Categories
мэдээ нийгэм

Хятад иргэд монголд визгүй зорчихгүй

Олон нийтийн сүлжээнд “БНХАУ-ын иргэд нэгдүгээр сарын 5-аас эхлэн Монгол Улсад 30 хоногийн визгүй зорчино” гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Энэ мэдээлэл худлаа мэдээлэл. Яагаад ийм ташаа мэдээлэл гарсаныг мэдэхгүй байна” хэмээв.

Түүнчлэн Гадаад харилцааны яамны албан ёсны фэйсбүүк хаягт өнөөдөр мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна. Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж,зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Скарлетт Иохансон Д.Трампыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаалд үг хэллээ

АНУ-ын шинээр сонгогдоод байгаа ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал өчигдөр болсон билээ. Вашингтон хотноо болсон энэ жагсаалд олонд алдартай одууд оролцож үгээ хэлсэн юм. Тухайлбал алдарт дуучин Мадонна Трампыг ширүүн шүүмжилсэн бол жүжигчин Скарлетт Иохансон, Кэти Перри, Майли Сайрус, Америка Феррера, Ёко Оно нар оролцжээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Папуа Шинэ Гвинейд асар хүчтэй газар хөдлөлт боллоо

Папуа Шинэ Гвиней улсын Бугевиль арлын баруун хэсэгт өнөөдөр 8.0 магнитудын газар хөдлөлт болсныг АНУ-ын геологийн судалгааны газраас мэдээллээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас далайн эрэг дагуух улсуудад өргөн хүрээтэй хөнөөлт цунамийн давалгаа үүсч болохыг Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс анхааруулж байна.

Газар хөдлөлтөөс гурван цагийн дараа Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Науру, Понпей, Косрей, Вануату, Чук, Индонезийн эрэг дагуу цунамийн давалгаа ирэхийг сэрэмжлүүлжээ. Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ирэх сард ашиглалтад орно

Хараагүй иргэдэд зориулан барьж буй 90 айлын орон сууцны ажил ирэх сар гэхэд дуусна хэмээн албаныхан мэдээллээ. Одоогоор барилгын ажил 90 хувьтай явж байгаа аж. Монгол Улсын хувьд хараагүй иргэдэд зориулан тусгайлан барьсан орон сууц байгаагүй юм.

Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүй иргэдийн үйлдвэрлэл, сургалтын төвийн дэргэд уг орон сууц байрлах юм. Ингэснээр хараагүй иргэд үйлдвэрийнхээ дэргэд гэртэй болж, олон бэрхшээлээс ангижрах юм байна. Учир нь тус үйлдвэрт ажилладаг хараагүй иргэдийн дийлэнх нь Амгалан, Баянхошуугаас өдөр бүр ирдэг. Тэр хэрээр өдөр бүр машин тэргэнд дайруулах, траншей, жалганд унах эрсдэлтэй ойрхон байдаг гэдгээ учирлаж байсан юм.

Энэ талаар Хараагүйчүүдийн төвийн захирал З.БолдсайханМанай хараагүй иргэд бусад орон сууцны хөтөлбөр, мөн найман хувийн ипотект хамрагдаж чаддаггүй. Тийм учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгайлан халамжийн орон сууц барьж орон, сууцаар хангах нь туйлын чухал. Үүнийн нэг том эхлэл, анхдагч нь манай барилга болж байгаад баяртай байна. Хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид бол шууд орно. Үлдсэн байранд нь Хараагүйчүүдийн үндсэн холбоогоор дамжуулаад гишүүдээсээ өргөдөл аваад, тодорхой материал бүрдүүлээд Хараагүйчүүдийн зөвлөл дээр хэлэлцэж байгаад тодорхой шалгуур хангасан иргэдийг байранд оруулна. Өөрөөр хэлбэл, ам бүл, амьжиргааны түвшин, өөрийн гэсэн орон сууцгүй зэргийг харгалзан үзнэ” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн цагаар утас ашиглахаа больсоноор сурагчдын идэвх сайжирчээ

Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулиуд сургуулийн орчинд гар утас ашиглахгүй байх, утасгүй орчин гэсэн тэмдэглэгээг байрлуулж, хичээлийн цагаар багш сурагчид гар утас хэрэглэхгүй байхаар аймгийн төвийн сургуулиудын дотоод журманд заажээ.

