Categories
мэдээ нийгэм

Баабарын “Энхбаяраас Эрдэнэбат хүртэл утаатай тэмцсэн шастир оршвой​” хэмээх нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарч, уншигчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан онцлох нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас тоймлон хүргэе.


Таван хүн архинд хордож нас барсан хэрэг даваа гаригт гарсан. Энэ талаар сурвалжлан нэг, 11 дүгээр нүүрт нийтэллээ. “Ажлын цагаар ажлын
байрандаа архидсан орцны
жижүүрүүд архиндаа
хордож амиа алдсан уу?” хэмээх энэхүү сурвалжлагаас болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй уншаарай. Баянгол дүүргийн II
хорооны нутаг дэвсгэр
“Ногоон төгөл” хотхонд архи,
согтууруулах ундаа хэрэглэсэн
таван хүний Н.Адъяа,
н.Түвшинжаргал, н.Энхтайван
нар нь тус хотхоны орцны
жижүүрээр ажиллаж байсан
бол н.Баяр нь тэдний найз,
Мөнхбат нь орон гэргүй нэгэн
байсан аж.

УИХ-ын гишүүн асан,
АН-ын ҮЗХ-ны гишүүн
Р. Гончигдоржтой хийсэн ярилцлагыг сонины нэг тавдугаар нүүр хэвлэлээ. Тэрбээр “Үгүйсгэл дээр суурилсан
шинэчлэл гэж байдаггүй юм” хэмээн энэхүү ярилцлагадаа онцолжээ. “
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгийн
ийм хямралд дахиад орохгүйн тулд
хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь
төрүүлэх ёстой” хэмээх ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрт гаргалаа.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан дэгдээж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг. Тэгвэл энэ удаагийн дугаарт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “Энхбаяраас Эрдэнэбат хүртэл утаатай
тэмцсэн шастир оршвой” хэмээх нийтлэл гарлаа.

Сэтгэл зүйч Ш.Батболдын ярилцлагыг мөн өнөөдрийн дугаараас уншаарай. “Тэнэгрэлийн
хамгийн эхний шинж тэмдэг ичихээ
болих юм” хэмээжээ. 12 дугаар нүүрт “Б.Лхамдолгор: Цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцаанд 10 мянгаас 10 сая төгрөгийн ногдол ашиг бий” гэх ярилцлага, 13 дугаарт нүүрт “Д.Чулуунжав: Монголчууд мухар сүсэгт хөтлөгдөж явбал хойч үе минь шинжлэх ухаанд итгэхээ байх нь. Үүний эсрэг хуультай байх хэрэгтэй” хэмээх ярилцлагыг зэргийг нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг намын гишүүд олж харах ёстой

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчилсан намын даргыг сонгох сонгууль үргэлжилж байна. Явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-АН-ын VI Их хурлын шийдвэрээр даргаа сонгох сунгаа болж байна. Таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Саналын үеийн үйл явцыг сайн мэдэхгүй. Сурталчилгаа Хэнтий аймгаас эхлэх үед очиж оролцсон. Ер нь намын даргын сунгааг гишүүд хүсэн хүлээж байсан нь тодорхой. Нэр дэвшигчдэд намын зүгээс тодорхой болзол тавьсан. Бие бие рүүгээ дайрахгүй, намынхаа эсрэг зүйл ярихгүй байх гэхчилэн шалгууртай. Гэхдээ нэр дэвшигчид сурталчилгааны эхний өдрөөс журмаа зөрчиж байна. Ялангуяа сүүлийн үед нэлээн идэвхжиж байгаа тухай мэдээлэл бий. Гэхдээ АН-ын даргын сунгаа боломжийн хэмжээнд, хэвийн явагдаж байна гэж үзэж байгаа. Намын гишүүдийн сэтгэлд хүрч байгаа болов уу гэсэн бодол бий. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гишүүдийн сэтгэлд нийцэж байгаа байх. Сунгаанд эргэж хармаар, нэр дэвшигчид анхаармаар зүйл их харагдаж байна.

-Даргад өрсөлдөх хүн 500 сая төгрөг тушаасан. Энэ хэр зүйтэй шийдвэр вэ?

-Нэр дэвшигчид намын даргад өрсөлдөхдөө тодорхой хариуцлага үүрэх шаардлагатай. Нам улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Өөрсдийгөө бүрэн хариуцдаг. Тэр утгаараа намын даргад өрсөлдөж буй хүн тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой. Сонгуулийн хорооноос тодорхой нөхцөл тавьсан юм билээ. Уг нөхцөл зөвшилцлийн дунд багассан гэсэн. Нэр дэвшигчдээс авсан мөнгөөр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Нэг ёсондоо эргээд өөрсдөд нь зарцуулж байна. Түүнээс биш нам ямар нэгэн байдлаар бүх мөнгийг нь хамаад авчихсан хэрэг биш.

-Нэр дэвшсэн таван хүн намын даргын шаардлагад нийцэж байгаа юу. Ер нь таныхаар хэр боломжийн хүмүүс өрсөлдөж байгаа вэ?

-АН-ын нэг онцлог бий л дээ. Аль болох нээлттэй байдаг. Бид хаагдмал нам биш. Хүсвэл өөрсдийнх нь оролцоог аль болох хангадаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар чи болохгүй, чадахгүй гэх зүйл ярьдаггүй. Энэ утгаараа хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт даргын сунгаанд нэр дэвших эрх нээлттэй байсан. Гэхдээ миний бодлоор намын даргын ч тэр, бусад албан тушаалд ч тэр, тодорхой шалгуур заавал байх ёстой. Нэг ёсондоо АН 25, 26 жилийн дотор өсөж өндийж явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Намын үйл ажиллагаа унаж, босож, сэхэж явахад гар бие оролцож байсан хүмүүс өрсөлдөөнд орж байвал зүгээр. Тэгэхгүйгээр хаа хамаагүй газраас хэн дуртай хүн гүйж ирээд намын сунгаанд оролцож, янз бүрийн байдлаар үймүүлэх аяс ажиглагдвал буруу. Тийм дүр төрх тодорхой түвшинд харагдахаар юм билээ. Ер нь бол АН-ыг шинэчлэх хөдөлгөөний байр байдлыг анхааралтай ажиглахад үймэн хутгах өнгө аяс гаргах төлөвтэй байна. УИХ-ын сонгуулийн өмнө болон VI Их хурлын бэлтгэл ажлыг хангаж байхад иймэрхүү төрх нэлээн анзаарагдсан. Гишүүд бол бүгдээрээ намын шинэчлэлийг хүсч байгаа. Тодорхой хэмжээнд салхи оруулахыг хүсч байгаа хэдий ч маш их туйлшрал байгаа нь худлаа биш.

-Намын шинэчлэлийн асуудал яригдаж байгаа хэдий ч даргын сунгаанд өрсөлдөж буй хүмүүсээс тэгтлээ их зүйл хүлээгээд нэмэргүй болов уу гэж анзаарагдаж байна?

