Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг дэд сайдыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын томилгоог хэлэлцэж буй. Тус яамны дэд сайд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн билээ.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж уг томилгоог хэлэлцсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү нарын нэр яригдаж буй.

Categories
мэдээ нийгэм

Дарханд баригдсан нарны цахилгаан станцыг маргааш нээнэ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг баригдсан 10мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлт маргааш болохоор болжээ. Энэхүү станц нь 2016 оны долдугаар сарын 20-ноос баригдаж эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхэлсэн юм. Барилгын ажлыг монголчууд өөрсдөө хийсэн бөгөөд ердөө тавхан сарын хугацаанд барьжээ. Энэхүү станц ашиглалтад орж Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсоноор “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-д эрчим хүч нийлүүлж байгаа юм. Нийт 20 мянган айл өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай бөгөөд 32274 ширхэг нарны модуны тусламжтайгаар жилд 15.2 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх аж.

Энэхүү станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой. Уг нарны цахилгаан станцыг дотоодын “Solar power international”, Япон улсын “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 17.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Хөнгөлөлт хоёр компанийн асуудал биш хоёр зуун компанийн асуудал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


Сайд ярихдаа “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Үүнээс өмнө Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэврийг ХААН, Төрийн банкаар дамжуулан олгодог байжээ. Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулан шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой. Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон” хэмээн мэдээллээ. Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн гэнэ.

Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг ХААН, Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болно. Харин одоо 18 хувийн хүүтэй зээл авчихсан иргэд зээлээ төлж дууссаны дараа шинээр зээл авахдаа 15 хувь руу шилжинэ.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг. Уг мөнгийг есөн хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байсан. Өөрөөр хэлбэл, НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 58 тэрбум төгрөгийн хүүг улсын төсөвт төвлөрүүлдэг байсныг 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм.

Мөн түүнчлэн Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах хууль анх 2001 онд батлагдсан. Энэ хуультай уялдуулаад Засгийн газрын тогтоол гарсан. Мөн 2015 онд 139 дүгээр тогтоолыг хүчингүй болгоод Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарсан. Томоохон, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, төмөр зам, цахилгаан станц гэх мэт ажилд дотоодоос ажиллах хүч гаргах бололцоогүй үед нарийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан авах хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг тогтолцоо үйлчлээд 16 жил болж байна.

Үүнтэй уялдуулаад өөр бусад хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар судалж байгаа. Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниудын хуримтлагдсан татварыг дараа төлөх нөхцөлтэй гэрээ байгуулдаг байх гэх мэтчилэн дэмжлэг, хөтөлбөрүүдийг судалж байгаа гэнэ.

Мэдээлэл хийсний дараа МАК компани хөнгөлөлт авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Монгол Улсад хийж бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөх үйлчилж байгаа. 41 дүгээр тогтоолтой танилц. Импорт орлох, экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй, нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй. Түүнээс биш “Монполимет” юм уу МАК-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм. Хуульд Хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийн асуудал биш. Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан. Цаашид нээлттэй. Хүсэлтээ өгөхөд нь манай яам судалж үзээд, бусад яамдаас саналаа авч шийднэ. Яамд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг судалж байгаа гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Мянганы сорилын сангийн хоёр дахь төслийг Монголд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Женифер Зимдал Галт, Элчин сайдын хувьд 2017 оны анхны уулзалтаа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийж байгаадаа баяртай буйгаа хэлээд эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн орчинд Монгол Улсын Засгийн газарт бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар болон ОУВС-гийн хооронд хийгдэж буй яриа хэлэлцээрт амжилт хүсч, АНУ-ын Мянганы сорилын корпорацийн хоёр дахь компакт төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

