Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ буурч байна

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны арванхоёрдугаар сарын үр дүнг олон нийтэд танилцууллаа. Энэхүү судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,047 орон сууцны үнийг хамруулсан байна. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн ч, хуучин орон сууцны үнэ (түүврийн дийлэнх хэсэг нь хуучин орон сууц) бага зэрэг буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ.

2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна.

2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.

Харин 2016 оны 6 дугаар сараас орон сууцны үнийн индексийн бууралтын хурд саарч 2016 оны 12 дугаар сарын байдлаар -4.3%-д хүрээд байна.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 12 дугаар сарын байдлаар 2,050,000 төгрөг болж өмнөх сараас 0.55 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.02 хувиар тус тус буурсан байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн “Аман хуур” хотхонд 2015 оны арванхоёрдугаар сард 1 м2 дундаж үнэ 1,880,000 төгрөг байсан бол 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1,711,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их байна.

ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2016.12/

Орон сууцны дундаж үнэ

74,081,000 төрөг

Жилийн өсөлтийн хувь

-11.8%

Сарын өсөлтийн хувь

-0.3%

Хамгийн өндөр үнэтэй

Сүхбаатар

Хамгийн бага үнэтэй

Сонгино хайрхан

Тус судалгаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар өссөн үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 12-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,32 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,98 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

0.93%

15.51%

-7.74%

Өмнөх сартай харьцуулахад

0.11%

-0.17%

0.38%

Оны эхэнтэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5047 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

  • 2016/12 сарын орон сууцны үнийн индекс
Categories
мэдээ нийгэм

Мялзан өвчний улмаас Монгол бөхөнгийн тоо 1000-р хорогджээ

Ховд, Говь-Алтай аймгийн нутагт тархан нутагшдаг Монгол бөхөн мялзан өвчний улмаас олноороо үхэж, сэг зэмийг устгах ажил үргэлжилж байна. Монгол бөхөн малын мялзан өвчнөөр үрэгдэж буй анхны тохиолдол энэ аж. Өмнө нь 2001 оны зудаар өвс тэжээлгүйгээс үрэгдэж, бөхийн тоо толгой 750 хүртлээ буурсан гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын мэргэжилтэн Н.Энхбаяр хэлж байна. Орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын мэдээллээр бог малын мялзан өвчнөөс болж хорогдсон бөхөнгийн тоо өнөөдрийн байдлаар мянга давжээ. Ховд аймгийн Дарви суманд хамгийн олон бөхөн хорогдсон байна.

Засгийн газрын 2011 оны тогтоолоор ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож бөхөнгийн эрийг 2 сая, эмийг 2.2 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ үнэлгээгээр тооцож үзвэл Монголын байгаль, экологид тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монголбанкны Хяналтын зөвлөлийг шинээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцууллаа.

Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхийн дэмжлэгээр Хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилов. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилогдож байгаа Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний хэм алдагдлын эмчилгээг Монголд нутагшуулж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлсэн билээ.

Уг эмчилгээ нь нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, Америк, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг байна. Дээрх эмчилгээг эх орондоо нутагшуулснаар зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ хийлгэхээр гадаад руу явах урсгалыг сааруулна гэж мэргэжилтнүүд найдаж байна. Зүрхний хэм алдагдалтай иргэд эх орондоо эмчлүүлэх боломжтой боллоо. Зүрхний хэм алдагдалтын эмчилгээ хийлгэсэн иргэний эмчилгээний дундаж зардал манайд 12-14 сая төгрөг болж буй бөгөөд үүний 70 орчим хувийг иргэний Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж, иргэн өөрөө дунджаар 2-4 сая төгрөгийн төлбөр төлж байна.

УГТЭ нь 2016 онд нийт 36 хүнд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг хийж, амбулатороор хэм алдагдалтай 1076 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж гишүүн Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах хөдөлгөөн өрнүүлье гэв

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ц.Нямдорж гишүүн өчигдрийн сэтгүүлчидтэй уулзсан Ерөнхийлөгчийн уулзалтын талаар өөрийн санал бодлоо илэрхийлэв.

