Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк хэвлэлийн хурлын товоо гаргажээ

Монголбанк энэ онд хийх хэвлэлийн хурлынхаа товыг гаргасан байна. Хэвлэлийн хурал хийх сэдэв нь цаг үеийн асуудлаар байх бөгөөд 40 минут орчим үргэлжлэх гэнэ.

Хүснэгтэд буй хуваарийн дагуу цаг үеийн асуудлаа танилцуулж байх аж.

Хэвлэлийн хурлын сэдэв

Огноо

Цаг

1

Цаг үеийн асуудлаар*

2017.01.20

10:00-10:40

2

Цаг үеийн асуудлаар

2017.02.24

10:00-10:40

3

МБЗ-ийн шийдвэрийг танилцуулах

2017.03.22

Тухай бүр

4

Цаг үеийн асуудлаар

2017.04.21

10:00-10:40

5

Цаг үеийн асуудлаар

2017.05.19

10:00-10:40

6

МБЗ-ийн шийдвэрийг танилцуулах

2017.06.21

Тухай бүр

7

Цаг үеийн асуудлаар

2017.07.28

10:00-10:40

8

Цаг үеийн асуудлаар

2017.08.25

10:00-10:40

9

МБЗ-ийн шийдвэрийг танилцуулах

2017.09.22

Тухай бүр

10

Цаг үеийн асуудлаар

2017.10.20

10:00-10:40

11

Цаг үеийн асуудлаар

2017.11.24

10:00-10:40

12

МБЗ-ийн шийдвэрийг танилцуулах

2017.12.20

Тухай бүр

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа” гэлээ.

Ингэж амралтыг сунгаснаар 4-р улирлын амралтын хоногоос хасагдах юм байна. Харин зуны амралтын хугацаанд өөрчлөлт орохгүй аж. Мөн зарим аймгуудын хүсэлтийг харгалзан үзэж сурагчдын амралтыг адилхан сунгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Дотоодын цэргийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хороо хуралдаж, холбогдох хуулийн төслүүдээ хэлэлцэнэ.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Занданшатар нарын 28 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм

Архинд хордож нас барсан байж болзошгүй таван хүний хэргийг шалгаж байна

Өчигдөр орой 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт орших “Ногоон төгөл” хорооллын нэгэн подвольд таван хүн хордож нас барсан хэрэг гарсан. Болсон явдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албаныхан өчигдөр 23.00 цагийн үед мэдээлэл хийсэн. Нэгдүгээр орцны хонгилын өрөөнд тэд хамт архи уусан гэсэн таамаг хэргийн газрын эхний үзлэгийн явцаас гарчээ. Урьдчилсан байдлаар тэднийг архинд хордож нас барсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд буй. Одоогоор шинжилгээний эцсийн хариу гараагүй байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн хэллээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус байрны сантехникийн ажилтан болон орцны үйлчлэгч хийдэг хүмүүс хамт архи уусан байх магадлалтай аж. Нас барсан таван иргэн бүгд насанд хүрсэн хүмүүс бөгөөд дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй байжээ. Хэргийн газрын үзлэгийн явцад “Найрсаг” гэж нэртэй архинд хордсон байж магадгүй гэх таамаг гаргасан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийт 247 улсын байцаагч ажиллаж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг нийт 761 газрыг хамруулан хяналт, шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн, лацдаж, 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-н сугалааны тохирол ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын шинэ оны анхны тохирол энэ сарын 22-ны ням гаригт явагдана. Сугалааны 19 дахь удаагийн тохиролд 2016 оны 12-р сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулах юм байна. Харин иргэд баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болно.

Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: ОХУ-тай хамтарч мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Мичин жилийн өвөл хүндхэн болох нь гэж ярьж байсан. Өнөөдрийн байдлаар өвөлжилт ямархуу байна вэ?

-Арванхоёр болон нэгдүгээр сарын эхээр цаг агаарын байдал харьцангуй тогтуун, таатай байна. Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар цас их орж хүйтний эрч чангарсан. Ялангуяа хангайн болон хойд нутгаар цас их орсон. Үүнээс улбаалж 13 аймгийн 119 сумын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэвтэр байгаа. Хэрэв цаашид цас их орж шуурвал өвөлжилт хүндрэх төлөвтэй. Зүүн аймгуудын тухайд өнгөрсөн зун гантай байснаас болж мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй. Говийн бүс нутаг харьцангуй гайгүй байна. Манай яаман дээр өвөлжилтийн ажлыг зохион байгуулах штаб ажиллаж байгаа. Бүх аймаг, сумтайгаа холбогдож уялдаа холбоотой ажиллаж байна. Засгийн газрын зүгээс тогтоол, шийдвэр гарч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа хангайн бүс нутагт 11 тэрбум төгрөгийн өвс тэжээл хүргэсэн. Бэлтгэл ажлын хувьд улс болон аймгийн хэмжээнд сайн байгаа. Сумдын түвшинд зарим нь өвсөө бэлдэж чадаагүй байна. Үүнийг яамны зүгээс шийдвэрлэж шаардлагатай өвс, тэжээлийг хүргүүлэх арга хэмжээ авлаа. Мөн сайдын зүгээс өвөлжилт хүндэрсэн нутгуудад тусламж үзүүлэх уриалга гаргасан. Энэ хүрээнд тусламжийн бараа, өвс тэжээл, элгэвч, нэмнээ зэргийг малчдад илгээх гэж байгаа. Энэ долоо хоногт тусламжийн цуваа эхнээсээ хөдөлнө.

-Өнөөдрийн байдлаар зудтай аймаг бий юү?

-Зуд гэхээс илүүтэй цас их орсон аймгууд бий. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн зүйл хамаарна. Аль болох хүндрэл багатайгаар өвлийг өнөтэй даваад гаръя гэдэг үүднээс манай яам малчидтайгаа байнга холбоотой, хамтран ажиллаж байгаа.

-ХХААХҮЯ-наас мах, сүүний аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Уг аяныхаа талаар танилцуулахгүй юу?

-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд мах, сүүний аян явуулахаар төлөвлөсөн. Мөн удахгүй үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөр батална. Мах, сүүний аян маань энэ 21:100 хөтөлбөртэй уялдаж явах юм. Өнөөдөр Монгол Улс сүүний нийт хэрэгцээнийхээ 60 хувийг гаднаас оруулж ирдэг. Дотоодынхоо хэрэгцээг хангах байтугай гадагшаа экспортлох хэмжээний сүүний нөөцтэй мал аж ахуйн орон мөртлөө импортоор орж ирсэн хуурай сүү хэрэглэж байна гэдэг харамсалтай. Тиймээс бид сүү боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарахаар болсон. “Mongolian dry milk” гэж дотоодын компани идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газар бодлогоор дэмжиж байна. Тус компани Японоос хуурай сүүний жижиг оврын үйлдвэр худалдан авч албан ёсоор үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Эхний ээлжинд сүүний гарц сайтай бүс нутагт үйлдвэр байгуулна. Нэлээн дорвитой ажилласны дүнд эхний үйлдвэрүүд ороод ирчихсэн. Энд хөдөө орон нутагт хуурай сүүний үйлдвэр байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжид зориулсан сургалт зохион байгуулна. Японы талаас сургалт зохион байгуулах мэргэжилтэн ирнэ. Тэр хүн хуурай сүүний технологи, үйлдвэрлэлийн бүхий л стандартыг зааж өгөх юм. Мөн бид Монгол Улсын үйлдвэржилтийн төлөвлөгөө гаргаж байна. Газрын зургаа түшиглээд аль аймагт ямар үйлдвэр байгуулбал үр ашигтай байх вэ гэдгийг тооцоолж байна. Ингэж хаана, ямар үйлдвэр байгуулахыг бүсчлэн тодорхойлж өгөхгүй бол ашигтай гэсэн рүү хүн бүр зүтгээд бусдыгаа татаад унагаачихдаг. Тиймээс Монгол Улсын аж үйлдвэрийн зураглал гаргаж байна. Үүнд түшиглэн 21:100 хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргана.

