Categories
мэдээ нийгэм

Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг ажиллаж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яам Цэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ. Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн 8,10, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж эхлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

10 хоногтой хүүхдээ хөнөөхийг завджээ

Баянхонгор аймгийн цагдаагийн газрын албан хаагчид өнгөрсөн долоо хоногт иргэдийн мэдээллийн төрөөд 10 хонож байсан хүүхдийнхээ амь насанд халдахыг завдсан эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлжээ. Тодруулбал, тэрхүү ээж хүүхдээ олон удаа зүүгээр бие рүү нь шивсэн байдалтай байсан гэнэ. Аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна. Одоогоор аймгийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байгаа гэв.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын чуулганаар эдгээр асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагаас эхлэн хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Занданшатар нарын 28 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
Categories
мэдээ спорт

Өнөөдөр таеквондогийн УАШТ эхэлнэ

Таеквондогийн УАШТ өнөөдөр эхэлнэ. 1990 оноос хойш Монгол улсад хөгжиж буй энэ спортын төрлөөр “Токио 2020” зуны олимпийн найдвар болсон олон хүүхэд залуус энэ удаагийн УАШТ-д олноор оролцох болно.

“Рио ое Жанейро 2016” олимпийн наадамд шуугиулсан П.Тэмүүжиндээ болон бусад хүүхэд залуустаа амжилт хүсье. Тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр 09:00 цагаас эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна

09:30 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Утас: 99027444

10.00 цагт: ОӨУБЕГ-аас Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компаний төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ. Утас: 88093607

11.00 цагт: Эрүүл мэндийн яамны “А” зааланд “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр Түлэгдлээс урьдчилан сэргийлэлт, аяны талаар болон Осол, гэмтэл, бага насны хүүхдийн түлэгдэл ,Түлэгдэлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл авах боломжтой. Холбоо барих утас : 99179899

11.00 цагт: Баянмонгол хорооллын оршин суугчид “Дээд шүүхийн хууль бус шийдвэр, луйвар” гэсэн сэдвээр Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт: “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа. Улаанбаатар хотын агаар орчны бохирдол гамшигийн түвшинд хүрснийг төрийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас 96221111, 96610308

12.30 цагт: Залуу дипломатчдын клубээс “БТТ Инженеринг” ХХК-тай хамтран Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 13:30 цагт эмнэлгийн ор хандивлах арга хэмжээ болно. Утас: 99179899

15.00 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжжар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин түүнчлэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн тоо бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.

Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан жил, муухай жил

Нийтийн он тооллын нэгэн он өнгөрлөө. Байдаг л жил, манай эриний өмнөх 1000 онд ч байсан, манай үеэс хойшоо 1000 жилийн дараа ч байх тийм л мөчлөг. Дэлхий наранд хамгийн ойр даялах мөртлөө хойд хагаст нь өвөл болдог тэр л байрлал.

Мөрөөрөө урсах он жилүүдэд сайхан ба муухай гэх нэрийг бид л өгдөг.

Хүмүүс өөрснөө сайхан муухай яваагаасаа, сайн ба муугаар төсөөлснөөсөө болоод жил гаригийг ээлтэй ээлгүйгээр нь дуудсаар ирсэн юм. Хоорондоо алалдаж алалдчихаад тэр цаг үеэ дайн дажин авчирсан он жилүүд гэж нэрлэнэ. Өөрт хожоо гараагүй цагийг хоосон ядуугаар нь дуудна. Чи өчигдөр хожиж болсон юм, өнөөдөр тэр хожиж болно оо доо. Өчигдөр чиний ялах ээлж таарахад олон таван үггүй ингэх л учиртай юм шиг хүлээн авч байсан даа. Өнөөдөр өрсөлдөгчийн чинь ялах ээлж ирэхэд “ингэх ёсгүй” мэт гасалдаг нь юу билээ.

Төгс бус юм зөндөө. Бидний оршин буй сансар угаасаа тийм бүтэцтэй.Бидний үйлийн үрийн хэмжээ төгс орших болзолд хүрээгүй учраас зовлон-жаргал хэмээх хоёр талтай орчлонд төрсөн.Гэхдээ ихэнхдээ “шударга бус”-ын тухай бидний төсөөлөл өөрөө шударга бус учраас тийм санагдаж байгаа юм. Уралдсан зуун чавганцын зөвхөн нэг нь л “шударга уралдаан боллоо” гэж бодно.Хоёрт орсон хөгшинд бариа яльгүй холдсон, эсвэл ойртсон гэх дургүйцэл үүснэ. Нарийн яривал үлдсэн 99-д нь ядаж л “уралдааны зам зохисгүй” байсан талаарх гомдол үлдэнэ.

Бид насан туршдаа жаргал эрсээр, хайсаар дуусдаг.Өнгөрсөн хойно залуу байсан, хүүхэд байсан бүх юм жаргалтай санагдана. Өнгөрсөн хойно сайхан байсан нь мэдэгдвэл юуных нь жаргал байх юм бэ.

Жаргалтай байна гэж бодох л өөрөө жаргал шүү дээ. Өглөө босоод тэнгэр харж “мөн сайхан өдөр болохнээ” гэж сэтгэл сайхан болох, зүгээр л инээмсэглээд зөрөх, баярлаж талархсан сэтгэл нүдэн дээр нь асах хүнд “Зүгээр ээ хө, миний оронд чи байсан бол бас л ингэх л байсан шүү дээ” гэж хөөр дүүрэн хэлэх, хэдэн найзууд цуглаад ирэх зун цөмөөрөө тийшээ явцгаая гэж хөөрөлхөөд, үнэхээр л тэдэнтэйгээ орчлонгийн сайхныг үзэн нүд сэтгэл баясаж яваа мэт болоод ирэх, саяхан боссон барилгыг “Яасан сайхан байшин бэ” гэж бахдах, дэлгүүрт ороод “Ямар гоё дэлгүүр вэ” гэж баясах…ердөө л энэ шүү дээ. Оройд нь хүршгүй аз жаргал гэж хаа байгаа юм бэ? Чамаар дүүрэн л байна шүү дээ.

Зовлонтой байна гэж бодох л зовлон шүү дээ. Зовлон гэдэг нь… өглөө босоод “Энэ тэнгэрийн байж байгаа царайг, өөдлөхгүй бололтой” хэмээн гонсойх, аргагүйн эрхэнд хүнд юм өгчихөөд “Хайран хөрөнгө минь нохойн хоол боллоо доо, энэнээс ч эргүүлж авна ч гэж байхгүй дээ” хэмээн гол харлах, инээсэн хүн хараад “үхсэндээ инээсэн юм бол, аягүй бол намайг дооглож байгаа даа” хэмээн уурсах, сайхан барилга хараад “хүмүүс ийм байшин бариад байхад миний байж байгааг” хэмээн гансрах, сайхан дэлгүүр хараад өөрөө тийм дэлгүүргүй гэж бодохоос үхмээр санагдах…ердөө л энэ шүү дээ. Зовлон гаднаас ирээд, хэн нэгэн чамд учруулаад байгаа нь хаана вэ?

Бахдан сайшааж байгаа юм болгоныг чинь чиний хүсэл мөрөөдөл юм байна гэж Бурхан ойлгоно. Чамд нэг л өдөр тэднийг бэлэглэх болно. Чи хүн баярлуулах дуртай юм чинь чамайг хаа хамаагүй хүн ирээд баярлуулах л болно.Хараад баярлаж байсан тэр барилга, нүдийг чинь мялааж байсан дэлгүүрийг бурхан чамд бэлэглэх л болно. Учир нь чи түүнд дуртай байсан юм.