Мөн “Ухаалаг утаснаас товчлууртай утас руу шилжих” санаачлага өрнүүлж байгаа бөгөөд сургуулийн орчинд цахим хэрэгслийг зохистой ашиглах талаар эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах үүргийг Сургуулийн захиргаа хүлээж ажиллана.

Цаашид цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар мэргэжлийн байгууллагын тусламжтай сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмолжуулахыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгожээ. Дээрх тушаал, захирамж хэрэгжээд цөөнгүй хонож байгаа бөгөөд “Хичээлийн цагаар утас ашиглахгүй болсон нь хичээлдээ илүү их анхаарал тавьж анги хамт олноороо хичээлдээ идэвхтэй оролцдог болсон”-ыг “Номун далай” сургуулийн сурагчид хэлж байна.

Categories
гадаад мэдээ

Д.Трампыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн цуглаанд Мадонна оролцон үг хэллээ

Мадонна Д.Трампыг хэтэрхий увайгүй шүүмжилжээДуучин Мадонна Вашингтонд болсон эхчүүдийн жагсаалын үеэр Ерөнхийлөгч Д.Трампыг хэтэрхий ичгүүр сонжуургүй, увайгүй үгсээр шүүмжилжээ. CNN агентлаг энэ талаар мэдээллээ.

Тэрээр Д.Трамп тангаргаа өргөх гэж байгааг “Аймшигтай, харанхуй сүүдэр нөмрөх авах”-тай зүйрлээд оролцож байгаа жагсаалаа “Хувьсгалын эхлэл байх болно”, “Бид бууж өгөхгүй” гэх зэргээр улстөржсөн гэнэ.

Мадонна Д.Трампыг хэтэрхий увайгүй шүүмжилжээДашрамд сонирхуулахад, Д.Трампыг тангараг өргөдөг өдөр АНУ-аас гадна Канад, Их Британийн олон хот, ХБНГУ-ын Берлин, Францын Парис, Италийн Ром, Австрийн Вена, Швейцарийн Женев, Голландын Амстердам, Финляндын Хельсинки, Шведийн Стокгольм, Кенийн Найроби, Австралийн Сидней, Мельбурн, Японы Токиод эмэгтэйчүүд оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эмэгтэйчүүд хэрхэн зөв зохистой хооллох вэ

“Жирэмсэн эмэгтэйчүүд зөв зохистой хооллосноор цус багадалт, жирэмсний хордлого, төрөлтийн хүндрэлээс сэргийлнэ. Мөн жирэмсний явц, хэвлий дэх хүүхдийн хэвийн өсөлт хөгжил, төрөлт хэвийн явахад нөлөөлж, хөхний сүүний гарц сайн болох, төрсний дараах үед эрүүл байх нөхцлийг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой” хэмээн Чимгээ эмч зөвлөж байна. Тэрбээр Чимгээ Мишигдорж цахим хуудсандаа дараах зөвлөгөөг хүргэжээ.

ЖИРЭМСЭН ҮЕД ТЭЖЭЭЛИЙН БОДИСУУДЫН АЧ ХОЛБОГДОЛ

Уураг: уураг нь бүх эд эсийг бүрдүүлж бодисын солилцоонд оролцоно. Жирэмсний үед уураг үүсэх үйл ажиллагаа багассан байдаг. Иймээс жирэмсэн эмэгтэйн хоолонд уураг, түүний дотор үл орлогдох амин хүчлийн хэрэгцээ ихэсдэг. Амьтны гаралтай уураг хүний бие махбодын уургийн бүтэцтэй ойролцоо бөгөөд амьтын гаралтай уургийн шингэц өндөр байдаг тул жирэмсэн эмэгтэйн уургийн өндөр хэрэгцээнд амьтны гаралтай уураг чухал юм.

Хүний биед өндөгний уураг 100%, сүүний уураг 96%, махны уураг 75%, загасны уураг 80% шингэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн хоолны уургийн хагас хувь нь амьтны гаралтай уураг байх хэрэгтэй гэж үздэг. Жирэмсний эхний хагаст хоногт 76гр уураг хэрэгтэй байдаг бөгөөд үүний 36-40гр-ийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авна /сүү, тараг, өндөг, мах/. Үлдсэн 35гр уургийг төмс ногоо, үр тарианы бүтээгдэхүүн, шош вандуй зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авна.

