Categories
мэдээ нийгэм

Х.Ганболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбар бүрт амжилттай ажилласан хүмүүсийг шагнаж, урамшуулсан билээ.

Улмаар ХБК-ийн Циркийн багш Хишигтийн Ганболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг 2017.01.20-ны өдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулав. Х.Ганболд нь тус салбарт 30 гаруй жил ажиллаж, монголын циркийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй мэргэжлийн циркийн жүжигчин бэлтгэжээ. Эдүгээ түүний шавь нар тив, дэлхийд алдраа дурсган, салбартаа амжилттай ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Телемедицины төсөл”-ийн үйл ажиллагаа болж байна

2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтын үеэр байгуулсан Монгол, Солонгос хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй “Телемедицины төсөл”-ийн хүрээнд ЭХЭМҮТ нь ЭВХА Эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна.

Уг төслийн хамтын ажиллагааны зорилго нь анагаах ухааны дэвшилтэт технологи болох Tелецервикографийн аргыг эсийн шинжилгээтэй хавсран умайн хүзүүний хорт хавдрын урьтал эмгэг, хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх, дэвшилтэт технологийн мэдээллүүд солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, туршлага солилцоход чиглэгдэх юм.

Энэхүү төслийн нээлтийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх хатагтай Kim Meeok, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, БНСУ-ын ЭМЯ-ны Глобаль эрүүл мэндийн албаны дэд захирал Jonah Goh нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн БНСУ-ын ЭВХА эмнэлгийн дэд захирал Yoo Kyung Ha, Орхон аймгийн БОЭТ-ийн захирал Б.Батсүх нар онлайнаар мэндчилгээ дэвшүүлж оролцлоо.

Мөн төслийн хүрээнд 2016-2017 онд нийт 3 аймгийн (Орхон, Дорнод, Ховд) Бүсийн оношилгоо эмчилгээ төвийг ЭХЭМҮТ ба Солонгос улсын ЭВХА их сургуулийн эмнэлэгтэй холбон, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр ховор, хүндэрсэн тохиолдлын оношилгоо, эмчилгээг хамтран шийдэх, эмч, мэргэжилтний дунд сургалт зохион байгуулах, шаардлагатай зарим багаж хэрэгслээр хангаж ажиллахаар төлөвлөжээ.

Төслийн дараагийн шатанд Дорнод, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг хамруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх төслийн танилцуулгыг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн ажлын хэсгийг гишүүн Д.Тогтохсүрэн ахалж байгаа юм.

Бүлгийн хуралдааны дараагаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав

2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсээс Нийслэлийн газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэс, Газрын кадастр, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон дүүргийн газрын албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 37 хүнийг хамруулсан сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтын үеэр ГЗБГЗЗГ-ын 2012-2016 онд газар зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлууд болон ирэх 4 жилд газар зохион байгуулалтын чиглэлээр хийх нийслэлтэй холбоотой томоохон ажлуудын талаар танилцууллаа. Мөн нийслэл, дүүргийн газар албад цаашдын үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудын талаар газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд хариуцсан чиглэл тус бүрээрээ мэдээлэл хийв. Энэхүү сургалт нь Нийслэл, дүүргийн газрын албад шинэ бүтцээр ажиллаж эхэлсэнтэй зэрэгцэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаах шийдвэр гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн хуулийг төслийг буцаахыг дэмжсэн билээ. Харин энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах юм. Тодруулбал, энэ сарын 24-ны мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн пүрэв, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

27-ноос Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд амарна. Тодруулбал, энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа юм. Тиймээс “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах аж. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Categories
мэдээ нийгэм

Эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг анхааруулав

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.33 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн “Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай” 01 тоот тогтоолоор 10 ерөнхий нэршлийн, 30 эм, бэлдмэлийн үнийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Төв, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангууд нь дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд өрх, сум, багийн эмчийн болон эрх бүхий амбулаторийн эмчийн 5 хүртэлх (4 нас, 11 сар 30 хоног) насны хүүхдэд бичсэн хөнгөлөлттэй эмийн жорын дагуу 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллахыг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн насны эрчүүд мал вакцинжуулалтад дайчлагдлаа

Булган аймгийн Рашаант суманд цэцэг өвчин гарсан тул сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нутгийн цэргийн насны эрчүүд мал вакцинжуулалтад дайчлагдлаа. Тус сумын Аргал хайрхан буюу 4-р багийн нутаг дэвсгэрт Залаагийн өвөр гэх газар өвчин илэрсэн тул тэрхүү голомтоос 6 км-ийн радиуст хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Вакцинжуулах ажилд дайчлагдсан сум орон нутгийн залуус зургаан хүний бүрэлдэхүүнтэй зургаан хэсэг болж нийт 36 хүн эхний ээлжинд дайчлагдлаа. Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал, мөн вакцинжуулалт зэрэгт хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаагаар 7259 иргэн азтан боллоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ оны анхны тохирол өчигдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2016 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 7,251,743 баримтыг хамруулжээ.

