Categories
мэдээ улс-төр

ҮХ-д өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг хуралдана

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан маргааш 12.00 цагт Нутгийн удирдлагын танхимд болохоор товлогдсон байна.

Уг ажлын хэсэг нь Ерөнхий сайдаас өгсөн захирамжийн дагуу Засгийн газрын төвшинд байгуулагдсан ажлын хэсэг юм. Энэ нь Засгийн газрын төвшинд байгуулагдсан ч нэг ч улстөрчийг багтаагаагүй, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн юм.

Categories
мэдээ спорт

Спортын Гимнастикийн олон улсын тэмцээнээс манай улсын гурван тамирчин алтан медаль хүртлээ

ОХУ-ын Благовещенск хотноо зохиогдож буй Спортын Гимнастикийн олон улсын тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй тамирчид амжилттай оролцож байна.

Тэмцээний эхний өдрийн байдлаар гурван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.Тухайлбал

•Э.Эрдэнэболд (Спортын II зэргээр) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 60.900 оноогоор алтан медаль,

•Д.Энхтүвшин, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор алтан медаль,

•Б.Болдбаатар, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор мөнгөн медаль,

•А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангиллаар) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 82.550 оноогоор алтан медаль тус тус хүртжээ.

Тэмцээнд 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдөж байна.

Categories
мэдээ улс-төр

Дипломат ажилтнуудын томилгооны хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ

Ирэх долоо хоногийн чуулганаар Ерөнхийлөгийн сонгуулийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль , Дотоодын цэргийн тухай хууль, Дипломат албаны тухай хууль тэргүүтэй хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.

Уг жагсаалтад байгаа Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах”, “Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгох”, “Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат албаныхны цалин хөлсийг гурван жил тутамд Засийн газраас шиинэчлэн тогтоож байх, хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах” зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Ирэх хоногуудад хэлэлцэх төслүүдийн жагсаалт

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Занданшатар нарын 28 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай, Э.Цэндбаатар нар тулалдана

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр тэмцээний аваргууд тодрох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн аваргын төлөөх тоглолтод “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай, Рио-2016 олимпийн наадмын шагналт V шалгарсан ОУХМ Э.Цэндбаатартай тулалдахаар тунан үлдсэн.

ОУХМ Э.Цэндбаатар Риогийн олимпод 56 кг-ийн жинд тулалдсан бол УАШТ-нд жин өгсөн 70 кг-д тулалдаж буй юм.

Тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна.

Categories
гадаад мэдээ

Обама ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ сунгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаирэх гуравдугаар сард хугацаа нь дуусах Оросын эсрэг хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгалаа. Энэ тухай АНУ-ын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байгаа Ерөнхийлөгчийн баасан гарагт Конгрессын хоёр танхимд илгээсэн захидалд өгүүлсэн байлаа.

«Энэ тушаалын (хориг арга хэмжээ) хамааралтай үйл ажиллагаа бодлого нь АНУ-ын Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалд ер бусын онцгой аюулыг агуулсаар байна» гэж Обама мэдэгдлээ.

Украины байдал, Крымын асуудалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг анхны хориг арга хэмжээг 2014 оны гуравдугаар сарын 6-нд Обама авчээ. Тэрбээр хязгаарлалт, хориг тавьсан гурван тушаалаа 2014 онд гаргасан байлаа.

Хожим тэр хоригт бусад дагалдах баримтуудыг нэмжээ. Энэ сарын 10-д оросуудыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаанд хутгалдан орсон гэх буруутгалынхаа улмаас оросын эсрэг дахин шинээр хориг арга хэмжээ авах хуулийн төслийг сенатад өргөн барьсан нь тодорхой болсон юм. Уг баримтаар Оросын нефтийн салбарт 20 сая доллар, мөн Оросын төмөр хоолойн үйлдвэрлэлд жилийн дотор таваас илүү сая доллар, цөмийн үйлдвэрлэлд нь нэг сая доллар зэргийг оруулсан хөрөнгө оруулагч нарыг уг хоригт хамруулахаар заасан байв. Хуулийн төслийн Конгрессын хоёр танхим батлах ёстой. Дараа нь түүнд Ерөнхийлөгч гарын үсэг зурах юм.