-Надад ч гэсэн тийм сэтгэгдэл төрж байгаа. Яагаад вэ гэхээр нэр дэвшигчид тухайн намыг хэрхэн шинэчлэх вэ, одоо юу нь болохгүй байна вэ гэдэгт үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ёстой. Гэтэл гишүүдийн хүсэн хүлээж буй шинэчлэл авчрах мөрийн хөтөлбөр харагдахгүй байна. Зөвхөн би гэдэг хувь хүнээ л тодорхойлоод байна. Нэг талаас би бол залуу хүн, залуус энэ намыг авах ёстой, хөгшчүүл зайгаа тавьж өг гэдэг. Нөгөөдүүл нь залуус орж ирэх цаг арай болоогүй байна гэхчилэн сурталчилгаа явуулж байгаа. Намын гишүүд нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг олж харах ёстой. АН яг ямар нам бэ гэдгийг нэр дэвшигчид хэлж чадахгүй байна. Баруун төвийн нам юм бол ямар чиг хандлагатай вэ гэдгийг ярихгүй юм. Уг нь АН-ын дүрэм муу биш. Өнөөдөр мөрдөж буй дүрмийг би сайн гэж хэлэхээр байна. Хамгийн гол нь дүрмэн дотор байгаа олон заалт хэрэгжихгүй байгаа. Тэдгээрийг буцааж хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь нэмээд цаг үетэйгээ тохирсон өөрчлөлт оруулах хэрэгтэй. Миний бодлоор АН баруун төвийн үзэл бодлыг барьдаг консерватив нам. Үндэсний уламжлалаа хадгалдаг, барууны консерватив намуудын холбоонд элссэн байдаг. Тиймээс улс төрийн энэ чиг баримжаагаа илүү хадгалж дүрмээ шинэчлээсэй гэж бодож байна. Ер нь АН адармаатай түүхтэй. Олон нам нийлэхдээ үзэл бодлын маш их зөрүүтэй байлаа. Тэр нь яваандаа фракцуудыг үүсгэж улмаар ашиг сонирхлын хэлбэр рүү шилжчихсэн. Угтаа бол АН гурван үндсэн үзэл бодолд тулгуурласан нам. Социал демократ нам, МоАХ, МҮДН-ынхан нийлж консерватив нам үүсгэн байгуулсан. Магадгүй олон үзэл бодол биелэлээ олохгүй явсаар байгаад өнөөдрийн энэ барууны ч, зүүний ч, төвийн ч биш хачин будлиантай чиг баримжаатай болчихсон байх. Энэ үзэл бодлыг юун түрүүнд зааглаж өгөх хэрэгтэй. Ялгааг гаргахад одоо мөрдөгдөж буй дүрмээ сайн хэрэгжүүлэх ёстой байх.

-АН дотроо хагаралтай байдаг нь өнгөрсөн дөрвөн жилд илт харагдсан. Одоогийн намын даргын сунгаанд ч гэсэн иймэрхүү зүйл харагдаад байх шиг ээ?

-Ер нь АН-ын ялагдлын гол шалтгааны нэг нь дотоод зөрчилдөөн. Үүнээсээ болж бид ард түмний саналыг алдсан. Түүнээс биш гадна талаас дайсан хайгаад хэрэггүй. Нэг ёсондоо гурван намын суурин дээр байгуулагдсан АН сүүл рүүгээ зөвхөн албан тушаал, ашиг сонирхлын фракцуудыг бий болгосон байна. “Шонхор”, “Нэг ардчилал”, “МҮАН-ын нэгдэл” гэхчилэн олон фракцийн үйл ажиллагааг хараад байхад албан тушаал, ашиг сонирхлын төлөө л яваад байдаг. Сүүлд гарч ирсэн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн ч тэр. Эд АН-ыг сонгодог утгаар нь шинэчлэхийн төлөө яваагүй. Гаднах өнгөлөн далдлалт нь шинэчлэл. Үнэн чанартаа дандаа гомдоллогсдын бүлэглэл шүү дээ. Эсхүл ажил төрөл, албан тушаалгүй хоцорсон нөхдүүдийн зохион байгуулалтад орж байгаа нэг хэлбэр.

-Тийм хүмүүс намыг шинэчилж чадах уу?

-Намын даргад нэр дэвшиж буй хүмүүс ийм фракцийг байхгүй болгох ёстой. Байхгүй болгох гол зам нь АН баруун төвийн буюу консерватив нам гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс үлдэх ёстой. Бусад нь эртхэн өөр өөрсдийнхөө замаар яваасай гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ мэдээж хэрэг нам тарж бутрахыг хэн ч хүсэхгүй. Өдий олон жил үйл ажиллагаа явуулахдаа үзэл бодол нь ойролцоо төвлөрдөг болсон бол шинэчлэл хөдөлгөөнд нэгдээд явахыг үгүйсгэхгүй. Тэгэхгүйгээр яг хуучнаараа яваад амжилт олохгүй. Таван нэр дэвшигчийн сурталчилгааны тоглолтыг нэлээн харлаа. Ж.Батзандан гэхэд тухайн тойргийн сонгогчдын уур амьсгалыг мэдэрч байгаад тоглолтоо хийгээд явж байна. Мэдээлэл муутай хүмүүст Ж.Батзандангийн яриа гоё сонсогдож байж магадгүй. Л.Гантөмөрийн хувьд баруун төвийн либерал үзэл баримтлалыг барина гэж байгаа мөртлөө өмнөх үе рүүгээ дайрсан үйлдэл гаргаж эхэлсэн. Зөвхөн өөрийгөө дээш гаргах гэсэн оролдлого болохоос биш яг АН-ын төлөөх шинэчлэл байхгүй. С.Эрдэнэ намынхаа 26 жилийн түүхийг хамгаалж буй мэт харагддаг хэдий ч мөн л эрх дарх бий болгох гэсэн оролдлого ажиглагдаж байгаа. Н.Алтанхуяг онол биш хийсэн бүтээсэндээ тулгуурлан үйл ажиллагаа явуулах шинжтэй харагддаг. Д.Эрдэнэбатын тухайд хамгийн зөв чигийг барьж байх шиг байна. Гэхдээ нийт намын гишүүд л шийднэ. Тэд хэнд, ямар оноо өгөхөө өөрсдөө л мэднэ. Арай илүү эрүүл сэтгэж байгаа нь Д.Эрдэнэбат юм болов уу. Энэ үүднээс түүнийг дэмжиж байгаа.

-Өнгөрсөн дөрвөн жилд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс намынхаа шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулахгүй байх шиг харагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нар энэ асуудлаас их хол яваа мэт байгаа?

-Ер нь бол намын гишүүний хувьд шинэчлэлийн асуудалд санаа тавьж, үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэхдээ залуучуудын хэлж буйгаар хаагаад, цензурдээд, хайрцаглаад байгаа юм алга. Тийм зүйл хийхгүйн тулд тодорхой нэр бүхий хүмүүс шинэчлэлийн асуудлаас зайгаа авчихсан байгаа. Аль болох зайнаас харахгүй бол муу бүхнийг тэдэн рүү чихнэ. Тиймээс шинэчлэл хийх гэж байгаа хүмүүсийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэсэндээ холхон байна. АН-ын гишүүд тэнэг хүмүүс биш. Тавын таван хүн нэр дэвшиж байхад зөв сонголтоо хийгээд явах байх.

-Ер нь намын шинэчлэлийн асуудал даргаас нэлээн хамааралтай болох нь ээ?

-Уг нь VI Их хурлын өмнө АН дүрмээ шинэчилье гэж байсан. Үүний дараа намын даргынхаа сунгааг хийх гэж байлаа. Нэг ёсондоо дүрмэндээ тохирсон намын даргатай болох гэж байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдал өөр байна. Их хурлын дараа шинэ уур амьсгал бий боллоо. Энэ дагуу эхлээд даргаа сонгоно. Дарга гарч ирж байж дүрмэнд өөрчлөлт хийх шийдвэр гарсан. Тэгэхээр ямар даргатай болсноос хамаарч АН ямар дүрэмтэй болох вэ гэдэг зүйл рүү орчихлоо.

-Уг нь эсрэгээрээ явах ёстой байсан юм биш үү?

-Буруу гэж хэлэхэд эрт байна. Магадгүй тухайн дарга болсон хүн өөрийнхөө үзэл бодолд тулгуурласан дүрэм бий болгохыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний харж буйгаар манай намын дүрэм консерватив намын дүрмийн дагуу хийгдэх ёстой. Ингэж чадахгүйгээр АН-ын шинэчлэл харагдахгүй.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал сөхөгдсөн. Энэ банкаар орж ирсэн гадны хөрөнгийг танай намынхан идэж уугаад дуусгасан мэт ярих юм?