Харин үзэн ядаж байсан юмыг чинь Бурхан чамаас ямагт зайлуулна. Чи өглөгт дургүй учраас хэн ч чамд өглөг өгөхгүй. Чи сайхан барилгыг үзэн ядсан учраас чамд сайхан байшин хэзээ ч ногдохгүй. Чи баян хүнийг үзэн яддаг юм чинь чамайг хэзээ ч баян болгож “зовоохгүй” нь лав. Тансаг дэлгүүр үзээд чи зовлонд учирч байсан болохоор тэнгэр чинь чамайг улам зовоохгүйн тулд тийм дэлгүүртэй болох замыг ямагт тойруулна.

Муу хүн энд ч байна, тэнд ч байна хэмээн бид бухимддаг. Санаа нь бол “сайн хүн болох миний бие оршин байгаа хорвоод муу хүн байгаа нь зохисгүй” гэсэн гаргалгаа. Үнэхээр муу хүн байдаг нь үнээн, гэхдээ муу хүний тухай бидний тодорхойлолт өөрөө төгс биш учраас илүү олон муу хүн байгаа мэт харагддаг нь бас үнээн. Муу хүн оршин байгаад бүү бухимд. Тэр ондоо нэг муу хүнээ дарах гэж төрдөг юм. Дараа нь яах бол гэж үү? Өөр нэг муу хүн ирээд дараад өгдөг юм. Эргэн тойрноо хараарай, тийм л байгаа.

Сайхан жил, муухай жил гэж угаасаа байхгүй. Чи яаж хүлээж авч байгаагаас л болж байгаа юм. Чи бусдын юмыг зүгээр авч болно гэж боддог төдийгүй авдаг бол нэг л өдөр чиний юмыг бусад хүмүүс зүгээр авах л болно, харин тэр өдөр уйлахгүй байх чухалтай.

Амьдралын агшин бүрээ жаргал болго. Нэрсний үрээр чацаргана тарьдаггүй.Зовлонгийн үрээс жаргал ургахгүй. Жаргалын үрээс л жаргал төрнө. Улам жаргахын тулд, үрийн үрд жаргахын тулд одооноос жарга. Жаргалын үрийг хаанаас ч битгий хай, чамаар дүүрэн. “Ямар нэгэн зүйл хаа ч байхгүй бол тэр зөвхөн чамд л байгаа гэсэн үг” хэмээн гэгээн мэргэд сургасан юм. Чиний жаргалыг хэн ч булаахгүй, хэн ч хороохгүй. Хүний зовлонг булааж болдоггүй яа даа. Түүн шиг аз жаргалыг ч бас булаах аргагүй.Аз жаргал нь булаагдашгүй болохыг Гэгээрэх хэмээн буддистууд хэлдэг.

Энэ зуур бидний сэтгэлд хорвоог орхин одсон сайн сайхан хүмүүс минь санаанд бууж байгаа. Хагацал хэцүү, учирч баяссаны маань нөгөө тал нь юм шүү гэж ухааран бодлоо ч хэцүү.Зуурдын сансрын үндсэн дүрэм нь төрлөө орхих. Амьд бүгд түүний дотор Гэгээрсэн Буддагийн ээж ч, Шагжаамунь ч өөрөө үүнийг туулсан гэдгийг бодлоо ч хэцүү.

Гэхдээ тэд маань энэ удаагийн өвчин зовлонтой, түвэгтэй, магадгүй жаахан буруу эхэлсэн байж болох амьдралаа орхин дахин шинээр эхлэхээр явсан юм. Баяр хөөр дүүрэн хорвоод хөгшин байдлаар хэт удаан явах нь тээртэй санагдаад, хүүхэд болж, дэгж дэрвэмээр санагдсан байж мэднэ. Тэд чамд туслах, чамайг хайрлах илүү боломжтой төрөл олох гэж явсан ч байж болно. Бид энэ орчлонд хэн хэнээ танихгүй, мэдэхгүй төрөөд бие биенээ олж хайрлан, эцэг эхээс ч дутахгүй халамжаар бие биеэ өлгийдсөөр хорвоог үддэг тавиланг бодохуйяа хаана зангидсан хайр энэрлийн үр хөврөл, хэзээ тавьсан тангаргийн биелэл билээ хэмээн бодогдохгүй байна гэж үү?

Орхин одсон сайн сайхан хүмүүс маань дүрсгүй жаахан хүүхдийн дүрээр, эсвэл цаанаа л нэг сэтгэлд сайхан санагдах танил, андын төрлөөр бидэнтэй үргэлж л уулзан учирч яваа. Бид харин таньдаггүй юм. Огт танихгүй мөртлөө үгийг нь сонсоод л баймаар, бүр дагаад явчихмаар, хамаг байдаг юмаа бэлэглээд баймаар хүн зөндөө л таардаг шүү дээ.

Тийм ч учраас Бурхан Будда “урьд өмнөх тоолшгүй олон төрөлдөө бид цөм хань ижил, ах дүүс, эх үр болж явсан барилдлагатай. Хүн бүрийг чи садан төрлөө гэж бодон хайрлаж бай” хэмээн учирласан билээ.Ойр дотнынхноо хайрла, тэд урьд урьдын сайхан хайраа үргэлжлүүлэх гэж учирсан юм. Огт танихгүй хүмүүсийг ч хайрла, бид бие биедээ хайртай явснаа санахгүй л байгаа юм.

Хорвоо үргэлж сайхан байсан. Галаар буцалж, галав юүлж байхдаа ч тэр. Үлэг гүрвэлийн сүүлчийн өдөр нь сүүн тэжээлтний эхний өдөр байсан юм шүү.

Энэ хорвоод төрсөн жил ч сайхан. Ээлжээ дуусгасан нэг нь хэл амгүй буцсан байсан юм. Энэ хорвоогоос явах жил ч сайхан, ээлж нь ирсэн хэн нэгэнд зай чөлөө нь үлдэх юм.

2010 оны 12 сарын 28

Categories
мэдээ цаг-үе

Н.Даваа: Төр алтны нөөцөө гадныханд алдсанаар Монгол Улс хохирсон

-ЭХОРНОО ХАМГААЛАХ ГЭСЭН БОЛОВЧ ДИЙЛЭЭГҮЙ-

Анод банкны үүсгэн байгуулагчдын нэг Н.Даваатай ярилцлаа.


-Цагтаа банк байгуулж байсан та агаарын бохирдлыг бууруулах шилдэг технологи бүтээсэн тухай сүүлийн жилүүдэд ярих болсон. Та ямар мэргэжил боловсрол эзэмшсэн хүн бэ, ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Миний өвөө уран Гомбо Сүхбаатарын талбайн урдах төрийн сахиусны их өргөөг ахалж бариулсан хүн. Эрдэнэ зуу хийд, Хамрын хийдийг бүтээлцсэн миний өвөө тусгаар тогтносон улс байхыг мөрөөдөж төрийн сахиусны өргөөг бариулсан гэдэг. Аав маань чөлөөлөх дайны үед сөнөөгч онгоцны нисгэгч байсан. Усны техникчээр оросуудтай усны хайгууль хийж Өмнөговь, Дорноговь аймгаар явсан. Ингэж явахдаа асар их алтны нөөцтэй гэдгийг мэдсэн. Тэгээд хожим нь 80 нас хүрээд нас барахынхаа өмнө надад бүгдийг нь зааж өгч байсан юм. Алтны ойлгоцыг би хар багаасаа л авч өссөн. Миний амьдрал дандаа үхэл сэхлийн дээсэн дөрөөн дээр явсан байдаг сонин хувь заяатай.

-Та энэ тухайгаа яриач?

