Categories
мэдээ нийгэм

Зэвсэглэсэн этгээдүүд ломбард дээрэмджээ

Энэ сарын 10-ны үдэш Баянзүрх дүүргийн 13-р хороололд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрыг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмджээ.

Хар хүрэмтэй 170 орчим см өндөртэй 25 орчим насны хоёр залуу байсан талаар ломбардыг ажиллуулж байсан хүн цагдаагийнханд мэдүүлсний зэрэгцээ хяналтын камерт нь тэдний дүрс бичигдэж үлджээ.

Зэвсэгт дээрэмчид тэнд ажиллаж байсан 30 настай Г гэх эмэгтэйг сандалтай нь хүлээд 1.1 сая төгрөг, 31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл гээд нийт 15 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн уг хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г, Ц нарын гурван хүн үйлдсэнийг тогтоон хоёрыг нь саатуулж, нөгөөг нь эрэн сурвалжилж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 147.2-т заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж зэвсэг ашиглан дээрэмдсэн гэсэн үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Сэжигтэн хоёр этгээдийн нэг Т нь бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан бол Г нь дээрмийн хэрэгт шалгуулж байхдаа энэ төрлийн хэрэг дахин үйлджээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп анх удаагаа хэвлэлийн бага хурал хийв

Бусад улс оронтой хийж байгаа худалдааны тэнцвэргүй байдлыг арилгаж, үндэсний ашиг сонирхлыг эн тэргүүнд тавина гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр лхагва гарагт Нью-Йорк хотноо “Trump Tower” цамхагт хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ нь түүний хувьд өнгөрсөн оны долдугаар сар болон сонгуульд ялснаас хойш хийсэн анхны хэвлэлийн бага хурал юм.

Тус улсын бусад оронтой байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг тэрбээр “гамшиг” гэж тодорхойлжээ. Хятад, Япон, Мексик болон бусад улстай хийж буй худалдаанаас АНУ ихээхэн алдагдал хүлээж байна гэж тэрбээр шүүмжилсэн байна.

Зарим компани, тэдгээрийн дотор Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөгөө цуцалсан “Ford Motor” компанийг тэрбээр сайшаагаад “би ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлэх болно” гэжээ.

Тэрбээр сэтгүүлчдэд “ОХУ-тай хэрхэн зохицон харьцахыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би үүнийг хийж чадна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон болон тус намын албаны хүмүүсийн компьютеруудыг Москва хакердсан гэж АНУ-ын тагнуулын байгууллага мэдэгдсэнтэй холбогдуулан Д.Трамп хэлэхдээ “Орос улс кибер халдлагад холбоотой” гэжээ.

Үүний сацуу тэрбээр Ардчилсан намынхныг буруушаагаад “тэд өөрсдөө хакердаад өгөөч гэж байгаа мэт задгай байсан” гэж хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах тухай зэрэг 15 асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар нэг хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл зэрэг 17 асуудлыг хэлэлцэхээр товлогдсон.

Хурлын эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудал дунд багтсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар Ардчилсан намын бүлгийн гишүүн Я.Санжмятав завсарлага авах санал гаргалаа. “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар намын бүлэгт мэдээлэл өгөөгүй. Гишүүдэд судлах зүйл багагүй байна” гэж Ардчилсан намынхан завсарлага авах шалтгаанаа тайлбарласан юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлгийн саналыг хүлээн авч, нэг хоногийн завсарлага өгч байгааг танилцуулав. Ингэснээр маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж хойшлууллаа.

Categories
мэдээ улс-төр

СЕХ-ны гишүүнээр Ө.Энхтөрийг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг чуулганд танилцууллав. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогт нь гадаадад ажиллахаар томилогдсон учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх санал гаргасан юм байна. Тиймээс СЕХ-ны гишүүнээс Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг томилох санал гаргажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлээгүй учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар буюу СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, СЕХ-ны гишүүнээр Ө.Энхтөрийг томилохыг гишүүдийн олонхи дэмжиж, баталлаа. Ингээд СЕХ-ны гишүүнээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр ажиллахаар болов.

