Categories
мэдээ цаг-үе

Си Жинь Пинийн эрин үеийн Хятадын гадаад бодлогын 10 онцлох шинж

2012 оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын 18 дугаар Их хурлаар БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Ерөнхий сайд Вэн Зябао нар шинэ үеийн удирдлагад халаагаа өгч Си Жиньпин, Ли Кэцян нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын халааг авсан билээ. Дараагийн ХКН-ын 19 дүгээр Их хурал 2017 оны намар Бээжин хотноо болох товтой байна.

Эдүгээ БНХАУ-ын гадаад бодлогод Дэн Сяопины “Нээлттэй хаалга”-ны, Зян Зэминий “Өөрийн орны ашиг, сонирхлыг нэмэгдүүлэхэд тухайн нөхцөл, байдалтай уялдах”, Ху Зиньтаогийн “Тайван замаар улсаа хөгжүүлэх” бодлогууд багтана. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын удирдлага өнөөгийн улс төрийн тогтолцоог илүү нээлттэй болгох, авлигатай тэмцэх, иргэдийн санал, шаардлагыг сонсох, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой алхмуудыг хийж байна.

Си Жиньпин БНХАУ-ын удирдагч болсноор ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр ахиц гарч, улмаар Хятадын гадаад бодлого илүү санаачилгатай, хүчтэй, бие даасан шинжтэй болсон билээ. Мөн түүнчлэн Жиньпин Ерөнхийлөгч гадаад ертөнцөд өөрт хамгийн ашигтай байр суурийг эзлэхийг хичээн эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад чиглэсэн бодлого явуулж байна.

Си-гийн Засгийн газрын гадаад бодлогын 10 онцлох шинжийг дор дурдъя.

1. Си Жиньпин намын удирдлагын залгамж халааг авахдаа “Socialism core value” буюу “Социализмын үнэ цэнэ”-ийг танилцуулсан. Социализмын үнэ цэнэ гэдэг нь “хөгжил цэцэглэлт, ардчилал, соёл иргэншил, эв нэгдэл, эрх чөлөө, тэгш, шударга байдал, хууль ёс, эх оронч үзэл, чин сэтгэл, үнэнч, нөхөрсөг байдал” зэргийг багтаасан ойлголт юм. Сайтар ажиглавал Си Жиньпинийн Засгийн газар барууны үнэт зүйлс болох “ардчилал”, “хүний эрх” зэрэг ойлголтыг өнөөгийн Хятадад хуулбарлаж байгаа мэт харагдаж байгаа боловч Хятадын тал барууныхантай ижил сэдвээр, ижил түвшинд харилцах боломжийг бүрдүүлж байгаа юм.

2. Хятад улс Иракийн дайнаас хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд санал өгөхөөс түдгэлзэх хандлага гаргаж байсан боловч АНУ-ын Исламын бүлгийн орнуудад чиглэсэн агаарын довтолгооны үед Барууны орнууд чимээгүй байхад Хятад улс дэмжлэг үзүүлж байсан билээ. Одоо Си-гийн эрин үед, Хятадын түдгэлзэх хандлага улам бүр багассаар байна.

3. 2013 онд Си даргын дэвшүүлсэн, гол сэдэв бол “Хятад мөрөөдөл”. Энэхүү уриа нь ард түмний дунд нийгмийн хөгжлийн тэгш байдлыг бий болгохоос гадна цаашдаа “Америк мөрөөдөл”-ийг гүйцэж түрүүлэх хэтийн зорилготой нь нууц биш билээ.

Ху Зиньтао дарга “Хятадын загвар болох улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал, төрийн шууд оролцоотой зах зээлийн эдийн засгийн загварыг өөр оронд хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь улс орны хөгжлийн гарц өөр хоорондоо ялгаатай байдаг” гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ. Гэтэл Си дарга эсрэгээр “Хятадын загвар”- ыг олон улсад түгээж зарим хөгжиж буй орнууд эдийн засгийн загвараа болгон ашиглаж байна. Энэ нь Хятадын гадаад бодлого хэр гадагшаа чиглэлтэй байгааг харуулж байна.

