Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч бага зэрэг суларна

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп анхныхаа зарлигт гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Шинэ Ерөнхийлөгч Цагаан ордонд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа анхныхаа зарлигт гарын үсэг зурах агшныг Цагаан ордны Зууван танхимд цугларсан зураглаачид, сэтгүүлчид сурвалжилжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Трампын зарлиг нь Obamacare хөтөлбөрөөс учрах дарамтыг зөөлрүүлж, цаашдаа өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан уг шинэчлэлийн хөтөлбөрийг цуцлах зорилготой аж.

Б.Обамагийн дэвшүүлсэн уг санаачилга нь улсаас татаас олгох замаар даатгалын төлбөрийг бууруулахад чиглэсэн байна. Obamacare-ийг цуцлах явдал нь Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн гол амлалтуудын нэг юм. Обамагийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр нь зарим муж улсад даатгалын компаниуд дангаар ноёрхох байдлыг бий болгох учраас уг хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй, ингэснээр эрүүл мэндийн зах зээлийг илүү нээлттэй, ил тод, чөлөөтэй болгоно гэж Д.Трамп болон түүний намынхан үзэж байгаа ажээ.

Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пэнс хэлэхдээ “эрүүл мэндийн даатгалыг хүн бүрт хүртээмжтэй болгож, даатгалын зардлыг бууруулахад чиглэсэн хуулийг батална гэдгээ Ерөнхийлөгч Д.Трамп ямар нэгэн хоёрдмол санаагүйгээр илэрхийлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны 2017 оны анхны тохирол маргааш болно

НӨАТ-ын сугалааны 2017 оны анхны тохирол энэ сарын 22-ны 19.00 цагт явагдана.

Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-31-нд олгосон баримтыг хамруулах юм. Өнгөрсөн сард улсын хэмжээнд 38 мянга гаруй цэгээр дамжуулан 7 сая 371 мянган баримт олгож, хонжворын сан 675 сая болжээ. Уг тохирол нь НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших 19 дэхь удаагийнх юм. Өнгөрсөн онд нийт 18 удаагийн тохирол явагдсанаас 78 мянга 570 азтан нийт 3 тэрбум 93 сая 280 мянган төгрөг хожсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөж, үг хэллээ

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Конгрессын ордны өмнө тангараг өргөлөө.

Өөрийн гэр бүлийн болон АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөх ёслолын үеэр ашиглаж байсан библи судар дээр тэрбээр зүүн гараа тавиад, баруун гараа өргөн “”Дональд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!” гэж хэллээ. Түүний тангараг өргөх ёслолыг АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс удирдлаа.

Өдгөө 70 настай Д.Трамп нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байна.

Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ:

“Эрхэм Ерөнхий шүүгч Робертс, Ерөнхийлөгч Картер, Ерөнхийлөгч Клинтон, Ерөнхийлөгч Буш, Ерөнхийлөгч Обама, Америкийн ард түмэн болон дэлхий дахин та бүхэнд баярлалаа.

Америкийн ард түмэн бид улс орноо сэргээн босгож, улсынхаа иргэн бүрийн итгэл найдварыг сэргээхээр өнөөдөр энд цуглаж, нэгдээд байна.

Ирэх жилүүдэд Америкийн болон дэлхий дахины зүг чигийг бид хамтдаа тодорхойлох болно.

Бидэнд олон сорилт тулгарах нь мэдээж. Бид саад бэрхшээлийг сөрөн зогсож, даван туулах болно. Бид энэ ажлыг сайн хийж чадна.

Дөрвөн жил тутамд бид төрийн эрхийг цэгцтэй, тайвнаар шилжүүлэн өгөх үйл явцын гэрч болохоор цугладаг. Төрийн эрхийг шилжүүлэн өгөх ажилд энэрэнгүй сэтгэлээр тусалсан Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай Мишель нарт талархлаа илэрхийлье. Тэд гайхамшигтай сайн байсан.

Өнөөдрийн ёслол бол маш онцгой утга учиртай. Өнөөдөр бид нэг засаг захиргаанаас нөгөө засаг захиргаанд эсвэл нэг намаас нөгөө намд төрийн эрхийг шилжүүлэн өгч байгаа юм биш. Харин бид Вашингтоны эрх мэдлийг Америкийн ард түмэн та бүхэнд шилжүүлж, буцаан өгч байна.

Хэтэрхий урт хугацаанд манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө.

Вашингтон цэцэглэсэн ч ард түмэнд баялгаасаа хуваалцаагүй.

Улс төрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан.

Вашингтон ард түмнээ бус өөрсдийгөө л хамгаалсаар ирлээ.

Тэдний ялалт Америкийн ард түмэн та бүхний ялалт байсангүй. Тэд нийслэл хотод ялалтын баяраа тэмдэглэж байхад манай улсын өнцөг булан бүрт маш олон айл өрх амьдралын төлөө, амьдрах гэж тэмцэж байлаа.

Энэ бүхэн яг эндээс, яг одооноос өөрчлөгдөх болно. Учир нь энэ мөч бол та бүхнийх. Та бүхэнд зориулагдсан мөч.

Энэ мөч бол өнөөдөр энд цугласан хүн бүрт болон Америк даяар ёслолыг үзэж буй хүн бүрт хамаатай. Өнөөдөр бол та бүхний өдөр. Энэ бол та бүхний баяр. АНУ бол та бүхний эх орон.