-Нээлттэй ярьж байгаа асуудал. Ардчилсан намынхан шахаж шаардаж байж бүх нууц мэдээллийг ил гаргуулж байх шиг байна. Цаашид улам тод болно. Хэн нь хэн бэ гэдэг цаашид үүнээс илүү тодрох байх. Өнөөдөр би энэ асуудлыг тухайн үед ингэж шийдсэн гэдгийг ярих илүүц биз. Шалгадаг байгууллага нь шалгаад учрыг нь тогтоох байлгүй. Гэхдээ нэг зүйлд харамсаж байна. МАН-ынхан урагшаа харж ажиллаж чаддаггүй гэдгээ алхам тутамдаа харуулах юм. Ер нь юм хийх чадваргүй улс шиг байна. Ардчилсан намын алдаан дээр яаж улс төрийн тоглолт хийх вэ гэдгийг бодохоос улс эх орноо урагшлуулах тухай огт бодохгүй юм. Тэдний өөдөөс янз бүрийн авир гаргаж үг хэлэх шаардлагагүй. Удахгүй учир зүй нь олдоно биз. Мэдээж хэрэг ажил хийсэн хүмүүст алдаа байгаа байх. Гэхдээ их биш байх гэж бодож байна. Тэгээд ч саяхан УИХ-ын тогтоол гарчихлаа. Хөгжлийн банкны хөрөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулсан юм байна гэдгийг тогтоосон. Энэ шийдвэрийг МАН-ынхан гаргасан.

-Хөгжлийн банктай холбогдуулан таныг шалгаж байгаа гэсэн. Тэр шалгалт юу болсон бэ?

-Мэдэхгүй байна. Намайг шалгаж байгаа зүйл одоогоор мэдэгдэхгүй байгаа. Хэрвээ шалгаж байгаа бол намайг дуудаж, асуумаар юм. Хоёрдугаарт, би яагаад Хөгжлийн банктай холбоотой асуудалд шалгагдаж буйгаа ч мэдэхгүй байна. УИХ-д байхдаа би Эдийн засгийн байнгын хорооны даргаар болон УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан. Хөгжлийн банкны асуудал энэ хоёр албан тушаалтай ямар ч хамааралгүй бүтцийн удирдлагатай. Баримт байгаа бол гаргаж ирэх хэрэгтэй ш дээ. Б.Гарамгайбаатар гэж хүн ийм асуудлаар Хөгжлийн банктай холбогдож байгаа гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороон дарга байгаад бондын мөнгийг захиран зарцуулах ажиллагаанд оролцсон гэж хардаж байж магадгүй. Гэтэл тэр үед Ерөнхийлөгчийн шийдвэрээр Бондын зөвлөл байгуулагдсан. Тэр зөвлөлд санхүүжилт олгож болох эдийн засгийн үндэслэлтэй аж ахуйн нэгжүүд нь энэ байна гэх санал өгч байсан. Зарцуулалт зөв явж байна уу гэдгийг Төсвийн байнгын хороо хянадаг. Дарга нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байсан шүү дээ. Энэ мэтээр ялгаа салгааг нь зөв олох хэрэгтэй. Түүнээс биш Ардчилсан намынхныг буруутгадаг шуурсан үйл ажиллагаа явуулж байгаа бол эцэст нь өөрсдийнхөө хар толгойг цусдах вий дээ. Тэгэхээр надад одоохондоо ярих зүйл алга. Хэрэв задлаад ярь гэвэл зөндөө юм ярьж болно.

-Одоогийн Засгийн газрыг ямар түвшинд ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Би Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхийг зөв гэж бодохгүй байна. Ажил хийвэл боломж зөндөө бий. Ажил хийх чадваргүй юм байна, зөвхөн урдахаа ухаж амьдрах юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа болохоор юу ч ярих вэ. Гадны хөрөнгө оруулалтыг зогсоох ажлыг хэн эхлүүлсэн юм. МАН-ынхан. Г.Занданшатар гишүүн хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ би МАН-д буруу өгье гэж бодохгүй байна. Тэртэй тэргүй өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн суурийг МАН-ынхан тавьсан гэдэг тодорхой. МАН засгийн эрх авсан энэ үед төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс өөрсдөө нэг ч ажил хийж чадахгүй байна. Хүний бөгс ухаж, цүнх барьж явахдаа л сайн улсууд төрд ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Төрийн өндөрлөгүүд эрх үүргээ хуваарилж чадахгүйгээс болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу

“Өдрийн сонин”-ы №007 (5574) дугаараас

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой тохиож байна. Таны хувьд 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсны хувьд 25 жилийн өмнөх цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Үндсэн хуулийг төрүүлнэ гэдэг амаргүй ажил. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байх үе чинь 1991-1992 оны зааг. Шинэ нийгмийн тогтолцоонд шилжих шилжилт ид үргэлжилж байв. Иргэдийн амьдралд өөрчлөлт гарах нөхцөл бүрэлдэж байгаа үед Монгол Улсын Үндсэн хууль ямар байвал зүгээр вэ гэдгийг 430 гаруй депутат хэлэлцсэн юм. Тэр үед Үндсэн хуулийг хэлэлцэж байхад “Ямар удаан хуралддаг юм. Наадахаа одоо боль” гэхчилэн нийгмийн зүгээс зарим талдаа тэвчих аргагүй байсан л даа. Бага ярьж ихийг хийнэ гэсэн их бүтээн байгуулалтын үе байлаа. Бид удаан хуралдсан Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэж баталсан. Тэр утгаараа энэ Үндсэн хууль 25 дахь жилдээ хэрэгжээд явж байна. Өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтүүд 20 жилийн давтамжтай явдаг байсан. 20 жил гэдэг нийгмийн хөгжилд маш том хугацаа. Тухайлбал, 1924 оны Үндсэн хууль 1940 онд өөрчлөгдсөн. Энэ хооронд нийгэмд асар их өөрчлөлт гарсан. Хоёрдугаарт, 1940 оны Үндсэн хууль 1960 онд дахин өөрчлөгдсөн юм. Түүнээс хойш 1992 он хүртэл жижиг өөрчлөлт хийсэн явдал бий. Тэгэхээр 1992 онд шинээр батлагдсан Үндсэн хууль маань өнөөдөр 25 жилтэй золгож байгаа нь нийгмийн маш урт хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүс тэр үеийн АИХ-ын депутатаар сонгогдож байсан. Түүнээс биш АИХ-ын депутатууд гэж формальний хүмүүс байсан гэж ярьдаг. Нэг намын хүмүүсийг сонгосон болохоор тэр намынхаа үзэл бодолд хадагдсан хүмүүс шүү дээ гэж сурталчилсан. Тийм биш гэдгийг энэ Үндсэн хуулийг батлах явцад харуулсан. Үнэхээр нэг намын үзэл бодолд хадагдсан байсан бол Үндсэн хуулийн шинэчлэл явахгүй байсан.

-25 жилийн өмнөх Үндсэн хууль тухайн цаг үедээ нийцэж байсан байх. Өнөөдөр харин Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэх юм?

-Одоо бол нэг л хэвийн саарал урсгал яваад байна. Цаашдаа ийм нэг хэвийн зүйл явсаар байх уу. Дээр хэлсэн 20 жилийн үечлэлд Монголын нийгэмд маш том өөрчлөлтүүд гарсан юм. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын нийгэмд тийм өөрчлөлт гарсан уу. 25 жилийн дараа шинэ өөрчлөлтөө хүлээж байгаа зүйл нь юу байгаа юм бэ гэдэг чинь өөрөө тодорхойгүй байгаа юм. 1924-1940 оны хооронд феодалын нийгмийн тогтолцоог өөрчилж социалист нийгмийн тогтолцоонд шилжсэн болохоор Үндсэн хуулийг өөрчилж байсан. 1940-1960 оны хооронд нийтээрээ нэгдэлжих хөдөлгөөн ялж, социализмын бүтээн байгуулалт гэсэн цоо шинэ зүйлийг эхлүүлж байсан. Үндсэн хууль гэдэг чинь ийм зааг үеүдэд өөрчлөгддөг болохоос өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчилдөггүй. Одоо харин ямар шинэчлэлийг хүлээж байгаа юм. Надад лав харагдах юм алга. Өндөр сайхан байшингуудаа бариад, олон машин, зам талбайтай болно гээд яваад байвал яваад л байна. Хэрэв ингэж бодож байгаа бол энэ Үндсэн хууль байхад л хангалттай. Авлига, хээл хахуулиас салах том гарц хайж байгаа юм уу.

-Та юу гэж бодож байна вэ?

