Categories
гадаад мэдээ

Дүрвэгчдийг дэгээдэж унагасан зураглаач эмэгтэйд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

БУДАПЕШТ. /ВВС/. Унгар-Сербийн хилийн орчим цагаачдыг өшиглөж, дэгээдэн унагаасан зураглаач эмэгтэйд “зохисгүй үйлдэл гаргасан” гэх үндэслэлээр гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

2015 оны есдүгээр сард цагаачид, дүрвэгчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн хилийн зурвасыг даван гүйх үеэр зураглаач Петра Ласло зураг авч байв.

Тэрбээр хоёр дүрвэгч, тэдний дотор нэг охиныг өшиглөж, дараа нь хүүгээ тэврэн гүйж байсан нэгэн эрэгтэйг дэгээдэн унагажээ.

Түүний энэ зохисгүй үйлдлийг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнүүдээр цацагдсаны дараа хүмүүс дургүйцлээ илэрхийлэх болсноор тэрбээр ажлаасаа халагдсан юм. Энэ эмэгтэй барууны төвч үзлийг сурталчилдаг “N1TV” телевизэд ажилладаг байв. Тэрбээр давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих санал тавьжээ

Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тавьжээ.

БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлэн болгосон байна. Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад хямд үнээр түгээх аж.

Станцыг БНСУ-ын “Хёндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм байна. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын дүүргүүдээс Сонгинохайрхан хамгийн их агаарын бохирдолтой газраар нэрлэгдэх болсон. Эко станц баригдаж ашиглалтад орсон нөхцөлд эрчим хүчний хангалтад санаа зовох зүйлгүй болж, иргэд гэр, байшингаа халаагуураар хангах боломж илүү бүрдэнэ.

Засгийн газар агаарын бохирдлыг сааруулахын тулд энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж шөнийн цахилгааны төлбөрийг 0 болгосон билээ.

Categories
энтертаймент-ертөнц

А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ

“Дэлхийн мисс”-н тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцож 11-р байрт шалгарсан А.Баярцэцэг Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалынд уригдан зочилжээ. Улмаар А.Баярцэцэг АНУ-ын Аризона муж дахь түүний гэрт зочилжээ.

Тэрбээр энэ тухайгаа “Багш гэж хэн бэ гэж бодогдлоо. Багш хүн чамд аливааг яаж хийхийг зааж өгөхгүй байж болох ч алийн хэдийнэ чадах чансаатай дотоод “би”-г чинь сэртэл нь сэгсэрчих урам зориг, итгэл найдварын галыг асаадаг хүн юм шиг санагдлаа. Энд байх өдрүүдийн богиныг мартаж эрхэм багш нар мэт ах эгч нараасаа залуу хүмүүс зөв хүн байж, зөв зүйл хийж, зөв амьдарч, зөв нөхдөөр хүрээлүүлж зорилго мөрөөдөлдөө хүрэх тухай сургааль мэдлэгийг нь сонсож суух юутай сайхан. Гэртээ халуун дотноор хүлээж авч байгаа Стивен Сигалд баярлалаа” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Мисс А.Баярцэцэг тун удахгүй нээлтээ хийх “Явуулын хүн” уран сайхны киноны нээлтэд оролцохоор ирэх хоёрдугаар сард Монгол улсдаа ирэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдээ хамгаалсан Францын хуулийг хуулбал ямар вэ?

Франц аав, ээжүүд тав хүртэлх насны хүүхдийнхээ зургийг фэйсбүүк, твиттерт байршуулбал 45 мянган еврогийн торгууль төлөхөөр болж. Торгуулиа төлөхгүй гүрийвэл жил шоронд суух шийтгэл тэднийг хүлээж байна. Мэдээж хэн ч хүүхдийнхээ зургийг сошиалд дэлгэж өчнөөн мянган еврогийн өрөнд орохыг хүсэхгүй. Францын хууль тогтоогчид хүүхдийнхээ зөвшөөрөлгүй хувийн нууцад нь халдаж болохгүй гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм билээ. Манайд ч бодож үзэхээр асуудал. Фэйсбүүк, твиттерт энэ хүүд ингэж тусаллаа, өнчин ядуу энэ охин хөөрхий гэх мэт элдэв тайлбартайгаар хүүхдийн зургийг дурайтал тавьсан харагддаг.

Наанадаж л ангийнхан нь хараад элдвээр шоглож, шоолох эрсдэл бий. Гэмт хэрэг хийсэн залуугийн хүүхэдтэйгээ авахуулсан зургийг дэлгэхээ ч юман чинээ тоодоггүй. Үр хүүхдийнхээ сургууль цэцэрлэгтээ явж байгаа, гэрийнхээ гадаа тоглож буй гээд алхам тутмыг нь цахим сүлжээгээр дэлгэдэг аав, ээжүүд бол хэдэн зуугаараа. Хайртай үрийнхээ зургийг байсхийгээд фэйсбүүкт постлоод буруу бодолтны гарт охиноо алдах дөхсөн бүсгүйн тухай мэдээ хэдэн жилийн өмнө цацагдаж байсан удаатай. Гадаадад болсон ч гэлээ болгоомжлоход илүүдэхгүй жишээ. Үр хүүхэд, гэр орон хамгаа дэлгээд байвал ийм осолтой явдал болохгүй гэх газаргүй. Манайхан ямар нэг шинэ хуулийн төсөл боловсруулахдаа гадны улсаас шууд хуулаад тавьчихдагаараа алдартай улс. Харь орны хуулийг шууд орчуулаад хуулна гэдэг дэмий эд л дээ. Улс орны онцлог гэх мэт түмэн шалтгаан бий. Харин шууд хуулж болох хууль гэвэл хүүхдүүдийнхээ зургийг цахимд байршуулахыг хориглосон франчуудын шийдвэр байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Монголын анхны шатрын багш, дасгалжуулагчдын ангийнхан

Хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг нь яах аргагүй шатар. Шатар тоглох нь хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хөгжилд өндөр ач холбогдолтой гэдгийг сурган хүмүүжүүлэгчид болон эрдэмтэд нотолсон байдаг. Шатар хүний сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг. Манайхан шатрыг нүүдлийн ахуй амьдралтайгаа холбогдуулан уламжлан хөгжүүлж, төр улсаа “Шатар ухаан”-аар урлаж ирсэн баялаг түүхтэй шатарч ард түмэн. Мөн шатрыг оюуны спорт хэмээн олон улсад нэлээд өндрөөр үнэлдэг ч энэ чиглэлийн мэргэжилтэн, багш бэлтгэдэг сургууль өмнө нь манай улсын түүхэнд байсангүй. Харин Монголд анх удаа шатрын багш, дасгалжуулагчийг бэлтгэх нэг жилийн сургалттай анги МУБИС-д 2015 оны гуравдугаар сард нээгдэж байлаа. Тэгвэл энэ ангийнхан анхны шатрын багш, дасгалжуулагчийн дипломоо уржигдар гардан авлаа.

Уг ангийг МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс нар санаачлан нээжээ. Энэхүү ангийн нээлтийн үйл ажиллагааны үеэр МУБИС-ийн захирал, доктор Д. Мөнхжаргал үг хэлэхдээ “Оюуны спортын хатан хаан гэж нэрлэгдэх шатрыг Монголд хөгжүүлж, дэлхийн шатрын аварга төрүүлэх зорилготой ийм анги нээсэн. Шатрын багш дасгалжуулагчийн анги нээснээр жилд хэд хэдэн шатрын багш төгсөнө. Мөн тэднийг ажлын байраар хангахын тулд цаашид бүрэн дунд сургуульд шатрын хичээл оруулахаар төлөвлөөд байна” гэж байлаа.

Шатрын багш, дасгалжуулагчийн анхны ангийг нийт 13 хүн төгслөө. Энэ ангид Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Мягмарсүрэн, гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн, гавьяат багш, ахмад мастер Д.Ламжав, олон улсын хэмжээний мастер Ч.Хүрэлбаатар, спортын мастер, улсын аварга, профессор Г.Чилхаасүрэн, төрийн соёрхолт, спортын мастер профессор Р.Энхбат, спортын мастер Ц.Энхбат, С.Болдбаатар, дэд мастер Д.Дамдин, дэд мастер Л.Үржиндорж, Олон улсын хэмжээний мастер Л.Тогоохүү, МУБИС-ийн эрдэмтэн багш нар болон ОХУ-ын Их мастер А.Фоминых зэрэг шатрын мастерууд урилгаар хичээл ордог байжээ.

Манай улсын хэмжээнд Оросын холбооны улсын их сургуулийн шатрын багш, дасгалжуулагчийн ангид дөрвөн жил суралцаж, төгссөн дөрвөн мэргэжилтэн байдаг юм байна. Тэдний хоёр нь буюу шатрын спортын улсын долоон удаагийн аварга Ж.Лхагва, олон улсын мастер Ц.Лхагвасүрэн нар мөн энэ ангид багшилсан байна.

Уг ангийн нэг жилийн төлбөр 1.650.000 төгрөг аж. Энэхүү ангид суралцсан төгсөгчид бүгдээрээ шатрын спортоор хичээллэдэг, шатар сонирхон тоглодог, шатрын клуб хичээллүүлдэг, багшилдаг 30-аас 50 гаруй насны хүмүүс юм байна. Архангай, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн шатрын багш нар суралцаж, багш дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ. Өчигдөр энэ ангийн дарга Л.Цэнгэнбаяртай уулзаж ярилцлаа. Тэрээр “Төгс нүүдэл” нэртэй шатрын клуб ажиллуулдаг юм байна. Тиймээс хүүхдийн ордонд болж байгаа “Цодгор хүү” хотын аварга шалгаруулах шатрын тэмцээнд шавь нараа оролцуулж байв. Ангийн дарга Л.Цэнгэнбаяр ярихдаа “ Манай ангийнхан бүгдээрээ ардаа ажилтай, сургуулиудад хувиараа шатрын хичээл заадаг, дугуйлан хичээллүүлдэг. Өөрсдөө хувийн шатрын клубтэй хүмүүс байсан болохоор зав багатай. Хичээлдээ суучихаад л тус тусын ажилдаа явцгаачихдаг байсан. Бусад мэргэжлийн оюутнууд шиг чөлөөт цаг гэж бараг байсангүй. Хичээл өглөө 08:30 цагаас өдрийн 12:30 хүртэл ордог байлаа. Өдөр бүр хичээллэнэ. Сургалтын төлбөр МУБИС-ийн кредит цагийн төлбөрөөр тооцогддог. Манай ангийнхан Монголд анх удаа шатрын багш, дасгалжуулагч гэдэг мэргэжил эзэмшиж байгаа төгсөгчид. МУБИС жил бүр шатрын багш, дасгалжуулагчийн анги төгсгөнө гэж зорьж байгаа гэсэн. Гэхдээ энэ жил элсэлт аваагүй. Манай ангийнхан зав чөлөө багатай учраас тэр бүр ангийн шатрын тэмцээн зохиож байсангүй. Харин МУБИС-т болсон шатрын тэмцээнд хоёр удаа би түрүүлсэн. Манай ангийнхан дипломоо гардаж аваад л үдэшлэгт ороод тарцгаасан. Бусад шиг хонхны баяр гэж тэмдэглээгүй ээ. Төгсөлтийн баяраа даруухан хийлээ. Тал нь хөдөө орон нутгаас ирж суралцаж байсан учраас буцаж байна. Мөн “Цодгор хүү” хотын шатрын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа учраас манайхан шавь нараа тэмцээнд оролцуулаад завгүй яваа” гэж байлаа. Л.Цэнгэнбаяр багшийн шавь нар саяхан болсон дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцоод, долоо, ес, 14 дүгээр байрт орсон ажээ.

