Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн салбар нийт ажиллах хүчний 55 орчим хувийг ажлын байраар хангаж байна

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр тус яамны хурлын танхимд эхэллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ, харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын дарга, албатын дарга нар оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Өнөөдрийн үйл ажиллагаа бол 100 хувь ажил хэргийн уулзалт зөвлөгөөн юм.

ХХААХҮ-ийн салбарын улсын зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны ХХААХҮЯ-ны салбарт зорилго болгон тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах, уялдуулж хийх талаар ярилцах ажил хэргийн уулзалт. өнөөдрийн хурал баярын хурал биш, ойн баяр биш. Тийм учраас цэвэр ажил хэрэг ярьсан, ирэх он жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцаж тохирох юм. Өнөөдөр санал шүүмжлэл, шаардлага, сахилга бат ярина. Цаашдаа Монгол Улс эдгээр зорилго зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хариуцлагатай, хяналттай байх ёстой. Тийм учраас өнөөдөр орон нутаг болон харьяа газрын удирдлагуудтай уулзаж байна” гэв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогод улс орны эдийн засгийг сэргээх, дотоодын үйлдвэрлэл, нөөцөд түшиглэсэн олон тулгуурт эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж дунд хугацаанд эдийн засгийг тэлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Байнга нөхөн төлждөг нөөц баялагтай, нийт ажиллах хүчний 55,0 орчим хувийг ажлын байраар хангаж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн асуудал улс орны хөгжлийн болоод Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм болж байна.

Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээ, дэд салбар тус бүрийн онцлог, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж ХХААХҮ-ийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжих бодлого нь үйл ажиллагаанд баримтлах чиглэл байх юм.

Үүний тулд,

  • түүхий эд, бүтээгдэхүүний нөөцөд суурилан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
  • дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх,
  • инновацийг нэвтрүүлэх,
  • гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллах,
  • маркетингийн сүлжээ, менежментийг боловсронгуй болгох,
  • оновчтой тогтолцоо, эрх зүйг бүрдүүлэх, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах өндөр хариуцлага байгаа гэдгийг онцоллоо.

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын сургалт-семинараар үргэлжлэн явагдах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Тамгын газраас хоёр гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын Тамгын газар үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын гавьяат цол хүртсэн Р.Хатанбаатар, Ш.Ринчин нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг шинэ оны өмнөхөн хүртсэн. Эдгээр хүмүүс нь УИХ-ын Тамгын газраас төрсөн анхны гавьяатууд юм.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяагаа үнэлүүлсэн ахмад ажилтнуудаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, эрүүл энх, сайн сайхан, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий Хаан уулыг Бурхан Халдун гэж нэрлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиудын багш, эрдэмтэн, судлаачид болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж “Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар ярилцан, санал солилцлоо.

Уулзалтад Улаанбаатар эрдэм их сургуулийн профессор, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга Н.Уртнасан, Улаанбаатар Их Сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Б.Цогтбаатар, Хан Хэнтий дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцсон юм.

Улаанбаатар эрдэм их сургуулийн профессор, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга Н.Уртнасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Хан Хэнтий нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /В=48˚45’43.3844, L=109˚00́’36.1315/ солбицолд Хэнтий Хаан уулын нэрээр газрын зурагт бүртгэгдсэн 2361,5 тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун болгон өөрчлөх талаар тусгасан. Иймд Монголын нууц товчоо болон түүхийн сурвалж бичгүүдэд олонтой тэмдэглэгдсэн уг түүхт газрын нэрийг газрын зурагт уг нэрээр нь тэмдэглүүлэх шаардлагатай байгаа талаар байнгын хорооны даргад танилцуулан, холбогдох баримт мэдээллийг өглөө.

Улаанбаатар Их Сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Хан Хэнтийн нурууны нэрийг “Бурхан Халдун” уул гэж нэрлэх гэж байгаа юм байна гэж ойлгоод, бүтэн уул нурууны нэрийг ингэж өөрчлөх нь буруу хэмээн эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдрийн энэ уулзалтаар тодорхой ойлголттой боллоо. Тус тогтоолын төслийн нэр нь томьёоллын хувьд буруу байснаас ийм буруу ойлголто үүссэн байна” хэмээн хэлсэн юм. Бурхан Халдун ууланд зөвхөн үндэсний судлаачдыг ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээ хийхийг зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 онд гарсан болохыг Хан Хэнтий дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад танилцуулсан. Бурхан Халдун уул дэлхийн өвд бүртгэгдсэн хэдий ч газрын зурагт тухайн уулын нэр тэмдэглэгдээгүй, Хэнтий хаан уул нэртэй байгаа нь энэ тогтоолын төслийн боловсруулах үндэслэл болсон гэдгийг онцолж байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас лавлагаа авч Бурхан Халдун уулын солбилцлыг газрын зурагт тодорхой болгон дээрх тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, газар усны нэрийг өөрчлөх асуудалд тун болгоомжтой хандах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа дурдаад, байнгын хорооны зүгээс энэ тал дээр анхаарлаа хандуулах мөн соёлын өвийг бүртгүүлэх талаар Улсын Их Хурал дэмжин ажиллаж холбогдох яаманд чиглэл өгч ажиллахаа илэрхийлсэн.

