Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг санууллаа

Нэгдүгээр сарын 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээлж буй. Тиймээс Замын цагдаагийн газраас орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

  • Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах
  • Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.
Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэв

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь холбогдох Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан. Гэсэн хэдий ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч, ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан гэдгийг салбарын сайд онцоллоо.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хийдэл арилна. Түүнчлэн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа үйлдвэрлэл эрхлэгчдэд нээлттэй, ил тод болно гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн талаар асуух асуулттай гишүүн байсангүй, харин УИХ-ын гишүүн О.Батнасан, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Н.Амарзаяа, Ч.Хүрэлбаатар нар санал хэлсэн юм. Гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохдоо үйлдвэрлэл эрхлэх чин хүсэлтэй иргэдийг хамруулах, зээлийн үр дүнд хяналт тавих, тодорхой шалгуурыг нарийвчлан журамлах, найз нөхөд, танилын хүрээнд олгогддог байсан буруу жишгийг хаах, орон нутгийн холбогдох хүмүүстэй нягт харилцан ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор гишүүдийн 90 хувь нь дэмжив.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороо мөн хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-д 1993 онд нэгдэн орсон бөгөөд НҮБУАӨСК-ийн 2015 оны “Парисын хэлэлцээр”-ийг 2016 оны 9 дүгээр сард соёрхон баталсан. Иймд 2015 оны Парисын хэлэлцээрээр хөгжингүй орнууд 2020 он гэхэд улсын болон хувийн эх үүсвэрээс жилд 100 тэрбум ам.долларыг хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн аж. Үүнийг төвлөрүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг хянах санхүүгийн гол механизм нь Уур амьсгалын ногоон сан (УАНС) ажээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, стратеги боловсруулан хэрэгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын санг байгуулж, үндэсний чадавхийг бэхжүүлнэ” гэж заасан байна.

Байгаль хамгаалах сангийн хувьд 2014 онд Уур амьсгалын ногоон сангийн боломжит үндэсний хэрэгжүүлэх нэгжээр тодорхойлогджээ. Энэхүү ажлын хүрээнд Олон улсын уур амьсгалын сангаас шууд санхүүжилт авах шаардлагыг хангах эсэх асуудлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шинжээчид Сангийн одоогийн чадавхид үнэлгээ хийж Олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн сангийн дүрэм, журмыг нарийвчлах, мөн Байгаль хамгаалах санг “Байгаль орчин, уур амьсгалын сан” болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх зөвлөмж гаргасан болно.

Манай улсын хувьд ойрын хугацаанд төсвийн хөрөнгөөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй байгаа учир Парисын хэлэлцээрийн хүрээнд баталгаажсан олон улсын санхүүжилтийн механизмыг бүрэн ашиглах зорилгоор Байгаль хамгаалах санг “Байгаль орчин, уур амьсгалын сан” болгон өөрчилж Үндэсний хэрэгжүүлэх нэгж байгуулах хууль, эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Categories
мэдээ улс-төр

ҮАБЗ-өөс гаргасан агаарын бохирдлын талаарх зөвлөмж

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/ хурлаар хэлэлцэж тохирсон асуудлаар ҮАБЗ-ийн шийдвэр-Зөвлөмж гарсныг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бус ахуйн хэрэглээний согтууруулах төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах зорилго бүхий уг ажлын хэсгийнхэн өчигдөр орой 22:30 цагийн үед үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Баянгол дүүргийн 2 дугаар хороонд анхны дуудлага 12.10 цагийн орчимд ирсэн байгаа. Үүнээс хойш 20.50 минут хүртэл 5 иргэн хордсон, нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлт явагдаж байгаа учир бид хуулийн хүрээнд өгч болох мэдээллийг өгнө” гэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нөхцөл байдлын талаар Ж.Батбаясгалан дарга товч танилцууллаа. Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Одоогийн байдлаар яг ийм зүйлээс ингээд хордчихлоо гэсэн зүйл тогтоогоогүй байна. Өглөө гэхэд шинжилгээний дүн эцэслээд гарчихна. Ер нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг бий. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэв.

Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа юм.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: “Стэнд бай” хөтөлбөр ирэх сарын 10 гэхэд орж ирэх байх

Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар яригдаж байгаа билээ. Энэ талаар гадны мэргэжилтнүүд манай улсад хоёр удаа ажиллаж үнэлэлт, дүгнэлтээ өгсөн. Одоо гурав дахь удаагаа ирэх гэж байна. Энэ үеэр эцсийн яриа хэлэлцээрийг хийх аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнээс тодруулахад, “ОУВС-гийн мөнгө ирэх сарын 10-д хавьцаа ороод ирэх байх. Гэхдээ энэ бол ерөнхий таамаг төдий зүйл. Өрөө төлж чадах, чадахгүй тухай их асууж байна. 2017 оны төсвийг батлахдаа 1.3 их наяд төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлнө гээд тусгачихсан. Төсөвт тусгачихсан байна гэдэг төлнө гэсэн үг. Үүнд ямар нэгэн байдлаар эргэлзэх хэрэггүй.