-Хуурай сүүний үйлдвэр байгуулах сургалт хэзээ эхлэх вэ. Ямар хүмүүс хамрагдаж болох вэ?

-Үнээ нь сүүний гарц сайтай хангайн бүс нутгийн малчид, үйлдвэр эрхлэгчид хамрагдаж болно. Энд сургалтад сууж технологио мэдэж аваад нутагтаа очиж ажлын байр бий болгон дотоодын хуурай сүү үйлдвэрлэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Бид эхлээд юун түрүүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихвол цаашлаад экспортлох хэмжээнд ярьж болно.

-Хэрэв дотоодынхоо сүүний хэрэгцээг хангах хэмжээнд хүрч ажиллаж чадвал импортын сүүний нийлүүлэлтийг хязгаарлах уу?

-Бид Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ хүрээнд хүлээсэн үүрэг бий учраас импортын сүүг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьж болохгүй. Нэгэнт тослог өндөртэй монгол малынхаа сүүг орчин үеийн технологиор боловсруулж чадвал тэртэй тэргүй импортын сүүний хэрэглээг багасгана.

-Хуурай сүүний үйлдвэрийг хэдэн аймагт байгуулах вэ. Эхний ээлжийн үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох вэ?

-Эхний ээлжинд 60 үйлдвэр оруулж ирж байгаа. Яваандаа зах зээлийн судалгаа, тооцоо гарахаар цаашид хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхой болох юм. Говийн бүс нутагт л гэхэд ингэний сүүг хуурай болгож болно. Дөрөв, тавдугаар сараас эхний үйлдвэрүүд ашиглалтад орно гэсэн тооцоо бий.

-Гэхдээ монголчууд хуурай сүүг төдийлөн таашаадаггүй байж мэднэ. Шингэн сүү л голдуу худалдан авдаг биз дээ?

-Манай улсын сүүний үйлдвэрүүд Австрали зэрэг улсаас хуурай сүү импортлон оруулж ирдэг. 17 үйлдвэр хуурай сүү худалдан авч байгаа. Тэдний хэрэгцээг ядаж хангачихъя л даа. Мөн шингэн сүүг удаан хадгалж болдоггүй учраас хуурай сүү хэрэгтэй. Хуурай сүү болголоо гэхэд янз бүрийн химийн бодис ашиглахгүй. Өнөөдөр манай улсын сүүний хэрэгцээг хангаж байх ёстой сүү бэлчээртээ байдаг. Малчид үнээ, хонь, ямаагаа саахгүй байна. Одоо үйлдвэртэй болчихвол сүүгээ саагаад байх боломжтой.

-Махны чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ. Махны экспортын талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч гэлээ дорвитой хөдлөхгүй байх шиг байна?

-Одоогийн байдлаар 8000 тонн мах экспортод гаргачихаад байна. Намайг ажлаа хүлээж авах үед 3000 тонн мах экспортод гараад байсан. Орос, Хятад руу гарч байгаа. Яахав далайцтай, их хэмжээгээр экспортолж одоохондоо чадахгүй байна. Уг нь ажил хэргийн уулзалтын дүнд нэмж Хятадын хоёр ч боомтоор мах гаргахаар тохироод байсан боловч хойшилсон. Эргээд хамтын ажиллагааг сайжруулахын тулд уулзалтууд зохион байгуулж байна. Үр дүн нэлээн нааштай байгаа. ОХУ-ын тухайд мөн л нааштай хариу ирсэн. Оны өмнө тэндхийн мэргэжилтнүүд ирж манай улсын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан. Хариу нь энэ сард ирнэ. Үүний дагуу экспорт нэмэгдэх байх. Хамгийн гол нь бид ОХУ-тай монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шийдвэр гарч дөрвөн жилийн хугацаанд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг зохион байгуулна. Маш өндөр үр дүн хүлээж байгаа. ОХУ-ын мэргэжилтнүүд энэ сард ирж судалгаа хийнэ. Үүндээ тулгуурлан ямар үе шаттай, хэдий хэрийн санхүүжилттэй хөтөлбөр байх, ямар мэргэжилтэн шаардлагатай вэ гэхчилэн ажлын төлөвлөгөө гаргана. Бүх бодлогын асуудлуудаа тохирч ажлаа эхлүүлнэ. Бид махаа экспортод гаргахын тулд нэн тэргүүнд малаа эрүүлжүүлэх шаардлагатай. Ямар ч улс орон малын өвчин гарсан газраас мах авахыг хүсэхгүй. Яамны зүгээс Малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хууль батлагдвал бид улсын мал эмнэлэгтэй болно. Мал эмнэлгийг улс, аймаг, сумын хэмжээнд сэргээж аваад хуваарьт үйлчилгээг цаг тухайд нь хийх юм. Вакциныг технологийн горимын дагуу хийдэг, түүнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байхгүй бол малын өвчлөлийн асуудлыг тавиад туучихсан гэхэд болохоор болсон байна.

-ОХУ-ын мэргэжилтнүүд өөрсдөө манайд ирж мал эрүүлжүүлж эхэлбэл дараа нь экспортод гаргахад ч дөхөм болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бид ОХУ-тай дөрвөн асуудал ярьсан. Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөртэй хамтарч ажиллах, махны экспорт, үрийн будааны нийлүүлэлт, хил орчмын худалдаа зохион байгуулах. Уг асуудлыг тус улсын Хөдөө аж ахуйн сайд хүлээж аваад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нэгэнт малаа эрүүлжүүлээд эхэлбэл цаашид малын үржилд анхаарна. Сүүлийн хэдэн жил бид үржлийн асуудлыг хойш тавьсан. Тиймээс яам бодлогын түвшинд анхаарч ажиллана. Түүнчлэн эрүүл малаа яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал бий. Манай улсын бүх мал өвчтэй биш шүү дээ. Ийм малаа яаж баталгаажуулах вэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой.

-Намраас хойш малын өвчний талаар ярьж байгаа. Тэнд ч цэцэг өвчин гарлаа, энд ч шүлхийтэй байна гэх юм. Дарж чадахгүй байна уу?

-Ажлаа хүлээж авахад хамгийн эхэнд нүүр тулсан асуудал шүү дээ. Цэцэг, шүлхий, мялзан зэрэг өвчинг хяналтдаа авсан. Бүх төрлийн өвчний вакцин оруулж ирлээ. Хамгийн сүүлд цэцэг өвчний вакцин ОХУ-аас авсан. 5.5 тэрбум төгрөгөөр авах байсныг салбарын сайдтай нь ярилцаж байгаа, 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ вакциныг цэцэг өвчин гарсан бүс нутагт хийж байгаа.

-Биокомбинатын асуудал юу болсон бэ. Унгараас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа сураг дуулдаж байсан?

-Биокомбинатыг сэргээх тухай асуудал найман жил яригдсан. Би аравдугаар сарын сүүлээр Унгар улсад айлчлахдаа тэндхийн Хөдөө аж ахуйн болон Гадаад худалдааны сайдтай уулзаад ирсэн. Унгарын Засгийн газраас 25 сая ам.доллар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болсон. Энэ сарын сүүлээр юм уу ирэх сарын эхээр төслийн үйл ажиллагааг нээнэ. Биокомбинатын төсөл хэрэгжсэнээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдаж бид өөрсдөө вакцин үйлдвэрлэж эхлэх юм.

-Манай улс нэг жилд гаднаас хэдий хэрийн өртөгтэй вакцин худалдаж авдаг юм бэ?

-Жилд 15-20 тэрбум төгрөгийн вакцин худалдан авч байгаа. Дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр дор хаяж тээвэр, гаалийн зардлыг хэмнэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор 3-4 дахин бага мөнгө вакцинд зарцуулах байх.

