Categories
мэдээ цаг-үе

Д.Самдан: Ойн цэвэрлэгээ хийж, хотын утааг бууруулж болно

Дулааны зөвлөх инженер Д.Самдантай ярилцлаа.


-Хотын утааг бууруулах ямар арга байна. Ойн цэвэрлэгээ хийгээд, гэр хорооллын айлуудад мод түлүүлэх нэг арга байгаа гэж байна. Энэ талаараа тодруулаач?

-Утааг бууруулах маш олон арга байгаа. Энэ удаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрвөн жилийн дотор хамгийн хямдхан аргаар, хүмүүсийн нүдэнд харагдахуйц байдлаар утааг арилгах арга ол гэж Шинжлэх ухааны академид үүрэг болгосон байна. Уг нь гэр хорооллыг хийн дулаанаар хангах нь үр дүнтэй ч маш их хугацаа шаардлагатай. Тэгэхээр хамгийн ойрын хугацаанд утааг багасгах арга нь мод түлэх. Манай улсын газар нутгийн 6-8 хувь нь модтой байна. Олон улсын байгууллагаас Монгол орны ой модны бүтцийг судлаад ойг залуужуулах хэрэгтэй юм байна гэжээ. Тэгэхээр ойг залуужуулахын тулд ойн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ойгоо цэвэрлэж цэвэрлэсэн модоо нүүрсний оронд гэр хорооллын айлуудад түлүүлнэ. Ингэхийн тулд менежмэнт хийх хэрэгтэй. Нэгэнт улсын хамгаалалтад орчихсон дархан цаазат газруудын ойг цэвэрлээд, цэвэрлэсэн модоо Улаанбаатар хотын утааны голомт болсон гэр хорооллын айлуудад үнэгүй тараана. Ингээд модыг тараахдаа тухайн айлуудыг нүүрс түлэхгүй байх ёстой гэдэг гэрээ байгуулах юм. Уг ажлыг нийслэлийн захиргаа, холбогдох яамдаас зохион байгуулах хэрэгтэй. Саяхан нэг хүн хотын утааг бууруулахын тулд коксжсон нүүрс түлэх хэрэгтэй гэж ярьсан байна. Энэ нүүрс нь дахин үйлдвэрлэл явуулахад зориулагдсан учраас гал гарах магадлалтай. Энгийн зууханд түлэхэд аюултай нүүрс гэсэн үг.

-Ойг цэвэрлэж, модоо хот руу оруулах вэ?

-Хан Хэнтий ноён оргил, Асарт хайрхан уул хүртэл цэвэрлэе. Үүнд БОАЖ-ын яам хяналтаа тавьж, Батлан хамгаалах зэрэг яамд нь тээврийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Ингээд шатахууны асуудлыг шийдээд, тухайн өрх айлуудаас тээврийн зардалд багахан мөнгө аваад, мод тараах цэг байгуулах хэрэгтэй. Тээврийн зардлыг бол тухайн айлаас нь авч болох юм.

-Ингэж ойгоо цэвэрлэдэг өөр улсын жишээ байна уу?

-Манайх Герман улсаас их ой модтой. Гэтэл германчууд жил бүр модоо сэргээн залуужуулахын тулд ойн цэвэрлэгээ хийж олон тэрбумын ашиг олдог гэнэ. Бурхан Халдуны оройд гарахаар явж байхад хүртэл маш их өмхөрсөн, унасан мод байна. Хотын ойр орчмын уулын модноос л цэвэрлэгээ хийхэд VII-X дугаар хороолол буюу Ногоон нуур орчим, Дэнжийн мянга, Долоон буудал, Дарь эхийн энгэрт байгаа айлуудыг 3-5 жил түлээгээр хангаж болохоор байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд цэргийн ангиудыг мод бэлтгэлд дайчилж, түүхий нүүрс хилээр гаргахыг хориглох, айлуудыг нүүрс түлэхийг хориглож, дан мод түлүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

-Энэ бол ойрын хугацааны арга хэмжээ юм байна. Цаашид хотын утааг хэрхэн бууруулах вэ?

-Орон сууцжуулах нь хамгийн найдвартай арга. Анхнаасаа гэр хорооллын газруудыг хувьчлах нь буруу байсан юм. Газрыг хувьчилж болохгүй гэсээр байтал тухайн үеийн Засгийн газар хувьчилчихсан. Одоо гэр хорооллын газар дээр орон сууц барина гэхээр айлууд нь олон сая төгрөг нэхээд суучихдаг. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах ажил явахгүй байна. Манайхан ахмад үеийн туршлагатай мэргэжилтнүүдээ сонсдоггүй. Уг нь энэ талаар туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй байгаа юм. Японд тэтгэвэрт гарсан мэргэжлийн хүмүүсийг цуглуулаад, тэднээсээ зөвлөгөө авч, улсынхаа шийлдвэрлэх ажилд тусгадаг холбоо хүртэл байдаг юм билээ. Гэтэл төрийнхөн бидний үгийг сонсдоггүй байхгүй юу. Би гэхэд л эрчим хүчний чиглэлээр Орост сургууль төгссөн. Орост гурван удаа мэргэжил дээшлүүлсэн. Эрчим хүчний яаманд 10 жил ажилласан хүн.

-Шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн байгаа. Айл болгон халаалтын төхөөрөмж залгавал цахилгаан станцуудын хүчин чадал хүрэх болов уу?

-196 мянган айлын хэрэглээ гээд бодохоор цахилгааны хүч хүрэхгүй сүйд болоод байх зүйл гаргахгүй ээ. Гэхдээ гэр хорооллын айлууд цахилгаанаар халаах төхөөрөмж авч чадахгүй байх шиг байна. Энэ бол түр зуурын л арга, цаашид шөнийн цахилгаан үнэтэй болчихвол бас хэцүү. Учир нь үе, үеийн Засгийн газрынхан дөрвөн жилдээ тохируулж л ажил хийдэг шүү дээ.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж татвараа төлөөрэй

1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж татвараа төлөхийг албаныхан сануулж байна. Тухайлбал, Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгсөн билээ. Ингээд жолооч та хэдэн сард татвараа төлөх вэ гэдгээ доорх мэдээллээс харна уу.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.
Categories
мэдээ нийгэм

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны 16 дугаар их хурал Соёл Урлагийн Их Сургуулийн “Оюутны театр”-ын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Их хурлаар тус хорооны дарга, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна. Хорооны даргад таван уран бүтээлч өрсөлдсөнөөс 2014 оноос хойш тус хорооны даргаар ажиллаж байгаа Бадарчийн Төмөрбаатар улиран сонгогджээ.

Энэ онд Монголын урчуудын эвлэлийн түүхт 75 жилийн ой энэ жил тохионо. Тиймээс уг их хурлаар зураач урчууд ирэх дөрвөн жил ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэж, хорооныхоо дүрмийг шинэчлэн баталсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын сугалааны 2017 оны анхны тохирол энэ сарын 22 буюу өнөөдөр 19.00 цагт болно.

Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-31-нд олгосон баримтыг хамруулах юм. Өнгөрсөн сард улсын хэмжээнд 38 мянга гаруй цэгээр дамжуулан 7 сая 371 мянган баримт олгож, хонжворын сан 675 сая болжээ.. Өнгөрсөн онд нийт 18 удаагийн тохирол явагдсанаас 78 мянга 570 азтан нийт 3 тэрбум 93 сая 280 мянган төгрөг хожсон байна.

Categories
мэдээ спорт

И.Ярыгиний “Алтан гран при”-д барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо

Олимпийн хоёр, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга ЗХУ-ОХУ-ын домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын “Алтан гран при” тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ. ОХУ-ын Красноярск хотод нэгдүгээр сарын 27-29-нд зохион байгуулагдах 28 дахь удаагийн тус тэмцээнд Монголын чөлөөт бөхийн холбооны баг долоон эрэгтэй, 15 эмэгтэй тамирчнаа оролцоуулахаар болжээ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.

Эрэгтэй

61 кг
Б.Нэмэхбаяр, “Хасу-Мегастарс” клуб
А.Мөнх-Эрдэнэ, “Хасу-Мегастарс” клуб
Д.Цогтбаатар, “Алдар” спорт хороо

65 кг
Н.Лхамгармаа, ”Алдар” спорт хороо

70 кг
Б.Цогтгэрэл, “Хасу-Мегастарс” клуб

74 кг
Б.Бямбадорж, ”Алдар” спорт хороо

86 кг
П.Өнөрбат, ”Хасу-Мегастарс” клуб

Эмэгтэй

48 кг
Ц.Цэнджав, ”Хасу-Мегастарс” клуб
Ц.Энхжаргал, ”Алдар” спорт хороо

53 кг
Д.Отгонцэцэг, ”Хасу-Мегастарс” клуб
Г.Отгонжаргал, ”Алдар” спорт хороо
Б.Болор-Эрдэнэ, ”Алдар” спорт хороо

55 кг
А.Батцэцэг, ”Хасу-Мегастарс” клуб
Э.Даваачимэг, ”Хилчин” спорт хороо
П.Шинэхүү, “Алдар” спорт хороо

58 кг
С.Цэрэнчимэд, ”Алдар” спорт хороо

60 кг
О.Оюунтуяа, ”Аварга” биеийн тамирын дээд сургууль

63 кг
П.Орхон, ”Алдар” спорт хороо
Э.Цэвэгмид, ”Алдар” спорт хороо
Э.Дэлгэрмаа, ”Хасу-Мегастарс” клуб

