй АН болохоо зарласан учраас хувьчлагдсан намууд дээрх бүртгэлийг нээж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. 25-нд би тушаал гаргасан. Дахин бүртгэл гэдэг нь хоёр хуудас анкет бөглөж, гарын үсэг зураад анхан, дунд шатны байгууллага дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэхийг хэлж байгаа юм. Шинэ ч бай, хуучин ч бай бүртгүүлэх гэж оролдоод аль нэг сум, дүүргийн нам хүлээж авахгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг нээлттэй журам гаргасан. Төв нам дээр ч өөрийн биеэр ирж бүртгүүлдэг. Анхан, дунд шатны бүртгэлтэй адилхан процедур явах ёстой. Би нэгдүгээр сарын 2-20-ны хооронд Энэтхэг улс руу явсан. Сонгуулийн ажилд оролцохгүй, хэн нэг нэр дэвшигчийг дэмжээгүй. Та бүхэн миний сошиалын түүхийг эргүүлж харвал аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн шүүмжилсэн ямар ч мэдээллийг шейр, ретвийт хийгээгүйг олж харж болно. Яваад ирэхэд намын Хэрэг эрхлэх газар дээр бөөн маргаан дэгдсэн байлаа. Хүн өөрийн биеэр анхан шат руугаа очоод “Үгүй” гэдгээ сонсоод, анкет бөглөөд гарын үсгээ зураад явах учиртай. Гэтэл манай Хэрэг эрхлэх газрын ажилтнууд хариуцлага алдсан байсан. Зуу зуугаар нь хаана бүртгэгдсэн нь мэдэгдэхгүй анкет авч, түүнийгээ бүртгэл гэж нэрлэжээ. Таван нэр дэвшигч уулзаад, Л.Гантөмөрөөс бусад нь “Дүрэм журам зөрчсөн бүртгэлээ хүчингүй болгож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу дахин тушаал гаргаж, 16 мянган гишүүний бүртгэлийг түдгэлзүүлсэн байгаа. Өнөөдрөөс эхлээд энэ 16 мянган гишүүний анкет шивэгдэж ороод, ердийн байдалдаа шилжнэ. Арванхоёрдугаар сарын 6-ны хурлаар шийдсэн бас нэгэн бүртгэлийн шинэчлэл бол хүн өөрөө саналын эрхээ нээдэг болсон. Яагаад гэхээр гишүүдийн бүртгэлийг ХААН банкны компьютертэй холбосон. Үүнээс хойш АН-д гишүүд нь шийддэг олон сонгууль болно. Удахгүй дулаарахаар ҮЗХ-ны бүх гишүүдийг 100 хувь шинэчилнэ. Дунд шатны намын дарга нараа гишүүдийнхээ саналаар сонгодог дүрмийн өөрчлөлтийг хийх гэж байна. Тэгвэл аймаг, дүүргийн дарга нар энэ таван нэр дэвшигч шиг нэрээ дэвшүүлээд, сонгуульд ороод гишүүдээрээ шийдүүлээд явна. Сонгууль болгоны өмнө АН-ын гишүүн татвараа төлсөн байхыг шаардаж байгаа. 2016 оны татвар сарын 100 төгрөг байсан түүнийгээ 12 сараар үржүүлээд 1200 төгрөгөө банкинд тушаамагц банкны компьютероос АН-ын гишүүний бүртгэл рүү мэдээлэл ирж, гишүүний эрх сэргэнэ. Түүнээс биш хуучин шиг аймаг, дүүргийн дарга зөвшөөрвөл тэр хүн санал өгдөг байхыг болиулсан. Төв нам дээр цугласан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Яагаад гэвэл анхан шатны байгууллага дээрээ түрүүлж очих шаардлага биелүүлээгүй. Өөрийн биеэр ирээгүй. Зуу зуугаар нь бүртгүүлсэн учраас болохгүй болчихож байгаа юм. ХЭГ-ын ажилтнуудад арга хэмжээ авахыг би Л.Эрхэмбаяр даргад даалгасан. Ийм зүйл болсон. Өөрийгөө од болчихсон, би УИХ-ын гишүүн байсан, би юу гэж анхан шат руу очдог юм гэсэн М.Батчимэг гишүүн шиг улсууд хохирсон байна лээ. Тэрийг яах ч аргагүй. Од болчихсон улсуудад зориулсан тусгай журам байхгүй. Жирийн гишүүн Дорж, Дондог, Дулмаа, УИХ-ын дарга байсан З.Энхболд ч ялгаагүй анхан шатны намын байгууллагын хаалгаар орох хэрэгтэй. Өөрийн гараар анкетаа бөглөх учиртай. Тэрийг нь хүлээж авахгүй бол төв намд хандана гэдэг журмаа мэдэхгүй сонгуульд орж чадаагүй бол харамсалтай. Хүн өөрийн биеэр ирэхгүй бүртгэлд орохоор нэг хүндрэл гарсан нь нэр овог, хаяг, регисртээ буруу бичсэн бол түүнийг нь залруулах гэж бараг 20 хоногийн ажил шаардагдсан. Хэрвээ өөрийн биеэр очсон бол залруулж болж байсан. Бид колл центр ажиллуулж, бараг 27-28 мянган хүний бүртгэлийг зөв болгосон. Тэгэхгүй бол нөгөө хүнийг сонгуульд оруулахгүй байх аюул байсан гэв.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудлыг япончууд 30 жил ашиглана