Жирэмсний сүүлийн 10 долоо хоногт урагт уургийн хэрэгцээ нэмэгддэг учраас жирэмсэн эмэгтэй хоолоороо хангалттай уураг авахгүй бол өөрөө уургийн дутагдалд орж хүүхэд жин багатай төрөхөд хүрнэ. Нэмэгдэж хэрэглэгдэх уургийг исгэлэн сүүн бүтээгдэхүүн тараг, ээдэм, аарц зэргээс авна. Хоолоор орсон илүүдэл уургийг жирэмсэн эх дутуу боловсруулснаас үүссэн хоронд хордох, хүүхдийн дархлаа муудах зэрэг сөрөг нөлөө гардаг учраас уургийг зохих хэмжээгээр хэрэглэх ёстой.

Тос: Жирэмсэн эмэгтэй өөх тостой хоол их идэж тосны хэрэглээг хэтрүүлбэл хоолны дуршил буурах, цөс төлжилт муудах, тос эцсийн бүтээгдэхүүн болтлоо задарч чадахгүй бие махбодод хорт бодис хуримтлагдахад хүрнэ. Тиймээс амархан шингэх цөцгийн тос, цөцгий, бяслаг, ургамлын тосноос олив хэрэглэнэ. Омега-3,6 тосны хүчлүүд үрэвсэл дарах, дархлаа сайжруулах, хүүхэд төрөх үед өвдөлтийг зохицуулах үүрэгтэйгээс гадна эсийн хөгжилд чухал үүрэгтэй. Омега-3 тосны хүчил нь хэвлий дэх ургийн нүд, мэдрэл, тархины хөгжилд чухал үүрэгтэй. Иймээс жирэмсэн үед омега-3 тосны хүчлийн хэрэгцээ өндөр байх ба ялангуяа жирэмсний сүүлийн 3 сард ургийн тархи, нүдний торлогийг бүрэн гүйцэд хөгжүүлэхэд омега-3 тосны хүчил ихээр агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолоор хангалттай хэмжээгээр аваагүй тохиолдолд урагт шаардлагатай уг тосны хэрэгцээг эхийн бие дэх нөөцөөр хангаснаас эхийн биед омега-3 дутагдаж дутуу төрөх, гадна тохиромжгүй нөлөөнд тэсвэрлэх чадвар муудах, амархан стресст орох зэрэг хүндрэлүүд үүснэ. Омега-3 тосны хүчил балмад, сардин, хулд, май, тулбага, туна загас, тэдгээрийн тос, бэлчээрийн малын мах, сүү, сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Мөн маалингын тосонд их байдаг.

Нүүрс ус: хоногт хэрэгцээтэй илчлэгийн 50-70%-ийг нүүрс усаар хангадаг. Нүүрс ус дотроос энгийн сахар агуулсан хүнсний зүйл: чихэр, нарийн боов, бялуу зэрэг өндөр илчлэгтэй бүтээгдэхүүнийг хэтрүүлснээс биеийн эсэргүүцэл суларч харшил болж, биед шингэн их хуримтлах, эхийн болон ургийн жин хэт нэмэгдэх сөрөг талтай. Тйимээс жирэмсэн эмэгтэйчүүд нийлмэл нүүрс ус агуулсан хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь үр тариа, гурил, ногоо, жимсэнд элбэг байдаг.

Эрдэс бодис: Яс мэдрэлийн тогтолцоог бүрдүүлэхэд онц чухал шаардлагатай кальци, фосфорын хэрэгцээ ихэснэ. Кальци нь яс, шүд, мэдрэл, булчингийн үйл ажиллагаанд хэрэгтэй. Кальци нь ээдэм, бяслаг, сүү, талх, байцаа, төмс, зарим загас, хатаасан инжир, кальцаар баяжуулсан бүтээгдэхүүнүүд, шош, улаан вандуй, гүн ногоон өнгийн навчны ногоо: сэрэвгэнэ, савой байцаа, кимчиний байцаа, ногоон цэцэгт байцаанд элбэг байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд төмрийн шимэгдэлт сайжруулах С амин дэмтэй хүнс, исгэлэн сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх шаардлагатай. Төмрийн шимэгдэлтийг бууруулдаг цай, кофений хэрэглээг багасгах мөн хар гурилан бүтээгдэхүүн төмрийн шимэгдэлтийг бууруулдаг тул хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйд нэгэн чухал шаардлагатай бичил элемент бол иод юм. Иод дутвал хүүхэд дутуу төрөх, оюун ухааны хомсдолтой төрөх аюултай. Иодын дутлаас сэргийлэхийн тулд иоджуулсан давс, иод ихээр агуулдаг далайн загас, далайн байцааг хүнсэндээ хэрэглэх шаардлагатай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөөнийхөн Улаанбаатар хот руу “харлах” уу

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2018 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргасан. Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ.

Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаагаа мэдэгдсэн. Захирамж гаргахтай зэрэгцээд хүмүүсийн дунд “Монголчууд бид хэдэн жилийн турш Солонгос, Япон, АНУ зэрэг оронд очоод “харлаж”, хууль бусаар амьдарч ирсэн туршлагатай. Харин одоо улсын нийслэл Улаанбаатартаа амьдарч чадахгүй болчихлоо.

Гэхдээ сураагүй биш Улаанбаатартаа нүүж очоод “харлаад л амьдрахаас” гэх яриа гарчээ.

Мөн хотын даргын гаргасан захирамжтай холбоотойгоор хөдөөнөөс хот руу “харлаад” ирж байгаа иргэд баригдвал хэрхэн шийтгүүлэх вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Энэ талаар ч иргэдийн дунд янз янзын санал, явган яриа хөвөрч байх шиг. Бусад улс орон хууль бусаар амьдарч, “харласан” гаднын иргэдийг нутаг буцааж, хэдэн жилээр тэр улс руу ирэхээргүй болгож хар тамга дардаг. Харин манайд хөдөөнөөс хот руу “харлаад” ирж байгаа иргэдийг хэрхэн шийтгэх нь одоогоор тодорхой бус байх шиг байна.

Categories
мэдээ цаг-үе

ТҮЦ ажиллуулах нь төрд тэрсэлсэн хэрэг юм уу?

Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхнээс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхэлсэн билээ. Сүүлийн үед ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх ажиллагаа хэт дарангуйллын шинжтэй болсон талаар ТҮЦ эзэмшигчид хэлж байна. Тухайлбал, өчигдөр өглөө Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоох ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил явагджээ. Энэ үеэр Хан-Уул дүүргийн VIII хорооны иргэн, ТҮЦ эрхлэгч, 65 настай Д.Бадамгаравын даралт ихэссэний улмаас ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Дээрх хэргийг тодруулахаар Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоо байх ТҮЦ дээр очтол тэр хавийн ТҮЦ эрхлэгчид цуглачихсан, өглөө болсон ачилтын талаар ярилцаж байв. “Улаанбаатар хотын Засаг даргын захирамжид явган хүний зам хааж зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ-үүдийг ачна” гэж заасан. Энэ дагуу холбогдох албаны хүмүүс нь ТҮЦ-үүдийг ачиж байгаа. Гэхдээ зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй тааралдсан ТҮЦ болгоныг нүүлгэж байна. Энэ буруу шүү дээ. ТҮЦ эрхлэгчдийн холбооноос “Улаанбаатар хотын Засаг даргын захирамж бидний эрх ашгийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ Газрын албаны хүмүүст харуулсан боловч цагдаагийн албан хаагчидтай хамтарч хүч хэрэглэн шууд л ачиж байна. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бичиг баримтаа үзүүлээд ч нэмэр алга. Хүний үг сонсохгүй, улайрсан бух шиг л хүмүүс байх юм. ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлснээс хойш бид өдөр болгон айдас түгшүүртэй, нойр хоолгүй ТҮЦ-ээ манаж байна. Төр засаг ТҮЦ-үүдийн эсрэг байнга дайрч байна. Бид чинь амьдрах гэж л яваа хүмүүс шүү дээ” хэмээн ТҮЦ эзэмшигчид ярив.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн VIII хорооны иргэн, ТҮЦ эзэмшигч, өндөр настан Д.Бадамгаравын том охин С.Отгондуламаас зарим зүйлийг тодрууллаа.


С.Отгондулам: ЭЭЖИЙГЭЭ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ХООРОНД ТҮЦ-ИЙГ МААНЬ АЧААД ЯВСАН

-Танай ТҮЦ-ийг ачих үеэр яг юу болсон юм бэ. Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй юү?