“Женерал Электрик” компанийн хувьд “Ж.П. Морган” компанийн санхүүжилттэйгээр Монгол Улсын “Эрдэнэс Монгол” компанитай хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг болон бие даасан байдлыг хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох, шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах, ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтойг төслийн багийнхан онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгч тал нь санхүүжүүлэгчээ олоод хамт явж байгаа ийм төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хамгийн гол нь хугацаа алдахгүйгээр ажлаа эхлэх, хийх хэрэгтэй, хийнэ гэж хэлээд алга болдог, сунжирдаг төсөл олон бий, тэдний нэг болж болохгүйг анхаарууллаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цааш нь “Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хүндрэлтэй байгаа болохоос ирээдүй нь өөдрөг, эдийн засаг нь маш өндөр хэмжээнд хүрч өсөх нь тодорхой орон. Тийм учраас та бүхэн зах зээл, төслийн гол түүхий эд, манай улсын ирээдүйг бодсон ч, оновчтой, эрсдэлгүй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Тогтворгүй үед чуулж буй Давосын уулзалт

Өчигдөр Швейцарьт Давосын эдийн засгийн чуулган эхэлсэн билээ. 47 дахь удаагаа болж буй чуулган “Найрсаг болон хариуцлагатай удирдагч” уриан дор болж өнгөрөх юм. Энэ удаад тус чуулган дэлхийн улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй, тодорхой бус үед болж байгаа гэдгийг ажиглагчид онцолсоор байгаа. Шинэ он гарахын өмнөхөн АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп ялалт байгуулсан. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэх уг арга хэмжээнд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах хүмүүс ч оролцохгүй. Учир нь 20-нд Д.Трампын тангараг өргөх ёслол болох юм.

ХБНГУ-ын канцлер А.Меркель ажлын шахуу төлөвлөгөөний улмаас оролцох боломжгүй тул Германы Сангийн сайд В.Шойбл төлөөлж байгаа. Францын Ерөнхийлөгч Ф.Олланд ч энэ удаад Давост очсонгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч оролцох боломжгүй гэсэн. Харин БНХАУ-ын дарга Давосын эдийн засгийн чуулган эхлэхийн өмнөхөн тус улсад албан ёсоор айлчилж залгуулаад уг чуулганд оролцож байгаа. Хятадын тэргүүн хүрэлцэн ирсэн нь маш чухал гэдгийг ч зохион байгуулагчид дурдсан юм. Учир нь БНХАУ дэлхийн эдийн засагт улам бүр нөлөөгөө бэхжүүлсээр байгаа. Европын Холбооноос гарах асуудал нэлээд нухацтай тавиад буй Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Давост байх хугацаандаа энэ талаар дэлхийн улс орнуудын удирдагчидтай ярилцахаар төлөвлөжээ. Тэрээр саяхан Лондон хотноо Их Британийн Европын холбооноос гаргах тусгай хөтөлбөр боловсруулан албан ёсоор танилцуулсан юм.

Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулганыг БНХАУ-ын дарга Си Жиньпин нээж үг хэлсэн нь тус улс өнөөдөр санхүүгийн ертөнцөд ямар байр суурь эзэлж байгаагийн илэрхийлэл болсон. Д.Трампын үед АНУ, БНХАУ-ын харилцаа ямар байх нь олны анхаарлын төвд байгаа асуудлыг нэг. Харин Си Жиньпин “Өнөө үед худалдааны дайнд ялагч гэж байхгүй” гэдгийг онцлоод дэлхийн эдийн засгийн глобалчлалыг сөрөхгүй харин ч түүнд дасан зохицохыг уриалсан юм. Тэрээр “Дэлхийн эдийн засгийн глобалчлал нь шинэ тулгамдсан асуудлууд үүсгэсэн. Гэхдээ түүнийг үгүй хийхийг зөвтгөх аргагүй. Харин ч эсрэгээрээ түүнд дасч сөрөг зүйлийг нь засах ёстой” гэжээ.

Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулганд 70 орны 3000-аад төлөөлөгчид оролцож байгаа. Үүнд дэлхийн 30 орны төр, засгийн тэргүүнээс гадна томоохон банк, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид багтах юм. Чуулганы эхний өдрөөс төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп болон түүний засаг захиргаа хэрхэн ажиллах, ямар бодлого баримтлах талаар ярилцжээ. Төлөөлөгчдийн анхаарлыг татаж байгаа хоёр дахь том асуудал бол Их Британи Европын Холбооноос гаргахаар төлөвлөж байгаа явдал. Харин дараа дараагийн өдрүүдэд ямар асуудал хэлэлцэж, ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдлээ.

Уг чуулганы санаачлан зохион байгуулагч Клаус Шваб “Биднийг хүрээлж буй дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна. Уламжлалт зарчмуудыг зөв эсэх талаар мэтгэлцэж, маш олон хүн аюулгүй байдал үгүй болж, заналхийлж байгаа талаар ярьж байна” гэжээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

В.Кличко, Э.Жошуа нар халз тулна

Боксын хүнд жингийн дэлхийн аварга, алдарт боксчин В.Кличко, Их Британийн нэрт боксчин Энтон Жошуа нар ирэх дөрөвдүгээр сарын 29-ны өдөр халз тулах юм. Тэдний тулаан Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд одоогийн байдлаар 80 мянган тасалбар худалдагдсан гэнэ. Боксын спортын түүхэнд тасалбар нь ингэж хурдан борлогдож байсан тохиолдол бараг үгүй. Тоглолтыг зохион байгуулагчид Лондон хотын захиргаанд хандан үзэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьсан бөгөөд нэрт боксчдын тулааныг 90 мянган хүн үзэж сонирхох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2000 гаруй хонь устгажээ

цэцэг өвчин зурган илэрцүүдДундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд өнгөрсөн сарын сүүлчээр хонины цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч энэ сарын 10-наас ихэнхийг нь цуцлаад буй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд цэцэг өвчний тархалт их байгаа талаар орон нутгийн иргэд мэдээллээ. Тодруулбал, тус сумын Тарвагатай багийн малчин Б-гийн суурьт 442 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 2-нд мэдээлснээс хойш нийт 2000 гаруй хонийг устгалд оруулаад байгаа гэнэ.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар Хүдэр сум 14000 гаруй хоньтой бөгөөд үүнийхээ 10 гаруй хувийг хагас сарын хугацаанд “тавиад туучихжээ”. Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тус суманд ирэх сарын 1 хүртэл хорио тогтоосон байна. Одоогоор хяналтын таван цэгт 30-аад албан хаагч ажиллаж байгаа гэнэ.

Цэцэг өвчний тархалтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч буй, цаашид хэрхэх талаар тус сумын болон аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүдээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Сэлэнгэ аймгийн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Ариунтөгс “Орос руу зөвхөн Сэлэнгээр дамжуулан мах экспортолдог учраас энэ асуудалд болгоомжтой хандаж, мэдээлэл өгөхгүй байхыг холбогдох байгууллагынхан үүрэгдсэн” гэлээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ Америкаас их хэмжээний зэвсэг авчээ

БНСУ сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-аас 30.5 тэрбум долларын зэвсэг худалдан авсан тухай Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам болон Батлан хамгаалах салбарын хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээллээ. Энэ нь 2006 оноос 2016 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд худалдан авсан зэвсэг юм. Дээр дурдсан мөнгөн дүн нь тус улсын батлан хамгаалах салбарын өнгөрсөн оны төсөвтэй (32.2 тэрбум доллар) бараг тэнцүү байна.