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээний дагуу япончуудад хариуцуулах хэлэлцээ өнөөдөр Улаанбаатарт эхэлж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны эхээр Япон улсад айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абэтэй хамтын ажиллагааны зарим нэг тохиролцоонд хүрсэн.

Үүний нэг нь шинэ нисэх буудлын менежментийг Японы консорциумд хариуцуулах байв. Гэхдээ менежментийн компанийг консорциум дангаараа эзэмшихгүй. Тэд 51 хувийг нь эзэмшиж, менежментийг нь толгой мэдэн хийх бол Монголын Засгийн газар 49 хувьд нь хөрөнгө оруулж, эрх мэдлээ хэрэгжүүлнэ.

“Мицүбиши Чиёодо” компани Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын барилгын төслийг удирдаж байгаа.

Улмаар манай Засгийн газар 2015 оны аравдугаар сард шинэ нисэх буудлыг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй концессын шууд гэрээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Дараа нь Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээрт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан юм. Нисэх буудлын барилга байгууламж Монголын төрийн өмчийнх байна. Харин үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдаж авах, онгоцны буудлыг тохижуулах хөрөнгийг менежментийн компани санхүүжүүлнэ.

Манай тал 49 хувьд ногдох хөрөнгөө санхүүжүүлэх юм. Ингээд онгоцны буудлыг ашиглана. Ингэхдээ онгоцны буудлыг барихад авсан зээлийг эргэн төлөх, өөрсдийнхөө оруулсан хөрөнгийг нөхөх, тодорхой хэмжээний ашиг олох менежмент хийх учиртай. Гэрээний дагуу хэсэг хугацаанд нисэх буудлыг ашиглаад Монголд буцааж шилжүүлнэ. 30 жил ашиглаад шилжүүлэхэд нисэх буудал барьсан зээлийг эргүүлэн төлөх, өөрсдийн оруулсан хөрөнгөө нөхөх, тодорхой хэмжээний ашигтай ажиллах боломжтой гэсэн саналыг Японы консорциумынхан ирүүлжээ.

Шинэ нисэх буудал нь ойролцоогоор 600 сая ам.долларын өртгөөр босож байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудал жилд дээд тал нь нэг сая зорчигч хүлээн авч байгаа. “Чингис хаан”-ых шиг зорчигчийн урсгалтай, менежментээр ажиллавал Хөшигийн хөндийн нисэх буудал хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх нь тодорхойгүй гэнэ. Иймээс л Японы туршлагатай компаниудаар менежмент хийлгэхээр дуртай зөвшөөрч, хамтарч ажиллахаар болжээ.

Хөшигийн хөндийн нисэх буудал жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс зорчигчийн тоог өнөөгийнхөөс гурав дахин өсгөх боломжтой юм. Нислэгийн бус орлогыг автомашины зогсоол, татваргүй барааны дэлгүүр, зоогийн газар, кофе шоп, зар сурталчилгааны самбарын түрээс зэргээс бүрдүүлдэг байна. “Чингис хаан” нисэх буудал орлогынхоо 90 хувийг нислэгийн, үлдсэнийг нь нислэгийн бус үйлчилгээнээс бүрдүүлж байгаа. Тиймээс Японы компаниудын “ноу хау”-г ашиглаж, зорчигчийн тоог өсгөхийн зэрэгцээ нислэгийн бус орлогыг нэмэгдүүлэх стратеги баримтлах юм байна.

Бусад хөгжсөн орны нисэх буудлын нислэгийн бус орлого нь нислэгийнхтэйгээ тэнцүү байдаг аж. Түүнчлэн нислэгийн бус орлого нэмэгдэх тусам нислэгийн үйлчилгээний тарифаа бууруулдаг жишигтэй гэнэ. Ингэснээр авиакомпаниудад таатай нөхцөл үүсэж, нислэгийг тоогоо нэмдэг зүй тогтолтой аж.

