Categories
мэдээ спорт

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно

Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. 25 дахь удаагийн тус барилдаан шинэ оны анхны бөгөөд Цагаан сарын өмнөх хамгийн том сорил болох нь лавтай.

Тус барилдаан 1992 онд анх болоход улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр уг мэндчилгээндээ

Бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн тэгш дүүрэн, хүндэтгэлт баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 25 жилийн тэртээ Монголын төрт ёсны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл хэргийг монголчууд бүтээсэн билээ. Энэ бол монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож буйгаа зарлан тунхагласан явдал байв.

Энэ сонголтыг хэн нэгэн бус, хэсэг бүлэг хүмүүс ч биш, Монголын ард түмэн өөрсдөө хийсэн юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг улс орон даяар хэлэлцэж, 700 гаруй байгууллага, хамт олон, 900 гаруй мянган хүн оролцож, саналаа илэрхийлсэн байдаг. Чухам тийм ч учраас Үндсэн хуулиа бид нийт монголчуудын оюун санааны хамтын бүтээл гэж үздэг юм.

Монгол түмний энэ “бүтээл” цаг хугацаа, нийгэм, түүхийн шалгуурыг даахуйц чанар чансаатай болсныг өнгөрсөн 25 жилийн үйл явц батлан харууллаа. Монгол Улс сонгосон замаараа тууштай замнаж байна. Энэ зам биднийх. Эргэж буцахгүй, ээдэрч мухардахгүй гэдэгт иргэн бүхэн итгэдэг. Улс орон маань хөгжил дэвшил тийш, хүрэхээр сонгож товлосон зүг чиг рүүгээ урагшилсаар байна.

Бидэнд шийдвэл зохих асуудал, хийх ёстойгоо хийж чадаагүйн ухаарал, цаг зуурын хүндрэл бэрхшээлийн аль аль нь бий. Гэхдээ монголчууд эрдэм ухаан төгөлдөр, холч уужим хараатай, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийнхээ төлөө нэгдэж чаддаг, эвлэлдсэн тэр цагтаа их үйлсийг бүтээх эрч хүчтэй ард түмэн билээ.

Тиймээс Монгол Улс дэлхийн хөгжилтэй эн тэнцэн хурд нийлэхэд, иргэн түмэн нь чинээлэг хангалуун, амгалан төвшин, аз жаргалтай амьдрахад эргэлзэх шалтгаан огт үгүй. Гагцхүү шаардагдах хугацааг богиносгоход, асуудлаа зөв шуурхай шийдэхэд, илүү холд тэмүүлэхийг л эрхэмлэх учиртай. Энэ зорилгодоо монголчууд эвийн хүчээр хүрнэ гэдгийг сануулан хэлэхийг хүсэж байна.

“Эцэг” хуулиа судлан таних, ёсчлон хэрэгжүүлэх, дархлааг сахих асуудал зорилгодоо хүрэх нэгэн хөшүүрэг мөн. Тиймээс Үндсэн хуулиа сүслэн дээдэлж, айл өрх бүр “Нууц товчоо”, морин хуурынхаа хамт хоймортоо залж байх ёстой гэж би боддог. Ингэж гэмээнэ иргэд Үндсэн хуулиараа хамгаалуулж чадна, эрх зүйт төрийн тогтолцоо баталгаажих нэгэн үндэс бүрдэнэ.

Үндсэн хуулийн ойн энэ өдөр бол Монгол хэмээх улс гэр дэлхийн дайдад өөрийн гэсэн байр суурьтай, нэртэй хүндтэй байгаагийн, монгол хүн эх орондоо эзэн нь, эрх чөлөөтэй, үүрэг хариуцлагатай иргэн нь байгаагийн бахархал юм.

Бахархах түүх, омогших суу, бишрэх алдар, эрхэмлэх нэр төртэй монгол хүн Танд дүүрэн сэтгэл, түвшин жаргалыг ерөөе.

Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандаг гэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт боллоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо.

Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их Хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад АИХ-ын депутатууд төдийгүй иргэд ч санал сэтгэгдлээ илэрхийлсээр байсан юм.

Энэ утгаараа Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл билээ. Ардчилал, хүний эрхийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг тусгасан, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтносон байдлыг бүрэн баталгаажуулсан, ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдлыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг хуульчлан, нийгэм, улс төр, эдийн засгийн шинэ харилцааны үндсийг тодорхойлон, Монгол орон, монголчуудын ирээдүйн чигийг заасан, түүхэн ач холбогдолтой хууль бол 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль байлаа. Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, харилцаанд гарсан хувьсал өөрчлөлт, хөгжлийн өнөөгийн дүр төрх, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв чиг баримжаатай болсныг батлан харууллаа.

Нөгөөтэйгүүр ардчилсан тогтолцоотой дэлхийн улс түмнүүдийн Үндсэн хуулийн сайн жишиг, нийтлэг түвшинд хүрсэн, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг шингээсэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, дэвшлийг агуулсан, Монгол дахь ардчиллын баталгаа болж чадсан гэж эрдэмтэн судлаачид дүгнэн үздэг билээ. Монголчууд хэнээс ч хараат бусаар, өөрсдөө боловсруулж, өөрсдөө шүүн тунгааж, өөрсдөө гардан эх барьж авсан, нийгмийн нэг байгууллаас өөр цоо шинэ байгуулалд шилжин орох, энэ түүхэн сонголтоо эрх зүйн хувьд баталгаажуулах чин эрмэлзлийн илэрхийлэл нь энэхүү Үндсэн хууль болсон билээ. Монголчууд хэрэгтэй цагтаа нэгдэж чадсаны илэрхийлэл, шинэ, ардчилсан төрт улсыг эмхлэн цогцлоож, эх орныхоо ирээдүйн сэргэн мандал, хөгжил дэвшлийн төлөө хамгийн чухлыг хийж, хэрэгжүүлж байна гэсэн бат үнэмшил нь энэхүү шинэ Үндсэн хуулиар биежин баталгаажсан билээ. Түүнчлэн “Үндсэн хуулийн өвийн тухай” хуультай болох талаарх үзэл бодол ч анхаарвал зохих асуудал мөн” хэмээн онцлов.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 он арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар зарлигаар Бадарчийн Дэмбэрэл, Рэнцэнхорлоогийн Ёндондэмбэрэл, Донидын Найдан, Пүрэвийн Нямсүрэн, Даржаагийн Пүрэвдорж, Шаравын Цэнджаргал, Дамдины Шагдар, Пуужингийн Энхсайхан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ (III)

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №006, 007 (5573, 5574) дугаарт