-Би эхээс мэндлээд “үхсэн”. Нэгдүгээр төрөхөд эмч нар ээлж хүлээлцэхдээ салхи цохиулснаас эмнэлгээс гарахдаа хүн болохгүй нь дээ гэж гарсан гэдэг. Тэгээд Түрэгийн хөшөө цайдамд очоод хүн болсон. Ринчин Бямбаев, академич Пэрэнлэй нар судалгааны ажлаа тэнд хийж байсан бөгөөд надад Бямбаев гуай Түрэгийн эзэнт гүрний Могилан хааны нэрийг хайрласан. Хэдийгээр Даваа гэсэн албан ёсны нэршилтэй ч гэрийнхэн маань одоог хүртэл Могилан буюу Монголоо гэж дууддаг. Бага байхаасаа алтны тухай, тусгаар тогтносон улс орны тухай өвөө, ааваасаа сонсч өссөн. Хүүхэд байхдаа адууны толгойн чинээ алт олоод ааваасаа үүгээр Түрэгийн улс шиг хаант улс байгуулж болох уу гэхэд аав “Уул шиг алт Монголын эзэнт гүрнийг байгуулж чадна даа” гэж хэлж байсан юм. Аав маань нас барахаасаа өмнө алтны нөөцийг зааж өгөхдөө “Тэр газрыг монголчууд авбал улс шиг улс байгуулж чадна” гэж зүгээр нэг хэлээгүй. Бидний өвөг дээдсээс бодлогоор улс оронд маань үлдээсэн тэр их алттай газрыг авахын тулд “Анод” банкийг дампууруулсан.

-Тэр алттай газар аль аймагт, хаана байдаг юм. Одоо хаанахын эзэмшилд байгаа вэ?

-Уул шиг алт байсан. Манайх лицензийг эзэмшиж хамгаалалтад авчихсан байсан. Тэр алт руу дэлхийн алтны төлөө явдаг улсууд дайрсан даа. Үүнээс илүүг хэлэх боломжгүй байна.

-Монголчууд өөрсдөө авч үлдэж чадсан уу?

-Гадныхан л авсан байж таарна шүү дээ. Монголчууд маань одоог хүртэл ойлгоогүй. Төр засаг эрх баригчид юу өгч байгаагаа мэдэхгүйгээр гадны гар хөл болж гадныханд өгчихсөн. Намайг эдийн засгаас хүчээр шахаад гаргачихсан. Бидний үеийнхэн өнгөрсөн 26 жилийн турш Монгол Улсын хөгжил, эдийн засгийг унагаж тоглолоо. Үе үеийн Ерөнхий сайдууд, төрийн томчууд цуглаж Монгол Улсын хар хайрцагны бодлогоо эхлээд тодорхойлон гаргах цаг ирсэн. Тэгэхгүй бол Монгол Улс маань дууслаа. Эх орноо авч үлдмээр байна, үр хойчоо эрүүл байлгамаар байна. Бусад улстай харьцуулаад харахад энд тэндхийн хог авчирч шахдаг, гуйлга гуйдаг л улс болсон байна. Уг нь бид энэ дэлхийн хамгийн баян улсын нэг. Алтан дээр суусан гуйлгачин гэх үг мэддэг улсуудын амнаас гарсан. Манай “Анод” банк тухайн үедээ Монгол Улсын алтны 80 хувийг барьж байсан. Алтны хамгийн том компаниуд манай банкны гол харилцагчид байсан.

Би өөрөө эдийн засгийн хөгжилд гол оролцогчдын нэг байсан учраас улс орон маань яагаад ядуу гуйлгачин байгаа шалтгааныг сайн мэдэж байна. Би сүүлийн найман жил ахуйн хэрэглээний энгийн технологийг төр засагт ойлгуулах гээд чадахгүй байна. Мянганы сорилтын сангийн мөнгөөр зуух пийшин худалдан авах үед л та нар битгий аваач ээ гэж хэлдэг байсан. Хэрэв тухайн үед технологийг эхлээд сонгосон бол өдийд утааг дарчих байлаа. Энэ мэтээр асуудлыг шийдвэрлэхгүй аргацаах байдлаар явж ирснээр хямралын эх үндэс тавигдсан.

-2008 онд Анод банкны шуугиан ид дэгдэж байсан. Анод банкийг байгуулсан та бүхнийг ямар үндэслэлээр буруутгаж ялласан билээ?

-Намайг албан тушаалтны зүйл ангиар шийтгэж, гурван жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгэсэн. Гэтэл би албан тушаалтан байгаагүй. Би банкны хувь нийлүүлэгч байсан. Багануурт чанга дэглэмтэй хорих ангид ялаа бүрэн эдлээд гарсан. Би энэ тухайгаа эргээд дурсах дургүй. Надад үнэхээр хэцүү үе тохиосон. Миний ээж маш их зовлон үзэж, намайг шоронд орсныг дуулаад л мацаг барьж өөд болсон.

Үнэхээр харамсалтай явдал болжээ. Таныг шоронд ороход ээжийн чинь дэргэд хэн үлдэж байв?

-Би эхээс наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой. Хамгийн том ахыг маань Дорноговьд төрөөд хэд хоногтой байхад нь хулгайлчихсан. Төрөнгүүтээ хүүхдээ алдана гэдэг маш том зовлон. Дараа нь хайсан ч олоогүй. Нэг ах, нэг эрэгтэй дүүтэй байсан ч хүү нар нь нас барсан учраас 90 нас хүрэх дөхөж байсан ээжийн маань ганц найдвар нь би байсан. Би шоронд орохдоо ээждээ л хамгийн их санаа зовниж, шаналж байсан. Тийм учраас дараа нь ачаа хөнгөрч шийдэмгий болдог юм билээ. Юу л болдогсон тэр миний хувьд хэцүү зовлон биш санагдах болсон. Тухайн үед миний зүрх өвдөөд бие тааруу байсан. Үхвэл үхэг, сэхвэл сэхэг гээд хамгийн хүнд хүчир ажлыг шоронд хийсэн. Халуун зун наранд ачигч хийнэ, талх барина. Хүн ядраад ирэхээр хатсан шир шиг болчихдог юм билээ. Аливаа юм сайн, муу талтай. Хамгийн муу нөхцөлтэй гэгдэж буй ч хөлсөө гаргаж ажил хийснээр харин эрүүлждэг юм билээ. Урьд нь цэргийн байгууллагад 15 жил ажилласан офицер хүний хат бас нөлөөлсөн байх.

Анод банкийг дампууруулах ажлыг ямар хүмүүс хийсэн байдаг юм бэ?

-2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр гэнэт баривчлаад л дараа нь шалгах шалтгаанаа хайсан. Би чинь Иргэний хөдөлгөөний намын дарга болчихсон байсан үе. Алтны төлөөх тэмцэл гол зангилаа нь байсан. Монголчууд бид алтаа өөрсдөө мэднэ гээд, дэлхийн алтыг мэддэг улсууд гадна талаас санаархах зөрчил явагдсан. Улс гүрний хөгжил үеийн үедээ алттай нягт уялдаа холбоотой явж ирсэн. Урд хөрш 1300 тонн алтны нөөцтэй, хойд хөрш 1200 тонн алттай гэж үзвэл бид 5000 тонн алтны төлөө тулалдаж байсан бол яах уу. Ийм алттай бол Монгол Улс өнөөдөр ямар байх уу. Гуйлга гуйх хэрэг байна уу. Тэр алтыг алдсанаар Монгол Улс хохирсон. Монгол Улсын алтны нөөц үүгээр дуусахгүй арвин. Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-аас бид үгээ хэлэхийг гуйсан. Монголчууд маань өөрсдөө ойлгоогүй, бидний үгийг сонсоогүй.

-Хэрэв таныг хорьж шоронд явуулаагүй байсан бол та ямар төлөвлөгөөтэй байв?

