Categories
мэдээ спорт

Плей-оффын тоглолт маргааш эхэлнэ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн дунд болдог “Үндэсний супер лиг”-ийн плей-оффын тоглолт маргааш эхэлнэ.

2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж байгаагаас хоёр бүсийн шилдэг найман баг плей-оффт өрсөлдөх эрхээ авсан. Баруун бүсээс Архангайн “Алтайн Дорнод дайчид”, Ховдын “Алтайн аргаль”, Хөвсгөлийн “Нэг үе”, Баянхонгорын “Мазаалай”, Зүүн бүсээс Эрдэнэт хотын “Икон”, Сүхбаатарын “Альянс Тех”, Дундговь, Өвөрхангай аймгийн багууд шалгарсан юм. Харин түрүүлж дөрөв хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийг авна.

Плей-оффт үлдсэн багууд эхний тоглолтоо орон нутагт хийх гэж байна. Тодруулбал, Орхон, Өвархангай аймагт эхний тоглолтууд болохоор болжээ. Ийнхүү сагсан бөмбөгийн лигийн хүчирхэг лиг болоод байгаа 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн гал гарсан тулаанууд анх удаа орон нутагт болохоор боллоо.

2017.01.14-15-нд Орхон, Өвөрхангай

  • I.14 – 12.00 – Орхон аймгийн “Хангарьд” ордон
  • I.15 – 15.00 – Өвөрхангай аймгийн Спортын ордонд.

Плей-Оффт дараах баг гарсан.

Баруун бүс:

  • “Архангай Алтайн Дорнод дайчид” /8 хожил, 3 хожигдол/
  • “Ховд Алтайн аргайль” /7 хожил, 4 хожигдол/
  • “Хөвсгөл нэг үе” /6 хожил, 5 хожигдол/
  • “Баянхонгор мазаалай” /5 хожил, 6 хожигдол/

Зүүн бүс:

  • “Эрдэнэт хот Икон” /11 хожил/
  • “Сүхбаатар Альянс Тех” /7 хожил, 4 хожигдол/
  • Дундговь /6 хожил, 5 хожигдол/
  • Өвөрхангай /3 хожил, 8 хожигдол/ тус тус шалгарч плей-оффт тоглох эрхийг авсан юм.
Categories
мэдээ нийгэм

Томуу өвчнөөс шалтгаалж эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаторийн 98985 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчинтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж буй аж. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буураад байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ.

Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж буй бөгөөд орны ачаалал 16.4 хувиар нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан шинээр 400-гаад ор нэмсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулжээ. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр нээх бэлтгэл ажлыг хангасан байна.

Categories
мэдээ нийгэм

Банкны картаараа автобусаар зорчдог болох нь

Автобусны “U Money” картыг ирэх хоёрдугаар сараас банкны төлбөрийн карттай хослуулахаар болжээ. Ингэхдээ энэхүү банкны картаар автобусанд үйлчлүүлэхээс гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны үйлчилгээг давхар авах боломжтой болж байгаа юм байна. Одоогоор туршилтын карт гаргаж байгаа бөгөөд уг карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүйгээр хэрэгцээ шаардлага гарсан үедээ тухайн сонгосон банкны дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болох нь. Эхний ээлжинд “Хаан” банктай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Цаашдаа бусад арилжааны банктай хамтран ажиллана гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс мэдээлэв.

Categories
энтертаймент-ертөнц

Загвар өмсөгч Б.Ялгууны зураг “Vogue” сэтгүүлд хэвлэгджээ

Монголын загварын ертөнцийн нэгэн өвөрмөц дүр төрх болдог загвар өмсөгч Б.Ялгууны зураг алдарт “Vogue” сэтгүүлд хэвлэгджээ. Б.Ялгуун саяхан Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцсон байна. Мөн тэрээр дэлхийд алдартай “IMG Models” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Ялгуун нь өдгөө 20 настай юм.

Categories
мэдээ нийгэм

Булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автжээ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ.

Үүнтэй холбогдуулж тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов. Булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга хуралдааны үеэр өгөв.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган айлууд буусан аж. Үүнээс үүдэн булгийн ус халин тухайн хэсгийн айлууд усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байгаа юм. Тухайн хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буусан байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байдаг аж.

Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүсчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүнтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж байгаад нийслэлчүүдийн өмнөөс талархаж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс шаардлагатай зүйл байвал тусалж, дэмжих болно” хэмээн онцлоод цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Ким Дү Кван “Би Монгол Улсад 2 дахь удаагаа ирж байна. Манай хоёр улс ах дүүгийн харилцаатай байдагт талархаж явдаг. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцаа өргөжиж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх болно гэдэгт итгэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр:

09.00-10.30 цаг: Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал

гардуулах, дурсгалын зураг авахуулах

/Төрийн ордны Их танхим/

11.00-11.30 цаг: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис

хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

11.30-12.00 цаг: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд

зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт

/Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/

11.40-11.50 цаг: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш,

Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол

/Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/

12.00-13.50 цаг: Яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх

14.00 цаг: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан

Үндэсний бөхийн барилдаан

/Монгол бөхийн өргөөнд/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
мэдээ нийгэм

Онцгойнхон “Сургуулийн жилийн нээлт”-ээ хийв

Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийг өнөөдөр эхлүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”, “2017 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм гэж” гэж онцоллоо.

Онцгой байдлын алба 2017 оны сургуулийн жилд “Бие бүрэлдэхүүнийг сургалт бэлтгэлийн эзэмшсэн онолын мэдлэгт нь тулгуурлан дадлага олгох хэлбэрт шилжүүлж, штабын бэлтгэлийн түвшинг нэмэгдүүлэх замаар мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилго дэвшүүлээд байгаа юм.

Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт офицер бүрэлдэхүүн оролцлоо. Энэ үеэр Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл хурандаа н.Отгонбаяр “Эх оронч үзэл, хүмүүжлийн зарим асуудлууд” сэдвээр офицеруудад мэдээлэл хүргэсэн юм гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн ордонд “Сэтгэлийн хээ” дэлгэгдэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач М. Ган-Очир 1986 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн зураач эмэгтэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэ сарын 17-нд зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” уран бүтээлийн үзэсгэлэн Төрийн ордонд нээгдэх юм. Нийт 30 орчим бүтээл үзэсгэлэнд тавигдах аж. Зураач М.Ган-Очир монгол үндэсний хээнүүдийг абстракт зурагтай “сүлж” уран бүтээл туурвидаг онцлогтой. Түүнтэй ярилцлаа.


-Яагаад Төрийн ордныг сонгож авсан бэ?

-Өмнө нь янз бүрийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Хээтэй зургууд болохоор Төрийн ордонд илүү зохицох юм шиг санагдсан. Төрийн ордонд бас пүрэв гаригт иргэд танилцах аялал хийдэг юм билээ. Үзэсгэлэн гаргах боломж надад олдсон юм л даа.

-Хэдийнээс хээ танд онцгой мэдрэмж төрүүлж эхэлсэн бэ?

-Хээ бүр багаас содон санагддаг байсан. Аав маань биднийг багад мужаан байлаа. Тавдугаар ангиасаа л аавын хийсэн модон эдлэлийг дүүтэйгээ цуг хээлдэг байж билээ. Түүний нөлөө байсан ч юм уу. Багаас суусан мэдрэмжүүд сөхөгдөж гарч ирдэг юм болов уу даа. Хээ харахаар хүний нүд хөгждөг шиг санагддаг. Магадгүй зураач болоход хээний гүйцэтгэсэн үүрэг их. Хээг би яаж орчин үеийн зурагтай хослуулах вэ гэж их бодсон. Анх навчин хээг ашиглаж абстракт зураг зураад, түүнээсээ хойш хээнүүд маань ар араасаа ундарсан.

-Таны хээгээр урласан бүтээлийг хэн нэгэн худалдаж авсан уу?

– Хээтэй хэд хэдэн зураг зарсан. Монголчууд хээндээ дуртай юм билээ. Зургуудаа энд тэнд үзэсгэлэнд тавихаар “Зарах уу, ямар үнэтэй вэ” гээд асуугаад ирдэг. Энэ зоосон хээг нэг эмэгтэй гэртээ тавихаар худалдаж авсан юм. Зоосон хээ болохоор их билэгшээсэн. Уг нь би нэг их арилжааны чанартай бодож хийгээгүй л дээ. Гэхдээ л тэр хүн зоосон хээ юм чинь гэрт байвал эд мөнгө арвижна гэж билгэдэж авсан юм.

-“Гоолингоо” дууг сонсоход ийм хээ сүлжсэн мэдрэмж төрнө гэдэг сонин юм аа?