-Малчдын амьдрал амаргүй байгаа. Малчдыг мөнгөжүүлэхийн тулд яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Мах, сүүний хөтөлбөр болоод мал эрүүлжүүлэх аян зэргийг малчдад зориулсан. Мал нь эрүүл болчихвол мах, сүүнээс гадна арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ борлуулахад хялбар болно. Орлоготой болгохын тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх ёстой. Уламжлалт тогтолцоог эргэж сэргээснээр улсын төсөвт дор хаяж гурван их наяд төгрөг орж ирнэ. Түүхий эдээ бид өөрсдөө амжилттай бэлддэг болчихвол их чухал. Түүхий эд бэлтгэхдээ буруу технологи хэрэглэснээс болж 40 хувийг нь гологдол болгодог. Хагас дутуу боловсруулсныг хувь хүмүүс авч бага багаар хил гаргаж байгаа. Үүнд ямар ч нэгдсэн бодлого байхгүй. Үүний эсрэг арга хэмжээ авна. Түүхий эдээ бэлтгэхээс эхлээд хадгалалт, тээвэрлэлт, худалдаанд хүртэл өндөр стандарт тавьж ажиллана.

-Атрын гуравдугаар аян эхлүүлэхээр болсон гэсэн. Энэ хүрээнд ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Атрын гуравдугаар аянг үргэлжлүүлж сэргээе гэсэн зорилго тавьсан. Бид улаан буудайн дотоодын нийт хэрэгцээгээ хангаж чадаж байна. Үүнийг улам сайжруулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөлд тохирсон үртэй болохыг зорьж байгаа. Тариаланчдаа техник технологи, тоног төхөөрөмж, үрийн будаагаар нь нэлээн сайн дэмжих бодлого баримталж байна. Ирэх жилүүдэд бид 600, 700, 800 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой. Тариаланчдын зарим нь нэг га усалгаагүй талбайгаас 45 цн ургац хурааж авч байна. Энэ тоо бидэнд боломж бий гэдгийг харуулж байгаа юм. Улаан буудайгаар тогтохгүй хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангахаар зорьж байгаа. Монгол байцаа гэхэд арав, арваннэгдүгээр сард дуусчихдаг болохоор Хятадаас оруулж ирдэг. Тэгэхээр байцаагаа яаж удаан хадгалах арга технологийг нэвтрүүлье. Аж ахуйн нэгжүүд маань эхнээсээ ийм технологи оруулаад ирчихэж.

-Тариаланчид техник, тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлөлт үзүүлээч гэдэг?

-Бодлогын хэд хэдэн арга хэмжээ авна. Гол нь тариаланчдад үнэхээр хэрэгтэй байдаг зөв тоног төхөөрөмж оруулж ирэх ёстой. Манайхан ОХУ, Беларусийн техник авах дуртай байдаг юм байна. Сүүлийн үеийн комбайнууд шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ удаантай болж байгаа. Беларусиас тоног төхөөрөмж худалдан авахаар гэрээ хэлэлцээр хийх гэж байна. Беларусийн Засгийн газраас бүх төрлийн тоног төхөөрөмжийг 20 жилийн хугацаатай нийлүүлье, хүүг нь өөрсдөө хариуцъя гэсэн санал тавьсан.

-Та түрүүн ОХУ-аас үрийн будаа худалдаж авах тал дээр хамтран ажиллана гэсэн. Тэндээс манайд агуулахдаа олон жил хадгалсан муу үр орж ирдэг гэх хэл ам гардаг биз дээ?

-Монголчууд үрээ зарахаас үрээгээ зар гэдэг. Сайн чанарын зөв үрээр тариалсан байхад ургац алдахгүй. Өнөөдөр манайд үрийн аж ахуй алга. Атрын гуравдугаар аяны хүрээнд үрийн аж ахуйтай болох төлөвлөгөө, зорилго бий. Энэ ажлыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтарч хэрэгжүүлнэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрт өнгөрсөн хэдэн жил 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл гэж байгаа болохоор том үйлдвэрлэлийн хэмжээнд ярихад хэцүү. Ноос, ноолуурын үйлдвэр, Дарханы арьс, шир, нэхийний хэдэн гайгүй ажиллаж байгаа үйлдвэр бий. Хүнсний үйлдвэрийн тухайд ажил нь маш сайн явж байгаа шүү дээ. Гол нь үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. “Монголд үйлдвэрлэв” нэртэй жижиг, дунд үйлдвэрийн үзэсгэлэнг Улаанбаатар хотдоо хоёр ч газар тогтмол гаргахаар ярилцаж байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжинэ. Мөн хил орчмын худалдааг нэлээн дорвитой зохион байгуулна.


Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад: Жараад оны эхэн үеэс наяад он хүртэлх хугацаа бол Монголын дууны урлагийн “Их ургац”-ын он жилүүд байсан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай ярилцлаа.


-Баруун Монголын олон ястны өлгий Ховд аймгийн дундуур мяралзан урсах Буянт голын хөндийд та төрж өссөн хүн. Ус нутаг болоод “Тунгалаг Буянт” дуу төрсөн түүхээс яриагаа эхлэх үү?

-Хүний төрсөн нутаг гэдэг сайхан. Жаргалант, Сутай, Мөнххайрхан, Цамбагарав, Баатархайрхан, Алтанхөхий зэрэг мөнх цаст уулсаар хүрээлэгдсэн, Буянт, Ховд, Минжит Булган голууд, Хар ус, Хар, Дөргөн нууруудтай, олон үндэстний өлгий Ховд нутгаа бодохоор сэтгэл минь үргэлж гэрэлтэй сайхан санагддаг. Ийм нутагт төрж, өссөн болохоор магтахгүй байхын аргагүй юм. Нутгаа гэсэн сэтгэл маань надтай мөнхийн хамт оршино. “Тунгалаг Буянт” дууг анх дуулсан би их азтай хүн шүү. Тухайн үед анх дуулж байхад эх орон, төрсөн нутаг гэдгийг төдийлөн сайн мэдрээгүй байж. Хүүхэд байсан болохоор тэр. Одоо бодоход ямар их хувь тавилан байсан юм бэ дээ. 1954 оны наймдугаар сард Ховд аймгийн соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан юм. Энэ арга хэмжээн дээр тоглогдох нутгийн зохиолчдын уран бүтээлүүд их хэрэгтэй болсон. Тухайн үед манай нутгийн театрын хөгжимчин Гончиг гуай, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав багш нарын “Цэцэг нуурын хошуунд” нэртэй хөгжимт драмын жүжиг Ховдын театрт тавигдаж байлаа. Мөн нутгийн зохиолч А.Дашням гэдэг хүн төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган багштай нийлж, “Тожоо жолооч” жүжиг тавьж байлаа. Энэ мэт уран бүтээлийн баялаг хөтөлбөр гаргаж, нийслэлд арга хэмжээнд оролцсон юм. Үнэнхүү олон ястны өлгий нутаг учраас гаргаж байгаа уран бүтээлийн чанар чансаа өндөр байсан. Тухайлбал, “Алтайн магтаал”-ыг Д.Лувсаншарав багш олон хоолойнд найруулж тавьсан. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Цэдээ гэдэг хүн төв театрын тайзан дээрээс хөөмий хэмээх сонсголонтой урлагийг нийслэлчүүдэд анх сонордуулсан нь их өвөрмөц болсон. Энэ үеэр Ховдын арван жилийн сургуулийн сурагч би тэр том тайзан дээр гарч “Тунгалаг Буянт” дууг дуулсан түүхтэй. Энэ дууны аяыг Ховдын театрын хөгжимчин Чандмань сумын уугуул Ч.Балдан гуай зохиож, шүлгийг нь мөн театрын жүжигчин, дуучин Д.Лхашид гуай бичсэн юм. Энэ хоёр эрхэм дуугаа Д.Лувсаншарав, Л.Ванган багш нарт сонсгож, зарим үг, аяыг нь бага зэрэг засварласнаар “Тунгалаг Буянт” хэмээх сайхан дуу төрсөн түүхтэй. Тэр үед шууд дуулаад л хүнд хүрнэ гэж юу байхав. Анх “Тунгалаг Буянт”-ыг дуулж эхлэхэд Л.Ванган багш “Чи чинь Ховдын хүүхэд шүү дээ. Буянт гол танай Хөхсэрхийн нуруунаас 200 гаруй километр урсаад Хар ус нуурт цутгадаг байх аа. Ховдын олон ястан энэ голоос ундаалж, ургацаа хурааж авдаг. Энэ нутагт төрснөөрөө бахархан, сэтгэл дотроо төсөөлөн харж дуулаарай”гэж билээ. Тэгээд л би дуулсан. Өдий жар, далан жил дуулагдана гэдгийг ч тэр үед би яаж мэдэх билээ. Энэ дуу миний өдий зэрэгтэй явж байгаагийн эх ундарга юм. “Тунгалаг Буянт” дуу минь намайг энэхүү насанд ундаалж тэтгэж яваа бурханы өглөг хэмээн залбирч явдаг юм даа.