Монголын анхны шатрын багш дасгалжуулагчдын ангийн, ангийн дарга Л.Цэнгэнбаяраас дараахь зүйлсийг сонирхож тодрууллаа.


-Хүүхдийг хэдэн наснаас нь шатраар хичээлүүлбэл сайн бэ. Тухайлбал, танай клубт хэдэн насны хүүхдүүд явж байна?

-Хүүхдийг дөрвөн наснаас нь голдуу шатраар хичээллүүлж байгаа. Манайд 4-18 насныхан олон бий.

-Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн аль нь шатар тоглохдоо илүү байдаг бэ?

-Анхлан сурч байгаа хүүхдүүдийг харьцуулахад янз бүр. Харин хоёр шилдэг, шалгарсан эрэгтэй, эмэгтэй хүүхдийг тоглуулахад эрэгтэй нь голдуу хождог шүү. Мөн шатраар хичээллэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй хүүхэд байгаа. Шатрын спорт хүүхдийг тэвчээртэй, сэтгэн бодох чадвар сайтай, зөв хүмүүжилтэй болгодог, оюун ухааныг нь хөгжүүлдэг зэрэг маш олон талын ач холбогдолтой.

-Шатар тоглоход авьяас чухал уу. Мөн шатраар хичээллэж байгаа хүүхдүүдээс шантарч тоглох дургүй болох хүүхэд бий юү?

-Хэдэн зуугаараа шатар сонирхон тоглож, хичээллэж байгаа ч шантраад болих, авьяасгүй, сонирхолгүй хүүхдүүд аяндаа цааш амжилт гаргахгүй болох тохиолдол бий. Мөн л бусад спорт шиг авьяастай хүүхдүүд нь шалгарч, өндөр амжилтад хүрнэ шүү дээ. Гэхдээ зарим эцэг эхчүүд мундаг шатарчин болох авьяастай хүүхдийг мэдэхгүй, авьяасыг нь нээхгүй, шатраар хичээллүүлэхгүй байх тохиолдол бас байна. Үүнээс гадна хүүхдээ шатраар хичээлүүлж хөгжүүлж, хүүхдэдээ цаг зав, мөнгө зарж байгаа эцэг, эхчүүд ч олон болж байгаа шүү гэлээ.

Н.Ганчимэг

Categories
мэдээ цаг-үе

Хар гивлүүрт бүсгүйчүүд буюу нууцлахын үнэ цэнэ

“Хар нөмрөгөн доор

Хайраа нуухыг бодоход

Хаан лав түүнийг алтаар авсан байх даа

Торон дотор явахыг бодоход

Тогос байж дээ тэр хөөрхий

Урвахгүй гэж худлаа хэлчихээд нисчихсэн

Урьд цагийн шувуу явж дээ тэр бүсгүй…”. Олон жилийн өмнө бичиж байсан шүлгийн энэхүү гэнэн мөрүүдээ бататгаж харах завшаан Монгол Улсын Их Хурлын даргын Арабын орнуудад хийсэн айлчлалын үеэр тохиож Булангийн орнуудын хаалганы цаад руу өнгийх уран бүтээлчийн сониуч зан цухалзангуй явсан маань бас шинэ ертөнцийг нээсэн мэт сониучирхлыг төрүүлж байлаа. Мэдээж төрийн айлчлал өндөр хэмжээнд болсон. Очсон орны бүх л эрхэм дээдсүүд, Их хурлын дарга, холбогдох сайдууд Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалыг ихээхэн ач холбогдолтойд үзэж, хамтран ажиллах, харилцан туслалцах зэрэг хоёр орны хоорондын албан хэлцлээс илүүтэй дэлхий ертөнцийн өнөөгийн байдал, дайн дажин, энх тайван, улс орнуудын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж чадсан нь манай хурлын даргын зангаргийг харуулаад зогсохгүй харилцааны итгэлцлийг төрүүлсэн, хамтын ажиллагааг ахиулсан айлчлал байснаараа онцлог болов.

Бадар барьж явлаа гэж баахан шуугив. Гуйхаасаа ичдэг атлаа олоод ирснийг идэхээсээ ичдэггүй нь эдүгээ монгол хүний ходоодны “шарх” болоод байна. Зээл тусламж, хандив гээд бэлэн хоолны “таргалалт” тархины тураалаас илүү гамшгийн байдалд хүрснийг эрх мэдэлтнүүдийн суудлын өвчин, ард иргэдийн хөдөлгөөний дутагдал харуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол зэрэг нийгмийн чиглэлийг хамарсан асуудалд энэхүү айлчлалын баг бүрэлдэхүүн “нүүрээ ширлэсэн нь” амиан хичээсэн үйлдлээс ангид болж чадсан юм. Тухай бүрт мэдээлэл хүрсэн тул улиглан өгүүлэх нь илүүц биз ээ.

