Categories
мэдээ нийгэм

Тав хүртэлх насны хүүхдүүд түлэгдэх нь их байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтлийн эмнэлэгт өнгөрсөн онд түлэгдэлтээр нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 62.2 хувь буюу 2525 нь 5 хүртэлх насны хүүхдүүд байсан байна.

Тус төвийн өнгөрсөн оны тоо мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн III зэргийн түлэгдэлттэй байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 2 дахь долоо хоногт тодорхой сэдэв дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Осол гэмтлийн өдрийг энэ сарын 15-наас ирэх хоёрдугаар сарын 28-ныг хүртэл “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор нэг сарын аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Солонгосын алдарт жүжигчин Рэйн, Ким Тэхи нар хуримаа хийлээ

Энэ сарын 19-нд Сөүл хотноо Солонгосын алдарт дуучин, жүжигчин Рэйн жүжигчин Ким Тэхи нар хуримаа хийжээ. Тэд католик сүмд хуримаа хийж эхнэр нөхөр болсноо зарлажээ. Энэхүү ёслолд зөвхөн тэдний гэр бүл, дотны найз нөхөд л оролцсон гэнэ.

Рэйн одоо 34 настай, Тэхи 37 настай юм байна. Тэд анх 2011 онд олон ангит кинонд тоглохдоо дотносож 2012 оны намраас болзож эхэлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Монгол тамирчин анх удаагаа “Tracк” төрлөөр ААШТ-д оролцоно

Энэтхэг улсад ирэх сарын 6-10-ны өдрүүдэд дугуйн “Track” төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болно. Уг тэмцээнд Залуучуудын дэлхийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр болон манай улсын шигшээ багийн дугуйчид оролцохоор бэлтгэл базааж байна.

ОУХМ Б.Тэгшбаяр бэлтгэлээ хангахаар Швейцарь улсын Дэлхийн дугуйн төвийг зорьсон. Харин Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид Өмнөговь аймагт цуглалтад гараад байна.

Ийнхүү Монгол улсын дугуйчид анх удаагаа Тrack төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхонд бэлэг илгээжээ

Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядын Улаанбаатар хотод байдаг ахмад хилчдын “Нар тоссон хил” төрийн бус байгууллагынхан Онцгой байдлын албаны албан хаагчдад сэтгэлийн бэлэг болгон дулаан бээлий бэлтгэснээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр “Нар тоссон хил” төрийн бус байгууллагын тэргүүн, бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан, ахмадын зөвлөлийн дарга Ч.Элбэгсайхан нар “Бид онцгой байдлын албаныхаа ажил үүргийг сайн ойлгодог. Байнгын цагийн байдалд ажиллаж байдаг хүмүүс. Тиймээс бид өвлийн хүйтэн улиралд бага ч болов нэмэр болох үүднээс дулаан бээлий бэлтгэн албан хаагчдынхаа хэрэгцээнд хандивлаж байгаа юм” гэлээ.

Тус төрийн бус байгууллагынхан “Ахмад бүр гурван бээлий” гэсэн аяныг өрнүүлснээр 100 гаруй бээлий цуглуулсанаа ийнхүү Онцгой байдлын албанд хандивласан юм.

Дашрамд сонирхуулахад Онцгой байдлын албаны дарга, бригадын генерал Т.Бадрал тус отрядын Далай бумбатын заставт цэргийн алба хаасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” батлагдан гарлаа

Эмч зурган илэрцүүдТөрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулав.

Бодлогын баримт бичиг нь эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлвийг тусгасан бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх гол зорилго нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчээ дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгахад орших юм.

Бодлогыг салбарын үндсэн 8 чиглэл болох нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн технологи, эм зүйн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт чиглэлээр боловсруулж чиглэл бүрт цаашид зайлшгүй хэрэгжүүлж, хэвшүүлбэл зохих бодлогын зорилтуудыг тодорхойлсон болно.

  1. Нийгмийн эрүүл мэнд

Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны дийлэнх хувийг харьцангуй сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна.

Энэхүү чиглэл бүхэлдээ хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл амьдрах дадал, хэвшил хандлагыг төлөвшүүлэх, үүнд бусад салбар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн хүний өөрийн нь оролцоог чухалчлан авч үзсэн.

