Categories
мэдээ спорт

УАШТ-д О.Ууганбаатар тав дахь удаагаа түрүүллээ

Жүдо бөхийн УАШТ-ий хоёрдахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 81-кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар Орхон аймгийн “Хангарьд” клубын Н.Дагвасүрэнг ялж тавдахь удаагаа улсын аварга боллоо.

Энэ жингийн хүрэл медалийг “Женко” клубын Б.Гаажаддамба, “Хилчин спорт хорооны Н.Дагвадорж нар хүртэв.

Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Харбины олон улсын мөсөн сийлбэрийн уралдаанаас манай тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

Монголын зураач, уран сийлбэрчдээс бүрдсэн найман хүнтэй баг Харбины олон улсын мөсөн сийлбэрийн 31 дэх тэмцээнд амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. 2х2 хэмжээтэй шоо дөрвөлжин мөсийг хагалж, гэмтээлгүй бүтээлээ урлаж түүгээрээ өрсөлдөнө гэдэг бахадмаар ур чадвар. Монголын уран бүтээлчид сүүлийн долоон жил тасралтгүй Харбины олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцож буй бөгөөд жил бүр алт, мөнгө, хүрэл медаль хүртэн эх орондоо ирж байна. Түүнчлэн АНУ-ын Аляскад болдог ДАШТ-д сүүлийн таван жил дараалан оролцож хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд буй юм. Тэд Богд хаан уулын Жаргалантын аман дахь “Мөрөөдөл” мөсөн паркийг мөн урлан бүтээжээ.Энэ тэмцээн гурван үндсэн төрөлтэй аж

Арванхоёрдугаар сарын 31-нээс энэ сарын 4-нд болсон багийн тэмцээнд Г.Энх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Уран нугараач” бүтээлээр хүрэл медаль хүртжээ.


Дараа нь нэгдүгээр сарын 5-8-нд болсон нэг ширхэг мөсний төрөлд Э.Ууганцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Нууц” мөсөн сийлбэрээр хүрэл медаль хүртсэн байна.


Үргэлжлүүлэн манай сийлбэрчид хоёр баг болон цасан сийлбэрийн тэмцээнд оролцжээ.

Б.Доржнамжил, Х.Солонго, С.Цэнд-Очир, Х.Алтанхүү нар “Тэнгэрийн хүү” цасан сийлбэрээр мөнгөн медаль хүртсэн байна.


Э.Ууганцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Энх-Эрдэнэ, Б.Энхжаргал нарын “Эрүүл дэлхий” сийлбэр бүтээлчиддээ хүрэл медаль авчирчээ.


Гарын ур, оюуны сэтгэлгээгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа манай мөсөн сийлбэрчид тав хоногийн дараа АНУ-ын Колорадод болох цасан сийлбэрчдийн наадмыг зорих гэж байна. Тэндээсээ Аляска руу явах бөгөөд ДАШТ-д оролцож, медалийн өнгөө хувиргах зорилготой гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийг 150 хоногийн өмнө зарлана гэж заасныг 130 хоног болгохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед АН 5 хоногийн завсарлага авсан байлаа. Завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийг 150 хоногийн өмнө зарлана гэж төсөлд заасан байсан. Гэвч энэ хугацааг ажлын хэсгийнхэн 130 хоногийн өмнө зарлана гэж өөрчилжээ. Учир нь Хуулийн төсөл батлагдаагүй байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг 150 хоногийн өмнө зарлах боломжгүй болоод байгаа юм. Ажлын хэсгээс гаргасан уг саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Зарчмын зөрүүтэй санал хураалтын явцад хурал даргалагч Д.Лүндээжанцан хуулийн төслийн найруулгад шүүмжлэлтэй хандаж байлаа. “Эх орон ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулна” гэж юу яриад байгаа юм. Тодорхой шүү дээ, засах заалтыг засахгүй, дэмий зүйлээр оролдох юм” хэмээн бухимдав. Дээрх зарчмын зөрүүтэй санал байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:

-2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар болохгүй заалтуудыг өөрчилж, сайжруулах хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгчийн сонгуулиар болгоомжлоод байна гэвэл маргаан үүсэх магадлал өндөр. Өмнө нь оруулсан болохгүй заалтыг хэвээр орхиж болохгүй. Хэн ч уншсан сонгуулийн дараа маргаж чадахааргүй, ойлгомжтой байх ёстой.

