Categories
мэдээ нийгэм

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрэгэ”-г сар шинийн баяраар гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.

”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг урьжээ.

Уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм. Шагнал хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол одон медальд тодорхойлж болох бөгөөд эдгээр шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулаэх юм байна.

Categories
мэдээ спорт

С.Ням-Очир зодог тайлахаар шийдлээ

Түүний зодог тайлах ёслол улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр буюу маргааш 14:00 цагаас болох нээлтийн арга хэмжээний дараа болох ажээ-

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очирын их спортоо орхих шийдвэр гаргажээ. Түүний зодог тайлах ёслол улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр буюу маргааш /2017.01.17/ 14:00 цагаас болох нээлтийн арга хэмжээний дараа болох ажээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А зааланд эхэлнэ. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн 5 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрт тэргүүлсэн болон медальт байр эзэлсэн тамирчдыг тивийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцуулах, багийн төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг шалгаруулах, Үндэсний шигшээ багт нэр дэвшүүлэх зэрэг болзлыг Монголын жүдо бөхийн холбоо тавьжээ.

Өөр нэг онцлог нь жүдогийн шинэ дүрмийн сургалт удирдахаар Монголд ирсэн Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, Олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Хнедка /Чех/, олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков /ОХУ/ нар улсын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллана.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

Нэгдүгээр сарын 16. Даваа гариг

  • Эрэгтэй: -60 кг, -66 кг, -73 кг
  • Эмэгтэй: -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг

Нэгдүгээр сарын 17. Мягмар гариг

  • Эрэгтэй: -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг
  • Эмэгтэй: -70 кг, -78 кг, +78 кг

Нэгдүгээр сарын 18. Лхагва гариг

Багийн Улсын аварга:

  • Эрэгтэй: -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг
  • Эмэгтэй: -70 кг, -78 кг, +78 кг

Тэмцээнүүд өдөр бүр дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

  • 09:00-15:00 цаг: Хасагдах шатны барилдаан
  • 15:00-16:00 цаг: Хагас шигшээ барилдаан
  • 16:00-18:00 цаг: Шигшээ барилдаан

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр завсарлана. Тодруулбал, УИХ-ын Дэгийн тухай хуулийн 15.1-т УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 10-ны хооронд ээлжит чуулган завсарлана гэж заасан байдаг. Гэвч намрын ээлжит чуулган завсарласаны дараа ээлжит бус хуралдааныг зарлах шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 13-ны өдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн 1.6-т зааснаар 2017 оны эхний улиралд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан энэхүү зөвлөмжийн 1.1-.1.4-т заасан асуудлыг хэлэлцэж, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг батлах, 2.1-т энэхүү зөвлөмжийн 1.1-1.4-т заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн барих гэсэн зөвлөмжүүдийг өгсөн. Тиймээс ч УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр ээлжит бус чуулган зарлана гэдгээ ч онцолсон билээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид:

  • 1.1-т Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж, онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах,
  • 1.2-т Төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
  • 1.3-т Агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх
  • 1.4-т Орчны бохирдлыг бууруулахад иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлуудыг багтаасан.

Засгийн газраас дээрхи дөрвөн заалтад тусгасан хөтөлбөрийг батлах, хууль эрх зүйн орчныг сайжруулж, УИХ-д хоёрдугаар сарын 20-ны дотор өргөн барих үүрэг хүлээсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн 1.5-д Агаар, орчны бохирдлын асуудлыг УИХ-ын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусган хэлэлцэж байх, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах гэж заасан юм. Мөн 1.6-т зааснаар 2017 оны эхний улиралд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан энэхүү зөвлөмжийн 1.1-.1.4-т заасан асуудлыг хэлэлцэж, Агаар, орчны бохирдлууг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах гэж заасан нь УИХ-ын ээлжит чуулган завсарласаны дараа ээлжит бус хуралдааныг зарлаж магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар, Д.Отгондалайг ялж, улсын аварга болов

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж, аваргууд тодров.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн аваргын төлөөх тоглолтод “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай, Рио-2016 олимпийн наадмын шагналт V шалгарсан ОУХМ Э.Цэндбаатартай тулалдсан. Тамирчид эн тэнцүү өрсөлдөж эцсийн мөчид 3:2 харьцаагаар МУГТ Д.Отгондалай ялагдал хүлээв. Улмаар ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-ийн жинд анх удаа Улсын аварга боллоо. Тэд анх удаа учраа таарч байгаа нь энэ. ОУХМ Э.Цэндбаатар Риогийн олимпод 56 кг-ийн жинд тулалдсан бол УАШТ-нд жин өгсөн 70 кг-д тулалдсан.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 64кг-д Н.Баянцэцэг хоёр жил дараалан түрүүллээ. Тэрбээр шигшээ тоглолтод өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Л.Ангарагтай тоглож 5:0-ээр ялсан юм. Харин эрэгтэйчүүдийн 64кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг тав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр шигшээ тоглолтод “Ширэн бээлий” клубийн Г.Баярхүүг 5:0-ээр ялсан.

Мөн эрэгтэйчүүдийн 69кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Түвшинбат түрүүлж, улсын аваргын арав дахь алтан медалиа хүртлээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 56кг-д Б.Мишээлт “Рио-2016” олимпийн наадамд 52кг-д өрсөлдсөн ОУХМ Х.Энх-Амарыг ялж, алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрбээр анх уда улсын аварга болов. Мөн эрэгтэйчүүдийн 49кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүлж зургаа дахь алтан медалиа хүртлээ.

Ингээд УАШТ-ий медалийн эздийг танилцуулъя:

Эрэгтэй:

49 кг:

Алтан медаль: Г.Ган-Эрдэнэ /”Хилчин” спорт хороо/ – Улсын аваргын 6 дахь түрүү

Мөнгөн медаль: Х.Энхмандах /”Алдар” спорт хоро/

Хүрэл медаль: Х.Азбаяр /”Эрдэнэт бокс” клуб/, Ц.Жамъяанбат /Ко Сэ/

52 кг:

Алтан медаль: М.Гандулам /Хилчин/

Мөнгөн медаль: А.Нурлан /Баян-Өлгий/

Хүрэл медаль: Ц.Батнасан /Хөх чоно/, Т.Энхтөр /Баянхонгор/

56 кг:

Алтан медаль: Б.Мишээлт /Аврагч/

Мөнгөн медаль: Х.Энх-Амар /Алдар/

Хүрэл медаль: Б.Төмөрхуяг /Барселона/, Б.Төгөлдөр /Ширэн бээлий/

60 кг:

Алтан медаль: Э.Цэндбаатар /Сүлд, Ажнай корпраци/

Мөнгөн медаль: Д.Отгондалай /Хилчин/

Хүрэл медаль: О.Батхүү /УБ про/, Ц.Пүрэвсүрэн /Хангарьд/

64 кг:

Алтан медаль: Б.Чинзориг /”Ариг” банк, “Алдар” спорт хороо/ – Улсын аваргын 5 дахь түрүү

Мөнгөн медаль: Г.Баярхүү /”Ширэн бээлий” клуб/

Хүрэл медаль: М.Батбаяр /Баянхонгор/, Л.Эрдэнэбаяр /Улаан ирвэс/

69 кг:

Алтан медаль: Б.Түвшинбат

Мөнгөн медаль: О.Батзориг /Сүлд /

Хүрэл медаль: Б.Батзориг /Баянгол/, Б.Сүххуяг /Хангарьд/

75 кг:

Алтан медаль: Ж.Отгонжаргал /”Аврагч” спорт хороо/ – Улсын аваргын 3 дахь түрүү

Мөнгөн медаль: Б.Эрхэмбаяр /”Хилчин” спорт хороо/

Хүрэл медаль: Л.Жоламан /Баян-Өлгий/, М.Энхбаяр /Ирвэс/

81 кг:

Алтан медаль: Н.Шинэбаяр /Алдар/

Мөнгөн медаль: Б.Содгэрэл /Хөх чоно/

Хүрэл медаль: А.Бат-Очир /Хилчин/, Г.Мандахтөр /Хаялга/

91 кг:

Алтан медаль: С.Эрдэнэбаяр /”Боди макс” клуб/

Мөнгөн медаль: Б.Ганбаяр /”Хилчин” спорт хороо/

Хүрэл медаль: Д.Отгонбаяр /Монгол мастер/, Л.Зоригтбаатар /Хаялга/

+91 кг:

Алтан медаль: Т.Чулуунтөмөр /Хилчин/

Мөнгөн медаль: Т.Ерболат /Алдар/

Хүрэл медаль: Д.Идэрбат /Зевс/, Б.Агарзандан /Сүлд/ нар тус тус хүртлээ.

ЭМЭГТЭЙ:

48 кг:

Алтан медаль: О.Жаргалан /Мон-Эрч/

Мөнгөн медаль: Ж.Нямсүрэн /Хангарьд/

Хүрэл медаль: Б.Нуржамила, Д.Дэлгэрмөрөн

51 кг:

Алтан медаль: М.Нандинцэцэг

Мөнгөн медаль: Л_Алтанцэцэг /Талын бүргэд/

Хүрэл медаль: Б.Мөнгөнсаран /Эрдэнэт бокс/, М.Энхжаргал /Алдар/

54 кг:

Алтан медаль: Н.Оюун-Эрдэнэ /Алдар/

Мөнгөн медаль: М.Гүндэгмаа /Хилчин/

Хүрэл медаль: Б.Нуржамила, Д.Дэлгэрмөрөн

57кг:

Алтан медаль: М.Намуун /Эрдэнэт/

Мөнгөн медаль: О.Лхагвасүрэн /Зевс/

Хүрэл медаль: Д.Нандинсувд /Алдар/, П.Болорчимэг /Алдар/

60 кг:

Алтан медаль: У.Шинэцэцэг /Талын бүргэд/

Мөнгөн медаль: З.Уянга /Эхлэл/

Хүрэл медаль: Р.Отгонбаяр /Баянхонгор/, Г.Золжаргал /Алтан бээлий/

64 кг:

Алтан медаль: Н.Баянцэцэг

Мөнгөн медаль: Л.Ангараг

Хүрэл медаль: Х.Оюунгэрэл /Улаан ирвэс/, Б.Хонгорзул /Эрдэнэт бокс/

75 кг:

Алтан медаль: М.Мягмаржаргал /Ширэн бээлий/

Мөнгөн медаль: Э.Эрдэнэтуяа /Талын бүргэд/ нар тус тус хүртлээ.

Ийнхүү боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Categories
мэдээ спорт

ОУХМ Д.Төмөрхүлэг ялагдав

2017 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно. Тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 25 тамирчин зодоглож байна.

Тэмцээн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Энэ жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Баттулга, өнгөрсөн оны УАШТ-ий хүрэл медальт “Алдар” спорт хорооны бөх Баярмагнайг яллаа.

Мөн тэмцээний 66 кг-ын жингийн барилдаанд Баянзүрх дүүрэг “Женко” клубийн тамирчин Б.Мөнхбаяр, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Д.Төмөрхүлэгийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжтой болов. Харин эхний тойрогт бүдэрсэн ОУХМ Д.Төмөрхүлэг үзэгчдийн суудалд шилжлээ.

Тав дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнийг /IJF/-ийн шүүгч, Олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка, ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар дэнсэлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль хэмээх “гууль” санаачлагчид дампуурах өнгөндөө оржээ

Хууль завхарч, үнэ цэнэ утга учраа алдахыг “хууль гууль болжээ” гэдэг. Сүүлийн жилүүдэд Монголын хууль гууль болоод завхарч гүйцсэн. Учир нь “гууль” панзлагчид хэтэрхий олширч, захын нэгэн өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн эсвэл таалагдаагүй нэгнийхээ эсрэг хууль санаачлаад гүйдэг болсноос нийгмийн олон талт харилцааг зохицуулах ёстой хуулийн үндсэн мөн чанар алдагдахад хүрээд байгаа. Хуулийг “гууль” болгогчдын жишээ захаас аваад хөвөрнө.

Жишээ 1. УИХ-ын нэр бүхий нэгэн гишүүн мөр зэрэгцэн суудаг эмэгтэй гишүүнтэйгээ муудалцсаныхаа дараа төрд өндөр алба хашдаг хүмүүсийг гадаад эхнэр, нөхөртэй байхыг хориглосон хуулийн төсөл санаачлаад явж байсан нь тун саяхны үйл явдал.