4. Си Жиньпин Хятадын гадаад, дотоодын аюулгүйн бодлогыг нэгтгээд “Үндэсний аюулгүй байдал” гэсэн нэгэн үзэлд хамруулж, Засгийн газрыг цомхотгож, илүү ил тод, олон нийтэд үйлчлэх үүрэгтэй засаглал бий болгохыг хичээж байна.

5. Хятадын Өмнөд тэнгисийн бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд Cи-гийн Засгийн газар маргаантай хэсгүүдэд хатуу чиг баримтлахаар шийдсэн байна. Газар нутгийн маргаантай хэсгийн төлөөлөл бол Зүүн тэнгис (Сенкакү арлууд) болон Өмнөд Хятадын тэнгис (Спратли арлууд) зэрэг билээ. Хятад улс өөрийн санаачилгаар Зүүн тэнгист Зүүн тэнгисийн агаарын хамгаалах бүсийг тогтоосон нь Өмнөд Хятадын тэнгист мөн адил агаарын хамгаалах бүс тогтоох вий хэмээн зарим барууны орнууд сэрдэж байна. Мөн Парасели, Спратли арлууд болон Жунгша арлуудыг хянах “Санша” нэртэй хиймэл арлыг (Газрын гүний хөдөлгөөнийг зогсоох зорилготой барьсан арал гэсэн мэргэжлийн тайлбартай) байгуулсан нь тэдгээр арлуудын бүрэн эрхт байдлыг хамгаалсан бодлого явуулж буй нь харагдаж байна.

6. Си-гийн засаглал дор Хятадад олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд хүч түрэн идэвхтэй байгуулагдаж байна. 2013 онд БРИКС-ийн хөгжлийн банкны төв Шанхай хотод байгуулагдсан. Хятад улс тус банкны Онцгой байдлын нөөц сангийн бараг тал хувийг эзэмшдэг. Дараа нь 2014 онд Азийн бүс нутгийн интеграцийг дэмжих Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банктай адил зорилготой юм. 2014 онд Хятадын Бээжин хотноо зохион байгуулагдсан АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпин “АПЕК-ийн худалдааны чөлөөт бүс” байгуулах санааг өргөн дэвшүүлсэн. Энэ нь Бүс нутгийн цогц эдийн засгийн түншлэл (RCEP) болон Транс-Номхон далайн түншлэл (TPP) зэрэг олон улсын байгууллагуудтай ижил төстэй юм.

7. “Нэг бүс, нэг зам” төсөл нь Оросын Төв Ази дахь нөлөөллийг тэнцвэржүүлэх далд зорилготой. Энэхүү төсөл нь далайн эргийн хөгжлийг эх газрын дунд байрлаж буй орнуудад түгээх, мөн Европ, АНУ, Япон улсаас хэт хамааралтай байдлыг бууруулах зорилготой юм. Хятад улс нь “Хятад загвар”-ыг бусад орнуудад сурталчилж, улмаар дэд бүтцийн загвар, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг хөрш зэргэлдээ орнуудад түгээх стратегийн сонирхолтой бодлого явуулж байна. Ингэснээр, Ази, Номхон далайн улс орнууд аажмаар эдийн засгийн хувьд БНХАУ-тай хамааралтай болох юм.

8. 2015 оны тавдугаар сард Си Жиньпин “Азийн аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын талаар мэдээлэл хийсэн. Энэ нь “Хятад загвар”, “БНХАУ-ын үнэ цэнэ” зэрэг ойлголтуудын үргэлжлэл болсон билээ.

9. Мэдээлэл улам бүр даяаршиж, ардчилал сэргэн хөгжиж байгаа энэ эрин үед Хятад ч бас ард түмнийхээ дуу хоолойг сонсох технологийн нээлттэй бодлого явуулж байна. Мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятад улс өөрийн имижээ дээшлүүлэх тал дээр урьд урьдаасаа эрчимтэй ажиллаж байна.