-Бид алтаа төрийн мэдэлд авч алтыг стратегийн ордод багтаан, хувийн хэвшлээр хийлгэхгүй байя гэсэн санааг тавьж байсан. Гэтэл хувийн уурхайтай хүмүүсийн дайсан болсон. Хэрвээ тэр үед төрийн эрх мэдэлтэй байсан бол Монгол Улсын эрдэнэсийн санг 5000 тонн алттай болгохын төлөө зүтгэх байсан.

Анод банкны үүсгэн байгуулагчид Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нар одоо юу хийцгээж байна. Та тэдэнтэйгээ холбоотой байна уу?

-Байнга холбоотой байдаг. Тэд маань ойр зуурхан байна даа. Багаасаа онц сурсан, олимпиадын аварга болж байсан дандаа шилдэг явж ирсэн хүмүүс чинь амьдралын хүнд юм үзээд ирэхээр цочирдолд ордог юм байна. Бид гурав чинь нэг ангийн, нэг цэцэрлэгийн багын найзууд. “Анод” банк анхнаасаа технологийн чиглэлийн хувиараа эрхлэх аж ахуйгаас үүдэлтэй. Энхтөр “Эрдэнэт” үйлдвэрт автоматжуулалтын үйлдвэрт арваад жил ажилласан инженер. Гүр-Аранз геофизикч хүн. Социализмын үед Таван толгойн нөөцөд геофизикчээр ажиллаж байсан. Багаасаа л боловсрол, хүмүүжилтэй хүмүүс хулгай хийх үү. Бид эх орноо хамгаалах гэж оролдсон. Харамсалтай нь дийлсэнгүй хүчин мөхөстсөн.

-Та Чингис хааны онгоныг олсон тухай бас ярьдаг. Тэр ямар учиртай юм бэ?

-Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр болоод Ц.Элбэгдоржид тайлангаа өгсөн. Чингис хааны оршуулга хаана байгаа нь маш тодорхой. Чингис хааны оршуулгаар оюуны өмчид зохиогчийн эрхээ баталгаажуулсан.

Технологийн зӨв сонголтутаагшийднэ

-Агаарын бохирдлыг бууруулах технологийн тухай сонирхъё. Хичнээн айл өрхөд халаагуураа тавьсан байна. Үр дүн хэр байна?

-Би инженер хүн учраас ахуйн хэрэглээний халаалтын технологи дээр сүүлийн найман жил ажиллаж байна. Агаарын бохирдол утааг технологиор давж гарна. Халаалтын хувьд манай улсад дэд бүтцийнхээ хувьд ч цахилгаан эрчим хүчээр шийдэх нь хамгийн зөв шийдэл. Цахилгаан эрчим хүч манайд шугамын ачаалал даахгүй, өндөр үнэтэй байгаа ч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хэмнэлттэй технологийг бүтээж болоод байна. Маш бага цахилгаанаар халаах үнэ хямдтай дотооддоо хийсэн халаагуур, бойлуур, тогоо бүтээсэн. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд төр засаг маань технологийн хог хаана байна, тэрийг өндөр үнээр авчирч шахдаг. Дандаа өмнөх зуунд хэрэглэгдээд үе нь өнгөрсөн хогийн хонхор болчихоод байна. Бид олон улсын хэмжээнд өрсөлдөх энэ дэлхийн хамгийн шилдэг технологийг нэвтрүүлье гэж байгаа.

Бид айл өрхүүдэд 1500 халаагуур тавьсан. Гэр, байшингийн халаагуурыг шийдэхэд амархан. Хамгийн их утаа гаргаж байгаагаа эхлээд зогсоох хэрэгтэй. Нүүрсээр галлаж байгаа уурын зуух хамгийн их агаарын бохирдол үүсгэдэг. 1000 айлтай тэнцэх утаа гаргаж байгаа уурын зуухыг юуны өмнө зогсоох хэрэгтэй. Улаанбаатарт 4000-аад жижиг, том нийлсэн уурын зуух бий. Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр бид одоогоор 30 гаруй уурын зуухны утааг зогсоосон. Бид “MGLT” гэх Монголын анхны тогоо бүтээсэн. С.Баяр докторын хэмнэх төхөөрөмжөөр Баянчандманьд гүзээлгэнэ тарьдаг агро паркийн халаалтыг шийдвэрлэсэн нь үнэхээр дэвшилтэт гэдгээ батлан харуулсан. Манай хэмнэгч халаагуур бусад ижил төрлийн халаагуураас эрчим хүчний 60-аас дээш хувийн хэмнэлттэй. Бойлуур тогоо маань мөн 60 хувийн хэмнэлттэй. Гэтэл өнөөдөр ч манай улс өнөө хоцрогдсон технологио авчраад 2.5 сая төгрөгийн үнэтэй хог гэр хороололд шахах тухай яриад яваа нь харамсалтай.

-Танайх хэдэн хүнтэй ямар багаар ажиллаж байна?

-Монгол инженерүүд цугласан Монголын үйлдвэрлэл технологийн шинжлэх ухааны академи байгуулж, тэргүүнээр нь доктор С.Баяр ажилладаг. Олон улсын оюуны өмчийн газраас алтан медаль авсан. АНУ-ын “Тесла”, Элон Маск, “Нассо” групп манайхтай хамтран ажиллах санал ирүүлсэн. Манай бүтээлээс БНСУ-ын цахилгаан галт тэргэнд тавигдсан байгаа. Гадны том группийн жигүүр дор биш монголчууд өөрсдөө босох гээд үзээд л байна. Өөрсдөө босчих юм бол дэлхийн эрчим хүчний зах зээлд өрсөлдөх бололцоотой болно. Монгол инженерүүдийн бүтээсэн технологи амьдрал дээр батлагдсан, олон улсад өрсөлдөхүйц юм. Үнэндээ төр засгийн аль ч шатанд шилдэг технологио танилцуулахад судалж үзье гэж хэлдэг ч хариу өгдөггүй.

-Та бүхэн төр засгаас яг ямар дэмжлэг хүсээд байгаа юм бэ?

-Технологийн нууцлалтай холбоотойгоор айл өрхүүдэд хэсэгчлээд эсвэл жижиглэнгээр борлуулаад байж болохгүй байна. Учир нь манайхан чинь Эрээн гараад хэдэн мянгаар нь үйлдвэрлүүлчихдэг. Бид хаширсан. Тийм учраас кампаничилж бодлогоор хийхгүй бол технологи чинь алдагдана бас хуучирна. Манай технологи нэгэнт шийдэл сайтай болохоор төр засгийн дэмжлэггүй ч урагшаа явна. “Хас” банктай хамтран ажиллах саналаа тавихад дэмжиж байгаа. Гадны улсын группууд хамтрах санал байнга ирүүлдэг. Хувийн хэвшил анхаарч хамтаръя гэж байхад төр засагт бодитоор хийж үзүүлж харуулан улсын комисст нь хүлээлгэж өгөөд байхад ч ганц дарга нь эргээд холбоо барьдаггүй. Биднийг хүсэлт тавих болгонд ёстой сайхан дэвшилтэт юм байна гэцгээдэг. Өнгөрсөн жил 45 мянган айлын агаарын бохирдлыг шийдэх төсөл хэрэгжүүлэх гэрээ зурагдсан ч засаг солигдоод хэрэгжих боломжгүй болсон. Манай улс төсвийн мөнгөөр 217 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулчихлаа. Гэтэл ямар ч үр дүн гарсангүй. Бодит байдал дээр Улаанбаатарын утааг 20 сая ам.долларт бүрэн шийднэ. Би өөрийн толгойгоороо хариуцаад утааг арилгаад өгч чадна. Миний хажууд хяналт шалгалт, цагдаа, хуулийнхныг хяналттайгаар тавиад хийлгэ. Яагаад бардам ам гарч хэлж байгаа гэхээр бидэнд технологи нь байна. Бүх зүйлд технологи ялалт авчирдаг. Би улс төр ярьж, та нартай сандал ширээ булаацалдахгүй ээ. Би зөвхөн ач зээгээ, үр хойчоо эрүүл байлгамаар байна.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Иргэд хамгийн хэмнэлттэй, хямд халаагуурыг эрж хайж байна. Эрэлт байгаа үед танайх халаагуураа олноор нь зарж болохгүй гэж үү?