Жишээ 2. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлан гаргах болсон шалтгаан бас л хувь хүний жижиг эрх ашгаас үүдэлтэй. Тухайн үеийн УИХ-ын нэгэн гишүүн долоо хоногийн нэг өдөр “Өдрийн сонин” дээр “Баабар ингэж өгүүлэв” гэдэг шиг нүүр тогтмол хөтөлж, өөрийн нийтлэлээ тавьж байх хүсэлт гаргажээ. “Баабар шиг сэтгэж, бичиж чадах юм уу” гэсэн хариулт авсныхаа төлөө Хэвлэлийн эрх чөлөөний хуульд “эзэн редакцийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон” заалт оруулж, бараг л батлах дөхсөн. Энгийнээр хэлбэл, компанийн үйл ажиллагаанд захирлыг нь оролцуулахыг хуулиар хориглох дөхсөн гэсэн үг.

Жишээ 3. Насаараа түрээс төлж, наймаа хийдэг байсан ээжийнхээ түрээсийг төлүүлэхгүй гэж Түрээсийн хууль өргөн бариад явж байсан гишүүн ч бий.

Жишээ 4. Тамхины хяналтын хууль батлагдахын өмнө тамхи импортлогч болон дотоодын тамхи үйлдвэрлэгч компаниудын маш том лобби ажилласан гэдэг. Хэдийгээр тамхины хэрэглээг хязгаарлах, хүн амын эрүүл мэндэд тустай хууль батлагдсан ч үүний цаана бас л чамгүй их мөнгөний тоо сонсогддог.

Жишээ 5. Буруу талдаа жолоотой машиныг замын хөдөлгөөнөөс хасах тухай байн байн сөхөгдөж, хууль батлуулах түвшинд хүртэл өндөрт яригддаг. Буруу рультэй машинаас болж л замын ослууд гардаг гэсэн тайлбарын цаана зөв рультэй машин импортлогчдын эрх ашиг байдаг.

Бидний мэддэг энгийн иймэрхүү жишээ олоон олон. Мэдэхгүй жишээ ч олон. Тухайлбал, үйлдвэр, уул уурхай, ашигт малтмал зэрэг томхон төслүүдийг зохицуулах хуулийг өөрсдөдөө ашигтай батлуулахын тулд зүрх савламаар их мөнгө зарцуулсан тухай сонсогддог. Хууль хэрэгжиж эхлэхээр авлигад өгсөн тэр их мөнгө хэд дахин өсч эздэдээ буцаад ирдэг. Ямар хууль захиалаад, яаж ашиг олохыг нь бид ухаж ойлгоход бэрх, төсөөлж ч чадахгүй. Сүүлдээ бүр цагаандаа гарч Монгол орныг, Монголын төр засгийг ингэж увайгүйгээр шулсан хууль баталж, тэрбум тэрбумаар нь мөнгө хийх нь УИХ-ын гишүүдийн хийдэг үндсэн ажил болж хувирсан. Юун эх орон, ард түмнийхээ төлөө хууль санаачлах манатай завгүй ажилтай болсон. Үүний тод жишээ бол Богд уулын ар, Туулын хөвөөгөөр байх том том эдлэн газрууд, тансаг барилгууд юм. Ямар ч үйлдвэр үйлчилгээ эрхэлдэггүй, бизнес хийдэггүй гишүүд гэнэт л ийм их хөрөнгөтэй, бэл чинээтэй болсон нь бусдын захиалгаар хууль баталж өгсний шан харамж нь юм. Монголын төрийг барьж байгаа хэдэн хүн ингэж, хуулийг “гууль” болгосны төлөөсөнд нийгэмд шударга бус байдал тогтож, ядуурал гэх бороохой ард түмний нурууг бөхийтөл нүдэж байна. Өнгөтэй мөнгөтэй хүмүүс өөрийн хүслээрээ хууль өөрчилж, яаж л бол яаж дураараа дургих нөхцөл бий болжээ. Тэдний хэлдэг үг нь “би хуулиараа ажиллаж байгаа” гэдэг. Яг үнэн үг л дээ, уг нь. Өөрсдөдөө зориулж гаргасан хуулиараа ажиллаж, ашиг олж, амьдарч байгаа болохоор тэднийг гэмт хэрэгтэн гэж хэлж хэн ч чадахгүй. Боломж ч байхгүй. Монголын төрийн сүүлийн 25 жилийн гажуудал, нийгмийн ядуурал, шударга бус байдал иймэрхүү захиалгын хуулиас шууд хамааралтай гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм.

2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай хууль энэхүү захиалгын хууль баталж, мөнгө хийдэг тогтолцоог үгүй хийх ач холбогдолтой гэж судлаачид хэлж байна. Үнэхээр зөв хууль хэрэгжиж эхэлсэн гэдэг нь он гарахаас өмнө амжиж 34 хуулийн төсөл өргөн барьснаар батлагдаж байна. Заримыг нь бүр 2016 оны арванхоёрдугаар сарын 27 буюу ажлын сүүлийн өдрүүдэд амжиж өргөн барьсан байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө өрсөж лоббины хуулиа оруулж ирж байна гэсэн үг.

Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийг “гууль” болгохын эсрэг олон зөв зүйтэй зүйл заалтууд орсон байна. Жишээ нь, дээрх хуулийн нийтлэг зарчимд өргөн барьж байгаа хуулийн төслүүд ил тод, нээлттэй байна гэж заажээ. Мөн олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байна гэж заасан байна. Үүгээр өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, судалгаа шинжилгээ хийлгүй хуулийн төсөл барьж гүйдэг нөхдүүдэд хязгаар тавьж өгч байна. Мөн нэг л мэдэхэд нэг шинэ хууль батлагддаг нууцлагдмал байдлыг өөрчлөх юм.

Шинэ хуульд зааснаар хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэх эсэхийг судалж, дүгнэх, хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцох, тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох судалгааг заавал хийсэн байхаар заажээ. Ингэснээр хууль батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагаврыг яаж шийдвэрлэх саналаа тусгана гэжээ. Мөн Хуулийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, тооцоо, судалгаа хийсэн байна гэж оруулж өгсөн байна. Хуулийн 17 дугаар зүйлд хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийг батлан хэрэгжүүлснээр үүсэж болзошгүй, урьдчилан тооцоогүй үр дагаврыг тодорхойлно гэж заасан байна. 18 дугаар зүйлд Хууль баталснаар тухайн хууль үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг тодорхойлно гэжээ.

Энэ нь сэтгэлийн хөөрлөөр эсвэл хэн нэгний захиалгаар хууль санаачлах байдлыг арилгах сайн талтай бөгөөд ултай суурьтай, бусад хууль тогтоомжуудтайгаа уялдсан сайн хууль гаргах үндсэн суурь болж өгч байна. Мөн хуулийн сөрөг үр дагавруудыг нь давхар гаргаж ирэх төдийгүй зардал мөнгөний судалгааг ч хийх юм.

Шинэ хуулиар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачилсан хууль тогтоомжийн төслөө санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар санаачлах хуулийн төслөө үндсэн чиглэлдээ багтаан оруулж, УИХ-аар батлуулна хэмээн тодотгон заажээ.

Манайхан нэг хуулийг хэдэн ч янзаар тайлбарлаж чаддаг. Үүнийг үгүй хийх заалт орсон нь “Хуулийн төслийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих, хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх” юм.

Мөн “Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно” гэж заажээ.

Ийнхүү олон зөв зүйтэй зүйл заалт бүхий Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн харилцааг зохицуулагч хуулийн чанар сайжирч, монгол төрийн дархлаа сайжрах нь дамжиггүй юм. Түүгээр ч барахгүй өмнөх хэт лоббины гэгдэх хууль тогтоомжийг сайжруулан өөрчлөх сайн талтай юм. Хамгийн гол нь хууль хэмээх “гууль” санаачлагчид энэ оноос эхлэн дампуурах өнгөндөө орлоо.

Categories
мэдээ цаг-үе

Утааны голомтод өнжсөн нь

Утаан дундаас Улаанбаатар харагдахгүй байна. 2016.01.07-ны 10:00 цаг.