Зорилтыг хэрэгжүүлэхэд бусад салбар аливаа бодлого боловсруулан хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн асуудлыг заавал тусган хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын хувьд ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагааг хэвшүүлэх, эрүүл ажлын байрыг бий болгоход ажил олгогч нарын оролцоог нэмэгдүүлж, тэднийг идэвхжүүлэх, иргэн хүний хувьд өөрийн эрүүл мэндэд тавих анхаарал, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг багтаасан болно. Мөн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх замаар тэдний хүчин чармайлтыг дайчлах зорилтыг мөн дэвшүүлсэн.

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээ

Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт, хэрэгцээг тогтмол тооцож түүнд нийцүүлэн тусламж, үйлчилгээг төлөвлөх механизм бүрдээгүй байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах, мөн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах асуудлыг эн тэргүүнд авч үзсэн.

Ялангуяа эмнэлгийн тусламж, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулахдаа хүн амын нягтрал, газар зүйн байршил, хүн амын өвчлөл, ядуурлын түвшин, шилжилт хөдөлгөөн, хүн амын тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулах, өнөө үед тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн өргөнөөр бий болгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн тогтолцоог гүйцэтгэлтэй нь уялдуулсан чанарын удирдлагын тогтолцоотой хослуулан хөгжүүлэх, өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг өргөжүүлэх уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг тусламж, үйлчилгээний анхан болон лавлагаа шатлалд орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх, экспортлох гарцыг дэмжин, “брэнд” болгох зорилтыг тус тус дэвшүүлэн тавьсан болно. Мөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, мэргэжлийн нийгэмлэг, холбоодыг тухайн мэргэжлээрээ тусламж, үйлчилгээний хөгжлийг тодорхойлогч нь байж, улсын хэмжээний лавлагаа, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийж, эмнэлгийн мэргэжилтэнг сургах, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, зохицуулах чадавхтай болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүллээ.

  1. Хүний нөөц

Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан хөдөлмөрийн үнэлэмж байхгүй байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтанг бэлтгэхдээ хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, салбарын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бэлтгэх, дан ганц эмнэлгийн мэргэжилтэн төдийгүй эрүүл мэндийн бусад ажилтнуудыг бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, тэдний хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, гүйцэтгэлд суурилсан хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн.

  1. Эрүүл мэндийн санхүүжилт

Эрүүл мэндийн нийт зардалд иргэний шууд төлөх төлбөр тасралтгүй өсч иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орох, ядууралд өртөхөд хүргэж байна.

Эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлэн олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн өнөөгийн механизмыг эрс шинэчилж тэднийг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжүүлэх, санхүүжилтийг тусламж үйлчилгээний чанар, үр дүнд суурилан олгох өөрөөр хэлбэл эрүүл мэндийн чанартай тусламжийг үйлчилгээ үзүүлэгчээс худалдан авдаг үр дүн, үр ашиг бүхий эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэд бүрэн шилжих зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь тусламж үйлчилгээний санхүүжилт нь байгууллага болон үйлчилгээгээ бус үйлчлүүлэгчээ дагасан хэлбэрт бүрэн шилжүүлнэ гэсэн үг юм.

Эрүүл мэндийн санхүүжилт нь эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдалтай салшгүй холбоотой байх болно.

  1. Эрүүл мэндийн технологи

Салбарын хэмжээнд эрүүл мэндийн технологийн төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоо байхгүй байна.

Орчин үеийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэхдээ хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэн хөгжүүлэх, нутагшуулах эрүүл мэндийн технологийн төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бий болгохыг чухалчлан авч үзсэн. Үүний тулд эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу-хау зэрэг хэлбэрээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавилаа. Мөн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, судалгааны ажлын үр дүнг практикт өргөнөөр нэвтрүүлэх зорилтыг дэвшүүллээ.

  1. Эм зүйн тусламж үйлчилгээ

Зах зээл дэх хууль бус эм их, үндэсний эмийн үйлдвэрүүд эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт судалгаа хийгддэггүй, эм биобэлдмэл, вакцины чанарыг бүрэн шинжлэх чадавх байхгүй байна.

Эм зүйн салбарын ил тод хариуцлагатай байдлыг бэхжүүлэх зорилгоор эмийн зохицуулалтын нэгдсэн байгууллагыг байгуулах, дотоодын эмийн үйлдвэрийн чанар аюулгүй байдлын баталгааг бүрэн хангах зорилгоор эмийн аюулгүй байдлын цахим тогтолцоог нэвтрүүлэх, импортыг орлох эмийн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэх зорилтыг тус тус тусгаад байна.

  1. Мэдээллийн технологи

Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа удаашралтай, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг чадвар хангалтгүй байна.