-Айл өрхүүдэд халаагуурыг олон тоогоор 250000 төгрөгөөр зарж борлуулах боломжтой ч цөөн тоогоор боломжгүй юм. Цахилгааны зардалд нэг айл сардаа 60 мянган төгрөгөөс доош төлнө. Эрчим хүчний төлбөрийг шөнөдөө тэглэх нь уг нь бодлогын алдаа. Тэртэй тэргүй шугам нь ачаалал ихтэй учир трансформаторуудаа шатаагаад л харанхуй болох эрсдэл өндөрсөнө. Ер нь хоёр өөр зууны технологи байхад хуучин руу нь чичрээд дайраад байна гэдэг чинь эрх ашгийн зөрчил бийг харуулна. Явж явж 217 тэрбум төгрөгийг эргээд хариуцлага тооцно. Ашиг олоод хордуулаад утаад яваад л бай. Эцсийн дүндээ хариуцлагыг нэхэх өдөр ирнэ. Тэртэй тэргүй технологи нэвтрээд байхад яагаад заавал технологиос ухарч 10 гаруй жилийн турш ард иргэдээ хордуулаад ирсэн юм бэ гэдгийг асууна. Хамгийн хямд, хамгийн хэмнэлттэй технологийг нэвтрүүлэхэд утааг ханиад дардаг шиг нам дарна. Санхүүжилтээ шийдэх юм бол нэг жилийн дотор утааг бүрэн арилгана.

-Таны амьдралын түүх унаж боссон ч сөхрөхгүй зүтгэдэг үйл явдал, өрнөлтэй юм. Та үр хүүхдүүддээ юу гэж захидаг вэ?

-Аав, өвөө маань “Чи эх орныхоо төлөө амьдрах ёстой шүү” гэдгийг хар багаас минь ойлгуулсан. Миний амьдрал дандаа дардан байдаггүй. Цэргийн алба хааж байхдаа автомашины осолд орж байсан, ганзаганд явж байхдаа дээрэмдүүлээд үхэнгээ алдаж байсан. Үхчих гээд сэхчих гээд үзээд л байдаг. Амьдрал гэдэг хэмнэл савлуур шиг өрнөл ихтэй. Би хүүхдүүдээ мөрөөрөө, өөрийнхөөрөө амьдар гэдэг. Миний араас хашгирвал миний араас л орно. Зөндөө зовлон үзнэ. Би аливаа зүйлийн гарц шийдлийг олж харж судлан санал тавьдаг ч харамсалтай нь ойлгодог төр засаг алга. Эдийн засгийн хөгжлийн хувьд улс оронд алт гэдэг маш чухал зүйл. Тусгаар тогтнол, аюулгүй оршин тогтнох үндэс алт гэдгийг ойлгуулах гээд барсангүй. Чөлөөт зах зээлийн нийгмээ ойлгодог болсон цагт “Анод” банкнаас тугаа бөхийлгөж байгаад хэзээ нэгэн цагт уучлал гуйх өдөр ирнэ. Яагаад гэвэл БНСУ-ын “LG”, “Samsung”, “Hyundai”, Японы “Иточу”, АНУ-ын “Голдман сакс” гэх мэт үндэстэн дамнасан банк корпорациудаас бид их хэмжээний олон зуун сая ам.долларын хөрөнгө татаж эх орныхоо төлөө зүтгэж байсан.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Галиндэв: Монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэж боддог

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн Отгонтэнгэр Их сургуулийн багш, философийн ухааны доктор, профессор Б.Галиндэвтэй ярилцлаа.


-Философийн багш мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ салбарт хичнээн жил багшилж буй талаар тань яриагаа эхэлье?

-Би уг нь цэргийн хүн байсан. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургууль анх байгуулагдахад курсантаар элссэн юм. Сургуулиа төгсөөд цэргийн ангид ажиллаж байгаад Оросын цэргийн улс төрийн академид сурч, философийн багш мэргэжил эзэмшсэн. Миний хувьд философи бол амьдралын утга учрыг олох, дотоод сэтгэл рүүгээ өнгийж харах, амьдарч буй нийгмийнхээ учир утгыг олох, бидэнд тавигдаж байгаа аливаа асуудалд үнэнийг эрж хайсан хариу өгөх зориулалттай мэдлэгийн салбар учраас сонирхсон гэж үзэж болно. Мөн бидний үеийнхэн арван жилийн дунд сургуульд байхдаа уран зохиол уншдаг, өөр хоорондоо ярилцдаг байсан туршлага, сонирхол маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж боддог. Философийн багш болоод Батлан хамгаалах Их сургуульд 11 жил, Отгонтэнгэр Их сургуульд 22 жил ажиллаж байна.

“Соёмбо” сонинд эх оронч үзлийг философи талаас нь тайлбарласан ярилцлага өгснийг тань уншиж байсан. Эх оронч үзлийн талаар товч ярихгүй юу?

-Өнөөгийн нийгэмд эх оронч үзлийн талаар эргэлзээтэй ойлголт яваад байна. Хүн сайхан л амьдарч байвал хаа ч байсан яадаг юм. Эх оронч үзэл хэрэггүй гэсэн ойлголт нэг хэсэгт нь байна. Миний хувьд энэ үзлийг уриалан дуудаж, хүлээн зөвшөөрдөггүй. Миний бодлоор хаана ч амьдарсан болно, эх оронч үзлээр яадаг юм гэж үзэж байгаа хүн эд материалын хойноос хөөцөлдсөн хүн болж хувирна. Хүн гэдэг чинь ганцхан материаллаг эд зүйлийг хэрэглэгч биш. Хүн бол оюуны үнэт зүйлсийг эзэмшиж байж өөрийнхөө үнэ цэнэ, нийгэмд эзлэх байр сууриа, амьдарч яваа утга учраа ойлгодог. Эх оронч үзэл гэдэг бол Монгол Улсынхаа сайн иргэн болох тэр хязгаар цэгээс эхэлдэг гэж оюутнууддаа хэлдэг.

Ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн бүр өөртөө ногдсон үүргийг яв цав биелүүлж байх явдал маш хэрэгтэй байна. Энэ байдлаар иргэн бүр өөр рүү гээ харахаас эх оронч үзэл эхлэх ёстой, эх оронч үзлийн гол цөм гэж боддог.

-Та философийн салбарт ямар чиглэлээр мэргэшиж доктор, профессорын зэрэг хамгаалав. Хичнээн судалгааны бүтээл, ном туурвисан бэ?

-Цэргийн академид сурч байх үеэсээ л би ёс суртахууны асуудлыг сонирхсон. Ёс суртахуун бол хүн төрөлхтний мөнхийн асуудал. Хүмүүс бүгдээрээ бурхан болж заяагдаагүй учраас ёс суртахуунаас сайн ч, муу ч зүйл гарч байдаг. Сүүлийн үед ёс суртахууны асуудал хурцадсан. Үүнд, хэд хэдэн шалтгаан бий.