Монгол хүн булан тохойн айл гэж бусдыг хэзээ ч өнцөгдүүлэн нэрлэдэггүй. Тэгэхээр монголчууд бид лав дэлхийнхээ энэ бөөрийг тийн баримжаалж нэрлээгүй байх. Ямартай ч дэлхийн эл өнцөгт тодруулбал, саарал өнгөт энэ буланд Арабын 20 гаруй улс бий. Шаам, Магрибын орнууд гэж хуваагддаг. Олон түмний хэлж сурснаар Булангийн орон гэдэгт зургаан улс харьяалагддаг. Тэднээс Саудын Араб, Эмират, Кувейт улсуудын хөгжил дэвшил, соёл иргэншлийг анзаарч явахад нэгэн агаар хуваан орших, хувь тавилангийн зайлшгүй эргүүлгэнд багтаж яваа улс үндэстэн хичнээн онцгойровч хөрсөн дээр цугтаа “амьдардаг” зүй тогтлоос гажих эрхгүй болохыг илүүтэй мэдэрч байлаа.

Эль-Кувейт хотын гудамж өдрийн цагт тийм ч амьсгал давчдам хүний хөлд дарагдаад байдаггүй. Харин үдээс хойно бол ялангуяа ууш зуушийн газар бүл, хэсэг нөхдөөрөө бужигналдаад эхэлнэ. Халамцуу юм уу гэлтэй чангахан дуугарах эрчүүдийг харвал бүгд л хаан мэт сүр, дүртэй эздийг илтгэнэ. Архи дарс энэ нутагт нүдний гэм. Уусан хүн шууд л гэмт хэрэгтэн. Архи дарсаар сэтгэлийнхээ ямар нэгэн тайтгарлыг олно гэсэн сэтгэхүй огт байхгүй. Нууж оруулж ирээд сэмхэн татах гэвэл тэнд яс махтайгаа хатах л болох байх. Тийм ч учраас гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, осол эндэл бараг л байхгүй гэхэд болно.

Нүднээсээ өөр гялалзах зүйлгүй хар нөмрөгт хижээл насны хоёр эмэгтэй тэврэлдэн ихэд дотносон салж ядахыг хараад мэл гайхлаа. Орчуулагч залуу энэ хоёр бараг 40 жил таарсангүй, ямар сонин хүн бэ гээд бие биенээ хачирхаж байна гэхийг сонсоод бүүр ч гайхав. Анх 20 орчим насандаа уулзахдаа мэдээж хар гивлүүртэй байсан нь тодорхой. Ам хамар, чих , хүзүү гээд эмэгтэй хүний гоо сайхны бүхий л илэрхийлэмжүүд хаалттай. Нүдээрээ таньсан байх аа гэдэг үгнээс өөр тайлбар орчуулга авч чадсангүй. Нүдийг зурах урлаг энэ ертөнцөд дэндүү хөгжсөн. Хөмсөг сормуусны гоо сайхны газрууд энд тэндгүй. Тэгэхээр нүд бол сэтгэлийн толь гэдэг нь тодорхой.

Шагай татсан хар өмсгөл, үсний битүү ороолт, нүүр хагаслан халхлах гивлүүр. Араб эмэгтэйн гоёл гангараа гэхээсээ илүү гарвал язгуур угсаа, шашин шүтлэг, үзэл баримтлалын илэрхийлэл байдаг аж. Ижилхэн өмсгөл зүүсгэл бүхий гурваас дөрвөн эмэгтэй дагуулан алтны захын лангуу хоослоод гарах эртэй таарав. Өнөөх хүүхнүүд шаагилдан энд тэндээс ээмэг, зүүлт барьж ирээд жингийн таваг дээр шидэлнэ. Саахь эр юу ч эс өгүүлэх. Түмэнтээ бужигнасны хойно таван атга алтан гоёл нэг уутанд шидэж орхиод тооцоог хийн, шувуу шиг ганганалдаад цувран одох нэгэн бүлийг хараад аль газрын эрчүүд алдаагаа цуглуулж явах юм даа, очоод яаж ялгаж салгах бол оо гэж инээд хүрч суув. Олон эхнэр авах нь сүүлийн үед багассан, харин ч салалт ихэссэн, эмэгтэй хүн салбал дахин гэрлэх гэсэн ойлголт огт байхгүй. Сүүлийн үеийн залуусын дунд гадаад хүнтэй гэр бүл болох явдал бий болоод байгаа гэж албаны хүмүүсийн амнаас хачиргүй үг унана лээ. Олон эхнэртэй эрчүүдийн зовлон мэдээж их л байж таараа. Эхнэрүүд тус тусдаа байртай байх ёстой, бие биенийхээ эд зүйлсэд гар хүрэхгүй. Харин ч бие биенээ гоодоход тусалдаг гэнэ.

Хөршийндөө зочилсон тохиолдолд эхнэрүүд хоорондоо л уулзана, эрчүүдийн ярианд оролцох, ойрхон суухыг тас хориглодог. Сүй тавих, бизнес эрхлэх гээд гол шийдвэрийг овгоороо ярилцаж эцэслэнэ. Нэг овог 20-30 мянган гишүүнтэй. Ахмадууд толгойлно, овог болгон ордонтой. Хурим найрыг өргөн дэлгэр хийдэг ч эрэгтэй, эмэгтэйчүүд тус тусдаа найрладаг байна.

