Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Гал унтраах гэж нэмж зээл авах нь эдийн засгийн асуудлыг шийдэхгүй харин ч доройтуулна

Эдийн засагч Х.Батсуурь хоцронгуй хөгжилтэй орнуудын хөгжлийн бодлого, уул уурхайгаас хараат орнуудын эдийн засгийн тогтолцоог судалдаг. Тэрбээр Лондонгийн Эдийн засгийн их сургууль (LSE)-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн нэгэн.


-Та бараг хоёр жилийн өмнө 2017 онд Монгол дампуурал зарлах хэмжээний хямралд хүрнэ гэж байсан. Яг одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Яг одоо Монголд гадаад өрөөс үүдэлтэй ноцтой хямрал нүүрлэж байна. Бусад хүчин зүйлс бас нөлөөлж байгаа. Шууд утгаараа мэдэгдэхгүй байж болох ч ерөнхий сууриар нь харвал 2009 оны хямралтай харьцуулбал хамаагүй ноцтой үр дагавартай. Сүүлийн 26 жил явж ирсэн улс төр, эдийн засгийн бодлогын уршигт үр дагаврыг амсах цаг хугацаа ирсэн байна. Муу амлалаа гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ бодит үнэнийг хэлэхгүй, аюул тулгарахаар толгойгоо элсэнд шаачихаад аюул өнгөрлөө гэж итгэдэг цацагт хяруул шиг бол байдал улам хүндэрнэ. Бодит байдлыг үнэлж цэгнээд зөв дүгнэлт хийвэл хямрал, дампуурлын нөхцөл байдлаас үүсэх уршигт үр дагаврыг нимгэлэх хөнгөлөх зөв арга хэмжээ авахад тустай.

-Монгол дампуурлаа гэж хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс цөөнгүй байна. Ийм нөхцөлд эрх баригчид зээл авч өрөө дарах, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхөөс өөр арга бодож олж чадахгүй байна. Зүй нь ийм нөхцөлд ямар алхам хийх ёстой вэ?

-Хамгийн нэгдүгээрт хямрал бол боломж гэж харж байна. Боломжийг ашиглаж чадах уу гэдэг том асуудал. Одоогийн Монголын улс төр, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг харвал боломжийг ашиглахгүй шинжтэй харагдаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал бидэнд түүхээ эргэж харах, юун дээр алдсанаа бодитоор дүгнэх хэрэгтэйг сануулж байна. Дүгнэлт хийгээд хямралаас гарах, тууштай тогтвортой хөгжлийн замд оруулах ёстой. Гэтэл эргэж харж байгаа юм алга. Ямар дүгнэлт хийсэн нь ч мэдэгдэхгүй байна.Түр зуурын арга хэмжээ авч, хагас жилээс хоёр жилийн хугацаанд эдийн засгийг торгоож байна. Цаашдаа эдийн засаг бүр ч илүү хүндрэх төлөвтэй. Хямралд дүгнэлт хийгээд суурь тогтолцоогоо руугаа харсан урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлж эхлэх учиртай.Харамсалтай нь хямралд хүргэсэн хүмүүс нь өөрсдөө төр засагт байгаа учраас үүнийг хийх хүсэл эрмэлзэл бага бололтой. Тийм учраас гал унтраах арга хэмжээ аваад л явна. Гал унтраах гэж нэмж зээл авахыг хэлж байгаа юм. Энэ нь эдийн засгийг доройтуулж байгаа асуудлыг шийдэхгүй харин ч улам хүндрүүлнэ.

-Зээл авна л гэцгээх юм. Гэтэл Монголд зээл өгөх сонирхолтой улс орон, олон улсын байгууллага олон биш юм биш үү?