-Өчигдөр 09:00 цагийн үед дүүргийн Газрын албаны хүмүүс ирээд шууд л ачна гэсэн. Тэгээд манай ТҮЦ дээр авирч гараад тог салгасан. Тог цахилгаан гэдэг чинь аюултай шүү дээ. Харин энэ хүмүүс шууд л утаснаас нь татаад салгачихдаг юм байна. Энэ үеэр сүүлийн 10 хоног ТҮЦ-ээ манан хонож, сэтгэл санааны дарамтад орсон ээж маань даралт нь ихэсч, ухаан алдаж унасан. Ингээд түргэн дуудаж, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Биднийг эмнэлэгт ээжийнхээ биеийг үзүүлж байх үеэр ТҮЦ-ийг маань ачаад явсан байна лээ. Ийм хулгайч нохой шиг төр засаг гэж юу байдаг юм бэ. Ард түмнийхээ төлөө төр засаг үйлчлэх ёстой биз дээ. Гэтэл амьдрах гэж ядаж байгаа биднийг ганц амин зуулгаас нь салгаж байгаад үнэхээр гомдолтой байна. Манай ах, эгч хоёр хэдэн жилийн өмнө авто ослын улмаас харамсалтайгаар нас барсан юм. Ингээд өнчирч үлдсэн дөрвөн хүүхдийг нь ээж маань өсгөж байна. Өнгөрсөн жил цалингийн зээл авч ээждээ 10 сая төгрөгөөр ТҮЦ худалдан авч өгсөн юм. Гэтэл өнөөдөр ингээд ачаад аваад явчихлаа. Одоо дөрвөн өнчин хүүхэдтэй ээж маань яаж амьдрах юм.

-Одоогоор ээжийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Ээж маань одоо гэртээ эмчлүүлж байгаа. Шоконд орсон болохоор даралт нь буугаагүй л байна. Бид муу юм болчих вий дээ л гэж санаа зовж сууна. Эмч нар ирээд “Сэтгэл санааны дарамт учруулахгүй, тайван байлгах хэрэгтэй” гэж хэлсэн. Гэхдээ яаж сэтгэл санаа нь тайван байх билээ.

Хан-Уул дүүргийн II хорооны иргэн Б.Оюунчимэг: ХЭЗЭЭ ТҮЦ-ИЙГ МААНЬ АЧААД ЯВАХ БОЛ ГЭСЭН АЙДАСТАЙ ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙГАА

-Би “Эрэл”-ийн автобусны буудлын хажуугийн ТҮЦ-ийг ажиллуулдаг. Энэ сарын нэгний орой дүүргийн Газрын албаны хүмүүс манай ТҮЦ-ийг ачих гэж ирсэн. Яг тэр үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооны хүмүүс болоод ойр орчмын ТҮЦ эзэмшигчид хүрч ирэн эсэргүүцэж байж авч үлдсэн. Ер нь төр засаг олон жил ТҮЦ-үүдийн эсрэг шийдвэр гаргаж байна. Төрийн үндсэн үүрэг нь иргэнээ сайхан амьдруулах биз дээ. Энэ асуудлаар ТҮЦ эрхлэгчдийн холбооноос нийслэлийн Засаг дарга С.Батболтой уулзах гэсэн боловч хүлээж аваагүй. Бүр ажлын цаг эхлэхээс дуусах хүртэл үүдэнд нь хүлээдэг болсон. Гэтэл хотын дарга С.Батболд арын хаалгаараа орж, гараад ард түмэнтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авахгүй бултаж байна. Бид гурав, дөрвөн сар сэтгэл амар байсангүй. Хэзээ хоолноосоо салчих бол, хэзээ ТҮЦ-ийг маань ачаад явах бол гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Г.Ананд-Очир: ТҮЦ ЭЗЭМШИГЧ БИДЭНД ТӨРИЙН ХАРГИС БОДЛОГО ХҮНД ТУСЧ БАЙНА

