Categories
мэдээ цаг-үе

Агаарын бохирдлоос болж 2017-2024 онд 13000 хүн нас барах тооцоо гарчээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүнг өчигдөр холбогдох албаны хүмүүст танилцуулж, “Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүхээс дараахь зүйлсийг тодрууллаа.


-Судалгааны үр дүнг товч танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Америк, Солонгосын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийсэн. Тухайлбал, 2013-2014 онд Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцрын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтраад хийсэн байгаа. Тэр судалгаанаас харахад 2014 оны байдлаар агаарын бохирдол 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эмгэгт нөлөөлж 120 орчим хүүхдийн нас барах шалтгаан болсон. Насанд хүрэгчдийн хувьд 1,200-1,300 хүний нас баралтад нөлөөлсөн гэж үзсэн. Мөн дотоод орчны агаарын бохирдлын талаар бид хэд хэдэн судалгаа хийсэн. Өнгөрөгч 2016 онд Сөүлийн үндэсний их сургуультай хамтраад монгол гэрийн дотоод орчны агаар дахь pm 2.5 нарийн ширхэгт тоосыг хэмжсэн. Тэгэхэд 200 м.гр м3 буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн үр дүн гарсан.

-Дотоод орчны агаарын бохирдолд нөлөөлж буй ямар хүчин зүйлс байна?

-Мэдээж, гадаад орчны агаарын бохирдол хамгийн их нөлөөлж байгаа. Үүнээс гадна гэр хороололд утаат галлагаа буюу нүүрс, мод түлэх нь дотоод орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болоод байна. Амьдралын буруу хэвшил, зан үйл ч бага гэлтгүй сөргөөр нөлөөлж байгааг бид тэр бүр мэддэггүй. Тухайлбал, тамхи татах, арц, хүж уугиулах, үнэр гаргадаг органик нэгдэл бүхий тавилга, шалны хулдаас, пластик хэрэгслүүд агаарт таагүй үнэр ялгаруулдаг.

-Судалгааны үр дүнг танилцуулсны дараа хэлэлцүүлгээс ямар санал, шийдэл гарав?

-Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарч байна. Үүнээс сэргийлэхийн тулд юу хийх юм бэ гэдгийг бид бас тодорхойлсон. Юун түрүүнд, Улаанбаатарт утаагүй халаалтын шийдлүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ монгол гэрт болон орон сууцанд ямар төрлийн халаалт оновчтой юм, эдийн засгийн хувьд ямар үр ашигтай юм гэдгийг тооцох шаардлагатай байна. Мөн эрчим хүчний дэд бүтцийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах сургалт сурталчилгааны ажлыг иргэдэд зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн хичээллэх цагийг агаарын бохирдлын оргил цагтай давхцуулахгүй байх, агаар цэвэршүүлэгч ашиглах, автомашины янданд агаар шүүгч тавих, хотод байгаа иргэд хөдөө суурьшиж амьдрахад нь тодорхой эдийн засгийн хөшүүрэг бий болгож малжуулах, агаарын бохирдолд өртөмхий бүлэгт чиглэсэн бодлого боловсруулах тухай гэх мэт зөвлөмжүүдийг гаргаад байна.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Нүүдэлчний ухааныг авдарласан амьд судар

Өнгөрсөн намар охин маань Америк руу яваад ирэхдээ Америкийн зохиолчийнх биш, монгол зохиолчийн, тэр тусмаа Ширчингийн Баатарын “Миний өссөн монгол ахуй” гэсэн нэртэй тоодгор жаахан хүү эмээтэйгээ хөдөө хээр аргал түүж явахдаа эргэн тойрны уул ус, байгаль орчин, түмэн бодис, огторгуй тэнгэр, үлгэр домог ерөөс юу эсэхийн тухай байхав дээ, гэнэн асуултаар булж, бишгүйг чихээ дэлдийлгэн сонсож, хүүрнэн ярьж байгаа нь дэргэд сонсогдмоор, нүднээ харагдахаар сэтгэлд нэн таацтай зураг чимэглэл бүхий хавтастай ном авчирсан юм. Хүү тэртээд үг хэлгүй цэлийх тэнгэр өөд ширтэж, долоовор хуруугаараа үүл агаарыг займруулан зүсэж яваа нисэх онгоцыг заажээ. Энэ нь түүний ирээдүй холын тэнгис далайг гаталгах, тэндээс ийшээ тийшээ нүүдэллэх эрдмийн эрэлд цуцахыг мэдэхгүй эдлэх мөнгөн хүлэг байсан хийгээд хувь заяаны төөрөг тавилан байлаа. Банжаа гэх зурхайч, мэргэн лам түүний төөргийн зурхайг “Биндэргарва” судартай тулган нягтлаад “Оройн одонд төрвөл ноён болдог. Газрын одонд төрвөл уран болдог. Уран болж эс чадваас хулгайч болдог. Баатар хүү хөлийн одонд төржээ. Холын хол явах хувь заяатай хүү байна” гэсэн нь ёстой л эмээгийнх нь хэлдгээр “Хүнд тавилан байвал хүзүүгээр татдаг хорвоо” гэж хэлсэнтэй яв цав нийлжээ. Өвгөд дээдэс маань даяаны олон гол мөрнөөс морио умдаалж усалсан шиг, Баатар хөвгүүн эрдмийн олон далайгаас оюун тархиныхаа хүлгийг усалжээ. Дашрамд хэлэхэд, энд бас нэг зурхай төөргийн сонирхолтой зүйл тааралдав. Дэ вангийн гадаад хэргийн сайд Захчид Сэчин гуайн төөргийг Халхын Дилов хутагт Жамсранжав абугай төөргийг үзээд “Ар Монголд очвол гурван сарын настай, Шилийн голдоо үлдвэл гурван жилийн настай, Тайвань руу гарвал бараг 100 наслах юм байна. Тэгвээс чамд хоёр хүү, дөрвөн охин заяана” гэсэн нь яг ёсоор биелсэн тухай сониноор өгүүлснийг дурдъя.