Чуулганы хуралдаанаар яг одоо Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

15 сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгохоор боллоо

Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын алба хаагчид, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд мэдээлэл өгчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Арбитрын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хөгжлийн банкны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайзэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товложээ.

Мөн эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх тухай асуудал хэлэлцүүлэгт орж ирлээ. Эл асуудлаар Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хоёр ижил хуулийн төсөл цугтаа хэлэлцэгдэж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Таван толгойг хэрхэн хөдөлгөх тухай хувилбарууд яригдаж байна. Бас 49 хувийг хятадуудад зарах нь ч гэж ярих юм?

-Иймэрхүү мэдээлэл их явж байна, 49 хувийг худалдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төрийн 100 хувийн өмчийн оролцоотой Эрдэнэс-Таван толгойг ашигтай ажиллуулж байвал иргэн бүрт өгөх 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй, амьд болгоно гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Өмнө нь Чалкотой байгуулсан гэрээ энэ онд дуусна, энэ үед дараагийн компанитай гэрээ байгуулах тухай асуудал яригдана. Үүнтэй холбоотойгоор л зарчлаа гэсэн асуудал үүсч байгаа байх. Энэ асуудал хуулийн дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Миний хувьд Засгийн газраас албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа тохиолдолд урьдчилан таамаглал хэлэх боломжгүй.

-Он гараад эдийн засгийн нөхцөл байдал тодорхой болно гэж ярьж байсан. Он гарчихлаа. Одоо эдийн засаг сайжрах уу. ОУВС-гийн мөнгө хэзээ орж ирэх вэ?

-2017 оны төсвийн тухай хуулиа бид арваннэгдүгээр сарын 10-нд баталсан. Тэр үед хэрвээ “Стэнд бай”-н мөнгө ороод ирвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн тайлбар өгч байсан. Одоогоор тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан жилийн эцсээр 2016 оны төсвийн тодотголын хэмжээнд ажиллаж төсвийн жил дууслаа, хичнээн хямралтай ч гэсэн сардаа цалингаа тавиад, хүлээгдэж байсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зардлаа санхүүжүүллээ. Өнгөрсөн онд дансандаа мөнгөтэй хэрнээ ихэнх төсөвт байгууллагууд өртэй гарч нэн хүндрэлтэй асуудал орон даяар үүссэнийг санаж байна.

-Сүүлийн үед агаарын бохирдлын тухай нэлээн ярьж байна. Гэсэн хэдий ч яг хэрэгжүүлье гэхнээ бэлэн төсөл хөтөлбөр байхгүй гэсэн. Ямар дорвитой ажил хийх ёстой вэ?

-Өргөдлийн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах тухайд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Миний хувьд уг хурал дээр энэ агаарын бохирдол утааны асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцээч ээ гэсэн саналыг өгсөн. Мөн гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахгүй бол утааны асуудлаас мөддөө салахгүй. Бага, дунд орлоготой өрхөд чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм түрээсийн орон сууц барих компаниудыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг чөлөөлчихлөө. Нөгөөтэйгүүр өдрийн цагт нарны энергиэр гэр, байшингаа халаах боломжийг бүрдүүлж нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бас дэмжих хэрэгтэй. Орон нутгийг бүсчилсэн хөгжлийн хэлбэрээр том бодлогын түвшинд хөгжүүлэх хэрэгтэй, ингэж байж шилжилт хөдөлгөөнийг хот руу биш хөдөө рүү чиглүүлэх бодлогын асуудал чухал болно.

-Утаанаас салахын тулд орон сууцжуулъя гэх юм. Гэтэл ипотекийн зээл зогсонги байдалд байна. Үүнийг эрчимтэй үргэлжлүүлж болохгүй юу?