Манай сонины “Танайд өнжье” булангийн багийнхан энэ удаа аль нэгэн айлыг онцолсонгүй. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд хамгийн том аюул болоод буй утаан дундаас сурвалжлагаа бэлтгэлээ. 2011 оноос хойш утааны эсрэг 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч өнөөдөр ямар нэгэн эерэг үр дүн гараагүй байна. Бямба гаригийн өглөөний найман цагт Таваншараас Толгойтын урд замаар өгслөө. Орбитын замаас гэрлээ асаасан машинууд Толгойт руу орж ирнэ. Утаан дунд машиныхаа гэрлийг асаахгүй явна гэдэг тулаанд гар нүцгэн орохтой ижил юм. Толгойтын зам гэж там юм аа. Утаан дундаас урд замаа харалгүй энхэл донхол руу давхиад орчих жолооч хэд хэд таарав. Саарал верна аксент унасан Пүүжээ хэмээх ахын машины дугуй хагарчээ. Өөрөө ч нэрээ хэлээгүй юм, гар утсаар л “Пүүжээ байна аа, Орбитын салдгийн энд дугуй хагарчихлаа” гээд хэн нэгэнд дугуй захиж байв. Утааны талаар яриа өдөх санаатай яваад очтол манийг ч тоох юм алгаа. “Энэ муу нүүгэлтсэн утаанаас болж л зам харагдахгүй дугуйгаа хагалж байхгүй юу” гээд цааргалах янзтай. Толгойтын айл бүрийн яндангаас хар хөх утаа суусаглана. “Содмонгол” бензин түгээгүүрийн доохно талд нүүрс зардаг хүмүүс ойр зуурыг ярилцан байх. Таксины жолоочтой мэнд ус мэдэлцэн утааны талаар сурвалжлага бэлтгэж яваагаа дуулгахад “Өнөөдөр утаагүй л байна ш дээ. Яг утаатай өдөр нь ирсэн бол чи бид хоёр бие биенийгээ харахгүй дээ” гээд зураг хөрөг авахгүй шүү гэснээ машиндаа суучихлаа. Харин Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны иргэн Д.Дашзэгвэ гуай бидний ярилцахыг сонсож зогссоноо “Би Толгойтод 10 гаруй жил амьдарч байна. Анх нүүж ирэхэд утаа гайгүй байсан. Одоо бол гамшиг аа, гамшиг. Утаа улам нэмэгдээд хэцүү л байна. Энэ дарга нар нь утаа багасгана гэж их мөнгө авсан гэж дуулсан. Юу хийдэг юм бүү мэд. Манайх төслийн “Хас” зуухтай. Утаа бага гаргана гээд хоёр жилийн өмнө өгсөн. Нэмэр алга л байна. Нүүрс түлж байгаа үед мянган утаагүй зуух тараагаад нэмэргүй гэдгийг нь харцгаалаа. Борлогдохгүй байгаа тэр байрнуудаа хямд үнээр иргэдэд өгчихвөл л утаа багасна байх. Ерөнхий сайд тогны үнийг тэглэнэ гэсэн, тэр үр дүн хэр байхыг мэдэхгүй. Тэтгэврийн ганц бие хөгшин би гэхэд тэр үнэтэй халаалтыг нь лав гэртээ тавьж чадахгүй. Аль ч нам нь гарсан, энэ утаа байх л юм байна шүү дээ. Утаагаа алга болго гэж Бат-Үүлд хэлээрэй” гэв. “Э.Бат-Үүл хотын дарга биш шүү дээ” гэтэл “Ямар хүн болсон юм” гээд асууж байлаа. Толгойтоос Эх нялхас руу шууд явлаа. Өглөөний есөн цаг өнгөрч нар хөөрчихсөн байсан ч Эх нялхас, Зурагт хавь битүү манантай мэт утаандаа сааралтана. “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн” монголчууд нүүрсний угаарт ийнхүү аж төрсөөр л байна. Нүүрс зарж буй хүнтэй хууч хөөрөх гэсэн боловч “Өөрөө нүүрс зарж байж утааг буруутгах нь хаашаа юм” гэснээс өөр зүйлийг ярьсангүй. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн малчин Д.Пүрэвдорж “Хотын утаа аймаар байна. Чанга юм байна. Телевизээр утаа их байна гээд байсан чинь хотод ирсэн бүр аймаар байдаг юм байна. Дарга нар нь идэж уудгаа болиод ажлаа хийвэл утаа багасах юм болов уу. Маскийг нь олж авч чадаагүй, аргаа бараад ороолтоороо амаа таглаад явж байхав дээ. Энэ хотынхон чинь утаа их байна гэчихээд эндээ л шигдээд байх юм. Нэг дэхэд бушуухан Түмэнцогт руугаа явах минь л гэж бодож байна. Хотын утаа чинь дэлхийд нэгт орж байгаа гээ биз дээ. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь та нартай адилхан утаагаар амьсгалдаг байлгүй дээ. Тэр хүмүүс над шиг үр хүүхэдтэй байлгүй дээ. Яагаад Монголын ирээдүйг ингэж баллах гээд зүгээр суугаад байгаа юм бол” гэсээр ороолтоороо амаа битүү ороож аваад цааш алхлаа. Амралтын өдөр болоод ч тэр үү, айлуудын яндангаас утаа цоролзож эхэллээ. Энэ олон яндангаас олгойдон хөөрөх энэ утаа бидний уушгиар дамжин бүх эрхтэнд муугаар нөлөөлж байгаа даа гэж бодохын зуур хэнд ч юм гомдох сэтгэл төрнө. Бид Чингэлтэй дүүргийн долдугаар хороо буюу Баянхошууны колонк дээр ирлээ. “Зэрэглээнд төөрсөн янзага шиг чи минь хаашаа одов доо” гэдэг шиг ганц хоёр зураг авчихаад ирье гэсэн зурагчин маань машинаас буугаад л харагдахаа байлаа. Хоолой хорсгом утаа, замын халтиргаа хоёр тэнд өөрийн ноёрхлоо тогтоожээ. Хэдэн км-ийн цаанаас ирж байгаа мэт ёлтойсон гэрэлтэй машинууд давхилдах нь биднээс хэдхэн алхмын цаана болж байх жишээтэй. Тэр хавиас хотын төвийг харна гэдэг амаргүй. Угаасаа харагдах ч үгүй юм билээ. Долдугаар хорооны иргэн Нэгдүгээр эмнэлгийн асрагч Н.Эрдэнэчимэг “Утаа ер нь л хэцүү шүү. Өнөөдөр харин ч гайгүй байна. Зарим өглөө бие биенийхээ нүүрийг ч харж чадахгүй шүү. Жаахан хүүхэд аваад гарах ямар ч боломж алга, үнэхээр нэмэр алга байна шүү дээ, миний дүү. Утааг багасгахын тулд манай ийшээ халуун, дулааны шугам л татаад өгчих. Төр засгаас өөр хүсэх зүйл алга. Ингэхгүйгээр энэ утаа арилна гэж байхгүй ээ. Манайх 2005 оноос хойш энд амьдарч байгаа. Анх ирэхэд утаа байдаггүй байсан ч сүүлийн зургаан жил утаа эрс нэмэгдсэн. Энэ зам руу гарч ирэх гэж утаанд бөгшүүлж ханиалган гурван удаа замдаа амарч байна үү дээ. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Нас ч тавь гарчихлаа. Тэтгэвэрт гараа л бол утаанаас зугтаж холхон амьдаръя л гэсэн бодолтой байна. Ач, зээ нар маань Улаанбаатарт амьдрах үнэн хүнд байна. Утаа багасгана гээд төслөөр хөнгөлөлттэй зуух өгсөн. Одоо ч манайд байж л байна. Тэгж их мөнгө зарцуулчихаад утаа багассан зүйл алга. Ээжийнх “Өлзий”, манайх “Дөл”, хүүгийнх маань “Хас” зуухыг нь авсан. Гардаг утаа нь гарсаар л байна. “Хүрд” компанийн утаагүй зуух гээд байхаар нь авсан чинь ялгаагүй утаа гарч л байна. Яндангаас утаа гарч байгаа бол агаарын бохирдол байсаар л байна гэсэн үг. Зуух, утаагүй түлш, нүүрсээр утааг шийднэ гэж байхгүй. Манай Нэгдүгээр эмнэлгийн Уушгины тасаг хөл гишгэх зайгүй байна. Утаанаас болоод ханиад хүрээд шууд хатгаа болж байна. Утааны өвчлөл маш их байгаа болохоор эмнэлэг ачаалал ихтэй байгаа. Өвөлдөө утаатай, зундаа шарилжтай ер нь л хэцүү байна шүү. Хүүхдүүд маань ач, зээ нарыг салхинд гаргана гээд манайд аваад ирдэг юм. Би ирэхээр нь гаргадаггүй. Ийм утаанд яаж салхилуулах юм бэ. Төр засаг юугаа харж, юу хийгээд байгаа юм бэ. Дарга нарын хийж бүтээж байгаа зүйлс иргэдийн амьдралд тус болж байгаа зүйл алга” гэсээр ажилдаа явсан юм. Тэр их утаан дунд ирж байгаа хүн битгий хэл автобус ч харагдахгүй түвэгтэй байлаа. Тэндээсээ “Далан давхар”-ын замаар Дэнжийн мянга руу явлаа. Зурагчин маань ганц хоёр кадр буулгах санаатай чимээгүй хотын захад машинаа тавиад өгсөв. Өндөрлөг газар ирэнгүүт утаа арай л бага байх юм. Харин зуны цагт хот алган дээр тавьсан мэт харагддаг газрууд битүү утаатай байсан тул “Энэ газар хэзээ ч хот байгаагүй” гэсэн мэт нүдэнд өртөх ганц ч орон сууц харагдсангүй. Буцаад уруудах замд гэр хорооллын айлууд гудамжиндаа угаадсаа цацаж, үнс нурмаа ил задгай хаа сайгүй хаядаг нь нэн тодхон байв. Гэрийнх нь үүднээс хоёр алхаад хашааных нь хаалга байх. Харин тэр хаалганаасаа нэг алхам ч хүрэхгүй зайд үнс, угаадас нь холилдон үнэр танар ч гэж хэцүүхэн байх юм. Өндөрлөг газраас хотынхоо барааг харж чадаагүйдээ сэтгэл жаахан гундуухан Дэнжийн мянгын баруун талаас нь орлоо. Тэр уулын бэлээр байгаа айлууд хашаандаа машины дугуйнуудыг ундуй сундуй болгочихсон зарим нь галын түлээ шиг өржээ. Гэрээс гарч ирсэн залуугийн гэрийн яндангаас үл мэдэгхэн утаа суунаглах бөгөөд нэг дугуй барьсаар орлоо. “Лав гал түлэх биз” гэх бодол төрсөн юм.

Дэнжийн мянгад амьдардаг Д.Нанжид гуай “Улаанбаатар хотын иргэдийг бүгдийг нь орон сууцанд оруулж байж л утаа багасна. Түүнээс биш гал түлж, энэ олон машин явж байгаа үед утаа арилна гэж байхгүй ээ. Ямар ч дарга гарч ирсэн үр дүн гарахгүй байна. Эзэнгүй олон байрандаа бага төлбөрөөр иргэдийг оруулдаг юм уу, яадаг юм. Энэ утаа тийм амархан арганд орчих эд биш. Утаа зун л арилна. Түүнээс нааш арилахгүй. Манай Дэнжийн мянгын бараг бүх айл л утаагүй зуух авсан байх. Нүүрсээ түлж байгаа юм чинь хортой угаар гарна л гэсэн үг. Манайх хоёр утаагүй зуух авсан. Хоёулаа л утаа гарч байна. Би 1982 оноос хойш Дэнжийн мянгад амьдарч байгаа. Би 20 жил нүүрс түлж байгаа. Гэхдээ ноднин, уржнан, энэ жилийнх шиг их утаатай байсныг санахгүй юм. Орой бол хамар амаар утаа саагах нь холгүй байдаг. Манай Дэнжийн мянгаар утаа их гаргадаг машинуудыг бага явуулмаар байна. Энэ төрийн түшээд чинь дээшээ гарахаараа амаа үдүүлчих юм. Утаанаас гадна замын халтиргаа гэж айхтар байна. Би л гэхэд автобусны буудал руу ирэх замдаа хоёр удаа өнхөрч ойчиж байж ирлээ. Энэ хувцас харахгүй юу. Гар хөлөө хугалчих гээд маш хэцүү. Цас ч яахав, байгалиас орсон юмыг яая гэхэв. Энэ утааг л хүмүүс өөрсдөө бий болгоод байгаа болохоор өөрсдөө л арга хэмжээ авах хэрэгтэй” гэсээр “Дэнжийн мянга-Зайсан” чиглэлийн автобусанд суулаа. Дэнжийн мянгаас Баянбүрдийн тойрог руу явахад утаа арай л бага байв. Нарны тусгал ч илүү тод. Иргэн Л.Борчулуун “Улсын төсвөөс их хэмжээний мөнгө аваад ажил хийнэ гэсэн хүмүүс нь дорвитой ажиллахгүй байна. Төсөвлөсөн мөнгийг нь цааш нь зувчуулаад байдаг юм биш үү. Утаагүй зуух ч гэж юу байхав дээ. Утаа гаргаж л таараа. Утаагүй зуух авч тавьсан нүүрсэнд жаахан хэмнэлттэй л юм билээ. Гэхдээ л утаа гарч байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ гээд байна лээ. Энэ нь хэрэгждэг бол сайн л байна. Гэхдээ цахилгааны хүчдэл нь дийлэхгүй. Тэрнээсээ ч олон сөрөг үр дагавартай. Цахилгаан халаагуур залгангуут хэдэн цаг болоод хүчдэл нь дийлэхгүй унтарчихдаг. Улаанбаатарынхаа иргэдийг орон сууцжуулах хэрэгтэй. Ард түмэндээ янз бүрийн гох дэгээ тавилгүй өгчихөж болдоггүй юм уу. Арилжааны банкуудтайгаа ярих хэрэгтэй шүү дээ. Гэр хороолол руу дэд бүтэц татна гэж хэдэн жил үлгэр ярилаа. Ер нь утаагаар бизнес хийдгээ л больчих” гэхэд гэргий М.Оюунчимэг нь “Хөгшин бид хоёр Налайхад амьдарч байгаад тэтгэвэртээ гараад сургуульд сурч байгаа хүүхдүүдээ бараадан хот руу ирсэн юм. Хотод 2001 оноос хойш амьдарч байгаа. Утаа үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Төр засаг иргэдээ аюулгүй, утаагүй орчинд амьдруулъя гэж байгаа бол орон сууцжуулах хэрэгтэй. Бид хоёр гэхэд л нэгнийхээ тэтгэврийг байрныхаа лизингэд өгөөд миний тэтгэврээр амьдарч болж л байна. Тэгэхгүй бол хэцүү” гэлээ. Бидний мэдэхээр 32-ын тойргийн авто засваруудаар орлоо. Учир нь засварын газруудын яндангаар хар утаа олгойдон байсан тул “Приус машины батарей” хэдээр солих вэ хэмээн асуух зуураа танай засвар халаалтаа юугаар шийдсэн бэ гэхэд “Ажилласан маслоор энэ зуух ажилладаг юм. Тогонд залгахад болоо. Нүүрс хийнэ гэхгүй амар” гэж байв. Тэр хавийн хэд хэдэн газар иймэрхүү байдлаар халаалтаа шийджээ. Ажилласан маслоор халаалтаа шийдсэн нь маш дулаан орчныг бүрдүүлдэг ч тэнд удаан байхын эцэсгүй өмхий үнэртэнэ. Өнөө маслоных нь үнэр гэж байсан юм. Тэндээсээ шууд Баянхошуу руу явлаа. Замаараа гэр рүүгээ машины дугуй бариад орж байсан айлын урдуур гарахад гэрийнх нь яндангаас хар утаа олгойдон байсан нь хаймар түлж байгаа нь үнэн болохыг батлав. Баянхошууны 76 дугаар сургуулийн нэрээ хэлэхийг хүсээгүй багш “Энэ утаа үнэхээр эмгэнэл болчихоод байна. Болдог бол хэдэн хүүхдээ аваад хотоос гарч хичээл заах юмсан” гээд яваад өглөө. Харин Зүүнсалаа, Баруунсалаа, Баянхошууны тойрог руу дөхөх тусам үүлэн дундуур давхиж явна уу гэлтэй замаар яваа явган зорчигч ч харагдахгүй өтгөн утаа руу яваад орчихлоо. Уулзварын гэрлэн дохио батарей нь суусан гэрэл шиг бүдэг бадагхан сүүмэлзэнэ. Машинд явахад ч утаа үнэртээд үнэндээ хэцүү. “Хилчин” хотхонд амьдардаг Н.Алтанзул “Би гурван хүүхэдтэй. Гурван хүүхдээ утаанд байлгах хэцүү байна. Ямар сайндаа маргааш (бямба гаригт) хүүхдүүдээ хөдөө явуулах гээд байж байна л даа. Хоёр жилийн өмнө “Хилчин” хотхоны энэ хавь гайгүй байсан. Энэ жил бүр аймаар болчихлоо. Ялангуяа өглөө, оройдоо зам ч харагдахгүй хэцүү. Утааны эсрэг хорооноос явуулж буй арга хэмжээнд оролцдог. Гоё гоё юм яриад хэрэгжихгүй л байна” гэсэн юм. Тэндээс Таван шар руу уруудах замаараа Содон, Орчлон хороолол руу явлаа. Хэдэн орон сууцаа тойроод гэр хороолол байх тул нэлэнхүйдээ утаатай. Үнэндээ хэдэн давхар орон сууц болохыг тоолох гэж хичээсэн ч барсангүй. Дээр хэлсэн үнс нурам, угаадсаа гудамжиндаа асгасан дүр зураг дээр дурдсан бүх газарт хамгийн түгээмэл байсныг хэлэх нь зөв байх. Өдөр явсан маршрутаараа орой 20 цагаас 23 цаг хүртэл явлаа. Хамгийн их утаатай нь Дэнжийн мянга, Баянхошуу, Зурагт, Эх нялхас байлаа. Бүх машин холын гэрлээ асаасан явах бөгөөд ихдээ л 30-40 км цагийн хурдтай явахгүй бол юу ч мөргөж мэднэ. Үзэгдэх орчин шөнийн харанхуйдаа бус утаан хөшигнөөс болж ийн хязгаарлагдаж байсан юм. Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ утаан хөшиг хэрэглэж байсан талаар түүхэнд бичсэн байдаг. Өнөө цагт харин үр хойч нь өөрсдийнхөө утаан хөшгөн дунд өөрсдийгөө мөхөөсөөр байна.

