Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Таван толгойг луйвардах гэж байж мэдэх юм

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчид нь буцаасан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Ж.Батзандан гишүүн ярихдаа “Засгийн газар Олон улсын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар УИХ-аар хэлэлцдэг байсан асуудлын жагсаалтаас олон улсын гэрээны асуудлыг гаргах гэж байсан. Үүний цаана стратегийн орд, Монголын үндэсний баялаг, газрын хэвлийн баялгийг хэдхэн гэр бүл авах гэсэн санаархал явж байна гэж бид хардаж байна. Хэрэв энэ хууль батлагдсан бол Тавантолгойг Хятадын аж ахуй нэгжид маш бага үнээр зарж мэдэх юм. Цаашид ийм луйвар хийх гэж оролдвол 3 сая хувьцаа эзэмшигч, Тавантолгой компанийн ажилчид эсэргүүцэн тэмцэх болно. Ардчилсан намаас сонгогдсон гишүүд намын даргын сунгаанд анхаарал хандуулсаныг далимдуулж Тавантолгойг луйвардах санаархлаа зогсоохыг МАН-ын нөхдүүдээс шаардаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийг баталж байгаад олон луйвар хийсэн. Одоо Тавантолгойг луйвардах гэж байж мэдэх юм” гэж тэрбээр мэдэгдлээ.

Ж.Батзандан гишүүн мөн “1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийн 11.1, 11.2 дугаар заалтад тусгасан Олон улсын гэрээг соёрхон батлах саналыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн гишүүн Засгийн газарт өргөн мэдүүлж шийдвэрлүүлдэг. Засгийн газар дэмжсэний дараа саналаа УИХ-д оруулдаг ёстой. Энэ заалтыг хасах гэж оролдсон. Гэхдээ манай Засгийн газрынхан гэнэн юм. Энэ заалтыг хассан ч Үндсэн хуулийн 25, 38 дугаар заалтууд хэвээр байгаа. Үндсэн хуулийг зөрчих замаар хулгай луйвар хийх бололцоогүй гэж тэр хүмүүст сануулмаар байна. Ард түмний төлөөллөөс нууж хулгай луйвар хийх сонирхол Засгийн газарт байгаа. Тиймээс Үндсэн хуульд нийцсэн хуулийг батлуулах хэрэгтэй гэж Засгийн газарт сануулмаар байна” гэж онцолсон.

Categories
мэдээ спорт

Боксчин О.Батхүү зодог тайлжээ

Олон улсын хэмжээний мастер, боксчин О.Батхүү улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зодон тайлжээ. Улмаар дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа аж. Тэрээр 2001-2006 онд Үндэсний шигшээ багийн тамирчин байсан бөгөөд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай юм байна. 2006-2014 оны хооронд АНУ-д ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирж, 10 жилийн дараа дэвжээндээ эргэн гарсан байна. Түүний амжилтуудаас дурдвал, 2001 Чехийн Гран при хүрэл медаль, 2003 Куба CORDOVA CARDIN олон улсын тэмцээний хүрэл, 2004 Химийн цом ОУ-ын тэмцээний хүрэл, 2004 Афин-2004 Олимпийн эрхийн тэмцээн хүрэл, 2005 Вьетнамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2005 Чехийн Гранпри ОУ-ын тэмцээний хүрэл, 2005 Хойд Солонгос Пхеняьян цом ОУ-ын тэмцээн хүрэл медальтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд, малчдад зориулан сэрэмжлүүлэг гаргажээ

Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт бөхөнгийн сүрэг олноороо үхэж хорогдож байна. УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин болох нь тогтоогдсон тул аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллага, иргэд, малчдад доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  1. Бөхөнгийн сүргээс тасарч хоцорсон өвчтэй болон өвчнөөр хорогдсон бөхөн, бусад зэрлэг амьтдын сэг зэмд хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэх;
  2. Өвчин гарсан болон бөхөн тархсан аймаг, сумдын малчид бөхөн бөөнөөр нутаглаж байгаа газар малаа бэлчээрлүүлэхгүй байх;
  3. Өвчилсөн, үхсэн бөхөн болон бусад зэрлэг амьтдын эд, эрхтэнг авч ашиглахгүй байх;
  4. Малчид гэрийн тэжээвэр ноходыг хараа хяналтандаа авч, өвчтэй болон үхсэн амьтдын сэг, зэм зөөвөрлөж өвчин тараах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, уяж хэвшүүлэх;
  5. Үхэж хорогдсон амьтдын сэг, зэмийг цуглуулах, тээвэрлэх, нэгдсэн цэгт устгах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал, амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”, “Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн заавар”-ын дагуу авч хэрэгжүүлэх,
  6. Сэг, зэм, цуглуулах, устгах арга хэмжээнд оролцсон тээврийн хэрэгсэл, хүн болон хувцас багаж хэрэгслийг холбогдох дүрэм, журам, зааврыг баримтлан халдваргүйжүүлэх;
  7. Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд радио, телевиз, хэвлэл, мэдээллээр гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчид, иргэдэд сэрэмжлүүлэх
Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болно

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнөөдөр БОАЖЯ-нд хуралдлаа.