-Гэр хорооллын иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл боломж харьцангуй бага. Өнөөдөр нийслэлд шинээр ашиглалтад орсон барилгын нэг м2 нь дунджаар 1.8 сая төгрөг түүнээс дээш байгаа болов уу. Тэгэхээр зорилтот зах зээлдээ бодитой байдлаар хүрч чадахгүй байна. Гэр хорооллын иргэдийн сарын дундаж орлого хэд байна, тийм орлоготой өрхөд сард төлбөрөө төлөөд суух эсвэл түрээсээ төлөх орон сууцыг илүүд хүсч байна. Урьдчилгаа төлбөргүйгээр, сарын төлөлт багатай, урт хугацаатай ипотекийн зээл байх боломжтой юу гэдгийг судлах ёстой. Тийм хэмжээний барилгын компаниудыг төрөөс бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна. Талбайн хувьд тийм ч том байх албагүй. 30-40 м2 талбайтай ч байж болно. Гэтэл хөдөө бүр суманд нэг м2 нь нэг сая төгрөг байхад уг орон сууцыг авч чадахгүй байна ш дээ. Тэгэхээр хөдөө ийм үнэтэй баригдаж байгаа юм чинь хотод илүү хямд барих боломж байхыг үгүйсгэхгүй. Ер нь ипотекийн зээлийг эрчимтэй үргэлжлүүлж болно, олгох эх үүсвэр байхгүй байна. Эдийн засгийн хямралтай шууд холбоотой.

-Уг нь түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн ч гэлээ эхний хэдэн айлаа оруулаад одоо бас л зогсчихлоо. Үүнийг энэ онд үргэлжлүүлэх боломж бий юү?

-Ипотекийн зээлийг боломжит хувилбараар үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Хямралыг даван туулах хөтөлбөрт мөн энэ тухай тусгасан байгаа. Мөн сая Ахмад настны тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тэдний нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцанд хамрагдах талаар нийгэмд түгээмэл байгаа асуудлыг гишүүд маань ярьж байсан. Ахмадуудын маань гол баталгаа нь тэтгэвэр. Түрээсийн орон сууцыг оюутан, залуучууд, ахмад гээд бүх насны хүмүүс дэмжиж байгаа.

-Хямралыг даван туулах хөтөлбөр баталсан. Одоо хэрэгжүүлж байгаа ажлууд нь юу байна вэ?

-УИХ оны өмнө хөтөлбөрөө баталсан. Мэдээж хэрэг эдийн засаг хурдан сайжраасай гэх хүлээлт хаа хаанаа байна. УИХ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хууль эрхзүйн орчинг бүрдүүллээ. Монгол Улсыг хөгжүүлэх томоохон дөрөв, таван мега төслүүдээ энэ оноос эхлүүлж ажлын байр нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөж байж нөгөө талаар баялаг бүтээгчдээ дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг бий болгох нь хямралыг даван туулах том хүчин зүйл.

-Оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулиар зөвхөн МАН-аас нэр дэвшсэн хүн ялалт байгуулах магадлалтай болж байгаа гэх юм?

-Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль гээд бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв. Хэрэглэхэд маш хүндрэлтэй, хэцүү. Өнөөдөр хэлэлцэхээр болж чуулганаар шийдвэрлэгдлээ. Дөнгөж хэлэлцүүлгийн шатанд явж байна. Сөрөг хүчний яриад байгаа шиг МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулна гэж юу байхав дээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа болсон Төрийн тэргүүнээ сонгох хуулийг нийтлэг эрх ашгийг хангаж боловсруулж батална гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэн бүхний болон намуудын эрх ашгийг тусгах бүрэн боломжтой.

-Та Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Х.Болорчулуун бидний хэдэн гишүүдийн санаачилсан хууль өргөн баригдсан байгаа. Хүн эрүүл амьдрах бидний гол баталгаа. Янз бүрийн өөрчлөлттэй, найрлагандаа хувиргасан амьд организм агуулсан генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах цаг нь болсон. Ялангуяа манай улс импортын хүнсний бүтээгдэхүүний нэлээд өргөн хэрэглээтэй. Нөгөө талаар хүн ам цөөн, байгаль газар нутаг өргөн уудам тул хүнсний хэрэглээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хяналт тавьж эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Үүнийг зогсоохын тулд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.