Асуудлын гол нь аль нам засгийн газрыг удирдаж байгаад байгаа юм биш. Харин засгийн газрыг ард түмнээр удирдуулж байгаа эсэхэд байгаа юм. 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр бол ард түмэн дахин энэ улсын удирдагчид болсон өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно.

Бид орхигдсон хүмүүст, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль алинд анхаарлаа хандуулах болно.

Хүн бүр одоо таныг сонсч байна.

Дэлхийн дахины урьд өмнө нь хэзээ ч үзэж харж байгаагүй түүхэн хөдөлгөөний нэг хэсэг болох гэж та бүхэн энд ирсэн. Энэ хөдөлгөөний төвд нь ард иргэддээ үйлчилдэг улс орон, төрийг бий болгоно гэсэн итгэл үнэмшил бий.

Америкчууд үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж, ар гэрийнхнийгээ аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангаж, өөрсдөө ажилтай орлоготой болохыг хүсч байна. Энэ бүхэн бол шударга ард түмний зөв бөгөөд биелүүлж болохоор шаардлага.

Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч хэмхэрсэн үйлдвэрүүд байна. Боловсролын тогтолцоо мөнгөний гачаалд орсны улмаас манай залуус болон оюутан сурагчид хохирч, мэдлэгээр цангаж байна. Гэмт хэрэг, гэмт хэргийн бүлэглэлүүд, мансууруулах бодис хэтэрхий олон хүний амийг авч одож, манай улсын ард түмний сайн сайхан амьдрах боломжуудыг булаан дээрэмдсээр байна.

Энэ Америкийн аллага хядлага яг энд, яг одооноос дуусгавар боллоо. Бидний өвдөх өвчин нэг-бид бол нэг улсын иргэд. Тэдний мөрөөдөл биднийх, тэдний амжилт ч бидний амжилт байх болно. Бид нэг зүрхтэй, нэг гэртэй бөгөөд нэг аугаа хувь тавилантай хүмүүс.

Миний өнөөдрийн өргөсөн тангараг бол Америкийн бүх ард түмний төлөө зүтгэхийн тангараг юм.

Олон арван жилийн турш бид Америкийн аж үйлдвэрийн зардлаар гадаад улс орнуудын түрийвчийг түнтийлгэлээ. Өөрийн улсын армийн төсөв хомсхон байгааг үл хайхран бусад улс орны армиудыг санхүүжүүллээ. Бид өөрийн улсынхаа хилийг хамгаалахын оронд бусдын хилийг хамгааллаа. Америкийн дэд бүтэц эвдэрч муудаад байхад бид гадаад улс орнуудад хэдэн их наяд доллар зарцууллаа.

Бид бусад улс орныг баян болгож байх зуур манай улсын эд баялаг, сүр хүч болон итгэл найдвар хэдийн алдарсан байна.

Америкчууд сая саяараа ажилгүй хоцорч, үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьсан байна.

Дундаж давхаргынхны эд хөрөнгийг гэрээс нь хуу хамж, бүх дэлхий даяар тараажээ.

Гэхдээ энэ бүхэн өнөөдрөөр ард хоцорч байна. Одоо бид зөвхөн ирээдүйгээ харах болно. Өнөөдөр энд цугласан бид бүгд дэлхийн хот бүрт, гадаад улс орнуудын нийслэл бүрт болон дэлхийн өнцөг булан бүрт сонсогдохоор шинэ зарлиг буулгаж байна.

Энэ цагаас эхлэн манай улсыг шинэ алсын хараатнууд удирдах болно. Энэ мөчөөс эхлэн Америк нэгдүгээрт байх болно.

Худалдаа, татвар, цагаачлал болон гадаад харилцааны талаарх шийдвэр бүхний ашиг шимийг Америкийн ажилчин ангийнхан болон Америкийн өрх бүр хүртээх болно. Манай бүтээгдэхүүнийг гаргаж, манай компаниудыг тонож, бидний ажлын байрыг устгаж байгаа бусад улс орны тонуулчдаас бид хилээ хамгаалах ёстой.

Хамгаалалт нь илүү хөгжин цэцэглэж, хүчирхэг болгоход хүргэх болно.

Би энэ биеэрээ, амьсгалах бүртээ та бүхний төлөө зүтгэж, тэмцэх болно. Бууж өгөхийг зөвшөөрөхгүй.

Америк дахин ялах болно. Бид ажлын байрыг буцаан авчрах болно. Бид хилээ буцааж авчрах болно. Бид эд баялгаа буцааж авчрах болно. Бид мөрөөдлөө буцааж авчрах болно.

Бид гайхамшигт улс орон даяараа шинэ зам, хурдны зам, төмөр зам тавьж, гүүр, нисэх онгоцны буудал болон туннелиуд барина.

Бид ард түмнээ халамжаас гаргаж, ажлын байраар хангах болно. Америкчуудын гараар, америкчуудын хөдөлмөрөөр улс орноо сэргээн босгоно.

Америкийг худалдан ав, америкчуудыг ажиллуул гэсэн хоёр энгийн дүрмийг бид баримтлах болно.