Салбарын мэдээллийн технологийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах мэдээлэл технологийн төвийг бий болгох, зайлшгүй шаардлагатай мэдээллийн технологийн олон улсын стандартыг өөрийн орны онцлогтой уялдуулан нутагшуулж мөрдүүлэх, телемедицин, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дэвшүүллээ.

8.Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал

Төрийн өмчит эмнэлэгт улс төрөөс хараат бус, бие даасан, хамтын удирдлагатай эмнэлгийн хагас бие даасан засаглалыг бий болгох, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтыг чухалчлан авч үзсэн.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах болно.

Өнөөг хүртэл салбарын хэмжээнд мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, стратеги, дэд хөтөлбөр гэх мэт 30 орчим баримт бичиг боловсрогдон хэрэгжиж байсан хэдий ч дийлэнх баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа 2015-2016 онд дууссан, үлдсэн баримт бичгүүдийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай уялдуулан шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага урган гарч байгаа юм. Тухайлбал, салбарын хөгжлийн бодлогын гол баримт бичиг болох Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого гэх мэт баримт бичгүүдийн хэрэгжилтийн хугацаа мөн 2015-2016 онд дуусгавар болсон юм хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хятад-Их Британи чиглэлийн анхны галт тэрэг Лондонд ирлээ

БНХАУ-аас Их Британи руу шууд чиглэлтэй анхны галт тэрэг аж үйлдвэрлэлийн Иву хотоос Лондонд ирснийг сэтгүүлчид, улс төрчид, төрийн албан хаагчид болон бусад албаны төлөөллийнхөн баяр ёслолын байдалтайгаар угтаж авчээ.

Галт тэрэг оймс, хувцас, даавуу, эд хэрэглэл болон бусад гэр ахуйн хэрэглээний дөрвөн сая паундын жинтэй бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн 18 хоногийн турш явахдаа нийт долоон улсын хил давжээ. Угталтын үйл ажиллагаанд хүмүүс хятад лууг илэрхийлэн хувцасласан нь гадаадын сэтгүүлч, зурагчдын анхаарлыг ихээр татсан байна. Их Британи Хятадаас шууд чиглэлтэй галт тэрэг зорчдог болсон Европын 15 дахь хот болж байгаа нь энэ юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран дархчууд анхны уралдаанаа хийнэ

Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааныг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулах гэж байна. “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” сэдвийн хүрээнд болох энэхүү уралдаанд уран дархчууд алт, мөнгийг дангаар нь эсвэл хослуулан ашигласан гоёлын бөгж, ээмэг, зүүлт урлаж өрсөлдөх ажээ.

Монгол дархчууд гоёл чимэглэлийн зүйл урлаж ирсэн өнө удаан жилийн түүх, уламжлалтай. Уран дархны урлалд нутаг нутгийн онцлог бүхий харилцан адилгүй арга барил, ур хийц гэж бий. Өнөө цагийн монголчууд орчин үеийн хэв загвар бүхий гоёл чимэглэлийн зүйлийг илүү их шимтэн хэрэглэх болсон учир энэхүү уралдаанаар дамжуулан загвар, хэв маягийн шинэ санаа, шинэлэг загвар эрэлхийлэхийг зорьж байгаа гэнэ. Тиймээс уламжлалтаас өөр шинэ арга барилаар, төрөл бүрийн материал ашиглахын зэрэгцээ хуучны хэв донжийг орчин үеийн загвартай хослуулан урлах боломжтой юм байна.

Гоёл чимэглэлийн уран дархчуудын улсын анхдугаар уралдааны бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 15-ны дотор бүтээлүүдийг хүлээн авч шилдгүүдийг шалгаруулан монгол дархны ур ухааны гайхамшиг болсон бүтээлүүдийг нийтэд танилцуулан сурталчлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Баянмонгол” СӨХ-ны үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Өнөөдөр Баянмонгол хорооллын оршин суугчид дээд шүүхийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооллын оршин суугчи­д “Баян Монгол” сууц өмчлөгчдийн холбоог хууль бусаар байгуулж батламжилсан хэмээн Баянзүрх дүүргийн тамгийн газрыг шүүхэд өгөөд байсан юм.

Улмаар шүүхийн шийдвэр оршин суугчдын эсрэг гараад байгаа ба тэд давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ хэлсэн юм. Тус хороололд 1830 өрх амьдардаг бөгөөд сард “Баян Монгол” СӨХ-нд нэг айл 160 мянган төгрөг төлдөг байна. Гэвч СӨХ орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийг засдаггүй, өрхүүдээс авсан мөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулдаг нь тодорхойгүй.