Categories
мэдээ улс-төр

З.Баянсэлэнгэ: Нөгөө царцааны нүүдэл одоо ч хороон дээр явагдаж байна

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэд мэдээлэл хийлээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарыг сонгох хурал хууль бус болж, иргэдийн төлөөлөл оролцож чадахгүй байгааг дуулгав.

З.Баянсэлэнгэ “Сонгуулиар МАН-ыг ялахад бид луйвар гэж бодсон. Гэхдээ ард түмний сонголтыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдөр МАН-ынхан луйвар гэсэн бидний эргэлзээг баталж байна. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. Бүх хорооны иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар явуулж, Засаг даргыг сонгож байна. Тухайн хорооны иргэд биш ТҮК-ийн ажилчдыг цас цэвэрлүүлэх нэрээр авчирч, хуралд оролцууллаа. Цагдаагаар хамгаалуулж, үүрээр хуралдаж, Засаг даргыг сонгож байна. Засаг дарга болох гэж байгаа хүний ах дүүсийг шилжүүлж авчирсан байна. Нөгөө царцааны нүүдэл одоо ч хороон дээр явагдаж байна. Ингэж хорооны Засаг даргыг авахын тулд улайрч байна. Бид шударга үнэний төлөө зогсоно. Ийм хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байвал бид цаашид тэмцэнэ” гэв.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас өнгөрсөн баасан гаригт чиглэл өгч, хороодын иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, гурван хоногийн хугацаанд хороодын Засаг дарга нарыг сонгох чиглэлийг өгсөн аж. Одоогоор 29 хорооны Засаг даргыг сонгожээ. Гэвч хууль бус учраас бүх хорооны иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулах шаардлагыг тавиад буйгаа хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна.

Тэрээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөс хойш юу хийж байгаа нь тодорхойгүй байсан. Тэгвэл тэрээр “Шихихутаг” сургуулийн хуулийн магистрт суралцаж байгаа аж.

ТэрбээрӨнгөрсөн дөрвөн жилд ажилд орсон хүмүүсийг үй олноор нь хоморголон халж байна. Тиймээс тэдний дуу хоолой болж ажиллах ёстой гэж үзээд явж байна. Ерөөсөө ч хийх ажил мундахгүй байна. Нөхрийг маань хүртэл захиалгатайгаар халахаар орж ирсэн юм билээ. Халагдах хэмжээнд ажиллаагүй учраас тушаалыг нь бууруулсан байна лээ. Өнгөрсөн парламентад МАН цөөнх байхдаа эрх баригч намтайгаа нийлж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хуйвалдааных нь үрээр УИХ-д намын нэрээр сонгогдох зарчмыг алга болгож, МАН олонхийг бүрдүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өмнөх хуулиудын жишгээр сэргээсэн, шинэчилсэн гэж ярьж байгаа боловч дотор нь луйвар, булхайтай заалтуудаа шигтгэж оруулсан.

Манай нам маш сайн шинэлэгдэж байна. Яаж шинэчлэгдэж байгаа вэ гэвэл намын гишүүд маань урваж байна, шарваж байна. Өрсөлдөгч намынхаа дотоод асуудалд оролцож болохгүй гэдэг заалт бий, гэтэл гишүүдэд маань албан тушаал амлаж, урвуулж авч байна. Намын нэр авснаас хойших хугацаанд маш олон урвалт гарч байсан, тэр хэрээр хатуужиж, чангарч байгаа. Бидний босгосон суурь намын үндэс хатуу, жирийн иргэд дээр суурилсан, тэд урвахгүй шарвахгүй учраас хэзээд бат бөх байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна

Өчигдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 16 нд Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иймд нийт иргэдийг үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ахуйн зориулалтаар хэрэглэх шингэнийг зориулалтаар нь хэрэглэхийг зөвлөж байна.