-“Тунгалаг Буянт” дуугаа дуулахаар танд хүүхэд насны гэгээн дурсамжийг тодхон санагдуулдаг байх. Бага балчир насаа дурсвал?

-Би 1936 онд Ховд аймгийн Буянт сумын Буянт голын хөвөөнд төрсөн хүн. Манайх Буянт сумын Цагаан овооны нэгдүгээр багт харьяалагдана. Ер нь бол малчин хүний хүүхэд ямар байдаг тэр жамаар л өссөн. Намайг зургаан настай байхад манайх аймгийн төв рүү нүүж, суурьшсан юм. Тухайн үед байгаль дэлхий онгон дагшин, хүн бүр байгаль орчинтойгоо зөв харьцдаг, ёс суртахуунтай сайхан цаг үе байлаа. Манай нутгийн Улаан харгана гэдэг газар айлууд их зусдаг л даа. Гэхдээ хаана ямар айл буусан нь харагдахгүй их шигүү улаан харганатай газар. Хаа нэгтээ нохой хуцах чимээнээр л айлаа олно. Голоосоо жаахан хөндийхөн шиг гараад ирэхээр ямаан харгана их ургана. Тэр дотор явахаар энд тэндээс туулай үсрэн гарч ирээд дэгдэн алга болдог байв. Хүүхэд байхдаа Ямаан харганад очиж туулайн бүжингүүдтэй хөөцөлдөж тоглодог байсан даа. Харин одоо тэр их харгана, хаа сайгүй булт үсрэн гарч ирдэг туулайнууд байхгүй болсон юм билээ.

-Жар, далаад оны үед таны дуулж байсан дуунууд ард түмний зүрх, сэтгэлийг уяраан жаргааж байсан болов уу?

-“Хар ус нуурын шагшуурга”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Жаргаах зүрхэн”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Намрын шөнө” зэрэг энэ сайхан дуунууд чинь яг тэр үед л олон түмэнд хүрч байсан. Ер нь 1960 оны эхэн үеэс 70, 80-аад оны эхэн үе хүртэлх хугацаа Монголын дууны урлагийн “Их ургац”-ын он жилүүд байсан юм. Тухайн үеийн авьяаслаг мэргэжлийн хөгжмийн зохиолчид чинь бие биенээсээ урам авч, сайхан уран бүтээлүүдийг зэрэг шахуу төрүүлдэг байлаа. Нөгөө талаас нийгмийн захиалга ч байсан юм уу даа. Тухайлбал, Хөгжим бүжгийн сургуульд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараа гуай “Хар ус нуурын шагшуурга” дуугаа зохиож байхад, нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа гуай Монголын радиогоор “Жаргаах зүрхэн” дуугаа ард түмэндээ сонордуулж байх жишээтэй. Ингэж л уран бүтээлчдийн онгод хөвөрсөн он жилүүд байлаа. Урлагийн энэ “Их ургац”-ын үед чинь би дуу хайх биш харин ч шилж байгаад, өөрийнхөө хоолойнд тохирсон тэр уран бүтээлийг сонгон авдаг байлаа. Монголын радиогийн “Алтан сан”-д бичүүлсэн дуунуудын ихэнх нь яг тэр цаг үеийн уран бүтээлүүд байдаг.

-Дорнын их яруу найрагч Б.Явуухулан Хар ус нуурыг үзээд сэтгэл нь их уярч, “Хар ус нуурын шагшуурга” хэмээх дууны шүлгийг тэрлэсэн гэдэг?

-Тэр үед манай улсад Зөвлөлтийн хэсэг зохиолчид ирсэн юм. Ингээд Б.Явуухулан гуай хүлээн авч уулзаад эх орныхоо байгалийн сайхныг харуулах зорилгоор намар Ховд аймагт ирж л дээ. Мөнх цаст уулсын оройгоор будан манан татаад, Хар ус нуурын мандал дээгүүр бөлбөө цэцэгс хөвөн, хулсан шагшуурга нь салхины аясаар найгаад Ховдын намар чинь уянгатай шүү дээ. Байгалийн гайхамшгийг үзэж, харсан зохиолчдын сэтгэл хөдлөхгүй гээд яах билээ. Б.Явуухулан гуай Хар ус нуурын хөвөөнд амарч явахдаа шүлгээ цаасан дээр буулгасан юм гэнэ лээ. “Хар ус нуурын шагшуурга” шүлгээ Шараа гуайд ая хийж өгөөч гэж өгсөн нь их сонин. Шараа гуай бол говийн хүн шүү дээ. Сүхбаатар аймагт Ганга нуур л гэж бий. Хар ус нуур шиг том нуур байхгүй газар. Тэгээд Ж.Шараа гуай энэ дууны шүлгийг анх уншаад шууд л сэтгэлд нь Хар ус нуурын халгиа цалгиа харагдаж, намрын салхинд исгэрэх шагшуургын чимээ сонсогдсон гэдэг. Б.Явуухулан гуай ч тэр шүлгийг нүдэнд харагдтал бичилгүй яах вэ.

-Таны урын санд олон сайхан дуу бий. Бүгд л ард түмний сэтгэлд үлдэж, одоо ч дуулагдаж байна. Тухайн үеийн хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүтээсэн зарим уран бүтээлийг хүлээн авч дуулаагүй татгалзаж байсан удаа бий байх даа. Ер нь дуучин хүн ямар байвал зохилтой юм бол?

-Тухайн үеийн шинэ дуу, шинэ уран бүтээлийн чанар хүртээмж одооныхоос хэд дахин илүү байсан. Нэг дуугаа хэд дахин дуулж, хоолойгоо бичүүлэн, техникийн хүчээр өөрчлөх гэх зүйл тэр үед байсангүй. Монголын радио дээр очоод дуугаа ганц хоёр удаа давтаж дуулаад л хадгалуулдаг, ард түмэндээ шууд сонсгодог байлаа шүү дээ. Тэр үед шинэ дуугаа надаар дуулуулах гэсэн зарим нэг хөгжмийн зохиолчдыг гомдоож л байсан байх.Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээсэн дууг дуулж олон түмэнд хүргэнэ гэдэг чинь маш том хариуцлага, итгэл найдвар байхгүй юу. Тийм учраас өөрийн хоолойд тохирсон, үг аялгуу нь сэтгэлд буусан бүтээлийг барьж авах нь илүү дөхөмтэй. Тэгж л байж урын сангаа баяжуулна. Хүний авчирч өгсөн дуугаар уран бүтээлч хүний урын сан бас баяжаад байхгүй. Өөрт тохирсон уран бүтээлийг эрэл хайгуул хийж олж авдаг юм. Тухайлбал, би дандаа марш хэлбэртэй дуу дуулаад хол явахгүй шүү дээ. Учир нь миний хоолой уянгын дуу л дуулахад илүү хүний сэтгэлд хүрдэг. Тийм учраас уран бүтээлч хүн өөрийгөө хэн бэ гэдгээ бодолцох хэрэгтэй л дээ.

-Алтан үеийн дуунуудыг залуу уран бүтээлчид шинэчлэн дуулж өргөн түмний сонорт хүргэдэг. Та үүнийг дэмждэг үү?