Ард түмний талбайн хэсэг л Туул гол руу очих боломжтой байна

Хэнтийн нурууны хөвчийн өндөр уулын салаа ам болгоноос оргилон гарсан тув тунгалаг булаг, шанд, рашаан, жижиг гол, горхи бүгд Туул голын их бэлчирт нийлдэг билээ. Тэндээс хатан Туул зэлэндээ номхроогүй унага шиг цовхчин, цэлэлзэж, Улаанбаатарын зүгт урсана. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт тосгон хүртэл Туулын цэнгэг урсгал цэлэлзэн мяралзан урсана. Алд дэлэм тул, бусад загас, жараахай тунгалаг усанд нь эрх дураараа сэлж, хүн, ан амьтан, мал ундаална. Монгол Улсын сая гаруй иргэн Туул голын тунгалаг усыг ундныхаа усанд хэрэглэж байна. Хэдэн жилийн өмнө амьдралаа тэр чигт нь Монгол орны усыг судлахад зориулсан Монгол Улсын гавьяат багш, Найдангийн Батсүх Монголчууд ийм цэвэр тунгалаг Туул голын усыг ундандаа хэрэглэж, хувцсаа угаадаг мөн ч их хувь тавилантай шүү. Ийм тунгалаг гол дэлхийд ховор хэмээн ярьж билээ. Ийн нийслэлчүүдийг ундаалсан Туул гол таван аймгийн 37 сумаар дайран торгон долгио хаялан мяралзан урссаар Орхон голд цутгадаг билээ. Хэдэн жилийн өмнө Туул голын хөвөөнд хэн ч очиход амархан байлаа. Урин дулааны цагт хүүхэд, хөгшидгүй автобусанд сууж очоод л голоо өгсөж, Туул голын торгон ногоон зүлгэн дээр сууж, голын усанд умбан шумбадаг байв. Өвлийн улиралд зарим хэсэгт нь хүүхэд, багачууд гэлтгүй томчууд өдөржин тэшүүрээр гулгаж тоглодог байв. Харин өдгөө Богдхан уулын ар хормойг эмжин буй Туул голд очиж тоглох нь битгий хэл ойроос харж ч чадахгүй болжээ. Хэдэн үеэрээ алтанхан Туул минь хэмээн сүсэлж ирсэн Туулын эргийг хэдхэн хүн эзэмшиж, хүн байтугай мал ч ойртуулахгүй хашаалж, өндөр харуул хамгаалалтад авсан нь даанч харамсалтай.

ИХ ТЭНГЭРИЙН АМАНД БАРИГДАЖ БАЙГАА ЗОЧИД БУУДЛЫН ЦААД ЭЗЭД НЬ Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ ГЭВ

Монгол төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийнхээ хугацаанд гэр бүлээрээ амьдардаг Их тэнгэрийн аманд газар зарсан асуудал гарсан. Богдхан уулын дархан цаазат бүс нутагт хамаарагддаг Их Тэнгэрийн амыг бусдад ашиглуулах боломжгүй байдаг. Гэтэл АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барих шалтгаанаар өнгөрсөн жил газар зарсан байдаг. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр бид Их тэнгэрийн аманд очлоо. Туул голын эрэг дагуух Их тэнгэрийн ам, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалдаг газрын хажууханд хэд хэдэн барилга баригдаж эхэлжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Шинэхэн групп” нэртэй компанид Их тэнгэрийн амны уг газарт үндэсний цогцолбор, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэрчилгээг таван жилийн хугацаатайгаар олгосон байна. “Шинэхэн групп”-ийн захирлаар Ж.Сансар гэх залуу ажилладаг юм билээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв нар гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд газрын гэрчилгээг хэдэн ч удаа сунгуулж болно хэмээн заасан байдаг аж. Их тэнгэрийн аманд зочид буудлын барилга барьж байгаа “Шинэхэн” группийн захирал Ж.Сансар нь МАН-ын засаглалын үед буюу 2007-2010 онд Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан байдаг. Өмнө нь нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан гэдэг. Гэвч уг газартай холбоотойгоор “Их тэнгэрийн амны 7.4 га газрыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан Ц.Баярцогт нар зарсан. Цаад эзэн нь энэ хоёр эрхэм. Аялал жуулчлалын зориулалтаар хэмээн газрын эрхээ авсан ч одоо баригдах барилгууд нь орон сууцны зориулалттай” хэмээн яригдаж байна.

“М-Си-Эс” групп Богдхан ууланд хууль бусаар хайрга олборложээ

ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДАЖ, ГОЛООС 30 АЛХМЫН ЗАЙД БАРИЛГА БАРЬЖ БУЙ “МОГУЛ ИБИЗ” КОМПАНИ

Их тэнгэрийн амнаас Туул голоо өгсөн явсаар Хан-Уул дүүргийн Маршалын гүүрний зүүн талд Могул ибиз компанийн захиалгаар баригдаж байгаа Khan hills residence орон сууцны хороололд очлоо. Самбарт хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгч Агар арвижих компани гэсэн байв. Уг хороолол тэр чигээрээ Туул голын ай сав газарт баригджээ. Бүр Туул голын эргийн бургасыг хядчихсан байна. Тэгээд зогсохгүй хэдэн километр үргэлжилсэн урт, өндөр хашаа хатгажээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Г.Батхишигтэй ярилцлаа.


-Туул голын эрэг дээр орон сууцны барилга баригдаж байгаа юм байна. Энэ хавийн иргэд хууль бусаар баригдаж байгааг эсэргүүцээд чадаагүй гэсэн үү?

-Тийм ээ. Бид чадах чинээгээрээ л эсэргүүцсэн. Мэргэжлийн хяналт, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрыг хамгаалах газар гээд л мөн ч олон газарт хандсан. Гэвч Туул голын бургасыг огтолж, дээр нь барилга барьж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоох газар Монголд олдоогүй. Туул голоос 30 алхам хүрэхгүй газарт л барилга баригдаж байна шүү дээ.

-Голын эрэг дагасан газар дээр барилга барьж байгаа компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэхээр дарамт шахалт ирдэг гэсэн үү?

-Биднийг “Энд хууль бусаар барилга барьж болохгүй. Хаанаас зөвшөөрөл авсан юм бэ” гэхээр барилга баригчдаас маш их дарамт шахалт ирдэг. Шоронд олон жил болсон хүмүүсээр дарамтлуулна, гэрийн гадаа бөө нар авчирч хэнгэрэг цохиулна. Мөнгө өгье гэж нэг нэгээр нь дуудах гээд янз бүрээр дарамталдаг. Сүүлдээ бид Туул голын эрэг дагуу барилга барьж байгаа компаниудыг эсэргүүцэхээ больсон. Ирэх жилээс нийслэлчүүд Туул голын эрэг дээр амрахдаа мөнгө төлдөг болох байх. Одоо Богдхан уул руу амралтын өдрүүдээр хүмүүс гарахдаа дандаа мөнгө төлж байна шүү дээ. Аль нэг компанийн хашаагаар дамжин гарсан гээд л 2000 төгрөг төлж байх жишээний. Мөнгө өгөхгүй бол Богд уул руу явах зам, газар, нүх сүв байхгүй юм чинь. Яг үүнтэй адилхан Туул гол руу Улаанбаатар хотынхон очихдоо мөнгө төлдөг болох байх.

-АСЕМ-д зориулж барьсан барилга, орон сууцуудыг томчууд худалдаж аваад дууссан гэж үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. Дуусаагүй байсан барилгуудыг бариад бараг дуусгачих шиг боллоо. Том, жижгээс нь хамаараад 4-6 тэрбум төгрөгөөр худалдаж авч байна гэсэн. Томчуудын хороолол нэгээр нэмэгдэж байгаа хэрэг. Туулын эрэг дагаж барьсан энэ хашаанууд ч ялгаагүй томчуудынх. Бүгд өөрсдөө амьдрах, бусдад зарж борлуулах орон сууц, хаусуудаа барьж байна. Бүгд хууль бус. Ядаж л усны тухай хууль, газрын тухай хуулийг зөрчсөн байхад мэргэжлийн байгууллагынхан яаж ч чадахгүй байсаар сүүлийн 20 жилд Туул голын эрэг тэр чигтээ барилга болчихлоо. Хэдэн жилийн дараа Туул хотхон дундах гол болох биз.