Донбассын хэрэг явдалд Оросыг Украин ямагт буруутнаар нэрлэж ирсэн ба харин Оросын тал үүнийг Украины дотоод хэрэг гээд буруутгалыг байнга үгүйсгэдэг. Украины засаг захиргаа Крымийг Оросын бүтцэд оруулах асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуудлын дүнг Украин үгүйсгэдэг. Орос тэр санал асуулга олон улсын эрх зүйн дагуу Крым ард түмний хүсэл эрмэлзлээр хийгдсэн гэдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд оролцов.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж архивын баримтын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “2225 жилийн түүхтэй төрт улс маань түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээрээс 25 жилийн ойг нь тэмдэглэж байгаа шинэ Үндсэн хууль бол монгол хүн өөрийн оюун ухаанаар бүтээж боловсруулсан бахархалтай. Бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлын депутатууд 70 гаруй хоног хуралдаж байж баталсан Үндсэн хуулийн баримтыг харуулах үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр хийж байна” гээд Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүд, үзэсгэлэнг гаргахад өндөр хувь нэмэр оруулсан УИХ-ын тамгын газрын ажилтнуудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хууль батлалцсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатыг тойрог бүрээр нь харуулсан гэрэл зураг, Үндсэн хууль батлах үеийн үйл явдлын архивын баримтыг дэлгэрэнгүй тайлбартайгаар дэлгэн тавьсан байна.

БНМАУ-ын Ардын Их Хурал анхдугаар хуралданаараа БНМАУ-ын Ерөнхийлөгчийг сонгон, БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрыг байгуулж төрийн шинэ тогтолцоо бий болгосон, хоёрдугаар хуралдаанаараа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсныг энэхүү үзэсгэлэнгээс харж болно.

Түүнчлэн үзэсгэлэнд ард иргэдээс ирүүлсэн Үндсэн хуулийн төслийн эхийг дэлгэн харуулсан бөгөөд архивын уг баримтад “Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт 900.000 гаруй хүн оролцож, 220.000 орчим санал гаргасан бөгөөд дээрх саналуудын 44.3 хувийг Үндсэн хуульд ямар нэг хэлбэрээр тусгасан байна” гэсэн тайлбар хаджээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат 70 гаруй өдөр билэг оюунаа шавхан хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цаг 35 минутад шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Халлим их сургуулиас хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж санал болголоо

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй солонгосын талын зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг урилаа.

Уулзалтын үеэр БНСУ-ын Халлим их сургуулиас судалгааг нь хийсэн өндөр даралтат хүчил төрөгчийн эмчилгээний аппаратыг танилцууллаа. Тус аппарат нь арьсны гадаргуу болон амьсгалын замаар хүчилтөрөгч нэвтрүүлэх зорилготой байна. Дэлхийн ихэнх улс орнуудад энэхүү эмчилгээний технологийг нэвтрүүлсэнийг мөн хэллээ. Ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдол, нүүрстөрөгчийн хордлого их учраас энэхүү технологийг нэвтрүүлэхэд тохиромжтой болохыг онцоллоо. Угаарын хий, гаазанд хордсон болон идээт үрэвсэлтэй өвчтөнүүдээс гадна агаарын бохирдолтой бүсэд амьдарч байгаа энгийн иргэд ч хэрэглэх боломжтой аж. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд энэхүү технологийг нэвтрүүлэхийг дэмжиж байгаагаа эхнээсээ илэрхийлсэн гэдгийг НИТХ-ын даргад танилцууллаа.

Үүнээс гадна хөндийт эрхтэн (ходоод, шулуун гэдэс, цагаан хоолой) дурандах дурангийн багажийг танилцуулж, 1 ширхэг багажийг Улаанбаатар хотод өгөхөө хэллээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй талархсанаа илэрхийлээд “Бид аль эмнэлэгт өгөх шаардлагатайг судалж байгаад шийднэ” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголмед” эмнэлэг хүүхдийн үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч байна

Амралтын өдрүүдэд нэгэн сайхан буянтай үйл ажиллагаа явуулж байгаа байгуулллага байна. Агаарын бохирдол, утаанаас болоод бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвдөж, эмнэлгүүдийн ачаалал 70 хувь хэтэрсэн өнөө үед “Монголмед” эмнэлэг энэ сарын 14, 15-д хүүхдийн үзлэг, зөвлөгөөг үнэгүй өгч байгаа юм байна.