10. БНХАУ-ын төрийн болон хувийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийн дийлэнх нь гадаадын мөнгө угаах хэрэг байдаг ба авлигын эсрэг тэмцэхэд Си Жиньпин дотоод, гадаадын байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалсан. Түүний хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх болон үндсэрхэг хөдөлгөөнүүд нь өргөн далайцтай явагдаж байна. Мөн Си монопол бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг үнээ буулгахыг шаардсан бөгөөд үүнд Microsoft болон Mercedes-Benz зэрэг гадаадын том корпорациуд орно.

Ойрын жилүүдэд Хятадын гадаад бодлого ийнхүү өнөөгийн чиг хандлагаа баримтлан тогтвортой хөгжих төлөвтэй байна. Улс орных нь эдийн засаг болон цэрэг армийнх нь хүчин чадал нэмэгдэхийн хэрээр тус улсын гадаад бодлого цаашдаа хэрхэн өрнөх нь олон улсын судлаачдын анхаарлыг улам илүү татах нь эргэлзээгүй.

Л.Даваажаргал


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ (II)

Түрүүч нь №006 (5573) дугаарт

-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-


“АПУ”-гийн Г.Батхүүгийн Туул голын эрэг дагуу барьсан хашаа

“Оюуны Ундраа групп” Туул голын эрэг дээр яг тулгаад шилэн барилга дүнхийтэл нь барьчихжээ. Шилэн барилгын зүүн талаар Туул голын эрэг рүү очих санаатай зурагчнаа дагуулаад явлаа. Тэгсэн хоёр хамгаалагч бид хоёр руу хар хурдаараа гүйсээр хүрээд ирэв. “Юун хүмүүс яах гэж яваа юм. Ямар зорилготой энэ хавиар эргэлдээд байна. Манай компанийн эзэмшлийн талбайгаас яг одоо гар. Гарахгүй гэвэл цагдаад барьж өгнө” гээд л сүйд болдог юм байна. Бид хоёр ч Туул голын эрэг орох санаатай явж байгаагаа учирлаж хэлсэн юм. Тэгсэн өөдөөс “Газар мундсан биш энэ хавиар ордог нь яаж байгаа юм. Үхлийн шугуй хавиар орохгүй юу. Намхан цагаан хашаан дээгүүр нь даваад ор. Энэ газар та нарын ордог газар биш” гээд хөөлөө. Энэ мэтээр Туулын эрэг рүү энгийн иргэн орж чадахааргүй болжээ. “Оюуны Ундраа групп” худалдааны төв, өндөр зэрэглэлийн ресторан гээд л олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. MCS группийн барьсан “Bella vista” хотхон шиг л ерөөсөө усны, энгийн, тусгай хамгаалалттай газар нутаг, барилгын гээд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалт бүрийг зөрчөөд барилга барьчихсан байх юм. Хэн, ямар замаар зөвшөөрөл өгсөн. Хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтыг хэрхэн аргалж, Туулын эрэг дээр барилга барих болов гэдгийг мэдэх хүн алга. Гэхдээ энэ газрын зөвшөөрлийг БОАЖЯ-ны газрын дарга аялал жуулчлалын чиглэлээр өгсөн нь тодорхой байгаа юм.