БОГДХАН УУЛАНД “MCS” ГРУПП ХАЙРГА ОЛБОРЛОСОН БАЙНА

“АСЕМ вилла” хотхоны барилга, орон сууцуудыг “MCS” групп худалдаж байгаа юм билээ. Мөн тус групп Богдхан ууланд “Скай резорт” цанын бааз ажиллуулж байгаа. Олон зуун аж ахуйн нэгж, Монголыг хэрэн сүлжсэн худалдааны бизнестэй атлаа тус группийнхэн “АСЕМ вилла” хотхоныг барихын тулд цанын баазынхаа хажууханд, Хүрэлтогоот руу явах замд буюу Богдхан уулнаас хайрганы олборлолт хийсэн мэдээлэл байна. Зуны цагт хамгаалалтын албаныхан огт оруулдаггүй энэ газарт “MCS” групп хуулийг гууль болгож байгаагийн нэг л жишээ энэ гэхэд хилсдэхгүй болов уу.

АРД ТҮМНИЙ ТАЛБАЙ ДЭЭР ТӨРИЙН ЦАГДАА “ЖААЛДАГ”

Жирийн иргэд Туул гол дээр очдог ганцхан газар байна. Тэр нь Ард түмний талбай хэмээн нэрлэгдэх болсон хэсэгхэн тэгш талбайтай газар. Туул гол руу очихын тулд хэсэгхэн бургасыг гаталж голынхоо эрэг дээр очно. Цаг агаар дулаарахаар эндхийн замын хажуугаар хүн багтахаа больж, голын эргээр нийслэлчүүд чихэлдэнэ. Арай гэж олдсон алга дарам энэхэн газартаа чихэлдэн байж Туул голынхоо шуугин урсах чимээ, бургасны салхины аясаар шуугих, шувуудын шулганан жиргэх чимээг сонсоно. Өндөр настай нь сүүдрэвчинд даалуу тоглож, талбай дээр нь аав нар хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн тоглож, залуу хосууд голын эргээр алхана. Мөн зарим нь хуушуур, шорлог хийж, ундаа, цэвэр ус зарна. Ийн амарч, их хотын стресс, дуу шуугианаас тасрахын тулд л хүмүүс Туул гол руу өвөл, зунгүй тэмүүлнэ. Гэвч тухлах газаргүйн дээр эргүүлийн цагдаа нар байсхийгээд л ирж, энд зөвшөөрөлгүй хуушуур хийж, шорлог зарлаа. Ундаа, ус зарж болохгүй гээд л хамаг юмыг нь хурааж аваад л төр төмөр нүүртэй гэдгээ ард түмэндээ харуулна. Ийм атлаа Туулын эргийг сэтэлж, тэгшлэн байж барьж байгаа барилгын компаниудад, эздэд нь юу ч хэлж чадахгүй.

Туул голын эрэг дээр барилга барьсан төрийн түшээд, бизнесмэнүүдийн амрах өрөө нь үнэн тансаг байх юм билээ. Өнгөрсөн зун ажлын өрөөний хаалгыг онгойлгоод арав хүрэхгүй алхаад л Туул голын усан дээр очдог. Цонхоо онгойгочихоод л Туул голын шуугин урсах дуунд ажлаа хийж байгаа нэгэн захирлын өрөөнд орсон юм. Мөн цэлгэр том цонхоор гол бүхэлдээ харагдсан байрлалтай хэд хэдэн компани тэнд байсан. Гэтэл нийслэлийн сая гаруй иргэн өдгөө энэ л алга дарам талбай дээр ээлжээр шахуу ирж, Хатан туулынхаа тунгалаг долгиог харах л хувьтай болжээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР 2011 ОНООСХОЙШ ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГЭЭГҮЙ

Туул голоо өгсөж явсаар Баянзүрх дүүргийн товчоо орлоо. Голынхоо хойд эргээр хэд хэдэн иргэн аялал жуулчлалын чиглэлээр газар өмчилж авсан сураг дуулдаж байв. Баянзүрхийн товчооноос дээш өгсөөд явахаар Туул голын хойд эрэг дээр “Монгол шилтгээн”, “Шинэ Монгол”, “Цэнхэр мандал”, “Их хайрхан” зэрэг амралтын газар цуврах ажээ. Мөн хаусууд энд тэндгүй баригджээ. Харин Баянзүрх дүүргийн товчооноос дээш Туул голоо өгсөхөөр одоохондоо голын урд захад барилга баригдаж эхлээгүй байна. Гэхдээ цахилгааны том том шон баригдсан байна лээ.

Туул голын онцгой бүсэд албан бус тоогоор 850 компани барилга барьсан гэнэ. Мөн энгийн хамгаалалтын бүсэд 3307 аж ахуйн нэгж, иргэн барилга барьсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул голын эрэг дагуу баригдаж байгаа барилгуудад хамгийн сүүлд 2011 онд шалгалт хийсэн байна. Түүнээс хойш нэгдсэн хийгээд хэсэгчилсэн байдлаар нэг ч удаа шалгалт хийгээгүй гэдгийг тус газрын мэргэжилтнүүд хэлж байв.

ТУУЛ ГОЛ МАН, АН, МАХН-ЫН ГИШҮҮДИЙН ӨМЧ БОЛЖЭЭ

Цагдаагийн байгууллага Туул голын эрэг дагуу баригдаж байгаа барилга, хууль зөрчиж буй асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн удаа дараа шалгасан байна лээ. Гэвч улс төрийн МАН, АН, МАХН, зэрэг намуудын гишүүд Туул голд эзэн суусан учир прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгодог байна. Нэр бүхий томоохон улстөрчийн ганцхан компанийн байгальд учруулсан хохирол нь хэдэн тэрбум төгрөг давсан үнэлгээ гарсан байна. Гэвч дээрх аргаар хэрэгсэхгүй болж, харин ч барилга, шилтгээнүүд нь өдгөө сүндэрлэж байна.

Туул голын эрэг дагуу хэдэн өдөр явж ийн сурвалжлага бэлтгэв. Голын мөсөөр л явахгүй бол битүү хашаа татчихсан, эрэг рүү хүн орох зай завсар алга. Хашааг нь даваад орох юм бол хувийн өмчид халдсан гээд цагдаад шалгагдах асуудал үүсэхээр юм. Эс бөгөөс Туул голын эргийг харж чадахгүй, компаниудын залгуулан барьсан хашааг даган давхисаар Баянзүрхийн товчоо өнгөрч байж арайхийн эргийг нь үзэж болохоор болжээ. Ингэж л “Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болсон байна. Өмнөх Засгийн газруудын үед аялал жуулчлалын гэх нэрээр олгосон газрын зөвшөөрлүүдийг одоогийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цуцлах бүрэн эрхтэй. Хэрэв ингэж чадвал алтан тэвшийн хөндий ард түмний өмч хэвээр үлдэх юм.

