Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Хөгжингүй оронд сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийтгэхээ больчихсон шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжинэ. Хууль хэрэгжихтэй холбоотой зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж салбарынхан үзжээ. Тиймээс нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. Гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан Эрүү, зөрчлийн хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байгаа. Үүнийг амьдралд нийцтэй хууль болсон гэж бодож байгаа. Эмчийн үйл ажиллагаатай холбоотой 15.1-р заалт энэ хуульд явж байгаа. Үүнд эрхийг нэг жилээр хасах, 80 сая хүртэлх төгрөгөөр торгох, найман жил хүртэлх хорих заалтуудыг өмнө жил суулгаж өгсөн байсан. Үүнийг яаж орсон талаар асуумаар байна.

Хоёрдугаарт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой Эрүүгийн хуулинд ямар ямар санкцууд орсон бэ. Гуравдугаарт, Өнгөрсөн жил ААН-үүдийгЭэрүүгийн хуулинд нэлээд дарамталсан. Олон мянган ААН-д эрүү үүсгэсэн. Бараг 3000 ААН-д эрүү үүсгэсэн байдаг. Үүнийг яаж ялгаж салгаж байгаа талаар тодорхой хариулт өгөөсэй гэж хүсч байна.

Дөрөвдүгээрт, Өнгөрсөн дөрвөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд халтай жилүүд байсан гэж манай хэвлэлийнхэн үздэг. Нэг хүний нэр төр гутаасан гэх хэрэгтэй холбоотойгоор 110, 111-р заалтыг зөрчлийн хуулиар шийтгэдэг болгосон нь маш том дэвшил. Энэ гүтгэхтэй холбоотой заалт чинь Монголын нийт иргэнд үйлчилж байгаа мөртлөө өнгөрсөн хугацаанд зөвхөн сэтгүүл зүйн салбарынханд үйлчилсэн байдаг.

Хөгжингүй оронд сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийтгэхээ больчихсон. Иргэний хууль эсвэл мэргэжлийн байгууллагынх нь хуулиар шийддэг дэвшил рүү орсон. Манайд ч гэсэн “Хэвлэл мэдээллийн зөвлөл” гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдчихсан. Гэтэл гүтгэлэгтэй холбоотой заалтыг сэргээе гэж ярьж байгаа нь байж боломгүй зүйл шүү. Энэ заалт нь сонгуулийн хуулийн 14.8-д тусгагдсан гэж С.Бямбацогт сайдын яриад сууж байгааг ухвар мөчид зүйл гэж бодож байна. Мэргэжлийн байгууллага нь өөрийн ХМХ-ээрээ, сонины нүүрээрээ уучлал гуйна гээд байхад заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд байгаа нь буруу. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь энд гүйгээд байгаа хэдэн сэтгүүлчийн зүйл биш юм шүү дээ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь ард түмний үнэнийг мэдэх эрх чөлөөнд үндэслэгдэж байгаа талбар.

Өчигдөр Авлигын эсрэг үндэсний чуулган дээр хэлсэн Их хурлын даргын мэдэгдэл олны таашаалыг хүлээсэн. Гэтэл бид сонгуулийн үеэр сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэнэ гээд сууж байж болохгүй. Тиймээс үүнийг эргэж харах ёстой гэж бодож байна.

С.БЯМБАЦОГТ САЙД:

Эмч нарын буруутай үйлдлээс эмчлүүлэгчийн амь нас хохирсон бол 1-3 жилийн эрхийг нь хасаад, 20-80 сая төгрөгөөр торгоод, 2-8 жилийн ял онооно гэсэн заалттай байсныг өөрчилсөн. 2-14 сая төгрөгөөр торгох, 6 сараас 3 жилээр хорих болгож хөнгөлсөн байгаа.