Энэхүү эмнэлэг нь хороололд шинээр нээгдээд удаагүй байгаа аж. 4-5 эмч нэг зэрэг үзэж зөвлөгөө өгч байгаа болохоор ачаалал харьцангуй бага байна гэнэ. Гэхдээ та цагийг нь тулгаж очилгүй 15 цаг гэхэд эмнэлэг дээр оччихсон байвал цагтаа амжина шүү гэж сануулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 77004444 утсаар холбогдон аваарай.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын амралт таван өдөр үргэлжилнэ

Энэ жилийн цагаан сар буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа. Цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдийг албан ёсоор амралтын өдөрт тооцож амарна.

Харин битүүний өдөр өмнөх долоо хоногийн ням гарагт тохиож буй тул бямба, ням гарагийн амралтын өдрүүдтэй нийлээд цагаан сараар таван өдөр амрах юм.

Categories
мэдээ улс-төр

21 аймгийн засаг даргаа Солонгост номын дуу сонсгохоор илгээлээ

Хөгжчихсөн л болохоос Өмнөд Солонгост ч хөдөө гэж байлаа. Тус улс хөдөөгөө харин яаж хөгжүүлсэн нь өдгөө олон улсад трэнд болж, дэлхийн 52 орны 400 гаруй тосгон суурин Солонгосоос суралцаж буй. Монгол Улсын Засгийн газар ч энэ загвараас нь суралцахаар, “номын дуу” сонсохоор 21 аймгийн Засаг даргаа илгээлээ. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан тус ажлын хэсэг БНСУ-ын Пусан хотын захиргааны урилгаар, цаад талынхаа зардлаар тус хотод энэ сарын 8-10-ны өдрүүдэд ажиллалаа.

Сайд Ж.Мөнхбат, юуны өмнө урилга илгээж, бас бүх зардлыг дааж буйд талархлаа илэрхийлэхэд Солонгосын тал “Бид нэг тив, бүр нэг бүс нутагт оршдог байхад та нар харин ч биднээс /”Шинэ хөдөлгөөн”-өөс/ суралцахаар оройтож ирж байна. Та бүхэн бидний гаргасан замын зардлаас ч их зүйлийг суралцана гэдэгт итгэлтэй байна” гэсээр угтсан юм.

Бидний туршлага судлах гэж очсон, 52 орон туршлага судалж буй хөдөөгөө хөгжүүлсэн Солонгосын загварыг дэлхийд “Шинэ тосгоны хөдөлгөөн” гэж нэрлэдэг юм. Энэ хөдөлгөөний түүх, эхлэл нь сонирхолтой.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүх аймгийн Засаг дарга нараа хотод дуудан семинар хийж, үүрэг чиглэл өгдөг шиг цугларалтыг солонгосууд ч хийдэг байжээ. Тодруулбал, Солонгосын Засгийн газар 1972 онд ийм уулзалтыг хийж, бүх муж, хотын дарга нараа Сөүлд дуудан чуулган хийжээ. Эндээс “Шинэ тосгон” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн нь далайн зах хязгаар даган загас агнуур, тутарга ногооны талбай төдийхнөөр аж ахуйгаа хөтөлдөг байсан Солонгосын хөдөөг 30 гаруйхан жилийн дотор Сөүлээс нь дутахгүй хөгжилд хүргэсэн байна. Тус хөдөлгөөний санаачлагч нь өнөөдөр парламентынхаа импечметийн өмнө унаж, огцрох, огцрохгүй дээрээ дэнжигнэж яваа Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-гийн аав, Солонгос улсыг үсрэнгүй хөгжилд хүргэж таван удаа Ерөнхийлөгчөөр нь сонгогдож байсан Пак генерал юм. Хамгийн гол нь тэр үед Солонгос улсын эдийн засаг мөнгөгүй, ядуу байв. Орон нутагтаа хуваарилах хангалттай мөнгөгүй учир Пак Ерөнхийлөгч хөдөөг хөгжүүлэхийг ард түмэндээ уриалан Засгийн газраас тосгон бүрт 335 шуудай цемент өгчээ. Уг цементээр юу хийх, юу бүтээхээ тосгоныхон өөрсдөө шийднэ. Дараа нь тосгон бүрт мөн адил хэмжээний тоосго өгөв. Энэ мэтээр юу бүтээх эрх мэдлийг тосгоныхонд өгч, бүтээн байгуулалтынх нь гол түүхий эд, бүтээгдэхүүнийг Засгийн газраас дэмжлэг болгон өгч байв. Өөрөөр хэлбэл, тухайн тосгонд юу хамгийн хэрэгтэйг тосгоны иргэдээс өөр хэн ч мэдэхгүй гэж үзсэн хэрэг. Зарим тосгоныхон цементээрээ сургууль, эмнэлэг барьж байхад, зарим нь замаа тавьж байв. Хамгийн гол нь юу бүтээх шийдвэр гаргахад тосгоныхон бүгдээрээ оролцож байсан учраас бүтээх, хөгжих мөрөөдлийг хүн бүрт бий болгож чадсан байна. Энэ эерэг хандлага, Засгийн газрын хууль ёсны дэмжлэг хоёр нь л өнөөдөр дэлхийд гайхагдах “Шинэ хөдөлгөөн” гэх хөгжлийн шинэ загвар, шинэ трэндийг бий болгожээ. 335 шуудай цементээс 400 гаруй мужийн хөгжлийн загвар болсон түүх ийм буюу.