Categories
мэдээ цаг-үе

Б.Цолмон: Би чинь бөмбөрөө илээд үнсдэг юм шүү дээ

“Соёл Эрдэнэ- хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цолмонтой ярилцлаа.


-Юуны түрүүн танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Та хэдэн жил хамтлагтаа бөмбөрчнөөр ажиллав?

-Би 1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн цохиур хөгжмийн ангийг төгсөөд Улсын филармонийн симфони найрал хөгжимд хуваарилагдаж очсон. Тэндээ жил тоглоод 1979 онд дуу хөгжмийн “Соёл Эрдэнэ” хамтлагт бөмбөрчнөөр орсон. Түүнээс хойш энэ хамтлагтаа тасралтгүй ажиллаж байна даа.

-Сүүлийн үед “Соёл Эрдэнэ” хамтлаг тоглолт хийж байна уу?

-Бүрэлдэхүүний хувьд учир дутагдалтай учир дангаараа тоглоход хэцүү л дээ. Олон сайхан хөгжимчин, уран бүтээлч найз нар маань тэнгэрийн оронд очжээ. Манай одоогийн бүрэлдэхүүн гэвэл том Жагаа нэрээр олны танил болсон гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, Ч.Насантогтох, нэрт дуучин дуучин Б.Баяр агсны хүү Б.Хонгор нар байна. Манайхаас үе үеийн олон сайхан уран бүтээлчид төрсөн. Алдарт гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий, гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан байна. Тиймээс том хэмжээний тоглолтод оролцоход тэд маань хамтардаг. “Соёл Эрдэнэ” хамтлаг Монголын рок попын анхдагч гэдгээрээ өнгөрсөн жил “Алдрын од” хүртсэн. Ер нь манай хамтлаг гурваас дөрвөн үед хуваагддаг, мянга гаруй уран бүтээлтэй. “Хүүш Дамдин”, “Тэмээн жингийн цуваа” гээд л олны танил болсон олон бүтээл бий. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ятгын дөрвөл гэж байлаа. “Цэнхэр залаа” хэмээх аялгууг тоглосноор нь хүмүүс сайн мэддэг.

-“Цэнхэр залаа” гэж нөгөө цаг агаар гарахад явдаг ая мөн биз?

-Тийм. Монголын ард түмэн түүнийг цаг агаарын ая гэж нэрлэдэг. Манай нэрт хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин С.Баатарсүх зохиосон. “Соёл Эрдэнэ” хамтлаг маань Ардын дуу бүжгийн чуулгын дөрвөн ятгачнаас үндэслэн байгууулагдсан түүхтэй. Тэр үед буюу 1970-аад оны эхээр анх “Цэнхэр залаа” аялгууг тоглож Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн байдаг.

-Яагаад энэ аялгууг “Соёл-Эрдэнэ” хамтлагаар тоглуулсан юм бол?

-Хөгжмийн зохиолч С.Баатарсүх маань манай хамтлагийнхантай найз байсан. Тэгээд л энэ аялгууг ятгаар тоглоё гэж ярилцсан юм шиг байна лээ. Монголын радио, телевизэд тэр үед энэ аялгууг цаг агаар гарахад явуулъя гэж шийдсэн бололтой. Энэ аялгуугаар “Учралын уянга” кино концерт, одоогийнхоор клип хийсэн байдаг даа.

-Таныг тус хамтлагт хөгжимчнөөр очиход байгуулагдчихсан байсан уу?