Хөшигийн хөндийд манан их буудаг учраас нислэг их саатна гэсэн шүүмжлэл гарсан. Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан “Хэд хэдэн байршилд цаг агаарын бүх төрлийн ажиглалт олон жил хийсний үндсэн дээр сонгосон учраас ямар нэг эргэлзээ байхгүй.

Одоогийн нисэх буудалд том онгоц зөвхөн баруун хойноос буудаг, мөн баруун хойшоо л хөөрдөг. Энэ нь нислэг саатахад нөлөө үзүүлдэг. Хөшигийн хөндийн нисэх буудал хоёр талаас хөөрч, буух боломжтой. Иймээс цаг агаараас, ялангуяа салхинаас үүдсэн нислэгийн саатал үндсэндээ байхгүй болно. Үргэлж өтгөн манан тогтож байдаг гэвэл өрөөсгөл ойлголт” хэмээн няцаасан юм.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Чингис хаан” нисэх буудлыг үндсэн үйл ажиллагааных нь чиглэлээр ажиллуулах бодлого баримталж байгаа аж.

“Чингис хаан” нисэх буудалд МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний төв, Нислэгийн удирдлагын төв, Иргэний нисэхийн ерөнхий газрын Шалгалтын нислэг, зураглалын алба, Цэргийн нислэгийн 303 дугаар анги, бусад авиакомпани ажиллаж байгаа. Иймээс зөвхөн арилжааны нислэгийн хэсэг нь л Хөшигийн хөндий рүү нүүх гэнэ.

“Чингис хаан” нисэх буудлыг үр бүтээлтэй ашиглахын тулд Нислэгийн сургалтын төв, Бага оврын нислэг хөгжүүлэх төв байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих юм байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудал “Буянт-Ухаа” нэртэйгээр 1957 онд байгуулагдсан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөөх аяныг өрнүүлж буйгаа мэдэгдлээ

Өнөөдөр “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөн өрнүүлж, бүгдээрээ эв санаагаа нэгтгэн эх орноо хямралаас аваръя гэсэн хэсэг хүмүүс хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд хөдөлгөөнийг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргарав, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, ардын багш Ж.Дүгэр, Монгол Улсын гавьяат багш н.Цэрэндорж, Чингэлтэй дүүргийг төлөөлөн өндөр настан н.Цэрэн, Баянгол дүүргийг төлөөлөн өндөр настан н.Дулмаа нарын хүмүүс оролцлоо.

Тэд эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө найман настай балчраасаа эхлэн 80 настай азай буурал хүртэл бүх насны хүмүүсийг хандив өргөхийг уриалан тооцоогоо ч гаргажээ. Энэхүү тооцоогоо нэг сарын дотор хийсэн байна. Мөн 0-80 насны бүх хүмүүсийг нас насаар нь ангилан тоог нь гаргажээ. Тухайн насны хүмүүсийн онцлогоос хамааран эх орноо өрнөөс гаргах тооцоог хийсэн аж. Тухайлбал, 20 настай 51.050 хүн байгаа бөгөөд энэ насныхан 13.000 төгрөгийг хандивлавал болох гэнэ. Харин 45 настай хүмүүс 38.188 байгаа бөгөөд 200.000-ыг, УИХ, ЗГ-ын гишүүд 100 сая төгрөгийг хандивлавал болох аж.

Эцэст нь тооцож үзэхэд нийт хүн амаас 214.692.889.000 төгрөг, төр засгийн өндөр албан тушаалтнуудаас 25.130.000.000 төгрөг, манай улсын томоохон аж ахуй нэгжүүдээс 405.000.000.000 төгрөг цуглаж нийт 644.822.889.000 төгрөг эх орондоо өргөж болохоор байгааг тооцоолжээ.

Өмнө нь манай “Өдрийн сонин”-оос урилга гаргаж, “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж, эх орноосоо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх нийтлэл бичсэн билээ. “Болор цом”-ын эзэн, манай сонины албаны дарга Норовын Гантулга энэхүү нийтлэлийг бичиж, ард түмнээ уриалсан. Энэ удаад ч гэсэн энэхүү уриалгыг бид дэмжин ажиллаж байна.