Ард түмэн очиж чадахаа больсон, алттай арваадхан айлын өмч болсон, тунгалаг Туул минь ай хөөрхий.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Ардын элч”-ийн Дүлзэнгийн дүрээр ард түмэндээ танигдсан Бавуугийн Готов авьяаслаг дуурийн дуучин байсан

Дүлзэн “Чи энд байгаад ердөө амжихгүй. Энэ их хөл үймээнтэй үеэр чамд юу ч тохиолдож болно. Ерөөсөө л манайд оч. Ганц хүүгий чинь ер дараа үзэхгүй. Мэргэд лам нар чи бид хоёрын хувь заяаг эрхбиш мэдсэн байлгүй дээ хө. Ямар ч талаараа сайн гэсэн шүү дээ” гэж Ариунаад их л эелдэгхэн хэлэхэд Ариунаа “Дарьбазар бид хоёрыг ч бас тэгсэн юм шүү. Та ер нь салж өгдөггүй нойтон хамуу шиг жигтэйхэн амьтан байна ш дээ. Дахиад манай хаяагаар бүү үзэгд” гэж дэлгэцнээ харилцан ярих хэсгийг үзсэн хэн ч байсан “Ардын элч” кино хэмээн шууд өгүүлэх нь дамжиггүй. Хошуу захирагч ноёны дуулгавартай зарц Дүлзэнгийн дүрд дуурийн алдарт дуучин Бавуугийн Готов ийн тоглосон нь урвагчийг нүднээ харагдаж, хүний сэтгэлд хадагттал өгүүлсэн нэн донжтой дүр болсон байдаг.

Эх орны хувь заяа хутганы ирэн дээр байсан тэртээ 1921 оны ардын хувьсгалын үйл явдлыг харуулсан дэлгэцийн олон сайхан бүтээл байдаг. Түүний нэг бол төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын зохиол “Ардын элч” кино яах аргагүй мөн юм. Энэхүү киног 1959 онд “Монгол кино” нэгтгэл есөн бүлэгтэйгээр бүтээжээ. “Ардын элч” кино нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд Монгол киног төлөөлөн оролцож, Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн эмэгтэй шилдэг дүрийг бүтээсний төлөө мөнгөн медаль хүртэж байв. Уг кино дэлхийд алдартай Карлварын зэрэг кино наадмуудад ч оролцож монгол киноны нэр хүндийг өргөж байсан түүхтэй. Өнгөрөгч XX зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр ч шалгарч байсан.

Одоо ч манай үзэгчдийн үзэх дуртай кино байсаар байгаа “Ардын элч”-ийн ерөнхий найруулагчаар төрийн шагналт Д.Жигжид, зураглаачаар О.Уртнасан, зураачаар Л.Махвал, хөгжмийн зохиолчоор төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдорж нар ажилласан байдаг нь аргагүй л алтан үеийнхний бүтээл дээ гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Гол дүрийн Ариунаад гэхэд жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн, Дарьбазарт нэрт жүжигчин Жамбалын Занабазар, Сүхбаатар жанжинд Зундуйн Галсанданзан, Дүлзэнд Бавуугийн Готов, Тулга хүүд Ц.Доржсүрэн нар тоглосон байдаг.

Олны хүч хөдөлмөр, авьяас билгээр бүтсэн энэ киноны жүжигчдэд үзэгчид өнөө ч хайртай байдаг. Тиймдээ ч хошин шогийн жүжигчид хүртэл “Ардын элч” бүрэн хэмжээний хошин шог дуулалт жүжиг тоглож байсан нь дэлгэцэнд хэдийнэ гарчээ.

Тэдгээр авьяаслаг жүжигчдийн нэг бол Дуурийн театрын авьяаслаг дуучин, Дүлзэнгийн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрч, ард түмний сэтгэлд үлдсэн жүжигчин Бавуугийн Готов юм. “Ардын элч”-ийн Дарьбазар, Дүлзэн нар бүтээсэн дүрүүдээрээ бол андалж нөхөрлөх нь байтугай аймаг хонхорт ч багтахын аргагүй атаатан дайснууд. Дүлзэнгийн атгаг муу санаа, Ариунаад тачаасан амьтанлаг үйлдэл зэвүүн дээ гэх энд илүүц тайлбар болно л доо. Үзэгчид бараг л цээжээр мэдэх хойно. Харин амьдрал дээр тэд зүү ч орох зайгүй амин дотно найзууд явсан гэдэг юм билээ. Нэг нутаг усаар овоглож, бас нэг байгууллагад данстай явсан тэд жаргал зовлонгоо хуваалцсан салшгүй андууд явсан ажээ. Дарьбазарт тоглосон жүжигчин Ж.Занабазар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1925 онд төрсөн хүн байж. Тэгэхээр тэр хоёр хоймор нутгийн хийморь далласан үе тэнгийнхэн байсан ажээ.

Өнгөрөгч зууны гуч, дөчөөд оны “Бөмбөгөр ногоон”-ы сайхан хүүхнүүдийн нэг явсан Гүндэгмаагийн Дулмаа “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дүрээр олны танил болжээ. Нэгэн үе ардын жүжигчин Цэрэндэндэв Юндэнд, Дулмаа Нансалмаад тоглодог байсныг тавь, жараад оныхон дурсан ярьдаг. Сүүлдээ Дулмаа Хоролмаад голдуу тоглох болсон бөгөөд “Хоролмаа бол эсрэг дүр. Гэхдээ тэр их хайрандаа хязгааргүй үнэнч халхын сайхан бүсгүйн дүр юм. Тиймээс би Хоролмааг жигшүүлэх талаас нь биш ухаалаг, уянгалаг талаас нь гаргахыг зорьж байлаа. Тэгээд ч миний Хоролмаад үзэгчид сайн. Би Дагванамдал, Дамиран нарын Юндэнтэй, Бавуугийн Готов гэсэн алдарт Балгантай дуулж явлаа” гэж дурссан байдаг бол Хоролмаагийн дүрд гучин таван жил тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэцэгээ “Б.Готов гуай хачин гоё Балган. Яагаав, “Ардын элч”-ийн Дvлзэнд тоглодог” гэж дуу алдан тодосгосон байдаг.

Монголын их зохиолч Лодонгийн Түдэвийн зохиол “Зэрэг нэмэхийн өмнө” уран сайхны киноны Долдойгийн дүрээр олон түмнээ алдаршсан ардын жүжигчин Данзаншаравын Жамьянжав нэгэнтээ “Учиртай гурван толгой” дуурийн худалдаачны дүрийг чадварлаг бүтээдэг болсон талаараа ярихдаа “Балганы дүрд ардын жүжигчин Пvрэвдорж, Д.Жаргалсайхан, Дүлзэнд тоглодог Б.Готов, бид дөрвийг тоглуулдаг байлаа. Бодоод байсан чинь би ер нь Балган биш юм аа. Өнөө гурав маань болоод байдаг, би өөрийгөө голоод байдаг. Над шиг гулзгар өндөр, туранхай амьтан чинь ер нь яаж Балган харагдах вэ дээ. Бодоод байсан чинь худалдаачны дүр л тохирох юм шиг санагдаад өөрийнхөө сонголтоор худалдаачин болсон минь тэр дээ” гэж дурссан байдаг.

