Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй

УИХ-ын дарга М.Энхболд Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг дор хүргэж байна.


“Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох зэрэг дэлхий нийтийн хүсэл зорилгод хамгийн их гай барцад учруулагч нь авлига билээ. Улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига.

Авлигын барьцааг ард түмэн төлдөг. Авлигын төлөөсөнд улс үндэстэн гэрэлт ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ зэрэмдэглүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө дайтаж буй хэрэг юм. Энэ тэмцэлд ялагдаж болохгүй.

“Транспарэнси интернэйшнл” байгууллагын гаргадаг Авлигын индексийн 2015 оны судалгаагаар манай улс судалгаанд хамрагдсан 168 орноос 72 дугаар байрт орсон бөгөөд ийнхүү байр ахиж байгаа нь үр дүн мөн гэж ойлгож болно.

Гэхдээ Монгол Улсад авлигын ерөнхий түвшин өндөр байсаар байна. Энэ нь төр засгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн орчин, улс төрийн намуудын төлөвшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Зөвшөөрөл лиценз, тендерийн нууц гэрээ, оффшорын асуудал, улс төрийн нөлөөлөл, эрх мэдэл, давуу байдал олголт, төрийн албаны хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчил зэргээс ард түмэн залхаж байна.

Тиймээс бид авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин сэтгэлээрээ хүчин зүтгэх ёстой.

УИХ 2005 оны 10 дугаар сард Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг, 2006 оны 07 дугаар сард Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, Авлигатай тэмцэх газрыг байгуулсан нь авлигын эсрэг эрх зүйн орчин бүрдүүлэх, авлигын эсрэг тууштай тэмцэх улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон билээ.

Өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд 10 жилийн ойн мэндийг дэвшүүлж, та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Шинээр байгуулагдсан УИХ 2016 оны 10 дугаар сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, нийтийн албанд орохоор нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системд бүрэн шилжүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Баталгааны хуудасны загварыг тогтоож өгсөн.

Энэ дашрамд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсвэл АТГ-ын ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг.

Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно.

Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно.

Авлигатай бүх нийтээр тэмцэх, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэх чиглэлээр та бүхний анхаарлыг дараах хэдэн асуудалд хандуулъя гэж бодож байна.

1. Төрийн байгууллагын төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн өмч хөрөнгийг завшсан, үргүй зарцуулсан хүмүүст зохих шийтгэлийг хуулийн дагуу ногдуулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байгааг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад сонордуулъя.

2. Сайн хууль, сайн тогтолцоо бүрдсэн ч үйл ажиллагаа үр дүнтэй байх, эсэхийг шийдэх хүчин зүйл бол авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын чадавхийн түвшин юм. Авлигачдын ард хууль, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн бүхэл бүтэн баг ажиллаж байхад үүний эсрэг нэг мөрдөн байцаагч, эсхүл ганц прокурор ажиллаж байгаа хүчний тэнцвэргүй байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.

3. Авлига, албан тушаалын хэргийг илрүүлэн шалгах, хяналт тавих, хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нягтруулах зайлшгүй шаардлагатай байгааг зориуд онцолъё. Хариуцлагыг бие бие рүүгээ түлхэх, эсвэл “дошин дээрээ эзэн” дүр үзүүлэх, байгууллагын явцуу эрх ашгийг урьтал болгох сэтгэлгээнээс ангижрах цаг болсон.

4. Авлигын хэргийг хянан шийдвэрлэж буй хуулийн байгууллагын ажилтнууд мэргэжлийн хувьд чадварлаг, шилэн сонгогдсон, хувь хүнийхээ хувьд өндөр ёс суртахуунтай байх ёстой. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, үүний тулд тусгай хөтөлбөрийн дагуу системчилсэн сургалтад тогтмол хамруулж, авлигын хэргийг мөрдөхтэй холбоотой арга техник эзэмшүүлэх нь чухал.

5. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ хуулийн дагуу явж байгаа эсэхийг иргэд, олон нийтийн хяналтад өгөх зүйтэй. Ийм зохицуулалтыг Авлигатай тэмцэх хөтөлбөрт тусгасан. Хугацаа алдаж хойшлуулалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал байна.

6. Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргүүдийг илрүүлэх, олны анхаарлын төвд авчрахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг оролцоо нэн чухал гэдгийг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллах арга барилдаа эрс өөрчлөлт гаргах цаг болжээ. Тэдний хүчийг зөв ашиглаж, оновчтой дэмжиж, нэгэн тэрэгний хоёр арал болж зүтгээд үр дүнд хүрсэн жишээ дэлхий нийтэд олон байна.

7. Иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцоо, санаачилга бас дутуугүй чухал. Товчоор хэлбэл бид бүх хүрээнд хамтрах, хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Энэ тэмцэлд олон улсын байгууллагын дэмжлэгийг авах, дэлхийн улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх зайлшгүй шаардлага бий.

8. Ядуурлыг бууруулж, эх орноо хөгжүүлж, эдийн засгаа өөд татаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахыг та бид бүгдээрээ хүсдэг. Энэ хүсэлд маань авлига саад болж байна. Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйлчилгээ хүртэх эрхээ эдлэхийн тулд түшмэдэд мөнгө төлөх ёсгүй. Ийм хандлагыг иргэддээ бий болгоё. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг шууд мэдээлж, хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг тийм үзлийг нийт иргэддээ төлөвшүүлье.

Нэг үгээр хэлбэл авлигын эсрэг бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг урьд урьдаас илүү эрчимжүүлэх нь зүйтэй байна.

Миний дурдсан эдгээр ажил арга хэмжээ, санал бодлыг чуулганд оролцогч Та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгааж, зөв оновчтой шийдэл, сэдэл санаачилга гаргана гэдэгт итгэж байна.

Алагчлалгүй хуультай, авлигагүй нийгэмтэй, ёс жудагтай төртэй Монгол Улсын төлөө иргэн бүр хичээхийг, хүчээ нэгтгэхийг уриалъя.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхичдын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн байна. Б.Гал-Эрдэнэ нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Б.Батболд нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих, Б.Батболдод Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Гамшгийн бүсэд ардчилал ярихгүй, тодорхой эрх хязгаарлагдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр Төрийн ордны “Иргэний танхим”-д ийнхүү ярьсан юм.

-Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлаар ҮАБЗ өргөтгөсөн хуралдаан хийсэн. УИХ, Засгийн газрын төлөөлөл, орчны бохирдлын чиглэлээр ажилладаг албан тушаалтнууд, нийслэлийн удирдлага, шинжлэх ухаан, бизнесийн байгууллага, ТББ, хэвлэлийнхний төлөөлөл оролцсон юм.

Монгол хүний амьд явах эрхтэй холбоотой асуудал учраас төрийн тэргүүний хувьд хурлаас гарсан шийдвэр, цаашдаа юу хийх гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм. ҮАБЗ-өөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг өөрийнхөө фэйсбүүк, твиттертээ гаргасан. ҮАБЗ-ийн зөвлөмжийг Үндсэн хуульдаа нийцүүлсэн юм шүү. Үндсэн хуульд байгаа үндсэн эрх Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.

Улаанбаатар аюултай орчин болчихоод байгаа юм. Бид нэг асуудал дээр ч болов бие биенээ доош хийхгүй, хийж байгаа ажлыг нь унагахгүй байх хэрэгтэй байна. Эхийн хэвлийд байгаа ураг амьгүй болж байгааг аюул гэхгүй бол юуг аюул гэх вэ. Утаан дунд төрж өссөн бүхэл бүтэн үе бий болж байна. Улаанбаатарт хүн сайхан амьдрал хайж ирдэг. Түүнээс биш үр хүүхэдтэйгээ бүгдээрээ архаг өвчтэй болох гэж зорьдоггүй.

Ингэж ярихаар Ерөнхийлөгч одоо л сэрж байгаа юм уу, өмнө нь хийж байхгүй яасан юм бэ гээд олон хүн шүүмжлэх байх.

2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод би “Улаанбаатар хүн амьдрахад аюултай орчин боллоо” гэж сануулж байсан. Нийтийн анхаарлыг хандуулахад ийм урт хугацаа зарцуулж байна.

2010 онд УИХ, Засгийн газрыг шахаж байж агаар бохирдуулагчид хариуцлага хүлээлгэхээр болсон. Зөвхөн Улаанбаатарт ч яриад өнгөрөөгүй. Давосын жил бүрийн чуулган дээр энэ тухай ярьсан. 2011 онд намайг НҮБ-ын байгаль орчны шагналаар шагнасан.

ҮАБЗ 2011 онд нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар хуралдсан юм. Тэр үед хэвлэлийнхэн хүртэл энэ асуудлыг тоож бичдэггүй байлаа. Утаа гэж сүржигнэлээ гэсэн байдлаар ханддаг хүмүүс олон байв. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хуулийг 2010 онд УИХ-ын дарга Д. Дэмбэрэл байхад оруулж хэлэлцүүлж батлуулсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллах хүн олдохгүй П.Цагаан дарга гурван жил энэ хороог удирдсан шүү дээ. 2013 оны арванхоёрдугаар сард хуульд дахин өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн.