“Оюуны Ундраа групп” шилэн барилгаа залгуулаад мөн л Туул голын эргийг хэдэн зуун метрээр хашаалчихжээ. Өндөр цэнхэр, төмөр хашаагаар бүхэлд нь Туул голын тэр хавийн эргийг хашаалаад авчихсан байна лээ. Цаг агаар дулаарахаар барилгын ажил хийгдэх нь тодорхой харагдаж байв. “Оюуны Ундраа групп” Зайсан толгой дээр ёнхийсон том шилэн барилга барьсан. Зайсан толгойн гэрэлт хөшөөг тэр чигт нь халхалж, шилэн барилгаа сүндэрлүүлсэн байгаа. Мөн “Оюуны Ундраа групп” Зайсан толгойд тэр хавийн хамгийн том соёл амралтын бүтээн байгуулалт болох “Зайсан Хилл” төсөл хэрэгжүүлж буй. Зайсан-Соёл Амралтын Цогцолбор”, Худалдаа Үйлчилгээний “Зайсан Скуэр Төв”, нийтийн тээврийн тусгай үйлчилгээний “Air-360 Улаанбаатар”, тансаг зэрэглэлийн орон сууцны “Скуэр Резидэнс” зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Богдхан уул, Зайсан толгой, Хатан Туул голыг хамгийн их эрх дархтайгаар эзэмшиж, байна. “Оюуны Ундраа групп” хууль журмыг уландаа гишгэж, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр бүгдийг шийдэж болдог гэдгийг тод харуулж байна. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдгийг “Оюуны Ундраа групп”-ийн эзэд болох С.Отгонбаяр, С.Амарсайхан нарт сануулаад өгөх төрийн байгууллага, хууль хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан Монголд байхгүй аж.


“Оюуны ундраа” групп Туул голын эрэгт тулган ийм барилга барьжээ

ТУУЛ ГОЛЫН ЭРГИЙГ ҮХЛИЙН ШУГУЙТАЙ ХАМТ ХАШААЛСАН НУУЦ НОЁНТОН ХЭН БЭ

“Оюуны Ундраа групп”-т Туул голын эргийг хашаалсан төмөр, цэнхэр хашааны цаад талд солонгос ресторан үйл ажиллагаа явуулж байна. Солонгосын Элчин сайд, бизнесмэнүүд гээд л солонгосчууд энд ирдэг гэнэ. Анх “Ноёд” группийн захирал Ц.Буяндорж Туул голын эрэг тулгаад аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авч, түүнийгээ солонгосчуудад өндөр үнээр худалдсан гэх мэдээлэл байна. Солонгос ресторан өнгөрөөд өндөр, саарал төмөр хашаагаар Туул голын шугуйн бургас, эргийг тэр чигт нь хашаалаад авчихжээ. Энэ хашааны эзэн хэн бэ гэдгийг хууль хяналтын байгууллага, Богдхан уулын захиргаа тогтоож чадаагүй байна. Мөн Туул голоос барилгын компаниуд хайрга олборлож, маш том хэмжээтэй нүх гаргачихаж. Улмаар тэр нь цүнхээл болж, сүүлийн жилүүдэд иргэд тэнд хэдэн арваараа живж үхсэн баримт бий. Зундаа 15-20 орчим хүн цүнхээлд живж харамсалтайгаар амь насаа алддаг. Иргэд голын захын гүехэн усанд алхаж байгаад гэнэтхэн цүнхээл ус руу хөл алдаад живдэг аж. Үүнээс үүдэн тэр орчмыг “Үхлийн шугуй” хэмээн нэрлэх болжээ. Үхлийн шугуйгаас бөөгийн овоо өнгөртөл 500 гаруй метр урттай газрыг мөн л нэр нь үл мэдэгдэх хүн хашаалжээ. Энэ Богдхан уулын захиргаа, Хан-Уул дүүргийн газрын алба, Мэргэжлийн хяналтынхан энэ хашаанд огт хүрдэггүй байна. БОАЖЯ-наас хүртэл хэн энд хашаа хатгасан бэ гэдэг асуултад мэдэхгүй гэх хариултыг өгч байна. Тэгсэн мөртлөө хашааг нь хэн ч буулгаж зүрхэлдэггүй. Туул голын эргийг цагаан өнгөтэй төмөр хайсаар хашаалсан УИХ-ын эрхэм гишүүн байдаг гэх мэдээлэл ч байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын газар гэх мэдээлэл ч бидэнд ирж байлаа. Газрын эзэн нууц ноёнтон хэзээ ил гарах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч нэг л өдөр харуул хамгаалалт гаргаж, голын эрэг дээр байшин барилга сүндэрлэн босох нь тодорхой юм.