-Ахмад үеийхний дуулсан сайхан уран бүтээлүүдийг баяжуулаад дахиж шинэ үеийнхэндээ хүргэе гэдэг санаа зөв л дөө. “Миний Улаанбаатар”-ыг Оросоо шиг, “Алтан шар зам”-ыг Банзрагч шиг, “Чандмань эрдэнэ”-ийг Адарсүрэн шиг сайхан дуулж байгаа залуучууд байна. Гэхдээ уран бүтээлч хүн өөрийгөө тодорхойлсон шинэ уран бүтээлтэй, урын сантай болох хэрэгтэй байгаа юм. Хэрвээ дуулахаар бол тухайн дууг агуулгыг нь хадгалж анх дуулсан дуучнаас илүү чадварлаг, хөгжим найруулгыг нь улам төгөлдөржүүлж дуулах учиртай. Эс тэгвээс зохиогчийн эрх хөндөгдөнө. Ер нь хүний хийж бүтээсэн бүтээлийг орчин үед “баяжуулж байна” гэсэн нэр дор тухайн дууны утга санаа, ая донжийг нь алдагдуулж хэрхэвч болохгүй. Тухайлбал, “Уяхан замбуутивийн наран”, “Түмний эх”, “Дуртмал сайхан” гээд уртын сайхан дуунуудаа орчин үежүүллээ гээд юу нэмэх юм. Үг, аялгууг нь яаж өөрчлөх юм. Орчин үед техник технологийн хөгжлийг дууны урлагт их ашиглах болж. Энэ ч цагаа дагаад хувьсан өөрчлөгдөхийн жамаар зөв л байх.

Гэхдээ байгалиас заяасан хоолойн цар хүрээ улам хүчирхэгжиж, хөгжиж байх учиртай. Бидний үед хөдөө бригадаар явахад задгай талбай, том, жижиг зааланд микрофонгүй л дуулдаг байлаа. Тавь, жаран хүнтэй симфони оркестртой дуулахад түүнийг давж л дуугарахгүй бол юуных нь дуучин байхав дээ. Одоо манай дуурийн дуучид яг хоолойныхоо хүч чадлаар дуулж байна. Энэ бүхнээс суралцах хэрэгтэй.

-“Жаргаах зүрхэн” дууг С.Гончигсумлаа гуай таны хоолойнд зориулан аяыг нь зохиосон гэдэг. Тэр аугаа хүн танд зориулан дуу хийсэн гэхээр бахархалтай санагддаг уу?

-С.Гончигсумлаа гуай миний хоолойнд зориулан бичсэн нь үнэн л дээ. Тухайн үед идэр залуу байж. Монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон С.Гончигсумлаа гуай тэр дууны нотон дээр хуучин монгол бичгээр “Авьяаслаг нөхөр Б.Зангадын хоолойнд зориулан бичсэн Сэмбийн Гончигсумлаа” гээд биччихсэн байсан юм. Ингэж бичсэнийг нь хүн олонд үзүүлж, онгирмоор санагддаг байлаа. Гэхдээ тэгж явах ёс суртахуун, зав ч надад байгаагүй юм. Одоо нас өндөр болохоор онгироод хаа хүрэх вэ. Ер нь манай нутгийнханд онгироо сагсуу зан байдаггүй. Хийморилог бөгөөд даруу занг эрхэм болгодог улсууд л даа (инээв). Монголын дууны урлагийн ноён оргилууд болсон С.Гончигсумлаа, Ж.Бадраа нарын “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадам” хэмээх дуунууд нь өдгөө тавь, жаран жил ард түмний дунд дуулагдаж байна. Цаашдаа хэдэн зуун жил дуулагдсаар л байх мөнхийн уран бүтээл шүү дээ. “Сүлд модны наадмын дуу” гэхэд л сая тавин дөрөв дэх жилээ үдэж, тавин тав дахь жилээ угтан авлаа. Энэ хугацаанд үе үеийн уран бүтээлчид шинэ жилийн өчнөөн дуу хийсэн. Нийгэм хичнээн өөрчлөгдөв.Тэглээ гээд хоцрогдолгүй, дуулагдсаар байна гэдэг бол үнэхээр агуу байгаа биз.

-“Алтан намар” дууны тухайд?

-1982 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос санаачлан МАХН-ын Төв хорооны дэмжлэгээр “Алтан намар” хөгжмийн наадмыг уламжлал болгон явуулж байх шийдвэр гарч уг наадмыг нээж, хааж байх сүлд дууны уралдаан зарласан юм. Зохиогчдынх нь нэрийг нууцлан шалгаруулсан уг уралдаанд ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв нарын бүтээл “Алтан намар” дуу шалгарч надад дуулах завшаан олдсон. Би энэ дууг төрсөн нутгаараа их баримжаа авч сэтгэл зүрхэндээ нутгийнхаа намар цагийг төсөөлж дуулсан. Хожим Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хамтран дуулах санал тавьж, би залуу уран бүтээлчдийг дэмжих, тэднээс бас суралцах үүднээс энэ дуугаа шинэчлэн дуулж бичүүлсэн. Бас л гучин хэдэн жил дуулагдсаар байна.

-Энэ цагийн дууны урлагийн талаар таны бодлыг хуваалцвал?

-Залуучууд өсч өндийж сайхан уран бүтээл хийх хүсэл зорилго дүүрэн байгаа нь их харагддаг. Түүн дотроо Монголын дуулаачийн урлаг дэлхийн дэвжээнд нэгэнт гарчээ. Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван, Ө.Уянга, С.Наран, Б.Эрдэнэтуяа гээд өдий төдий сайхан дуучин байна. Эдний чинь өсч өндийх замыг нь тавьсан хүмүүс гэвэл Ц.Ерөө, А.Бүтэд, Х.Уртнасан за тэгээд В.Оросоо, Д.Банзрагч, Н.Норовбанзад, Д.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн гээд мундагчууд байхгүй юу. Сайн бүтээл сайн дуучдыг ургуулаад гаргаад ирдэг юм. Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нарын сайхан бүтээлүүд орчин цагийн дууны урлагийн хөгжлийн суурь нь юм. Үүнээс улбаалан шинэ залуу уран бүтээлчид сайхан бүтээл олныг хийж байна. Энд би ахмад уран бүтээлчийн хувьд сэтгэл дүүрэн байдаг. Пүрэвжавын Ганбат гэж манай нутгийн сайхан хүү байлаа. Одоо манай дуурийн дуучдын дэлхийн тавцанд амжилт гаргах суурийг нь тавьсан хүн шүү дээ. Тийм учраас манай залуу уран бүтээлчид ахмад үеэсээ сайн суралцах хэрэгтэй. Тэдэнд туршлага, арга барил зайлшгүй чухал. Зөвхөн уран бүтээлийн хувьд ч биш. Зөв явж, зөв амьдрахын тухайд ч суралцах, сургамж авах юм их бий шүү.

-Та биеэ их сайхан авч явах юм. Ная гарсан гэж хэлэхээргүй л харагдаж байна. Энэ урлагтай амьдралаа холбосных болов уу?

-Бурхан намайг дуулуулах л гэж хүний хорвоод илгээсэн гэж боддог. Тийм учраас мэргэжилдээ их хайртай.Москвагийн Чайковскийн нэрэмжит консерваторт миний багш хуучнаар ЗХУ-ын гавьяат жүжигчин Анна Александровна Солвоева гэж урлагийн профессор, их театрын дуучин агуу хүн байлаа. Тэр хүн надад дуулах эрдмийн хажуугаар хүн байхын, биеэ хэрхэн авч явахын ухааныг зааж өгсөн. Багш маань дуучин хүн архи уух, тамхи татах, зугаа цэнгэлд автахаас болгоомжлох ёстойг надад суулгаж өгсөн. Энэ маань миний насан туршийн дагаж явах хэвшил болон тогтжээ.Насан өндөр боллоо гээд биеэ задгай тавьж болохгүй ш дээ. Хүн хэзээ ч, хаана ч нэгэндээ хүндэтгэлтэй хандах ухааныг ард түмэн надад хүртээсэн. Энэ хүндэтгэлийг алдахгүйн учир би түмэн олныхоо хайр хишигт ханцуй дотроо залбирч явдаг.