Уулан дээрээс авсан Дарь-Эх, Долоонбуудал, Чингэлтэй орчмын зураг. 12:00 цаг

Одоо хотын зүүн хэсгийн сурвалжлагыг хүргэе. Өглөөний 08:00 цагийн орчимд “Сансар”-ын арын дэнж дээрээс хотын төв талбайн зүг харвал юу юугүй асгах гэж буй аадрын бараан үүл шиг өтгөн хар утаа багшран чихэлдэж, үзэгдэх орчны байдал хоёр, гурван зуун метрээр хязгаарлагдаж байв. Учир нь энэ дэнж, уулын хэвгий, гуу жалга ихтэй тул айл амьтан ч багатайн дээр өндрийн салхи утаа униарыг хуралдахын завдалгүй хийсгэн сарниачих аж. Дэнж уруудан буух тусам үзэгдэх орчны хүрээ улам хумигдаад, илт нүүрс үнэртэн, хоолой ам гашуу оргиулна. Яг л нуурын эргээс гүн рүү нь алгуурхан урагшлах тусам хөл алдам их усан мөр даваад ирэх шиг амьсгал давчдуулж байв. Гэвч бид ийм усан дунд, биш ээ утаан дунд аж төрсөөр байгаа нь хачирхалтай хэрэг юм.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн гэр хорооллоор хэсэг алхав. Хашаа хороогоо тэлж томсгосоор хоёр машин зөрөхтэй үгүйтэй болсон нь машины дугуйнд зүлгэгдсээр мөсөн коток шиг болчихжээ. Хий эргэчихмээр газарт хэн нэгэн айлын хүн үнсээ гарган хээвнэг асгах нь харин ч буянтай үйлс мэт. Хашааны булан тохойд хөлдүүс болсон гөлөг, няц дайрагдсан муур хэвтэж байх нь өвөл цагийн хахир хүйтэн байдлыг улам ч тодосгох шиг. Эвгүйхэн гишгэвэл халтирч унаад бэртэх, эсвэл өөд уруугүй давхих машины дугуйн доогуур орчихоо байг гэхэд үнс нурамтай холилдож мэдэх замаар хашааны ёроол даган гэлдрэх хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийн хөл тасрахгүй. Гэтэл бас ярдаг ноход нь хашааны цаанаас гэнэт хуцан, тасар татчих гээд уушги зүрх амаар гаргах шахна. Өнөөгийн манай нийслэл хот, гэр хорооллын өнгө төрх нэг иймэрхүү л байна. Дээр нь бас энэ утаа униар нэмэгдчихээр юу болдог гэж санана. Үүнд хэн бүхэн санаа зовж, сэтгэл нь түгшиж байгаа ч яах учраа олохгүй байна. Ингээд, БЗД-ийн II хорооны иргэн Б. Шүрэнцэцэгтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

УТААНЫ ЭСРЭГ ЖАГСААЛД НИЙСЛЭЛИЙН БҮХ ИРГЭНОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ

-Танай энэ хавь их утаатай юм байна. Ер нь байнга ийм байдаг уу?

-Хүйтрэх тусам улам л утаатай болоод байна. Уг нь манай энэ хэсэг чинь Сэлбийн хонхрыг бодвол гайгүй өндөрлөг газар. Гэвч сүүлийн үед утаа нь салхинд туугдахаа больчихсон юм уу. Эсвэл салхи салхилахаа больчихсон юм уу, бүү мэд. Нэг л бүүдгэр саарал орчинд амьдрах боллоо. Хүүхэд, хөгшид их мэдрэмтгий юм. Жаахан даарч хөрвөл л ханиад хүрчих гээд, дархлаа нь илт доройтойж байгаа. Ээж маань манай хашаанд амьдардаг юм л даа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Энэ өвөл ханиад томуу хүрэх нь ямар байна, цэцэрлэг сургуульд явж байна уу?

-Би гурван хүүхэдтэй. Том нь дөрөвдүгээр анги, дундах маань цэцэрлэгт явдаг. Багыгаа би гэртээ хардаг. Хоёр томыгоо зун хөдөө явуулчихдаг юм. Хөдөө айраг цагаан дээр нэлээд борогшоод ирдэг болохоор энэ өвөл бас харьцангуй гайгүй л байна. Харин бага маань өнгөрсөн жилээс хойш хоёр, гурван ч удаа хатгаа туссан. Амьсгалж буй агаар, амьдарч буй орчин нь ийм болохоор арга ч үгүй юм болов уу даа. Сүүлийн үед гэрээр, хөрвүү аргаар эмчилж байна. Тэгэхгүй бол энэ эмнэлгүүд чинь битүү л байгаа сурагтай. Тэгээд ч олон хүнтэй газар эргэж ханиад хүрээд байх юм билээ.

-Танайх халаалт, дулаанаа яаж шийдэж байна. Гэрт амьдарч байна уу, байшинд уу?

-Манайх өнгөрсөн намар байшин барьж орсон. Ханан пийшингээр халаадаг. Гэрт амьдардаг байхад дулаан маш их алддаг байж. Шөнө босч галдаа нүүрс нэмэхгүй бол өглөө их хүйтэн байдаг байсан. Харин одоо өглөө, оройд л пийшингээ галлаж байгаа.

-Ерөнхий сайд, цахилгааны шөнийн тарифийг тэглэх шийдвэр гаргасан. Халаалт, дулаанаа цахилгаанаар шийдэх боломж танайд бий юү?

-Уг нь нөхөр маань шалны халаалт тавина гэж байсан ч энэ өвөл амжаагүй. Тиймээс одоо ханан пийшингээс өөр шийдэл алга.

-Агаарын бохирдол, гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ байдалд танайх ч мөн хувь нэмэр оруулж байгаа юм байна шүү дээ?

-Мэдэж байгаа. Гэвч одоо яалтай билээ. Өөрсдөө осгочихгүйн тулд галлах, нүүрс түлэхээс өөр арга алга. Санаагаар болдог бол газраа байраар солимоор л байна. Манайх ч бас дулаахан, тохилог амьдрахыг хүсч л байна шүү дээ. Уг нь манай газрыг гурван өрөө байр болох юм байна гэж үнэлсэн. Гэтэл тэр гэр хорооллын дахин төлөвлөлт нь одоо хаана ч яваа юм бүү мэд. Ямар сайндаа л өөрсдөө арай тохилог дулаахан амьдаръя гэж энэ жил байшин барьж ороод байна гэв.

Эндээсээ зүүн тийш уруудан явсаар “Монел”-ийн бөөн хар утаа руу урьдын адил, усанд хөл алдах шиг явж орчихов. “Цагаан даваа”-ны энгэр алсад харагдана. Ундуй сундуй, энд тэнд овоолсон шороон дундуур хэсэг явав. Газраас юу ч юм түүгээд байгаа хэсэг хүмүүсийг чиглэн явсаар хүрч очив. Барилгын хог дээрээс түлш түүж байгаа нэгэн гэр бүлийнхэн аж. (Гурван хүүхэд, нэг том хүн, бас нэг хар нохой) Анхандаа би тэднийг барилгын хэв хашмалд ашигладаг хар панерын хамхархай түүгээд байгаа юм байна гэж ойлгож байв.

“Энэ юу гэдэг газар вэ” гэвэл “Монел” гэж байна. Та нар юу түүгээд байгаа юм бэ гэхэд гурван хүүхдийн арай том нь “Хар цаас” гэв. Хар цаасаар яах гэж байгаа юм гэж асуувал “Хайлуулах гэж байгаа юм” гэж ширэлдсэн урт үсээ ар шил дээрээ годойлгон боосон дээлтэй эр хариулав. Харин түүнтэй зэрэгцэн “Түлэх гэж байгаа юм” гэж мөнөөх жаал хэлсэн билээ. Тэгтэл мөнөөх эр над руу нэг муухай харчихаад “Юун зураг аваад байгаа юм бэ” хэмээв.

Эндээсээ мөн л “Долоон буудал”, “Хайлааст”-аар явж утааны гамшгийн талаар зарим иргэдийн санал бодлыг сонслоо.

Гэртээ гал түлэх хар цаас, дугуйны хаймараа түүгээд явцгааж байгаа нь. 2017.01.07

Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Ч.Буян-Оршихтой уулзлаа.


-Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд буй. Танай энэ хавь яг л утааны голомтот газар байна?

-Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хааж боогдуулж байгаа олон хүчин зүйлийн нэг нь энэ утаа. Би энэ газар (Хайлааст) хүүхэд байхаасаа амьдарч байна. Сүүлийн тав, зургаан жилд утаа эрс нэмэгдэх болсон. Ингээд харахад уулын энгэр, хазгай хэвгий газар гэлтгүй жилээс жилд айлууд ирж буусаар л байна. Манай энд дандаа баруун аймгуудаас шилжин ирсэн айлууд сууршиж байна. Ах дүү, хамаатан саднаа бараадаж байгаа нь тэр. Арга ч үгүй биз дээ. Манай улсын нийт хүн амын бараг тал нь энд (нийслэлд) байдаг гээ биз дээ. Тэгэхээр утааг бууруулахын тулд хүн амын төвлөрлөө задлах ёстой. Үүнийг төр засаг хийх үүрэгтэй. Улаанбаатарын газар нутгийг Монгол Улсын нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад өчүүхэн жижиг шүү дээ. Гэтэл бид яагаад энэ алгын чинээхэн газраа шахцалдаад амьдраад байгаа юм бэ гэдэгт л хамаг учир байна.

-Та утааны эсрэг ард иргэдийн жагсаалыг дэмжих үү?

-Тэгэлгүй яах вэ. Оны өмнөхөн төв талбай дээр болсон цуглаанд би оролцсон. Ард иргэд өөрсдийн дуу хоолойг төрд хүргэхийн тулд бүр олуулаа жагсах хэрэгтэй. Тэгж байж тэдний дүлий чихэнд үгээ хүргэнэ. Дахиад жагсаал болох сураг байсан, би оролцоно. Харин энэ жагсаалд иргэд идэвхгүй байгаад гайхаж байна.