Мөн хулгай дээрмийн хэрэг гарах нь нэмэгдэж байгаа ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад иргэд эсэргүүцэж байгааг “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-ны дарга Б.Болдбаатар хэллээ. Өмнө нь оршин суугчдын түр хорооны гишүүн Я.Алтанхундага “Баянмонгол” СӨХ-г хууль бусаар байгуулж, иргэдээс их хэмжээний төлбөр авдаг талаар манай сайтад ярилцлага өгч байсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанар 4 асуудлыг хэлэлцлээ

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Занданшатар танилцууллаа.

Тэрбээр, Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох”, 16 дахь заалтад “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, …” зэрэг ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон иргэний суурь эрхийг баталгаажуулсан.

Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр 30 орчим хууль, тогтоол баталсан байна.

Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурлаас батлан гаргасан Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиуд нь эрх бүхий байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоол, хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийн төслийг санаачлан боловсруулж, батлан гаргахдаа уг хууль, шийдвэрийн төслийн талаар ашиг сонирхлын бүлгүүд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл, холбоод болон иргэдийн саналыг авах нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол, сонсох ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байна. Эдгээр зохицуулалт нь иргэдээс төрийн үйл хэрэгт оролцох оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.

Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хуулийн төсөлд иргэд санал өгөх нь жил ирэх тусам нэмэгдэж, иргэдийн улс төрийн идэвх, соёл төлөвшиж байгаа хэдий ч иргэд бүх шатны төрийн болон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан ёсны ажиллагаанд тэр бүр оролцож чадахгүй, гаргасан шийдвэр нь иргэдийн ашиг сонирхол, нийгмийн амьдралын бодит шаардлагад нийцэхгүй байх тохиолдол цөөнгүй гарсаар байгаа нь аливаа хууль, шийдвэрийн төслийг санаачлан боловсруулах ажиллагааны явцад иргэдтэй зөвлөлдөх үйл явцыг бүрэн хангаж чадахгүй байгааг харуулж байна гэлээ.

Хууль, шийдвэрийн төслийн талаархи нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол, сонсох ажиллагаа зэрэг санал авах ажиллагааны дүнд иргэд, байгууллагуудаас гаргасан санал нь төрөөс зохицуулах нийгмийн харилцааны хүрээнд тэр бүр хамаарахгүй байх, амьдралын бодит шаардлагыг тусгасан саналыг хууль, шийдвэрийн төсөлд хэрхэн тусгах нь эрх бүхий байгууллагын үзэмжийн асуудал болох, эсхүл улс төрийн олонхийн байр сууринаас хандаж шийдвэрлэх нь зөвлөлдөх ардчиллын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Иймд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн байр суурь, хүсэл эрмэлзлэл, саналыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар тодруулах эрх зүйн механизмыг бий болгож хуульчлах шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан.

Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж буй юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Нямдорж, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар асуулт асууж, Ё.Баатарбилэг, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна.

Дээрх хуулийн төсөлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгахаар тусгасан байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулиудыг баталлаа.

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Мөн өдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгасан байна. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг арга, ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэж, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байхаар тусгажээ. Мөн цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн тодорхойлж, цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг өөрчлөн томьёолж, эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид цол олгодог байхаар тусгажээ. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, холбогдох хуульд заасны дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, эсхүл боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх, цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчим зэрэг асуудлыг тусгасан байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эргүүлийн алба гүйцэтгэж байгаа болон олон жил алба хааж байгаа цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн тусгасан талаар болон цагдаагийн цол олгох асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар цагдаагийн төв байгууллагын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх асуудал нь Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажилладаг байх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зөвшилцөн гэдэг нь томилох гэж байгаа албан тушаалтныхаа талаар дүүрэг, орон нутгийн удирдлагад урьдчилан мэдээлэл хүргүүлж, санал солилцож байгаа хэлбэр бөгөөд тус байгууллагын материаллаг бааз бэхжиж, харилцан ойлголцол бий болдог сайн талтай юм, мөн цагдаагийн байгууллагын тэргүүн дэд дарга, дэд дарга нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажпын дадлага туршлагатай гэсэн шаардлагад нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр гэдгийг нэмэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын чиг үүрэгт орон нутагт хэрэгжүүлэх хэд хэдэн үүргийг нэмж тусгаж, тухайн шатны Засаг даргатай харилцах харилцааг өргөжүүлэн тодотгох, УИХ-ын гишүүн Л.Энхболд сум, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж байгаа боловч таних тэмдэг, тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон холбогдох зардлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлж байгаа ч олон нийтийн цагдаагийн эрх хэмжээ, оролцоог цаашдаа анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, Н.Цэрэнбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Мөнхбаатар, Л.Элдэв-Очир нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЭХЛЭВ

Үдээс өмнөх хуралдаан Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалын талаархи танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоноор өндөрлөсөн юм.