Одоо ч ард түмэн минь намайг хөгшин гэж голохгүй дуулах урилга өгсөөр л байна. Би тэгэхэд нь уруу царайлаад юм уу, таяг тулаад тайзан дээр гарвал ямар сайн байхав. Намайг үзэж сонсож байгаа олон түмний сэтгэл санаа ямар байхав. Өдий зэрэгтэй яваа минь яах аргагүй их урлагийн буян. Хүний төлөө сайхан сэтгэл өвөрлөж явна гэдэг их хариуцлага шүү. Хүн дандаа мөнгөтэй явна гэж байхгүй. Автобусны мөнгөгүй үед гэртээ алхаад харьчих чадалтай байх хэрэгтэй шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлтэйгээ шатсан Б.Отгонбаатар гэгч бие хамгаалагч байсан нь үнэн үү?

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болж сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ буюу чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноосон билээ. Гэвч С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан хүмүүс С.Зоригоос гадна дөрвөн хүний аминд хүрсэн гэх мэдээллийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өгсөн. Энэ үг олны анхаарлыг онцгой татаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөхдөө өөр нэгэн хүнтэй хамтарч хэргийг үйлдсэн бололтой. Бүр тодруулбал, дөрөвдөгч этгээд бол захиалагч талын бие хамгаалагч залуу байсан хэмээн таамаглаад буй. Бие хамгаалагч хэмээх залуу гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж хэргийн тухай ам нээж болзошгүй учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өөрсдийн хамсаатан болох залууг эхнэр, хоёр хүүхэдтэй нь галдан шатааж санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн хаалттай болсон шүүх хурлаар үзжээ. Тодруулбал, арваад жилийн өмнө 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан хэрэг гарч байжээ. Тус сумын иргэн О-гийн гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гардаг өдөр иргэн О-гийн эхнэр М-ийн төрсөн өдөр болжээ. 22:00 цагийн орчимд О хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж, эхнэртээ хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай орхисон нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын дүгнэлтэд дурдсан байжээ. Тухайн үед шатаж нас барсан иргэний ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-гийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Ц.АМГАЛАНБААТАР, Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМЭГЭЭ НАРЫН ХАМСААТАН ХЭМЭЭХ Б.ОТГОНБААТАР ГЭГЧХЭН БЭ

Нас барсан О буюу Б.Отгонбаатар гэгч нэр бүхий улстөрч агсны хувийн бие хамгаалагч байсан учир ийн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байгаа. Талийгаач Б.Отгонбаатар 1978 онд Эрдэнэт хотод төрсөн. 1994 онд Орхон аймгийн III найман жилийн дунд сургуулийг төгссөн, дунд боловсролтой хүн гэнэ. Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэр, хоёр хүүхэд болон төрсөн ээж С-ийн хамт амьдардаг байсан аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Отгонбаатар нь нутгаасаа гарч байгаагүй бөгөөд бие хамгаалагч гэхэд харьцангуй намхан нуруутай нэгэн байжээ. Бие хамгаалагчийн заавал эзэмшсэн байх бие хамгаалах спортоор хичээллэж байсан эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Ер нь бол нэн бүрхэг намтартай нэгэн гэж болно. Зарим эх сурвалж Б.Отгонбаатарыг бие хамгаалагч байсан гэхэд нь эргэлзэж байгаа юм билээ. Хэн нэгэн том улстөрч, бизнесмэний аюулгүй байдлыг хангаж байгаа итгэлт хүн нь хэзээ ч гэр хорооллын хэмжээнд дорой амьдардаггүй. Нийгмийн асуудлаа бүрэн шийдсэн байдаг. Харин Б.Отгонбаатар нь гэрт, тодорхой ажилгүй, зах хавиар хааяа нэг түүхий эд авч харагддаг байсан нь хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагдаж амьдралдаа нэмэр болдог байсныг гэрчилж байх шиг. Энэ мэтээр түүний тухай батлагдаж, нотлогдоогүй мэдээллүүд мэр сэр байна. Тэрээр олон хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд ээж нь одоо ч байдаг гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний бие нь тааруу эмнэлэгт байгаа бололтой.

Ц.Өлзийжаргал: АМ ЗУРАГ ЯАЖ ГАРСАН БОЛОХЫГ МЭДЭХГҮЙ ЧХЭРЭГТ АВАГДСАН ЗУРАГТАЙ АДИЛХАН БАЙСАН

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргалтай ярилцлаа.


-Хэргийг үйлдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор дөрвөн хүнийг галдан шатаасан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод байх гэртээ онц харгис, хэрцгий аргаар бусдад алагдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэгт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар дээрх хэргийг үйлдсэн болохоо нуун далдлах зорилгоор, бүлэглэн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан болохыг тогтоож, эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг бүрэн шалгаж дуусгаад хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх шийдвэрлэсэн.

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн захиалагчдын хэргийг яагаад тусгаарласан юм бэ?

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь үйлдсэн болохыг тогтоож эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг шалгаж дуусгаад, прокурор шүүхэд шилжүүлсэн. Захиалагчдад холбогдох хэрэгт шалгах зүйл байгаа учир тусгаарлан шалгаж байна. Энэ хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан юм. Захиалагчдад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийг шинэчилж, нэмэлт бүрэлдэхүүнтэйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулсан. Хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг Ерөнхий прокурор өгсөн байгаа.

-Энэ хэргийг улс төрийн зорилготой захиалгат аллага хэмээж байсан ч Эрүүгийн хуулийн заалтаар шийтгэсэн нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа?

-Хэргийг илрүүлж, тогтоогоогүй байхад улс төрийн зорилгоор үйлдэгдсэн аллага гэж манай улстөрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр ирсэн. Энэ хэргийг илрүүлэхээр тагнуул, Мөрдөн байцаах газар, цагдаа, прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа. Эцэст нь хэргийг илрүүлээд шийдчихээр энэ чинь тийм байх ёсгүй гээд яриад, бичээд байна.

-Нууцын зэрэглэлтэй хэрэг гэж шүүх хуралдааныг хаалттай явуулсан. Нээлттэй явуулах боломж байгаагүй юм уу?

-Хэргийн хувьд нууцын зэрэглэлд орж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. С.Зориг нь тухайн үед Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан. Мөн хэргийг улс төрийн сэдэлт зорилгоор үйлдсэн байж болзошгүй гэх мэтээр олон таамаг дэвшүүлж, олон талаас нь шалгаж байсан шүү дээ. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагаагаар төрийн нууцад хамаарах олон баримт цугларсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтын 80 хувь нь прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтээс бүрдэж байна. Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан.

-Хүмүүсийн бас нэг анхаарлыг татаад байгаа зүйл бол ам зураг. Анхны ам зураг Б.Содномдаржаагийн зурагтай таарч байгаа нь үнэн үү?

-Хэвлэл болон сайтаар тавигдсан ам зураг хаанаас яаж гарсан болохыг мэдэхгүй байна. Гэхдээ хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан.

АМ ЗУРГИЙГ ОДООГИЙН ЗУРАГТАЙ ХАРЬЦУУЛАХАД

Шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж ял оногдуулсан. 18 жилийн дараа илэрч буй энэ хэргийн сэжигтнүүдийн ам зураг гэж тухайн үед гарч байж. Ам зургийг одоогийн гэмт хэрэгтнүүдтэй харьцуулан харъя.

Б.Содномдаржаагийн зураг

Энэхүү ам зургийг Б.Содномдаржаагийн зурагтай харьцуулахад төстэй байна уу? 18 жилийн хугацаанд хүнийн царай хэр өөрчлөгдөх вэ? Улсын хяналтын прокурор хэргийн талаар ярилцлага өгөхдөө “Хэрэг шалгах явцад Б.Содномдаржаагийн төрх, анхны хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан” гэж хэлсэн нь бий.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын зураг

Гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэгтнүүд С.Зоригийг хөнөөх үедээ нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудсан тухай яригддаг. Батаа, Оюунаа гэх хоёр хүний дээрх ам зураг гэмт хэрэгтнүүд болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хэр төстэй харагдаж байна вэ? Мөн энэ хэрэгт нас барсан Отгонбаатар гэх хүний нэр гараад байгаа.