Г.ЛХАГВАДОРЖ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Хаалттай чуулганаар үнэнийг ярилцаж, хямралыг давах гарцаа тодорхойлмоор байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Засгийн газар хоёр сарын өмнө эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн дагуу ажиллавал эдийн засаг богино хугацаанд сайжирна гэж их л сүртэй ярьж байсан. Тэр хөтөлбөр юу болсон бэ. Ажил нь явж байгаа юу?

-Өмнөх Засгийн газруудын үед ч ялгаагүй эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гаргаж л байсан. Гэвч тэр нь хэрэгждэггүй, ёстой олны хэлдгээр сүржин нэртэй, даржин хөтөлбөр болон дарга нарын шүүгээнд тоосонд дараастай үлдсэн дээ. Хэрэгжилтийн талаар огт дүгнэж ч байгаагүй юм билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар энэ алдааг битгий давтаасай гэсэн үүднээс төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд санаа оноогоо хэлж, олон улсын жишигтэй харьцуулан судалж, “шүүсийг” нь боломжийн түвшинд шахсан гэж бодож байгаа. Бас дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь нэг Байнгын хороонд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихыг даалгаж ирсэн. Харин энэ удаагийн хөтөлбөрт холбогдох Байнгын хороо тус бүр хяналт тавьж ажиллана. Хугацаандаа хэрэгжээгүй бол хариуцаж ажилласан албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хэрэгжилтийн явцыг зургаан сар тутамд дүгнээд мэдээлж байна гэсэн хариуцлага хяналтын хөшүүрэг тусгасан байгаа. Гэхдээ заавал ингэж хянуулж, шахуулж ажиллах ёсгүй л дээ. Засгийн газар, яам, агентлаг, газрууд хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлуудад маш шуурхай, ажил хэрэгч хандаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоогоор хөтөлбөрт тусгагдсан ажил, асуудлууд шийдэгдэж байгаа харагдахгүй юм. Хэдэн сарын дараа Байнгын хороодын шалгалтын үед баахан цаас үзүүлж, шалтаг тоочоод өнгөрөөх вий дээ гэж болгоомжилж сууна. Хямрал улам гүнзгийрч байхад нэг л их амарсан, баярласан, гадаадад зугаалсан, ажил цалгардуулсан шинжтэй байх юм. Төрийн ордон, яамдын өрөө танхим 24 цагт ч гэрэлтэй байж ажиллацгааж баймаар. Гэтэл ажлын цаг дуусав уу, үгүй юу тарцгаачихдаг. Манай улсын эдийн засгийн байдал улам дордож байна, зээлжих зэрэглэл нь бүүр CAA1 рүү орлоо. Дахиад нэг алхвал дампуурлаа зарлахад хүрэх нь байна шүү дээ. Ийм байхад төрийн түшээд, төрийн албан хаагчид бүгдээрээ л сэтгэлээ чилээж, ухаанаа уралдуулж, цаг хором бүрийг үр дүнтэй ашиглах ёстой. Монгол төрийн тэргүүн нь хүртэл амандаа ус балгасан мэт таг чиг. Засгийн газар нь яст мэлхий шиг хурдтай байгаа цагт ажил урагшгүй байна. Аль хэдийнэ л “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах бололцоо байлаа. Гэтэл хэрхэх нь тодорхойгүй байсаар ОУВС-гийн оны өмнөх хурлаас хоцорчихлоо. Одоо гурван сард хуралдах хуралд амжих нь уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Харж суугаад хямралаас гарахгүй, хамтдаа зогсоо зайгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж даван туулна шүү дээ.

-Эдийн засгийн онцгой нөхцөл байдалд байна гэдгээ ухаарахгүй байна гэсэн үг үү?

-Ганцхан Монгол Улсад л ийм хүндрэл, бэрхшээл тулгарчихаад байгаа юм биш. Олон улс гүрэнд иймэрхүү онцгой нөхцөл байдлаас хэрхэн гарч, хөгжиж байсан түүх, сургамж бий. Тухайлбал, 1930-аад оны эхээр дэлхийн эдийн засгийн хямрал болоход АНУ хямралаас гарах “100 хоногийн төлөвлөгөө”гэж гаргаж байсан бөгөөд тэр 100 хоногийнхоо хугацаанд маш дэвшилттэй олон хууль боловсруулж асуудлаа шийдэж байсан юм билээ. Гэтэл шинэ засаг байгуулагдаад, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр батлаад хэр хугацаа өнгөрөв дөө. Засгийн газар нь ч тэр, УИХ нь ч ялгаагүй нэг л үлбийсэн, дайчин, ажил хэрэгч биш. Зарим үед УИХ-ын чуулганы үеэр хэлэлцэх асуудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байна шүү дээ. Гишүүд нь хуралдаа ирэхгүй. Таслаад алга болчихно. Яах гэж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоноо, тэр үед юу ярьж иргэдийн элч болсноо ч мартчихдаг юм биш үү. Эдийн засгийн хямралыг гэтлэх хөтөлбөрийн дагуу ийм асуудлыг, ийм хууль эрх зүйн өөрчлөлтийг шуурхай хиймээр байна гээд оруулж хэлэлцүүлж ч байгаа юм алга даа.

-Нэг ёсондоо Засгийн газар болоод УИХ-ын гишүүд ажлаа юунаас эхлэх, юу хийхээ сайн мэдэхгүй байна уу?

-Хямрал нэг өдрийн дотор бий болчихдоггүй. Асуудал ужгирч, буруу шийдлүүд ар араасаа хөвөрч, овоорсоор өнөөдрийн байдалд хүрсэн. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд Засгийн газар, УИХ, бүх яам, агентлаг, газрууд хамтарч ажиллаж, улс орноо хүндрэлээс гаргамаар байна. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг шүү дээ. Хүндрэлийг даван туулъя гэсэн чин сэтгэл байвал гарц олдож л таараа. “Өдрийн сонин” эрвийх, дэрвийхээрээ хөдөлж, эх орноо өрнөөс гаргахыг уриалсныг би хувьдаа дэмжиж байгаа. Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Үнэхээр байдал бишдэж байгаа учраас ард түмэндээ үнэнийг хэлэх, тусламж гуйх цаг нь болсон ч байж мэднэ. Нэр хүндээ унагачихна гэж ойрын явцуу эрх ашигт уягдаж хойшлуулсаар илүү их гарз хохирол амсахыг байг гэхгүй. Гуравдугаар сард эхний зээлээ төлж чадахгүй бол Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоно гээд олон зүйл шийдлээ хүлээж байна. Дэлхий дахинд Монголыг дефолт боллоо гээд зарлачихвал нөгөө хүсээд байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэх үү. Эдийн засгийн үзүүлэлт нь дордохоор мөнгө зээлүүлэх ч улс олдохгүй болж, тавих нөхцөлүүд хүртэл хүндэрнэ. Төрийн залгамж бодлого алдагдсан, хэлсэн ярьснаа хэрэгжүүлдэггүй, нэг сайд гарч ирээд өөр зүйл ярьж өмнөхөө үгүйсгэдгээс болоод “Монгол тууштай биш, улс төрийн нөхцөл байдал нь байнга хувирч, бодлого нь тогтворгүй” гэсэн тоогүй имижтэй болчихлоо. Энэ бол ард иргэдийн буруу биш. Төр жолоодож, бодлого тодорхойлж байгаа том толгойлсон амбиц ихтэй богино ухаантнууд, явцуу эрх ашигтнуудын үйлдсэн гай.

Өмнөд солонгосчууд 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн. Ард түмнээсээ тусламж гуйхад иргэд нь гартаа зүүсэн бөгжөө хүртэл мултлаад төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж байсан юм гэсэн. Тэгэхээр Өмнөд Солонгос энэ сорилтыг төр засгийн мэргэн бодлого, солонгос хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх чинхүү сэтгэлээр хамтдаа давсан гэсэн үг. Олны хүч оломгүй далай. Уг нь Монгол Улс ингэж хямрахааргүй байсан юм шүү дээ. Буруу бодлого, будлиантай улстөрчид, хувийн эрх ашигтаа дэндүү автсан түшмэдтэйгээсээ болоод ийм байдалд хүрчихлээ. Одоо нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шүүмжлээд суух биш гарз, хохирол багатайхан шиг даван туулах шийдвэрлэх цаг үе ирлээ. Энэ сургамжаас ухаарч, төрийн бодлогоо ч эргэн харж, гүйж түйж мөнгө олохоороо баруун, солгойгүй цацалгүй, хуримтлалын сандаа байршуулан өсгөж, хүн бүрийг ажилтай, орлоготой болгохыг зоримоор байна. Түшээдээсээ эхлээд хүн бүр хөдөлмөрч, ажилсаг байж монгол хөгжинө. Миний хувьд “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлье гээд санаачилга гаргаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хүртэл уулзан бүлгийн хурал дээрээ танилцуулсан. Бүгдээрээ л зөв зүйтэй гэж байсан. Гуравхан сая хүн амтай мөртлөө 60 гаруй сая малтай, үр тариа хураалтаараа гурилын үйлдвэрлэлийг бүрэн хангах ургац хурааж авсан, асар их байгалийн баялагтай, өргөн дэлгэр газар нутагтай, өв их соёл түүхтэй бидэнд асуудлуудаа шийдээд хямралаа даваад гарах нөөц, боломж байна.

-Таны санаачилсан “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа юу?

-Монгол Улсыг яавал тогтвортой хөгжүүлэх, гурван сая хүнийг хэрхэн хангалуун, аз жаргалтай амьдруулах вэ, манай улсад тохирсон хөгжлийн оновчтой гарц нь юу байх вэ гэсэн эрэл маань эртнээс эхлэлтэй. 2007 онд “Хүнс, хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” хэмээх ном бичиж байлаа. Олон ч судалгаа хийлээ, оюуны бядтай “ланжгарууд”-тай санал солилцлоо. Шинэ цагийн сэтгэлгээтэй, өндөр боловсролтой залуустай ч зөвлөлдлөө, амьдралын хар ухаантай өвгөдтэйгөө хуучиллаа, хөгжсөн орнуудын туршлагатай танилцлаа, цөөнгүй номын хуудас эргүүллээ. Улс орныг хөгжүүлэхэд уул уурхай, боловсрол, дэвшилтэт технологи, гадаад харилцаа гээд олон талын оносон бодлогын огтлолцол давхцаж байх нь чухал ч гэлээ хөгжил дэвшлийн түлхүүр нь үнэндээ монгол хүн. Юуны түрүүнд хөгжил, дэвшлийг авч явах “Монгол хөдөлгүүр-монгол хүн”-ээ гурван чиглэлээр хөгжүүлэх алхам хийх түүхэн шаардлага бий болжээ.

Нэгдүгээрт, төрийн бодлогоор ажилсаг, хөдөлмөрт дурласан иргэдийг бэлдэх, ирээдүйн үйлдвэрээ гартаа аваад удирдаад, өөрөө ажиллаад явах “мэргэжлийн мастер эзэд”-ийг төрүүлэх, бойжуулах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, эдгээр хүмүүсийн удирдан авч явах хамгийн олон ажлын байр бий болгож чаддаг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг бүх л чиглэлээр хөхиүлэн дэмжих. Хоёрдугаарт, төрийн аливаа нэг байгууллагад ажиллах хүнийг шалгаруулах, бэлдэх, сонгох, хянах, дадлагажуулах, боловсруулах улмаар дэвшүүлэх, тогтолцоог шинэ боловсронгуй шатанд гаргах, төрд ажиллагсдын сахилга хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх. Гуравдугаарт, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид тал талаас нь хүүхэд бүрийг балчир наснаас нь эхлэн хөдөлмөрч, зөв хүмүүжилтэй, бүтээлч, эх оронч монгол хүн болгож хүмүүжүүлэх, монгол хүний үнэт зүйлийг алхам тутамд нь төлөвшүүлэн хэвшүүлэх нь чухал байна.

-Хөгжлийн гарцыг та юу гэж харж байна вэ?