Гүтгэхтэй холбоотой асуудал бол одоогийн хуулиндаа байж байгаа. Сонгуулийн үеэр хүн гүтгэх нь гэмт хэрэг гээд биччихсэн байгаа. Сонгуульд гүтгэх ажиллагаа явуулсан бол торгох, нэг сараас нэг жилээр хорино гэж байгаа. Үүн дээр торгуулийг нь хөнгөлж байгаа. Бид нэмэлтээр оруулж ирж байгаа юм биш. Ер нь хүнийг гүтгэх, доромжлох асуудлыг зөрчлийн хуулиар зохицуулж бодитой хохирлыг нь барагдуулдаг болсон. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэвэл эрүүгийн хэргээр шийтгэнэ гэж байгаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын дарга Х.Энхжаргалын хэлсэн онцлох өгүүлбэрүүд

Төрийн ордонд болсон “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илтгэл тавьсан билээ. “Авлигатай тэмцэх газар: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр тавьсан түүний илтгэлээс онцлох өгүүлбэрүүдийг ишлэж байна.


-ХАСХОМ-ийг зөвхөн тушаал, шийдвэр гаргах, захиран зарцуулах эрх бүхий удирдах албан тушаалтан буюу авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл бүхий албан тушаалтнууд гаргаж байхаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр мэдүүлэг гаргагчдын тоо өнөөдрийн байдлаар 39.800 болж, 14.000-аар цөөрсөн.

-Гэвч хуулийн энэ цоорхойгоор төрийн албанд ашиг сонирхлын зөрчил илт үүсэх этгээдийг шургуулах гэсэн сонирхол, тогтолцооны гажуудал бас байсаар л байна.

-Ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг тогтоох, хянахад албан хаагч ямар түвшинд ажиллахаас үл хамааран Засгийн газрын сайдаас эхлэн, хөдөө суманд ажиллах эмчийг ч бага тушаалын гэлтгүй төрийн нэрийн өмнөөс нийтэд үйлчлэх албан хаагчийнх нь хувьд ашиг сонирхлын зөрчлийн асуудалтай эсэхийг төр хянах нь зөв.

-Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдах, нэг байгууллагын удирдлага өөрчлөгдөх бүрт шинээр “баг бүрдүүлэх” нэрийдлээр нэг нутаг ус, нам, эвсэл, танил талын хүрээллээр төрийн болон нийтийн албаны шалгуур, шаардлага хангахгүй этгээдэд хүчээр давуу байдал олгож, томилуулахаар зүтгэн, нэр дэвшүүлэх материалыг хянуулахаар ирүүлж байна.

-Уг материалд АТГ хуулийн дагуу хянан, зохих дүгнэлтийг хийн, илгээхэд зарим нэг албан тушаалтнуудын хүсэл, хувийн ашиг сонирхол нь хязгаарлагдах тохиолдол гардаг. Иймд тэд эсэргүүцэн “энэ сонирхлын зөрчлийн хууль ер нь ямар хэрэгтэй юм, АТГ үүнийг хянах ёсгүй, бид хянуулах учиргүй” хэмээн ундууцаж, цаашилбал “АТГ төрийн бүх томилгоог хийхэд нөлөөлөн, бидний бүрэн эрхэд халдаж байна” гэх зэргээр гуйвуулан бухимддаг нь нууц биш.

-Хуулиа илүү анхааралтай, сайтар уншвал АТГ-ын уг томилгоонд огт хамааралгүйг, зөвхөн хуулийн дагуу уг нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Энэ хүнийг энэ албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байна”, эсхүл “Үүсэхээргүй байна” гэдгийг л тодорхойлдог, санал ирүүлсэн эрх бүхий байгууллагад сануулан, мэдэгддэг байгууллага гэдгийг ойлгох болно.

-Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хийх тэмцэл нь амжилтад хүрч буй дэлхийн олон орон ажлаа “Нийтийн албан тушаалтнуудынхаа томилгоо, тэдний хувийн ашиг сонирхлыг хянах механизмыг сайжруулахаас” эхэлсэн нь авлигатай амжилттай тэмцэх үндэс нь болсон байдаг.