ЭМЯ-аас Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон Нийслэлийн дүүргийн эмнэлэгт архины хордлогын улмаас хандаж буй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нарийвчилсан үзлэг хийх, сэжиг бүхий хүн илэрвэл яаралтай мэдээлэх, архины хордлогоос сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагатай мэдээлэл солилцон ажиллаж байна.

Архи уусаны дараа ухаан алдах, амьсгал удаашрах, огиулж бөөлжих, таталт өгөх, биеийн дулаан алдагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

А.Цогцэцэг: Донорын хуулийн ач холбогдол нь эрхтнээр зогсохгүй эс суулгах юм

ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өчигдөр Байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан юм. Тэрбээр, “Энэ хууль нь 2000 онд анхлан батлагдаж 2012 онд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Хүмүүнлэг сэтгэлээр хүмүүс бусдын амь насыг аврахын тулд цус болон цусан бүтээгдэхүүнээ хандивлах доноруудын асуудлыг ярьж байгаа. Энэ хуулийн ач холбогдол бол зөвхөн эрхтэн биш эс суулгах асуудал юм. Үргүйдэлтэй холбоотойгоор эр, эм бэлгийн эсийг үр хөврөл бий болгож түүнийгээ суулгаж айл гэрийг аз жаргалтай болгож байна гэв.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гишүүд асуулт асууж, сайд хариулт өгсөн юм.

Д.Сарангэрэл: Энэ бол чухал хуулийн төсөл. Тиймээс дэмжиж байгаа. Донорын хууль гарснаар аутизмыг эмчлэх боломжтой болно гэж сайд хэллээ. Энэ тал дээр ямар дэвшилт гарах талаар хэлж өгөхгүй юу?

А.Цогцэцэг: Донорын хуулийг шинэчлэн найруулснаар хэд хэдэн ач холбогдолтой. Амьд донорыг хамгаалж байгаагаар эрхтэн дутуу хүмүүсийг хамгаалж байгаа нэг сайн тал байгаа. Дэлхийд эрхтэн шилжүүлэх мэс заслыг хэр хийж байгаагаар нь анагаах ухааных нь хөгжлийг тодорхойлж байдаг. Үүнд эрхтэн шилжүүлэн суулгах, ясны чөмөг суулгах асуудлуудыг шийдвэрлэж байгаагаараа онцлогтой. Тэгэхээр аутизмын өвчнийг энэ үүдэл эсээр шилжүүлэн суулгаснаараа эмчлэх олон улсын туршлага батлагдсан технологи байгаа. Тиймээс үүнийг хөгжүүлж ажиллах шаардлага байгаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг” архины үйлдвэрийн үйл ажиллагааг нь зогсоон, лацаджээ

Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт өчигдөр таван иргэн хордож нас барсан талаар манай сайт мэдээлсэн. Одоогоор эдгээр иргэдийг юунд хордсныг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хордож амиа алдсан иргэд “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэсэн 3500 төгрөгөөр борлуулдаг “Найрсаг” гэх архийг уусан гэх мэдээлэл байгаа. Хэргийн газраас “Найрсаг” архинаас гадна бас “Гайхмаараа” шил арчигч шингэний сав олдсон бөгөөд ахуйн хэрэглээний шингэнийг архитай хольж уусан байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж.

Тэгвэл өчигдөр “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэр дээр очиж “Найрсаг” гэх архийг хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжлүүлэхээр шилжүүлжээ. Мөн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон байрыг нь лацадсан байна.

Баянзүрх дүүрэгт байрлах уг үйлдвэр нь гаднаа ямар нэгэн хаяггүй байв. Ойролцоох орон сууцны хороололд амьдардаг иргэдийн хэлж буйгаар уг байранд архины үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ч үйлдвэрээсээ архи борлуулдаггүй байсан гэнэ. Харин түгээлтийн автомашинаар томоохон захуудад нийлүүлдэг байсан гэх мэдээллийг өгч байв.