-Өмнөх нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн “А” бүсэд ТҮЦ эрхлэх журмыг баталсан. Тэр дүрэм журмыг нь дагаж, 10 сая төгрөгөөр ТҮЦ худалдан авч ажиллуулсан юм. Тухайн үед банкнаас олон сая төгрөгийн зээл авч, төлж ч дуусаагүй байтал Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Шилэн ТҮЦ-тэй болох ёстой гэнэ. Ийм юм байж болох уу. Зөвшөөрөлгүй баригдсан, хэрэг зөрчил илрээд байгаа тэр ТҮЦ-үүдээ л шалгаж, ачна биз. Ингэж хоморголон бүгдийг нь нүүлгэн, ачиж болохгүй. Миний хувьд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр сурч төгссөн. Мэргэжлээрээ юм хийе гэхээр гарааны мөнгө байхгүй. Мөнгө олохын тулд ТҮЦ ажиллуулж байна. Өчигдөр манай ТҮЦ-ийг ачих гээд хүмүүс ирсэн. Бас л бөөн маргаан болсон. Ачих гэж ирсэн хүмүүс “Засаг даргын захирамжаар ажлаа явуулж байна” гэсэн тайлбар өгнө. Өөр юу ч хэлэхгүй, шууд л ачих гэж оролдоно. Иймэрхүү маргаанаас болж ТҮЦ эзэмшигч нь ачих гэж ирсэн албаны хүнийг зодсон хэрэг гарсан байна лээ. ТҮЦ эзэмшигч бидэнд төрийн энэ харгис бодлого хүнд тусч байна. Төр засаг ард түмнийхээ амьдралыг ойлгохгүй буруу шийдвэр гаргах юм.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

М.Бямбажав: Хөдөө орон нутагт тоглолтоор явахад хүмүүс машин, мотоцикльтой дагадаг байлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч М.Бямбажавтай ярилцлаа. Түүний “Оройтсон бороо”, “Хүмүүс ээ амьдрах сайхан”, “Мартагдашгүй хайр”, “Үй зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ” зэрэг дуунууд та бидний сэтгэлд хэдийн хоногшсон байдаг билээ.


-Таны “Оройтсон бороо” дуу монголчуудын сонсох дуртай дууны нэг яах аргагүй мөн. Манай сонин “Оройтсон бороо одоо ч шивэрсээр” гэсэн нийтлэл ч бичиж байсан удаатай. Энэхүү дуу хэрхэн бүтэж байсан юм бол?

-Би дөнгөж цэргээс халагдаж ирчихээд л “Үлгэрийн танхим”-д орж ерөөл магтаал уншдаг байлаа. Гэтэл ажил дээр маань “Шүлгэнд ая хийлгэх гэсэн юм. Ая хийгээд өгөх хүн байна уу” гэсээр нэг эгч орж ирдэг юм байна. Тэр хүн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Туяа гуай байсан юм. Гуравдугаар сард л юм даа, эмэгтэйчүүдийн баяр дөхчихсөн байсан үе л дээ. Ая хийж болмоор ч юм шиг санагдаад шүлгийг нь аваад гитараа бариад суулаа. Тэгж л анх удаа дуунд ая хийсэн түүхтэй юм даа. “Оройтсон бороо” дуугаа эмэгтэйчүүдийн баяраар нэг цэнгүүн дээр гитартай дуулсан юм. Харин маргааш нь хэдэн залуус ирээд энэ дууг чинь бичиж авъя гэдэг юм байна. Тэгж л хүмүүст хүрэх эхлэл нь тавигдсан даа. Тухайн үед 20 настай л байж. Залуу ч байсан болохоор дууныхаа үгний утгыг ч ойлгохгүй байлаа шүү дээ.

Гил хар шөнийн зүүдэнд

Цал буурал үстэй ирнэ үү

Үүрээр гомдсон зүрхийг

Үдшийн болзоонд дуудна уу гэсэн энэ мөр байна. Үс нь бууралтсан ч зүүдэнд нь ирж байна гэдгийг өгүүлж байгаа юм. Зарим нь “Шөнийн зүүдэнд, цал буурал үстэй гэх юм чөтгөртэй дуу юм уу” ч гэж наргидаг байв. Цаад санаа нь маш гоё, сайхан дуу гэж боддог.

-“Мартагдашгүй хайр” гээд таны нэгэн сайхан уран бүтээл байдаг. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай сонирхуулаач?

-“Амьдралаа би чамд хайртай” дууны хөгжмийг зохиосон Ёндонгийн Сүхбаатар гэж хүн надад “Хайрын совин”, “Мартагдашгүй хайр” гээд энэ хоёр дууг дуулаачээ гэсэн санал тавьсан юм. Бид сайхан нөхөрлөдөг байлаа. Харин би “Мартагдашгүй хайр” дууг нь дуулсан. Дуулаад удаагүй л хит болчихсон дуу шүү дээ. Аялгуу сайтай, мундаг хөгжим зохиосон авьяаслаг хүн байсан. Эхнэрийг нь Оюунаа гэдэг байсан юм. Оюунана бүсгүй гэж дуунд гардаг болохоор эхнэртээ зориулж тийм сайхан сэтгэлд шингэсэн аялгууг зохиосон юм болов уу. Оюун гэсэн нэртэй бүх хүн л их сонсдог юм билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Оюунбилиг эгч оюутан байхдаа “Мартагдашгүй хайр” дууг сонсдог байсан гэдэг. Хааяа “Оюунана” бүсгүйгээ нэг дуулаад өгөөч гээд” ярьж байдаг юм.