БАГА ТЭНГЭРИЙН АМНААС БӨӨГИЙН ОВОО ХҮРТЭЛХ ТОМ ХАШАА АПУ-ГИЙН Г.БАТХҮҮГИЙНХ

Хурдны замын урд талд, Туул голын эргээс 30 гаруй метрийн зайтай том, саарал төмөр хашааг битүү барьжээ. Энэ саарал хашааг бөөгийн овоо хүртэл барьсан байх аж. Хурдны замтай тулгаж барилга барихаар төлөвлөж байгаа юм байх. Хашааны зүүн талд дөрвөн давхар хаусны барилга барих гээд бетон цутгалтыг нь хийчихсэн байна лээ. Ингээд бөөгийн овооны 20 хүрэхгүй метр газрыг үлдээгээд дараагийн том өндөр төмөр хашаа угтах аж. Нэг захаас нөгөө зах нь харагдахүй тийм урт саарал хашаа байх юм. Яагаад хурдны замтай тулгаад голын эргээс 50 метр хүрэхгүй зайд хашаа барьсан гэдэг нь мөн л тодорхойгүй юм билээ. Холбогдох газрынхан “Зөвшөөрөлгүй баригдсан хашаа. Хэн хашаа барьчихаад байгааг бид мэдэхгүй байна” гэж хариулж байна лээ. Мөн тэр хавьд амьдардаг иргэд ч дээрх хоёр том хашаа хэний хашаа болохыг огт мэдэхгүй байв. Иргэд “Нэг шөнийн дотор Туул голын эрэг дагуух замыг бүрэн хаасан. Тэгээд л хашаагаа ачиж ирээд хэдэн залуус шөнөжин бариад хоносон. Маргааш өглөө нь хашааг бүрэн босгож дуусаад л яваад өгсөн. Хэн ч эсэргүүцэл үзүүлээгүй. Цагдаа нар ирээд хөдөлгөөнийг нь зохицуулж, замыг хааж өгсөн шүү дээ” хэмээн ярьж байсан юм. Дээрх хоёр компани бөөгийн овооны хэсэгхэн газрыг үлдээгээд бусад газрыг тэр чигт нь хашаалчихсан байлаа. Гэхдээ албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хашаа АПУ-гийн захирал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийнх гэнэ. Тэрбээр энд мөн л байшин барилга барихаар төлөвлөөд байгаа аж.

“Сод Монгол” группийн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд зочид буудал, хаус хууль зөрчин барьж байна.

БАГА ТЭНГЭРИЙН АМАНД СОД МОНГОЛ ГРУППИЙН Ц.АНАНДБАЗАР ЭЗЭН СУУЖЭЭ

Туул голын эрэг дээр Бага тэнгэрийн амны газрыг УИХ-ын гишүүд, үе үеийн сайд нар хуваагаад авчихсан байдаг. С.Баяр, Н.Баганбанди, “Жаст” группийн Ш.Батхүү, Л.Гансүх, Ерөнхий сайд асан С.Батболд, Н.Энхболд зэрэг улс төр, бизнесийн салбарынхан аж төрдөг. Мөн “Сод Монгол” групп эзэн суужээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Зүүнбаян рэйфанери” ХХК-д дөрвөн га газар аялал жуулчлалын зориулалтаар өгсөн ч энд барилга сүндэрлэжээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Их Ончууд” ХХК 1.54 га газар “Монгол аутдор” ХХК 1.5 га авсан байдаг. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар тэр чигт нь эзэмших болжээ. Бүр “Бага тэнгэрийн ам” гэх аялал жуулчлалын цогцолбор барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд ч зогсохгүй улсын хөрөнгөөр дулааны шугам Бага тэнгэрийн ам руу татсан байна. Туул голын эрэг, хурдны зам дагаад хэдэн тэрбум төгрөгөөр дулааны магистрал шугам тавьсан байна лээ. Өндөр зэрэглэлийн зочид буудал, хувийн хаус, амралтын цогцолбор гээд л хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө тэнд босч байна. Гэхдээ төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай бүх хуулийг зөрчин төсөл хэрэгжиж байна. Бага тэнгэрийн ам руу татсан дулааны шугам тавьсан зардлаар Долоон буудлын гэр хороолол руу дулааны шугам тавьсан бол Нийслэл хотыг утаанаас салгах боломж байсан. Долоон буудлын зам дагуу шугам тавиад өгөхөд л айл болгон мөнгө гаргаад дулааны шугам татаад нүүрс түлэхгүй суух боломжтой. Гэвч төрийн томоохон албан тушаалтан, бизнесийн салбарынханд зориулж Бага тэнгэрийн ам руу дулааны шугам хэдэн тэрбум төгрөг улсаас гаргаж тавьжээ.