Энэхүү аянд нэгдэхийг хүсэгчид Хаан банкны 5014452956 дансанд мөнгөө шилжүүлж болох юм байна. Данс нь шилэн байх бөгөөд хэн, хэдэн төгрөг хандивлаж байгааг байнга мэдээлж байна гэлээ. Гавьяат эдийн засагч, Сүхбаатарын одонт Б.Осоргарав гуай өөрөө энэ аяныг эхлүүлэн 10 сая төгрөг болон зүүж явсан алтан бөгжөө хандивлаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

О.ӨНӨР



Categories
мэдээ нийгэм

Оюутнууд эсэргүүцэж, МУИС суурь хураамжаа тайлбарлав

МУИС сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж авдаг байна. Оюутнуудаас үндэслэлгүйгээр суурь хураамж авч байгааг эсэргүүцэн тус сургуулийн нэгдүгээр байрны гадна талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдсэн. Тус сургуулийн захиргаанаас энэхүү хураамжийг оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг гэдэг ч бодит байдалд ахиц гарахгүй байгааг оюутнууд хэлж байв. Энэ үеэр тэдний байр суурийг сонирхсон юм. МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Хосбаяр ярихдаа:

-МУИС-ийн удирдлагууд сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж авдаг. Бакалаврын түвшний оюутан жилд 224 мянган төгрөг, магистр докторын оюутан 336 мянган төгрөг суурь хураамжид төлдөг. Уг суурь хураамжийг таван жил авч байгаа бөгөөд суурь хураамжийг авснаар бидний сурах орчинд өөрчлөлт орсонгүй. Жил бүр л энэ асуудлыг ярьдаг. Одоо оюутнууд тэмцэх цаг нь болсон гэж бодож байна. Сургуулийн захиргаанд жил бүр гомдол гаргаж, өргөдөл өгдөг. Бид сургуульдаа мөнгө өгч болно. Гэхдээ тэр мөнгийг юунд зарцуулж байгааг л асууж, шаардаж байна. Бидний адил улсын их, дээд сургуулиуд барилга байгууламжийн чанар нь сайжирч байна. Гэтэл манай сургууль хэвээрээ л байгаад байгаа. Сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлсэн ч хариугаа авахад номын сангийн ном бүрдүүлэлт, сургалтын орчинд ашигладаг гэсэн цаасан дээрх хэдэн тоо өгсөн. Гэтэл нүдэнд ил хийсэн зүйл юу ч байхгүй байна. Өнгөрсөн жил энэ суурь хураамжийн мөнгө 5.8 тэрбум төгрөг болсон гэсэн” хэмээв.

Харин МУИС-ийн зүгээс оюутнуудын эсэргүүцэлд хариу болгож “Суурь төлбөр гэж юуг хэлээд байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хариулсан ярилцлагыг “шейр”-хийжээ.

-Их сургуулиуд яагаад кредит буюу багц цагт суурилсан сургалтын зохион байгуулалтад шилжив, үүнтэй холбоотойгоор санхүүгийн систем нь яаж өөрчлөгдөв гэдэгтэй холбоотой л доо. МУИС суурь төлбөрийг ялган тогтоосноор нийтлэг үйлчилгээний төлбөрийг давхардуулан авахыг зогсоосон. Суралцаж байгаа оюутан өөрийн боловсрол эзэмших үйл явцын эзэн байж, аль хичээлийг хэдийд сонгон үзэхээ шийддэг зарчимд шилжихээр бид бүр 1990-ээд оны эхээр чигээ тогтоосон. Гэвч энэ шилжилт олон жил сунжирч бүрэн гүйцэд болоогүй байсныг сүүлийн гурван жилд МУИС өөрийнхөө хүрээнд гүйцээн хэрэгжүүлж байна. Ингэж оюутан бүр өөрийн сонирхол, боломжид тулгуурлан сонголт хийж байгаа тохиолдолд төлбөр тооцооны систем ч үүнд нийцсэн байх учиртай. Иймээс 2011 онд МУИС-ийн Удирдах зөвлөл сургалтын төлбөрийн хэмжээг оюутны сонгох хичээлийн багц цагийн төлбөр (tuition) болон нийтлэг авах үйлчилгээний суурь төлбөр (fees)-ийн нийлбэр байхаар тогтоосон нь манайхтай ижил төстэй гадаадын сургуулиудад нийтлэг жишиг болсон практик юм. Оюутан бүр хэдэн кредитийн хичээлийг тухайн семестрт сонгон судалж байна, түүндээ таарсан төлбөрийг улирал, улиралдаа төлөх боломжтой болсон. Өмнө нь бол оюутны хичээлээ сонгох боломж бүрдээгүй байх үед бүх оюутныг нэгэн ижил хичээл судлуулахаар сургууль нь урьдчилан оноож, түүнд харгалзуулан төлбөрийн хэмжээг бүхлээр нь нэгэн ижил хэмжээгээр тогтоож авдаг байсан. Өнөөдөр ийм байдлаар үргэлжлэх ёстой гэж үздэг хүмүүс байсаар байна.