-Сүүлийн хоёр удаагийн сонгуулийн дараахь төрийн албаны бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалт, албан хаагчийн томилгоо олон улс төрчдийн албан тушаалын байдлаа илэрхий хэтрүүлэн, бусдад давуу байдал олгосон авлигын зөрчлийн гол үндэс болж буй нь нууц биш. Энэ бүхэн төрийн алба хүчгүйдэх гашуун үр дагавартайг мартах учиргүй.

-Бид цаашид “Авлигын эсрэг хууль”, “Сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж, төрийн болон бизнесийн үйл ажиллагааны зааг ялгааг тодорхой болгох, иргэн хүн нэг бол төрийн албанд шударгаар тууштай ажиллах, эсхүл хувийн бизнесээ үргэлжлүүлээд явах шударга сонголтоо зөв хийж чаддаг байх ёс зүйн үнэлэмжийг бий болгоход анхаарч ажиллах болно.

-Гэтэл төрийн зарим удирдах албан тушаалтан, АТГ-азраас бүрэн эрхийнхээ хүрээнд гарган сануулсан шийдвэрийг биелүүлдэггүй, зөрчил гаргасан албан тушаалтандаа хуулийн дагуу хариуцлага тооцож чаддаггүй. Энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл, санаачилгагүйг нь харуулж байна.

-Цаашид төрөө цэвэр байлгах, төрийн албыг хамгийн шударга хүмүүсээр бэхжүүлэх нийтлэг эрх ашгийг удирдлага болгон тэмцэх явдал Авлигатай тэмцэх газрын анхаарлын төвд ямагт байх болохыг анхааруулья.

-АТГазар 10 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын нийт 1,795 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн хэргээс 478 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 376 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 289 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 188 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 84 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж тус тус шийдвэрлэжээ.

-Гэмт хэргийн улмаас улсад 301 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 27 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 114 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалжээ. Нийт 537 этгээдэд холбогдох 187 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.

-Авлигын хэрэг голдуу далд хэлбэрт үйлдэгддэг. Хээл хахууль авсан, өгсөн хүмүүс хэзээ ч нэг нь нөгөөгийнхөө эсрэг өргөдөл гомдол гаргадаггүй. Үүний улмаас хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Нийтийн албан хаагчийн хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг, “Хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж, хахууль авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирвэл түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлөх”-өөр заасан.

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хахууль өгсөн хүн эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, авлигын их, багын хэмжээ, хэрэгт оролцогчдын гүйцэтгэсэн үүргийг харгалзан уян хатан хариуцлага тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоомжуудад цогцоор нь тусгасан нэмэлт, өөрчлөлт хийж, илүү сайжруулахаар тусгасан. Энэ нь авлигатай тэмцэх ажлын хууль зүйн орчинг улам боловсронгуй болгоход анхаарч байгаа зөв эхлэл.

Categories
гадаад мэдээ

Б.Обама Ерөнхийлөгчийн хувьд сүүлийн үгээ хэлэхдээ найман жилд хийсэн томоохон амжилтаа дурдлаа

Энэ сарын 20-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп тангараг өргөж албан ажлаа хүлээн авах юм. Харин өчигдөр Америкийн төрийн тэргүүн Б.Обама хамгийн сүүлчийн удаа олны өмнө гарч үг хэллээ. Тэрээр улс төрийн гараагаа эхэлсэн Чикагод хотод Ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлчийн удаа үг хэлэхээр очсон байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн хувьд хэрхэн ажилласан талаараа ярихдаа “Одоогоос найман жилийн өмнө Куба улстай харилцаагаа сайжруулж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг нэг ч удаа буун дуу гаргалгүй шийдэж, есдүгээр сарын 11-ний өдөр аймшигт халдлага үйлдсэн хүмүүсийг дарж чадна гэж хэлсэн бол та бүхэн хэтэрхий их хөөрцөглөж байна гэх байсан. Гэвч бид энэ бүхнийг хийж чадсан” гэжээ.