Нэгд, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой хүмүүсийн ёс суртахууны үнэлэмж 180 градус өөрчлөгдсөн. Хуучин нийгэмд үнэ цэнэтэй байсан ёс суртахууны үнэт зүйлсийг үгүйсгэсэн. Хоёрт, ёс суртахууны боловсрол хүний толгойд хийсвэр байдлаар оршдог. Ёс суртахуун үйлдэл болохдоо бусдаас үлгэр жишээ авдаг. Ёс суртахууныг хүн ахмад үеэ, бусдыг дуурайж эзэмшдэг. Бидний үед Дамдинсүрэн гуай шиг эрдэмтэн, Эрдэнэ шиг зохиолч болох сон гэж хүсдэг байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд үлгэр дуурайл үзүүлдэг хүнгүй болчихоод байна. Улстөрчид, өндөр дээд албан тушаалтнууд маань авлигачид, оффшорчид, улс төрийн хариуцлага хүлээж чадахааргүй хүмүүс болж хувирсан. Гэхдээ залуусын бахархан дуурайх хүмүүс нь нийгмийн амьдралаас нууцлаг, нам жим ажиллаж амьдарч байгааг хэлэх хэрэгтэй. Д.Урианхай гэж гайхамшигтай эрдэмтэн ажиллаж хөдөлмөрлөөд явж байгааг залуу үе мэдэхгүй байна. Тийм хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах хэрэгтэй. Би “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” гэдэг буланг үргэлж уншдаг. Нийгэмд их ач тустай зүйл гэж үздэг. Гуравт, дээд боловсролын тогтолцоонд хүнийг хүн болгодог нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлийг үнэлэхээ больсон. Түүнийг дагаад ёс суртахууны хүмүүжил, итгэл үнэмшил алдагдаж байна.

Би жил бүр оюутнуудаар ёс суртахууны талаар эссэ бичүүлдэг. Оюутнууд “шударга байлаа гээд би өөрөө хохирохоос өөр юм алга” гэж хэлдэг. Энэ бол оюутан залуучуудын нийгэмдээ өгч байгаа том үнэлгээ юм. Тэгэхээр нийгмийн ухааны багш нар үнэнийг хэлэх нүүргүй болж, өнөөгийн нийгэмд ёс суртахууны үнэлэмж ийм хандлагатай болсон. Энэ эмзэг асуудлаар гурав, дөрвөн ном бичсэн. “Өөрчлөлтийн үеийн ёс суртахууны асуудал”, “20, 21 дүгээр зууны Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал” гээд өөрийнхөө хэмжээнд нэлээн том ном бичсэн. 2014 онд “Хүний төрх”, 2016 онд “Хүн байх ухаан” гэсэн номуудыг монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэдэг утгаар бичсэн.

-Оюутнуудын нийгэмд өгч байгаа том үнэлгээ болсон асуултад та хэрхэн хариулдаг вэ?

-Тэдэнд хандаж, өнөөдрийн үзэгдэлд хууртаж болохгүй. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэдэг үгийг монголчууд олон зуун жил хэлсэн. Энэ бол монголчуудын том найдвар. Нэг талаасаа биелсээр ирсэн. Шударга бус хүн сайхан амьдарч байгаа юм шиг харагдаж болно. Энэ бол ирээдүйгүй. Хоёрт, чи цоо шинэ залуу үе. Танай үеэс сайн сайхныг бид горьдож байна. Өнөөдрийн эрх мэдэл рүү явж байгаа хүмүүс бол ёс суртахууны хувьд алдагдсан хүмүүс гэж хэлдэг.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Та оюутнуудад философийг яаж ойлгуулдаг туршлагаасаа хуваалцаач?

-Би оюутнууддаа “Өнөөдөр чамд философийн хичээл зааж байгаа нь хоёр асуултад хариулт өгөх зорилготой. Нэгт, Би хэн бэ? гэсэн асуултыг өөртөө тавь. Хоёрт, Би хэн болж байж энэ ардчилсан нийгэмд сайхан амьдрах юм бэ? гэсэн асуултад хариулт олж чадах юм бол философийн хичээл өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн гэж ойлгох хэрэгтэй” гэдэг. Философи их олон талтай болж байна. Сүүлийн үед шашин, сонгодог урлагтай нийлэгших болсон. Би оюутнуудад шалдар булдар ном битгий унш. Цагийн гарз гэж хэлдэг. Толстой, Достоевский, Кафка, Камю, Сартрыг унш. Ингэж байж ухаарч, хүн болно гэдэг. Уран зохиолоор дамжиж философид дурлах, философиор дамжаад шашны утга учрыг ойлгох хэрэгтэй. Ингэж философийг бусад хичээлтэй онь холбож нийлэгшүүлж явуулмаар юм шиг санагддаг. Ер нь хүн философи, шашин, уран зохиолоор дамжуулж өөрийгөө дотроосоо бүтээх ёстой. Өөрөө өөрийгөө дотроосоо бүтээсэн хүн өөртөө ч, нийгэмдээ ч хэрэгтэй хүн болдог. Гаднаас нь бүтээсэн хүн хэн ч биш болдог юм.

Үүнээс гадна өнөөгийн нийгэмд оюутнууд асар их мэдээлэлтэй байдаг болсон. Энэ нь нэг талаар давуу тал, нөгөө талаар сонсож дуулсан бүхнээ эргэцүүлж бодох анализ хийх сэтгэлгээний чадвар муу байна. Тийм болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үзэж сонирхдог сониуч хүнийг биш, аналитик сэтгэлгээтэй уншигчдыг бэлдэх хэрэгтэй. Бид ч үүнд хувь нэмрээ оруулмаар санагддаг.

-Анализ хийх чадвар хүнд яаж төлөвших вэ?

-Задлан шинжлэх сэтгэлгээг багаас нь ёстой л цэцэрлэг, ясли, дунд сургуулиас нь төлөвшүүлмээр байна. Манай оюутнууд гэлтгүй бид ч хүний хэлсэн юмыг яг тэр чигээр нь хүлээж авдаг нь туйлын үнэн. Хүн бүр өөрийн гэсэн шүүлтүүртэй, хүний хэлсэн үгийг бодож тунгаагаад авах гээхийн ухаанаар хандаж хэд хэдэн сайн санааг нийлүүлээд өөрөө шинэ санаа, мэдлэг бүтээж чаддаг байх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадна эцэг, эхчүүд үүнд чухал үүрэгтэй. Эцэг, эхчүүдийг нийгэмшүүлж хүн болгомоор байна. Өөрсдөө хүн болж төлөвшөөгүй байж нэг хүнийг төрүүлдэг. Хүн болоогүй гурван хүн яаж нэгнийгээ хүн болгох вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Миний харж байгаагаар 1980 оноос хойш төрсөн нөхдүүд нэлдээ уран зохиол уншаагүй байна. Зүгээр л үздэг, сонсдог хүмүүс. Тэднийг би алдагдсан үе гэж нэрлээд байгаа. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн тухай их ярьж байна. Асуудлын гарцыг хуулийн заалтаас хайгаад хэрэггүй гэж боддог. Үүнийг хувь хүний оюун санаанаас эрэх хэрэгтэй. Тухайн хүнд нинжин сэтгэл байна уу, гэр бүлээ аваад явах ухаан байна уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Гэр бүлээ авч явж чадахгүй бухимдахын эрхэнд гэр бүлээ хүчирхийлж байна. Өнгөн талаас нь бол хууль, эрхзүйн заалт байх нь зүйтэй л байх.