69 кг
О.Насанбурмаа, “Алтай констракш” компани

75 кг
Ц.Баярзаяа, ”Хасу-Мегастарс” клуб

Дасгалжуулагч
Ц.Хосбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч
Ё.Батдархан, Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч
Л.Энхбаяр, дасгалжуулагч

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн нислэгийн тоог нэмнэ

Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчддог болсноос хойш хоёр орны иргэд аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр зорчих явдал эрс нэмэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улаанбаатар, Эрхүүгийн чиглэлийн шууд нислэгийн тоог нэмэхээр албаныхан ярилцаж байгаа юм байна. Эрхүү рүү “Аэро Монголиа” компани долоо хоногт хоёр удаа нислэг үйлддэг. Үүнийг цөөн байна гэж албаныхан үзэж байгаа ажээ.

Эрхүүд суух Монголын ерөнхий Консул Л.Амарсанаа нислэгийн тоог нэмэх боломжийг судлахыг Эрхүүгийн олон улсын нисэх буудлын азхиргаанаас хүсч, цаадуул нь байх боломжтой хамгийн дээд хэмжээг санал болгохоо амалсан гэнэ.

ОХУ руу зочиж буй бараг бүх монголчууд Эрхүүгээр дамжиж нисдэг. Энэ нь зардлын хувьд илүү хямд тусдаг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулссар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

01 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

2017 оны 01 дүгээр сарын 23-наас 2017 оны 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25,26-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг, уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд вирусын шинжилгээ хийх шинэ загварын аппараттай боллоо

Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд “Рийл Тайм Пи Си Ар” загварын вирусын шинжилгээ хийх зориулалттай шинэ аппараттай боллоо. Үүнийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Токио хотын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж байгаа юм. 75,5 сая орчим төгрөгийн өртөгтэй энэхүү аппарат Монгол Улсад Дорнод, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт олгогдож байна.

“Рийл Тайм Пи Си Ар” аппарат нь томуугийн вирусээс гадна элэгний B, С вирус гэх мэт маш олон төрлийн вирусын шинжилгээг хийх хүчин чадалтай. Мөн ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад олон төрлийн оношлуур ашиглан ажиллуулах бүрэн боломжтой. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хэлэхдээ “2010 онд ДЭМБ-ын дэмжлэгээр бид Вируслогийн лабораторитой болсон. Энэ хугацаанд 1500 орчим хүнд шинжилгээ хийж 190 нэр төрлийн вирус илрүүлсэн байна. Өнөөдөр үүний дараагийн загварыг хүлээж авч байгаа нь маш том дэвшил боллоо” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батсуурь сайд СУИС-д зочиллоо

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар СУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажиллагсадтай уулзав. СУИС нь одоогоор зургаан бүрэлдэхүүн, нэг ахлах (“Бадмаараг” ахлах сургууль), нэг салбар (Завхан аймаг дахь) сургууль, нэг хүрээлэн (Соёл судлалын хүрээлэн)-тэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургуульд нийт 400 гаруй профессор багш ажиллаж, 4000 гаруй оюутан, сурагч суралцаж байгаа аж. Монголын соёл урлагийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг тус сургуулийн хамт олон “Европын урлагийн сургуулиудын холбоо”-нд элсэх хүсэлтээ гаргаснаа уулзалтын үеэр салбарын сайддаа дуулгав. Улмаар олон улсын стандартад нийцсэн сургалт эрхлэх зорилт тавин ажиллаж байгаа гэлээ. Тус сургуулийн хамт олон “Эрдэнийн судар бүтээх”-ээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор судалгааны шатанд явж байгаа аж. Түүнчлэн салбарын сайд нь тус сургууль дээр ирж ажиллаж буй анхны тохиолдол болохыг уулзалтын үеэр багш, ажиллагсад онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Хэрэглэгчийн сэтгэл ханамж” сургалт анх удаа болно

Олон Улсын Стандартын Академиас олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх сонирхол бүхий төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтан, ахлах менежер, менежер, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зориулсан сургалт явуулдаг байна. Стандартын шаардлага, хэрэгжүүлэх талаар ойлголт, мэдлэг олгох, дотоод аудитор бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор танхимын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг гэнэ.

Тус байгууллага энэ удаа олон улсын ISO 10001 “Хэрэглэгчийн сэтгэл ханамж” стандартын сургалтыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтыг ОХУ-ын EEG /Евро Ази Эксперт/ группын захирал, сургагч багш Махмуд Албеков удирдаж явуулах ажээ.

Сургалт 2017 оны 01-р сарын 24-28 өдрүүдэд болох юм байна.