Арабын ертөнцийн хамгийн том төр, эрх мэдэл, ёс суртахуун нь яахын аргагүй удам угсаа, овог зиндаа. 1750 оноос хойш Аль Сабах овгийнхон Кувейтийг удирдаж байна. Эрэгтэйчүүдийг шейх, эмэгтэйчүүдийг шейха гэж хүндэтгэнэ. Ерөнхий сайд, Гадаад, дотоод хэрэг, Батлан хамгаалахын сайд бүгд хааны ургийн хүмүүс байх аж. Тус улсын эрхэм дээд Эмир шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах гуай нас сүүдэр 80 хэдийнэ гарсан ч монголчуудын тухай дурсамж өгүүлж, өнөө жилийн өвөлжилт, цас зудны нимгэн зузааныг хүртэл асуугаад авсан нь хаан хүний зовинол их юм даа гэх аядуу бодлыг төрүүлсэн.

Баян хүнд ч зовлон бий, ядуу хүмүүнд ч жаргал бий. Арабчууд байгалийн баялгийн хишиг буянг жинхэнэ утгаараа хүртэж байгаа улс. Гэдэс цатгалан, мөр бүтэн хүний сэтгэлгээнд хөдөлмөрлөх гэдэг суваг огт суудаггүй бололтой. Захын айл дөрвөн зарцтай, ихэвчлэн энэтхэг, пакистанчууд боолын гэрээ хийнэ. Хөлсөө дусалтал алхах, ажиллах ямар ч шаардлага энэ оронд алга. Ямартай л сүүлийн жилүүдэд чихрийн шижингээр дэлхийд дээгүүрт ордог болсон гэхэв. Цооног болгоноос тос тосоод түүнийгээ авч арилжаад айл болгон ус авч байгаа юм шиг идэж уудаггүй. Төрийн бодлого, баялгийн хуваарилалтыг зөв хийдгээс маш богинохон хугацаанд элсэн дээр цэцэг ургуулсан гэхэд болно. 1930-аад он гэхэд элсэн цөлийн гүрвэлээс арай л дээгүүр заяатай амьдарч байсан гэж зарим нь хошигнодог. 100 жилийн дараа бидний хойч үе хэрхэн амьдрах вэ гэдэг тооцоог өнөөдрөөс хийж эхэлсэн байна. Бүх баялгийн 10 хувийг хойч үеийн сан руу төвлөрүүлж зүгээр нэг тас дараад байдаггүй, энэ хөрөнгөө эргэлтэд оруулж гадагшаа хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөхийн салбарт их хэмжээний нөөцтэй болж байгаа юм билээ. Ямар ч тохиолдолд энэ сан руу гар дүрэхгүй гэсэн дүрэм зарчимтай.

Нийгмийн халамж өндөр. Эмнэлэг сургууль 100 хувь үнэгүй. Насанд хүрээгүй хүүхдэд сар бүр, гэр бүл болоход тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг олгодог.Өөрийн орны иргэнийг насанд хүрэхээр байр барих дэмжлэг санхүүжилтийг олгоод зогсохгүй гадаадад суралцах бүх эрхийг нь нээж өгдөг байна. Хэдийгээр баруунд боловсрол эзэмших, сурч хөгжихөд төрийн зүгээс тэтгэлэг олгодог ч эх оронч үзэл нь яс маханд нь бүрнээ суусныг эх хэлээрээ ярих, бичих, араб эрийн бахархал өмсгөл зүүсгэл эрээн алчуурын нугалаас зангилаа бүхнээс олж харж болно. Цагаан өмсгөлд нь хир тогтоно гэж байхгүй, өдөрт дөрвөн удаа солино. Яг л жаягаар нь өөрсдөө үйлдвэрлэж өмсөж эдэлнэ. Үндэсний хувцсаа буруу өмсвөл хотонд чоно орсноос ялгаагүй үзэгдэх. Бүх зүйл дэг жаяг, ёс суртахуунд хайрцаглагдаж соёлоо дээдэлсэн ард түмэн хүчирхэг оршдог болов уу гэж бодогдмоор. Жилд 30 хоног Рамадан буюу буяны сар болдог. Жирэмсэн эмэгтэй, хүүхэд, хөгшдөөс бусад нь сар мацаг барьж сүнсээ ариусгаж бурханд залбирч өдөрт таван удаа мөргөл үйлдэнэ. Мөн ядуучуудад өглөг өгөх, корон судраа дүүртэл унших ёсыг гүйцэлдүүлнэ.

Кувейтэд ус тосноос үнэтэй. 20 литр ус 8-9 мянган төгрөг. Мэдээж шонхор сайн морины үнээс хол давна. Тусгай эдлэн газарт, малладаг хариулдаг эзэнтэй, асаргаа сувилгаатай, гарал үүслийн гэрчилгээтэй. Шонхор хийморилог амьтан учраас шүтэж дээдэлдэг гэхээсээ илүү сайн эрийн чимэг гэж үздэг юм билээ. Нэг хэсэг манай хамаг шувуу тийшээ зөөгдсөн мэтээр ярьж бичигдээд байсан. Хардах сэтгэлээр хаан болоод бусад сайд ноёдоос асуугаад авлаа. Зарим дарга нар нь 4-5 шонхортой, надад ширхэг ч монгол угсааны шонхор байхгүй гэж байна билээ. Монгол морь нутгаа гүйдэг шиг шонхор ч эх орондоо ирсэн тухай нулимс ивэлгэсэн түүхийг бидэнд ярьсан нь бяцхан ч болов тайвшралыг төрүүлсэн юм.