С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарахад газар дээр нь очсон цагдаа нар Б.Булганаас байцаалт авахад “Гэмт этгээдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан” хэмээн мэдүүлсэн байдаг.

Тухайн үед гэмт хэрэгтнүүдийн ам зургийг гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж байжээ. Гэрчийн мэдээлэл дээр үндэслэн гарсан сэжиг бүхий хүмүүсийн тухай ингэж дүрслэн хэлж байсан юм байна.

-Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктой, догшин, хогийн биш жирийн л нэг байдаг л хvн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хүүхэд байсан. Дуу хоолой нь шингэвтэр, намуухан, зөөлхөн ярьж байсан.

-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан гэх мэтээр гэрчилсэн тухай урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан аж.

Хэрэв одоогийн гэмт хэрэгтнүүд 18 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх аваас тухайн үедээ 17-23 насных байсан болж таарна.

Г.Батбаяр: НАСБАРСАН ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРАХГҮЙ

Мөн энэ хэргийн талаар өмгөөлөгч, хуульч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гээд байгаа. Шунахайн сэдэл гэдгийг хуулийн заалтад юу гэж заасан байдаг вэ?

-Шунахайн сэдэл гэдэг нь хүний өмч, эд хөрөнгийг их, бага нь хамаарахгүйгээр булаан авах зорилготой аминд нь хүрэхийг хэлдэг. Тус хэргийг харахад өөр гэмт хэргийг халхавчлах зорилгоор үйлдсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хүнийг захиалгаар алсан гэж үзнэ. Шүүх хурлаар С.Зоригийн аллага биш өөр хэрэг шүүсэн гэж харагдаж байгаа.

-Ямар хэрэг нууцын зэрэглэлд хамаардаг юм бэ?

-Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан хэмээсэн байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд шүүх хурал нээлттэй, хаалттай явуулах талаар тодорхой заасан. Насанд хүрээгүй хүн болоод төр, байгууллагын нууцтай холбогдолтой асуудлыг хаалттай хэлэлцэнэ хэмээн заасан байдаг. Харин бусад бүх хэргийг нээлттэй явуулдаг. Хэсэгчлэн буюу төрийн нууцтай хэсгийг хаалттай хуралдаад бусад хэсгийг нээлттэй хуралдана гэсэн заалт байдаггүй.

-Цорын ганц амьд гэрч болох Б.Булганыг яагаад хэргээс хассан юм бэ?

-Сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан учраас гэрчээр оруулах боломжгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг юм.

-Нас барсан хүний мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах уу?

-Хамаарахгүй. Амьд хүнд нэр төр, хувь хүний нууц гэж бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө санаа тавихгүй бол оройтох нь

Сөнөх нь ээ, сөнөх нь мухар сүсэгт хэт автсан Монголын нийгэм. Гэхдээ зарим газартаа санаа зовнил, мухар сүсгээс болгоомжилсон хандлага байна. Жишээ нь хамгийн их шашинжсан, мухар сүсэгжсэн байж болох Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос шинжлэх ухааны энэ хандлага мэдрэгдэж байх юм. Бөхийн өргөөнд болдог барилдааныг зурагтаар харахад тус өргөөний гол байршил дээр “Шинжлэх ухаанжсан монгол бөхийн төлөө” гэсэн уриа лоозон хадсан нь содон харагдана. Үнэн хэрэгтээ бол монгол үндэсний бөхийн орчин дахь мухар сүсэг найгаа алдсан. Саяхан гэхэд улсын харцага цолтой нэгэн бөх хөдөө явахаар гэрээсээ гарч машин руугаа очиж явтал дээр нь хар хэрээ дуугарсан юм байна. Тэгсэн өнөө нөхөр чинь “Энэ нэг л биш ээ. Хар хэрээ ориллоо, цөвүүн юм замд тохиож мэднэ” гээд явахаа болиод гэртээ орж арц хүж уугиулан, хүрд эргүүлж, лам багш руугаа залгасан байгаа юм. Хамт явах гэж байсан найз нь ярьсан хэрэг л дээ, “Манай энэ өвчин тусчихаж” гэж. Тэр бөхийнхөөр бол гэрээсээ гарч ирэх болгонд хар хэрээ дуугараад байвал гэртээ суугаад л байх юм байна. Наадам, цагаан сарын барилдаанд зодоглохоор гэрээсээ гарахад нь өрсөлдөгч нь дамшиглаад хэрээ шиг дуугарч орхивол мань эр барилдахгүй гэртээ өнжих нь. Мухар сүсгээр нь далимдуулаад барилдуулахгүй байх энэ мэт аргууд байж болмоор санагдлаа. Давсан бөхийн хөлснөөс нь авах гэж дайрдаг, шидсэн боорцгийг нь булаалдан дээр доороо ордог, далбааныхаа дотор талд баахан маанийн үсэг оёулчихсан байдаг, гутлынхаа түрийнд бөөгийн өгсөн үс хавчуулчихсан явдаг, лам багш нь гурвын даваанд догшин ширүүн барилд гэж хэлээд бэртэл авахуулсан, дөрвийн даваанд зөөлөн дөлгөөн барилд гэж хэлээд сумын заанд шидүүлсэн… гээд яривал бөхийн орчин дахь мухар сүсэг барагдахгүй. Бөхчүүдийн энэ бүх мухар сүсэглэл хэрээс хэтэрч, хэмжээ дамжаанаасаа хальсан учраас МҮБХ-ноос аргаа барж энэхүү “Шинжлэх ухаанжсан монгол бөхийн төлөө” гэсэн уриа лоозонг тунхаглаж, тэдэндээ бага ч болтугай ойлгуулахыг хичээж буй бололтой. МҮБХ-ны хоёр тэргүүн нь эрх биш хоёулаа физик, математикийн ухааны доктор, их сургуульд олон жил багшилсан хүмүүс болохоор ингэж байна л даа.

Тэгэхээр хамгийн их шашинжсан, мухар сүсэгжсэн гэж хардагдах МҮБХ-ноос ийм болгоомжлол, сэрэмжлүүлэг гаргаж, шинжлэх ухааныг нэгдүгээрт тавьж, монгол бөхийг шинжлэх ухаанжсан байдлаар хөгжүүлэхийн төлөө гэж байхад өнөөдрийн Монголын төр засаг ядаж энэ байгууллагаас яагаад санаа сэдэл авч болдоггүй юм бэ. Төр засгийн толгойд байгаа хүмүүсийн дийлэнх нь томоохон баяр ёслолын барилдаан бүрт Бөхийн өргөөнд оччихсон тэрхүү лоозон урианых нь хажууд сууж л байх юм байна шүү дээ.