Б.Обама найман жил төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа гадаад харилцаанд томоохон ахиц дэвшил гарсан билээ. Түүний нэг нь яах аргагүй олон жилийн туршид ямар ч харилцаагүй байсан Куба улстай АНУ нь дипломат харилцаагаа сэргээсэн явдал юм. Түүнээс гадна олон жил үргэлжилсэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөлд хүрч шийдсэн билээ. АНУ нь дэлхий дэх нөлөөгөөрөө өрсөлдөгч ОХУ, БНХАУ хоёроос хавьгүй илүү хэвээр байгаа гэдгийг Б.Обама сануулсан байна. Куба арал дээр байсан Гуантанамо шоронг хаах шийдвэр гаргаж, гадаадаас газрын тосны хувьд хараат байсныг болиулсан явдал түүний гадаадын бодлогын салбарт гаргасан амжилтууд юм. 2011 онд АНУ-ын эрх баригчид тусгай ажиллагаа зохион байгуулсны хүчээр Пакистанд орогнож байсан “Аль-Каида” бүлгийн толгойлогч Бин Ладеныг устгаж чадсан. Энэ нь терроризмтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ираны эрх баригчдын хүсэлтээр Иракаас цэргээ гаргаж, мөн Америкийн цэргүүд Афганистаныг орхисон билээ.

Б.Обама төрийн тэргүүний албыг хашиж байхдаа улс орондоо ямар бодлого амжилттай хэрэгжүүлснээ ч дурдав. Түүний хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийг олон улстөрч эсэргүүцэж байсан. Гэвч тууштайгаар хэрэгжүүлсний ачаар 20 сая иргэнээ эмнэлгийн үйлчилгээнд хамруулах боломж олгосон юм. Арьсны өнгөөр ялгаварлан үзэх явдал бүрэн арилаагүй хэдий ч энэ чиглэлээр дэвшил гаргасныг дурдав. Түүнээс гадна иргэний эрхийг дээдлэх асуудал дээр томоохон дэвшил гаргасан нь ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг зөвшөөрсөн явдал болохыг онцолжээ.

Б.Обама ийнхүү Ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлчийн удаа ард иргэддээ хандан үг хэлэхдээ хувийн амжилтынхаа талаар дурдаагүй юм. Гэвч түүнийг нь дурдах нь зүйтэй. Тэрээр Б.Обама АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хар арьстан билээ. Тэрээр хоёр дахь удаагаа нэр дэвшиж 51 хувийн саналаар ялалт байгуулахдаа сонгуулийн сурталчилгаандаа хамгийн их хандив цуглуулсан билээ. Мөн төрийн тэргүүн байхдаа Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн юм.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

​Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Н.Оюундарь хийв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн үндэслэх хэсгийн “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэс хэсгийг үндэслэн” гэснийг “Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсгийг үндэслэн” гэж өөрчлөх, төслийн хоёр дахь заалтыг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй бөгөөд Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн хавсралтын Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслүүдийг санаачлагч “Н.Энхболд, Д.Хаянхярваа” гэснийг “Хууль санаачлагч” гэж өөрчлөх, түүнчлэн одоогоор УИХ-д өргөн баригдаад байгаа хуулийн төслүүдийг тогтоолын төслийн хавсралтаас хасахаар болов. Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ спорт

​Д.Отгондалай, Э.Энх-Амар нар хүрэл медалийн болзол хангав

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж буй юм.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д тоглож буй оюутны дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар хүрэл медалийн төлөө тоглолтод Баянхонгорын Ж.Отгонбатыг ялж, хагас шигшээд шалгарлаа. Тэрээр жин өгсөж, 52 кг-д тоглож байгаа нь энэ. Мөнгөн медалийн төлөө тоглолтод В.Төмөрхуягтай тоглоно.