Зөвхөн Пёнтэк хотод байрладаг Америкийн цэргийн баазын зардалд Өмнөд Солонгосын тал 7.5 тэрбум доллар зарцуулдаг байна. Мөн сүүлийн гурван жилд Америкийн наймдугаар армийн бүрэлдэхүүнд сайн дурын үндсэн дээр алба хааж буй Өмнөд Солонгосын цэргүүдийг сургаж бэлтгэхэд 22.3 сая доллар зарцуулсан гэнэ. Эдгээр баримтад үндэслэн Өмнөд Солонгосын тал Америкийн шинэ Ерөнхийлөгч Д.Трамптай мэтгэлцвэл түүнийг давж гарах зорилготой аж. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн цэргийн зардалд гаргаж буй мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэхийг Сөүлийн эрх баригчдаас нэг бус удаа шаардаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны сургалт зохион байгуулж эхэллээ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран шинэчлэн батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих болсонтой холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт албаны сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж буй 658 алба хаагчийг хамрууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаа судлалын тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд нар оролцож, шинэчлэн батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, сургалтын зорилго, чиглэлээр алба хаагчдад мэдээлэл өгсөн юм.

Сургалтын гол зорилго нь Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол улсын Эрүүгийн хууль, Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдтэй нийцүүлэн хэрэглэх мэдлэг ур чадварыг олгох, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид мэргэшүүлэхэд оршиж байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн улмаас өдөрт хоёр хүн нас барж, жилд 112 хүүхэд амиа алддаг байна

-Өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт хамгийн их гэмт хэрэг гарчээ-

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал улсын хэмжээнд хоногт 74 гэмт хэрэг, цагт гурван гэмт хэрэг, нийслэлд 49 гэмт хэрэг, цагт 2 гэмт хэрэг бүртгэгдэж байдаг байна. Мөн гэмт хэргийн улмаас өдөрт хоёр хүн нас барж, 30 хүн гэмтдэг аж. Мөн 30 гэмт хэрэг болгоноос 1 хүн нас бардаг бол жилд 112 хүүхдийн амь нас эрсэддэг гэсэн дүн гарчээ. Гэмт хэрэг үйлдэж байгаа 4 хүн тутмын нэг нь согтуугаар үйлдсэн байдаг бол 2 хүний нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд үйлдсэн байдаг байна.

Гэмт хэргийг дүүргүүдээр авч үзвэл Баянзүрх дүүрэгт 4218, Баянгол дүүрэгт 3137, Сүхбаатар дүүрэгт 2962, Сонгинохайрхан 2811, Чингэлтэй дүүрэгт 2437, Хан-Уул дүүрэгт 1639, Налайх дүүрэгт 489, Багануур дүүрэгт 293, Багахангай дүүрэгт 23 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Үйлдэгдсэн газраар нь авч үзвэл гэр хороололд 33.9 хувь, гудамж талбайд 5479 буюу 20.2 хувь, олон нийтийн газарт 4837 буюу 14.1 хувь гээд төрийн байгууллагад 417 буюу 1.5 хувь, төрийн бус байгууллагад 253 буюу 0.9 хувь, аж ахуй нэгжид 2445 буюу 9 хувь, авто зам дээр 1682 буюу 6 хувь, бусад газарт 13.2 хувьтай үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл 2016 онд хөнгөн гэмт хэрэг 13487 буюу 46.6 хувь эзэлж байна. Хүндэвтэр гэмт хэрэг 12327 буюу 43.7 хувь, хүнд гэмт хэрэг 1628 буюу 5.9 хувь, онц хүнд гэмт хэрэг 515 буюу 1.9 хувь тус тус эзэлж байна.

Гэмт хэргийг илрүүлэлтээр нь авч үзвэл хөнгөн гэмт хэргийн 68.9 хувийг, хүндэвтэр гэмт хэргийн 58.8 хувийг илрүүлсэн байна. Харин хүнд гэмт хэрэг 74.9 хувь, онц хүнд гэмт хэрэг 91.9 хувийн илрүүлэлттэйгээр урд жилээс өссөн дүнтэй гарсан гэж мэдээллээ.

Дэлгэрэнгүйг дараахь бичлэгээс үзнэ үү.

О.ӨНӨР