Монгол Улсад дотоодын цэрэг анх 1922 онд үүсгэн байгуулагдаж улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг голчлон гүйцэтгэж иржээ. Дотоодын цэрэг нь НАХЯ-ны /хуучин нэрээр/ Хилийн ба Дотоодын цэргийн удирдлагад, 1990 оноос 2014 онд татан буугдах хугацааг хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлагад чиг үүргээ хэрэгжүүлж байжээ.

Монгол Улсын Их Хурлаас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгож дотоодын цэргийн чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Зэвсэгт хүчнийг дотоодын үймээн самуун, зэвсэгт бослогыг дарахад ашиглах нь зэвсэгт хүчнийг ард түмний эсрэг ашиглахын нэг хэлбэр бөгөөд энэ нь зэвсэгт хүчний эх орноо хамгаалах үндсэн чиг үүргээс гажсан, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах өндөр эрсдлийг дагуулдаг төдийгүй зэвсэгт хүчнийг улс төрийн тэмцэлд ашиглах, хутган оролцуулах боломж нээгдэж олон улсын тавцанд улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх алхам болдгийг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно.

Түүнчлэн улсын онц чухал объектууд, тухайлбал, Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр, гүний худгууд, усан сангийн хамгаалалтад хоног тутам 1 ахлагчаар хамгаалалтыг зохион байгуулж байгаа нь объектын найдвартай хамгаалалт хангагдахгүйгээс гадна, харуулчны аюулгүй байдал алдагдаж, аюул осол үүсэх эрсдлийг дагуулж байна. Дотоодын цэргийг татан буулгахаас өмнөх хугацаанд хугацаат цэргийн алба хаагч нарыг хамгаалалтын ажиллагаанд татан оролцуулсанаар тэдгээрийг хүчийг объектуудад тараан байрлуулах, хамгаалалтыг сайжруулах боломжтой төдийгүй офицер, ахлагч нараар хамгаалуулахаас бага зардлаар шийдвэрлэж байсан байна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.

Тэрбээр, дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдал болон бусад аюул ослыг шатлан өргөжихөөс сэргийлэх, таслан зогсоох, иргэн, төрийн байгууллага, тэдгээрийн өмч хөрөнгө, объектын аюулгүй байдлыг хангах ажиллагааг уг ажиллагааны арга тактик бүхий тусгай бэлтгэгдсэн, удирдлага зохион байгуулалтын хувьд аливаа нөхцөл байдал, аюул осолд шуурхай хариу өгч чадахуйц, байнгын бэлтгэл сургуультай мэргэшсэн бүрэлдэхүүнээр хохирол багатай гүйцэтгүүлэх нь төрийн болон иргэд, нийгмийн эрх ашиг, сонирхолд нийцэхүйц алхам болох юм.

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ нь энэхүү хуулийн төслийг боловсруулах практик хэрэгцээ, шаардлагыг үүсгэж байна гэлээ.

Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хотын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд азийн сангийн зүгээс Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Мөн холбогдох бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын шат шатны засаг захиргааны байгууллагад болон бусад оролцогч талын идэвхтэй оролцоог хангаж, хамтран ажиллах юм байна.

Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч “Өнөөдөр байгаль орчинд тулгамдсан гол асуудал бол агаарын бохирдол. Мөн хүн амын өсөлтөөс шалтгаалаад хөрсний бохирдол, доройтол ихэссэн. Дөрвөн уулын дунд монголчуудын тал нь ирж суурьшсантай холбоотойгоор усны бохирдол өндөр түвшинд хүрч, цэвэр усны нөөц багассан байгаа. Байгаль орчны энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Азийн сан хамтран ажиллана. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон хөгжилд түлхүү анхаарч төсөл хөтөлбөр олноор хэрэгжүүлнэ” гэв.

Цаашид хэрэгжих ажлуудад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийг төлөөлөн нийслэлийн Байгаль орчны газар ажиллах бөгөөд тус газар нь Агаар, Ус, Хөрс гэсэн сэдвийн хүрээнд хэрэгжүүлэх нэн тэргүүний ач холбогдол бүхий үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг тодорхойлох, хамтран хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.