Тэрбээр “Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар сэтгүүлчидтэй уулзахдаа “Улаанбаатарыг ашиггүй, ирээдүйгүй хот болсон байна, Улаанбаатарт битгий хөрөнгө оруулалт хий” гэж зарласан байна. Төрийн толгойд найман жил суучихаад ийм ярьж болдог юм байх даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд утааны асуудал ярьсан юм уу хаашаа юм бэ, энэ хүнийг ер нь хугацаанаас нь өмнө буулгахгүй бол болохгүй юм байна. Ингэж гурван сая ард түмний нийслэлийг доромжилж болох уу. Энэ үндэсний эв нэгдлийг хангагч, улсын тэргүүн гэсэн нь хаачихсан бэ, би УИХ-ын гишүүдэд уриалж байна, энэ нөхрийг огцруулах хөдөлгөөн өрнүүлье. Алийн болгон энэ хүнээр ингэж доромжлуулж явах юм бэ, би ийм горимын санал гаргаж байна. Ингэж улсаа доромжилдог төрийн тэргүүн байж болох уу, харийн хүн хэлсэн биш” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Д.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. Төсвийн байнгын хороо хоёр өдрийн өмнөх хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцээд дэмжсэн юм.

Чуулганы хуралдааны үеэр уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Төрийн өмчийн компаниудад хяналт тавихад анхаараарай. Аудит бол хөндлөнгийн хяналт. Гэтэл банкууд, ялангуяа Хөгжлийн банкны асуудлыг ялгаж салгаад ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгөх нь зүйтэй юм” гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явууллж, олонхийн саналаар А.Зангадыг Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг тус албан тушаалд томилов. Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Categories
мэдээ спорт

Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг IJF-ийн шүүгч шүүнэ

Спортын төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд энэ сард зохиогдож байгаа. Бөхийн чөлөөт барилдаан, бокс зэрэг төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон бол энэ сарын 16-18-ны өдрүүдэд бөхийн жүдо барилдааны тэмцээн болно. Тэгвэл улсын аваргын тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооны хоёр шүүгч ирж шүүгчээр ажиллахаар болсон юм байна. Тодруулбал, Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч, Чех улсын иргэн Владимир Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар насанд хүрэгчдийн УАШТ-ийг дэнслэхээр болжээ.

Шүүгч Владимир Хнедка Монголын тамирчдад сургалт явуулахаар уригдан ирсэн аж. Тэрээр жүдочдын бэлтгэлийн зааланд зочилж, энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид, багш, дасгалжуулагч нарт IJF-ийн баталсан шинэ дүрмийг танилцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурор асан Х.Тамир нарын хар тамхитай холбогдсон хэрэгт ял оноожээ

Өчигдөр хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ. Шүүгчдэгчид “мөс” хэмээн нэрлэгддэг мансууруулах бодис худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм.

Шүүхийн шийдвэрээр Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Ганболдыг ТЕГ-ын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томиллоо

Н.Ганболдыг ТЕГ-ын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томиллоо. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэрээр АТГ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог бөгөөд тэрээр 4.6 жил АТГ-ын даргын албыг хашсан юм. Тагнуулын байгууллагын тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар тагнуулын байгууллага цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Централ таур”-т бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн АНУ-ын иргэнд захиргааны арга хэмжээ авчээ

Өнгөрсөн даваа гаригт “Централ таур”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг тавьсан хэмээн сүрдүүлсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэргийг АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх эр хийжээ. Тэрээр тус барилгын 15 дугаар давхарт байрладаг Дани улсын Өргөмжит консул, М-Си-Эс группийн Ж.Одтой уулзах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу сонссон тул бөмбөг тавина гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн үед орчуулагч бөгөөд зочин угтагч анх цагдаагийханд дээрх мэдээлэл буруу өгснөөр үл ойлголцол үүссэн аж.

Цагдаа тагнуулынхны шалгалтаар “Централ таур”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авч явуулжээ. Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах заалт хуулинд байдаг байна.