Номонд нь шимтсэн учраас зохиогчийг нь таних мэдэх санаатай Ширчингийн Баатар гэдэг чинь хэн билээ? гэж энд тэндээс асуув. Гэхнээ хөх тэнгэрт мөрөө, мутрын үсгээ аль хэдийнэ зурж, энэхүү даяаны хөхрөгч тэнгэр доор харийн нутагт Монголынхоо нэр алдрыг, монгол хүний нэрийг, монгол оюун ухааныг, эзэмшсэн мэргэжлээрээ гайхуулж яваа Америк дахь цахим ертөнцийн хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай мэргэжилтэн, эх орныхоо түүх, өнөө, ирээдүй хоёрыг холбосон томоохон сэтгэгч, орос, япон, англи, хятад, төвөд зэрэг олон хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, монгол бичгээрээ эртний зохиолуудаас Манж Чин улсын үед орчуулсан бэнсэн үлгэрүүдийг худам монгол бичгээр уншдаг аргагүй эрдэм номд балчир байхаасаа “цагааширсан” цаашихдаа шашны болон олон ухаанд нэвт нэвтэрсэн ховор зэвэр тохиолдох оюут хүмүүн гэдгийг дуулж, баясав. Гэвч эл номынхоо оршилд “Мөхөс миний эрдэм мэдлэг угаасаа муутуу цаас мэт нимгэн, уншиж мэдсэн нь өдрийн од лугаа цөөхөн, ухаж ойлгох чадвар төрөлхийн аанай, төлөв байдал нунж дорой, илтгэн өгүүлэх авьяас хэзээний дулимаг тул мунгинаж будилсаар мартаж орхигдуулсан агаад зөрүү буруу бичсэн зүйл арвин буй учир уншигч абугай та алдаа мадгийг уураг тархиндаа мэргэн ухаанаар тунгаан болгоож, оюун билгийн маш тунгалаг мэлмийгээр нягтлан шүүгээрэй” гэжээ. Үүнээс үзвэл “Их мөрөн дөлгөөн, эрдэмтэн хүн даруу” гэгчээр өөрийн эр бяр чадалдаа ташааран омтгойтож, энгүй амжилтдаа ташаалдан цанхаалах эр биш эрдэм дор, ном дор, соёл дор, ёсзүй дор чөдрийн ганц морь шиг номхорсон хэрнээ оюун тархи нь ган үзүүртэй илд шиг хатгууртай нэгэн болов уу? гэсэн эргэцүүлэл төрөв.

Номын эхний хуудсыг сөхсөнөөс хойш нэг мэдэхнээ төгсгөлийн хуудсыг хүртэл нэвт уншаад орхижээ. Би говь талын хүн, Ш.Баатар маань төв халхын хүйс хангай нутгийнх боловч зурсан зураг нэг мэт жинхэнэ борог өвсөн дундуур, босон суун дэгдэх борхон туулайг харсан шигээ, өвгөдийн үлгэр домгийг хүүрнэсэн шигээ, саахалт айлын өвөө рүүгээ дөрөө харшуулан яваа хот айлын хөвүүд шиг нүүдэлчний тунчиг адилхан замыг туулжээ гэж бодов. Хөх нүүдэлчний удамт монгол хүн болж төрснийх “Миний өссөн монгол ахуй” номыг уншаад аагтай шаргал цайгаа тамшаалах мэт, адуу морь тургилах мэт, аажуу намууханд морин хуур сонсох мэт, өвс хугарах төдийд чимээлэх нам гүм мэт, ариун цэнгэг агаарт амьсгал авах шиг болов. Сайхан ном уншиж дууссаны дараа сэтгэлийн амар амгалан эдлэх шиг сэтгэлийн болоод оюуны жаргал байхгүй ээ. Уншихын зуур нүүдэлчний ахуй амьдрал ой санамжийн сэрэл мэдрэмж бүхнийг хөдөлгөж, санахын зуур тэртээд хөхрөх уугуул ус нутаг, хэдийнэ анир чимээгүй болсон ухаант мэргэн өвгөд хөгшдөө санааширлаа.