-Та бүжиглэдэг байсан гэсэн. Харин яагаад дуу руу урвах болов?

-Би Увс аймгийн Өмнөговь сумын уугуул хүн. Багын л бүжиглэдэг, дуулдаг, магтаал уншчихдаг хүүхэд байлаа. Миний ээж сайхан дуулна. Эхээс наймуулаа. Дүү нар маань ч гэсэн урлагийн зам мөр хөөгөөгүй хэдий ч сайхан дуулцгаадаг.

Би Хөвсгөл аймгийн театрт бүжигчин байсан юм. Харин тэндээсээ Соёлын сургуульд бүжигчний ангид хуваарилагдаж ирсэн ч шууд цэрэгт явчихсан. Цэрэгт очоод л дуулж эхэлсэн дээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү багштайгаа цэрэгт байхдаа танилцаж “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан” дууг нь 1990 онд дуулсан. Дуугаа Монголын радиод бичүүлээд л ард түмний сонсох дуртай дууны нэг болсон юм даа. Энэ дуу маань “Морин хуур” уралдааны үзэгчдийн тэргүүн шагналыг хүртсэн. Дараа нь “Үй зайгүй найзаа, үгүйлж явъя нэгнийгээ” гэдэг дуугаа дуулж байлаа.

-Тэр үеэс хойш л Н.Чулуунхүү гавьяаттай хамтарч уран бүтээл хийсэн үү?

-Тийм шүү. Түүнээс хойш хамтарсан 300-гаад дуу, найман ч тоглолт хийсэн байна. Соёлын төв өргөө, Бөхийн өргөө байхгүй байхад л Үйлдвэрчний соёлын ордонд долоо хоног дараалан тоглолт хийдэг байв. Одоогийн хошин урлагийнхнаас ялгаагүй байж шүү. Хөдөө орон нутгаар явахад Улсын Их Хурлын гишүүд яваа юм шиг л фэнүүд маань машин, мотоцикльтой дагачихсан явдаг байв. Угтаж буй хүмүүс хонь гаргаад, мөнгөн аягатай сүү бариад л угтдаг байлаа. Тухайн үе дуучид ч цөөхөн байж дээ. Их сайхан дурсамж шүү.

Манай Чулуунхүү багш надаас өөр олон ч шавь гаргаж ирсэн их хөдөлмөрч хүн. Хичнээн сайхан дуулна гээч. Ардын дуунуудыг маш сайхан дуулна. Би дөрөв, тавдугаар ангид байхдаа л радиогоор дуунуудыг нь сонсдог байлаа. Ийм мундаг хүнтэй хамт уран бүтээл хийж яваадаа бахархдаг юм. Би Ардын жүжигчин байхаар л хүн гэж боддог юм.

-Хошин шогийнхон “Эр хоёр загал” дууг болоод та хоёрыг их дуурайж байгаа харагддаг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг байв?

-Би баярладаг юм шүү дээ. Тодорхой хэмжээгээр бид хоёрыг ард түмэнд таниулаад л яваа хэрэг.

-Та нэгэнтээ би дууг хээлж дуулдаг гэж ярьсан байдаг. Дууг хүний зүрх, сэтгэлд хоногштол дуулахын тулд яах ёстой юм бол?

-Дууг хуулж, хээлж, хашгирч дуулах гэсэн хэд хэдэн янз байдаг юм болов уу гэж би боддог юм. Энэ миний хувийн л бодол шүү. Нэг хэсэг СУИС-аар дүүрэн Жавхлан, Долгор байлаа шүү дээ. Хуулж дуулж байгаа нь л тэр болов уу. Тэгэхээр дуучин хүн өөрийн гэсэн өнгө, аястай, хүний зүрхэнд хүрч дуулдаг байх хэрэгтэй.