Бид дэлхийн улс орнуудтай найрсаг, сайн харилцаатай байхыг эрмэлзэх болно. Гэхдээ бид тэдэнд өөрийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавих нь бүх улс орны эрх гэдгийг ойлгуулах болно.

Бид хэн нэгний амьдралын замналаар явахыг хүсэхгүй. Харин хүн бүр даган үлгэрлэхээр тодоос тод гялалзаж, гэрэлтэх болно.

Бид хуучин холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлж, шинэ харилцааг бий болгож, лалын хэт давруу үзэлт террористуудын эсрэг дэлхий нийтийг нэгтгэж, террористуудыг дэлхийн хөрснөөс бүрэн цэвэрлэх болно.

Америкчууд бид бие биедээ итгэх хэрэгтэй.

Та бүхэн эх оронч үзэлд сэтгэлээ нээсэн тэр үед алагчлал гэж байхгүй болно.

Библь бидэнд “сайн сайхан зүйл бодож, бие биедээ хэдий чинээ энэрэнгүй хандана тэр үед бурхны хүмүүс хамтдаа эв нэгдэлтэй амьдрах болно” гэж номлосон байдаг.

Бид нээлттэй ярилцаж, санал зөрөлдөөнтэй байгаа зүйл дээрээ санаа бодлоо илэн далангүй илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ эв нэгдлийг ямагт эрхэмлэх хэрэгтэй.

Америк нэгдэж чадсан тэр үед бид хэнд ч дийлдэшгүй болж, биднийг хэн ч зогсоож чадахгүй.

Юунаас ч айх хэрэггүй. Бид бүгдээрээ хамгаалагдсан. Бид хэзээд хамгаалалт дор байх болно.

Биднийг манай зэвсэгт хүчний эрэлхэг эрчүүд болон эмэгтэйчүүд, хууль сахиулагчид хамгаална. Биднийг бурхан байнга хамгаалдаг.

Эцэст нь хэлэхэд, бид илүү томыг бодож, илүү томыг мөрөөдөх хэрэгтэй.

Бидэнд зөвхөн ярьдаг, ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй, юу ч хийдэггүй хэрнээ байнга гомдоллож байдаг улс төрчид хэрэггүй.

Хоосон ярих цаг дууссан. Одоо хийх цаг ирлээ.

Чадахгүй, боломжгүй гэх үгийг бүү хүлээж ав. Ийм үгс нь америкчуудын зүрх сэтгэл, тэмцэлд нийцэхгүй.

Бид ялах болно. Манай улс дахин хөгжин цэцэглэх болно.

Бид шинэ мянганыг өлгийдөн авч байна. Бид сансрын нууцыг тайлж, эх дэлхийг өвчин зовлонгоос гэтэлгэж, маргаашийн эрчим хүч, аж үйлдвэр болон технологийн эрин үе руу давшихад бэлэн байна.

Үндэсний шинэ бахархал бидний зүрх сэтгэлийг нэгтгэж, харцыг өргөж, хагарлыг эдгээх болно.

Хэзээ ч үл мартагдах манай цэцэн мэргэн ухаант цэргүүдээ дурсан санах цаг ирлээ. Бид хар, бор, цагаан арьстан аль нь ч бай бидний судсаар адилхан улаан өнгөтэй цус урсаж, бид бүгдээрээ аугаа эрх чөлөөг эдэлж, Америк гэсэн нэг улсын туганд ёсолж байна.

Түм түжигнэсэн Детройтод төрсөн хүүхэд эсвэл салхи нэвт үлээсэн Небраскад төрсөн хүүхэд бүгд нэг тэнгэрийг харж, адилхан мөрөөдөж байна.

Тиймээс ойрын болон холын, жижиг болон том бүх хотод суугаа Америкийн иргэн бүр сонсоцгоо!

Та бүхнийг дахин хэзээ ч үл тоомсорлохгүй.

Та бүхний дуу хоолой, итгэл найдвар болон мөрөөдөл Америкийн хувь заяаг тодорхойлох болно.

Та бүхний эр зориг, сайхан сэтгэл болон хайр энэрэл бидэнд замчлах болно.

Хамтдаа, бид Америкийг дахин хүчирхэг болгох болно.

Бид баян чинээлэг болгох болно.

Бид Америкаар дахин бахархдаг болох болно.

Бид Америкийг дахин аюулгүй болгох болно.

Тийм ээ, бид хамтдаа Америкийг дахин аугаа болгох болно. Баярлалаа. Бурхан намайг ивээх болтугай. Бурхан Америкийг ивээх болтугай” гэлээ.

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

УИХ, Байнгын хороодын хуралдаанаар юу хэлэлцэх вэ?

УИХ-ын даргын зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлаад байна. Энэхүү хуваарь ёсоор Хан Хэнтийн уулыг Бурхан халдун болгон нэршлээр нь нэрлэх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх юм. Эл асуудлыг лхагва гаригт УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Мөн оффшортой холбоотой асуудлыг зохицуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралддаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах жагсаалтаас харж болно.


БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 24-ний Мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл сонсох.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

01 дүгээр сарын 25-ны Лхагва гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл;
  • Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 26, 27-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Циркийн гурван жүжигчин ослоор амиа алджээ

Орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн уран бүтээлчид автын осолд орж, гурван жүжигчин амиа алджээ. Осол Булган аймгийн Рашаант сумын нутагт өчигдөр шөнө гарсан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Рашаант сум нь Булган аймгийн төвөөс 250 км орчим зайтай аж.