Номонд шүншиг гэж байдаг бол Ш.Баатарын номонд жинхэнэ шүншиг оршиж, монгол хөдөөх ахуйн тос даасан тунгаагдсан өвөрмөц үг хэллэг, намар оройн ширэн хөхүүртэй шаагьсан айргийн охь хамар сэтлэм сэнхийх шиг үнэр, амт мэдрэгдлээ. Би даваадуулсангүй, харин ч дутуудуулав. Амьдралын ахуй үнэнээс баринтагласан үнэнээс үнэн, ховроос ховор, монгол заншил, ёс дэг, сургаал, мөс чанар, нуруу туруу үг хоорондоо, өгүүлбэрүүд хоорондоо өвс багтах зайгүй чихэлдэн орсон судар гэвэл энэ байна.

“Монголоо алдмар” гэж нутгийн өвгөд хацар алгадах шиг үгийг тасхийтэл хэлдэгсэн. Үнэхээр ч бид Монголоо бага багаар алдсаар байгаа, улмаар 100 жилийн дараа бүрмөсөн алдахад ч үгүй гэх газаргүй. Монгол ёс, монгол үг хэллэг, монгол ухаанаа алдаад, “Бид юусан билээ, бид хэний үр сад билээ” гэж гэнэт санацгаан ухаант үрсүүд эргээд ном судар сөхөөд ирэхийн үест энэ мэт ном алтан ялтас дээрх эрдэнийн үгс аяндаа цацрах болов уу? Миний хөөрүүг хөдөлгөсөн хатгуур ч бас байж болноо. Өчүүхэн бичиг номын амьтны хувьд “nomadism”-аар өвчилж, хүүрнэл зохиолоороо банхар нохойг төдийгүй, нохойн уяа болоод идүүрийг ч, морио төдийгүй чөдөр ногтын тасархайг ч, тэмээгээ төдийгүй орсон буурын шилний оройн цоорхойгоос гоожих бохийг ч болохноо бичиж үлдээхсэн гэж мэрийж, мэтгэж явдагтай яв цав нийллээ. Энэ бол баримтат зохиолын барагдашгүй агуу чанар.

“Ван хүний үр, сүүт гүүний унага” гэгчээр Баатарын өвгөд дээдэс угсаа удмаараа мөнөөх алдарт Сайн ноён хан Намнансүрэнгийн эцэг Төгс-Очиртой ахан дүүгийн барилдлагатай юм байна. Баримтат зохиолын өгүүлбэрийн мөр болгоны үгийн үртэс бүрийг шившин үлээж, ариусгаж, рашаан сүүний амтыг зохист газар нь зохистойгоор нь шигтгэж оруулахгүй бол “уйтгарын далай”, “усан шалхнаг” болноо.

Ш.Баатар айхтар хэрсүү хүүхэд байсан нь илэрхий байна. Тэр бяцхан ой санамжийн нүх сүв болгондоо ажиж мэдсэн, үзэж харсан, дуулж сонссон бүхнээ хуурцганд хураах адил хадгалан үлдээж чаджээ. Ингэж гярхай ажиглаагүй бол нүүдлийн амьдралын өчүүхэн төдийг ч орхиогүй, борог амьдралын суралцах бичиг болсон ховор чухаг номыг амархан бүтээхээргүй байв. Өгүүлэх эрдэм, туурвих эрдэм гэж бий. Номын хуудас бүрт эгэл энгийн мэт санагдах боловч төгс төгөлдөр, яруу зохист, өө сэвгүй тунгалаг найруулгын ид шид эрдэнэсийн талст шиг гялалзахыг уншаад бахдал төрөв. Номыг уншсан хүн лавтай миний санааг зөвшөөрөх байх аа.

Шаравдорж ах нь мөнөөх шуугиан дуулиантай 1966 оны аймшигт үерийн гамшиг дундуур туучуулан өлгийтэй жаахан Баатарыг тэврэн, арайхийж амь тэмцэн авч гараад, гэртээ харилгүй хоног төөрүүлжээ. Үүнээс болоод усан гүйлгээ өвчин тусаж нүд нь гархилж, чөмгөө дундартал турж доройтсон түүнийг оюутан аав, ээж нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт эмээ ээж Лхамгив гуайд хүргэж өгсөн байна. Энэ нь Баатарт том олз, том ухаан, том хишиг байсан юмсанж. Нүүдэлчний ухааны далайд сэлүүлэх багшид нь өгсөн хэрэг. Ерөөс монгол ухааны орой дээд нь өвөө нар ч биш, жаахан буурай эмээ байдаг гэдэгт би өнөө хүртэл эргэлздэггүй. Яагаад гэхлээр өвөөд хүрэхгүй юм гэж бий. Харин эмээд хүрэхгүй, хүрэлцэхгүй юм гэж байхгүй. Тэр болгоноос ухаан сууна. Үрээтэй ноцолдсон аав, үртэй ноцолдсон ээж хоёрын ухаан өөр өөр л дөө.