Мөн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын медалийн төлөөх тоглолтод “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай, Баянгол дүүргийн оролцогч Д.Түвшинтөртэй оноолт таарсан. Тэмцээний дундаас Д.Түвшинтөрийн дасгалжуулагч тамирчнаа дэвжээнд гаргахаас татгалзаж, улмаар МУГТ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны халуун усыг олон хоногоор хязгаарладгийг болиулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн удирдлагуудтай 2016-2020 оны хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь нийслэлийн инженерийн байгууламжуудын хэвийн үйл ажиллагааг хангах, их болон урсгал засварыг хийж гүйцэтгэхдээ иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хийхэд чиглэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дулааны шугам сүлжээг шинэчлэх, засварлахтай холбогдуулан айл өрх, албан байгууллагын халуун усны хэрэглээг хязгаарладаг явдалд үүгээр цэг тавина хэмээн энэ үеэр тодотгов.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтарч ажилласнаар дулааны шугаманд засвар хийх болвол жил бүрийн тавдугаар сарын 15-наас эхлэн халуун ус тасладгийг болиулан зайлшгүй тохиолдолд наадмын дараа буюу иргэд хөдөө эсвэл зусланд гарсан үеэр 4-өөс дээш хоног хязгаарлахгүй. Мөн 1070 орчим хуучин орон сууцанд тоолуур тавьж иргэдэд дулааны хэрэглээгээ хянах боломжийг бүрдүүлэхээр болжээ. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-тай хамтарснаар харилцаа холбооны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, уг зурвасын дагуу барьсан барилга байгууламжийн газрын захирамжийг хүчингүй болгох, шинээр барьж буй орон сууцны барилгуудын зураг төсөлд холбооны техникийн өрөө, байруудыг тусгах зэрэг ажлыг хийх гэнэ.

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан энэ үеэр хэлэхдээ, “Шөнийн тарифыг тэглэж байгаатай холбоотойгоор манай компанид томоохон асуудал үүссэн. Эдгээр асуудлыг нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохицуулах зорилгоор санамж бичиг байгууллаа. Тухайлбал, нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг үргэлжлүүлэх зорилгоор 11.2 тэрбум төгрөгийн ажил хийх ёстой. Мөн суурьшлын бүст байгаа цахилгаанд холбогдоогүй айлуудын эрчим хүчний зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэхээр болсон. Нийслэлд 6000 орчим айл цахилгаанд холбогдоогүй байдаг. Энэ жил 2000 айлын эрчим хүчний асуудпыг шийдвэрлэх тооцоотойгоор хамтарч ажиллахаар болж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын археологчид өнгөрсөн жил 588 дурсгалыг шинээр илрүүлжээ

Монголын археологчид өнгөрсөн онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэний зэрэгцээ нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, нийт 588 дурсгалт шинээр илрүүлэн баримтжуулсан амжилттай ажиллав хэмээн “Монголын археологи-2016” эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ “Чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу гээд судалгааны ажлаа өнөөдөр Монголын археологчид тайлагнаж байна. Бид асар олон зүйлийг хийж бүтээсэн нь харагдаж байна. Шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад судалгааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа чиглэгддэг” хэмээн дурдав.

2016 онд хийсэн олон төсөл, хээрийн судалгаа, малтлагын үеэр үнэт олдвор ихээр илрүүлсэн бөгөөд түүнээс онцолвол Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн “Үзүүр гялан” хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олдсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан бол Хонгор сумаас олдсон палеонтологийн олдвор, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид дор бүрнээ тайлбар хийж, малтлагийн үеийн үйл явцыг зурагжуулсан баримт сэлтийг үзүүлж байв.

Архелогийн авран хамгаалах судалгааны хүрээнд 16 аймгийн 38 сумын нутагт нийт 42 тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул, судалгааны ажил явуулж Бянхонгорт 10, Говь-Алтай аймагт 27, Дорноговь аймагт 25, Дундговь аймагт 60, Өвөрхангай аймагт 29, Өмнөговь аймагт 146, Сүхбаатар аймагт 99, Төв аймагт 89, Увс аймагт 12, Улаабаатар хотод 27, Хэнтий аймгийн нутагт 45 зэрэг нийт 588 дурсгалт шинээр илрүүлж баримтжуулжээ.