Үндэсний хөтөлбөрийн боловсруулах ажлын хэсгийн ахлагч “Агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрээд байгаа энэ үед зөв шийдэл бүхий арга хэмжээг авах ёстой. Хамгийн түрүүнд бид агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Уг хурлын хүрээнд ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн төслийн үндэслэл, шаардлага, нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт хийх, холбогдох салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан холбогдох зорилт, үйл ажиллагааг томьёолж, боловсруулах талаар хэлэлцлээ. Мөн ажлын хэсгийн гишүүдэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн зорилго зорилт, үйл ажиллагааг томьёолох даалгавар өглөө.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, дүнг 2017 оны хоёр дугаар улиралд багтаан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулах ёстой бөгөөд энэ сарын 19-д ажлын хэсэг дахин хуралдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

​Сангийн сайд харьяа байгууллагуудынхаа ажилтай танилцлаа

Сангийн сайд Б.Чойжилсүрэн харьяа байгууллагуудынхаа ажилтай танилцаж байгаа гэнэ. Өчигдөр тэрбээр Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын ажилтай танилцаж, удирдлагуудтай нь уулзсан байна. Татварын болон Гаалийн байгууллагуудын удирдлагууд өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд, Улсын төсвийн бүрдүүлэлт, гүйцэтгэл, өнөөгийн ажлын явц, 2017 оны ажлын төлөвлөгөө зэргийг Сангийн сайдад дэлгэрэнгүй танилцуулжээ. Түүнчлэн байгууллагуудынхаа нөхцөл байдал, хүндрэлтэй тал, тулгамдаад буй асуудлуудыг ч мөн хөндөж ярьсан байна.

Б.Чойжилсүрэн сайд дээрх байгууллагуудын удирдлагуудад хандаж:
-Тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг татвар, гаалийн байгууллагуудын үүрэг хариуцлага өндөр. Улсын төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлийг онцгой анхаарах, батлагдсан бүтэц орон тооныхоо хүрээнд менежментийг сайжруулан, иргэд байгууллагуудад шуурхай үйлчлэн ажиллахыг үүрэг болгожээ. Мөн тухайн байгууллагуудын нийт албан хаагчдад шинэ гарсан 2017 онд эрүүл саруул байж эрч хүчтэй, амжилт, бүтээмж дүүрэн ажиллахыг ерөөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар цас орж, шуурна

Энэ сарын 15-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас ахиухан орж, салхи секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, халтиргаа гулгаа нэмэгдэх цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

Сибирийн хүйтэн агаар энэ сарын 15-наас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирж, 16-наас 19-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор -40-45 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35-40 градус, тал хээрийн нутгаар -28..-33 градус, Алтайн өвөр болон өмнөд говиор -19-24 градус хүрч чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Categories
энтертаймент-ертөнц

​”Чөлөөт хос” мюзикл жүжиг дахин тавигдана

Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг дахин тавигдах нь. Жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулжээ. Гол дүрд Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглох юм байна. Уг жүжиг энэ сарын 27, 28-нд хоёрхон удаа тоглогдох аж. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “Чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно.

Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ мэдэхээ болиод хий л шанална. Эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдын адил уйлж унжин, нөхрөө гуйж, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч чадах аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов.

Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлох гэж оролдсон ч бүх зүйл оройтсон байна. Энэ бүхний учрыг “Чөлөөт хос” жүжиг танд тайлах болно.