Сайхан адуу бас л энэ нутгийн эрчүүдийн мөрөөдөл. Гоо үзэсгэлэнгийн хэмжүүрийг адуу мал дээр хүртэл тогтоодог, хүнээс илүү асарч бөөцийлөх нь бас л нэг соёл юм даа. Морин тойруулгын уралдаанд хурдыг харгалзахаас гадна “хөөрхөн”, “царайлаг” зэрэг олон номинациар шагнал олгодог нь өхөөрдөм. Тэмээний уралдаанд унаач хүүхдүүдийн асуудал хурцаар тавигдан хүүхдийн эрх зөрчигдсөн талаар гомдол гарч хүүхэдгүй уралддаг болсон талаар ч ярьцгааж байна лээ. Тэд бидний тухай ямархан ойлголттой явдгийг хэн хүнгүй л очсон газраасаа хайдаг. Монгол, Чингис, бүүр цаашилбал Хүлэгү хаан гээд нэлээн хурцдуухан ярих янзтай. Манай хаад газар нутгийн гэхээсээ илүүгээр тухайн газар нутагтаа соёлын хувьсгалыг хийж эрх чөлөөг тогтоож байсан. Шастирын чуулган, Араб, Персийн аялгуу хэний бүтээл, хэний тухай болохыг та бүхэн мэдэх үү гэж асуумаар ам загатнаад өнгөрсөн. Аав-Абу, саван-сабун, дэвтэр, шатар гэх мэт үгсийг бидэнтэй адилхан хэлнэ, ойлгоно. Араас нь бичдэг ч босгоод харвал Араб үсэг уйгаржин монгол бичиг. Титэм, ацаг шүд, орхиц бүгд харагдана. Энэ хоёр бичиг аргагүй л финикээс эхлээд хоёр тийш хөгжсөн нь харагдах юм аа. Ер нь манай хаадын үлдээсэн өвөөс хамгийн их дархлагдан уламжлагдсан нь соёл гэж ойлгоход хэтийдэхгүй болов уу. Хүлэгү хаан Шаамаар дамжаад, Мисир, Сири, тэр ч байтугай өнөөгийн дайн дажнаараа шуугиан тариад байгаа Аллепо хотыг хүртэл тохинуулж байсан түүхийн гэрч олон бий.

Монголын их хаад эзэлсэн улсынхаа ард иргэдийн сүсэг бишрэлд ихэд хүндэтгэлтэй хандаж байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн нь олон. Тухайлбал, Чингис хаан лалын шашныг татвараас чөлөөлсөн тухайтад “Алибех Абу-талебын удам сударт алба гувчуур оногдуулахгүй байх, Куран судрыг номлогч, хууль тогтоогч, эмч оточ, тэнгэрийн номд бие зориулж, хорвоогийн улаан тоосноос ангижирсан номч нар, бүрээлч талийгаач нарын шарилыг ариулдаг муэдзин нарт ямар ч албан татвар оногдуулахгүй байхыг их хаантан зарлиг болж байсан байх юм. Ач Хүлэгү нь “Бүх угсаатан бөлөгийн дотроос лалын шашинт ард түмэнд маш их хүндэтгэл үзүүлж, хайр хишиг хүртээхийг зарлигласан. Жишээлэхэд 650 оны (лалын тоолол) Идээнд ам хүрэн ёслох өдрөөр Мөнх хаан алт, мөнгөн гулдмай, хоргой торго дурданг ёслолын бэлэг болгон, тэрэг тэргээр өгөхийг айлдсанаас зон олны олонхи нь түүнээс хувь хүртсэн ажгуу” гэж Рашидаддин бичсэн байна. Перс хүн бичсэн болохоор үнэн биз ээ.

Хаан, төрөө дээдлэх үзэл улс орнуудыг цог золбоог тэгшилдэг юм болов уу даа гэж бодогдсон. Саудын Арабид аль ч орны бүсгүй хүн заавал толгой тархиа битүүмжлэх ёстой. Ёсыг нь дагахаас ямар ч замгүй. Өөрийнхөөрөө яваа хүн илүү гутамшигтай харагдана. Харин Эмират, Кувейтын хувьд тийм шаардлагыг нэг их тавихгүй.

Эмэгтэйчүүд, эхчүүдээ дээдлэхийн бас нэг соёл бол хар гивлүүр, урт өмсгөл юм. Бүсгүй хүн нууцлаг тусмаа нандин агаад үнэ цэнэтэй байдаг гэдэг онолыг зохиосон ч байж магад. Гэхдээ сүүлийн үед араб эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нэмэгдэж төрийн алба, ялангуяа удирдах албан тушаал хаших нь ихэссэн байна.Кувейтын хувьд 2009 оноос эмэгтэйчүүд нэр дэвших болж одоогоор Их хуралд нэг л эмэгтэй сонгогдоод байгаа бөгөөд нийгмийн хамгааллын чиглэлээ хариуцан ажилладаг байна. Кувейтэд нам гэсэн ойлголт байхгүй. Нэг тойргоос 10 гишүүн сонгогдоно. Таван сонгуулийн тойрогтой. Улс төр рүү орох хүсэл эмэгтэйчүүдэд бараг л байдаггүй, яагаад гэвэл төрөлт ихтэй, эрчүүдийнхээ сайн ар тал байхад болно гэж зарим нэг хэсэг үздэг.