Тэгвэл Монгол Улсын ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ “Театрын тайзнаа хамгийн анх амилуулсан дүр маань “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дагуул. Мэргэжлийнхэнд анх үнэлэгдсэн дүр бол Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурийн Галдан гэж ойворгон сагсуу ноёны дүр байлаа. Дуурийн гоцлол дуучны мэргэжил бол их онцлог л доо. Хоолой заачихдаг. Хэрэв тухайн дуурийг баритон хоолойд зориулаад биччихсэн бол тийм хоолойтой хүн л дуулахаас биш бусад нь барахгүй шүү дээ. Манай дуурийнхан үүнийг “ачаа үүрэх” гэж ярьдаг юм. Дуучид гэдэг үе үеэрээ төрдөг. Тэр дуучид үе үедээ урлагаа авч явж дараагийн үедээ хvлээлгэж өгөхийг хэлж байгаа хэрэг. Намайг театрт ирэхэд О.Лувсандагва, Бавуугийн Готов, Н.Дагванамдал гуай гээд л олон сайхан баритонууд байлаа. Тэд бол Монголын сонгодог урлагийг нуруун дээрээ үүрч явсан агуу уран бүтээлчид” гэж дүгнэсэн байдаг.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Ардын элч” уран сайхны киноны Дүлзэнгийн дүрүүдээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон нэрт жүжигчин Б.Готовын талаар “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр ард түмэнд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав дурсахдаа “Гарьд магнай” киноны Равсал панзын пробонд “Ардын элч”-ийн Дүлзэн-Б.Готов ах хүртэл орсон. Хэрвээ найруулагч маань түүнийг сонгосон бол намайг хэн ч Равсал панз гэж танихгүй л байх байсан” хэмээсэн байдаг нь цаанаа учиртай үг билээ. “Урлаг бол агуу их золиос” гэж Японы их зохиолч Рюноскэ Акутагава бичсэн байдаг. Авьяаслаг жүжигчдийн амьдрал ахуйг заримдаа бодохоор “Энэ юутай гашуун үнэн үг билээ” хэмээлтэй санагддаг. Гэвч, Бавуугийн Готов хэмээх авьяас билэг төгөлдөр нэгэн хүний хорвоод аж төрөөд буцахдаа бүтээсэн дүрээрээ нэрлэгдэх хувьтай, хойч үедээ магтагдах дурсамжтай нэгэн байжээ гэж бахархахаас аргагүйд хүрдэг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван төгрөгийн төлөө Таван толгойгоо хятадуудад зүгээр өгөхөөр шийдсэн манай хэд

Таван толгойн хэлэлцээр эхэлсэн энэ өдрүүдийн гол дүр нь Монголын Засгийн газар биш “Шинхуа” болчихоод байна. “Шинхуа” урд хөршид байтугай дэлхийд гэж яригддаг аварга компани л даа. Хятадын удирдлагууд тун удахгүй Цөмийн энергийн том компаниа “Шинхуа”-д нэгтгэх гэж байгаа юм билээ. Энэ бол эрчим хүчний аварга компани болох их зорилгынх нь зөвхөн эхлэл. Таван толгойд өндөр сонирхолтой түнш маань сэргээгдэх эрчим хүч рүү аль хэдийнэ орсон. Хаа газрын Австралид хүртэл салхин станц барьсан туршлагатай. Занар руу ахиухан хөрөнгө хийгээд амжсан. Хөрөнгө хийж эхэлсэн улс нь занараа чулуу болгож чадсан АНУ. Биднийг энүүхэн зуураа нүүрсний ганц ордоо яах вэ гэж хөлөө жийлцэх зуур тэнд “Шинхуа” алсыг харж, дэлхийн энергийн аварга амьтан болох бэлтгэлээ базааж сууна. Урд хөршийн компанийн томыг яривал энэ мэт өчнөөн жишээ дурдах хэрэг гарна.

Уг нь өмнөх Засгийн газрын үед “Шинхуа” жигтэйхэн чих зөөлөн байсан. Бүх өрийг чинь даръя, нэмэх нь 400 сая ам.долларыг Засгийн газарт чинь бэлнээр өгье гэсэн ч бид “Иргэдийнхээ хувь эзэмшдэг аймаар том ордоо муусайн хятадуудад өгөхгүй” гээд хөөгөөд явуулж байв. Одоо харин тэднийгээ царайчилсан шигээ амь зууж байна. Царайчлахдаа бүр хошин шогийн гэмээр хандлага гаргачихаж. Засгийн газрын ажлын хэсгээс “Шинхуа” руу танайтай гэрээ хэлэлцээр хийе гэсэн утгатай бичиг сачиг явуулж л дээ. Уул уурхайн яаман дээр ажиллаж буй ажлын хэсэг дараахан нь “Шинхуа”-г хүлээж аваад уулзсаныг бултаараа мэдэж байгаа. Төсөв улайсан, нүүрсний ганц том ордоосоо олсон мөнгөгүй зүдэрч яваа энэ үед “Шинхуа”-тай хамтаръя гэж дуугарахаас аргагүй л дээ. Тэднээс өөр биднийг гэх нь өнөөхөндөө лав байхгүй. Ингээд зогссон бол яая гэхсэн, гэтэл манай Сангийн яам ар хударгаар нь өнөөдүүл дээр давхиж очоод “Ерөөсөө та нар Таван толгойг авчих, оронд нь дөрвөн тэрбумын хөнгөлөлттэй зээлээ л өгчих” гэсэн байх юм. Нэг нь хэлэлцээр хийе гээд уулзаж учрах урилга явуулаад байдаг, гэтэл нөгөө нь таван төгрөгийн төлөө шалдаа бууж зүгээр авчих гэж гуйж мөргөөд унахаар “Шинхуа”-д ямар бодол төрөх нь тодорхой. Ихэмсэглэнэ. Пээдийнэ. Дооглонгуй мушилзана. Байдлыг харзнаж байгаад шал долоох өдрийг чимээгүйхэн хүлээнэ. Хятадууд манийгаа бодвол хүлээж сурсан улс. Монголчууд таван талд таван өөр юм ярихад “Та нар чинь яагаад байгаа юм бэ” гэж нүдээ том болгохгүй. Тус бүртэй нь уулзаад найрсаг царай гаргаад яваад л байна. Эцсийн момент хүртэл шийдвэр гаргадаггүй нь хятад хүний цусанд шингэсэн чанар.

Яг одоо тэд Таван толгойг яасхийж байгаад үнэгүй авах вэ гэж бодож суугаа. Их мөнгөтэй, том төртэй мундаг компанид хүлээх гэдэг зовлон биш л дээ. Ямар бидэн шиг ирэх хавар бондын өрөө яах вэ гэж хоолой дээрээ хутга тулгуулсан биш.

“ШИНХУА” ТАВАН ТОЛГОЙГ ГАНЦААР ЭЗЭГНЭВЭЛ ЯАХ ВЭ?