2017 оны хувьд манай улсын эдийн засгийг бага ч болов дээшлүүлэх салбар нь уул уурхай. Өөр гарц алга. Зэсийн үнэ гайгүй нэмэгдэж байна. Бид төсвөө батлахдаа нэг тонн зэсийг 4800 ам.доллараар төлөвлөж байсан бол одоо өсөөд 5700 ам.доллар болчихсон байна. Нүүрс, төмрийн хүдрийн үнэ мөн бага зэрэг өсөж байгаа. Үүнийгээ түшиглээд эдийн засгийн нөхцөл байдалд бага ч болтугай амьсгаа авах сөхөө өгөх байх” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хятад, АНУ манай дэлхийн хүлэмжийн хийн 38 хувийг үйлдвэрлэдэг

Хятад улс төлөвлөж байсан нүүрсээр ажилладаг 85 цахилгаан станцын төслөө зогсоожээ.Заримынх нь угсралт эхэлсэн байсан ч зогсоох шийдвэр гаргасан байна. Ирэх таван жилийн төлөвлөгөөнд Бээжин нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийн багтаамжийг 1,100ГВ байхаар төлөвлөсөн бол дээрх шинэ станцуудыг нэмбэл 1,250ГВ болохоор байсан гэнэ. Хятад, АНУ хоёр нь нийлээд манай дэлхийн хүлэмжийн хийн 38 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 2016 онд Парисын Цаг уурын Гэрээнд нэгдсэнээр үүнийгээ бууруулах амлалт авчээ.

Үүнээс өмнө Эрчим Хүчний Захиргаа 2020 он хүртэл 2.5 их наяд юаний ($361 тэрбум) хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байгуулахад зарцуулахаа мэдээлж байсан юм.

Ингэснээр 13 сая ажлын байр шинээр бий болж, салхи, ус, нарны эрчим хүч нийлээд 2020 онд үйлдвэрлэх бүх эрчим хүчний тал хувийг хангахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголын эрдэмтэн Б.Гэрэлтийг “Хубилай хаан” алтан медиалиар шагналаа

Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн, доктор, профессор Б.Гэрэлтийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагналаа.

Доктор, профессор Б.Гэрэлтийн Монголын анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухаанд оруулж буй бүтээл туурвил, залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг өөрийн материаллаг баазыг түшиглэн судалгааны шинэ арга зүй эзэмшүүлэх, докторант, магистрантурын эрдмийн ажлыг удирдах чиглэлээр явуулж буй холч бодлого, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлэн ийнхүү шагнажээ.

Доктор, профессор Б.Гэрэлт нь 1999 оноос Монголын эмийн ургамлыг судлах туршилт судалгааны лабораторийг анх санаачлан байгуулсан бөгөөд тус лаборатори нь Япон, ХБНГУ, АНУ-д үйлдвэрлэсэн судалгаа шинжилгээний өндөр нарийвчлал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. 1999 оны сүүлчээр тус лабораторийг Өвөрмонголын Их сургуулийн Монгол эмийн химийн институт болгон өргөтгөсөн байна. Тэрээр 2000 оноос эхлэн Монголын Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацитай судалгаа шинжилгээний ажил хамтран гүйцэтгэж иржээ. Түүнчлэн 10 гаруй шинэ эмийн стандарт, технологийн нөхцлийг батлуулан практикт нэвтрүүлэн байна. Тэр дундаас ДОХ-ын эсрэг судалгаа шинжилгээний ажил нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Categories
мэдээ улс-төр

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2015 оны долдугаар сарын 8-нд баталсан. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулсан. Дээрх зөрчлийн улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 4900 орчим иргэнд хариуцлага ногдуулж чадаагүй байна. Тиймээс хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг торгох шийтгэл байхаар тусгажээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг гишүүдийн олонх дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Архинд хордсон гэх дуудлага нэмж ирээгүй гэв

Баянгол дүүрэгт таван иргэн архинд хордон амь насаа алдсан тухай өмнө нь мэдээлсэн. Хохирогчид тус дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугчид байсан бөгөөд “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Найрсаг” гэх архинд хордсон байж болзошгүй гэсэн таамаг бий

Албаныхан өчигдөр энэ талаар мэдээлэл хийж, архинд хордсон байж болзошгүй сэжигтэй тохиолдол байвал Яаралтай түргэн тусламжийн төвийн 103-т мэдэгдэхийг сануулсан. Тэгвэл бид ЯТТТ-өөс хоногийн нөхцөл байдлын талаар тодруулахад “Одоогоор архинд хордсон дуудлага ирээгүй байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

”Тэтгэврийн олголтыг шалгах аян” эхэхллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны “Аян зохион байгуулах тухай” А/319 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ.

Уг аяны зорилго нь тэтгэвэр тогтоолгон авч байгаа нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, үр дүнг тэтгэвэр авагчдад мэдээлэх, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, аяныг улсын хэмжээнд үр дүнтэй, чанартай зохион байгуулахад оршино.

Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Говьсүмбэр аймаг, Багахангай дүүргийн нийт 2591 тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар дээр шалгаж эхлээд байна. Тэтгэвэр авагч та тэтгэврийн тогтоолтоо шалгуулах хүсэлтээ харъяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж болно.