Өнөөдөр Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө, амьдралын төлөө, шинжлэх ухаанжсан хөгжлийн төлөө гэсэн уриа лоозонг Монголын нийгэмд тунхагламаар байна. Төр, шашин хоёрыг тун сайн ялгаж заагламаар байна. Тэгэхгүй бол мухар сүсэгжсэн Монголын төр улс орноо харанхуй мунхгийн туйл болгох нь. Монголчууд нийтээрээ “Хуучин хүү” болоход ойрхон боллоо. Аливаа зүйл толгойноосоо эхэлж өтөх нь хамгийн аюултай. Яагаад гэвэл оюун санааны удирдлага тэнд байдаг. Саяхны нэг жишээг та бид харлаа. Нэгэн яамны дэд сайд нөхөр бүх л бүтэн олон улсын томоохон төслөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг хүлээж авахаар очихдоо эрхи эргүүлж, маани уншсан байдалтай явж байх юм. Яг л хүний ажил явдал дээр очсон хүн шиг. Ямар эвгүй харагдаж байна вэ. Улс орны удирдлагад байгаа хүн ард түмэндээ итгэл үнэмшил төрүүлэхүйц буурь суурьтай, арал зангарагтай харагдах ёстой. Гэтэл нэг бөө, ламын дүртэй сайд яваад байдаг. Төр засгийн толгой дахь энэ мунхаглал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн. Төрийнхөө ордонд УИХ-ын гишүүд нь бүгдээрээ цуглаад тайлга, тахилга хийж, их гал өрдөж, төрийн ордноо шатаачих шахсан. Түрүүчийн УИХ-д 6-7 бөө, арав гаруй лам байна гэж дуулдсан. Энэ Их хуралд хэдий хэмжээний “юм” байгааг мэдэхгүй байна. Удахгүй тоо нь гарах байх. Ер нь бол мухар сүсгээр төрийн ажлыг хийж ирсэн тодорхой хүмүүс энэ төрд одоо байгаа. Жишээ нь БСШУС-ын сайдаар ажиллаж байгаа нэгэн бээр хэдхээн жилийн өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаасаа 20-иод км-ийн зайд, хөдөө хээр төрийн албан хаагчдын тайллага тахилга гээч юмыг хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Яасан гэхээр, мань аймгийн Засаг дарга нь сумдынхаа төрийн албаны бүх ажилчинг, сумын дарга нартай дуудаж авчирсан. Ирэхдээ тэдгээр хүмүүс нь тус бүрдээ 20 кг хонины ноос, 100 мянган төгрөгтэй ирсэн. Тэдэн дээр аймгийн төвийн төрийн байгууллагын бүх албан хаагч дарга цэрэггүй тэр газарт нь ирцгээсэн. Бүгдээрээ хонины ноос, мөнгөтэй. Ингээд аймгийн Засаг дарга нөхөр хадан дээр хааны хувцас өмсөж завилан суусан. Түүний өмнө өнөө хүн бүрийн авчирсан хонины ноосыг урт гэгч нь зулж шатаагаад хоёр талаар нь тус аймгийн төрийн албаны бүх албан хаагч бүсээ барьж, нөмгөн дээлтэй эгнэн зогсоод хадан дээр хааны хувцас өмсөн суусан аймгийн Засаг даргынхаа дохиогоор өнөө шатаж буй хонины ноосон дээгүүр зөрөлдөн харайлдаж хачин жигтэй юм болсон. Зарим нь дээлийнхээ хормойд бүдрэн гал дээр онхолдон унаж шатаад … ер нь бол марзан юм болсон тухай тэр үеийн сурвалжлага сонины хуудсанд байж л байна. Тэрхүү төрийн албан хаагчдын тайллага тахилгад биеэр оролцож, салтаа саамаа шатааж, нөгөө “юм”-аа түлж эхнэртээ алуулах шахсан эрчүүд өнөөдөр байж л байна. Хадан дээр хааны хувцастай сууж тэрхүү тахилгыг удирдсан хүн нь өнөөдөр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг удирдан чиглүүлж байна. Удахгүй манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхан нийтээрээ хонины ноос, нэжгээд төгрөгтэй хөдөө хээр очиж иймэрхүү тахилга хийцгээх байх. Тэр үед эрчүүдэд нь захих зүйл бол шатаасан ноосон дээгүүр нь зөрөлдөн харайхдаа нөгөө “юм”-аа л гамнаарай. Эхнэрүүд чинь их уурсдаг юм шүү гэдгийг хэлэх байна. Сайд чинь болохоор өөрөө харайдаггүй юм аа, хадан дээр хааны хувцас өмсөж суучихаад та нарыг л харайлгаад байдаг юм.

Урьдын энэ мэт нөхөд өнөөдөр төрийн удирдлагад байсаар байгаа болохоор мухар сүсэгжсэн төр хэвээрээ байна. Хэвээр байхаар барахгүй улам мухар сүсэгжиж байгааг өнөөдрийн төрд байгаа сэхээтэнлэг хэсэг, шинжлэх ухаанжсан хэсгийнхэн даруй хазаарлах арга хэмжээг авахгүй бол энэ улс орон чинь болохоо байлаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монголын төрийн зүгээс тун удахгүй 18 настай охины зүрхээр тахил өргөх хэмжээндээ хүрч мэдэх нь. Зуун ингэ буйлуулж, зуун хүүхдийн эхийг уйлуулж байсан Монголын түүх бий шүү дээ. “Таны охин тахилгын таалалд нийцлээ, Монголоо аврах охиноор мэргэ төлгөд буулаа” гээд хүчнийхэн гэрт чинь нэг шөнө ороод ирвэл одоо яана вэ. Мухар сүсэгт хэт автсан улс орны дэндүү аймаар эмгэнэлт түүх дэлхийгээр нэг байна. Монголчууд ялангуяа ийм мухар сүсгийг хэтрүүлэн туйлшрахдаа гаргуун. Монголын төр, монголчууд үеийн үед ийм зүйлд амархан автаж ирсэн. Зарим үед ийм хэмжээндээ өнөөдөр хүрчихсэн ч юм шиг санагдах, харагдах боллоо. Монголд үнэхээр хортой л доо.

Өнөөдрийн Монголын төр засаг, түүнийг удирдаж буй хүмүүс МҮБХ-ноос дор байв гэж дээ. МҮБХ чинь зүгээр л нэг төрийн бус байгууллага шүү дээ. Тэгэхээр төр засгийн толгойд байгаа хүмүүс ээ, шинжлэх ухаанжсан Монгол Улсын төлөө зүтгэцгээе ээ. Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө санаа тавихгүй бол оройтох нь. Төр, шашин хоёрыг зааглаж, байх байх ёстой байранд нь тавьж, шинжлэх ухааныг бүхнээс дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөө зүтгэцгээе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гэмт хэргийн үүр уурхай болсон эзэнгүй Улаанбаатарын шөнө” сурвалжлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. “Өдрийн сонин”-ышинэхэн дугаараас Улаанбаатарын шөнийн амьдралын сурвалжлагыг уншаарай.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Стэнд бай” хөтөлбөр ирэх сарын 10 гэхэд орж ирэх байх хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Суурь” гэдэг компаниас болж хавдартай олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байнахэмээн “Эмч” нүүрт ярьсан байна.

“Улс төр” нүүрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр давуу байдал гаргаж,гаргаж хууль зөрчиж хөнгөлөлт эдлээгүй хэмээн тайлбар өгчээ.

“Орчин үед зохиомол хэрэгт гүтгэх нь байтугай хийсэн хэргийг нь хүлээлгэх ч хэцүү болсон” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрээс уншаарай. С.Зоригийн хэргийн шүүх хурал болж, шүүх шийдвэрээ гаргасан. Хэрэг хийсэн хүмүүсийн ар гэрийнхний гомдол харин тасрахгүй байгаа. Энэ хүмүүсийг ойлгож байна. Гэвч энэ хэргийг зохиомол хэрэг болчихлоо гэж нийгэмд хүчтэй дэвэргэж үр дүнд нь шүүх хурлыг юу ч биш болгох гэсэн хүчин байгаа юм шиг анзаарагдаад байгаа нь түгшүүртэй байна гэж нийтлэлч өгүүлжээ.

Судлаач, доктор Д.Алтай Д.Трампын бодлого АНУ болон дэлхий дахинд ямар өөрчлөлт авчрах талаар ярьжээ.

“Дэлхийн мэдээ” Бишкект осолдсон Туркийн ачаа тээврийн онгоцны тухай онцолсон байна.

Спорт нүүрээс Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрын шагналт боксчин Э.Цэндбаатарын ярилцлагыг хүлээн авна уу.

Лабораторийн нөхцөлд ургуулсан эрхтний тухай мэдээллийг “Танин мэдэхүй” нүүрээс уншаарай.

Одоогоос таван жилийн өмнө анагаах ухааны түүхэнд анх удаа лабораторийн нөхцөлд ургуулан гаргаж авсан эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэнэ шүү. Донорын эрэлт өндөр байгаа өнөө үед энэ нь анагаах ухааны биоинженерийн салбарт том дэвшил болсон байна.

“Өдрийн сонин” өглөө бүрийн ургах нарнаар тантай хамт.