Сангийн яамныхны мөрөөдөж байгаа шиг “Шинхуа” Таван толгойг ганцаар эзэгнэвэл яах вэ гэсэн асуултын хариу нь бидний нүдэн дээр бэлээхэн байна. Ерөөсөө л “Чалко”-гийн томсгосон хувилбар болно. “Чалко”-г бид манай улсад зөндөө доллар өгснийхөө төлөөсөнд нүүрсийг маань авч байгаа гэж өнгөцхөнөөр хардаг. Байдал газар дээрээ ямар байгааг өнгийгөөд харвал бас л хэцүү зураг харагддаг. Манай засаг 2012 оны сонгуулийн өмнө иргэддээ мөнгө тараахын тулд “Чалко”-гоос 350 саяыг урьдчилж аваад гэрээ байгуулж байв. Нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар өгнө гэсэн тохироотойгоор. Тэр үед Ухаа худагт олборлолт явуулж байсан “Энержи ресурс” нэг тонн түүхий нүүрсээ 96 ам.доллараар зарж байсан гэхээр зах зээлийн үнээс наад зах нь 20 ам.долларын доошоо гэрээ байгуулсан гэсэн үг. “Чалко” Эрдэнэс Таван толгойгоос 70 ам.доллараар авсан нүүрсээ цааш нь 80 болгоод зарж эхэлж. Нэг тонн нүүрснээс 10 ам.доллар унагах нь хаваасаг байсан хэрэг. Хажууханд нь ажилладаг “Энержи ресурс” 96 доллараар зардаг нүүрсээ 80 болгохоос аргагүйд хүрсэн нь ийм түүхтэй. “Чалко”-гоос хямдхан нүүрс авахаар хошуурсан харилцагчдаа ингэж байж авч үлдсэн түүх бий. “Энержи ресурс” сүүлдээ төрийн компанийнхаа “Чалко” гэдэг хятад түнштэйгээ үгсэн буулгасаар ирсэн нүүрсний зах зээлийн жамаас гажсан үнээс болж зогсолт хийхдээ тулсныг бултаараа мэдэх учраас илүүг нуршаад яахав. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хичнээн өслөө ч бидэнд нөлөөлөхөө байсан түүх эндээс эхтэй. Австраличууд өнөөдөр нэг тонн коксжих нүүрсээ хятадуудад 240 ам.доллараар зарж байхад “Чалко” манай нүүрсийг тонныг нь гучаадхан ам.доллараар авсан шигээ суугаа нь ийм учиртай.

Бид тэдэнд өрөө төлөхийн тулд Цанхийн зүүн уурхайгаа ашиглуулж байгаа. “Чалко”-той байгуулсан гэрээний балаг ингээд дуусахгүй. Өнөөдрийн яриад байгаа өр дууслаа гэхэд дууссанаас нь хойш дахиад таван жил Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг “Чалко”-д хаана ч байхгүй хямд үнээрээ өгсөөр байх болно. Ингээд ч зогсохгүй. Дахиад таван жил Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 60 хувийг зөвхөн “Чалко”-д худалдана. Бас өнөө чих дэлдийлгэм үнээрээ. Гэрээ хийсэн төрийн эрхмүүд төдийгөөс өдий хүртэл эгдүү хүрэм тайлбар хэлсээр ирсэн. Манай төрийнхөн Цанхийн Зүүн уурхайнхаа 80 хувийг 30 ам.доллараар өгсөн ч 20 хувийг нь зах зээлийн үнээр өгнө, бидэнд боломж гарч ирнэ гэдэг юм. Монголоос гарч байгаа нүүрсний 80 хувийг 30 ам.доллараар авсан урд хөршийн компаниуд үлдсэн 20-хон хувийг нь 100 ам.доллараар авах уу. Харамсалтай ч гэлээ үнэн гэвэл монгол нүүрс 30 ам.доллараас давахгүй. Сүүлд TTJVCо гэж компанитай засгийг төлөөлсөн эрхмүүд гэрээ байгуулчихаад “Австралийн Макмахон гэж хачин өндөр хөлсөөр олборлолт хийдэг компаниас салж амарлаа. Одоо TTJVCо гэж буянтай компани бидний өмнөөс ажиллаж, олборлосон нүүрснээсээ ажлын хөлсөө авч Чалкод нүүрс нийлүүлэхээр боллоо. Манайхаас нэг ч төгрөг гарахгүй” гэцгээсэн.

Нэг жишээ хэлье. “Чалко”-гийн манайтай хийсэн гэрээн дээр голлож зүтгэсэн хүн өнөөдөр TTJVCо-гийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. “Чалко”, TTJVCo-гийн холбоо сүлбээг энэ жишээнээс төвөггүй харчихаж болно. Товчхондоо Хятадын хоёр компани нийлж ярилцаад Зүүн Цанхид эзэн суучихсан гэсэн үг. TTJVCo-той холбоотой эгдүүцэм нэг жишээ бий. Зүүн Цанхи дээр олборлолт хийж буй TTJVCo ажлынхаа хөлсөнд олборлосон нүүрснийхээ 65 хувийг авдаг. Харин 35 хувь нь “Чалко”-гийн өрөнд явдаг юм. TTJVCo нэг тонн нүүрсийг 35 ам.долларын хөлсөөр олборлодог. Таван толгойн нүүрсийг хорь гаруй, гуч орчим ам.доллараар зарахаар хэдэн долларын зөрүү гарна аа даа. Жишээ нь нэг тонныг нь 30 ам.доллараар зарахаар таван ам.долларын зөрүү гарна. Ийм шалтгаанаар 35 ам.долларын хөлсөөр олборлолт хийж буй TTJVCo-д манай улс өгсөн нүүрснийхээ тонн тутамд таван ам.долларын өртэй болоод байж. “Чалко”-гаас гаднах зохиомол өр гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Тэр өр нь нийлээд 60 сая ам.доллар хүрснийг Ерөнхий сайд очиж байж мэдэж, дараахан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд яриа хэлээ үүсгэж яваад Таван толгойн нүүрсний үнийг 50 ам.доллар болгосон юм билээ. Гэхдээ нэмсэн гэж сүрхий зарласан энэ үнэ TTJVCo-д л үйлчлэх юм. “Чалко” одоо ч гуч орчим ам.доллараар манай нүүрсийг авч байгаа. Бас нэг хачирхмаар асуудал бий. 2012 онд “Чалко”-той, 2015 онд TTJVCo-той хийсэн гэрээний алиныг нь ч УИХ хэлэлцээгүй. Үүний цаана саяхан нүүрсний үнэ огцом өсөхөд Таван толгойн нүүрснээс асар их ашиг хийсэн “Винсвэй”-н нөлөө бий гэлцдэг.

Бид Таван толгойн ордоо өндөр чанарын коксжих нүүрстэй гэж ирээд цээжээ дэлдэх дуртай. Хар үгээр хэлбэл Таван толгойн ордын хамгийн чанартай коксжих нүүрс өнгөн давхаргадаа, арай чанар бага коксжих нүүрс нь тэрнийхээ доор, эрчим хүчнийх нь хамгийн дороо байдаг. Олборлоход зардал шаардахгүй гүехэн хэсгийнх нь өндөр чанарын коксжих нүүрсийг дөрөвдүгээр давхарга гэж тодотгодог. “TTJVCo”, “Чалко” компаниуд Таван толгойн ордын өнгөн хэсгийн өндөр чанарын коксжих нүүрсийг олборлож урд хөрш рүү зөөсөөр байгаа. Таван толгойн ордын ил уурхайгаар олборлох боломжтой нөөц нь 1.8 тэрбум тонн. Үүний 600 сая нь коксжих. Үлдсэн тэрбум хоёр зуун саяынх нь тал нь хагас коксжих, үлдсэн нь эрчим хүчнийх. 600 сая тонн коксжих нүүрсний хамгийн өндөр чанартай нь буюу дөрөвдүгээр давхаргын нүүрс нь 200-хан сая тонн. Одоогоор “Чалко” 20 сая тонныг нь сорчлоод авчихсан байгаа. Дахиад тав арван жил яг ийм маягаар зөөвөл Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсний нөөц дуусч энэ орд ямар ч үнэ цэнэгүй болно гэсэн үг. Гэтэл хажууханд нь, Ухаа худагт олборлолт хийж байсан “Энержи ресурс” нүүрснийхээ бүх давхаргыг олборлож холиод баяжуулан 50 хувийн коксжих нүүрс гаргаж экспортолдог байсан юм. Харин TTJVCo дөрвөөс бусад давхаргын нүүрсийг олборлодоггүй. Таван толгойн нүүрсний гурван давхаргыг зэрэг олборлож, хольж баяжуулаад гаргах нь монголчуудын хувьд ашигтай гэдэг нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой асуудал.