Өөр бас нэгэн сонирхолтой олдворыг Монголын Үндэсний музей, Амеркийн Питсбургийн их сургуультай хамтарсан “Умард Монгол” археологийн судалгааны төслийн хүрээнд нээн илрүүлсэн байна. Тус багийн хамт олон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Айргийн гозгор хэмээх газраас өмнө илэрч байгаагүй өвөрмөц зан үйл бүхий булш, оршуулгыг илрүүлсэний сацуу Сяньбигийн үед хамаарах модон байшин бүхий модон хүний сийлбэр олжээ. Ийнхүү тус булшнаас гарсан өөр олон үнэт олдворуудаар Монголын Үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгийг арвижуулсан байна.

Монголын археологийн сан хөмрөг жилээс жилд өсөн арвижиж, үнэт олдвор бүхий дурсгалт газруудыг судлаачид нээн илрүүлснээр бидний түүх улам л зузаарсаар буй билээ.

Categories
гадаад мэдээ

Хятад улс нүүрснээс татгалзаж байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлнэ

Хятад улсын агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн учраас нүүрсний хэрэглээг багасгах бодлого баримталж байна. Үүний улмаас тус улсын гадаадаас авах байгалийн хийн хэмжээ нэмэгдэж байна. “SCI International” байгууллагаас мэдээлснээр Хятадын гаднаас авах байгалийн хий 2017 онд 30 хувиар нэмэгдэнэ. Цаашлаад 2020 оны төгсгөлд байгалийн хий эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хангана гэж үзжээ. Харин 2015 оны эцсийн байдлаар эрчим хүчний нийт түүхий эдийн гуравны хоёрыг нүүрс дангаараа эзэлж байсан юм. Ийнхүү агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн учир Хятадын Засгийн газар 2020 он хүртэл 360 тэрбум ам.долларыг сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болж жилд 1300 орчим хүн нас бардаг

АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн эрдэмтэд агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаанууд хийснээ өнөөдөр танилцуулж, холбогдох байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал профессор, АУ-ны доктор О.Чимэдсүрэн “Өнгөрсөн таван жилийн хугацаанд АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны баг олон улсын судлаачидтай хамтран агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон судалгаа хийсэн.

Тухайлбал, 2013-2014 онд Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцорын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөл нөлөөллийг АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтраад хийсэн байгаа. Тэр судалгаанаас харахад 2014 оны байдлаар агаарын бохирдол 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эмгэгт нөлөөлж 120 орчим хүүхдийн нас барах шалтгаан болсон. Насанд хүрэгчдийн хувьд 1,200-1,300 хүний нас баралтад нөлөөлсөн гэж үзсэн. Улаанбаатар хотод жилдээ 7,000 орчим хүн нас бардгаас агаарын бохирдлоос шалтгаалан 120 хүүхэд, 1,200 орчим насанд хүрсэн хүн нас барж байна. Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарч байна. Үүнээс сэргийлэхийн тулд юу хийх юм бэ гэдгийг бид бас тодорхойлсон. Хамгийн нэгдүгээрт агаарын бохирдлын гол эх үүсвэр болоод байгаа түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргах хэрэгтэй байна. Дараагийн дугаарт автомашинд евро зургаа стандартын түлш хэрэглэх, насжилт өндөртэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байхад гадна агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг ДЭМБ-ын стандартад хүргэх боломж бүрдэнэ гэж үзсэн” хэмээн ярилаа.