-Олон бишээр барахгүй, байхгүй байна шүү дээ. Сая Орос, Хятад, Энэтхэгээс гуйлаа. Кувейтээс, Саудын Арабаас гуйлаа. Өөр хэнээс гуйсныг бид мэдэхгүй.Цаадуул нь шууд өгөхгүй гэж хэлээгүй ч болзол нөхцөл тавих, та нар юу хийх гэж байгаагаа харуул гэх жишээтэй. ОУВС-гаас зээл авах зам үлдсэн. Энэ зээл дуншсаар байна. “Стэнд бай” хөтөлбөр гэдэг бол дампуурсан, дампуурлын ирмэгт байгаа улсуудад өгдөг зээл.Зах зээлийн үнээс арай хямд. Гэхдээ Засгийн газрын хүсээд байгаа шиг 2-4 тэрбум ам.доллар өгөхгүй шүү дээ.“Стэнд бай” гэдэг тусгай нөхцөл болзолтой. Хэмжээ заачихсан байгаа. Монгол Улс ОУВС-гийн гишүүн. Гишүүн орныхоо хувьд тодорхой хувийг эзэмшиж байгаа. Тэр хувь, дээр нь манай эдийн засгийн хэмжээ гэж бий. Үүнд тулгуурлаж хэдий хэрийн зээл Монголд өгөх вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Миний тооцож байгаагаар 400-500 сая доллар л авах боломжтой юм билээ. Өөр бусад хөтөлбөрөөс нэмж зээл авах боломж байж болно. Гэхдээ хэцүү. Авсан зээлээ юунд өгөх юм. ОУВС-гаас зээл өгөхдөө болзол нөхцөл тавина. Тэгвэл одоо байгаа жаахан мөнгөө төлбөртөө өгөх боломж гарах байх. Тэгж л дампуурлаас түр зууртаа зайлсхийх боломж хайж байгаа болов уу. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөр бий болсон цагаасаа маш их шүүмжлэл дагуулсан. Хэдийгээр түр зууртаа аварч байгаа мэт боловч урт хугацаандаа зээл олгосон улс орнуудаа дөнгөнд оруулдаг гэдэг. Харин энэ шүүмжлэлийн үр дүнд сүүлийн хэдэн жил “Стэнд бай”-гийн болзол нөхцөлийг нэлээд зөөллөсөн. Бүх юмаа хувьчил, улсад өмч байж болохгүй. Суурь бүтэц болох цахилгаан станц, усан хангамж, зам харилцаа, тээвэр энэ бүгдийгээ хувьчил, хувьчлахдаа гадны компаниудыг оролцуул гэх мэт болзол тавьдаг байсан. Харьцангуй гайгүй болсон гэж судлаачид ярьдаг болсон. Засгийн газарт ямар нөхцөлөөр зээл өгдөг нь нууц байдаг.

-Ц.Мөнх-Оргил сайд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй гэж аргадаж байхыг бодвол урд хөршөө ч юмуу царайчлахаас өөр замгүй болсон шиг байгаа юм. Дэлхийд дээгүүрт орох зах зээлтэй хөршүүдийн зүгээс бидэнд ямар шахалт үзүүлж болох вэ.Газар нутгаасаа өрөнд өгчих вий гэсэн болгоомжлол явдаг. Нэг үгээр хэлбэл дампуурлаа зарлавал юу болох вэ?

-Дампуурлын ирмэгээс яаж зайлсхийх вэ гэхээр мэдээж зээл авна. Өөр гарцууд гэхээр газар нутгаа зарж болно. Газар нутгаасаа шууд зарчихгүй байх. Урт хугацааны газрын түрээс буюу 50-100 жилээр түрээсээр өгөх маягаар өгч болно. Гэхдээ үүний цаана нууц тохиролцоо явагдаж магадгүй. Нөгөө талаас том уул уурхайнуудаа маш хямд үнээр өгч болно. Таван толгойд ийм хардлага яваад байгаа. 400 сая доллараар 51 юм уу 49 хувийг нь зарах гээд байна гэсэн хардлага яваад байгаа. Хардлага явах нь зүй. Ийм нөхцөлөөр газар нутгаа, том уул уурхайгаа алдсан Африк, Латин Америкийн улсууд бий шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөнжилТажикстанГорно-Бадахшанскгэдэг газраа Хятадад өрөндөө өгчихсөн. Хятадынцэргүүдоржирээд хэсэг газрыг нь мэдэлдээ авсан.Иймэрхүү нөхцөл үүсэх боломжтой.Зээл нэмж авч байгаагийн цаана ямар тохиролцоо явааг мэдэхгүй. Урт хугацааны түрээс гэдэг Монгол шиг хүч чадал багатай улс орны хувьд шууд газраа алдаж байгаа хэрэг. Бид Хонконгийг мэднэ. Манж чин улсын үед Хонконгийг Их Британи улс 99 жилийн түрээс нэрээр авчихсан. Их Британийн колони байлаа шүү дээ. Хэрвээ Хятад хүчирхэгжээгүй бол Хонконгийг буцааж авч чадахгүй байсан. Манайх бол түрээсээр нэгэнт өгчихвөл буцааж авч чадахгүй л дээ. Манай газрыг яаж ашиглаж болох вэ гэхээр газар тариалан, эсвэл ухдаг юм уу, цөмийн зэвсэг турших газар болгодог юм уу тийм л хэлбэрээр ашиглаж магадгүй.