-Тийм зүйл харагдахгүй л байна шүү дээ. Би 16 жил шинэ гээд байгаа энэ Үндсэн хууль дээр ажилласан. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг 1998 онд өөрчилсөн. Үүнийг олон нийт хүлээж аваагүй. Одоо болтол зарга болсоор л байна. Үндсэн хуульд дордуулсан гээд байгаа долоон өөрчлөлт хийсэн нь цаг үеийн жижиг зүйл л байсан. Үндсэн хуульд өөрчлөлт хийх бусад хуулиар зохицуулчих асуудал байсан байхгүй юу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллах хүнийг долоон удаа буцаасан тухай асуудал нь томилогдох хүн, томилох хүн хоёрын хоорондын асуудал л байсан юм. Ийм жижиг зүйлийг хараад Үндсэн хуульдаа гар хүрч байлаа. Өмнөх парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдахад би түүнд нь орсон. Л.Цог ахалж байсан юм. Бид ярилцаад Үндсэн хуулийг өөрчлөх юм бол маш сайн ярилцаад, нухацтай хийх ёстой гэсэн. Өөрчлөлт нь 10 гаруй зүйлийн дотор л байна гэж үзсэн. Өөрчлөлт оруулах ажлын хэсгийг дахин байгуулж Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан. Бид нэг хэсэг асуудлыг боловсруулан өргөн барьсан ч тэр үед ажлын хэсэг дээр яригдаагүй зарим зүйлийг оруулчихсан байсан тул ажлын хэсгийн санал зөрсөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэдгийг ард түмнээр хэлэлцүүлээд зөвшөөрч байвал шууд өөрчлөлт оруулах байсан юм. Цаг хугацааны хувьд ч боломжгүй болсон.

Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг саналыг ард түмний зүгээс тэр бүр гаргаад байдаггүй. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг зүйлсийг УИХ, Засгийн газар л гаргачихаад байдаг юм даа. Ялангуяа Засгийн газар их сонирхолтой байдаг гээч. Тэд өөрсдийнх нь эрх багадаад байна гэдэг. Хоёрдугаарт, Засгийн газар чинь тогтворгүйтээд байна. Нэг Засгийн газрын нас хоёр жил хүрэхгүй байна гэдэг. Үүнийг судалж үзэх ёстой. Мөн Ерөнхийлөгчийн эрх хэмжээ хэтэрч байна гээд өөрсдийг нь хэлмэгдүүлж байна гэсэн утгатай зүйлийг Засгийн газар ярьдаг. Нийгмийн амьдралд зайлшгүй хэрэгтэй, Үндсэн хуулийн хүрээнд асуудлаа ярих ёстой гэж үзсэн үед нь өөрчлөлт оруулах ёстой. Төрийн өндөрлөгүүд эрх үүргээ хуваарилж чадахгүйгээс болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу.

-Гэхдээ өнгөрөгч парламентын үед баталсан хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр очоод унадаг байсан. Хууль нь нийгэмдээ таарсан байтал Үндсэн хууль нь таарахгүй байна гэдэг шүүмжлэл байсан даа…

-УИХ-ын хууль Үндсэн хууль дээр очоод унаж байгаа нь буруу биш. Тэгж явуулж байхаар тэнцвэржүүлж байхаар хийсэн юм. Их хурлаас баталсан хууль Цэц дээр очоод унахаар манайхан муу хууль гаргаад байна гэдэг. Хууль тогтоох процессыг зөв голдрилд нь оруулахын тулд зайлшгүй байж байх ёстой механизм. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нийцсэн хууль гаргахыг шаардаж байх ёстой. Ерөнхийлөгч зарим хуулиуд дээр хориг тавих ёстой байтал тэгэхгүй байгаа. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн шийдвэр нь хуулийг зөв гарах тал дээр дөхөм болгож байгаа юм. Байх ёстой процесс байж байгаа нь тэр. Зарим хүмүүс Үндсэн хуулийн Цэцийг өөрчилж шүүх байх ёстой гэдэг. Миний хувьд гадаад орнууд манай Үндсэн хуулийн Цэцийн туршлагыг судлахад гэмгүй гэж боддог.

-Үндсэн хуулийн Цэцийг манаачийн үүргээ тааруу биелүүлж байна гэдэг зүйл ярьдаг шүү дээ. Машин тэрэг авлаа гэдэг асуудал гараад л байсан?

-Цэцийг толгойлж байгаа хүмүүсийн арга барил, ёс зүй, удирдлагын соёл, зарчмыг хэр сайн сахиж чадах вэ гэдгийг харуулж байгаа болохоос Цэцийн буруу гэж байхгүй. Цэцэд ирсэн Засгийн газрын нэг заргыг аятайхан болгож өгөөд машин авахаар болчихжээ гэдэг асуудал нь өөрөө Үндсэн хуулийн асуудал биш, Цэцийн асуудал биш, удирдлагын шударга ёсны асуудал юм. Цэц гэдэг байгууллага байгаа нь буруу биш бөгөөд тэр байгууллагын эрх хэмжээг буруугаар ашиглаж байгаа хүний буруу. Цэцийн удирдах албан тушаалтны буруутай үйлдлийг Үндсэн хуулиас болжээ гэж тайлбарлаж болохгүй. Засгийн газар тогтворгүй байгаа нь Үндсэн хуулийн буруу биш, харин ч эсрэгээрээ өөрсдийнх нь хариуцлага, үйл ажиллагааны алдаатай байдлаас болдог. Тиймээс Засгийн газар Үндсэн хуульд бурууг чихэх шаардлагагүй.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард нийтээсээ асуух ёстой гэдэг байр сууриуд гарч эхэллээ. Та ямар бодолтой байна вэ?

-Ард түмнээсээ асууна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Нэг хэсэг томьёолол гаргачихаад түүнийгээ зөв үү, буруу юу гэдэг зүйлийг асууна гэж байгаа бол хэцүү л дээ. Бүх хүн түүнийг судалж, мэдээгүй байдаг. Зүгээр л дэмжье, дэмжихгүй гэдэг санал өгвөл энэн шиг өрөөсгөл зүйл байхгүй. Үндсэн хуулийг ард түмэнтэйгээ ярилцъя гэдэг чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтэн жилийн аян өрнүүлэх ёстой л доо. Ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ тодорхой болгоод ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа бол ард түмэнтэй ярилцаж байгаа тэр юм. Харин санал асуулгаар шийдье гэж байгаа бол одоогийн Үндсэн хуульд зааснаар Ард нийтийн санал асуулгын тухай хууль бий. Уг хуулиар тодорхой асуудал буюу нийгэмд тулгамдсан шийдэж чадахгүй байгаа асуудлыг яаж шийдэхээ асууя гэж байгаа бол болно. Тэгвэл нэгээс хоёрхон л асуудал байна. Манай намынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ухаантай ажиллаж чадвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад эрх зүйн талаас нь анхаарах байдлаар хийж болно.

-25 жилийн өмнө Үндсэн хууль батлалцаж байхад маш олон саналууд гарч байсан гэдэг. Тухайлбал, та ямар саналууд гаргаж байв. Хэр дэмжлэг хүлээж байсан бол?

-1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байхад би маш олон санал гаргаж тэднээс хамгийн ончтой нь “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэдэг томьёоллыг оруулж байсан юм. Сүүлийн үеийн процессоос харж байхад ард түмнээсээ асууя гэдэг зүйл гарч байна. Тиймээс ард түмний засаглал хэвээрээ байх юм байна гэж бодож сууна. Тэр утгаараа миний хэлж байсан томьёолол ач холбогдолтой байсан байж гэж харагдаж байгаа. Энэ цаашаа үргэлжлэх байх.


Categories
мэдээ цаг-үе

С.Мөнгөнцэцэг: Монголын дуурийн дуучдын хоолой байгаль дээрх үнэт чулуу шиг. Түүнийг засч өнгөлөх нь чухал

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Ж.Вердийн “Трубадур” дуурь саяхан эгшиглэсэн. Энэхүү дуурийн гол дүр болох Леонораг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг амилуулсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.


-Таны амьдралтай “Трубадур” дуурь салшгүй холбоотой гэж сонслоо. Энэ тухайгаа хуваалцаач?