-Монголын эдийн засгийн үндэс суурийг бүтээгчид нь яах аргагүй хувийн хэвшлийнхэн. Өнөөдөр ч эдийн засгийн өнгөтэй, өөдтэй бүхнийг жинхэнэ баялаг бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүс бий болгож байна. Монголын авралын гарц нь ажилсаг монгол иргэн бид өөрсдөө л байна. Тэр хол байгаа хэн нэг зээл өгж байгаа банк, хүн бидний Монголыг хөгжүүлэх үү. Хөгжлийн түлхүүр нь, хөдөлгүүр нь бид л өөрсдөө байх ёстой. Ажилсаг хүн шударга, хариуцлагатай байж чаддаг. Сахилга хариуцлага, дэг журамтай, хийж бүтээх зорилгоо өөртөө хатуу тавьсан ажилсаг, хөдөлмөрч хүн төрийн ч бай хувийн ч, оюуны ч салбар бай хаана ч, ямар ч ажил дээр үр дүн гаргадаг. Энэ бүхэн нь үндэсний шавхагдашгүй баялаг юм. Төрийн бодлогоор ажилсаг монгол иргэнээ бэлдэх, хувь хүнийг хөгжүүлэх нь хөгжлийн хурдыг нэмэх, дундаж давхаргаа тэлэх, цаашлаад хөгжлөөрөө түүчээлсэн Монгол Улсыг бүтээнэ. Ингэснээрээ “Дэгтэй Монгол дэлхийд ч манлайлна” гэж боддог.

Монголчууд бидэнд байгалиас заяагдсан онцлог өгөгдөл бий. Хаана нь очсон монголчууд ажилсаг, авхаалжтайгаараа гологддоггүй. Харин ч монгол хүний чадавхи, санаж, сэрэхүйн мэдрэмжээрээ хавь илүү гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүний нутагт очихоороо магтуулаад байдаг, харин эх орондоо байхаараа яахлаараа залхуу, арчаагүй, ажилгүйгээрээ цоллуулаад байдаг билээ бид чинь. Энд л хэргийн учиг буй юм. Иргэд нь ажилтай, орлоготой болоод ирэхээр халамж горьдохоосоо илүү бүтээхэд шунана, тэмүүлнэ. Хөдөлмөрт шунасан, дурласан иргэд олшрох тусам аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ шинэ салбарууд нээгдэн олон аж ахуйн нэгж байгуулагдана, бүтээн байгуулалт нэмэгдэнэ. Тэр хэрээрээ улсын төсөвт цугларах орлого өснө. Төсөвт төвлөрөх хөрөнгө төдий чинээ зузаарахаар буцаад нийгэм болон оюуныхаа салбарт хөрөнгө оруулна. Ингээд Монгол Улс дотоодынхоо нөөцөд тулгуурласан эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүртэй болж, харийнхан нүүр буруулахад өнөөдрийнх шиг өр зээлэндээ идэгдэж, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт саарахаар савлаж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд нэрмүүлэхгүй бусдаас үл хамаарах өөрийн гэсэн дархлаатай болно. Хөдөлмөрт дурласан ард иргэдтэй улс гүрнүүд унаж доройтдоггүй, өөдлөн дэвждэгийг олон улс орон бидэнд харуулаад байна. Манлайлагч болох ёстой УИХ ба Засгийн газар дорвитойхон ажлууд санаачлан, ард түмнээ уриалан дуудаж хүн бүрийг бүтээлчээр оролцуулан хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн төлөө бүтээлчээр ажилламаар байна. Бидэнд алгуурлах эрх, амраад байх цаг алга.

-Та Хаалттай хуралдаан хийх санал гаргаад байгаа. Ямар асуудал хэлэлцэх шаардлагатай байгаа юм бэ?

-Хаалттай хуралдаан гэхээр Д.Тэрбишдагва гишүүн нууц, булхайтай асуудал ярих нь гэж бодох хэрэггүй. Манай зарим улстөрчид телевизийн камер харахаараа цөс нь хөөрөөд, дуу хоолой нь өндөрсөөд, харагдах байдалдаа илүү анхаараад асуудлын мөн чанарт хандахгүй тал бий. Улс оронд маань хямрал нүүрлэчихлээ. Зөв онош тавьснаар зөв эмчилгээ хийгдэх болно шүү дээ. Хууль тогтоогчид нь ямар нөөц бололцоо байна, яаж манлайлж ажиллах ёстой вэ гэхчилэн олон асуудлаа ний нуугүй ярья гэсэн юм. Эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох улс төрийн хямрал, өнөөгийн засаглалын тогтолцооныхоо зарим гажуудлаа аль болох хурдан арилгах хэрэгтэй байна. Саяхан УИХ-ын дарга ОХУ-д ажлын айлчлал хийхэд Оросын талын зарим хариуцлагатай албан тушаалтны хэлсэн зүйл үнэний хувьтай л даа. Бодлого нь тогтвортой бус, бүх шатандаа ажил хэрэгч бус, хэлсэн ярьсан, тохирсон зүйл нь байнга л өөрчлөгдөж, хувьсаж байдаг мөн бидний хэт улстөржилт нь гадныханд, тэр дундаа хамгийн ойрхон хөрш улсуудад ийм л ойлгоц, сэтгэгдэл төрүүлдэг. Хөршөө сонгох боломжгүй л дээ. Дотоодын тулгамдсан асуудлуудаа тодорхой болгож, эрэмбэ дараалалд оруулмаар байна. Хамгийн түрүүнд бид гадаад бодлогодоо ямар байр суурь баримтлахаа тодорхой болгоё гэж хэлмээр байна. Хоёр хөрштэйгөө хамтдаа хөгжих асуудлыг бодлогын хэмжээнд ярих ёстой. Нэгэнт стратегийн түншлэл байгуулсан юм чинь түүнийхээ дагуу эдийн засаг, улс төр, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарт ойлголцож ажиллах хэрэгтэй. Стратегийн түншлэлийн хүрээнд манай улсаар төмөр зам, авто зам, нефтийн хоолой, хийн хоолойгоо явуулж хамтарч ажиллах талаар дорвитойхон яримаар байна. Дэлхийн хөгжил өндөртэй, ардчилсан улс орнууд Монгол Улсыг маань төв Азидаа үлгэр жишээ ардчилсан улс орон гэж 26 жил хөөрөгдлөө. Бид ч тэднийг гуравдагч хөрш хэмээн олонд зарладаг. Харин эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа ийм цаг үед хоёр хөрш улс маань туслах юм уу, гуравдагч хөршүүд дэмжих үү гэдгээ ч ний нуугүй ярьцгаамаар байна. Төв Ази дахь ганц ардчилсан улсаа хүнд хэцүү нөхцөл байдалтай байхад дэмжиж туслахгүй юм уу гээд гадаад бодлогын хэмжээнд яагаад ярьж болохгүй гэж. УИХ-ын гишүүд төрийн гурван өндөрлөгийнхөө гадаадад очоод юу гэж ярьж явааг тодорхой мэдэхгүй байгаа. Гадаадын нэг улсад ойр ойрхон хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь дараалан айлчилж байсан цаг бий. Ингэж явахдаа юу гэж ярив. Ямар улс бидэнд тусалж дэмжье гэсэн, ямар нь татгалзаж байна вэ гэхчилэн асуудлуудыг ний нуугүй ярилцан хаалттай хуралдах санал тавьсан юм. Тэгэхгүй бол нэг нь Далай ламын асуудал яриад, нөгөө нь эсрэг бодлого баримтлаад байж болохгүй. Хэн аль улсад хэдэн удаа очсон, юу тохирсон, юу нь биелэгдэж, юу нь биелээгүйг нэг бүрчлэн “хар хайрцаг” дотроо дүгнэж гаргамаар байна. Ингэвэл тухайн улстай аль асуудлыг ямар түвшинд ярих вэ гэдгээ шийдэж болно шүү дээ. Тэрнээс биш хэдхэн хүний энд тэнд очоод тохирсон зүйлүүд бас зөв гарц, зөв шийдвэр байж чадах уу, түүнээс гадна бүгдээрээ сайн хэлэлцвэл харин гадаад, дотоодын бүх нөөц бололцоог бүрэн хамарсан, бүх хөдөлгүүрийг иж бүрэн дайчилсан хямралаас авран гаргах, сайн шийдвэр, нэг гарцын бодлого гарна гэдэгт итгэж байгаадаа энэ саналыг тавиад байгаа юм.

-Хаалттай хуралдаан хийвэл том төслүүдээ хэрхэн урагш хөдөлгөх талаар ярина биз дээ?

-Бүгдээрээ сууж байгаад асуудлаа ний нуугүй ярьж хуралдъя. Бүтэн долоо хоногоор, сараар ч хамаагүй хэлэлцэж ярилцахаар зөв санаа, сайн шийдвэр гарч ирж л таараа. Камергүй учраас популизм ярьж худлаа дүр эсгээд байх шаардлагагүй болно шүү дээ. Үнэхээр аль нь зөв шийдэл вэ гэдгийг чин сэтгэлээсээ ярилцъя гээд байгаа хэрэг л дээ. Засгийн газар бол Их хурлын гишүүдээс улс орны асуудлыг нуугаад хэрэггүй. Оюу толгойн гэрээг маш буруу хийсэн гэдгийг тухайн үед нь хатуу шүүмжилж, сайжруулах чиглэлээр олон удаа шаардлага тавьж байсан. Одоо бүгд араас нь үнэхээр Монголдоо үр дүн муутай, хариуцлагагүй гэрээ болсон хэмээн хий хоосон шогшрон ярьж байна. Одоо яаж сайжруулах уу гэдэг гарц хайх хэрэгтэй. Таван толгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдээ иж бүрнээр нь зураглаж зөв гарц олъё. Бид нэг том ордоо үр ашигтайгаар зөв ашиглаж чадвал Монгол Улсаа хэдэн жилдээ л тэжээх боломж бүрдэнэ. Мөн хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбаруудаа цаашид ямар бодлогоор яаж дэмжин хот хөдөөгүй хөгжүүлэхээ ч бас тодотгох ёстой. Улс орон даяар жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөрөөрөө нэгдсэн хоршооллуудыг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэн ялангуяа эх орны түүхий эд дээрээ тулгуурласан импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн, олон ажлын байр бий болгосон зорилтоо хатуу барьж ажилламаар байна.Эцэст нь монгол үндэстнийг зангидах тогтолцооны өөрчлөлтөө хэрхэх, одоогийн засаглалын тогтолцоо зөв үү гэдгээ хэлэлцье. Магадгүй энэ хамгийн чухал, эхлээд хэлэлцэх ёстой асуудал ч байж мэдэх юм. Бидэнд одоо намчирхал, улстөржилт, талцал тун ч хэрэггүй байна. Улс орон, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовж байгаа учраас л хаалттай хуралдаан хийе гэсэн санаачилга гаргаад байгаа юм. Монгол чинь эцэгтэй улс. Төрийн тэргүүн маань зунжингаа олон улсын төрийн тэргүүнүүдтэй янз янзаар л уулзсан. Тэдэнтэй бодлогын, хөгжлийн түвшинд юу ярьсан юм бэ. Энэ бүхнээ гишүүддээ мэдээлэл өгөн харилцан хэлэлцмээр байна. Миний хувьд асуух асуултууд, тавих саналууд ч их байна.

-Та оны өмнө Ерөнхийлөгчид хаалттай хуралдаан хийх саналаа тавьсан. Энэ сард багтаж хуралдах болов уу?

-Ерөнхийлөгч миний саналыг сонсож хүлээж авсан.Энэ сардаа багтааж хаалттай хуралдаан хийх болов уу л гэж найдаж, хүлээж байгаа. Үнэндээ бид хүлээгээд байх цаг тун алга даа.

-Гишүүн болгон гаднаас мөнгө зээлж өр нэмэгдүүлэх тухай л ярих юм. Дотоодын нөөц бололцоо гэж манай улсад байдаггүй юм уу. Тэрийг яагаад ярьдаггүй юм бэ?

-Гадаадаас хэдэн ногоон олоод ирчихвэл бүх зүйл болчих мэт ярьж байгаа. Одоогийн нөхцөл байдалд гаднаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байгаа нь үнэн боловч бид өөрсдөө цаашид яаж хөгжих бодлогоо тодорхой болгох нь чухал. Бидэнд боломж байхгүй биш байгаа. Энэ талаар би өмнө нь хэлсэн. Гол хөдөлгөх зүтгэх хөдөлгүүр бид өөрсдөө. Үүнд өнөө миний хэлээд байдаг “Ажилсаг монгол хүн” шүү дээ.