Үнэндээ мань мэт нь барьц алдаж байна. Хаанаас нь юуг онцолж цохлох билээ. Энэ бол монгол хүмүүний амь амьжиргааны хэв хаяг, уламжлал, ёс заншил зэрэг нь зах зухаасаа элж мартагдах үест эргэн үзэх эрдэнэсийн авдар болсон хэдэн томхон номуудын дотор орноо. Хамгийн агуу юм энгийн байдаг хуультай. Энгийн үгс элгэнд очиж наалддаг. Энд монгол ахуйгаас үлдэж хоцорсон нэгээхэн зүйл байхгүй мэт санагдлаа. Бүлэг болгоноос ухаарал авмаар, монгол ухааны далайгаас сувд шүүрдмээр байх аж. Сүү хөөрүүлж, өрөм хураахаас, аарц шахаж, ааруул тавих, унгас савж, эсгий хийх, олом жирэм сүлжих, сэгсүүрэг, нэхий элдэх, малын хугарсан яс эмнэх, эргүү мал эмнэх, шарвин хайрах, гэдэс тос боловсруулах эмээлийн олонцог цэмбэлэх, монгол гутал урлах гээд өвгөдийн үлдээсэн эд өлөг, сургаал, ажил үйл зэргийг яг бор гэрт нь яаж бэлтгэдэг, хэрхэн хийдгийг чихэнд сонсогдож, гарт баригдтал бичжээ.

Бас хуучнаар Сайн ноён хан аймгийн буяны их чуулга болсон нутаг усанд үлдсэн тэр бүр сонсогдоогүй хууч яриа болох “Балаг ихтэй Балбар сөнөхийнхөн”, “Гэнэ алдсан Шүншүүр наймаа”, “Онолт баяны хүү”, “Ёгт үгтэй Ёдорын хэлгий”, “Лам дээл хар захтай болсон домог” “Будаатай шаазангийн тухай” “Гамин Намсрайн тухай” зэрэг дуулж сонсогдож байгаагүй хачирхалтай домог, хууч яриаг чимэг хачир болгон бас нэг бүлэг болгон шигтгэж өгсөн нь амьд түүхийн авдар мэт ээ. Ерөөс одоо амьд түүх, амьд уран зохиол, амьд сэтгүүлзүй, амьд ёс заншил, амьд хууль дэг, амьд хууч яриа, амьд адал явдал, амьд шинжлэх ухаан дэлхий даяар хүчээ авч бүтээл туурвилын шинэ үзэгдэл болж гарч ирж байгааг тэмдэглэхэд илүүдэхгүй биз ээ. Энд ганцхан хууч ярианы санааг дурдъя. “Бариа тавианы балар үеэр том номтой Ишням унзадыг бариад аймгийн төвийн хар гэрт хорьжээ. Хоригдож байгаа хүмүүсийн гэрийн тооноор жаахан юм шидэж эргэдэг байж. Нэг удаа хонины сүүл эргэлт таарахад Ишням унзад “За та нар яахав, хэд хоног тэсэх байх. Би түрүүлж хороогдохоороо наад сүүлнээс чинь хэдэн хэрчим үмхээд хорхойгоо дараадахъя” гэж гуйж идэж байжээ. Мөн даалимбан дээлийнхээ хормойд хуйлаад оёж нуусан хэдэн төгрөгийг гаргаж ирээд “Одоо би удахгүй туугдах хүн үүгээр яахав. Та нар амьд мэнд гарвал хэрэглээрэй” гээд хамт хоригдож байсан нөхдөдөө тарааж өгч байжээ. Эндээс харахад аливаа хүнд үхэхийн өмнө хүртэл жаахан ч гэсэн мөрөөдөл байдаг ажээ” гэж санаа сэтгэлийг хирдхийтэл бичсэн байна.

Хамгийн гол нь энэ бүхнийг жинхэнэ монгол ухааныг мөнгөн аяганы амсраас өрөм халгиж байгаа шиг, морин хуур зөнгөөрөө салхиар хөглөгдөж байгаа шиг ардын амтат үг яриа, өвөрмөц үг хэллэг, зүйр цэцэн үгийг элбэг оруулсан нь уг номын үнэ цэнийг улмаа өргөжээ.