Categories
мэдээ нийгэм

​Архивын баримтын үзэсгэлэн нээгдэв

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд оролцов.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж архивын баримтын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “2225 жилийн түүхтэй төрт улс маань түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээрээс 25 жилийн ойг нь тэмдэглэж байгаа шинэ Үндсэн хууль бол монгол хүн өөрийн оюун ухаанаар бүтээж боловсруулсан бахархалтай. Бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлын депутатууд 70 гаруй хоног хуралдаж байж баталсан Үндсэн хуулийн баримтыг харуулах үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр хийж байна” гээд Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүд, үзэсгэлэнг гаргахад өндөр хувь нэмэр оруулсан УИХ-ын тамгын газрын ажилтнуудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хууль батлалцсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатыг тойрог бүрээр нь харуулсан гэрэл зураг, Үндсэн хууль батлах үеийн үйл явдлын архивын баримтыг дэлгэрэнгүй тайлбартайгаар дэлгэн тавьсан байна.
БНМАУ-ын Ардын Их Хурал анхдугаар хуралданаараа БНМАУ-ын Ерөнхийлөгчийг сонгон, БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрыг байгуулж төрийн шинэ тогтолцоо бий болгосон, хоёрдугаар хуралдаанаараа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсныг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Түүнчлэн үзэсгэлэнд ард иргэдээс ирүүлсэн Үндсэн хуулийн төслийн эхийг дэлгэн харуулсан бөгөөд архивын уг баримтад “Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт 900.000 гаруй хүн оролцож, 220.000 орчим санал гаргасан бөгөөд дээрх саналуудын 44.3 хувийг Үндсэн хуульд ямар нэг хэлбэрээр тусгасан байна” гэсэн тайлбар хаджээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат 70 гаруй өдөр билэг оюунаа шавхан хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цаг 35 минутад шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
Categories
мэдээ улс-төр

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэв.



Categories
мэдээ улс-төр

Б.Чимидийн нэрэмжит шагналыг Д.Баярсайхан хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бираагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уншиж сонордуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журам, Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” 08 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2017 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг Өргөмжлөлд дурджээ.

Ингээд Улсын Их Хурлын дарга М.Энхболд доктор, профессор Д.Баярсайханд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж баяр хүргэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн эхийг баригч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй доктор, профессор Д.Баярсайханд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, цаашдын ажил, бүтээл туурвилд нь амжилт хүсье.

Энэхүү шагналыг уламжлал болгон олгож байх шийдвэр гарсан нь утга учиртай. Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эрх чөлөөг баталгаажуулах, хууль, шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан Бяраагийн Чимид агсны гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх зорилготой юм.

Түүнчлэн судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдыг хөхиүлэн дэмжих өөр нэг зорилготой билээ.

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн таван бүтээл Улсын Их Хурлын Тамгын газарт ирсэн бөгөөд шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулан, Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ялагчийг тодруулсан.

Энэхүү нэр хүндтэй шагналын эхнийхийг манай нэрт хуульч, Монголын байнгын ажиллагаатай парламент үүссэнээс эхлээд бүх парламентад сонгогдон ажилласан, гавьяат хуульч Д.Лүндээжанцан хүртсэн. Хоёр дахь шагналыг Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням “Монгол улсын төр, эрх зүйн түүх” хэмээх хоёр боть цогц бүтээлээрээ хүртсэн юм.

Өнөөдөр шагналын гурав дахь эзэн нь болж тодорсон хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайхан Танд чин сэтгэлийн баяр хүргэж, нийт хуульч, эрдэмтэн судлаачдадаа эрдэм судлалын нөр хичээнгүй, билиг ухаан шавхсан ажилд тань амжилт хүсье” гэлээ.

Дараа нь Б.Чимидийн нэрэмжит Улсын Их Хурлын шагнал хүртсэн доктор, профессор Д.Баярсайхан талархлын үг хэлсэн. Тэрбээр, “Улсын Их Хурлын дарга, гишүүд, хамтран зүтгэгчид, шавь нартаа шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ сайхан өдөр Б.Чимид багшийн нэрэмжит хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Би Б.Чимид багштайгаа 1982 оноос хойш олон судалгаанд дээр хамтран ажиллаж байсан. 1998 онд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээлийн минь удирдагч багшаар ажиллаж байсан билээ.

Б.Чимид багш маань Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны шинэ үеийн онол, арга зүйг үндэслэгч юм.

Миний бие 1992 онд Хууль зүйн сургуульд Эрх зүйн оронлын багшаар ажиллаж эхэлж байсан бөгөөд одоогоос 20-иод жилийн өмнө анхны бүтээлээ туурвиж байсныг энд дурсахад таатай байна. Цаашид хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд бүх зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно” гэж хэллээ.

Дараа нь ёслолын үйл ажиллагаанд оролцогчид дурсгалын зураг татуулсан юм.

Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн, охин Ч.Сайнсанаа болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.