-1970 онд анх Ардын дуу бүжгийн чуулга дээр байгуулагдаад 1971 онд Улсын филармони бий болоход харьяанд нь очсон. Одоо нөгөө бөөн юм болж нураадаг Ахмадын байранд байрлаж байлаа. Албан ёсоор бол 1971 оны намар “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан гэж үздэг. Тэр үеийн Соёлын яамны сайдын тушаал гарч байлаа. Би бол 1979 онд “Соёл-Эрдэнэ”-д орсон. Байгуулагдсанаас нь найман жилийн дараа гэсэн үг. Надаас өмнө Гавьяат жүжигчин Жаргалсайхан бөмбөрчин байсан. 3-4 жил тоглоод сургуульд явсны дараа Хүрэлчулуун гэдэг бөмбөрчинтэй болсон. Удалгүй тэр ч сургуульд явж би орж билээ.

-Хараад байхад бөмбөрчин гэдэг бол нэлээд хүнд ажил шиг санагддаг.

-Бөмбөрчин бол аргагүй хүнд ажил. Хүний дөрвөн мөч хөдөлдөг, дээр нь дуу, чимээ, гэрэл гээд бүгд орно. Дээр үед Мэргэжлээс шалтгаалах өвчний диспансер гэж байсан. Тэндээс ирж хэмжилт хийгээд эстрадын бөмбөрчин бол хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн акт тогтоож 20 жилээр тэтгэвэрт гардаг болж байлаа. Сүүлд 1996 онд Бага хурлын шийдвэрээр түүнийг нь болиулсан.

-Бөмбөр тоглоход хүч шаарддаг уу, эв илүү шаарддаг уу?

-Хүч, эв, мэдрэмж аль аль нь шаардана. Ер нь бөмбөрийг их хүчээр тоглохгүй шүү дээ, хамгийн гол нь гарны техник, маш их мэдрэмжтэй байх ёстой. Мөн хэмжээ сайтай байх хэрэгтэй.

-Гадаадын алдартай хамтлагийн нэртэй бөмбөрчид олон байдаг. Та тэднээс хэнийг биширдэг вэ?

-Ер нь бол тэд бүгдээрээ их мундаг. Бүр багаасаа сургалтаар нь явчихсан байдаг. Харамсалтай нь манайд эстрадын бөмбөрчний анги гэж байдаггүй. Хөгжмийн коллеж, СУИС-д цохиур хөгжмийн анги байдаг. Тэр нь оркестрын цохиур хөгжимчин бэлддэг.

Интернэтэд ороод харахад гадаадад бол гурав, дөрвөн настай хүүхэд бөмбөр тоглож сурч байдаг. Сургалт нь байж байдаг, түүнд нь сурсан болохоор хүн өөрийнхөө мэргэжилд эзэн болдог шигээ жинхэнэ мэргэжлийн бөмбөрчид болдог. Манай бөмбөрчид бол бор зүрхээрээ явж байгаа хүмүүс. Гадныхан мэргэжилдээ бүх амьдралаа зориулдаг. Би бол 1975 оноос DEEP PURPLE гээд хамтлагийг сонсдог байсан. Тэдний бөмбөрчинг үнэхээр шүтдэг.

-Та цохиур хөгжмийн анги төгссөн гэсэн. Тэгэхээр өөрөө сурч бөмбөрчин болсон гэсэн үг үү?

-Эстрадын бөмбөрчин гэдгийг өөрөө л сурсан, ёстой дуртай болохоороо. Тэр үед чинь бүх юм хаалттай байсан. “Beatls”, “Rolling Stones”, “Pink Ployd” хамтлагийн пянзыг сонсоод ямар мундаг юм бэ гээд л бодно. Бүр 1975 онд Хөгжим бүжгийн сургуульд сурч байхдаа том Жагаа, би, “Хонх” хамтлагийн Н.Энхбаяр, Н.Болд бид хэд хамтлаг байгуулж нэрнүүдийнхээ эхний үсгээр “ЖБЭС” гэж нэрлэж байлаа. Байгууллага болгон нэг хамтлагтай байсан үе. Гадаад явдлын яам хөгжимтэй байсан бөгөөд АНУ-д Элчин сайд байсан Чойнхор гуай биднийг их дэмждэг, аваачиж хөгжим дээрээ сургууль хийлгэнэ. Хичээлээ тараад тэнд очоод л сургууль хийгээд суучихна. Тэр үед манай том Жагаа анхныхаа дуу “Хүлээлт”-ийг зохиосон. Яагаав нөгөө