Ганц эрдэмтэн Баатарын эмээ ч биш, манайхны баруун, зүүн, өмнөд, хойт нутгаар амьдрагч олон ястан угсааны удам болох монгол эмээ нар хэдэн хом ачаатай тэмээний чинээгээр хар борог ухаан, хар борог эм дом, хар борог гүн ухаан авдарласан ухааны далай, ургийн бурхад байсаан. Тэр бүхнийг тохойн чинээ өндөргүй, тойгон чинээ ухаангүй үедээ мань мэт нь яахин мэдэх, яахин ажрах билээ, гэвч Баатар энэ бүхнийг бөл цөлөөр үлдээж чадсан нь манай монголчуудын хувьд маш том олз хишиг юм. Элбэг баян монгол үг хэллэгийн халгиж бялхсан жишээг хаанаас л бол хаанаас нь уншиж болно. Хэлсэн үг, хийсэн ажил нь алд дэлэм зөрдөг хүнийг “Элсээр дээс томох, үнсээр чөдөр зангидах гэдэг нь болжээ”, дандаа худал ярьдаг, итгэлгүй хүнийг “Гал үлээх, газар гишгэхээс бусад нь худал”, чадал нь хүрэхгүй байж их санаа агуулахыг “муу нохойн санаа цаад захын оононд” гэх юм уу “Хүнд тавилан байвал хүзүүгээр татдаг хорвоо”, “Намайг нас дарж, чамайг мунхаг дарж” гэх зэрэг айхтар сийрэг зүйр үгийг ер бодож цөхөлгүй, гэнэ сэрэггүй өдөр бүр хэлдэг байсан нь Лхамгив эмээ монгол хэлийг сур элдэж байгаа шиг элдэж хэрэглэн, үр хүүхдэдээ танхимын ухаанаас ч дутахааргүй ухаан суулгаж байсан хэрэг.

Одоо байгаа юмс ирээдүйд бас байхгүй болно. Одоо хэлж байгаа үгс хатангиршин алга болно. Одоо байгаа ёс заншил, ёсзүй үрэгдэж алга болно. Одооны бид өмнөх өвгөд дээдсийнхээ алт, мөнгөн хормойноос чүү ай гэж зүүгдэж өссөн хүмүүс ч алга болно. Тэгэхэд ном үлдэнэ. Монгол ухаан, монгол зан заншил, монгол үг хэллэг, монгол дэлгэр ариун сэтгэлийг хаанаас эрэх билээ? гэвэл эрдэмтэн Ширчингийн Баатарын “Миний өссөн монгол ахуй” шиг хөх нүүдэлчдийн борцлогдсон ухаанаас эрж хайх болно. Байхгүй болохыг байгаагаар нь үлдээсэнд бичиг номын эрдэмт мэргэдийн номон хөшөө алт шиг үнэ цэнээрээ оршино.

До.ЦЭНДЖАВ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Спортын холбоодоор юу болоод байна вэ?

Олимпийн цикл эхэлж байгаатай холбогдон спорт холбоод улсын аварга шалгаруулах тэмцээн, удирдлагуудаа шинэчлэн сольж, халаа сэлгээ хийх гээд хөдөлгөөн ихтэй байна. Басхүү маргаан мэтгэлцээн ч ихтэй байгаа гэж ойлгож болох юм. Тухайлбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо сүүлийн үед хамгийн их маргаантай байгаа. Сагсчид болоод удирдлагууд нь заал, талбай байхгүй учир арга ядахдаа хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байна гэж гомдоллосон. Хэн нь ийм зүйл хийж, хөгжиж дэвжихэд нь саад болж байгаа тухай Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбалаас лавлахад “УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар манай холбоог авах гэж дайрч байна. Надад дургүй байж болно. Гэхдээ хоёр холбоо эвлэлдэн нэгдэж сагсан бөмбөгийн хөгжил зөв голдрилдоо орж байхад хүмүүс эрх мэдлээрээ далимдуулан элдэв асуудал үүсгээд байна” хэмээн ярьсан юм. Харин энэ тухайд Ц.Шаравжамцын зүгээс “Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байгаа хүн яах гэж нэг холбооны төлөө хэл, ам хийж явах вэ” гэх юм билээ. Ер нь тэгээд томхон албан тушаалтай хүмүүс нь сагсан бөмбөгийн холбоодын үл ойлголцол намжиж, басхүү өмнө нь үзүүлж байгаагүй том амжилт үзүүлээд ирэхээр нь ил биш ч далдуур хорлоод байгаа учир нь юу юм бол гэж бодогдох юм. Бодвол холбооны ерөнхийлөгч гэх суудалд л сууж, эрх мэдэл, нэр хүндтэй болох хүсэл нь хатгаад байдаг юм байлгүй. Сагсан бөмбөгийн холбоо иймэрхүү маргаан, зөрчилдөөнтэй байна.

Харин Монголын чөлөөт бөхийн холбоо нэгэн гэр бүлийн эзэмшил мэт болжээ. Ер нь Д.Долгорсүрэн зааны хүүхдүүд ерөнхийлөгчөөр нь суух хуваарь, эрэмбэтэй байгаад байх шиг харагддаг.Учир нь саяхан болсон Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн хурлаар Д.Дагвадорж тус холбооны ерөнхийлөгчийн байр сууриа төрийн түшээ төрсөн ахдаа бэлэглэчихсэн юм шиг харагдаж байна. Монголын чөлөөт бөхийн холбооны баталсан шинэ дүрмээр ерөнхийлөгч гэсэн нэр томьёог байхгүй болгож, холбооны удирдах эрх мэдлийг Удирдах зөвлөлийн даргад шилжүүлэхээр болсон юм байна. Ерөнхийдөө Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүргийг удирдах зөвлөлийн дарга нь гүйцэлдүүлэх гэнэ. Энэхүү удирдлагаа шилж, сонгох чухал хурал оны өмнө болох ёстой байсан ч хойшлогдсон. Гэтэл Улсын аварга шалгаруулах үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяабазар болсон гэх мэдээ чих дэлссэн юм. Ямартай ч ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байсан хүмүүст ямар ч боломж олдоогүй гэх яриа байна лээ.