Categories
мэдээ нийгэм

Төв номын сан, Энхтайваны гүүрний хайс, хашлагыг угаажээ

2017 оны 01 сарын 16-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба 238 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуваарьт зам талбайгаа цэвэрлэж, 24 рейсээр 108 тонн цас, хог хаягдал тээвэрлэлээ. Ногоон байгууламжийн алба 98 хүний бүрэлдэхүүтэйгээр Хувьсгалчдын гудамж, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөөний замын нуух болон явган хүний замуудын цас цэвэрлэж нийт 7 рейсээр 31.5 тн хог тээвэрлэв. Бөхийн өргөөний арын өгсүүр зам, Сансарын тунель, Нарны гүүр, ЭТГүүрний зүүн талын нүхэн гарц, Чингүнжав, Ард-Аюуш, Амарсанаа, Хасбаатарын гудамжинд автомашины яндангаас үүдсэн хөлдөлтийг 1 тонн бодис цацаж хайлуулан цэвэрлэв. Мөн төв номын сан, Энхтайваны гүүрний хайс, хашлагыг угаав гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Өнөөдрөөс эхлэн 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа зарахыг хориглолоо

-Хэргийн газраас олдсон зүйлсийг үргэлжлүүлэн баримтжуулж шинжилж байна-

Баянгол дүүргийн 2-р хорооны “Ногоон төгөл” хотхоны подвальд үл мэдэгдэх шингэн зүйл ууснаас өчигдөр таван хүний амь нас хохирсонтой холбогдуулан өнөөдөр холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна.

Олон тооны иргэд хордсон учир Шүүх шинжилгээний эцсийн дүн гартал хотын иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж эрсдлийг бууруулах үүднээс энэ сарын 18-20-ны өдрийг дуустал архи, согтууруулах бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох шийдвэр гарсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Хотын Цагдаагийн дарга Ж.Эрдэнэболд, “Хохирогчдод шүүхийн шинжилгээг хийсэн. Шингэн зүйлээс болж хордсон гэсэн дүгнэлт гарсан. Яг ямар зүйлийн шингэнээс хордсон нь эд эсийн шинжилгээгээр тодорхой гарна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн газраас олдсон зүйлсийг үргэлжлүүлэн баримтжуулж шинжилж байна. Архи худалдаалахыг хориглох талаарх нийслэлээс гаргаж байгаа шийдвэрийг аж ахуй нэгжүүд маань дагаж мөрдөх байхаа гэж найдаж байна” гэв.
НМХЕГ-аас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд 350 гаруй байцаагч ажиллаж байна гэлээ. Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 959 ресторанаас 131-д нь хяналт шалгалт хийгээд байгаа аж. Бүх байцаагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулж, өнөөдрөөс эхлэн стандартад нийцээгүй бараа бүтээгдэхүүн болон хүнсний болон техникийн спиртэд хяналт шалгалт хийнэ гэлээ. Баар, цэнгээний газруудад мөн шалгалт хийх аж. Энэ нь удахгүй болох гэж байгаа сар шинийн баярыг угтсан хүнсний аюулгүй байдлыг хангасан хяналт шалгалтын нэг хэсэг байх гэнэ.
О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриалж байна

Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд халтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна. Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, халтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна.

Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.2-р зүйл, 63-р тогтоолд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй.

Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тодруулбал, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ 8 тн бодис цацаж, зам талбайн 65 үйлчлэгч өглөөний 06:00 цагаас эхлэн хуваарьт газрын цасыг цэвэрлэж байгаа бол “Сүхбаатар тохижилт” ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, 1 тонн бодис өглөөний 08:00 цагт цацсан байна. Мөн “Цүзүкү-Юмэ” ХХК өчигдөр орой 0.5 тн давсыг хариуцсан зам, талбайдаа цацжээ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.