“Үдшийн тэнгэрт одод түглээ

Үзэсгэлэн гоо чи минь ирээч” гэдэг. Анх энэ дууг дуулж байлаа.

-Цахилгаан бөмбөр тоглоход өөр биз?

-Би цахилгаан бөмбөрийг муулж байгаа юм биш. Гэхдээ өнөөдөр дэлхийн ямар ч алдартай хамтлаг цахилгаан бөмбөрөөр тоглодоггүй. Тэр чинь хүрэнгүүт дуугарчихдаг, гэтэл бөмбөр гэдэг чинь хөгжим. Нюанс гэж юм байна, дотоод сэтгэлээсээ гарч байгаа юмыг түүгээрээ гаргаж байгаа шүү дээ. Амьд хөгжим сонсоно гэж хүмүүс яриад байдаг даа. Амьдаар тоглож байгаа хүний биеэс энерги ялгарч тэрийг нь үзэгчид хүлээж авдаг. Түүгээрээ л амьд тоглолт гэдэг өөр. Түүнээс биш бичлэг тавиад л сонсоод байж болно шүү дээ. Үүн шиг л амьд бөмбөр, цахилгаан бөмбөрөөс ялгаатай. Өөрөөр хэлбэл, ердийн бөмбөр дээр сэтгэлийн гуниг, хөөрөл гээд бүгдийг гаргаж болно.

-Таны мэргэжлийг өвлөн авч байгаа хүүхэд байна уу?

-Миний хүүхдүүдээс байхгүй. Айлын хүүхдүүд бөмбөр суръя гэдэг. Сурч байгаад үзэж харах юм их болчихсон тул өөрсдөө хамтлагт ороод явчихдаг. Гэхдээ олны танил болсон ч намайг багш аа гэдэг бөмбөрчид байна. “Никитон” хамтлагийн Золбоо, Батпүрэв гээд.

-Та тоглолттой, зав муутай гэж байсан. Хуучин хамтлагийхантайгаа цугтаа тоглолт хийж байна уу?

-Бид чинь дутуугаа гүйцээгээд дундарснаа нөхөөд том Жагаа, гавьяат жүжигчин И.Болоож, Бархас, хөгжмийн зохиолч УГЗ Х.Энхбаяр бид тав нийлээд л тоглодог. Их сонин, бүгд нохой жилтэй. Болоож, Бархас хоёр маань “Өргөө” хамтлагийг байгуулсан, олон сайхан дууг нь хүмүүс андахгүй. Бид тав нийлээд “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагийнхаа дуунуудыг дуулдаг, хэд хэдэн газартай гэрээ байгуулчихаад ажиллаж байна.

Хөгжимдөө дуртай болохоороо л ингэж явна даа. Гадаадын мундаг бөмбөрчид чинь 78 настай хэрнээ л тоглож байдаг. Бид ч гэсэн тоглоод явна гэж боддог. Хамгийн гол нь ард түмэн маань биднийг сонсож байна гэдэг бидний уран бүтээл олон түмэнд хүрсэн гэсэн үг. Одоо дөнгөж 20 настайгаас эхлүүлээд 70 нас гарчихсан хүмүүс тоглолт дээр маань дуунуудыг дагаад л дуулдаг болохоор их гоё санагддаг.

-Та нарын залуу байхдаа дуулж байсан дуунуудыг одоо ч хүмүүс сонсох дуртай шүү.

-Тийм ээ, яагаад ингэдэг юм бол гэж бид боддог. Минийхээр бол хамгийн гол нь маш том цензурыг давж гардаг байсан. Монголын зохиолчдын хороогоор орж шүлгийг нь батална.