Харин Эмиратын хувьд арай өөр. Гэр бүлийн яам, Залуучуудын яам, Аз жаргалын яам гээд нийгмийн чиглэлийн яамдаа эмэгтэйчүүд нь удирддаг. Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга Амал Абулла Ал Кубаиси гэж үнэхээр Персийн домгийн баатар мэт нүд нь гялалзсан бүсгүйтэй уулзсан. Булангийн дайн мөргөлдөөнд зуун залуугаа бид саяхан алдаад байна. Цус урсгахыг хүсэхгүй байна. Дүрвэгсдийг олноор нь байршуулж байгаа гэх зэрэг хэзээ ч эмэгтэй хүнд үл зохих атлаа удирдагч хүний хувьд ярихаас өөргүй сэдвээр түс тасхан хэлчихэж байгаа нь зориг ормоор. Энд бичиг үсгээ дээдлэх маш чухаг ёс бий. Гудамжинд байрлуулсан зар сурталчилгааны самбарт ганц үсэг алдаж бичсэн байвал 100 америк доллараар торгодог тухай интернэтээс уншиж байсан минь үнэн юм билээ. Манайхан шиг байшин барилгыг танигдахгүй болтол хэзээ ч хаягаар “зоддоггүй”. Ялангуяа гадаад үг үсгээр хаяглах нь бараг л үгүй.

Элс гэдэг газрын эрдэнэ. Нүүж яваа нь үл үзэгдэх ч чийг өөртөө сайн шингээдгээрээ гайхалтай. Мэдээж энэ нутагт тостой холилдон бараг л хөдөлдөггүй байх. Ганц нэг модны ёроолд элс тунасныг үзээд таньдаг хүнтэйгээ уулзсан мэт догдлов. Цөгөрцгөнө гэж чанга дуутай “нөхөр” тэнд бас хашгиран үсчиж харагдсан. Манай нутагт бол намар оройхон ийм байдаг даа гэмээр. Арабын өвөл 15-25 хэмтэй. Зундаа 45-50 хэмд очно. Дэлхийн түүхэнд 53 хэм хүрсэн газар бол Кувейт. Хувцсан дотроо багтаж амьдардаг энэхүү ард түмний хувьд байдаг хүрмээ зузаалчихсан жиндүүхэн байгаа бололтой юм. Энэ бүхнийг харж явахуйд төөнөм халуун, түрэмгий дайн хоёр буцалсан ертөнц байх даа хэмээн бодсон төсөөлөл маань аажим аажмаар сарнин байлаа. Дахин дахин бодсон бодол, ухаарал минь аливаа улсын өв соёл тухайн гүрний хүчирхэг оршихын амин сүнс нь гэдэгт л тулсан юм.

УИХ-ын гишүүн Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагвыг дахин амлаж “олныг баясуулагч” хэмээх монгол бөхийн цэнгэл баярыг мэдрүүллээ

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 105 жилийн ойн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр бөхчүүдийн барилдаан шинэ оны өмнөхөн болсон. Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлан тунхагласан өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд чансаагаараа тэргүүлсэн шигшмэл 128 хүчтэн ир бяраа сорьж, төрт ёсны их баярыг зургаа дахь удаагаа тэмдэглэж байна. Эл удаагийн барилдаанд Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарын аваргууд, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын арслангууд болон Б.Гончигдамба гарьд, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан нарын заанууд, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, А.Цацабшир, Т.Баасанхүү нарын харцага цолтнууд зодоглосон. Дунд шөвөг буюу шилдэг наймд хоёр аварга, дөрвөн арслан, хоёр заан цолтон тунаж үлдсэн нь ямархан чансаатай барилдаан болсныг илтгэнэ.

Тавын даваанд тунаж үлдсэн найман бөхөөс Ч.Санжаадамба аварга хамгийн түрүүнд улсын арслан Э.Оюунболдыг амласан. Түрүү жилийн наадмын наймын даваа буюу гарьд цолны төлөө энэ хоёр бөх тунаж барилдаж байсан. С.Мөнхбат аварга Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг амласан. Хоёр аварга ам бөхөө амласны дараа цолныхоо эрэмбээр П.Бүрэнтөгс арслан ам сонсох байв.

Түүнийг ам бөхөө амлахаар гарын даа нарын зүг хандахад бөх тайлбарлагч “Улсын арслан Бүрэнтөгс гурван бөхөөс ам авна. Тодруулбал, улсын арслан Пүрэвдагва, Батсуурь, улсын заан Пүрэвсайхан нараас ам авна” хэмээн зарлахад Бөхийн өргөөг дүүртэл цугласан олон “Пүрэвдагва, Пүрэвдагва” хэмээн уухай хадаах нь тэр. Үзэгч олны ингэж шуугиан шаагиан болсон нь хоёр залуу арслангийн барилдааныг дахин үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэхэд оршиж байв. Түрүү жилийн наадмын наймын даваанд Бүрэнтөгс, Пүрэвдагва нар хүч үзэж, чухам ямархан барилдаан болж өрнөснийг монголчууд бүгд мэдэж байгаа. “2016 оны хамгийн дуулиант барилдаан” хэмээн бөх сонирхогчид онцолсон байна лээ. Наадмаар Пүрэвдагва нь давж Бүрэнтөгс нь газар элэглэн унаад эгшиж, мэгшиж уйлсан. Тэгвэл өнгөрөгч намрын сүүлээр Өмнөд Монголд болсон Алтан бүсийн барилдаанд тэр хоёр дахин таарч мөн л Пүрэвдагва нь давсан. Харин Улс тунхагласны 92 жилийн ойн барилдаанд Бүрэнтөгс даагаа нэхэн амлаж барилдаад бардам хаясан юм. Ийм л нэг хүчтэй тэмцэл идэрхэн энэ хоёр арслангийн дунд байдаг учир үзэгч олон дахин барилдахыг нь үзэх гэж тэсгэл алдан “Пүрэвдагва” хэмээн орилсон нь мэдээж.