Бага тэнгэрийн амнаас хөдөлж ойролцоо нь байх “Болор туул”, “Хүрхрээ” амралтын газарт хүрч очлоо. Мөн л Туул голыг битүү хашаалжээ. Манаач нь “Дотогш хүн оруулахгүй. Зураг авч болохгүй” гээд хавьтуулахгүй байна лээ. Тэндээсээ бид хөдөлж Их тэнгэрийн аманд очсон юм. Төрийн гурван өндөрлөг аж төрдөг Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдаар хамгаалуулсан Их тэнгэрийн аманд өнгөрсөн жил газар зарсан асуудал үүссэн. Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га газрыг “Шинэхэн” группт хууль зөрчин олгосон байдаг.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Сайхан жил, муухай жил” хэмээх нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өчигдөр “Нийслэлийн агаар,
орчны бохирдлын тухай”
сэтгүүлчидтэй уулзалт зохион
байгуулсан юм. Энэхүү уулзалтаас хийсэн сурвалжлагыг өнөөдрийн дугаарын нэг, хоёрдугаарт нүүрт нийтэллээ.

Шинэ Засгийн газар
байгуулагдаад л мөнгө
төгрөггүй учир ажил хийх
боломжгүй байгаагаа дахин
дахин зарлаж эхэлсэн. Тэгвэл “Өдрийн сонин” нэгэн уриалга
нийгэмд гаргасан юм. “Эрвийх
дэрвийхээрээ хөдөлж эх орноо
өрнөөс гаргахыг “Өдрийн
сонин” уриалж байна” хэмээх
уриалга нийтлэлээрээ бид
гаднаас авах зээл тусламж
Монгол Улсын тусгаар тогтнол,
ардчилалд халтай юм бол
дотоодоосоо мөнгө босгох
боломж байгаа тухай бичсэн. Энэ нийтлэл маань олон
түмний сэтгэлд ихэд нийцжээ.
Тиймээс ч нийтлэлийг маань
дэмжсэн иргэдийн санал
хүсэлт, захидлууд бидэнд
ирсээр байгаа юм. Энэ тухай нэг, тавдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан болж байдаг. Нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болсон манай гуравдугаар нүүрний энэ удаагийн дугаарт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сайхан жил, муухай жил” хэмээх нийтлэл хэвлэгдэн гарлаа.

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань
алттай арваадхан айлын Туул болжээ. Хэдэн үеэрээ алтанхан Туул
минь хэмээн сүсэлж ирсэн
Туулын эргийг Монголын хэдхэн баячууд эзэмшиж, хүн байтугай мал ч
ойртуулахгүй хашаалж, өндөр
харуул хамгаалалтад авсан нь
даанч харамсалтай юм. Энэ асуудлыг хөндсөн цуврал сурвалжлагын гурав дахь дугаарыг долдугаар нүүрт хэвлэн хүргэж байна.

УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах хуулийн төслийг
хэлэлцэж эхлээд байгаатай
холбогдуулан Хууль зүй,
дотоод хэргийн дэд сайд
Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр “Эрүүгийн хууль бол төрөөс гэмт
хэрэгтэй тэмцэх бодлого” хэмээн хэллээ. 12 дугаар нүүрээс уншаарай.