Сугалаагаар

20 мянган төгрөгийн азтан 6,523

100 мянган төгрөгийн азтан 667
500 мянган төгрөгийн азтан 63
4 сая төгрөгийн азтан 6
20 сая төгрөгийн азтан 0
100 сая төгрөгийн азтан 0 тодорч, нийт 7259 иргэн азтан болсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу

Цаг үе үймж, дайн дажин болоход хүн гэдэг амьд үлдэхийг л хүсдэг. Хэцүү хүндхэн дайн дажинтай улс орны хүмүүс хэдэн мянга, хэдэн саяараа дүрвэж гэнэ гэж бид зөндөө л сонсдог болсон. Сири улс дайны өмнөх тооллогоор 22 сая гаруй хүн амтай гэж тоологдож байсан бол одоо 17.8 сая гэсэн тоон дүн гарсан байна лээ. Сирийн дайн улс төрийн хоригдлыг суллах, шинэчлэл хэрэгтэй байна гэсэн дотоодын тэмцлээр эхэлж, сүүлдээ Башар Асадыг унагах улс төр болж, энэ дотоодоосоо хальж, гадаадаас тусламж хүсч даамжирсан. Дайнаас болж олон сая хүн дүрвэсэн бөгөөд зарим нь улс дотроо нүүж, зарим нь гадаад руу дүрвэлээ. Арай гэж дүрвэж чадсан нь ойрын улс болох Иордан, Ливан, Туркийн хил дээр элсэн цөлд дүрвэгсдийн хуаран гэх майханд өдөр хоногийг өнгөрөөж байна. Зарим нь цааш Европыг зорьсоор. Сирийн дүрвэгсдийн цуваа өнөө ч үргэлжилж байгаа. Амь дүйн амар тайван амьдралыг эрэн яваа дүрвэгсдийн урт зам дардан байдаггүй. Тэд дэндүү олон саад бэрхшээлийг туулна. Энэ замаа дуусгаж чадахгүй нь олон. Аз таарч хүссэн газартаа хүрсэн ч цагаачлалын виз гарахыг хүлээж мөн л чамгүй хугацааг үднэ. Европ тэр чигээрээ цагаачдыг хүлээж авахад нааштай хандсан юм биш. Зарим улс орон авахгүй гэж зарим нь авна гэж маргасан. Зарим улс эдийн засгийн хүнд ачаа гэж үзсэн. Мөн иргэд нь дургүйцэж жагсаал цуглаандаа хүрсэн. Герман улс дүрвэгсдэд нааштай хандаж хэт олноор нь хүлээж авснаар канцлер Меркель хэл аманд ороод байгаа шүү дээ.

Хүнд бэрх амьдрал, дайн дажин л хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэдгийг Сирийн жишээ бэлхнээ харуулж байгаа. Түүнээс биш өөрийн босгосон амьдрал эх орноо нэг л өдөр орхиж явмаар санагдаад л яваад өгчихдөг юм биш. Тэр тусмаа амь насаа эрсдэлд оруулан байж, эх орон элгэн саднаа орхиж хүний нутагт амьдрахаар явна гэж юу байхав. Арга ядахдаа л тэд ийм замыг сонгосон. Тэдний зам ямар адармаатай байсан тухай бид байсхийгээд л дэлхийн мэдээллийн сувгуудаас олж хардаг. Дөрөвхөн настай Сири хүүгийн далайн эрэгт амиа алдсан аймшигт дүр зураг сэтгэл өвтгөж, Унгар, Сербийн хилийн орчим цагдаа хилийн хамгаалалтыг сэтлэн ам өрсөн хилийн зурвас давахаар гүйж яваа дүрвэгсдийг дэгээдэж унагасан зураглаач эмэгтэйд гурван жилийн тэнсэн харгалзах ял саяхан оноосон байна лээ.