-“Трубадур” бол Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг. Маш тансаг, бас цоглог. Амьдралд болж буй хүмүүсийн зөрчилдөөн, сэтгэл хөдлөлийг Ж.Верд хөгжмийн хэмнэлээр илэрхийлж чаддаг. Тийм болоод ч тэр үү, түүний бусад бүтээлүүдээс ялгагддаг. Анх сонсож байгаа хүмүүст хөгжим нь ойлгоход эвтэйхэн. Мөн хүнийг соронз мэт татаж чаддаг гэж би боддог юм. Миний амьдралд ч тэр нь батлагдсан гэж хэлж болно. Би Болгарт очоод хоёр жил болж байлаа. Тэр үед нөхөртэйгөө танилцаад удаагүй байсан. Бид хоёрын амьдарч байсан хотод “Трубадур” тавигдахаар болсон юм. Тэр ч бүү хэл миний төрсөн өдрөөр гарах байсан нь их олзуурхууштай байлаа. Ингээд төрсөн өдрөөрөө тэрхүү дуурийг үзсэн. Манай хүн анх удаа дуурь үзсэн нь тэр байсан юм.

Дуурьт нэгэн эмэгтэйд дурласан төрсөн ах, дүү хоёрын сөргөлдөөнийг харуулдаг. Гэхдээ тэр хоёр төрсөн ах, дүү гэдгээ мэддэггүй. Тэр нь дуурийн төгсгөлд тайлагддаг юм. Харин дуурийн нэгдүгээр үзэгдэл дээр ах, дүү хоёр Леонораг булаацалдаж хамтдаа дуулдаг хэсэг байдаг л даа. Тэр хэсгийг сонсоод л манай нөхөр дуурьт бүр дурлачихсан. Дуурь дуусаад л “Чи энэ дуурийг хэзээ дуулах вэ” гээд л шалгаагаад эхэлсэн. Тэр дуурийг үзчихээд гарч явахдаа нөхөртөө мэргэжлээ сайхнаар ойлгуулсандаа баяртай байсны сацуу “Трубадур”-ыг л дуулж байж би энэ хүнд дуурийн дуучин гэж ойлгогдох нь гэсэн даалгавартай гарч байлаа. Тиймдээ ч бүтэн жил “Трубадур”-ын нотыг сугавчилж явсан. Надад юм хэлж өгөх хүсэлтэй, чадвартай хүмүүс рүү аваад л очдог байлаа. Өнөөх л даалгавраа биелүүлэхийн тулд шүү дээ. Түүнийхээ үр дүнд маш олон зөвлөгөө, зааварчилгааг сонссон. Олон хүний заавар, зөвлөгөө бичигдсэн “Трубадур” дуурийн тэр нот одоо хүртэл надад байдаг.

Гэхдээ тухайн үедээ би шууд “Трубадур”-ыг шүүрч авч дуулаагүй. Учир нь энэ дуурь дуулаачаас хоолойны хүч, цараагаас гадна техник маш их шаарддаг. Миний хоолой боловсорч гүйцсэн хойно энэ дуурийг дуулах юм байна. Тиймээс хугацаа шаардлагатай, хэзээ нэгэн өдөр дуурийн дуучин болсон цагтаа дуулна гэсэн бодол тээсээр л явсан даа.

-Та одоогоос хоёр жилийн өмнө “Трубадур” дуурийг дуулж байжээ. Нөхөр тань хэрхэн хүлээж авч байв?

-Тийм шүү. Тэр үед гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон дуурийн гоцлооч Эрдэнэ-Очиртой хамтран дуулж байсан. Энэ удаад хамтрагчид маань бүрэн солигдож гоцлооч, соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван, Б.Батжаргал нартай хамтарч байна. Дуурь түүгээрээ онцлог байдаг л даа. Тоглолт бүрт заавал нэг дүр өөрчлөгддөг. Мөн сонгодог урлаг гүйцэтгэл хийж буй уран бүтээлчээсээ хамаарч тоглолт бүр шинэлэг байдаг юм. Тиймдээ ч Леонорагийн дүрийг хэн яаж амилуулах нь вэ гэдгийг үзэхээр дуурийн урлагийг шимтэн сонсогчид дахин үзэхээсээ уйддаггүй. Намайг “Трубадур”-ыг дуулахад манай нөхөр бусад дуурьт гарч байхаас илүүтэй анхаарал хандуулж, үзэхээр яарч байсан.

-Спортлог охин дуурийн дуучин болсон нь сонирхолтой санагдаж байна. Дуучин болсон тухайгаа яриач?

-Би Төв аймгийн уугуул. Миний ээж, аав урлагийн хүмүүс биш л дээ. Би айлын том охин. Гурван эрэгтэй дүүтэй. Багын л эрэлч, хайгуулч, сониуч хүүхэд байсан. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик, хөгжим, бүжиг, жүжгийн дугуйлан гээд явж үзээгүй дугуйлан үлдээгүй байх. Тэр ч бүү хэл дугуйны секцэнд хүртэл яваад аавдаа шоолуулж байлаа. Бүх л зүйлд өөрийгөө сорьж үзсэнээрээ хүүхэд буруутдаггүй юм билээ. Тэгж л урлагийн хүн болох хүсэлтэйгээ мэдэрсэн дээ. Гэхдээ би санамсаргүйгээр л СУИС-ийн дуулаачийн ангид орсон юм. Учир нь кино, драмын ангид орох сонирхолтой байсан боловч манай Төв аймагт дуулаачийн хуваарь ирж таарлаа. Тэр үед ямартай ч СУИС-д оръё. Дараа нь кино, драмынхаа ангид орж болох байх гэсэн бодолтой байв. Гол зорилго нь л жүжигчин болох байсан хэрэг. Ямартай ч дуулаачийн ангидаа ороод эхний хоёр сар ч боллоо. Харин тэр үед миний мэргэжлийн багш гавьяат жүжигчин Дашиймаа надад маш их урам өгч, хонгилын үзүүрт гэрэл байна шүү гэдгийг ойлгуулсан. Надад “Дуурийн дуучнаас микрофонгүй тэр орчинд оркестр болоод хоорыг давж гоцолж дуулахын тулд хоолойны чадал, техник маш их шаарддаг. Мөн сайхан бие галбир чухал байдаг. Чи өөрөө европ төрхтэй. Энэ бүхэн чамд бүгд байна. Ерөөсөө л чи боловсрох хэрэгтэй. Тэгж л чадвал чи маш сайн дуурийн дуучин болж чадна” гэсэн юм. Түүнээс хойш дуурь их үздэг болсон доо. Дуурь үзээд нэг зүйлийг сайн ойлгож авсан. Дуурийн дуучин дуулахаас гадна дүр бүхнээ амилуулж жүжиглэдэг юм байна гэдгийг ойлгосон. Харин нэгдүгээр курсээ төгсөхдөө л би дуурийн дуучин болохоор шийдчихсэн байсан. Хэзээ ч эргэж буцахааргүй болтлоо дурлачихсан байлаа.

Харин хоёрдугаар курс төгсөхдөө гавьяат жүжигчин Банди гуайн нэрэмжит Мэргэжлийн залуу дуучдын Улсын анхдугаар уралдаанд ороод гуравдугаар байрт орсон. Үнэхээр миний багш эргэлзэж байсан үед минь урам өгч, гэрэл гэгээ хайрлаж чадсан. Болгарын хөгжмийн академид дуурийн дуулаачаар сурах хуваарь ирж, түүнд өрсөлдөж тэнцсэн минь амьдралын сайхан мөчүүдийн нэг байлаа. Мэргэжилдээ эргэлт, буцалтгүй дурлачихсан учраас бүх л сэтгэлээ гарган суралцдаг байв. Тиймдээ ч өдий зэрэгтэй явж, энэ тайзан дээрээ байгаа гэж боддог.

-Та Болгарын дуурийн театрт ажиллаж байсан. Тэр карьераа орхиод Монгол руугаа явах сонголтыг хийхэд хэцүү байв уу?

-Болгарын дуурийн театрт хоёр жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Европын орнуудаар олон улсын дуурийн составд орж гол дүрд нь дуулж явлаа. Миний карьер гэрэл, гэгээтэй байсан л даа. Гэхдээ нөхөртэйгөө танилцаад бараг долоон жил болчихсон байсан учраас үр, хүүхэдтэй болохыг хүссэн юм. Тэгээд л Монгол руугаа явахаар шийдсэн. Харин нөхөр маань сонголтыг зөвхөн надад л үлдээсэн. Монголд очоод сонголтдоо хэзээ ч харамсахгүй гэж бодож л хийсэн юм. Маш хэцүү сонголт байсан. Энэ чигээрээ цааш үргэлжлүүлээд явбал хэр хол явах байсан бол гэсэн бодол мэдээж төрдөг л байв.