Тэгвэл олимпийн дараахан маргаан дагуулалгүй ерөнхийлөгчөө дуу нэгтэй сонгосон холбоо бол Монголын жүдо бөхийн холбоо. Нэрээ дэвшүүлэх өөр хүн ч байсангүй. Тус холбооны их хурлаар Х.Баттулгыг ерөнхийлөгчөөрөө улируулан сонгосон юм. Ерөнхийдөө Х.Баттулга дархлагдчихсан гэж болно. Тэрээр 2006 оноос тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, олон амжилтыг эх орондоо авчрахад тус, дэм болсон. Мөн тэрээр өсвөр, залуучууд гэлтгүй жүдо бөхийн тэмцээн болгоныг заавал үздэг, дараа нь заавар зөвлөгөө өгдөг гэж тамирчид нь ам сайтай байдаг юм билээ. Тиймдээ ч холбооныхон Удирдах зөвлөлийн хурлаараа Х.Баттулгыг Хөдөлмөрийн баатар цолонд нэр дэвшүүлж байсан удаатай. Есдүгээр сард улиран сонгогдохдоо тэрээр “Тамирчдын маань сэтгэл зүй муу байгаа гэдгийг сайн мэдэж байна. Үүнд илүү анхаарч ажиллана” гэж байсан. Үүний хэрэгжилтийг бид ирэх Токиогийн олимпоор харах үлдэж байна.

Түүнчлэн Монголын буудлага спорт холбооны ерөнхийлөгчөөр Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монгол Улсаас Турк улсад суух Элчин сайдын яамны ерөнхий консул Э.Мөнх-Очир ажилладаг. Одоогоор буудлагын холбоо буудлагын шинэ төв байгуулаад тун чиг завгүй байгаа учир их хурлаа хийх товоо зарлаагүй байгаа аж. Харин дараагийн хамгийн их маргаантай байдаг холбоо бол Монголын хөлбөмбөгийн холбоо. Энэ холбоо нь Төрийн бус байгууллага гэсэн статустай. Гэхдээ бусад ТББ-аас ялгаатай нь Монгол Улсыг төлөөлсөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэлтэй юм. Улсын нэрээр энэ ТББ-д тусламж дэмжлэг их ирдэг. Тиймдээ ч маргаан ихтэй байх нь дамжиггүй биз. Энэ холбооны хамгийн дуулиантай ерөнхийлөгч асан бол Б.Ганболд. Энэ эрхмийг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухаммед Бин Хаммамаас авлига авсан хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёсзүйн хорооноос таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ажил хийхийг нь хориглож байсан. Мөн түүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өгсөн санхүүжилтийг хувьдаа шамшигдуулсан тухай ч мэдээлэл байдаг. Түүнийг гаднаас ирсэн хөрөнгө санхүүг зарцуулах ёстой төсөвт зарцуулсан бол Монголын хөлбөмбөгийн хөгжил үүнээс ч илүү байх байсан. Тиймдээ ч хөлбөмбөгийн хөгжилд том нэрмээс болсон хэмээн халаглаж суух хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Түүний дараа Хөлбөмбөгийн IV их хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарыг тус холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Тэрээр энэ албан тушаалд 2017 он хүртэл байх юм. А.Ганбаатарыг салбараа мэдэхгүй, мэддэг зөвлөх ч үгүй гэж салбарынхан нь голдог гэсэн. Анх сонгогдохдоо л албан тушаалаа ашиглаж, төрийн нөлөөлөл үзүүлж байна гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм билээ.