-Намчирхахгүй, улстөржихгүй ажиллах ёстой гэж түрүүн ярьсан. Танай намын хувьд талцахгүйгээр ажиллах боломжтой байхад яагаад дорвитой ажил хийхгүй байна вэ?

-Манай намынхан нэгэнтээ 65-уулаа болж, үнэмлэхүй олонхи болсон учраас сайн ажиллах үүрэгтэй.

-Хэзээнээс тэгж ажиллах юм бэ. Таны ярьж буй шиг өдөр, шөнөгүй ажиллах нь битгий хэл зарим үед ирц хүрэхгүйн улмаас чуулган, байнгын хороогоо ч хуралдуулж чадахгүй байна шүү дээ?

-Мань мэт нь шаардаж байгаа. Би чуулганы хуралд цагтаа ирж оролцдог. Бид цагтаа ирж, ирц бүрэн байж аль ч хурлаа хийх ёстой шүү дээ. Манай Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ширээн дээр гишүүдийнхээ нэрсийг бичээд тавьдаг болсон. Ичихгүй бол суудлаа хоосон харагдуулна биз. Монгол төрийн түшээ бусдыгаа манлайлахын дээдээр манлайлж ажиллах ёстой биз дээ. Зарим нь бүр тэнд очих шаардлагагүй гэдэг гэсэн. Больё, чадахгүй юм байна гэдгээ эртхэн хэлэх хэрэгтэй. Цаана чинь чадахгүйг нь хийчих, эрдэм мэдлэгээр толгойгоо цэнэглэсэн “ланжгарууд” зөндөө бий. Заримдаа ер нь энэхүү байдал тун гайхшралд хүргэдэг. Компанийнхаа ажлыг зэрэгцүүлээд хийгээд амжуулаад, томруулаад явдаг хүмүүс ч цөөнгүй. Нэгэнт сонгогдсон бол хоёргүй л сэтгэлээр ажиллах хэрэгтэй л дээ.

-Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцох уу. Ингээд толгойг нь илээд яваад байх юм уу?

-Нэгэнт сонгогдсон юм чинь гээд “дөрвөн жил зөнгөртөөд явж байя” гэж хандаж болохгүй. Үр хүүхэд, найз нөхөд, сонгосон иргэдээсээ ичмээр байна. Үүрийн жингээр малдаа санаа зовин хаврын хавсарга, өвлийн хүйтнийг ч хайхралгүй гарч нэг ч өдөр амралгүй ажилладаг малчин, өглөө эрт босоод сургууль, цэцэрлэг яслидаа явдаг хүүхдүүдээс ич. Хичээлээсээ хоцорчлоо гээд уйлж байсан бяцхан хүүхдүүд хүртэл дайралдаж байлаа. Парламентын гишүүд өглөө 9 цагт ажилдаа ирэхгүй болохоор нь чуулганы хуралдааны цагийг 10 цаг болгосон. Энэ айхтар хүйтэнд хүртэл гэр хорооллын жаахан хүүхдүүд автобус унаа дамжин дамжин 8 цагт сургууль, цэцэрлэгтээ очиж болоод байхад халуун байранд амьдардаг, хурдан унаатай дээр нь бас байсан байгаагүй цалингаа бүрэн авдаг төрийн түшээд нь цагтаа ирж хурлаа ч эхлүүлж чадахгүй байна шүү дээ. Ийм хариуцлагагүй байдлаас болоод ард түмэн улстөрчдөд итгэхгүй байна. Юун манлайлах байтугай үнэлэмж, нэр хүнд нь унаж байна. Ард түмний түмэн зөв. Хоцорсон, тасалсан цагуудыг нь өдөр нэг бүрчлэн гаргаж, долоо хоногоор, сараар, улирлаар нэгтгэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нь нийтэд мэдээлж байх хэрэгтэй. Бид хурлаа найман цагт ч эхэлсэн болно шүү дээ. Энэ нь УИХ-ын гишүүний эрх, нэр төрд нь халдаж байгаа явдал биш. Бүүр цаашлаад идэвх, оролцоо, санаачилгатай байдал зэргийн статистик мэдээг гаргаж олон нийтэд цацахад ч буруудахгүй. Бид эрх эдлэх гэж биш үүрэг хүлээх гэж сонгогдсон шүү дээ.

-Он гарчихлаа. Энэ оны эдийн засгийг ямархуу дүр зургаар харж байгаа вэ?

-Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн ч ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа. Би өөрөө өөдрөг хүн шүү дээ. Тийм болохоор энэ эгзэгтэй, хямралын үед эх орныхоо эрх ашгийг бодоод амарч, ямбалахыг биш ажлынхаа цагийг уртасгаж, шөнө дөлгүй сууж ажилламаар байна. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн албаныхан ажлын зургаан өдөртэй болох хэрэгтэй, нэн ялангуяа энэ хямралын үед. Нэг өдрийнхөө ажлын үр бүтээмжийг улсдаа хандивлая. Дэлхийн эдийн засгийн номонд “Чи бизнесийн салбарт ажиллах гэж байгаа бол нэгдүгээрт эрүүл мэндээ хар. Хоёрдугаарт, ажил хэрэгч шинж чанар, сахилга батаа хар. Өдөр бүр 14 цагаас доошгүй хугацаанд ажиллаж чадна гэвэл бизнест ор, дараа нь том амжилт гаргах боломжтой гэж бод” гэсэн алтан зарчим байдаг. Ямар ч япон, солонгосчуудтай уулзаж байхад хэцүү хүнд байдлаас гарахын тулд өдөрт тэд дөрөв, тавхан цаг л унтдаг байсан гэж ярьдаг. Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих олон арван төсөл, арга хэмжээнүүд байна. Эдгээрийнхээ эрэмбэ, дэс дараалал, логик уялдаа, явц байдал болоод зарим нэгний нь үр өгөөжийг нь ч эргэж харах хэрэгтэй. Үүний тулд бүх намууд цаашлаад салбарын эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гээд олон хүн, олон газраас саналыг авч нэгтгэн, эрэмбэлж эхний цөөн хэдийг нь бүрэн хэрэгжүүлэхэд л эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт мэдрэгдэхүйц бий болно. Ингэж чадвал одоогийн энэ хямралт эдийн засаг аяндаа сайжирна. Дэлхий нийт ч хүлээн зөвшөөрч ажил хэрэгч байдлыг маань үнэлж гараа сунгана.

-Оны эхний улиралд гаднаас долоон тэрбум ам.доллар орж ирнэ гэх яриа сонсогдож байгаа. Хаанаас тийм их мөнгө орж ирэх юм бэ?

-Долоон тэрбум ам.долларыг хаанаас, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй авах гэж байгаа талаар нарийн мэдээлэл алга. Яригдаж байгаа хэдий ч албан ёсоор бүлэг дээр болон Байнгын хороон дээр танилцуулсан зүйл байхгүй. Гадагшаа явж эх үүсвэр хайж байгаа нь үнэн. Харин хямд эх үүсвэртэй мөнгө олдож байна уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна даа.

-Тийм их мөнгө өгөх улс байгаа юм болов уу?

-Дэлхий нийтэд мөнгө байгаа л даа. Бид өөрсдөө дотооддоо зөв менежмэнт, төлөвлөгөө хийвэл дорхноо л наашаа эргэнэ. Ямар улстай хэрхэн хэлэлцээр хийхээс бүх зүйл шалтгаална.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ажил юу болж байгаа вэ. Зарим нь хоёрдугаар сард мөнгө орж ирнэ, эсвэл зургадугаар сараас наашгүй гэж яриад байх юм?

-ОУВС-гийн мэргэжилтнүүд энэ сарын 20-доор манай улсад ирэх юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тэртэй, тэргүй ойлгомжтой байгаа. Засгийн газар байгуулагдаад хугацаа алдалгүй шуурхай хэрэгжүүлэх байсан юм. Он гараад зээлжих зэрэглэл нэг алхмаар ухарлаа. Дэндүү удаан, асуудлыг дор нь шийдэж чаддаггүйгээс болж байдал дордож байгаа. Бүх юмыг төгс төгөлдөр болгох гэж харсаар байгаад хамаг цагаа алдаж байна. Бүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болчихлоо. Цаг алдаж байна гэж дахин хэлмээр байна. Асуудлыг зоригтой шийд, үр дүн гарга. Үр дүн гарахгүй бол “Уучлаарай, би буруу шийджээ” гээд огцроод явчих ёстой. Тэгэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш үлбийгээд яваад байж болохгүй л дээ.

-“Стэнд бай”-д хурдан хамрагдах сонирхол улстөрчдөд байхгүй байгаа юм биш үү. Хэтэрхий чанга хараа хяналтаас жийрхээд байх шиг харагдах юм?

-Өмнөх он жилүүдэд дэлхийн санхүүгийн байгууллагууд зөвхөн өөрсдийнхөө тулган шаардлагаар манайд хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь нууц биш. “Стэнд бай” ч анх хэрэгжихдээ буруу зөрүү тулгалт их хийж байсан гэдэг. Зөвхөн Монголд ч биш. Хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орнуудад ийм шүүмжлэл гарах болсон учир сүүлийн жилүүдэд бодлогодоо өөрчлөлт оруулж илүү уян хатан хандах болсон юм билээ. Тиймээс манай тал санал гаргаад хөтөлбөрийг өөрсдийнхөөрөө боловсруулж болох боломж бий.

-Одоо манай улсын өр хэдий хэмжээнд байгаа юм бэ. Ирэх гуравдугаар сард бондын зээлийг хугацаанд нь төлж чадах уу?

-Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 23.4 тэрбум ам.доллар. Үүний 4.7 тэрбум ам доллар нь Засгийн газрынх, 17.0 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийнх, 1.8 тэрбум ам.доллар нь Монгол банкных гэсэн тоон баримтууд яригдаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал юу болж байгаа вэ. Ажлын хэсэг шалгалтаа хийж дуусаагүй юу?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан процессыг УИХ-д ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Хэрээс хэтэрсэн улстөржилтөөс залхсан иргэд баримттай, бодитой дүгнэлт гаргахыг хүсч, хүлээж байгаа нь мэдээж. Их хурал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү худалдан авалтыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хийв, татвар төлсөн эсэх, худалдан авсан үйл явцыг цаг хугацааны дарааллаар шалгаж тогтоохыг зорьж байна.

Засгийн газрын хаалттай хуралдааны материалтай танилцахад хэд хэдэн сайд УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргасан байдаг юм билээ. Стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг утгаараа ч тэр, хоёр улсын Засгийн газар хооронд 2004, 2007 оны хэлэлцээрийн дагуу ч энэ асуудлыг гарцаагүй УИХ-аар хэлэлцүүлж шийдэх байсан. Засгийн газрын хаалттай хуралдааны дараа Сангийн яам хоёр ч нууц тогтоол гаргасан байдаг. Энэ мэт олон ойлгомжгүй шийдвэр гарчихсан учраас “Эрдэнэт”-ийн асуудлыг зайлшгүй судлах шаардлага үүссэн. Ерөнхий сайдад хууль зүйн зөвлөгөө өгөх хамгийн ойрын газар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хуулийн хэлтэс. Засгийн газрын хоёр удаагийн хуралдаан дээр уг хуулийн хэлтсээс энэ асуудлыг УИХ-аар оруулах ёстой гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт зөвлөсөн байхад үл тоосон юм билээ. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг хурдан ажиллаж дүгнэлтээ танилцуулах ёстой. Энэ дүгнэлт дээр үндэслэн би өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлэх болно.

-Таван толгойг хөдөлгөх хувилбарууд яригдаж байгаа. Ямар хувилбар яригдаж байна вэ?

Таван толгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг олон жил тэжээнэ. Энэ ордоо Оюу толгой шиг өгөөж тааруухан, хөрөнгө оруулагч талд илүү давуу боломж олгосон байдлаар гэрээ хийж хэрхэвч болохгүй. Тиймээс илүү ухаалаг, оновчтой бодлого барьж, үр ашигтай нөхцөлөөр эргэлтэд оруулах нь чухал юм. Гэхдээ өмнөх шигээ бас улстөржүүлээд, гацаагаад, хугацаа алдаад байх шаардлагагүй. Төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтыг хэрхэн хийхээ давхар тооцоолох ёстой.