Тэд зургуулаа /таван эрэгтэй, нэг эмэгтэй/ явж байсан бөгөөд ослын улмаас гурван жүжигчин ослын газарт амиа алджээ. Үлдсэн гурван жүжигчний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Тэднийг өнөөдөр Рашаант сумын эмнэлгээс ГССҮТ-д хүргэсэн байна.

Амиа алдсан жүжигчид алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэр нар байжээ.

Циркийн залуу уран бүтээлчид гэнэтийн эмгэнэлт ослоор амиа алдсанд найз нөхөд, хамтран ажиллаж байсан циркийн уран бүтээлчид сошиал сүлжээгээр эмгэнэл илэрхийлсээр байна.

Илбэчин М.Гантулга "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож байсан билээ.

Илбэчин М.Гантулга “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан билээ.
“Зарим хүн алиалагч гэдгээсээ ичдэг юм билээ. Мэргэжилдээ дуртай болоод ч тэр үү, надад лав бахархах сэтгэл төрж, хүмүүст яриад л баймаар санагддаг” гэж алиалагч Н.Баасанжаргал 2015 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

“Зарим хүн алиалагч гэдгээсээ ичдэг юм билээ. Мэргэжилдээ дуртай болоод ч тэр үү, надад лав бахархах сэтгэл төрж, хүмүүст яриад л баймаар санагддаг” гэж алиалагч Н.Баасанжаргал 2015 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
жонглёрчин Б.Идэр

жонглёрчин Б.Идэр
Categories
мэдээ нийгэм

“Агаарын бохирдол ба бууруулах арга зам” сэдвээр мэдээлэл боллоо

“Агаарын бохирдол ба бууруулах арга зам” сэдвээр мэдээлэл сонслооӨнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цагаар агаарын бохирдол түүнийг бууруулах арга замын талаар Дэлхийн банкны Улаанбаатар хотын Төслийг удирдах нэгжийн хяналт шинжилгээ үнэлгээ, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, олон нийтийн оролцоо, сайн засаглалыг бэхжүүлэх хөтөлбөрийн чиглэлээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.

Өнөөдөр агаарын бохирдол нь нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал болоод байгаа. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дундажаас 5-6 дахин их байгаа судалгаа байна. Тиймээс өнөөдөр агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн төр, захиргааны байгууллагаас шийдэл хүлээх биш, хүн бүхний оролцоо чухал гэдгийг мэдээлэлд онцоллоо.
3-5 километрт машинаас татгалзах, баглаа боодлоос татгалзах, үнэртнээс татгалзах, ашиглаагүй гэрлээ тогтмол унтраах, гэр, орон сууцаа дулаалах, мэдээллээ хуваалцах, мод тарих зэрэг энгийн дадлаас эхтэй тул хүн бүр ялангуяа дүүргийн албан хаагчид иргэдтэй ойр ажилладаг учраас мэдээллээ хуваалцахаас эхлэх хэрэгтэй гэлээ.
Улаанбаатар хотын өрх бүр жилдээ нэг мод тарихад агаарын бохирдлыг 72 хувь бууруулж чадах юм байна.
Тиймээс хүн бүр хичээцгээе.

Categories
мэдээ нийгэм

Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй

Баянгол дүүргийн II хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.

Тогтоолын хугацааг сунгах эсэх талаар ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаас тодрууллаа. Тэрбээр “Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойшхи хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн 23:59 цагаас хойш худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж болно” гэлээ.

Амь насаа алдсан таван иргэний шинжилгээний албан ёсны хариу гарсан үед, хуулийн дагуу мэргэжлийн байгууллагууд мэдээлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

Уг уулзалтаар шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи, ололт дээр тулгуурлан агаарын бохирдолтой тэмцэх урт хугацааны бодлого боловсруулж хүний эрүүл мэндийг хамгалаах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг багасгах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай зохицон урагшлах засаглал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.

Шинэ техник, технологийг нийгэмд халгүй, ээлтэй хэлбэрээр нэвтрүүлэн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинээр нэвтрүүлж буй технологийг зохицуулах хэм хэмжээ, дүрэм журам, стандартын асуудлыг хэлэлцлээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бадрал: Ардын их хурал нь Улсын бага хуралдаа хяналт тавих ёстой

“Ардын их хурал” хөдөлгөөний гишүүн Б.Бадралтай ярилцлаа.


-Танай хөдөлгөөнөөс хоёр танхимтай парламент байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа зарласан?