Хэвлэлийнхэн, холбогдох албан тушаалтнуудад нисдэг тэргээр Улаанбаатарын утааг харуулж байсныг та нар санаж байгаа болов уу. “Цэвэр агаар” сан байгуулж ажилласан. Ажил хийхэд алдаа дутагдал гардаг. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг ашгийн нүдээр харсан хүмүүс ч байлаа. Гэхдээ оносон зүйл их байсан. Би гэрээ дулаалсан олон айлаар орж үзсэн. Арга хэмжээ аваад ирэхээр олон улсын байгууллагууд хэмжилт хийгээд, “Утаа буурч байна” гэж дүгнэж байлаа. Тууштай яваагүй л болохоос биш.

Би зургаан жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байлаа. Хэлнэ гэдэг хийхийн эхлэл юм шүү. Энэ асуудлаар би Засгийн газрын хуралдаан, Нийслэлийн ИТХ дээр ч орж үг хэлж байсан.

Хэдүүлээ одоо л сэрлээ гэж нэгийгээ доош нь хийх хэрэггүй.

Утаа бол монголчуудын өөрсдөө тарьсан гамшиг. Утаа гаргаж байгаа зуухны цаана хүн л сууж байгаа. Бусад нь шүүмжлээд, буруутгаад байхаар ичсэн хүн буруу үйлдлээ өөрчилдөг. Хэвлэлийнхэн түргэний эмч шиг дуудлагаар ажиллаж, буруу үйлдлийг мэдээлэх хэрэгтэй.

Гэр хорооллынхон 600 мянган тонн нүүрс түлдэг. Шийдэхийн аргагүй асуудал биш. Нүүрс байгаа газар метан хий байдаг. Түүнийг нааш татаад, савлаад оруулж ирэхэд болно.

Үүнийг манай олон нийтийн оюун санааны манлайлагч нар маань хийхгүй байна.

Ерөнхийлөгчийн хувьд газрын зураг тодорхойлох шаардлагатай болж байна.

Гурван зүйл дээр албан тушаалтнууд нэгдмэл байр суурьт хүрлээ.

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гамшиг гэж үзэж байгаа бол хязгаарлалтын бүс тогтоодог.

Гамшгийн бүсээ тогтоосон бол уг бүсэд юуг хориглохыг тодорхойлдог. Нийслэлд шилжин ирэхийг хориглох ёстой гэж үзэж байгаа юм.

Гамшгийн бүсэд онцгой горимоор ажилладаг.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Орчны бохирдлын асуудлаар онцгой байдлын үндэсний хороо гэж өөрчилж, Ерөнхий сайд тэргүүлэх болсон.

Гамшгийн бүсэд ардчилал ярихгүй. Тодорхой эрх хязгаарлагдана. Шийдвэр биелүүлэхгүй бол шийтгэл хүлээх болно.

Энэ бол удаан хугацааны үйл явц.

Утаа гамшиг гэж хүлээн зөвшөөрсөн бол гамшгийн бүсээс хүмүүсээ гаргах шаардлагатай болно.

Аюултай орчноос хүмүүсээ нүүлгэдэг, гаргадаг шүү дээ.

Одоо бүгдээрээ дөрвөн уулынхаа дундаас гарч сэтгэмээр байна.

Улаанбаатар хотын хөрс бохирдсон. 30-60 жил нөхөн сэргээлт хийхгүйгээр бүтээн байгуулалт хийх асуудал байхгүй.

Улаанбаатарын газар нутгийн цэсийг тэлэх хэрэгтэй байна.

“УИХ-ын ордноо энд барь” гээд аймгууд уралдаж байх ёстой.

2005 онд би Хар хорумыг жишиг хот болгох Үндэсний хөтөлбөр санаачилж байсан. УИХ улс төржөөд энэ асуудал нээлттэй хэвээр үлдсэн. УИХ эр зориг гаргаж ордноо Улаанбаатараас нүүлгэхэд олон юм эрүүлжнэ.

Нийслэлээс төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд зам тавигдаад эхэлнэ. Улаанбаатарт ажлын байрны төлөө хүмүүс цуглаад байгаа юм. Одоо Улаанбаатараас уралдаж гарч хөрөнгө оруулах боломж бий болгох хэрэгтэй. Булган, Хэнтийд утаанаас зугатсан ээж, хүүхдүүдийг агаарт амруулах сувилал амралтын газрууд бий болж байна.

Утаа Улаанбаатарыг муухай харагдуулж байна.