М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр явуулах гэж байгаа бололтой байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Таван толгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагчидтай өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Үүнээс харахад Хятадын Шинхуад 49 хувийг нь оператороор оруулахаар тусгаж Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ гэрээний төслийг УИХ-д оруулж ирсний дараа судалж, танилцаж байж байр сууриа илэрхийлье. Таван толгойн нүүрсний ордыг үр өгөөжтэй ашиглах хамгийн эхний гарц бол яах аргагүй төмөр зам. Одоогийн байдлаар Таван толгойн нүүрсийг Гашуунсухайтын хилийн боомт руу зөвхөн ачааны машинаар тээвэрлэж байна. Төмөр замаар тээвэрлэхээс хоёр дахин илүү зардалтай. Байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ч ихтэй. Энэ бүхнийг харгалзан УИХ-аас 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсан байдаг. Үүнд Таван толгой -Гашуунсухайтын чиглэлийн 225 км урд чиглэлийн төмөр зам барина гэж тусгагдсан байгаа. Энэ төмөр замыг хэрхэн барих, хөрөнгийг яаж босгох гээд сайтар тооцоолох асуудлууд олон бий.


Categories
мэдээ цаг-үе

Монголчууд бие биенээ өрөвдөх сэтгэлгүйгээр шулах юм

НГОЦНЫ ТАСАЛБАРЫГ ХЭЛ МЭДДЭГ ХЭДЭН НӨХДҮҮД МОНГОЛЧУУДДАА ШАГЛАЖ СУУГААГ БОЛИХ ЦАГ ИРСЭН-

Монголоос гадаад руу нисэхэд онгоцны тасалбар бодит зах зээлийн үнээс дэндүү дээгүүр, хөөргөдсөн үнэтэй байсаар л байна. Монголоос Америк руу бизнес ангиллын нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нэг зорчигч явахад 30 сая төгрөг төлдөг. Тодруулбал, “Аэрофлот”-оор Улаанбаатар-Москва-Лос Анжелос гэсэн чиглэлээр энэ нэгдүгээр сард хоёр талдаа яваад ирэх тийзний үнэ 29 сая төгрөг болж байна. Энгийн хамгийн хямд суудлын тасалбарын үнэ 12 сая төгрөг. Үүнээс хямд байх боломжтой ч суудал дүүрэн, олдоц муутай байна гэж билет борлуулагчид хэлж байна. Гэтэл Солонгосоос Лос Анжелос явах тасалбарын үнэ хэд дахин хямд байх юм. Цахимаар захиалга хийж үзэхэд энгийн нислэг 1.6 сая төгрөг, бизнес ангиллын нэгдүгээр суудал 3200-4600 ам.доллар буюу найман сая төгрөгөөс эхэлж байна. Яг нэг өдөр захихад Монголоос бол энгийн суудлаар 12 сая, бизнес ангиллаар 29 сая төгрөгөөр нисэх бол Солонгосоос 1.6 сая, найман сая төгрөгөөр нисэх нь. Олон улсын картаар захиалга эндээс хийчихэж болох тул Монголоос өндөр үнэ төлж явснаас Солонгосоор дайрч хэд хоночоод явсан нь хамаагүй дээр гэж харагдаж байна. Онгоцны тасалбарыг хэл мэддэг хэдэн нөхөд монголчууддаа шаглаж суугааг болиулах цаг ирсэн.

Монголоос гадаад руу чиглэсэн иргэний агаарын тээврийн зах зээлд үндсэндээ “МИАТ”, “Корейн Эйр”, “Аэрофлот” компаниуд ноёлж байгаа. Манай улс гадаадын арав орчим хот руу нислэг үйлддэг. “МИАТ”-ийн хувьд тийзний үнэ нь харьцангуй хямд гэсэн нэртэй ч тэр болгон суудал байхгүй байна гэдэг. Мөн нислэг үйлддэг чиглэл цөөн, өөр компанийн онгоцонд дамжин суух байдлаар тийзээ авах боломж хомс. Ийм учраас Монголоос зүүн тийшээ аялах зорчигчдын ихэнхийг “Корейн Эйр”, баруун тийшээ аялах зорчигчдын ихэнхийг “Аэрофлот” компани тээвэрлэж байна.

Дэлхий даяаршсан, монголчууд гадагшаа тарсан байгаа өнөө үед гадаад дотоод явах нь зайлшгүй хэрэгцээний нэг болсон. Харамсалтай нь хэдэн нөхдүүд үгсэн хуйвалдаж онгоцны тасалбарыг дийлдэхгүй үнэтэй байлгасан хэвээр л байна. Тухайлбал, хажуу хөрш Орос орны нийслэл Москва орох тийзний үнэ бизнес ангиллаар 12 сая 570.000 төгрөг. Хөрш рүүгээ хөл тавихад л арав гаруй сая төгрөг төлөх болох нь. Хэрэв энэхүү 12 сая 570 мянган төгрөгөөр Москвагаас Египет рүү явсан бол долоо хоног өндөр үнэтэй зочид буудалд байрлаж, хоол ундтай амраад ч цаана нь зөндөө мөнгө үлдэхээр зөрүү илт гарна.

Манай улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж яриад л байдаг. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор бүлэг жуулчдад Монгол Улсад зорчих визийн хөнгөлөлт олгох тогтоол гаргасан. Монголын үндэсний агаарын тээврийн компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх жуулчдад үнэ тарифыг бууруулах чиглэл барьж ажиллахыг Зам тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Энэ тогтоолоос үзвэл “МИАТ” алдагдалтай ажиллаж байгаа дээрээ улам алдагдалтай ажиллах болно, татвар төлөгчдийн мөнгийг улам их урсгана гэсэн үг. “МИАТ”-ийг тойрон мөлжигсдийн халаас улам л түнтийнэ гэсэн үг. “МИАТ”-ийн хувьд тийзнийхээ үнийг буулгахгүй байгаа нь нэг талдаа өрсөлдөөн бий болоогүй, нөгөө талдаа компанийн зардал өндөр байдагтай холбоотой.

Аялал, жуулчлалын салбар бол юуны өмнө үнэ зардал дээр тооцологдон сонголт хийгддэг. Жуулчид Монгол руу ирэх тийзний үнэ өндөр, түүн дор орвол Европ, Азийн өөр улс орон руу аялсан нь дээр гэж үздэг. Ядаж байхад үзүүлж харуулах юмаар маруухан, зундаа хомоолтой шар тал, өвөлдөө утаатай Улаанбаатарт алжаалаа тайлах гэж жуулчид тэр болгон зорихгүй байна.

Өнөөдрийн бодит үнэн бол төрөөс угжаатай “МИАТ” гадны агаарын тээврийн авиа компаниудтай өрсөлдөхийн оронд өөр бусад авиа компаниудыг оруулж ирэлгүйгээр монополийн байдлаар явж ирсэн нь нууц биш. Олон улсын авиа компаниудын хөл гарынх нь үзүүрт зарагдсан хэдэн төрийн албан тушаалтнуудын шунахайрлаас болж монголчууд өндөр үнээр нисч байна. Агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд төрийн зүгээс хэт оролцож, тэдний үнэ тариф болон нислэгийн чиглэлийг тогтоон, тоог нь хязгаарлаж зах зээлийг нь боомилдог. Зах зээлд шинэ тоглогч орж ирэх чөлөөт өрсөлдөөнийг нь зориуд хумьдаг. Манай улсад авиа компани байгуулах зөвшөөрөл авах, авсан хойноо гадагшаа нисэх эрх авах нь хамгийн их бэрхшээл туулдаг. Хэрэв зээ агаарын тээврийн зохицуулалтыг чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн журмаар хялбаршуулбал авиа компаниудын өрсөлдөөн ширүүсч, нислэгийн тийзний үнэ хямдран, улмаар Монголын ард түмэн хожих юм. Гэвч үүнийг хийхийг хэзээ ч хүсдэггүй. Угтаа шударга өрсөлдөөний нөхцөл бүрдсэн зах зээлд хамгийн хямд бөгөөд хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн гарт хүрдэг. Өрсөлдөөний тухай хууль, Монополийн тухай хуульд “Төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалт” зэргийг нарийвчлан тусгасан. “Үгсэн хуйвалдах буюу картелийн зохицуулалт” ч гэж бий. Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тодорхой заасан бөгөөд хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хувьд арван сая хүртэл төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураахаар заасан байна. Энэ заалт завшигчдын хувьд инээдэм биз дээ. УИХ хоёр жилийн өмнө Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах төрийн бодлогын баримт бичгийг батлан, агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг бий болгохоо зарласан боловч бодит байдалд хэрэгжиж, урагшаа ахиагүй. Манай монголчууд бие биенийгээ хайр найргүй шулдгийн тод илрэлийг агаарын тээврийн салбараас бэлхнээ харж болно.

Захын наймаачнаасаа эхлээд төр засаг нь ард түмнээ шулж, завшиж амьдардаг. Эрээнээс оймс авчирсан ч хэд нугалж, хэнээс ашиг олох уу гэдгээ юуны өмнө бодно. Ямар сайндаа төр засаг нь ард түмэндээ хамгийн ээлгүй орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн байхав. Уг нь аливаа үндэстэн бие биенээ хайрлаж, дэмжиж байж хөгжил рүү хамтдаа алхдаг. Өнөөдөр нэг нь хожиж буй мэт харагдавч нийтээрээ уруудаж байна. Монголын эдийн засаг зах зээлийн голдрилоороо хөгжихгүй, авлига, завшигчийн үзлээр цааш явах аваас эдийн засаг хумигдаж элгээрээ унадаг гэдгийг харж болохоор байгаа юм. Солонгос, япон хүмүүс шиг өөрийн зүүсэн ээмэг, бөгжөө тайлаад ч болов улсаа хөгжүүлэхийн төлөө бөхийтлөө ажиллаж чадахгүй юмаа гэхэд ядаж нэгнээ өрөвдөх сэтгэлгүйгээр шулдгаа больцгооё. Аливаа улс үндэстэн бие биендээ элгэмсүү, өөриймсөг хандаж байж хамтдаа хөгжинө. Манайд ирсэн солонгос хүн онгоцноос буухаасаа эхлээд зочид буудал, хоол унд бүх үйлчилгээгээ солонгос эзэдтэй газраас авдаг. Нэгэндээ өөриймсөг хандаж байгаа жишээг эндээс харж болно. Алийн болгон аминч үзлээр арав алхахгүй байдалтай явах вэ. Төр засгаасаа бодлого гаргаж, монголчуудыг нэгнээ хайрладаг, дэмждэг үзлийг шингээхийн төлөө цогц бодлого явуулах цаг болжээ. Зах зээлийн голдрил бие биенээ дэмжиж байж хөгждөг учир зүй, тогтолцоотой. Тэгээд ч бидний л үр хүүхэд, ах дүү, цус, яс минь үлдэх хорвоод монгол хүн монголоо хайрлахад юу нь болохгүй байв гэж.

Б.ДОЛЗОДМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу”нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины уламжлалт “Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочин бол МУСТА Гончигийн Ундармаа. Авьяаслаг, хөдөлмөрч, тусч энэ бүсгүйгийн хийж бүтээж буй ажлуудынх нь зах зухаас сонирхож, хүсэл мөрөөдлийг нь хуваалцахыг хүсвэл та нэг болон 13 дугаар нүүрнээс “Танайд өнжье” булангаа уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Баттөмөртэй хийсэн ярилцлага болон Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль мэндэлсний 25 жилийн ойн баярын арга хэмжээний тухай унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болсон алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу”нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Хөвсгөл аймгийн гишүүд, сонгогчидтойгоо хийсэн уулзалтын талаар нийтэллээ.

Манай сонин хууль зөрчин Туул голын эргийг хашаалснаас болж иргэд гол дээр очиж чадахгүй болсон тухай цуврал сурвалжлага боэлтгэн уншигчдадаа хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэдгээр хууль зөрчигч иргэд болон компаниудын нэрсийг дэлгэж байна. Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс та бүхэн унших боломжтой.

Удахгүй болох цагаан сарынхаа бэлтгэлийг хийхээр төлөвлөж байгаа бол та 15 дугаар нүүрнээс зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ойр зуурын хүнс болон махны үнэ ямар байгааг талаарх сурвалжлагыг уншиж сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