-Бид нийгэмд болж бүтэхгүй байгаа олон асуудалд шинжилгээ хийж одоогийн байгаа тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одоогоор тогтолцоонд алдаа байгаа гэдгийг хүн болгон ойлгохгүй байна. Ойлгосон нь төдийлөн иргэний зориг гаргаж хэлж чаддаггүй. Манай улсад төлөөллийн ардчилал 1990 оноос хойш буюу сүүлийн 26 жил үргэлжилж байгаа ч үр дүнтэй байж чадахгүй байна. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг сайхан үг бий. Үүнийг орчин үеийн хэллэгт оруулбал жинхэнэ эрх чөлөө гэдэг чинь шүү дээ. Тэгвэл бид яагаад өөрсдийнхөө хувь заяа, амьдралыг өөр бүлэг хүмүүсээр мэдүүлээд байна вэ. Тэр бүлэг хүмүүс үнэхээр биднийг төлөөлж чадаж байна уу гэдэг асуудал гарна. Үүний язгуур нь төрийн тогтолцоо буруу байгаатай холбоотой. Төрийн тогтолцооноос гаргаж байгаа шийдвэр, шийдвэрүүдийг гаргадаг үйл явц нь буруу байна. Тиймээс одоогийн УИХ-д байгаа 76 гишүүнтэй тогтолцоо нь өөрөө гажиг тогтолцооны золиос болчихсон. Хоёр том нам нь мөн л энэ тогтолцооны золиос. Өөрөөр хэлбэл, алт шиг нам байгуулаад, алт шиг удирдагчтай болоод, мундаг хүмүүсээс бүрдсэн УИХ-тай боллоо ч тогтолцоо нь өөрөө язгуур угтаа гажигтай байгаа учраас хэзээ ч зөв шийдвэр гарахгүй. Энийг зоригтойгоор өөрчлөх цаг нь нэгэнт болсон.

-Тэгээд төлөөллийн ардчиллыг яаж зөв голдрилд нь оруулах вэ?

-Манайд шууд болон төлөөллийн ардчилал байгаа ч бас нэг хөгжүүлэх ёстой төрлийн ардчилал бол зөвлөлдөх ардчилал. Энэ нь дэлхий даяар нэлээд газар авч байгаа төрөл. Энэ төрөл олон нийтээрээ ямар нэгэн асуудлыг шийдээд явахыг хэлж байгаа юм. Гэтэл манай улсын иргэдийг Үндсэн хуульдаа эрх дархтай гэж заасан мөртлөө бодит байдал дээр тэр үүд хаалгыг нь нээж өгөөгүй. Ард иргэдийн дуу хоолойг хүргэхийн тулд зөвлөлдөх ардчилал тохиромжтой юм байна гэж үзэж байгаа юм. Цаг хугацаа хамгийн сайн дүгнэлт хийж шийдвэр гаргадаг зүйл. Тиймээс үүнийг цаг хугацаа харуулна.

-Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах болох байх даа?

-Бид тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа хүссэн, хүсээгүй нэмэлт өөрчлөлтийг оруулах ёстой болж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд бид ард иргэдэд өөрсдийнхөө ярьж байгаа үзэл баримтлалыг гүйцэд сайн таниулах шаардлагатай байна. Тэгж байж ард иргэд зэр зэвсэг зэхэхгүйгээр тайван замаар Үндсэн хуулийнхаа хүрээнд өөрчлөлтүүдийг хийнэ.

-Тэгвэл Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Манай хөдөлгөөний зүгээс санаачилгыг нь гаргаж, гарах арга замыг нь зааж өгч байгаа юм. Тэгэхээр мэддэг хүмүүс нь цуглаад зөвлөлдөх ардчиллын дагуу Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулахыг ярилцаад шийдэх хэрэгтэй. Бид ингэх ёстой гэсэн хуулийн заалт гаргаад тэрийгээ тулгаад байгаа зүйл байхгүй. Тэгвэл ардчиллын зарчим алдагдана.

-Өнөөдрийн УИХ-ыг бодитоор яг юу гэж дүгнэх вэ?

-Хуучнаар улс төрийн товчоо маягийн хэдэн хүмүүс улсын асуудлыг шийдээд явчихдаг болжээ. Бусад нь юу болсон, яах гэж байгаа. Ямар өөрчлөлт гарах гэж байгааг ойлгоогүй байхад нь янз бүрийн өөрчлөлтүүд гаргаад явчихдаг. Сүүлийн 26 жил тухайн бүлгүүд өөрсдөдөө ашигтай шийдвэрүүдийг хуулийн хэлбэрт оруулаад шийдээд явчихсан. Өнөөдөр бие биедээ хяналт тавьдаг тогтолцоо байхгүй учраас хуулиа гуйвуулж явсаар байгаад УИХ-ын гишүүд хэнд ч дийлдэхгүй болчихлоо. Тийм учраас тэнд орохын тулд хүмүүс эрээ цээрээ алдаж байна. Үүний үр дүнд Монголын ард түмэн зовж, зүдэрч, ядуурч, бизнесийнхэн нь тогтвортой ажлаа хийж чадахгүй байдалд орчихлоо. Манай улс үндэсний аюулгүй байдлаа алдах түвшинд олон асуудлаар доголдол гаргачихсан байна. Өнөөдөр буруу тогтолцоогоор явснаас болж Монгол Улсад бүх төрлийн баялаг байна гэж ярьж байгаа мөртлөө ядууралтай байна. Үнэндээ дэлхийн эдийн засгийн хямрал гэж ярьж байгаа боловч манайх шиг жижиг эдийн засагтай улс тэднийг дагаж ханараад ядуурахгүй байсан. Тогтолцоо маань гажиг болчихсон учраас сүүлийн хэдэн жил өөрсдөө сайн дураараа улс орныхоо эдийн засгийг сүйрүүлчихлээ. Энийг хоёр намын олигархижсан бүлгүүд хийсэн.

