Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулна

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах болон дасгалжуулагчийн нээлттэй сонгон шалгаруулалт энэ сарын 30-нд болно.

Бүртгэл энэ сарын 29-ныг хүртэл явагдах юм. Сонгон шалгаруулалтад оролцох дасгалжуулагчид өргөдөл, намтар болон төрийн албан хаагчийн анкетыг бөглөсөн байх шаардлагатай. Мөн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журмын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд биеийн тамир, спортын их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш цолтой байх, өндөр зэрэглэлийн тамирчидтай гурван жил ажилласан байх, дасгалжуулагчаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх, дасгалжуулсан тамирчин нь олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн байх шаардлагатай юм. Мөн сахилгын шийтгэлгүй байх, тамирчдад анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх зэрэг шаардлага тавьдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Утааны асуудлаар ээлжит бусаар хуралдана

НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс агаарын бохирдлын асуудлаар яаралтай ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагыг НИТХ-ын дарга Ц.Сандуйд хүргүүлсэн билээ. Уг шаардлагыг хүлээн авч энэ сарын 27-нд хуралдаан хийх тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гаргасан байна. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчид утааны асуудлаар ээлжит бусаар хуралдах аж.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжийг галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав

ОБЕГ-ын Шуурхай удирдлагын төвд өчигдөр галын дөрвөн дуудлага ирсэн байна.

Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернейшнл” компанийн агуулахад гал гарсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богинын зусланд иргэн Н-ийн байшин, дөрөвдүгээр хорооны 20 дугаар байрны 53 тоотод иргэн О-ийн байр шатсаныг Онцгой байдлын найман албан хаагч унтраас, таван иргэнийг угаартахаас хамгаалсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 19 дүгээр гудамжид иргэн Э-ийн байшинд гал гарсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж унтраав.

ОБЕГ-ын зүгээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан галын аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулав

Categories
мэдээ нийгэм

Монгол улс, Америкийн нэгдсэн улс хоорондын ил тод байдлын тухай хэлэлцээр үйлчилнэ

Монгол Улс, АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан.

Талууд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурсанаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.
Ил тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой болно.

Categories
мэдээ спорт

Б.Анхбаяр УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд боллоо.

Эрэгтэйчүүдийн цэнхэр бүсний 77 кг-д өрсөлдсөн Батчулууны Анхбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд Х.Селейханыг 9:0-ээр яллаа.

Ийнхүү энэ жилийн жюү жицү, чөлөөт бөхийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Дашрамд дурдахад, ОУХМ Б.Анхбаяр чөлөөт бөхийн энэ жилийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуульд саналаа өгөөрэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Зөрчлийн тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдээс санал авч байна.

Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах зорилготой Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан. Энэ хуульд Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг нэгтгэсэн. Гэвч Засгийн газраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан хэмээн үзсэн тул Зөрчлийн тухай хуулийн төслийг шинэчилэн найруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлд 1544 үйлдлийг зөрчилд тооцож шийтгэл оногдуулахаар тусгасан байна. УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн.

Уг хуулийг иргэдийн оролцоотойгоор төгөлдөржүүлэх зорилгоор Хууль зүйн байнгын хорооноос ирэх сарын 1-н хүртэл иргэн, хуулийн этгээдээс санал авах болсон байна. Зөрчлийн тухай хуулийн төслийг http://www.parliament.mn/laws/projects/1027 цахим хаягаас татаж авах боломжтой юм. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлд оруулах аж.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэртэй холбоотой асуудлыг шалгуулж болно

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсантай холбогдуулан ХНХЯ-наас тэтгэвэр тогтоолгон авч байгаа нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, үр дүнг тэтгэвэр авагчдад мэдээлэх, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх, аяныг улсын хэмжээнд нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл өрнүүлж байна.

Иргэд тэтгэврээ хэрхэн тогтоосныг шалгуулахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандаарай.

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин Өөскө УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд эхэллээ. Тус тэмцээнд Монголын шилдэг тамирчид улсын аварга цолны төлөө өрсөлдөж байна.

Мастерс 1 ангиллын эрэгтэйчүүдийн цагаан бүсний 69 кг-д өрсөлдсөн “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд “Гаруда” клубын Ж.Алтантулгыг 2:0-ээр яллаа.

УАШТ-д анх удаа оролцож байгаа тэрээр эхний тойрогт “Аврагч” клубын тамирчин А.Баярсайханыг ялсан ч хагас шигшээд “Гаруда” клубын З.Төгөлдөрт дийлдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Мөнгөн өвөл” болж байна

“Мөнгөн өвөл” биеийн тамир, чийрэгжүүлэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Тус өдөрлөгийг Биеийн тамир спортын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж буй.

“Мөнгөн өвөл”-д оролцогчид гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож хүч сорино.

Энэ үеэр урлагийн олон арга хэмжээ болно. “Мөнгөн өвөл”-д БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцож байна.

Categories
гадаад мэдээ

Д.Трампын эсрэг жагсаалд олон мянган хүн оролцлоо

Вашингтон хотод АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолтой давхцсан эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр цагдаа болон өөр нэг хүн гэмтэж бэртэж, 95 жагсагч баривчлагджээ.

Жагсагчид байшин барилга болон автомашины цонх хагалж, цагдаа нар руу чулуу, лонх нүүлгэжээ.Тэднийг номхотгохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан байна.

Вашингтон хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Д.Трампыг эсэргүүцэгчдийн жагсаал хүчирхийлэл болж хувирсан учраас хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүйд хүрсэн” гэлээ.

Тус улс даяар болж байгаа эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн оролцож байна.