-Зарим олон улсын байгууллага Монголд учирсан хямрал богино хугацааных. Алсдаа эерэг ирээдүй байна гэх мэтээр дүгнэсэн харагдаж байсан?

– Дэлхийн банк, ОУВС Монгол Улс 2017 онд дампуурах эрсдэлтэй гэж хэзээ ч хэлэхгүй. Үүнийг монгол хүн л хэлсэн. Тэд үндсэндээ юу хэлбэл зохистой байна вэ гэхээс биш бодит үнэнийг хэлэхгүй.

-Ингэхэд ер нь танд гялайж гялтайх юм харагдаж байна уу, гарц шийдэл бий юу?

-Гялайж гялтайх юм байна. Үүнийг хэлэх албатай юу.

-Хэлсэн нь дээр дээ. Шүүмжлэх амархан, гарц хэлэх хэцүү?

-Гарц бий. Эрх мэдэл байж л гарцыг хэрэгжүүлнэ. Өнөөгийн төрд байгаа нөхдүүд чадамжгүй нь харагдлаа. Улс орныг дампуурууллаа. Асар их хөрөнгө гадагшаа урсаж гарсан. Хулгай хийсэн хүмүүсээ өмөөрч байна. Энэ хүмүүс зайгаа тавьж өгөөд, гарц гаргалгаа гаргасан хүмүүст эрх мэдэл олговол бодлогын чанартай өөрчлөлт хийж, эдийн засгийн хямралаас гарах боломж бүрэн бий.

Одоохондоо нарийвчилж ярихыг хүсэхгүй байна. Дампуурлаа зарлаж болно. Өр багатай дээрээ дампуурлаа зарлах нь нэмж зээл аваад явахаас илүү Монголд ашигтай. Биднийг яаж ччадахгүй. Зээл олдохгүй л гэсэн үг. Бид одоо ч зээл авч чадахгүй. Ийм нөхцөлд орчихоод олон улсын зах зээл дээрээс бонд босгоё гэвэл хэцүү. Хамгийн сүүлд бид 11 хувийн хүүтэй зээл авсан. Одоо бол 15-аас дээш хувийн хүүтэй зээл л олдоно. Нэг тэрбум долларыг 15 хувийн хүүтэй аваад, түүнийгээ зөв зохистой ашиглаж, өрөө төлөөд явсан манайхтай ойролцоо нөхцөлтэй улс байхгүй. Олон улсын зах зээл дээрээс 1.5-6 хувийн хүүтэй зээл авч байж үр дүнгээ өгнө. 6-аас дээш хувийн хүүтэй зээлийг эргэж төлж чадахгүй.Ингээд цааш үргэлжлүүлээд байж болохгүй учраас Монгол Улсыг дампууралд хүргэсэн хүмүүс төрд байх эрхгүй, хариуцлага үүрнэ л гэсэн үг. Үүнийг хэн ч хийхгүй. Эрх баригчид өөрсдийгөө буруутгахгүй.

-Нэг зүйл найдвар төрүүлж байгаа. Монгол яаж ч хүнд байдалд орсон эргээд хөл дээр нь босгох дэлхийн боловсролтой залуус олон бий. Мэдлэгтэй толгойнууд нь зохион байгуулалтад ороод гарц шийдэл хэлбэл олон нийтэд сонголт бий болж, эрх баригчдад шахалт үзүүлэх боломжтой?

-Хэрвээ эрх мэдэл байгаад улс орныг зөв голидролд нь оруулъя гэвэл тал бүрийн мэргэжилтнүүд хангалттай бий. Бид онлайн хэлэлцүүлэг хийгээд яах вэ гэж ярилцдаг.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдэд зориулсан даатгал шинэ тогтолцоогоор ажиллаж эхэллээ

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо сэтгүүлчдэд зориулсан даатгалын тогтолцоог шинээр бий болгож байна. Энэхүү даатгалын тогтолцоо нь ОУСХ-ны гишүүн сэтгүүлч мөн ОУСХ-ноос олгодог үнэмлэхтэй сэтгүүлчдэд буюу дайн, терроризмын үйл ажиллагаа явагддаг болон бослого хөдөлгөөн өрнөж байгаа улс орнуудад ажиллаж байгаа сэтгүүлчдэд зориулагджээ.