Түүнээс биш наадмын дараа цахим ертөнцөд өрнөсөн “халх дөрвөдийн тэмцэл” гэх зүйл үүнд хамаарахгүй ээ. Үзэгчдийн энэхүү хүсэлтийг Бүрэнтөгс арслан хүндэтгэж гарын даа нар дээр очин нэр сонсолгүй, шууд л толгой дохиод инээмсэглэж харагдсан. Тэр нь бөх сонирхогчдынхоо хүсэлтээр Пүрэвдагвыг амлая гэсэн үг байв. Ингээд ам бөхөө амласан арслан Санжаа аваргын араас буюу зүүний дагавар магнайд гарахдаа аваргатай мөн л инээд алдаад толгой дохиж байв. Аварга түүнээс “Яасан, Пүрэвдагвыг авчихав уу” гэж асуусан нь тодорхой.

Бүрэнтөгсийг тийм ам авахыг хүлээж байсан үзэгч олон ёстой л нэг сэтгэлийн хөөрөл, цэнгэл баяр гээч нь дээд цэгтээ хүрэв үү гэмээр шавайгаа ханатал баярлалдаж, шаагитал алга нижигнүүлэв. Тэрхүү нижигнэсэн алга ташилтын дуу намжиж амжаагүй байтал Архангай нутгийн уран барилдаант арслан Р.Пүрэвдагва Увс аймгийн залуу хүчит арслан П.Бүрэнтөгсийг хоёр гарын сэнжигний барьцнаас ганц хүчтэй дугтарч дундуйлдаад татчихлаа. Бөгсөөр нь суулгаж, гулдайтал нь чирч, бүтэн эргүүлээд хаячих нь тэр. Үүнийг л хүлээж байсан мэт үзэгчдийн уухайн түрлэг бүр яадгаа алдаж хоцорсон л доо. Ийм л харгүй сайхан барилдаан хоёр арслангийн дунд болсон. Монгол үндэсний бөхөд байх нэг гол зүйл бол олныг баясуулагч гэх тодорхойлолт юм. Манай бөхчүүд олныг баясуулж, наадамчин олон, үзэгч түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс илүүтэй дандаа ашиг хонжоо, амин хувиа бодож, буулт хийж, худлаа барилдаж уур дургүйцлийг нь хүргэдэг.

Харин Бүрэнтөгс олныг баясуулагч гэх гол шугамаа барьсан зөв зүйтэй шийдвэр гаргасан. Түүнээс үзэгчдээ хүндэтгэлгүй, Пүрэгдавыг бус Батсуурь юм уу, Пүрэвсайханыг амлан өөрийгөө бодсон бол яалаа гэж дунгуй хадталаа унах вэ дээ. Сүүлд нь нэмээд хэлэхэд, энэ шийдвэр бол Бүрэнтөгс Пүрэвдагвад өширхсөндөө бус ерөөс үзэгчдээ хүндэтгэсэн, тэдний урам зоригийг бадраасан, бөхийн барилдааныг жинхэнэ утгаар нь шоу цэнгээн болгосон зүйл байв. Өнөө цагт уул нь монгол үндэсний бөх ингэж л шоу цэнгээн дор болж үзэгчдийг хөөрөлд автуулдаг, өөрийн эрхгүй бооцоо тавихад хүргэдэг сонирхолтой, үзүүштэй болох хэрэгтэй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын начин Э.Даш түрүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдааны зүүн талын тэргүүн магнайд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, баруун талын тэргүүн магнайд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар магнайлан барилдсан юм.

Улсын арслан Н.Батсуурь хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Баянхонгор аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлд өвдөг шороодлоо. Тавын даваанд зүүн талын тэргүүн магнайг улсын заан Б.Пүрэвсайхан магнайлан гарч, Булган аймгийн заан Б.Түмэндэмбэрэлийг амлан авч барилдсан нь үзэгчдийг баясгасан барилдаан болсон. Улмаар хоёр бөхийн барилдаан үзэгчдийг шуугиулж, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл залуу заанаар тав давлаа. Мөн энэхүү даваанд тунаж барилдсан аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, О.Хангай нарын барилдаан сонирхолтой болсон юм. Барилдааны санаачлагыг Ш.Мөнгөнбаатар авч барилдсанаар О.Хангай арсланг баруун хөлийг нь хонгодож, өргөх мэхээр тав давлаа. Өнөөдрийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Үндсэн хуулийг анх батлалцаж байсан АИХ-ын дептатууд хүрэлцэн ирж үзсэн билээ.

Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөх барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир үзүүрлэв.

Өнөөдрийн барилдааны их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын харцага Н.Жаргалбаяр, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Л.Цэрэнтогтох нар үлдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга У.Хүрэлсүх өвөлжилт хүндэрсэн зүүн аймаг, сумдад ажиллана. Тэрээр энэ сарын 16-23-ны өдрүүдэд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, төр, захиргаа болон онцгой байдлын байгууллагад заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх юм байна.

Мөн малчид, иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт хуваарилсан өвс, тэжээл, автомашин, бараа материалыг хүлээлгэн өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид сурагчдад утаанаас хамгаалах маск бэлэглэв

Онцгой байдлын албаны Уул уурхайн аврах ангийн хамт олон сайн үйлсийн аян зохион байгууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7 хувийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэг эзлэдэг гэсэн тоо бий. Тиймээс хорт утаанаас хойч үеэ хамгаалах зорилтын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ. Аянаар Налайх дүүргийн Ерөнхий боловсролын зургадугаар сургуулийн нэгдүгээр ангийн нийт 835 хүүхдэд хорт утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэлээ гэж Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.