Улаанбаатар үр ашиггүй хот болсон. Ирсэн хүмүүс хордоод байхад хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй.

Нийслэлийн эргэн тойрон дахь ногоон байгууламж агаарын бохирдлыг шүүж дийлэхээ байсан. Улаанбаатрын өмнүүр явж байгаа төмөр замаа хурдан барь гэж би Зам, тээврийн сайдад хэлсэн.

Дээр нь их, дээд сургуулийн хотхонуудыг хотоос гадна байгуулах хэрэгтэй байна.

Улаанбаатарт байгаагаа додомдъё. Шинээр барьж байгуулвал Улаанбаатараас гадна хийе.

Хүний амьд явах эрх яригдаж байгаа учраас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэгдүгээрт тавигдах учиртай.

Нүүж шилжсэний дараа хөрсөө эрүүлжүүлмээр байна. Ногоон бүс бий болгох хэрэгтэй. Тэгж байж эргээд хүн амьдрах таатай орчин бүрдэнэ. Улаанбаатарыг Төв, Өвөрхангай, Булган, Хэнтий, Дархан, Хөвсгөлийн хэмжээнд тэлэх хэрэгтэй байна. Бүгдээрээ хамтарч ажиллая, төлөвлөгөө гаргая.

Б.ЭГШИГЛЭН

Categories
энтертаймент-ертөнц

М.Зоригт эх орноо тойрч кино хийнэ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт эх орноо тойрон аялаж ястан, угсаатан бүрийн онцлогийг харуулсан баримтат кино хийхээр шийджээ. Тэрбээр 21 аймаг, 331 сумаар аялах санаагаа Өмнөд Солонгост 600 км дугуйгаар аялахдаа олсон гэнэ. Тэрбээр, “Би амьдралын 50 гаруй жилд ингэж эрх чөлөөтэй өөрийн зоргоор амьдарч үзсэнгүй. Ясли, цэцэрлэгээс эхлээд бага, дунд, их сургууль, хожмоо ажил алба, УИХ, Засгийн газарт ажиллан байнга л бусдын зоргоор, бусдын төлөө ажиллаж байсан бол өнгөрсөн оны сонгуулиас хойш өөрийнхөө дур зоргоор, санаснаа хийж, сайхан байна” хэмээн өгүүлсэн удаатай.

Тиймээс дуран авайтай нөхөрлөсөн он жилүүдийнхээ үр шимийг гаргаж, баримтат кино хийхээр болсон байна. 331 сум бүрээс сум, орон нутгийхаа үүх түүхийг мэддэг таван хүний дурсамжийг сонсохын дээр ястан, үндэстнийхээ язгуур урлагийг харуулсан тоглолтыг ч багтаахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажил нь түүний ойрын төлөвлөгөөнд багтжээ. Гэхдээ киногоо нэг жилд багтааж бүтээнэ гэж амлаж чадахгүйгээ хэлжээ. Нэг суманд нэг хоноход л бүтэн жил шаардлагатай гэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Б.Амарсайхан Есүс Христийн тухай кино хийнэ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан болон түүний гэргий С.Уран нар АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Есүс Христийн тухай кино бүтээхээр ажиллаж буй юм байна.

Энэ талаар С.Уран “Бид энэ 2017 онд АНУ-тай хамтран Есүс Христ, итгэлийн тухай кино хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл Бурханы сайн мэдээний талаар ил, шууд утгатай уран сайхны кино манай улсад хийгдэж байгаагүй.

Уг уран бүтээлээрээ дамжуулан Бурханы хаанчлалыг тэлэх ажилд хувь нэмрээ оруулна гэж зорьж байгаа” хэмээн хэвлэлд ярьжээ.

Дашрамд дуулгахад СТА, жүжигчин С.Амарсайханы гэр бүл Есүс Христэд итгэдэг аж.

Categories
гадаад мэдээ

Бельги дэх атомын цахилгаан станцад осол гарчээ

Бельги улсын “Дул” атомын цахилгаан станцад осол гарсны улмаас дөрөвдүгээр реактор нь зогсчээ. Цахилгаан станцыг эзэмшигч “Electrabel” компани энэ талаар мэдээлжээ. Осол дөрөвдүгээр реакторын цацраг идэвхит бүсэд гарсан ч мэдрэгч ажилласнаар реактор автоматаар зогссон байна. Ослоос болж цахилгаан станцын нэг ажилтан эрүүл мэндээрээ хохирсон аж.