-Философийн шинжлэх ухаан шашинтай нийлэгжиж байна гэлээ. Монголд шашны олон урсгал орж ирж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Шашин гэдэг бол хүн төрөлхтний амьдралд онцгой ач холбогдолтой. Мухар сүсэг, гэгээрэл гэсэн хоёр талтай. Зан заншил ихдэх тусам мухар сүсэг болдог. Шашин гэдэг хувь хүний амьдрах арга болж болохгүй. Буддын шашны сүм хийдүүд бизнесийн байгууллага болсон тул Буддын шашны үнэнийг хоосон чанар, шүтэн барилдлага, үйлийн үрийг залууст ойлгуулах үндсэн үүргээсээ ухраад байна. Хүн ямар шашин шүтэх нь хүний оюуны эрх чөлөө. Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн шашинтай байх ёстой болов уу. Миний бодлоор бидний ойлгож байх ёстой, хамгийн үнэн, шинжлэх ухаанч шашин бол Буддын шашин юм.

-Таны санаанаас гардаггүй, сэтгэлд тод үлдсэн шавь бий юү?

-Санаанаас гардаггүй шавь нар байдаг. Цэргийн сургуульд байхад Энхбаяр гээд оюутан байсан. Тэр сүнсний тухай курсын ажил бичсэн юм. 1985 онд сүнсний тухай ярина гэдэг сайхан юм биш. Тэр нөхөр өдий төдий материал цуглуулаад сүнс байдгийг нотолсон. Тэгэхэд нь би “Чиний бичсэн юм сайн, материал цуглуулсан хөдөлмөр чинь сайн байна. Гэхдээ миний итгэл үнэмшилтэй нийцэхгүй байна” гэж хэлж байсан.

Отгонтэнгэрт багшилж байхад Удамцэнгэл гээд япон хэлний ангийн оюутан байлаа. Төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Японы сонгодог уран зохиолыг сонирхдог, түүгээрээ надтай санаа нийлдэг байсан юм. Японы сонгодог уран зохиолоор “Хүний асуудал” гэсэн дипломын асуудал бичиж хамгаалсан. Сургуулиа төгсөөд Японы соёлын төвд ажиллаж байгаад Япон руу сурахаар явсан гэдэг. Нобелийн шагналт Ясунара Кавабатагийн өгүүллэгүүдийг орчуулж хэвлүүлсэн. Их сайн шавь. Шадар сайд У.Хүрэлсүхийн ангийнхан манай цэргийн сургуулийг 1989 онд төгссөн. Сэтгэлгээ, хүн чанарын хувьд содон төгсөгчид байсан.

-Сүнс байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, нотолсон гэдэг шүү дээ. Та одоо итгэдэг үү?

-Үгүй. Тэр бол тодорхой хэсэг бүлэг хүний санал бодол, судалгааны ажил юм. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд, би оюутнууддаа шинжлэх ухаан гэдэг юм руу нүүрээ харуулаач гэж хэлдэг. Энэ нийгмийг төөрөгдлөөс гаргах зүйл бол шинжлэх ухаан. Хоёр жилийн өмнө Английн эрдэмтэн нэг судалгаа хийсэн. Ямар ард түмэн шинжлэх ухааныг сонирхож, итгэдэг юм гэхэд Швед, Швейцарь, Англи, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын нэлээд хэсэг нь шинжлэх ухаанд итгэдэг гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн үед хойт насны тухай, сүнсний тухай их ярих болж. Би залхуураад, хичээлээ хийхгүй байгаа оюутанд хандаж, “Чи өнөөдөр нэг л залхуураад байна. Хойт насандаа мундаг хүн болох гээд байна уу даа” гэж ёжилдог.

-Философич хүний тань хувьд асуухад өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна?

-Өнөөдөр Монголд хамгийн их дутаж байгаа зүйл бол хүн хүнээ хайрлах хайр. Улаанбаатарт хамгийн их илүүдэж байгаа зүйл бол утаа.

Б.Наранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Эх орноо өрнөөс гаргах “Өдрийн сонин”-ы уриалгыг иргэд дэмжиж байна

Шинэ Засгийн газар байгуулагдаад л мөнгө төгрөггүй учир ажил хийх боломжгүй байгаагаа дахин дахин зарлаж эхэлсэн. Мөн гаднаас авах зээл тусламж нь ч бүтэлгүй байгаа тухай мэдээлж байна. Засгийн газар хагас жил орчим ажиллахад гомдоллохоос өөр олигтойхийсэн ажил алга. Үйл явдлыг чамгүй удаан ажигласны эцэст “Өдрийн сонин” нэгэн уриалга нийгэмд гаргасан юм. “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх уриалга нийтлэлээрээ бид гаднаас авах зээл тусламж Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилалд халтай юм бол дотоодоосоо мөнгө босгох боломж байгаа тухай бичсэн. Эдийн засгийн хямралын энэ үед монголчууд өөрт байгаа хөрөнгө, мөнгөө төрд хандив, зээл хэлбэрээр өгөх, томхон компаниуд татвараа урьдчилан төлөх гэх мэтээр мөнгө босгож, сөхөрсөн эдийн засгаа сэргээхийг манай сонин нийгэмд уриалсан билээ. Энэ нийтлэл маань олон түмний сэтгэлд ихэд нийцжээ. Тиймээс ч нийтлэлийг маань дэмжсэн иргэдийн санал хүсэлт, захидлууд бидэнд ирсээр байна. Хөгшид“тэтгэврээ өгье” гэж хандаж байхад малчид “хэдэн хонь хандивлах гэсэн юм” хэмээн хөдөөнөөс утас цохиж байна. Мөн жижиг бизнес эрхлэгчид “Өвлийн дулаан гутал, хувцас өгье” гэж байх жишээтэй. Гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө босгох, эдийн засгаа сэргээх ажил тань бүтэмж муутай бол ард түмэн чинь тусалж дэмжихэд бэлэн байна шүү. Үүний жишээ болгон уншигчдаас ирсэн зарим захидлыг нийтэлж байна.

БҮХ НИЙТЭЭР МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЬЕ

ЧД-ийн VI хорооны иргэн, өндөр настан Боржигон овогт Н.Баатар

Хүн төрөлхтний түүхнээ олон чухал алхам дэвшил хийсэн монголчууд хамгийн их ардчилал, эрх чөлөө, ил тод, үнэнч шударга үйлстэй ард түмэн билээ. Өвөг дээдэс, эзэн богд Чингис хааныхаа билэг сургаалыг дагах эв эе, эдийн засаг, үзэл санааны дархлаа л Монгол Улс монгол түмэн, Монгол орон оршихуйн үндэс буй заа. Гэтэл сүүлийн зуу шахам жил юу хийчих вэ?

Бүх юмаа сайн бодож боловсруулаагүй дутуу дулимаг хийснээс нийгмийн дийлэнх нь ядуу хоосон, итгэл үнэмшилгүй эх захаа алдаж төр улс минь өр ширэнд баригдан иргэд нийгмийн итгэл найдвар, холбоо гагнаас нь суларч манайхны бодож олсон гажиг зэвүүн “улс төрийн” гэх сүржин угтвартай намчирхсан эрх мэдэл эд хөрөнгийн бүлэглэлүүд идэвхжиж байгаа нь муу зүйл. Хоёр их гүрний завсар хүн амын ихэнх ядуу зэрэг түүхэн эгзэгтэй нөхцөл байдалд Монгол Улс үндэстэн тэсч үлдэхүй нь эх түүх, соёл, амьдрах ухаандаа түшиглэн нэг эзэн номлолтой Үндсэн хуулийн энхтайванч хүчирхэг эдийн засаг, өндөр зохион байгуулалттай орон байх ёстой.