Энэ даатгалд хамрагдсанаар дэлхийн хаана ч ажиллаж байгаа сэтгүүлч, зураглаач хэвлэл мэдээллийн ажилтан, чөлөөт сэтгүүлч үйлчилгээ авах бөгөөд гэнэтийн үхэл, гэмтэл зэрэг амь насанд нь аюул учирсан үед гэрт нь цэргийн онгоцоор хүргэж өгөх, хэрвээ эмнэлэгт хэвтэж байвал очиж эмчлэх, эх оронд нь аюулгүй найдвартай хүргэх эсвэл өөр аюулгүй оронд эмчлэх зэргээр ажиллах юм байна. ОУСХ болон энэхүү даатгалын байгууллага өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад тавигдаж байгаа нэг шалгуур бол ОУСХ –ны үнэмлэхтэй байж даатгалд хамрагдах юм байна. Амь насаа хамгаалуулж байгаа энэ даатгалд долоо хоногоор даатгуулах бөгөөд ОУСХ –ны үнэмлэхтэй сэтгүүлчид 10 хувийн хямдрал эдлэх юм. Улс орнуудыг аюулын зэрэглэлээр даатгал өөр өөр үнийн дүнтэй байх юм.

100,000 ам.долларын сэтгүүлчдэд зориулсан гэнэтийн ослын даатгал. Үүнд: өвдсөн буюу онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх эх оронд нь авчрах

Эрсдэлийн түвшин /хугацаа

1 долоо хоног 2 долоо хоног 3 долоо хоног 4 долоо хоног

Аюул багатай

$12

$24

$36

$48

Аюул дунд зэрэг

$24

$48

$72

$92

Аюулын зэрэглэл өндөр

$28

$56

$84

$112

Аюулын зэрэглэл хүнд

$36

$72

$108

$144

Хэтэрхий аюултай

$52

$104

$156

$208

Эрсдэлтэй бүсийн түвшин

Улс орнууд

Хэтэрхий аюултай

Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ирак, Ливи, ОХУ(хойд Кавказ ), Сомал, Сири, Украйн, Емен

Аюулын зэрэглэл хүнд

Алжир, Бүркина Фако, Чад, Ардчилсан Конго Улс, Египт, Гана, Энэтхэг (Жамму ба Кашмер), Газын зурвас, Баруун Эрэг, Ивору Кост, Хойд Солонгос, Ливан, Мали, Нигер, Пакистан,Өмнөд Суданы БНУлс, Тайланд (Патаяа, Яала, Сонгала, Наратват)

Аюулын зэрэглэл өндөр

Брунди, Камеруун, Колумба,Еритри, Этиоп , Гамби, Сенегал, Тажикстан, Тунис, Баруун Сахар, Нигер ,Палестин, Суданы БНУлс, Зимбабе.

Аюул дунд зэрэг

Ангол, Армен, Ажербайджан, Бахрайн, Бангладеш, Болив, Конго, Куба, Джибот, Эквадор, Эл Салвадор, Габон, Гватемал, Гаяана, Гайти, Гондурас, Энэтхэг, Индонез, Жордан, Казакстан, Өмнөд Солонгос, Косово, Кувейт, Мавритан, Мексик, Морроко, Мозамбек, Мянмар, Непал, Перу, Филлипин, Орос, Рунда, Саудийн. Араб, Швейцар, Танзан, Тайланд, Того, Түрк, Уганда, Узбекстан, Венесуэл

Аюул багатай

Дээрх зэрэглэлд нэр нь ороогүй дэлхийн бусад бүх улс орно. Жишээ нь Австрали, Англи, АНУ

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцлаа.

Уулзалтаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжуудыг Дэлхийн банкны төлөөлөгчдөд танилцуулаад “Манай нийслэлд агаар, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудаа боловсруулан төлөвлөөд байна. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр Дэлхийн банктай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Өнгөрөгч хугацаанд амжилттай хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд их байна. Үүн дээр Дэлхийн банктай үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай байна” хэмээлээ.