-Тэгвэл ямар шинэ тогтолцоог гаргах ёстой юм бэ?

-Бид “Ардын их хурал” гэдэг тогтолцоог гаргах ёстой гэж үзэж байгаа. Бидний дэвшүүлж байгаа “Ардийн их хурал” гэх тогтолцоо маань Монгол Улсын улс төрийн практикт байсан л зүйл. Богдын Засгийн газрын үед Манжийн дарлалаас салсны дараа дээд, доод танхимтай байсан. Мөн 1990-1992 оны хооронд Ардын их хурал гэж манай нийгэмд хэрэгжээд хоёр жил болсон тогтолцоо. 1990 онд Ардын их хурал байгуулж, тус хурлаасаа Улсын бага хурал байгуулж байлаа. Үндсэндээ дээд, доод танхимд хуваагдаж байсан юм. Улс төр болоод намууд нь хөгжчихсөн АНУ, Англи, Япон гэх орнууд ч мөн адил хоёр танхимтай шүү дээ. Энэ танхим үүсэхдээ баян чинээлэг язгууртнууд нь нэг танхим болж, энгийн жирийн иргэд нэг танхим болж байсан. Нийгмийн давхаргаас хамаарч гарсан хоёр танхим нь одоо болтол байж л байна. Хоёр танхимтай байх нь нэмэх, хасах талтай, авах гээх зүйлтэй гэж ярьдаг ч тэд олон зуун жил энэ жишгээрээ яваад асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаж байна шүү дээ.

Манайд 1990-1992 онд байсан Ардын их хурал, Улсын бага хурал гэх хоёр танхим бусад улсаас арай өөр үүсэлтэй. Манайд хоёр танхим байгуулахдаа удам дамжсан язгууртан баян чинээлэг, жирийн иргэд гэдэг нийгмийн давхаргаас хамаарч танхим байгуулаагүй. Нийт ард иргэдийг төлөөлсөн институци нь Ардын их хурал байсан юм. Ардын их хуралд сонгогдсон 430 гишүүн ямар намын харьяа байна гэдгийг судалж Улсын бага хуралдаа Ардын их хурлаасаа хүмүүсээ төлөөлж суулгадаг байлаа. Төлөөлж суулгахдаа тэдэнд та нар хууль тогтоож боловсруулах, батлах ажлаа хийнэ гэсэн үүрэг өгсөн. Ардын их хурал нь нийт улсын хэмжээний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, эрүүл мэндийн бодлогыг шийдвэрлэдэг байв. Энэ хэлбэрээр явж байгаад 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн батлахдаа Ардын их хурлыг байхгүй болгочихсон юм. Тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл олигархижсан тогтолцоо бий болчихсон байна. Уг нь бол хэн ч олигархиудын тогтолцоонд шилжинэ гэж 20 гаруй жил мөрөөдөөгүй байх. Гэтэл тогтолцооны зохион байгуулалт тоглоомын дүрэм нь буруу болж, зарим нь бүдэг бадаг ойлгомжгүй зүйлийг хуульдаа сайн дэлгэрүүлж оруулаагүй юм. Үндсэн хуулийн зарим заалтууд нь ямар ч байдлаар тайлбарлах боломжтой байсан учраас эрх ашгийн бүлгүүд бий болж, хуулийн цоорхойнуудаар тоглолт хийж эхэлсэн. Ингэж явсаар 20 гаруй жилийн дараа тэдний хүссэн олиграхижсан тогтолцоонд бид хүрчихлээ. Тэгэхээр одоо ард түмэнтэйгээ ярилцаж өөрсдийн ухаанаар улс төрийн тогтолцоог өөрчлөх санал гаргаж байгаа юм. Бид үүнийг цоо шинээр зохиож гаргаад хэзээ ч бүтэхгүй мөрөөдлийн сансар огторгуйн юм яриагүй. Урьд өмнө байсан зүйлээ улам боловсронгуй болгоод ажиллая гэж байгаа юм. Энэ нь одоохондоо манай улсын төрийн тогтолцоонд хамгийн боломжийн гаргалгаа.

-Таныхаар хоёр танхимыг ямар арга замаар бүрдүүлэх ёстой вэ?