-Та удахгүй тоглолтоо хийнэ гэсэн. Хичнээн уран бүтээлч оролцох вэ?

-Ард түмэн үгүй бол би хэн ч биш юм даа гэж бодон тоглолтоо “Түмэнтэйгээ” гэж нэрийдсэн. Миний тоглолт хоёрдугаар сарын 4-нд “UB palace”-д болно. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан дуунууд эгшиглэнэ. Бас шинэ уран бүтээлүүдээ ч үзэгчдэдээ толилуулах юм. Мэдээж уран бүтээлчид оролцоно. Гэхдээ миний тайлан тоглолт учраас өөрийнхөө уран бүтээлийг тайлагнахыг хичээж байна. Тайз засал гэх мэт зүйлсийг өвөрмөц байлгана. Тиймээс нэлээд цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан тоглолт болохоор байгаа.

Миний ихэнх дуунууд клип, кино концерт хийгдээгүй байдаг. Бор зүрхээрээ л ард түмэнд хүрдэг. Гэсэн ч сонсох дуртай дууных нь нэг болж чаддаг нь сайхан юм даа. Харин тоглолтоо угтаж “Оройтсон бороо” дуугаа шинэчлэн дуучин Аминатай хамтран дууллаа. “Мартагдашгүй хайр”, “Насанд олдсон хань”, “Ээжийн нутгаа санаад байна” гээд эдгээр дуунуудаа дүрсжүүлж байна.

-Та хэр ганган залуу байв?

-90-ээд онд моодны л залуу байлаа. Жийнсээ сэмлэж өмсөнө. Үсний будаг олдохгүй болохоор нь тамганы тосоор улаан, ягаан болгочихно. Зохих үгүй нь ер хамаагүй. Залуу нас хамгийн сайхан. Өнгө, өнгийн урт үстэй, одоогоор бол хип хоп тал руугаа л байж. Эргээд харахад тэр үеийн зураг хөрөг ховор байдаг юм. Тиймээс үлдэцтэй байх талаасаа ч тэр, мөн Бямбажав хэр намба суусан байна вэ гэдгийг ч тэр үзэгчид минь хараг гэж бодон дуунуудаа дүрсжүүлж байна.

-Та хуучны үеийн дуучидтай хэр ойр байсан бэ?

-Миний ерөөл магтаалын багш МУГЖ Явгаан гэж сайхан хүн бий. Мөн Ардын жүжигчин Самбуу, Банзрагч, Төмөрхуяг, Өлзий-Орших гээд томчууд Ардын дуу бүжгийн чуулгад байдаг байв. Тэднийг харна, биширнэ. Хуурай ах, дүү ч байсан. Мөн кино урлагаас Дорлигжав, Цэвээнравдан, Дашхүү, Жанчивдорж нартай хуурай ах, дүү нар байлаа. Дашхүү, Жанчивдорж ахынх Тээврийн товчооны хажуу талын байранд байдаг байсан юм. Манайх их ойрхон байсан л даа. Энэ мэтчилэн би алтан үеийнхэнтэйгээ их ойр өссөн. Тэр сайхан хүмүүсээс биеэ хэрхэн зөв авч явах, хүнтэй яаж харьцах, эвтэй байх гээд их олон зүйл сурч авсан.

-Сүүлийн үеийн дуучид амархан нэрд гарахыг боддог болчихсон мэт санагдах юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Би боддог юм. 60, 70 мянган хүнд тоглолт хийчихсэн бол “од” болчихлоо гээд бодчихож болох юм. Гэтэл хоёр, гуравхан мянган хүнд ганц удаа тоглолт хийчихээд “од” болчихлоо гэж болохгүй. Одоо тоглолт хийсэн хүн бүр Соёлын тэргүүний ажилтан цол авдаг болж. Урлагийн сургууль төгссөн хүнд Соёлын тэргүүний ажилтан цолыг ромбо болгоод зүүлгэчихмээр юм гэж бодогдох үе бас байдаг шүү.

Ингэхээр дууны урлагийн үнэ цэнэ алдагдаж байгаа юм. Үүнд л эмзэглэж байна. Түүнээс хүн муулах гэсэндээ яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр дуучин хүн ганц, хоёр жил болоод мартагдах дуу биш олон жилийн настай, хүний зүрхэнд хүрсэн сайхан дуу хийгээсэй л гэж бодох юм.

О.АРИУНЦЭЦЭГ