“Таван толгой”-д “Шинхуа” дангаараа эзэн суувал сая өгүүлсэн эмгэнэлтэй, хошин, тэнэгийн аль аль нь сүлэлдсэн байдал бүр даамжрах, илүү томрох эрсдэл бий.

МОНГОЛ НҮҮРСИЙГ ҮНЭД ХҮРГЭХ ГАРЦ

“Эрдэнэс-Таван толгой” гэж төрийн өмчтэй компани ажиллаж эхэлснээс хойш Таван толгой ямар байдалд хүрснийг нэлээд тодорхой өгүүлбэл нэг иймэрхүү бүүдгэр, гунигтай зураг харагдаж байна. Төрийн өмчтэй компани уул уурхайн бизнест орохоороо улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхлоор хөдөлдөг, улсдаа ашиггүй аймаар гэрээг ганцаар тогтохгүй хийж чаддагийн тод жишээ Таван толгойн орд дээр харагдаж байна. Нэг сонирхолтой харьцуулалт хийе. Зүүн, Баруун Цанхийн ойролцоо Ухаа худагт уурхай ажиллуулдаг “Энержи ресурс” 2008-2017 он хүртэл Г.Батцэнгэл гэж хүнээр удирдуулсаар өнөөг хүрсэн. Энержи ресурс төдийгөөс өдий хүртэл ажиллах хугацаандаа зам барьсан, баяжуулах үйлдвэр, станц босгосон. Харин “Эрдэнэс- Таван толгой” энэ жилүүдэд Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Ч.Сайнбилэг, Т.Билгээ, Д.Ариунболд гэсэн зургаан захирлын нүүр үзэж. Таван толгойн лицензийг анх авсан “Эрдэнэс Монгол”-ын Д.Зоригтыг оруулбал долоо. Хэтрүүлж хэлбэл жилд нэг захирал. Бас болоогүй ээ, шинэ захирал ирэхээрээ хэлтсийн даргаасаа цэвэрлэгчээ хүртэл сольдог зуршилтай. Одоо ч тэр жаяг нь хэвээрээ. Олон захирлын нүүр үзсэн “Эрдэнэс Таван толгой” зам, баяжуулах үйлдвэр, станц алиныг нь ч хөлсөө дуслуулж, хөрөнгөө зарж бариагүй. Бизнес ийм загвараар явдаггүй учраас тэнд бүтээн байгуулалт өрнөөгүй хэрэг. Жинхэнэ бизнес бол чадвартай CEO-д хамгаа даатгаад, өнөөх нь ажлаа, компаниа, бизнесээ “ба”, “бэ”-гүй мэддэг, дор ажилладгууд нь мэргэшсэн гаршсан мундгууд байж хөгждөг. Ганц уул уурхай ч биш ямар ч бизнес ийм загвараар өөдөлдөг. Тэгэхээр өндөр чанарын коксжих нүүрстэй Таван толгойгоо шалд нь буулгачихгүй, тавиад туучихгүй ганц л гарц байна. Төмөр замд асар их доллар зарах болохоор, далай руу төмөр замаар саадгүй сүнгэнүүлж байж нүүрсээ үнэ хүргэх учраас мөнгөгүйдсэн энэ цагт их мөнгөтэй, өөрийн гэсэн төмөр замтай “Шинхуа” хэрэгтэй. Нүүрсээ зарах зах зээл маань хаана билээ гэдэг талаасаа ч “Шинхуа” гээж болохгүй хувилбар. Гэхдээ дангаар нь биш нүүрсний зах зээлд тоглоод олон жил болсон, “Шинхуа”-тай хэл үгээ олоод байх хэмжээний үндэсний компаниа хамтруулна гээд зүтгүүлэх хэрэгтэй. Төрийн өмчтэй компани ороод Монголын нүүрсний салбарыг элгээр нь хэвтүүлсэн гашуун жишээ бэлхнээ байгаа, одоо ч горыг нь амсч суугаа болохоор лицензийг нь өгөх л оносон гарц байж мэднэ. Хувь өгөхөөр бол багахныг эзэмшүүлээд явахад болохгүй юмгүй. Ингэж байж л монгол нүүрсийг моодонд оруулах боломж нээгдэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Засгийн газар дахиад л ард түмний хөл дүүжилдэг приустай ноцолдож эхэллээ” сурвалжлага “Өдрийн сонин”-д нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. “Өдрийн сурвалжлага” булан энэ удаа монголчуудын олонхи нь унадаг насжилт өндөртэй машины импортыг хориглох асуудалд анхаарал хандуулжээ. “Засгийн газар дахиад л ард түмний хөл залгуулдаг приустэй ноцолдож эхэллээ”сурвалжлагаас энэ тухай уншаарай.

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчжээ” хэмээн ярьжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын чуулганаар Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн тухай мэдээлсэн байна.

“Шашин мухар сүсэг хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай юм” нийтлэлийг гуравдугаар нүүрээс уншаарай.

“Уран зохиол” нүүрээс зохиолч, сэтгүүлч До.Цэнджавын “Нүүдэлчний ухааныг авдарласан амьд судар” нийтлэлийг хүлээн авна уу.

“Цаг үе” нүүрт“Агаарын бохирдлоос болж 2017- 2024 онд 13000 хүн нас барах тооцоо гарчээ” хэмээн мэдээлсэн байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судалгааны баг Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ.

Орон сууцны үнэ ханшийн мэдээг мөн нүүрээс хүлээн авна уу.

“Дэлхийн мэдээ” Обамагийн эхлүүлсэн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр хүчингүй болох эсэх тухай, Си Жинпин Давосын чуулганыг нээж үг хэлэхийг, ХБНГУ-ын Ерөнхийлөгч таалал төгссөн мэдээг онцолжээ.

Спортын холбоодоор юу болоод байгаа тухай “Спорт” нүүрээс хүлээн авна уу.

Удирдлагын асуудлаас болоод сүүлийн өдрүүдэд тэд бие бие рүүгээ хатуухан үгс чулуудах болсон.

Утга зохиолын нэгэн үеийг өндийлгөсөн “Монголын нууц товчоо” сургуулийн анхны төгсөгчдийн тухай “Нэг ангийнхан” өгүүлжээ.

“Монцемент үйлдвэрийг дагасан шинэ суурьшлын бүс говьд бий болж байгаа тухай нийтлэлийг арвантавдугаар нүүрээс хүлээн авна уу.