-Бид энэ тогтолцоог өөрчлөхөд замын зураг гэдэг шиг тодорхой зүйлийг бэлдчихсэн. Өөрөөр хэлбэл, Ардын их хуралтай болъё. Ардын их хуралд том улсын чанартай бодлого зэргийг барьдаг эрхийг өгнө. Ардын их хурал хамгийн том институци ч гэсэн хяналттай байх ёстой. Дэлхий даяар ардчиллын онолд би танд итгэж байна гэхдээ би таныг хянаж байгаа шүү гэдэг. Манай улс гурван сая хүн амтай болчихсон учраас 1990 оныхтой харьцуулахад 430 гишүүнийг коэффициентээр бодож 600 гишүүнтэй Ардын их хурал байж болох юм байна гэсэн тооцоог гаргасан. Улсын бага хурал 76 гишүүнтэй байж болно, бүр хуучнаараа 53 ч байж болох юм. Мөн Ардын их хурлын сонгуулийг мажоритар сонгуулийн системээр явуулж байя. Монгол орны өнцөг булан бүрээс тухайн бүлэг хүмүүсийг төлөөлж чадах нэр хүндтэй, хамгийн сайн эрдэмтэн мэргэдийг сонгодог боломж нээгдэх юм. Улмаар аль нам, бүлгийнх гэдгийг тогтоогоод Улсын бага хуралдаа төлөөлүүлж намуудад квот өгнө. Танай намаас Ардын их хуралд тэдэн хүн сонгогдсон учир Улсын бага хуралд тэдэн хүн суулгах эрхтэй боллоо гэх эрхийг Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлтөөр оруулаад бүгдээрээ тохирчих юм. Түүний дагуу Улсын бага хуралд пропорциональ системээр намуудын эзэлсэн хувь хэмжээгээр хүмүүсээ суулгана. Өөрөөр хэлбэл, одоогийн Улсын Их Хурал бидний ярьж байгаагаар Улсын бага хурал болно гэсэн үг. Ардын их хурал Улсын бага хуралдаа дээрээс нь хяналт тавих ёстой. Нөгөө талаас Ардын их хуралд ашиг сонирхлын асуудал гарч болох учраас мөн л хяналт хэрэгтэй. Тэр хяналтыг буюу Ардын их хурлыг тараадаг эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгоё гэж байгаа юм. Ардын их хурал нь Улсын бага хурлаа тараах эрхтэй байх ёстой. Бид та нарт итгээд төлөөлөл болгож байнгын парламент болгож суулгасан. Та нар бидний итгэл найдварыг алдлаа, өөр хүн тавина гэдэг эрхтэй байх ёстой. Энэ бол ардчиллын энгийн зарчмууд шүү дээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүнийг Ерөнхий сайдаар тавимаар байна гээд Ардын их хуралд саналаа өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Ардын их хурлаар нь Ерөнхий сайд томилогддог байх юм. Түүний дараа Ерөнхий сайд нь өөрийнхөө сайдуудыг өөрөө томилдог байх ёстой. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор зэргийг 1990 онд Ардын их хурлаараа сонгодог байсныг сэргээх нь зөв. Дээрээс нь төрийн алба завхарлаа гэж шүүмжлээд байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн даргыг Ардын их хурлаас томилдог болох ёстой. Улсын бага хурал нь Ерөнхий сайдын ажлыг хийлгэхгүй байх юм бол Ерөнхий сайд нь Улсын бага хурлаа тараадаг эрхтэй байя. Өнөөдрийнх шиг үлгэнэсэн хүүхэлдэй гэж хэлэгдээд байгаа ийм Ерөнхий сайдтай баймааргүй байна. Ерөнхий сайд ажил хийхийн тулд бүрэн эрхтэй байх ёстой ч хар толгойгоороо хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ерөнхий сайдад эрхийг нь ч өгье, хариуцлагыг нь ч тооцъё гэж байгаа юм. Энэ тогтолцоог хэрэгжүүлбэл бид ямар ч байсан одоогийн байгаа тогтолцооноос хамаагүй дээд түвшинд очно.

-Зарим хүмүүс ийм цөөхөн хүн амтай улсад 76 гишүүн ихдээд байна гэдэг. Парламентдаа таны яриад байгаа шиг олон хүн суулгах нь сөрөг үр дагавартай юм биш биз?

-Үүн дээр судалгаа хийж механик арифметик тоо гаргасан. Хар ухаанаар л бодоход 76 хүнийг мөнгөтэй улс орон худалдаад авахад амархан. 600 хүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй шүү дээ. За яахав, 300-г нь худалдаж авлаа гэж бодоход цаана нь эрх биш улс орноо гэсэн үзэлтэй 300 хүн үлдэнэ биз дээ. Болж өгвөл Ардын их хурал 1000 хүнтэй байсан ч болж байна. Энэ УИХ гээд байгаа 76 гишүүн багадаад байвал 100 хүнтэй ч байж болно шүү дээ. Тэгж байж л тогтолцооны баланс баригдах ёстой. Асуудлын гол нь хуулиар олгогдсон эрх хариуцлага, сахилга батдаа баригдаж шударгаар яваад байгаа юм. Нийгэмд шударга ёс байхгүй бол бухимдал үүсдэг. Түүний жишээ гэвэл өнөөдөр жирийн иргэн газар авах гэхэд тогтолцоо нь буруу учраас олгохгүй. Илүү мөнгөтэй, эрх дархтай өөр хүнд бол өгнө. Хуучин байсан Улсын бага хурал нь Ардын их хурал шиг хэрэггүй зүйл байхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж тараасан юм. Тэр үеэс УИХ хамгийн том босс институци болчихсон. Тийм хүмүүс ард иргэдийн амьдралыг хэзээ ч мэдэхгүй. Тэрнийхээ төлөө зарцуулах юм юу ч хийхгүй. Эсрэгээрээ төсөвт суусан мөнгийг яаж авах вэ л гэж бодно. Одоогийн эрх баригчид хууль эрх зүйгээ өөсдөдөө таарсан байдлаар засаад явчихсан. Энэ нь зөвхөн бүлэг хүмүүсийг баяжуулж байна. Нийт массд наалдах наалдац байхгүй учраас шударга бус байдал гарч байгаа юм.