Тэгвэл өчигдөрхөн боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Тус холбоо мөн л шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчийг шинээр бүрдүүлэх ажилтай байгаа гэнэ. Мөн төд удалгүй холбооны ерөнхийлөгчөө сонгох юм байна. Холбооны ерөнхийлөгч “Ажнай” Бат-эрдэнэ гадаадад байсан гэх шалтгаанаар тус Их хурал нь хэд хэдэн удаа хойшилжээ. Ямартай ч тус холбооны ерөнхийлөгчид нийслэлийн Засаг дарга С.Батболд, “МАК” компанийн захирал Б.Нямтайшир нарын нэр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Ер нь яагаад спорт холбоодын ерөнхийлөгчид манай улсын нэртэй бизнесмэнүүд, улстөрчид улайран зүтгэцгээдэг юм бэ? Энэ бол монголчууд хоосон ядуу байгаагийн л шинж. Учир нь Олон улсын спорт холбоодоос тухайн спортын хөгжилд зориулж төсөл, хөтөлбөр олноор хэрэгжүүлж, материаллаг бааз, бүхий л зүйлд нь тус дэм болгохоор хөрөнгө, мөнгөний туслалцаа үзүүлдэг. Үүнд шунахайрч, өөрт завших гэсэн бичигдээгүй хууль бий болчихжээ. Ер нь аль ч салбарт ийм хандлага тогтчихсон учраас хөгжил, дэвшил гацаанд байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Угтаа бол ах дүү хамаатан садан, эрх мэдэл, албан тушаалаараа далайлгаж холбооны ерөнхийлөгчөөр суун мөнгө идэхдээ биш тэр л хөрөнгө мөнгийг спортынхоо хөгжилд зориулж, баг тамирчдаа дэмжиж, спорт цогцолбор, материаллаг баазаа бэлдэх гээд дундаршгүй их ажилд зориулах хэрэгтэй юм. Түүнээс удирдлагууд нь эрх мэдлээ булаацалдаж, мөнгө завшиж, тамирчид нь гэж гоншигоносон нөхдүүд нэмэгдээд байвал Монголын спорт цаашид юу болох вэ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 1200 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Өмнөговь аймагт 1200 хүүхэд хичээллэх боломжтой ЕБС-ийг ашиглалтад оруулжээ. Тус сургуулиийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын таван тэрбум 60 сая төгрөгөөр “Аж констракшн” ХХК гүйцэтгэсэн байна. Одоогийн байдлаар 995 сурагчтай, 37 багш ажилчид, 38 анги танхимд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Энэхүү сургууль нь хоёр давхар бөгөөд хамгийн сүүлийн үеийн чанар стандартад нийцүүлэн барьжээ. Мөн тус аймгийн хэмжээнд хамгийн томд тооцогдох спорт заалтай сургууль гэдгээрээ онцлог юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Царцаа Намжилын номын багшид С.Болд-Эрдэнэ тоглоно

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлэх “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид тоглох гэж байна.

Тус театрын хамт олон БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээл”-ийн төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын Монгол ардын үлгэр “Царцаа Намжил”-аас сэдэвлэн бичсэн зохиолыг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байгаа ажээ.

Хүүхдийн уран бүтээлийн урын санг шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор ийнхүү бэлтгэж байна.

Жүжгийн нээлт хоёрдугаар сарын 5-нд УДЭТ-ын тайзнаа болно.

Найруулагаар Б.Хишигзаяа, зураачаар Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолчоор Б.Цацрал, хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир ажилласан байна.

Харин дүрүүдэд царцаа Намжилд Б.Золжаргал, номын багшид С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, банди нарт О.Итгэл, Р.Адъяабаатар, Н.Сэргэлэн, Г.Очирбат, хэрээнд Б.Одончимэг, тогоcт Ц.Аззаяа, сүүлгүй хулганд Б.Шинэбаяр, хулганд Б.Жаргалсайхан, Д.Асардарь, мууранд Э.Тодгэрэл, тэмээнд Ц.Төгсбилэгт, буганд Г.Алтангэрэл, согоонд Г.Номуун, эрлэг номун хаанд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ж.Пүрэвдорж, хатанд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, түшмэлд А.Чингүн, Г.Ганбат, эмгэн шивэгчинд Б.Золзаяа нар тоглохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид танхайрсан хэмээн үзэж ЭХ үүсгэжээ

Өнгөрсөн лхагва гаригт шүүхийн танхимд ялын тогтоол уншсаны дараа шүүгдэгч Б нь хумсаараа хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан хэрэг гарсан билээ. Түүнийг эмнэлэгт хүргүүлсний дараа хоолойд нь хэд хэдэн оёдол тавьсан байна. Тэгвэл өнөөдөр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 171 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалтгаж эхэлжээ.

Шүүгдэгч нь 30 орчим настай өмнө нь хоёр удаа ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсаны дараа давтан гэмт хэрэг үйлдэж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны үеэр амиа хорлохыг завджээ. Тиймээс түүнд шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн гэв. Шүүгдэгч одоо хорих 461-р ангийн эмч нарын хяналтанд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан Г. Мэнд-Ооёогийн нэрэмжит боллоо

Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Чингисийн одонт Гомбожавын Мэнд-Ооёогийн нэрэмжит болголоо.

Сүхбаатар аймгаас төрөн гарсан төр нийгэм, соёл яруу найргийн олон нэрт зүтгэлтнүүд байдаг. Тэдгээрийн нэг болох СГЗ, Чингисийн одонт Г.Мэнд-Ооёо гэдэг хүнээр ийнхүү аймгийн Нийтийн номын сан овоглох боллоо.

“Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан нь түүхт 70 жилийн ойгоо угтаж хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү нэрэмжит болгох асуудал байсан. Харин энэхүү саналыг маань аймгийн ИТХ маш сайхнаар хүлээн авч, дэмжиж баталгаажуулж өгсөнд баяртай байна. Номын сан Г. Мэнд-Ооёогийн нэрэмжит болно гэдэг маань цаашид бид энэ хүний уран бүтээл, хийж буй ажлыг олон нийтэд сурталчилан таниулах, түүний нэр хүндийг өндөрт өргөх гээд үүрэг хариуцлага их болно. Нөгөө талаараа Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит гэж байнга хэлж яригдах юм бол ард иргэд тэр дундаа хүүхэд багачууд маань нутгийн нэг алдарт хүнийхээ тухай мэдэх, бахархах, улмаар түүхээ мэдэх гээд өндөр ач холбогдолтой…” хэмээн аймгийн Нийтийн номын сангийн захирал М.Энэбиш хэллээ.