Гэхдээ л би хүүхэдгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байлаа. Өнөр өтгөн, элэг бүтэн гэр бүлтэй болохыг маш их хүссэн. Тийм болохоор сонголтдоо хэзээ ч харамсдаггүй. Яахав, би дуурийн дуучин тиймээс хань ижил, үр хүүхэд надад хэрэггүй гэж явж болох л байх. Ер нь ч дэлхийн хэмжээний карьер эмэгтэй хүнээс тийм л зүйлийг шаарддаг. Тиймдээ ч ихэнх эмэгтэй дуурийн дуучид хүүхэдгүй, зарим нь ганцхан хүүхэдтэй. Хоёроос дээш хүүхэдтэй хүн өдрийн од шиг л байдаг. Учир нь театрууд төлөвлөгөөгөө шахаад олон жилээр гаргачихсан байдаг болохоор жирэмслэх, хүүхдээ төрүүлчихээд эргээд формондоо орох гэсэн ойлголт байдаггүй.

-Одоо ам бүл хэдүүлээ вэ?

-Миний хүсэл биелсэн. Гурван хүүхэдтэй. Сүүлийн гурван жилд хоёр хүүхдээ гаргасан. Гэсэн хэдий ч тайзнаасаа удаан хөндийрөөгүй. Ажил, амьдралаа зохицуулаад явж байна даа.

-Та энэ онд тоглолтоо хийнэ гэсэн үү?

-Энэ онд маш их зүйлийг төлөвлөж байна. Хувийн уран бүтээлээ хийхийн тулд маш их цаг, хөлс хүч, өндөр зэрэглэлийн форм шаардлагатай. Дээд зэргийн формтой байж цаг хагас, хоёр цагийн тоглолтод дуулах чадвартай байна. Бие даасан тоглолтод дуу, аринууд ч бай, дуэт ч байсан гэсэн мэргэжлийн дуучны чадал чансааг тэр бүтээлүүд шалгадаг. Ямартай ч намраас бие даасан тоглолтоо хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ ямар сэдвээр хийх болоод онцлог нь юу байх вэ гэдгээ хараахан бодоогүй байгаа. Мөн өмнө нь дуулж байгаагүй хоёр ч дуурийн гол дүрд гарна.

-Дуурийн дуучдын амжилтын буухиа үргэлжилсээр байна. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Манайхан маш авьяаслаг, байгалиасаа заяасан нөөцтэй хүмүүс. Тэр дундаа Монголын дуурийн дуучдын хоолой яг байгаль дээр байж байдаг үнэт чулуу шиг л санагддаг. Яг Монголын минь байгалийн баялаг шиг гэж хэлж болно. Харин түүнийг өнгөлөх нь чухал. Тэгж чадвал маш их нөөц, боломж бий. Мэргэжлийн сургуулиуд болоод театр маань өнөөдрийн дуучдыг сайн өнгөлж байгаа. Тиймээ ч дуурийн дуучид дэлхийн хэмжээнд чадал, чансаагаа илэрхийлж байгаа юм. Ер нь манайхан сүүлийн найман жил Монгол гэх нэрийг дэлхийд тамгалж чадлаа гэж би нүүр бардам хэлэх дуртай. Тэр дундаа эрэгтэй хоолойгоор дэлхийг бишрүүлж чадаж байгаа. Түүний жишээ болж Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Э.Анхбаяр гээд залуус дэлхийд дуулаад эхэллээ шүү дээ. Тэр хэмжээгээрээ Монголын сонгодог урлагийг сурталчилж чадаж байна. Ер нь гадны удирдаач, уран бүтээлчид ирээд манай дуучдын ур чадварыг магтацгаадаг. Манай театрын үндсэн бааз нь маш сайн бэлтгэгдсэн байдаг. Одоо улам хөгжихийн тулд шинэ залуу боловсон хүчинтэй болох шаардлагатай гэж бодож байна.

-Та мөрөөдлөө биелүүлсэн үү?

– Ер нь уран бүтээлч хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. “Дон Жуан” дуурийн Донна Анна, “Травиата” дуурийн Виолеттаг дуулах юмсан гэсэн хүсэл бий. Хэдий том том дүрд дуулж байгаа ч гэсэн би Виолеттаг яаж гоё хөнгөлж, техникүүдийг гаргаж дуулахав гэсэн бодлууд байдаг юм. Тэр техникүүдийг сурснаар би хэрхэн хөгжив гэх мэт. Харин хувь хүнийхээ хувьд мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Маш сайхан ханьтай, үр хүүхдүүдтэй. Тиймээс одоо уран бүтээл дээрээ илүү анхаарах бодолтой байна.

О.Ариунцэцэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хууль

1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн АИХ-ын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан. Уг комисс жил хагас ажиллаад шинэ Үндсэн хуулийн төслөө Улсын бага хуралд хүлээлгэж өгсөн. Үүнийг УБХ цааш нь Ардын их хуралд өргөн барьсан. 430 гишүүн бүхий АИХ үүнийг 76 хоногийн турш хэлэлцээд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталснаар Монгол Улсын түүхийн нэгээхэн шинэ хуудас нээгдсэн билээ.

Энэ нь Монголын дөрөв дэх Үндсэн хууль байлаа. Яг үнэндээ бидэнд төр нийгмийн байгууламжийн зураглалыг бие даан боловсруулж хуульчилсан туршлага бараг үгүй байв. Анхны Үндсэн хуулийг Коминтерний төлөөлөгч асан Ринчино, Рыскулов нар би хийсэн, би хийсэн хэмээн хоорондоо маргалдаж улмаар хүчтэй муудалцаж байлаа. 1940 оны Үндсэн хууль нь 1937 оны Сталины Үндсэн хуулийн санаагаар зохиогдсон зөвлөлтүүдийн бүтээл байв. Хөрөнгө хурааж мал нийгэмчилснээр БНМАУ нь хувийн өмч гээч юм огт үгүй нийгмийн шинэ хэлбэрт орлоо гэж үзээд зохиогдсон 1960 оны Үндсэн хууль нь хууль эрхийн хувьд хүчин төгөлдөр бус байжээ. Юу гэвэл тухайн үеийн Ардын их хурал үүнийг батлаагүй. Дивтаат нөхөд эсэргүүцээд батлаагүй юм биш, хэлэлцэх явцад нь Цэдэнбал үүнийг дахин засварлах хэрэгтэй гэж буцааж аваад ноороглон засварласан боловч түүнээ дахин албан ёсны хууль тогтоох байгууллагаар оруулалгүй тэр чигт нь “мартчихсан” юм.

1990 онд өнөөгийн дэлхий ертөнцийн тухай, тэр дундаа чөлөөт ардчилсан, зах зээлийн нийгмийн талаарх ойлголт бидэнд тун тааруу байлаа. Гадарладаг ганц нь Чимид гуай, комиссын гишүүд бидний хувьд өвгөний боловсруулсан хуулийн нооргийг голдуу л тайлбарлуулах хэрийн зиндаатай. УИХ-ын гишүүний хугацааг таван жилээр тогтъё гэсэн санал гарахад Чимид гуай “Нэгд, бид шинэ тутам ардчилж байгаа учир гишүүд богино хугацаагаар солигдож байсан нь дээр. Хоёрт, парламентын сонгодог гэх ардчилалтай Герман, Япон, Англи орнуудад сонгуулийн хугацааг харин ч гурван жилээр авдаг юм байна. Тэгээд ч таван хошуу, таван жилийн төлөвлөгөө, таван жилийн гавшгайч гэсээр байгаад тав гэсэн тоо дэндүү улиг болоод нийгмийн сэтгэлгээнд тааруухан тусна” гэж тайлбарлаж байсан даг. Лав л “хүн таван хуруутай” гэх маягийн марзан юм хэлээгүй.