Баруун Европын улсууд хоорондоо их ойрхон оршдог газар нутгийн хамааралтай учир Бельгийн атомын цахилгаан станцуудад осол эвдрэл гарах нь бүгдэд аюултай юм. Атомын цахилгаан станцын давтамж нь хэтэрхий ойрхон болсон тул хөрш Германы эрх баригчид атомын цахилгаан станцуудаа хаахыг нэг бус удаа сануулж байв. Гэвч тэд тоохгүй байсаар ийм байдалд хүрчээ. Бельгийн атомын цахилгаан станцууд нийт долоон реактортой бөгөөд эрчим хүчний хэрэгцээний 55 хувийг хангадаг учраас энэ асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй болов уу.

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам Умард Солонгосыг тив алгасагч баллистик пуужин хэзээ мөдгүй турших нь гэсэн болгоомжлолын үүднээс цэрэг армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Умард Солонгос тив алгасагч баллистик пуужингаа удирдагч Ким Чен Уны тогтоосон ямар ч байршилаас хэзээ ч хөөргөж магадгүй гэдгээ сая ням гарагт мэдэгдсэн юм.

Мөн Умард Солонгосын залуу удирдагч Шинэ жилийн мэндчилгээний үгэндээ ч улс орон нь тив дамнах хүчин чадалтай пуужин турших бэлтгэл ажлыг үндсэндээ дуусаж байгаа тухайг онцолсон. Пхеньяны эдгээр мэдэгдлийг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам бодит үндэслэлтэй гэж үзээд, тус улсын үйл хөдлөл бүрийг ойроос ажиглаж байгаагаа мэдэгдэж байна. Гэхдээ Өмнөдийн тал хойд хөршийнхөө тив алгасагч пуужингийн технологийг тодорхой түвшинд хүрсэн, гэхдээ дэвшилтэт түвшинд ахиж хүрээгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын эв нэгдлийн яам мөн хэвлэлийн бага хурал зарлаж, Умард Солонгос АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолыг угтаж, улс орных нь эсрэг баримтлаж байгаа байр сууриа өөрчлөхөд нь Вашингтонд шахалт үзүүлэх зорилгоор тив алгасагч пуужин хөөргөх асуудлыг гаргаж тавьж байна гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нэг шуудай нүүрс нь зарим хүний хувьд ад гай, утаа тортгийн “үүр” болж байхад зарим өрхөд хөлдөж үхэхгүй өвлийн шөнийг давах “амь тариа” болж буй. Олон мянган үгээр илэрхийлэх зүйлийг зөвхөн нэг гэрэл зургаар харуулах тохиодол цөөнгүй бий. Яг үүн шиг хүүхдийн ертөнцөд болж байгаа зүйлийг гэрэл зургаар илэрхийлэхийг зорьсон хэсэг залуус бол “Лантуун дохио” ТББ болон “Тусгал” гэрэл зургийн клубийнхэн юм.

Тэд өнөөдөр “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “UB Art Gallery”-д 11:00 цагт нээх гэж байна. Уншигч та бүхэнд тус үзэсгэлэнд дэлгэгдэх зарим бүтээлээс толилуулъя.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн хэсгийн замыг цэвэрлэлээ

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 9-ний өдрүүдэд дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Б.Обама Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэллээ

ЧИКАГО. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Чикаго хотноо найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэллээ.

Найман жилийн өмнөхтэй харьцуулахад АНУ бүх талаар илүү хүчирхэг улс болсон гэж тэрбээр хэлээд, бие биеийнхээ үзэл бодпыг хүндэтгэн үзэж байхыг бүх давхаргын америкчуудад уриаллаа.

Өдгөө 55 настай тэрбээр 2008 онд итгэл найдвар, өөрчлөлт гэсэн уриагаараа олон түмний итгэлийг олж, АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Харин түүний халааг авч буй Дональд Трамп Б.Обамагийн явуулж байсан зарим бодлогуудыг эргэн харна гэдгээ мэдэгдсэн билээ. Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөх юм.

“Ерөнхийлөгч нарын хооронд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх нь Америкийн ардчиллын үндсэн шалгуур юм. Гэвч хүн бүрт эдийн засгийн боломж бололцоо олгохгүйгээр манай ардчилал цаашид хэрэгжихгүй” гэж Б.Обама мэдэгджээ.

Мөн тэрбээр “Цагаан ордонд үг хэлэхийн оронд би болон миний эхнэр Мишель Обама гараагаа эхэлсэн тэр газартаа буцаж ирэхийг хүссэн учир би Чикаго хотод Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэхийг хүссэн юм” гэлээ.

Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа Чикаго хотод зочилсон нь энэ бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцоор 445 дахь удаагаа ниссэн байна.