Засаг дарга нар дандаа “Шинэ тосгон хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл сонсоод яваагүй. Хэд хэдэн үйлдвэрийн газраар орж үйл ажиллагаатай нь танилцаж, зарим нь хамтын ажиллагаа тогтоох эхлэл тавьсан. Бараг л манай улсын 21 аймаг бүгдээрээ л Пусан хотын захиргаатай, төрийн болон хувийн өмчийн үйлдвэрийн газартай хамтран ажиллахаар тохирч, зарим нь санамж бичиг солилцохоор болсон. Орон нутаг удирдаж яваа Засаг дарга нар битгий хэл, тэднийг дагаж яваа хэвлэлийнхэн бидэнд ч “ингэж хөгжих юмсан, энийг нь суманд биш юмаа гэхэд Улаанбаатартаа бий болгочих юмсан, эдний сум нь манай улсын нийслэлээс илүү байгаа юм биш үү” гэх атаархал, харуусал зэрэг төрж байсныг нуух юун.

Яг үнэнийг хэлэхэд бид улсын нийслэлдээ хог хаягдлаа боловсруулах ганц үйлдвэргүй байхад бидний очсон Пусан хот гэхэд ийм үйлдвэрээ загвар болгон бусдад үзүүлж байх юм. Засаг дарга нар хог хаягдлын үйлдвэртэй танилцаад зогсохгүй толгой дотроо санаатай ирсэн биз ээ.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Пусан хотын захирагч Со Бён Сү-тэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, байгаль орчин, эдийн засаг, БНСУ-д амьдарч буй иргэдийн асуудлаар ярилцахдаа ч энэ талаар санал солилцож байв.

Бас нэгэн үнэнийг хэлэхэд, монголчууд бид улсын нийслэлдээ олимп зохион байгуулах эрх авах юмсан гэж мөрөөдөж явахад, манай улсад ардчилал эхлэхэд л хөгжиж эхэлж байсан Пёнчан гэж ердийн нэгэн тосгон 2018 оны өвлийн олимпийг тосгондоо зохион байгуулахаар бэлтгэлээ базааж бараг дуусч байгааг “Шинэ хөдөлгөөн”-ий шинэ үеийнхэн бидэнд хуучилсан юм. Тус хөдөлгөөний гол үзэл санаа нь “Бид чадна”. Үзэл санаа бол явах зүг чиг гэдэг. Үзэл санаа, зүг чигтэй учраас солонгосууд өнөөдөр Пусаныг жилдээ 3,5 сая жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын томоохон хот болгож чадсан байна. Чадсан бэлэн жишээнээсээ хуваалцаж, манай улстай улсын аялал жуулчалын салбарт хамтран ажиллахыг сайд Ж.Мөнхбат Пусан хотын захиргааныхантай уулзахдаа хүссэн юм. Ганц аялал жуулчлал гэхгүй, нийслэлийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр болон, сургууль, цэцэрлэг засварлах, барихад хамтран оролцохоо илэрхийлж, энэ тухай илүү тодорхой “бэлгийн богц”-оо энэ онд Улаанбаатар хотноо болох Улаанбаатар-Пусаны эдийн засгийн форумын үеэр задална гэдгээ тус хотын захиргааныхан мэдэгдсэн юм.

Жич: Монгол Улс 2016 оны 2 дугаар сард БНСУ-ын Пусан хотноо Консулын газраа нээж, улмаар шууд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд энэ хавар Пусан хотноо монгол цэцэрлэг үйл ажиллагаа эхлэх гэж байгаа юм.