Эрдэмтдийн зүгээс бодлого боловсруулагчид судалгааны үр дүнг харгалзан ажиллахыг уриалж байлаа. Тухайлбал, тус сургуулийнхан “Замын цагдаа нарын агаарын бохирдолд өртөлтийн судалгаа”-ны үр дүнгээ Замын Цагдаагийн Албанд хүргүүлж, замын хөдөлгөөн зохицуулагч цагдаад амны хаалт зүүлгэх, шүгэлтэй дохиур хэрэглүүлэх талаар саналаа танилцуулсан байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаарх судалгаа хийсэн эрдэмтэд зөвлөмж гаргажээ

  • Дулааны үр ашиг, эрүүл мэнд, эдийн засгийн үр нөлөөнд суурилсан Монгол гэр, гэр хороолол дахь амьны орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгад тохирсон утаагүй халаалтын шийдлүүд хэрэглэх,
  • Сайжруулсан зуух, хатуу түлшний хэрэглээг дэмжихгүй байх,
  • Цахилгаан дулаан түгээх дэд бүтцийг сайжруулах,
  • Эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх,
  • Цэцэрлэг эмнэлэг сургуулиудад агаар цэвэршүүлэгч ашиглах,
  • Агаарын бохирдол их үүсгэдэг автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Сургууль цэцэрлэгийн хичээллэх цаг, хуваарийг агаарын бохирдлын оргил үетэй давхцуулахгүй байх, бохирдол ихтэй үед амраах,
  • Зах зээл дээрх агаар цэвэршүүлэгч, амьсгал хамгаалах маскны үр ашгийг тооцож, бодит мэдээллээр иргэдийг хангах,
  • Иргэдийг нийслэл хотоос орон нутагт шилжтн суурьшихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Агаарын бохиролыг бууруулахад зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийг дэмжих,
  • Автомашины янданд агаар шүүгч хэрэглэх,
  • Агаарын бохирдол өртөмтгий хүн амд чиглэсэн үйл ажиллагаа явуулах,
  • Зам дээр зогсож ажиллаж буй цагдаа нарын хөдөлгөөн зохицуулалтын цагийг багасгах, эсвэл богино хугацаагаар зохицуулалт хийхээр ажлыг зохион байгуулах,
  • Шийдвэр гаргагч бодлого боловсруулагч нар автотээврээс үүдэлтэй бохирдлын өртөлтийг багасгах болон хянах бодлогын менежмент, эрсдэлийн удирдлагын стратегийг боловсруулан хэрэгжүүлэх,
Categories
мэдээ нийгэм

Тархины судсан дотуурх мэс заслыг III эмнэлэгт хийж байна

Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархи, зүрхний судсан дотуурх хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан билээ. Эдгээр аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг мэргэжилтнүүд эх орондоо нутагшуулж чадсан юм. Судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм орчим зүслэг хийн, үүгээр гуяны артерийн судсыг дамжуулан тусгай материалиар хийгдсэн үсний нарийн ширхэгийн дайтай гуурс оруулан, цээжний гол судас, зүрхний гол судсаар дамжин тархи руу салаалсан гол том судас, улмаар тархины гүн хэсгийн жижгэвтэр судаснууд руу дамжиж эмчилгээ хийх цэгтээ хүрдэг. Ийнхүү тухайн хэсэг газарт илэрсэн судасны цүлхэн, артери венийн судасны эмгэг сүлжээрэл болон хавдрыг тэжээгч судаснуудад хүрч, дотор талаас нь мэс ажилбарыг хийдэг байна. Энэхүү мэс заслын зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн өртөг 30-80 сая төгрөг болдог бөгөөд нийт эмчилгээний зардал нь тархины судасны байрлал, эмгэгийн хэмжээ, хүнд хөнгөний зэрэг гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан янз бүр байдаг.

Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад энэ төрлийн мэс заслыг хийлгэхэд эмчийн ур чадварын хөлс багтаад ойролцоогоор 80-200 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Өнөөдөр Монголдоо энэ төрлийн судсан дотуурх мэс заслыг ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн өртөгөөр хийж байна. Энэ нь зөвхөн мэс засалд шаардлагатай өндөр өртөг бүхий нэг удаагийн материал хэрэгслийн үнэ өртөг бөгөөд үүний 70-аад хувийн зардлыг улсаас буюу эрүүл мэндийн даатгалаас даадаг болсон. УГТЭ нь өнгөрсөн хугацаанд тархины судсан дотуурх эмчилгээ зайлшгүй шаардлагатай 64 иргэнийг эмчилж чадсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.