“Өдрийн сонин” өглөө бүрийн ургах нарнаар тантай хамт.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 18.00 цагт өндөрлүүлэх ёстой байсан цаг сунган хуралдаж байна. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсны 25 жилийн ойн өдөр маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор маргааш УИХ-аас олон арга хэмжээ зохион байгуулах тул чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжгүй болсон аж. Иймээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдаж байна.


Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зааснаар 68 шийтгэлд албадан ажил хөдөлмөр эрхлүүлэхээр заасан бол хамгийн дээд ял нь 25 жил хорих заалт туссан юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Авлигын барьцааг ард түмэн төлдөг гэж УИХ-ын дарга Авлигатай тэмцэх газрын хурал дээр тодорхой хэлсэн. Авлигатай тэмцэх талаар энэ хуульд ямар тодорхой заалт оруулсан бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийг шинэчилсэн найруулга дээр байсан заалтаас чангатгасан. Зөвхөн авлига авсныг шийтгэдэг байя гэж шинэчилсэн хуульд заасан. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулахдаа авлига өгсөн тохиолдлыг ялгаж, салгаж байна. Гарцаагүй нөхцөлд ажлаа бүтээхийн тулд авлига өгсөн тохиолдолд гэмт хэрэгт холбогдуулахгүй. Зохион байгуулалтай, санаатайгаар авлига албан тушаалтай нь холбоотой авлига өгвөл гэмт хэрэгт тооцно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Аргагүй байдалд орж авлига өгнө гэж юу байх билээ. Энэ бол шууд санаатай үйлдэл. Бүгдийг нь шийтгэх нь зөв. Орон байрны хулгай, халаасны хулгай хэрээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнийг яаж тусгаж байна вэ? Зарим тохиолдолд өөрсдийнхөө арчаагүйгээс болж залиулсан байдаг. Хар тамхи, мөрийтэй тоглоом дээр ямар зүйл заалт орж ирж байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Хулгайн гэмт хэргийг шинэчилсэн найруулгын төсөлд 7 хоногоос таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана эсвэл шийтгэнэ гэж заасан байсан. Өөрсдийнхөө буруугаас болж залилуулдаг гэж байна. Мэдээж, залилсан эсэхийг нь мөрдөн байцаалтаар тогтооно. Хар тамхитай холбоотой заалтыг зөөллөсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Орлогоо нуусан оффшортонгуудыг шийтгэх талаар ямар заалт орсон бэ. Онц ноцтой хүн гүтгэх хэрэг дээр яах гэж байна вэ? Тухайлбал С.Зоригийн хэрэгт холбогдуулаад байна. Гэтэл тэр этгээд нь дээд ял авсан байдаг. Ялыг нь нэмээд хэрэггүй шүү дээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Бид хуулин дээр шинэчилсэн найруулга хийх шаардлагатай болсон. Хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудал байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн этгээд, холбогдох албан тушаалтан дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оруулж ирж байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг шинэчилсэн найруулгын төсөлд байж байгаа. Гүтгэх асуудал Зөрчлийн хуулинд гэмт хэрэг биш гэж явж байгаа. Зөвхөн сонгуулийн үеэр хүн гүтгэвэл Эрүүгийн гэмт хэрэг болно. Цаазын ялгүй орон, манайх. Энэ асуудлаар бид олон улсын гэрээ конвенцид нэгдсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хохирлыг барагдуулах зохицуулалт хэрхэн тусав. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, бусдын амь насыг эрсдэлд оруулахад хохирол учруулсан хүмүүсийг тодорхой хугацаанд хориод, хэсэг хугацааны дараа гаргадаг. Ихэнх хохирогч хохирлоо барагдуулж чадахгүй үлддэг. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад төр эхэлж хохирлыг нь барагдуулаад, цаашаа хариуцлагаа тооцоод явах заалт туссан. Энэ заалт хуульд орж ирсэн үү.

Хоёрдугаарт, цахим гэмт хэрэг гэдэг шинэ ойлголт гарч ирж байна. Цаг үеийн шаардлага хангасан хууль батлах ёстой. Залилан, гүтгэлэг, доромжлол цахим болсон. Ийм төрлийн гэмт хэрэг гарсан нөхцөлд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Үндэсний тусгаар тогтнолын эсрэг олон нийтийг турхирсан хэсэг бүлэг нөхөд бий болсон. Цахим гарын үсэг дуурайлгаж байна, хуурамч гүйлгээнүүд хийж байна. Эдгээрт ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Малын хулгай хэрээс хэтэрсэн. Малчдын хувьд амин зуулгаасаа салж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Хохирлоо барагдуулсан тохиолдолд л ялаас хөнгөлнө. Хэрвээ хохирлоо барагдуулахгүй бол ялыг нь хөнгөлөх боломжгүй, үүгээр шахна. Цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудал нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах, хор хөнөөлт програм хангамж бэлтгэх гэсэн зохицуулалтаар орж ирсэн.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Баруун талдаа хүрдтэй автомашиныг хориглохгүй, бодлогоор зохицуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албаныхантай өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн техникийн хяналт, үзлэгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд автотээврийн техникийн үзлэг, хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаатай биечлэн танилцаж, автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, хорт утаа ялгаруулах хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар харилцан санал солилцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд хяналт тавих танилцуулга хийсэн. Мөн үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗТХЯ-аас анхаарч, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа салбарын сайд танилцууллаа. Тэрбээр “Автомашинаас ялгарах утааг багасгах, автомашины хяналтын үзлэгийн чанарыг сайжруулах үүднээс шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Монгол Улсад нийт 284 суудлын вагон ашиглагдаж байгаа бөгөөд жилд 1000 гаруй тонн нүүрс ашиглаж байна. Тиймээс утаагүй түлшийг ашиглах тушаал шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдээллээ.

Түүнчлэн баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашиныг хязгаарлах, татварын бодлогоор зохицуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 400 мянган тээврийн хэрэгслийг судлаад үзэхэд баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгааг бодлогоор зохицуулах шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан онцолж байв.

Харин үүнийг цэгцлэхийн тулд иргэдийг хохироолгүй, баруун талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөлгүй шийдэх арга замыг олох юм байна. Мөн өндөр насжилттай автомашинуудад техникийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмолжуулах аж.

Учир нь автомашинаас ялгарсан утаа хүйтний улиралд хүний амьсгалах түвшинд тархдаг учир хорт утаа шууд нөлөөлөх эрсдэлтэй талаар албаныхан хэлж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн хяналт, үзлэгийн арга хэмжээг эрчимжүүлэх бодлого барьж, үүрэг өгч ажиллаж байгаа юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Бүргэдтэй анчин” кино Монголд нээлтээ хийнэ

13 наснаасаа “бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд нээлтээ хийжээ. Отто Беллийн найруулсан уг кино 87 минут үргэлжилдэг. Тэгвэл монголынхоо үзэгчдэд зориулан “Бүргэдтэй анчин” кино ирэх дөрөвдүгээр сард Монголын кино театруудаар нээлтээ хийх гэнэ.

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлдэг. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж байгаа тухай харуулдаг аж. Сонирхуулахад “Бүргэдтэй анчин” кино Оскарын шагналын баримтат киноны төрөлд нэр дэвшсэн бөгөөд уг шалгаруулалтын шилдэг 15-д багтаад байгаа юм.