Чимид гуай голлож боловсруулан Ардын их хурлаар батлагдсан манай шинэ Үндсэн хууль нь зарчмын хувьд маш сайн, өнөөгийн ертөнцийн жаяг, жишигт таарсан баримт бичиг. Энэ бол илүүтэй шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нийгмийн хөгжлийн явцад нэмж засварлах зайлшгүй шаардлагатай гэдгийг Чимид гуай байнга хэлдэг байсан. Гэхдээ засаж байгаа нь энэ гээд дордуулчих вий гэдгээс их эмээдэг байлаа. Олон жилийн дараахь өндөрлөг болон туулж ирсэн замд тохиосон ээдрээтэй гацаанаас харах ахул 1992 оны Үндсэн хуульд дутуудуулсан, тодорхой бус, заримдаа илт тохирохгүй заалт нэг бус буй нь мөн л нэг бус удаа нүдэнд тусах битгий хэл гарт илт баригдаж байлаа.

Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэр гаргах процессыг тодорхой гаргаж өгөөгүйгээс болж үүнийг тодорхой эрх мэдэлтэн болон бүлэглэлийн тухайн үеийн эрх ашигт тохируулан яаж ч хувирган засах бололцоог олгосон. Ардчилсан төр нь биенээсээ үл хамаарсан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах гурван өндөрлөгт хуваагддаг атал “УИХ нь төрийн эрхийг барих дээд байгууллага мөн” гэснээр бүхнийг дангаар мэдэж байдаг бүлэглэл үүсэх үүдэл болсон ба энэ “дээд байгууллага” журмаар бол ижил зиндааны байх ёстой нөгөө хоёроо үзэмжээрээ дарамтлан дээр нь гараад суучихдаг бүлэглэл болон хувирсан. Мөн хуульд олон зүйл тодорхой заагдаагүйгээс болоод дураар тайлбарлан эрх мэдлийг булаацалдан төрийн механизмыг гацаах гол хөшүүрэг болжээ. Сонгуулийн хуулийн зарчмыг хэлж өгөөгүй учраас сөргөлдөгч талууд тухайн үед өөрсдөдөө ашигтай хувилбарыг хүч түрэн нэвтрүүлсээр ирлээ. Шүүхийн тогтолцоо болон бүрэлдэхүүнийг ард түмэнд биш тухайн эрх мэдэлтнүүдэд даатгасан нь хуйвалдаан үүсэх гол хаалга болсоор ирлээ. Чухам иймээс шүүх засаглалын бие даасан байдал буй болж чадахгүй явсаар өдий хүрчээ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхойгүйгээс болж түүний эрх мэдэл хуваалцах хүрээ нь тухайн хүний идэвхээс хамаарч маш хязгаарлагдмалаас маш өргөн хүрээг хамаарч ирсэн юм. Хууль тогтоогчдын олонхийн болон цөөнхийн эрх мэдлийн хуваарилалтыг нарийн зааж өгөөгүйгээс болоод заримдаа олонхи нь дарангуйлагч болдог, заримдаа болохоор цөөнхдөө барьцаалагдсан хөөрхийлөлтэй субьект болдог. Монголын парламент аль алиныг нь туулан амссан. Иймэрхүү жишээ цөөнгүйг дурдаж болно.

Үүнээс болоод Үндсэн хуулийн үзэл санааг гуйвуулах, зориудаар зөрчих, өөрийн үзэмжээр тайлбарлан гүжирдэх, санаатайгаар зөрчих үйл явдал тасралтгүй гарсаар ирсэн юм. Үүний тод жишээ нь өнгөрсөн хорь гаруй жилд учиргүй олон Засгийн газар ээлжлэн гарч ирж бүлэглэлүүд биенийгээ унагасаар улс орны амьдралыг тогтворгүй найдваргүй болгосоор ирсэн явдал билээ. Шинэ Үндсэн хуулиас өмнө 1990 онд Монгол Улс Сайд нарын зөвлөл хэмээх гүйцэтгэх засаглалын хэлбэрээс татгалзаж Засгийн газар хэмээх өөр хэлбэрт шилжсэн билээ. Сайд нарын зөвлөл бол төрийн яамдыг төлөөлсөн төлөөлөгч болох сайд нар нийлж зөвлөл байгуулаад Сайд нарын зөвлөлийн даргын удирдлага дор хэлэлцэн шийдвэр гаргадаг байгууллага. Засгийн газар бол Ерөнхий сайдын санал болгосон сайд нарын бүрэлдэхүүн ба тэд нь төрийн яамдыг төлөөлж цуглах биш, Ерөнхий сайдаас томилогдсон сайд нар тухайн яамдыг хариуцан бодлогыг нь удирддаг байгууллага. Энэ хоёрын ажиллагааны зарчим нь эсрэг чиглэлтэй юм. Үндсэн хуулийн зарчмаар гагцхүү Ерөнхий сайд л УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ёстой ба танхим дотроо чухам тэр л эцсийн шийд гаргах учиртай. Үүнийг Үндсэн хуульд тодорхой хэлсэн ба огцруулах асуудал гарвал юун түрүүн дараагийн Ерөнхий сайдыг дэвшүүлэн баталсны дараа л огцруулсанд тооцож шийдвэр эцсийн болно гэсэн нь Засгийн газрын мөн чанарыг тодорхой илэрхийлж буй хэрэг юм.

Гэтэл Үндсэн хуулийн энэхүү заалт зарчмыг сүүлийн хорин жилд санаатай болон санаандгүйгээр байнга зөрчсөөр ирлээ. Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны Засгийн газрын хуралдаан яг л парламент шиг асуудлыг гар өргөж олонхиор шийдэж байв. Дараагийн Ерөнхий сайд нар ээлж дараалан хууль бусаар огцорч байсан ба оронд нь буй болсон онгорхой зай заримдаа бараг жил шахам эзэнгүй байж огцорсон Ерөнхий сайд СҮГ гэсэн үүрэг гүйцэтгэж байлаа. “Шүд сугалах” гэж нэрлэгдэх болсон дуртай нэг нь санаачилга гарган хуйвалдааны замаар Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь огцруулах ажиллагаа олон давтагдсан. Гэтэл Үндсэн хуулийн зарчмаар сайд нарыг огцруулах, солих явдал нь зөвхөн Ерөнхий сайдад хамаатай, бүрэн эрхийнх нь асуудал юм.

Засгийн газраас Ерөнхий сайдаар томилогдон төрийн яамны бодлогыг хариуцах үүрэгтэй сайд нар яаман дээр ирүүтээ л цэвэрлэгчээс нь авахуулаад бүгдийг нь сольж холин төрийн бодлогын уламжлалыг бусниулан эвдэн сүйтгэх ажиллагаа явуулдаг болсон нь ердийн үйл явдал болсон ба үүгээрээ Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаагаа өөрснөө ч мэддэггүй, Үндсэн хуулийн Цэц ч ойлгодоггүй байсаар өдий хүрлээ.

1999 оны эцсээр УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийг янз бүрээр хараан зүхдэг авч үнэндээ өөрчлөлт орсон гэхээсээ нэмж тодотгосон заалтууд байсан юм. Үндсэн хуульд буй “зөвшилцөх” гэсэн нэр томьёог өөр өөрийн үзэмжээр тайлбарлаж төрийн механизмыг гацааж байлаа. Үүнээс болоод парламент Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилж чадахаа болиод зөвшилдөгч тал үүнийг гацаах, өөрөө нэр дэвшүүлэн шахах байдал үүссэн байсныг тодотгон зассан. Тухайн үед хуралдааны шийдвэр гаргах квот хэт өндөр байсныг далимдуулж сөрөг хүчин 160 гаруй удаа хурал хаяснаас болж төрийн ямар ч шийдвэр гарч чадахаа больсон гашуун туршлага дээр үндэслэн квотыг багасгасан. Хүн томилох асуудлыг нууцаар шийддэг байсан нь хуйвалдан бүлэглэх, төрийг нууцаар хуйвалдан хүчгүйдүүлэх бололцоо үүсгэж байсныг өөрчилж илээр санал өгүүлдэг болгосон. Чухамхүү энэ өөрчлөлт, үнэн чанартаа бол тодотголын хүчээр олон зүйл засарсан юм.