МУИС-ийн зардлыг задалж үзвэл захиргаа, аж ахуй, шуудан холбоо, сургалтын алба, мэдээллийн технологи, номын сан, хичээл практик, багш ажилтны цалин хөлс, халаалт, цахилгаан, цэвэр, бохир ус ашиглалтын гэхчлэн бүрдэл хэсэгтэй. Үүнээс байрны ашиглалтын зардлыг улсын төсвөөс хариуцдаг. Оюутан хэдэн хичээл сонгохоос хамааралгүй гардаг зардал буюу захиргаа, аж ахуй, шуудан холбоо, сургалтын алба, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, номын сан, цэвэрлэгээ, урсгал засвар, ажилтан, ажилчдын цалин хөлс зэрэг нь нийтлэг үйлчилгээний зардал бөгөөд үүнийг суурь төлбөрөөс санхүүжүүлж байна. Харин хичээл сургалттай шууд холбогдох багшийн цалин, тэднийг хөгжүүлэх зардал, хичээл практик, сургалтын лаборатори, кабинетын багаж хэрэгсэл, түүхий эд, урвалж бодис, ашиглалтын зардлыг багц цагийн төлбөрт шингээсэн байгаа юм. Үүний дүнд оюутан хүн сонгосон хичээлийн тооноосоо хамааран нийтлэг үйлчилгээний зардлыг дахин дахин давхардуулан төлөхөөс хамгаалсан зарчим юм. Олон улсын их сургуулиудад баримталдаг сургалт, нийтлэг үйлчилгээний төлбөрийн задаргааны энэ зарчим бол 1990-ээд оноос хойш бидний хэрэгжүүлэхийг зорьж буй кредитийн системд шилжих үйл явцын үндсэн зарчим гэдгийг боловсролын салбарынхан ч ойлгож, нэвтрүүлэх хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв

УИХ-ын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг хүлээн авч уулзаж, “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гэлээ.

С.Эрдэнэ “Эрхэм УИХ-ын дарга Танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээж авч байна. АН, МАН бол Монгол төрийн хоёр багана. Энэ хоёр багана гулзайхгүй, бат бөх, тэгш байх ёстой. Намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн байх нь дамжиггүй. Гэхдээ бид зөвшилцөл, эв эеийг эрхэм болгож, улс орноо хөгжүүлэх үйл хэргийг туйлын зорилго болгох болно” гэж хэлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Элэгний вирусийг үнэгүй тоолж байна

ХӨСҮТ зурган илэрцүүдЭрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний С, В вирус тоолох шинжилгээг үнэгүй хийж байна.

Тус шинжилгээг ХӨСҮТ болон Улсын нэгдсэн нэгдүгээр төв эмнэлгүүдэд үнэгүй авч байгаа бөгөөд шинжилгээнд хамрагдах иргэд харьяа дүүрэг, орон нутгийн эмнэлэгтээ С, В вирустэй эсэхээ тодорхойлуулсан байх шаардлагатай аж. Харьяа эмнэлгийн маягт, эрүүл мэндийн дэвтэртэйгээ ирж шинжилгээнд хамрагдах цаг аван үйлчлүүлэх аж.

Дээрх шинжилгээг урьдчилан цаг авсан иргэд даваа, пүрэв гарагийн 08:30-10:00 цагийн хооронд өгөх боломжтой.

Сайн дураар шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд ХӨСҮТ-д вирус тогтоох шинжилгээг 20 мянган төгрөг, вирус тоолох шинжилгээг 165 мянган төгрөг төлөн өгөх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Ноён сумаас урагш 10 км шороон замд ландкрузер онхолдож жолооч нь нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослын улмаас 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Тухайлбал, СХД-ийн нутаг Толгойтын зам, СХД-ийн ЗДТГ-ын хойд замд H.Verne маркийн авто машины жолооч Ш нь T.Prius маркийн Ү жолоочтой авто машинтай мөргөлдөж 30 настай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтжээ.

Мөн Өмнөговь аймгийн Ноён сумаас урагш 10 км шороон замд T.Landcruiser маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 59 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн байна.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий аудитороор Д. Хүрэлбаатар тангараг өргөв

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ.

Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр /2017.01.30/ Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхий аудитор танд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг нэр төртэй, ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.