Жеймс Андерсон “Бидний хамтран хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл бол “Улаанбаатар цэвэр агаар” төсөл юм. Дэлхийн банк Монгол Улстай 2005 оноос хойш цэвэр агаар, агаарын бохирдлыг бууруулах тал дээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хот цаг үргэлж тэлж, авто машины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх хүчин зүйлс болоод байна. Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар зарим ажлыг төлөвлөсөн. Төслийн хугацаа ирэх зургаан сард дуусахаар байгаа. Хэрэв Дэлхийн банкны удирдлагын зүгээс хугацааг сунгах зөвшөөрөл өгвөл бид үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байгаа” гэж ярилаа.

“Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон “Цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа өнгөрсөн хугацаанд гарсан дэвшил, алдаа оноог харгалзан үзэх хэрэгтэй. Төслийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө үлдсэн байгаа. Шаардлагатай бол төслийн хугацааг сунгах нь зөв. Ингэж байж үр дүн нь гарах болно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

74 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг байрлах 24 дүгээр байрны орцонд 74 настай иргэн Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалд 6 жил, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт тус бүр 5 жил 1 cap хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ илрүүлжээ

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил эх орны зүүн хязгаар Дорнод аймагт болох билээ. 2005 оноос Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв аймагт болж байсан бол энэ удаагийн наадмын бэлтгэл ажил хэдийнэ хангагджээ.

Өнөөдрийн байдлаар “Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлээд байгаа аж. Урд жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн ч дүрэм ёсоор шилдэг 30 бүтээлийг шалгаруулж, тайзнаа өрсөлдүүлэх юм байна. Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа ирэх баасан гаригт дуусахыг эх сурвалж мэдээлэв. Тэртээ 1983 онд анх зохиогдсон цагаас хойш өдгөө 44 дэх жилийнхээ босгыг алхаж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ” хэмээн онцлон хэллээ. Мөн энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой хүрээнд тус улсын нийслэл Токио болон Саппоро хоттой харилцаагаа өргөжүүлж, ах дүүгийн харилцаатай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд энэ тал дээр Япон Улсын ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Харин ноён Масато Такаока НИТХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд Монгол-Япон найрамдлын нийгэмлэгийн тэргүүний хувиар Монгол Улс, Япон Улсын харилцаанд хувь нэмрээ оруулж байгааг нь сайшаан тэмдэглэлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод Монгол Улсын нийт иргэдийн тал нь амьдардаг тул хотын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулах, Насны хишиг олгох журмыг батлах, шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах талаар болон “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнгийн талаарх Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсох юм байна.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Сонгуулийн тухай хуулийн санал тоолох; саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтад заасныг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.

Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлж, санал солилцоно.

Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад манай улс дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна.

Манай улс дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохын сацуу тус чуулга уулзалттай өргөн хүрээнд хамтран ажиллаж Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт, 2011, 2014 онд “Авлигын эсрэг түншлэл ” салбар хуралдаан, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-Хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс ДЭЗЧУ-аас санаачилсан Авилгын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авилгын эсрэг түншлэлийн Монгол Сүлжээг байгуулсан билээ. Мөн Дэлхийн залуу удирдагчид /Youth Global Leaders / форум, “Дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нийгэмлэг” / Global Shapers/-ийн гишүүнээр монгол залуус элсэн ажиллаж байна.

Гадаад хэргийн яам 2013 онд ДЭЗЧУ-тай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээр” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, судалгааны тайлан илтгэлийг Дэлхийн Эдийн Засгийн 2014 оны чуулга уулзалтын тусгай хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

2016 онд 641808 жолооч хууль зөрчсөн байна

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан мэдээгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн 2016 онд 641808 жолооч, 21 хуулийн этгээд зөрчсөн мэдээ байна.

Үүнээс зөрчлийн шинж байдлыг нь харгалзан 30017 иргэнд торгууль ногдуулж, тэдний жолоодох эрхийг хасчээ. Согтууруулах ундаа хэрэглэснээс болж, гэмт хэрэг, зөрчилд 87356 иргэн холбогдож, саатуулагджээ. Эдгээр иргэдийн 52450 нь нийслэлийнх бол 34906 нь орон нутгийнх байна.