– Би ардын дуунд их дуртай. “Гоолингоо” дууг сонсоод түүнээсээ санаа авч “Гоолингоо” зургаа зурсан. Энэ хээг би зохиогоогүй юм. Энэ өлзий хээний төрлүүд. Зоосон хээ гэхэд бас олон янз. “Янзган зоотой шарга” дуунаас санаа авч хийсэн зураг ч бий. Хээ, ардын дуу хоёр их сайхан зохицох юм билээ. Орчин үеийн модерн тавилгатай айл ханандаа өлгөхөд монгол уур амьсгал ханхлах мөртлөө орчин үеийн арга барилаар хийсэн зураг. Энэ зурагний хувьд тухайн үеийн мэдрэмжээс үүдсэн хийсвэр зураг. Мөн хээгээ эвдэж зохиомжилсон зургууд ч байгаа. Өмнө нь би абстракт зургууд зурдаг байсан. Үүн дотроо хээгээ бага багаар оруулж зурсан. Өнгөнүүдийнхээ шийдлийг яаж гоё хослуулах вэ гэж боддог.

-Таны энэ зургийг харахаар зуны халуун санагдаж байна шүү?

-Зун хөдөө явж ирээд зурсан зураг. Зураг сэтгэлзүйтэй холбоотой. Сэтгэл санаа өөдрөг гоё үед зурсан зураг. Одоо яг энэ зургийг харж байгаад дуурайлгаад зуръя ч гэсэн энэ өнгө нь гардаггүй. Энэ цуврал зургууд маань саяхан Солонгос руу үзэсгэлэн явж байгаад ирсэн.

-Та урлантай юу, хаана төвлөрч ажилладаг вэ?

-Би “Бармаш” компанийн байранд урлантай. Урландаа очоод зургаа зурахаар өөр л дөө. Илүү төвлөрч ажиллана.

-Та зургаараа хоолоо олж иддэг гэсэн үг үү?

-Ерөнхийдөө нөхөртэйгээ хамтардаг хувийн ажлууд бий. Зургаа ч зурна. Бармаш дээрх урландаа сургалтын төвтэй. Эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдүүддээ маш их анхаарал тавьдаг болсон шүү дээ. Зураач болохгүй ч мэдрэмжтэй, урлаг ойлгодог болгохыг хүсдэг. Тоо, математикт сайн хүүхдүүдийн зүүн тархи илүү хөгжсөн байдаг. Баруун тархины хөгжилтэй хүүхдийн дуу хөгжмийн сонсгол, уран зургийн мэдрэмж илүү хөгжсөн байдаг.

-Урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Хүүхдийг багаас нь урлагийн талын хичээл, дугуйланд суулгаад мэдрэмжийг нь дэмжвэл баруун тархи нь хөгждөг.

-Гадаадад үзэсгэлэнд их оролцдог уу?

-Их оролцдог. Солонгос, Япон, Германд миний зургууд л яваад байдаг.

-Ямар нэг амжилт үзүүлсэн үү?

-Тэр үзэсгэлэнгүүдэд Монголоосоо оролцоно гэдэг амжилт гэж боддог. Зураач бүр өөрийн ертөнцийг зурдаг. Тийм учраас тэрний ертөнц илүү, тэрнийх дор гэж болохгүй л дээ. Нэг их айхавтар тамирчид шиг уралдаанд оролцохыг хүсдэггүй.

-CD-гээр бас уран бүтээл хийж байжээ. Зураач нар юмыг өвөрмөц нүдээр харах юм аа. СD-г хүртэл урлагийн бүтээл болгочих юм?

– CD гэрлийн тусгалаар өнгө нь өөрчлөгддөг. Тэрийг бүтээлдээ ашиглаж байсан юм. Урлаг хөгжөөд маш дээд түвшиндээ хүрсэн. Европт бүр XX зууны үеэс бэлэн бүтээгдэхүүн ашигладаг урлаг хөгжсөн. Ахуйн эд зүйлсийг уран бүтээлдээ ашигладаг поп артын төрөл гэх юм уу даа.

-Уран бүтээлд тань говийн хүний мэдрэмж хэр их үлдсэн бэ?

-Тусдаг байх аа. Намайг сурч байхад манай ангид арав гаруй хүүхэд байсан. Гаднаас нь харахад 18-19-тэй хүүхдүүд. Зурахаараа зарим нь хар бараан, улаан хүрэн өнгөөр зурдаг. Өссөн орчин их нөлөөтэй. Хэрвээ би хотод төрж өссөн бол ингэж хээ зурах ч байсан юм уу үгүй ч юм уу.