“Уран бүтээлч” буланд дуучин, ая зохиогч Бямбажавын ярилцлага гарлаа. “Оройтсон бороо”, “Мартагдашгүй хайр”, “Үй зайгүй найзууд аа үгүйлж явъя нэгнээ” зэргэ дуугаараа ард түмэнд танигдсан билээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Боксын УАШТ-д 39 багийн тамирчид өрсөлдөж байна

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болж байна. Энэхүү тэмцээн нь 2020 онд болох “Токио-2020” олимпийн наадмын гараа болж буйгаараа онцлог юм.

УАШТ-д эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа юм.

“Токио 2020” олимпийн наадмын гараа болсон боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон сорилтууд хүлээж байна.

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 15-ныг хүртэл өдөр бүр 14.00 цагаас Спортын төв ордны “А” зааланд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдаас мах худалдаж авна

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар мал малчин, махны үнэд анхаарал хандуулжээ.

Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас орж, хүйтэрвэл 17 аймгийн 127 суманд өвөл, хаврыг хүндхэн туулах эрсдэлтэй байгаа юм.

Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газарт махны хомсдол үүсэхээс сэргийлэх, махны үнэ өсгөхгүй байх үүднээс мах бэлтгэлийг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа. Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм.

“ЭРДЭНЭТ-ОВООТ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ШУГАМЫН ЧИГИЙГ ТОГТООВ

“Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.

Төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлагдсан чигийн координатыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.

Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно.

Мөн “Сайншанд” зэрэг аж үйлдвэрийн цогцолборт ашигт малтмалын гаралтай түүхий эд нийлүүлэх боломж бүрдэх юм. Орд газрууд, аж үйлдвэрийн цогцолбор болон хот, суурин газруудыг төмөр замаар холбож нэгдсэн сүлжээтэй болно. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон далайн чинадад бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар.

Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арц суурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно. Ингэснээр 2.5 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй Улуг-Хемийн ордоос жилд 47 сая хүртэл тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх боломжтой болох юм байна.

БАРУУН ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ АВТОМАШИНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛНА

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв.

Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.

Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.

Мөн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар салбарын сайдын танилцуулгыг сонслоо.

2016 оны жилийн эцсийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна.

Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна.

Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.

15 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ОЛГОХООР БОЛЛОО

Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.

“ЧИНГИС ХААН” ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

“Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм. Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн зургаан сарын турш гадаад, дотоодын иргэдэд үйлчлэх юм. Энэ хугацаанд үзэсгэлэнг 1.4 орчим сая хүн үзэж, төслийн хүрээнд 4-5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр авсан зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулна гэж төслийн багийнхан тооцжээ.

“Чингис хаан” шинэ зууны бүтээлч төсөлд 2.5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд уг зээлийг 2 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсч байгаа юм.

ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖИД ЗААСАН ХУУЛЬ, ШИЙДВЭР ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ БОЛОВСРУУЛЖ ТАНИЛЦУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Энэ сарын 10-нд болсон Үндэсний аюулгүй байдлын өргөтгөсөн хуралдааны зөвлөмжид

Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах

Төрийн захиргааны төв байгууллагууд төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх,

Агаар, орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох

Орчны бохирдлыг бууруулахад иргэд байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон.

Зөвлөмжид заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Товч мэдээ

-Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

-Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам болон “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Насжилт өндөртэй автомашины импортыг хязгаарлана

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай танилцуулга хийв.

Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.

Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.

Хотын утааг багасгахтай холбоотойгоор нийслэлийн удирдлагууд насжилт өндөртэй автомашинуудыг хилээр оруулахыг хориглох тухай ярьж байгаа. Харин Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар салбарын сайдын танилцуулгыг сонссон байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна.

Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна.

Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдах бүртгэл энэ сарын 23-27-ны өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Япон төвд явагдах юм байна.