Аймгийн нийтийн номын сан нь анх 300 номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 46 мянган номын фондтой. Өнгөрөгч 2016 онд гэхэд 46366 номоор 27,3 мянган хүнд үйлчилсэн байна.

Аймгийн Нийтийн номын сан нь 70 жилийн ойгоо 2017 оны намар тэмдэглэнэ.

Categories
гадаад мэдээ

Д.Трампын тангараг өргөх ёслол 00:30 цагт эхэлнэ

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаа манай цагаар шөнийн 00:30 цагт Вашингтон хотод эхэлнэ.

Ёслолын ажиллагааг Youtube сүлжээ АНУ-ын NBC, CBS, Univision, Telemundo зэрэг олон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран шууд дамжуулахаар болжээ.

Үүнээс гадна Цагаан ордны албан ёсны сайтаас шууд дамжуулалтыг үзэж болно. Мөн Вашингтон хотын гол хэвлэл болох Washington Post сонины вэб сайт, Facebook хуудас, Youtube суваг, гар утасны аппликэшн зэргээр шууд дамжуулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэв

Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаан өнгөрсөн лхагва гаригт /2016.01.18/ болсон. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурдав гэж Үндсэн хуулийн цзцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Торгоны замын ач холбогдол” хурал нь гурван талын томоохон төслийг хэрэгжүүлэх эхлэл боллоо

Дэлхийн 30 гаруй орны Төр засгийн өндөр албан тушаалтнууд, БНХАУ-д суугаа элчин сайдын яамдын дипломатчид болон аж ахуй нэгжийн 200 гаруй төлөөлөл оролцсон “Торгоны замын ач холбогдол” сэдэвт БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын 4 дүгээр их хурал энэ сарын 16-17-ны өдөр Бээжин хотноо болж өндөрлөв.

Хуралд манай улсаас Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат тэргүүтэй Монгол улсын ЗТХЯ, ГХЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЭХЯ, МХЕГ, Шадар сайдын ажлын алба, МҮХАҮТ зэрэг яам агентлагийн болон ТББ, аж ахуй нэгж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Энэхүү хурлын зорилго нь БНХАУ-ын дарга Си Жинпиний дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгын ач холбогдлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх явдал юм.

Мөн энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны байранд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт” болж Хятадын “Маомин этилен үйлдвэрлэлийн групп”-ээс санаачлан дэвшүүлж буй “3+2” төслийг танилцуулав. Төслийн гол зорилго нь Монгол-Хятад-ОХУ гурван улсыг өндөр хурдны галт тэрэг, авто замаар холбох явдал юм.

Тус хурлын талаар Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат ярихдаа “Торгоны замын ач холбогдол” сэдвийн дор болж буй энэхүү хөрөнгө оруулалтын уулзалт амжилттай болж байна. Энэ чуулга уулзалтаар манай талаас “Талын зам”, Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахын тулд бид бүхэн өөрсдийн боловсруулсан төсөл, ТЭЗҮ-ээ танилцуулж, хөрөнгө оруулалтыг татах, улмаар бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр Хятадын талтай хоёр талын болон гурван талын уулзалтыг амжилттай хийж байна. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаж эхлүүлнэ. Манай засгийн газар энэ дөрвөн жилдээ зарим төсөл, хөтөлбөрүүдийг дуусгахаар зорин ажиллаж байна. Мөн бид бүхэн “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай санхүүжилтийн асуудлаар хоёр талын уулзалтыг амжилттай хийлээ. “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн бид Замын үүд-Алтанбулаг чиглэлийн автозамыг хэсэгчлэн сайжруулж засна. Эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн 235 км авто замыг 4 эгнээтэй цемент бетонон хучилттай барихаар төлөвлөөд, урьдчилсан ТЭЗҮ-г манай үндэсний компани боловсруулж байна” гэв.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн Эрхт элчин сайд Д.Ганхуяг энэ удаагийн хөрөнгө оруулалтын уулзалтын ач холбогдлыг дүгнэж хэлэхдээ “БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, Эдийн засгаа сэргээх, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг сайжруулах болон гурван талын томоохон төслийг хэрэгжүүлэх эхлэл боллоо гэж харж байна. Тэгэхээр бид энэхүү төслийг Засгийн газар болон УИХ-даа танилцуулна. Хоёр талаас аль болох хурдан хэрэгжүүлэх саналтай байгаа. Хятадын талын компанийн өгсөн мэдээллээр энэхүү төсөл нь үндсэндээ гурван жилийн хугацаанд хэрэжих боломжтой гэж үзэж байна” гэлээ.