Үндсэн хуулийг шинэчлэх, шинээр зохиох, өөрчлөх, тодотгох талаар сүүлийн 15 жилд олон удаа яригдлаа. Нэг талаас нэгэнт үйлчилж буй Үндсэн хуулийг ойлгохгүйгээсээ юм уу ойлгосон ч зориудаар байнга зөрчсөөр ирсэн мөртөө бурууг Үндсэн хууль руу чихэх нь зөөлөн хэлэхэд шударга бус хэрэг. Нөгөө талаас үнэхээр ч Үндсэн хуулийг засах, өөрчлөх, сайжруулах шаардлага буй боловч үүнийг буруу аргаар улайран хүчилж хийх нь хожим засах аргагүй хохиролд орно.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт тодотгол оруулах гэж байгаа бол үүнийг тухайн УИХ-ын бүрэлдэхүүн дотор ярилцан шийдэж болно. Харин зарчмын өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ нь нэлээд нарийн төвөгтэй асуудал. Үндсэн хуулийн асуудлаар ард түмнээс санал асуулга явуулах тухай их ярьж байна. Ард түмэн гэдэг бол эцэстээ хуулийн утгаараа абстракц ойлголт юм. Иймээс аль ч иргэншсэн оронд ард түмнээс санал асуулга авах болбол “тийм”, “үгүй” гэсэн хариулт авдаг болохоос ард түмэн хууль баталдаггүй. Жишээлэхэд, “Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын уу” гэх маягтай. Яагаад гэвэл өнөөгийн ертөнцөд хаана ч түүний дотор Монголд төлөөлөх ардчиллын зарчим байгаа болохоос эртний Герег дэх Афиний бүх нийтийн ардчилал тогтоогүй, тогтох ч бололцоогүй. Гэхдээ энэ нь тухайн цаг үед түр хугацаагаар сонгогдсон бүлэг хүмүүс хоорондоо ярилцаад нийт ард түмний эрх ашгийг хөндсөн Үндсэн хуулийг зарчмын хувьд дураар өөрчлөн засч болно гэсэн үг ерөөсөө биш. Энд нэмж тодотгох тухай яриагүй тогтолцоо механизмыг хөндөх тухайд хэлж байгаа юм. Иймээс нийгмийн янз бүрийн бүлэглэл, эрх ашгийн нэгдлийг оролцуулсан комиссоос Үндсэн хуулийн шинэчилсэн хувилбарыг боловсруулаад УИХ-д өргөн барих зарчим байдаг нь өнөөгийн иргэншсэн ертөнцийн тогтсон хууль. Алив хуулийн үзэл санааг авч үзэж байгаа субьектүүд хэн ч байлаа гэсэн юун түрүүн өөрийн болоод өөрөө хамаарч байгаа бүлэглэлийн эрх ашгийг юун түрүүн анхаардаг. Энэ нь ерөөс хүний мөн чанар. Гэтэл чөлөөт нээлттэй нийгэм нь маш олон бүлэг эрх ашгийн нийлбэр юм.

Хэрэв Үндсэн хуульд зарчмын өөрчлөлт оруулах гэж байгаа бол үүнийг зөвхөн тухайн цагт сонгогдсон УИХ-ын гишүүдийн дотор боловсруулах бол юун түрүүн тэдний эрх ашиг нэгдүгээрт тавигдана. Тодорхой хууль нь нийгмийн тодорхой хэсгийн эрх ашгийг хөнддөг бол Үндсэн хууль нь нийт ард түмний эрх ашгийг хөнддөг учраас л ийм логик, ийм гаргалгаа, ийм зарчим байдаг юм даа.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр улсын аваргын тэмцээний +100 кг-д түрүүллээ

Бөхийн жүдо барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө боллоо. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг 376 жүдоч аварга болохын төлөө өрсөлдөв.

Өнөөдөр олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдаж, түрүүллээ. Тэрээр шигшээ барилдаанд “Женко” клубийн бөх Б.Сугаржаргалыг ялсан юм. Энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших, Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртлээ.

Маргааш багийн аварга шалгаруулах барилдаанаар тэмцээн үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

НББСШУ-ы байнгын хороо 4 асуудлыг хэлэлцлээ

НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДИЙН ХООЛ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав.

Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаж эхэлснээр эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөх болсон хэмээн Эрүүл мэндийн сайд хэлсэн. Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил хэрэгжсэн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон. Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдсон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжпийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болж байна гэлээ.

Иймд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйл, бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалтыг оруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, М.Билэгт, С.Чинзориг нар санал хэлсэн. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Мөн хуралдаанаар Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа.

Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах шалтгаан нь анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаатай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд хэлсэн.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр (108 иргэнд амьд донороос, 10 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 28 иргэнд элэг (27 иргэнд амьд донороос, 1 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 2 иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээний нийт зардалд ойролцоогоор 16-85 сая төгрөг шаардагдаж буй аж.

Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна гэж сайд онцолсон.

Дэлхий дээр дунджаар нийт хосын 12 хувь нь үргүйдэлтэй байдаг. Үргүйдлийн тархалт жил ирэх тусам ихсэж байгаа, ялангуяа хөгжиж байгаа орнуудад осол, гэмтэл, бэлгийн замаар дамжих халдварын шалтгаант үргүйдэл давамгайлах хандлага ажиглагдаж байна. Төмсөг, өндгөвчний төрөлхийн болон олдмол дутмагшил, удамшлын зарим хам шинж, төрөлхийн гаж хөгжил, хавдрын эмчилгээ зэргийн үед үйлчлүүлэгчийг үргүйдлийн эмчилгээнд хамруулахад зөвхөн донор бэлгийн эс шаардлагатай байдаг ба мэс заслын улмаас умай тайруулсан, авахуулсан, умайн төрөлхийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүд зөвхөн тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болох боломжтой байдаг байна.

Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үөийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийн орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байна.

Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг, О.Баасанхүү нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд хууль батлагдсанаар ямар дэвшил гарах талаар тодруулж байлаа.

Эрүүл мэндийн сайд, хууль батлагдсанаар хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан амьдрал бэлэглэж, тэдгээрийн амьдралын чанар нь эрс сайжирч эрүүл хүнтэй адил ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ гэлээ. Мөн донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

Донорын эс, эд, эрхтэн бүртгэх, хуваарилах, мэдээллийн нэгдсэн сан үүсэх, шударга хуваарилах боломж бүрдэх аж. Түүнчлэн үүдэл эсийн үндэсний банк байгуулагдсанаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж 1, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болно хэмээн хариулсан юм.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЯВУУЛАВ

Түүнчлэн мөн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулснаа байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Батнасан, Д.Ганболд нар ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсны дараа, тус ажлын хэсгээс танилцуулсан болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын Удирдах зөвлөл дэд сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа юм байна. Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл гарлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэрс дуулдаж буй. Тус яамны дэд сайд байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон.. Тиймээс түүний оронд томилогдох хүнийг МАН-ын Удирдах зөвлөл ойрын хугацаанд шийдэх гэж байгаа бололтой.

Categories
мэдээ спорт

Г.Алтанбагана өрсөлдөгчөө найман секундэд цэвэр яллаа

Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 16 бөх өрсөлдлөө. “Алдар” спорт хорооны бөх, Армийн Дэлхийн аварга Г.Алтанбагана “Хилчин” спорт хорооны бөх Б.Бат-Эрдэнэ нар аваргын төлөө барилдаж Г.Алтанбагана өрсөлдөгчөө 8 секундэд цэвэр яллаа. Жүдогийн академийн бөх О.Хангал, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх Э.Мөнхжаргал нар хүрэл медалийн болзол хангалаа.

Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн 70 кг-н жинд “Женко” клубын тамирчин Б.Хулан алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн УАШТ-ий хоёрдахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-н жинд “Женко” клубийн тамирчин Б. Хулан алтан медаль хүртлээ. Тэрээр “Хилчин” спорт клубын тамирчин Б.Хонгорзулыг ялан ийнхүү аваргын алтан медалийг анх удаагаа хүртлээ. Харин хүрэл медалийг “Боржигон” клубын тамирчин М.Баяртуул, Жүдогийн академийн тамирчин А.Бадамгарав нар хүртлээ.

О.ӨНӨР