Уулзалтын үер эрдэмтэн судлаачид, холбогдох албаны хүмүүс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төсөлд нэр томьёоны хувьд техникийн алдаа гарсан хэмээн үзэж, төсөлд газрын зурагт албан ёсоор тэмдэглүүлэх солбицолыг тодорхой тусган нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа Байнгын хорооны даргад уламжиллаа.

Мөн уулзалтын үеэр судлаачид, олон үндэстэн, ястанууд амьдардаг хязгаар нутгуудад газар, усны нэрийг хэл аялагатаа тохируулан өөрчлөх, зарим тохиолдолд казах, тува нэрээр нэрлэх явдал түгээмэл байгааг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Ц.Гарамжавд дуулгаад, энэ нь тодорхой хугацааны дараа газар нутгийн маргаан үүсэх эрсдэл үүсгэх үр дагавартайг онцлон хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар эрдэм их сургуулийн профессор, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга Н.Уртнасан “Аливаа газар, нутгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийн тулд судалгаа шинжилгээний багийг 3-4 удаа томилон ажиллуулах шаардлагатай байдаг. Одоогоор манай улсад дэлхийн өвд бүртгүүлэх шаардлагатай 13 газар байгаагийн 5 нь байгалийн өвд хамаарах юм. Харин санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн энэ ажлыг хийх боломжгүй байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан учраас зөвхөн Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлэх ажлын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэж өгсөн. Мөн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхдээ Дэлхийн өвийн захиргаатай байх шаардлага тавигддаг. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэх тал дээр Улсын Их Хурал хамтран ажиллахыг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Мөсний баяр гуравдугаар сарын 3-нд болно

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Доод модот буланд зохиогдох “Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3-нд болно.

Тус арга хэмжээний үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа, мөсний сүмо, сумдуудын албан байгууллага, нутгийн төлөөлөл, иргэд оролцоно. Түүнчлэн мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүдэд резидент эмч нарыг үр дүнтэй ажиллуулна

Хүн амын дунд томуу, томуу төст өвчний тохиолдол ихсэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаал өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан.

Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор резидент эмч нарыг нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд дээрх тушаалын хэрэгжилтийг хангах, резидент эмч нарыг шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад дайчлан ажиллуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд уг ажлыг зохион байгуулж буй байгууллагуудын хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад ЭМХТ, НЭМГ болон сургалт эрхлэгч байгуулагуудын төлөөлөл оролцож тушаалын дагуу зохион байгуулж буй ажлын товч танилцуулга, нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд резидент эмч нар хуваарийн дагуу хэрхэн ажиллаж байгаа болон үүсч буй бэрхшээлийн талаар сонсож, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар харилцан мэдээлэл солилцож зөвшилцлөө гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын 26 иргэнийг аварчээ

Япон улсын эргийн ойролцоо хөлөг онгоц живсэн талаар “www.hrw.org” сайт мэдээллээ. Тус улсын эргийн хамгаалалтын ажилчид шуурхай ажиллаж, уг онгоцонд зорчиж явсан Хойд Солонгос улсын 26 иргэнийг аварчээ.

Хөлөг онгоц зүүн Хятадын тэнгис дэх Гото арлаас баруун өмнөд зүгт 61 км зайд осолджээ. Аврагчдыг ослын газар ирэх үед зорчигчид аврах завинд суусан байсан гэнэ.

“Хүний амь нас эрсдээгүй. Ноцтой бэртэл авсан хүн байхгүй. Хөлөг онгоц ямар шалтгааны улмаас сүйрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна” хэмээн албаныхан мэдээлэв.

Уг хөлөг онгоцны эх бие өнөөдөр орон нутгийн цагаар 8.00 цагийн орчимд бүр мөсөн живжээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүн амын сангаас эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна.

Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авсан юм.