-Ардын дуу, хээ гэдэг орчин үеийн залуусаас өөр мэдрэмж л дээ?

-Гэхдээ тийм ч хуучинсаг хүн биш л дээ. Орчин үеийн хөгжимд дуртай. Техно жаз хөгжимд дуртай. Гэхдээ л багад суусан мэдрэмж хүнийг дагаж явдаг юм билээ.

-Нутгийн хүмүүс тэр уул хайрхныг зураад өгөөч гэж хүсдэг үү?

-Юу зураад өг гэснийг нь зурдаг. Би чинь уран зургийн анги төгссөн шүү дээ.

-Дуучныг дуу дуулаад өгөөч гэдэг шиг зураачийг “Намайг зураад өгөөч” гэдэг үү?

-Тэгж ярихаас биш ажил хэрэг болгоод урланд зорьж ирсэн хүн байгаагүй ээ. Хүн зурах үе байдаг л даа. Энд тэнд явж байгаад харандаагаар хар зургаар таньдаг хүнийг зураад бэлэглэсэн удаа бий. Нөгөө хүн баярлаад нүүр хуудастаа тавьчихсан тохиолдол ч байсан. Тиймэрхүү юм тохиолдоно. Зураач хүний амьдрал юм даа.

-Зураачийн амьдралд нэг шинэ юм ороод ирэхээр уран бүтээлд нь нөлөөлж байдаг уу?

-Тийм юм маш их. Зун хөдөө яваад ирэх, гадаад яваад ирэхээр арай өөр мэдрэмж төрнө. Би хүүхэдтэй болчихоод сүүн цагаан, шар өнгөтэй зураг их зурсан. Нэг хэсэг эмээгээ өнгөрсөнөөс хойш бараан өнгө зонхилдог болчихсон байсан л даа.

-Эмээгийн хайртай хүүхэд байсан уу?

-Би зураач, дараагийн дүү дизайнер. Бидний уран бүтээл эмээтэй холбоотой. Эмээ их уран хүн байсан. Хөдөөний малчин хүн гэхэд их мэдрэмжтэй. Эмээгийн дэргэд өссөн болохоор эмээгийн нөлөө их бий. Жирийн нэг эмээ байгаагүй. Их ондоо хүн байсан. Эмээгээ дуурайсандаа баярладаг. Эмээтэйгээ цуг дуу сонсдог байж билээ. Эмээ дагаж дуулаад “Яаж ингэж гоё үг, аялгуу зохиож байна аа гэдэг сэн. Хүүхдүүдийнхээ хувцсыг бүгдийг оёдог. Их уран хүн байсан. Зураач болоход маань эмээ их нөлөөлсөн гэж боддог. Ээжийн талынхан дуучин хүмүүс. Бага дүү дуучин. Өөрсдөө аяндаа мэргэжлээ сонгосон.

-Та их хөдөлмөрч хүн юм аа?

-Аав өглөө таван цагт босоод ажилладаг байсан. Ээж, аав их хөдөлмөрч улсууд. Би тийм хөдөлмөрч биш ч аав, ээжийн нөлөө бий. Хүмүүс намайг хөдөлмөрч л гэдэг. Гэхдээ аав шигээ өглөө тавд босч зургаа зурахгүй л байгаа юм.

-Манай нийгэм танд ямар өнгөөр төсөөлөгддөг вэ?

– Надад их гэгээлэг санагддаг. Ямар ч нийгэмд асуудал байлгүй яах вэ. Гэхдээ манай орон залуус хөгжих боломжтой азтай улс. Дуртай орондоо очиж сурах боломжтой. Монгол улс маань цаашдаа их хөгжих байх гэж боддог.


Categories
энтертаймент-ертөнц

”Цагаан хадаг” УСК олон улсын кино наадамд нэр дэвшжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны кино олон улсын кино наадамд нэр дэвшжээ. Тодруулбал, Бангладеш улсад нэгдүгээр сарын 12-20-нд болж буй 15 дугаар “Dhaka International Film festival-15th” кино наадам, Энэтхэг улсад хоёрдугаар сарын 2-9-нд зохион байгуулах “Bengaluru International Film-9th” кино наадамд тус тус Азийн шилдэг кино номинацид шалгарч нэр дэвшүүлсэн байна.