Энэхүү хөтөлбөрт Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын чиглэлээр сурч байгаа 2 эсвэл 3-р курсын оюутнууд хамрагдах боломжтой аж. Мөн Японд суралцах талаар ганцаарчилсан дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг нэгдүгээр сарын 24-27-ний өдрүүдэд авч болох юм байна. Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2017 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй гэнэ. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдох юм байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

  • Монгол Улсын иргэн байх.
  • 1987 оны 4 дүгээр сарын 2-ноос 1999 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
  • Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).
  • Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.
  • Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
  • Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
  • Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан” ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
  • Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
  • Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
  • Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

Бүрдүүлэх бичиг баримт:

Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)

  • Дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3х4 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

Шалгалтын журам:

  • Бичгийн шалгалт: Япон хэл

Хэзээ: 2 дугаар сарын 19-ний өдөр (Ням)
Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/

  • Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтанд тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн 320-777 утаснаас лавлаарай.

Categories
мэдээ нийгэм

Алтан-Овооноос X хороолол хүртэл шинэ чиглэл нээгдлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч26 чиглэлийн маршрутыг гаргажээ. Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын есөн автобус үйлчилгээнд гарч байна.

Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад шинэ чиглэл нээж байгаа ажээ. 26 дугаар хорооны хувьд 20 гаруй мянган хүн амтай. Нийтийн тээвэр явдаггүйгээс зарим иргэд 2-4 км алхаж байж автобусанд суудаг байсныг тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг хэллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй шинэ чиглэлийн нээлтэнд оролцох үеэрээ “Ч62 чиглэлийн автобус зөвхөн 26 дугаар хорооны төдийгүй СХД-ийн 2, 3, 20, 18 дугаар хорооны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ. Өмнө нь зөвхөн бага оврын микро автобус болон такси явдаг байсан бол иргэд маань өнөөдрөөс нийтийн тээврийн автобусаар зорчих боломж нээгдэж байна.” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид иргэдтэй уулзалт хийх бүрт алслагдсан хороодын иргэдийн тавьдаг гол асуудал нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийн талаар байсан. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд ажилдаа явах зэрэгт маш их хүндрэл учирдагийг иргэд бидэнд хэлсэн. Харин одоо НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдэж байгаад иргэд баяртай байна” гэсэн юм.

СХД-ийн 26 дугаар хорооны иргэд ч гэрэлтүүлэгтэй замаар дулаан, тохилог автобусаар явах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт хоёр хүн угаартаж нас баржээ

ОБЕГ-аас өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймаг Өлгий сумын Алтай сумын 3 дугаар багт суух Т /эм.36н/, Бугат сумын харьят Ж /эр.16н/ нар угаартсан байдалтай нас барсан байсныг холбогдох байгууллагатай хамтран шалгаж байгаа мэдээлэл өглөө.

Тухайн үед хамт байсан хоёр хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн “Сэхээн амьдруулах тасаг”-т эмчлилж байна. Энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын 09-нд авч, аймгийн ОБГ-т мэдээлжээ. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг шалгаж байна. Сүүлийн өдрүүдийн хүйтрэлтээс болж иргэд гэртээ угаартах, гал түймэрт өртөх явдлууд гарсаар байгаа. Гал гарахад хамгийн түрүүнд хүн угаартаж нас бардаг тул утаа хамгийн аюултай байдаг гэж мэргэжлийн байгууллагынхан анхааруулдаг. Тиймээс иргэдийг гэрийнхээ цахилгаан хэрэгсэл, залгуур зэргийг ямагт шалгаж байхаас гадна сэрэмжтэй унтаж, галын аюулд өртөхгүй байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Археологичид судалгааны шинэ үр дүнгээ танилцуулна

Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2016” эрдэм шинжилгээний хурлыг 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод зохион байгуулна.

Хурлын үеэр “Монголын археологчид” сэдэвт хөрөг зураг, “Монгол орон археологчдийн нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.

Хурлаар 2016 онд хийгдсэн монголын археологийн хээрийн судалгааны тайланг хэлэлцэх, мэргэжлийн судлаачид харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах зорилготой юм.

Хуралд Түүх-Археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтдийн тайланг хэлэлцэхээс гадна ОХУ-ын судлаачид хүрэлцэн ирж оролцох юм.

Монголын археологчид 2016 онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний зэрэгцээ нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судласнаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.

Эрдэм шинжилгээний хуралд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид мэдээлэх болно.