Тэнд чинь Э.Оюун гээд л мундаг хүмүүс шүлгийг үзнэ. Хөгжмийг нь Соёлын яамны уран бүтээлийн хэлтэс сонсч байна гээд С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав гуай гээд л томчууд ирж үзнэ. Тэд чинь шүүмжилнэ. Маш их шүүлтүүрийг давж гарсан тул 30-40 жил дуулагдсаар байна гэж боддог. Манай “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Тэмээн жингийн цуваа” гээд олон сайхан дуу бий. Түүнийг зохиосон гавьяат жүжигчин агсан Д.Галсанбатыгаа дурсмаар байна. Биднийг хөнгөн хөгжмийнхөн, барууныг дуурайдаг, урт үстэй, өргөн өмдтэй гээд л хамгийн түрүүнд шүүмжилдэг мөртлөө, баяр үдэшлэг болоход хамгийн түрүүнд аваачиж тоглуулна. 1990-ээд он гараад энэ хөгжим чинь залуучуудад үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг зөвшөөрүүлж манай рок попоос хамгийн түрүүн Д.Галсанбатад гавьяат жүжигчин цол олгож байлаа. 1992 онд бид шагналын найрыг нь хийж бөөн юм болж байлаа. Тэр үед гудамжнаас хүмүүс архи барьчихсан орж ирээд л баяр хүргэнэ. Манай Галсанбат энэ шагналыг авч үнэхээр булган сүүлтэй байсан. Түүнээс хойш рок попын олон уран бүтээлчид энэ нэр хүндтэй шагналыг хүртлээ.

-Ерөнхийлөгчөөс гавьяат жүжигчин цолоо авахад танд юу гэж хэлж байв?

-Би мөнгөөр хийсэн хуучин сүлдээ ковой зангиан дээр зүүсэн байсан. Ерөнхийлөгч тэрийг хараад “Хөөх чи ямар гоё юм зүүчихсэн юм бэ?” гэсэн. Би энэ нэр хүндтэй шагналаа авлаа. Миний бүх амьдрал “Соёл Эрдэнэ” хамтлагтай салшгүй холбоотой. Манай рок попынхон, хүмүүс их баяр хүргэж байгаад би маш их баяртай байна. Хөгжимчид дотроосоо авч байгаадаа бүр их баяртай байгаа. Би бол жирийн бөмбөрчин хүн. Бөмбөрчин гэдэг арын фонд л байдаг. Хөгжимчдийг төр маань үнэлж байгаа нь сайхан санагдсан. Уг нь бол Би Бадамын Цолмон, гэхдээ намайг хүмүүс “Соёл-Эрдэнэ”-ийн Цолмон л гэдэг. Би чинь бөмбөрөө илээд үнсдэг юм шүү дээ. 1991 онд манай хамтлаг “Ямаха”-гаас зохион байгуулдаг дэлхийн шилдэг хамтлагуудын уралдаанд оролцсон. Дэлхийн 17 орноос ирсэн хамтлагууд оролцож “Будакан” цэнгэлдэх хүрээлэнд бөмбөрчид нээлтийн тоглолт хийсэн. Би түүнд оролцож Америк, Германы гээд мундаг бөмбөрчидтэй хамтран амжилттай тоглож билээ. Тэр тайзан дээр 1960-аад онд алдарт “Битлз” хамтлагийн Ринг Стар тоглож байсан гэж бодоод ихэд бэлгэшээсэн. Харин манай “Соёл Эрдэнэ” тусгай шагнал хүртэж байлаа.

-Та түрүүн би нэг юм хэлмээр байна гэсэн?

-Тийм ээ, энэ завшааныг ашиглаад Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш нар Улсын филармони, СТӨ-нийхөн болон рок попынхондоо бүгдэд нь баярлаж талархаж явдгаа хэлмээр байна.