“Өдрийн сонин” дээр гарсан “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх нийтлэлийг дэмжиж байна. Одоо бид бүх нийтээрээ төр улсаа, ард түмэн эх орноо ойрын үед эдийн засгийн хямралаас гаргаж цааш хөгжүүлэхээр эх оронч сэтгэл санаа, хөдөлмөрөө дайчилцгаая. Үүнд нэмэр хандиваа оруулцгаая гэж өвгөн би уриалан “Монголоо хөгжүүлье сан” байгуулах санаачилга гарган нийт ард иргэд, үйлдвэр аж ахуй, байгууллага өргөнөөр оролцохыг уриалж байна. Энэхүү санд би өөрийн зүгээс алтан аяга нэг ширхэг, бэлэн мөнгө нэг сая төгрөг, хоёр сая төгрөгийн үнэ бүхий “Монгол” гэдэг танин мэдэхүй, бахархлын ном хоёр зуун ширхэг бүгд найман сая төгрөгийн зүйл хандивлаж байна. Монгол хүн бол хүн төрөлхтний олон мянганы нүүдлийн соёл иргэншлийг үүсгэгч, түгээн дэлгэрүүлэгч, сонгодог хэлбэрт дэвшүүлэн авч явагч мөнийн хувьд сайн санаат улс орон ард иргэд олон улсын байгууллагын хандив дэмжлэгийг авах эрхтэй хэмээнэ.

“Монголоо хөгжүүлье сан” Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд Сангийн яаманд төвлөрч төгрөг валютын данс, үнэт эдлэл биет зүйлийг бүртгэн авч үнэлэн хаана юунд зарцуулахаа Засгийн газар шийдвэрлэж тайлан баланс гаргуулна. “Монголоо хөгжүүлье сан”-гийн хүндэтгэлийн баганыг Налайхын гурван замын уулзвар-өндөрлөг, 22-ын товчооны уулзварт тусгай зураг төслөөр ирээдүйд байгуулах нь зүйтэй.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

“ӨДРИЙН СОНИН”-Д ИЛГЭЭХ АХМАДЫН ҮГ

БГД VI хороо, өндөр настан Ч.Цээпил

2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн сонинд “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг уриалж байна” гэсэн гарчиг нүднээ тусаж ёстой л загатнасан газар маажив гэгч боллоо. Юуны урьд сэтгэлийг минь сэргээж баясал төрүүлсэн та нартаа талархлаа илэрхийлье. Учир юунд байгааг товчхон хэлье. Хэдийгээр би 80 дөхөж яваа ч гэсэн хөдөлмөрлөх эрч хүч сэтгэлийн гал цог минь буураагүй хийх л юмсан, бүтээх л юмсан нийгэмдээ болон бусдад тустай юм хийхсэн гэсээр өдий хүрлээ. Нас бие элэгдэнэ, тамир тэнхээ суларна, ухаан санаа уймарна харин Монголоо гэсэн сэтгэл үс шиг бууралтаж нуруу шиг бөгтийж хөл шиг майжийдаггүй юм байна.

Хэрэв ийм тусламжийн хөдөлгөөн өрнөвөл би сарын тэтгэврээ өгье. Бусад ахмадууд маань дэмжинэ. Гаднаас гуйлга гуйх шаардлагагүй. Боломж их бий, боломжоо ашиглацгаая. Монгол маань баян. Ядуу хүн цөөхөн шүү дээ. Тулган шаардах биш сэтгэлээрээ шийдэх асуудал тул олны санаа оломгүй далай гэдэг шүү дээ. Төрөөс элдэв халамж тусламж мөнгө нэхдэг зүйлд ялгавартай байгаасай гэж бодном. “Зуун загас бэлэглэхийн оронд нэг загас барих аргыг зааж өг” гэсэн орос ардын үг бий. Хэтэрхий их халамж амласаар байгаад хөдөлмөрлөх дургүй, зүгээр сууж тэжээлгэх хандлага бий болчихжээ. Арвангуравдугаар сарын цалин ч гэх шиг, төрийн албан хаагчид, банк болон татварынхан ажилчдадаа шагналын журмаар хэдэн арван сая төгрөг өгсөн гэх мэт зүйл гарч л байна. Төмөр нүүрээ ийм л зүйлд гаргаасай. Энэ мэтээр төр мөнгөө хуримтлуулж өрнөөс гарах гарц байх шиг санагдана.

2017.01.01

ХАНДИВЛАЖ ТУСАЛЦГААЯ, ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ АВАРЦГААЯ

Цагаан бөө овгийн Бумбажавын Пунцагийн Луузангийн Дамбадорж (Монгол Улсын гавьяат багш, профессор)

Өдрийн сонин”-д гарсан уриалгыг уншаад эх орон, эдийн засгаа дампуурахаас аврахад түмэн олны дүйд орж тэтгэврийн нэгэн өвгөн би 180 мянган төгрөгөөр өчүүхэн хандив өргөх хүсэлтэй байна. Есийн тооны бэлгэдэлтэй 18-ын учир гэвэл Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Арвайхээрийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг сумын говь нутгийн ядуу ард Цагаан бөө овгийн Пунцагийн Луузан (16 хүүхэд бидний эцэг, 1888 онд төрсөн), Бүгтэр овгийн Гэндэнгийн Лхагсам (16 хүүхэд бидний эх, 1888 оных, 15 удаа төрсөн, нэг удаа ихэр гарсан гэдэг, 5-6 хүүхэд нь нялхдаа эндсэн аж), ах Л.Бууч (1912), эгч Л.Дулам (1915), Л.Долгор (1917), Л.Соль, (1919), Л.Лхамцэрэн (1921), ах Л.Сангидорж (1923), Л.Цэрэндорж (1925), Л.Самдан (1927), нэр мартсан (1932-33 оноос өмнө төрсөн байх), отгон хүү Л.Дамбадорж (1934) ийм 18 хүн нэг бүрийн тоогоор нэг нэг түмэн төгрөг, нийт 180 мянга юм. Цагаан бөөгийнхөн гэж 300 гаруйхан жилийн дотор бусад олон овог удмынхантай ураг барилдаж өсөн үржсээр учир тоймгүй олуулаа болсон юм билээ. (2013 онд ургийн уулзалтад ирсэн нь хоёр мянга гаруй хүн байсан), тэдэндээ хандаж төр засагтаа бага ч багадахгүй, их ч ихдэхгүй гэсэн зарчмаар Цагаан бөө овгийн тэр гуайн тэр гэсэн нэр алдраараа хандив өгөөсэй хэмээн уриалж байна. Өвгөн би 1964 оноос Худалдааны техникумд, 1970 оноос МУИС-д одоо хүртэл олон багшийн эгнээнд багтаж ажилласны ачаар түм гаруй шавьтай болсон гэж боддог.

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэгчлэн тэр олон мянган шавь нартаа, тэднийхээ үр ач нарт хамтад нь хандаж эх орондоо хандив өргөөсэй хэмээн хүсэж байна. Тэрчлэн хамт ажиллаж ирсэн үе үеийн олон багш нартаа, найз нөхдөдөө, танил талынхандаа энэ уриалгаа хандуулж буй санаа минь бас үнэн.

“Өдрийн сонин”-д уриалга гаргасан Н.Гантулга хэмээх эрхэм нөхөрт гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд та аль нэг банкинд данс нээлгэж орон даяар “Өдрийн сонин”-оороо зарлах байх гэж бодном. Хяналт хямгадалтыг нь ёсоор болгочих нь зайлшгүй. Хандив цуглараад ирэхээр нь, тухайлбал, төчнөөн сая болохоор нь “Өдрийн сонин”-ыхон төр засагтаа ёс төртэйгөөр хүлээлгэж өгсөөр, түмэн олондоо мэдээлсээр байхад нэг мэдэхэд л их том өрийг төлөөд барчихсан байж байх биз ээ. Тэгэхдээ хугацаа их давчуу болсон байна шүү!

Санаж байвал бүтнэ, сажилж явбал хүрнэ, ганцаас газар дүүрнэ гэдгээр дуслаас далай болно оо! Сайн үйлс дэлгэрэх болтугай!

2016.12.29