Энэ үеэр Онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг анхаарахгүй, орхих явдал гардаг. Айл өрхүүд амь зуулгаа алдаж, эдийн засгийн дарамтанд орж, орлогын эх үүсвэргүй, амьжиргаагаа залгуулах гэж зүтгэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг тэр бүр анхаардаггүй. Мөн цас их орсоны улмаас зам харгуй хаагдсанаар охид, эмэгтэйчүүд гадагш гарч, өдөр тутмынхаа хэрэгцээт барааг олж авч чаддаггүй болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод, НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдийг Монголын нийгмийн гол түшиг тулгуур хэмээн үзэж, тэдний амьжиргаа, эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах явдлыг эн тэргүүнд чухалчилж, байгалийн гамшгийг амжилттай даван туулж, өдөр тутмын амжиргаагаа хэвийн залгуулахад энэхүү ариун цэвэр эрүүл ахуйн багц нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын ард иргэдэд хүргэх олон улсын байгууллагуудын тусламж энэ сарын 18-наас эхлэхээр болсоныг дуулгаад энэ бүхний эхлэлийг тавьж, охид, эмэгтэйчүүдийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулж байгаа НҮБ-ын Хүн амын сангийнханд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Онцгой байдлын албаны өмнөөс талархал илэрхийлээд “Хүмүүнлэгийн тусламж шударга, давхцалгүй эзэндээ хүрч байх нь чухал. Тиймээс бид энэхүү тусламжийг яг хэрэгтэй хүнийхээ гарт очиход шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн хандивлаж байгаа Ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь хүмүүнлэгийн нөхцөлд охид, эмэгтэйчүүд өөрсдийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгцээ, эрүүл мэнд, аюулгүй байдлаа зохих түвшинд хангахад шаардлагатай эд зүйлсээс бүрджээ. Тухайлбал, ариун цэврийн хэрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз зэрэг зүйлс багцад орсон байна.

Мөн зайгаар ажилладаг гар чийдэнг эмэгтэйчүүд шөнө оройн цагаар гарч явахдаа ашиглах боломжтой бөгөөд байгалийн гамшгийн үед охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан болон бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг тул өөрийгөө аюулаас хамгаалах зорилгоор ашиглах шүгэлийг энэ багцад оруулсан гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн бүс нутгуудад ариун цэвэр эрүүл ахуйн багцыг түгээж байгаа нь тус улсад байгалийн гамшиг тохиолдох үед урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч, зохицуулах үйл ажиллагаандаа охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг онцлон анхаарч ажиллах ОБЕГ-ын чадавхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болох юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол наадам цогцолбор” ЮНЕСКО-той хамтран ажиллана

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.

“Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй. Монгол хүн, уламжлалт зан заншил, соёлыг илэрхийлсэн үндэсний хэмжээний баяр. Нөгөө талаасаа Монгол наадам бол өөрийн улсаа гадагшаа сурталчлах, аялал жуулчлалыг татах томоохон боломж. Тиймээс бид ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран ажиллахаар болоод байна. Санамж бичигт заасны дагуу өөрийн байгууллагын ажилтнуудаа чадавхжуулах, өнөөдөр төлөвлөж байгаа ажлуудаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, Монгол наадмыг дотооддоо хөгжүүлж гадаад улс орнуудад сурталчлах зэрэг ажлууд маань эхэлж байна” хэмээн “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автотээврийнхэн чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Автотээврийн салбарт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийг тодорхойлох зорилгоор салбарын төлөөллүүдэд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Бодлого төлөвлөлтийн газар болон НТГ, “АТҮТ” ТӨҮГ, тээвэрлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцжээ.

Сургалтаар Монгол Улсын хөгжил ба байгууллагын соёлын асуудал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ISO9001 стандартыг хэрэгжүүлэх, түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн ISO9001 стандартыг зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож цаашид анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цаашид энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулж, Чанарын менежментийн тогтолцоо, стандартын ач холбогдлыг ойлгуулах, шаардлагуудтай танилцах боломжийг хангаж ажиллах талаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

А.В. Александровын ансамбль ослоос хойших анхны тоглолтоо хийнэ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны ТУ-154 онгоц арванхоёрдугаар сарын 25-нд Хар тэнгист осолдсон юм. ОХУ-ын зэвсэгт хүчний А.В. Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын 60 гаруй уран бүтээлч энэхүү онгоцонд сууж явсан юм. Тэдний дурсгалыг хүндэтгэж, Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийг Валерий Халиловын нэрэмжит болгохоор ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев шинэ оны эхэнд шийдвэр гаргажээ. Тэгвэл чуулган эмгэнэлт ослоос хойшхи анхны тоглолтоо хоёрдугаар сарын 23-нд тоглохоор болжээ. Эх орончдын өдрөөр Кремльд болох хүндэтгэлийн энэхүү гала тоглолтод Улаан армийн дуу, бүжгийн чуулга уран бүтээлээ толилуулах аж.

Нисэх багийг туршлагатай нисгэгч, хошууч Роман Волков ахалж байжээ. Агаарт 3000 гаруй цагийн нислэг үйлдсэн түүний туслах нисгэгчээр цэргийн ахмад цолтой Александр Ровенский ажиллаж байсан. Тэр нисэх хүчний салбарт 10 жил ажилласан, мөн л туршлагатай нэгэн байсан гэдэг.