Categories
мэдээ спорт

Олимпийн медальт тамирчин С.Ням-Очир өнөөдөр зодог тайллаа

Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир өнөөдөр албан ёсоор зодог тайллаа. Тэрээр олимп, ДАШТ-ий хос медальт Монголын гурван жүдочийн нэг. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Сумъяа нар энэхүү амжилтыг эзэмшдэг юм.

С.Ням-Очир өнөөдөр Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог тайлахдаа “Хорь гаруй жил жүдо бөхийн спорттой холбогдлоо. Сүүлийн 10 гаруй жил нэг гэр бүл шиг минь байсан багийнхандаа, багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Өнөөдөр би тамирчны карьераа дуусгаж байгаа ч албан ёсоор дасгалжуулагчийн албанд шилжиж байна. Жүдогийн спортын хөгжлийн төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм.

Багаасаа бөхийн спортод орсон С.Ням-Очир 1998 онд аавынхаа байгуулсан “Улаан гуталт” клубт Ю.Баттогтох багшаар “А” үсэг заалгаж, их спортод хөл тавьж байжээ. С.Ням-Очир бөхийн удамтай төдийгүй гавьяат тамирчин Г.Жамсран, Г.Барсүрэн, олимпийн V байрын шагналт, самбо бөхийн дэлхийн аварга Д.Нямхүү тэргүүтэй шилдэг жүдоч түүний хамаатан аж.

Categories
мэдээ спорт

Ш.Даваадорж Дэлхийн цомоос 4 медаль хүртлээ

БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод 2017 оны нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд явагдсан Өвлийн усан сэлэлтийн Дэлхийн цомын 6 дахь удаагийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд нийт 16 орны 1000 гаруй тамирчид оролцжээ. Манай улсаас Монголын Өвлийн Усан сэлэлтийн холбооны тамирчин, спортын мастер Ш.Даваадорж оролцсон бөгөөд нийт 5 төрлөөс 2 алтан медаль, 2 мөнгөн медаль хүртсэн байна. Манай улсаас анх удаа уг тэмцээнд ганц тамирчинтай оролцож, өндөр амжилт гаргасныг тус тэмцээнийг зохион байгуулагчид болон бусад орны тамирчид онцолжээ.

Ш.Даваадорж өнгөрсөн жил зохиогдсон ОХУ-ын Владивосток хотноо болсон Өвлийн усан сэлэлтийн Дэлхийн Цомын аврага шалгаруулах тэмцээнээс нэг алтан медаль хүртэж байсан бол Украйн улсад гуравдугаар сард зохиогдсон тэмцээнээс 7 алтан медаль хүртэж Монголын усан сэлэлтийн спортод түүхэн амжилт гаргаж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

“Алангуа эхийн сургааль” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болголоо

“-Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” гэсэн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисан сургаалыг дээдэлсэн хүндэтгэлийн хөшөө Дархан хотын төв талбайд 2015 онд сүндэрлэсэн.

Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн Дархан хотноо хийсэн уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн намаас “Алангуа эхийн сургааль” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болгон хадгалууллаа.

Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл болсон намын даргын сонгууль, эв нэгдлийн буухианд оролцож байгаа нэр дэвшигчдийг хаана ч очсон намынх нь гишүүд дэмжигчид эв нэгдэлтэй байхыг хүсэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Татварын тайланг II сарын 15-ныг дуустал хүлээж авна

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАН, ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙН МАТЕРИАЛЫГ 2 ДУГААР САРЫН 15-НЫГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА

ХХОАТТХ-ийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.

Мөн хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайлангаа, доорх бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ. Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авахдаа 2% зураг цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, дэвтрийн үнэ 500 төгрөгтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.

Татварын цахим систем e-tax.mta.mn-рүү нэвтэрч ТБ-06/А/ тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээний хамт бөглөн цахимаар илгээх ба тайлан, мэдээ тус бүрийг 2 хувь хэвлэн, татварын албанд хандсан Албан татварын илүү төлөлт баталгаажуулах хүсэлт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хандсан Буцаан олголт авах хүсэлтийн хамт нэгдсэн загварын дагуу гарган бусад бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн үйл явцтай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, тус байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан нар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцахаар өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллалаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаар тогтоолоор Орон сууцны санхүүжилтийн корпорацын нэр болон дүрмийг өөрчилж, хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх замаар “Төрийн орон сууцны корпораци” /ТОСК/ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мэдээлэл хийсэн юм. Тус Байнгын хороонд иргэдээс ирүүлж буй өргөдлийн дийлэнх хувь байгаль орчныг хамгаалах мөн иргэдийн ахуйн амьдралтай холбоотой асуудал байдаг. Үүнд олны талархалыг хүлээж байсан түрээсийн орон сууцны хөтөлбөр зогссон явдал юм. Иргэд уг хөтөлбөр зогссон шалтгаан болон энэ ажил хэвийн үргэлжлэх эсэх талаар мянга орчим өргөдөл ирүүлээд байна. Иймд Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпораци салбарынхаа хэрэгжүүлж буй бодлого болоод хийж байгаа ажлаа танилцуулна уу гэлээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаарх танилцуулгыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хийсэн юм. Тэрээр, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 248 дугаар тогтоолоор баталсан ба уг хөтөлбөрийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэр 2016 оны 2 дугаар сард гарсан. Барилга, хот байгуулалтын яам уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд уг журамд орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдахаар тусгасан байна. Үүнд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнууд, залуу гэр бүл буюу 2016.01.01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 нас хүртэл эхнэр, нөхрийг энэ бүлэгт хамруулахаар заажээ. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагчид, гэр оронгүй иргэд, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Уг ажлын хүрээнд 2016 оны 4 дүгээр сараас эхлэн “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хурадлаанаар ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байгаа юм байна. Эдгээр орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хамруулах ажил одоогоор эхлээгүй байна.

Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар төлөвлөж байгаа гэлээ.

Танилцуулга сонссоны дараа Байнгын хорооны гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд уг байрыг өөрийн болгож болох эсэх мөн бэлэн болж буй 360 айлын орон сууцыг иргэдэд шуурхай хүргэх ямар төлөвлөгөө байгаа талаар тодруулсан юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хийсэн тайлбартаа, энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой бөгөөд хөтөлбөрт хамрагдсан иргэд төлбөр барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх буюу хувьчилж авах боломжтой. Түүнчлэн 972 айлын орон сууцыг энэ жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан газар, түрээсийн орон сууц, цэцэрлэг зэрэг нийгмийн чухал асуудлуудыг азын сугалаагаар шийдвэрлээд байдаг нь зохимжгүй юм. Иймд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт “азын сугалаагаар” хамрагдах бус уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгаа хийсэн эсэх талаар тодруулсан юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хийсэн тайлбартаа, анх энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо олон байсан учир нийгэмд хардлага төрүүлэхгүйн мөн шудрага зарчмаар хамруулах үүднээс “сугалаа”-гаар явагдсан гэлээ. Харин Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн цаашид “сугалаа” зарчмыг халж, хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг Нийслэлд шилжүүлэх төлөвтэй байгаагаа дуулгасан юм.

Ингээд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл бэлэн болсон 360 айлын түрээсийн орон сууцыг иргэдэд шуурхай олгох чиглэл өгснөөр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Халх голд 24 аж ахуй нэгжид газар олгосон шийдвэрийг хүчингүй болголоо

“Халх гол бүтээн байгуулалтын бүсэд” 24 аж ахуй нэгжид газар олгосон шийдвэрийг хүчингүй болголоо. Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А-76, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны А-01 тушаалаар батлагдсантай холбогдуулан тус бүсийн захиргаанаас 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан газар ашиглах гэрээ, хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон газар ашиглах эрхийн гэрчилгээний дугаар:

000001, 000002, 000003, 000004, 000005, 000006, 000007, 000008, 000009, 000010, 000011, 000012, 000013, 000014, 000015, 000016, 000017, 000018, 000019, 000020, 000021, 000022, 000023, 000024, 000025, 000026, 000027, 000028, 000029, 000030, 000031, 000032, 000034

Categories
мэдээ нийгэм

Циркчид “Гран при” хүртлээ

tsirkМонголын циркчид “Massy” олон улсын циркчдийн наадмын “Гран при” шагналын эзэд боллоо. Тодруулбал, Монголын Үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай циркчид “Нүүдэлчих Монголчууд” үзүүлбэрээрээ гран при шагналын эзэн болсон аж. “Massy” олон улсын циркчдийн наадмын тэргүүн дээд буюу Ерөнхийлөгчийн нэрэмжит дээд шагналыг хүртсэн манай жүжигчид хоёр хоногийн дараа эх орондоо ирэх юм. Өнгөрсөн жил энэхүү тэмцээний алтан цомыг Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу малчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэв

“Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо” байгуулагджээ. Энэ талаар тус холбооны удирдлага болон гишүүд нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Э.Ганбаатар “Монгол үндэстний оршин тогтнохын ул үндэс болсон нүүдлийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, энэ цаг үед тохиож буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, Монгол түмнээрээ төвшин сайханд хүрэхийн төлөө малчид эвлэлдэн нэгдэж, Монголын малчдын хамтын хариуцлагын холбоог байгуулсан” гэдгийг дуулгав.

Холбооныхны зүгээс гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Газар нутаг, бэлчээр усаа хамтаар хариуцан хамгаалах, мал сүргээ хамтаар хариуцан ахуй амьдралаа чадавхжуулах, өв уламжлал, соёлоо хамтаар хариуцан өвлүүлэн дамжуулах чиглэлээр ажил өрнүүлэх гэнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр ахмад малчид нүүдлийн соёл иргэншил алдагдаж байна. Энэ нь залуу малчид цөөрч байгаатай холбоотой. Эртний сайхан өв уламжлалыг өвлүүлэх залуучууд цөөрсөөр байгаа учраас бодлогоор залуу малчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг хэлэв. Хүссэн хүсээгүй газар нутгаа хамгаалж байгаа хүмүүс бол малчид. Тиймээс Монголыг Монголоор нь харагдуулдаг, нүүдэлчин соёлыг авч явдаг малчдынхаа залгамж халааг бэлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Сэлэнгийнхэн “Хонхны дуу”-гаар нэр дэвшигчдээ угтлаа

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн намын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалт Сэлэнгэ аймагт эхэллээ. Тус аймгийн 17 сум, 6 тосгоны 100 гаруй мянган иргэдийн төлөөлөл болсон 600 гаруй Ардчилсан намын гишүүн уулзалтад оролцож, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалтай танилцаж байна. Сэлэнгэчүүд нэр дэвшигчдийг морин хуурын аялгуу, ардчиллын бэлэг тэмдэг болсон “Хонхны дуу”-гаар угтан авсан юм.

Categories
мэдээ спорт

УАШТ-д Н.Түвшинбаяр аварга зодоглож байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ өчигдөр эхэлсэн билээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй тэмцээнд Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглож байна. Тэрээр жин өгсөж +100 кг-д барилдаж буй юм. Эхний тойрогт “Сүлд” спорт хорооны тамирчин аймгийн арслан А.Даваанямыг торгуулиар ялсан бол дараагийн тойрогт Б.Бат-Эрдэнэтэй барилдана.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах бөхийн жүдо барилдаанд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.