-Шинэ тогтолцоог хэзээнээс хэрэгжүүлж эхэлбэл зохимжтой вэ?

-Түргэн байх тусмаа л сайн. Хамгийн түргэн хугацаа гэвэл сонгуулийн аргаар явах учраас 2020 он. Үндсэндээ гурван жил үлдлээ. Энэ гурван жилд ард түмэнтэйгээ хэлэлцээд тал бүрээс нь ойлгодог болох хэрэгтэй байна. 2020 онд сонгууль болоход эхлээд Ардын их хурлын сонгуулийг хийх хэрэгтэй. Шинэ тогтолцоог гаргавал бүх хүнд ашигтай учир дургүйцэх цөөн хэдэн бүлэг хүн л бий. Тэр нь одоогийн бидний нэрлээд байгаа олигархиуд. Одоогийн байгаа эрх мэдлээ алдахгүйн тулд тэд нэлээд тэмцэнэ гэдгийг бид ойлгож байгаа. Дарамт шахалт ирэх л байх. Тэгсэн ч бид иргэний зориг гаргаад цааш явъя гэж байгаа юм. Шинэ тогтолцоогоо хэрэгжүүлчихвэл дараагийн улс төрийн намууд улам боловсронгуй дэлхийн улс төрийн намын жишигт хүрэх соёлтой ажилсаг намууд болно. Өнөөдөр улс төрийн намууд өөрсдийгөө мундаг гэж бодож байгаа боловч бодит байдал дээр хор найруулах, бие биенийгээ шоглохыг улс төр гээд ойлгочихсон байна. Улс төр гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах эрхийг авч байгаа хэрэг. Тэгэхээр тэнд худалч, хулгай хийдэг хүн байж болохгүй шүү дээ. Ард иргэдийн татварын мөнгө төсөв болж жинхэнэ шударгаар татвар төлөгчдөд зориулдаг байх ёстой. Өнөөдөр бид үр, ач, зээ нараа ямар нийгэмд үлдээх гээд байгаа юм бэ. Манжийн дарлалын үед “Төрийн төлөө оготно боож үхэх хэрэгтэй байна” гэдэг зүйр цэцэн үг гарсан. Яагаад гэвэл үндэстнээрээ уусаж алга болох гэж байсан үе. Одоо ч гэсэн тийм үндэсний аюул руу бид явж байна. Тийм учраас одоо төрийн төлөө оготно боож үхэх ёстой цаг үе ирлээ шүү гэж хэлмээр байна.

-Өмнө нь хоёр суудалтай танхимын талаар Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай ярьж байсан. Танай хөдөлгөөнийг мөн л ингэж ярьж байгаад нам байгуулчихна гэсэн хардлага гарах байх даа?

-Бие биенийгээ нам байгуулчих байх даа гэж хардаж сэрддэг. Яагаад гэвэл нам төвтэй төр болчихоод байна шүү дээ. Тийм учраас намыг бүгдээрээ дахин шүтээд байгаа юм. Заавал нам байгуулахдаа гол асуудал нь биш. Тогтолцоогоо өөрчилж чадаж байвал нам, холбоо, хөдөлгөөн байх нь хамаагүй. Яг үнэндээ манай намууд үзэл баримтлалаараа ялгагдаад байгаа зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ ээлжилж эрх барьдаг хоёр том намууд нь хоорондоо хутгалдчихсан. Тиймээс л үүнийг олигархижсан тогтолцоо гэж байгаа. Энэ тогтолцоо цаашаа явахгүй. Улам л улс доройтно. Улс доройтох тусам ард иргэдийн идэвх буурч, итгэл үнэмшил байхгүй болж, хэт хоосорч ядуурч эхэлнэ. Ард түмэн ядуурах үед хатуу хуулийг хүсч эхэлдэг. Тэр үед дарангуйлал тогтдог олон улсын жишиг бий. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар энэ бүх балай зүйл Ардчилал гэдэг зүйлээс боллоо гээд байгаа. Гэтэл бусад орон хэдэн зуун жил ардчиллаараа хөгжөөд ирсэн. Бид 26-хан жил явчихаад ардчилал Монголд ерөөсөө таарахгүй гээд байгаа. Хэрэв ардчиллыг үгүйсгэж байгаа хүн байвал тэрний цаана дарангуйлагч л байна гэсэн үг.

-Ардын их хуралд гишүүн болохын тулд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

-Их хуралд шударга, эрдэм мэдлэгтэй, улс орноо худалдахгүй, халтар зоосны төлөө уравчихдаггүй, сонгосон бүлэг хүмүүсийнхээ сэтгэлийг унагаахгүй хүн байх ёстой. 1990 онд 430 депутатыг ийм л аргаар сонгож байсан. Тухайн үед тухайн орон нутгийн хамгийн нэр хүндтэй сэхээтэн хүмүүсийг нэр дэвшүүлсэн байдаг юм. Харин Улсын бага хурлын 53 гишүүнд хуулиа илүү мэддэг, боловсролтой хүнийг намаас нь суулгаж байсан. Тэд хуулиа батлаад хууль эрх зүйгээ улам боловсронгуй болгох эрх үүрэгтэй байсан юм. Үүнийг сэргээх хэрэгтэй байна.