Хаа холын Сирийн дүрвэгсэд иймэрхүү бол Монголын жишээг авъя. 1930-аад онд цаг төр үймэхэд Монголоос Өмнөд Монгол руу 600 гаруй айл дүрвэн гарсан байдаг. Тэднээс 502 өрх айл эх орондоо буцаж иржээ. Яг тэр үеийн амьд гэрчүүд цөөхөн үлдэж. Тэдний нэг 86 настай Гэлэгжамц дүрвэж явсан үеийнхээ тухай хачин сонин түүхийг манай сэтгүүлч Л.Батцэнгэлд ярьсан нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн олон айл харгислалаас болж Хятадын Шинжан нутагт, мөн зүүн хилээр Дарьганга чиглэлээр цөөн тооны айл дүрвэсэн юм билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Их Богдын өврөөс Өврийн лам Жамбалзундуйгаар ахлуулсан Ламын гэгээнийхэн, Өмнөговиос Очирдара лам тэргүүтэй Балдан засгийнхан, Дундговиос Ганжуурваа ламаар тэргүүлүүлсэн Түшээ гүнийхэн мөн л Өмнөд Монголд цагаачлан амьдарч. Ар халхаас урд зүгт дүрвэн гарсан их хутагт Дилов Жамсранжав дүрвэсэн халхуудтай уулзан ингэж тархай бутархай зовж явснаас гээд нэгтгэн бөөгнүүлж цагаач 600 гаруй айлыг Муумянган хошуунд бөөгнүүлсэн юм билээ. Сүүлдээ Дилов аймаг хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдаж. Гэхдээ л тэд дүрвэснээрээ ямар ч байсан амьд үлдэж. Үр хойч нь амьд сэрүүн өдгөө байна. Гучаад мянган ламыг цаазалсан 1937 оны их хэлмэгдүүлэлтийг санахуйяа хэрэв тэд дээрх хүмүүс шиг хаа нэгтээ дүрвэн гарсан бол өдийд Америкт бүхэл бүтэн Монгол таун үүсчихсэн ч байх байсан юм бил үү. Монгол угсаатай баахан хүмүүс дэлхийн хаа нэгтээ амьдарч явах байж. Дүрвэгсэд гэдэг бол амьд явахын төлөө, амьдрахын төлөө амар тайван амьдрал эрж бэдэрсэн хүмүүс. Гэснээс энэ сонин түүхийг сонсох нь ээ дүрвэгсдийг битгий нутгаасаа яваач гэж ухуулан сэнхрүүлж явсан Түвдэнгийн Бор хэмээх түүхт эмэгтэйн тухай санаанд буув. Тэр олон хүнийг дүрвэхийг болиулаагүй бол… Тэр тэгж тэмцэж гүйгээгүй бол гэсэн бодол хөвөрнө. Хэдэн монгол хүн амьд байхсан бол. Тугийн цохион дээрээс баатарлагаар амиа алдсан гэх тэр хорь хүрээгүй залуу бүсгүйн тухай дуу хүртэл байдаг шүү дээ.

Тугийн цохион дээрээс

Тугийн зэв шиг эгцээрээ

Арван наймтай бүсгүй

Алтан нар луу үсэрсэн юм …..

Хувьсгалын залуу шувуу

Хурмаст тэнгэрт ниссэн юм

Хайртай эх орон нь түүндээ

Хатан жигүүр өгсөн юм гээд л нэгэн үеийнхэн дуулж, сонсч өссөн байна шүү дээ. Дүрвүүлэхгүй гэж тэмцсэн гэх түүнд баатар цол олгосон бол дүрвэгчдийг дэгээдэж унагасан эмэгтэй орчин үед ял сонсч байна.

Ямартай ч Түвдэнгийн Бор хэмээх нэгэн бүсгүй байж. Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 1913 онд төрж, мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газарт түр сургуульд орж, 17 насандаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга болж, 1932 онд үймээн самуунаас дайжин дүрвэхээр зэхэж байсан ард иргэдийг ухуулан сэнхрүүлж явсан гэж түүний тухай бичсэнийг уншсан. Энэ бүсгүйг хувьсгалын эсэргүү нар Тугийн цохио гэх өндөр цавчим хадан цохион дээрээс буудаж хороосон гэж бичигдэн үлджээ. 1971 онд түүнийг Улсын баатар цолоор нэхэн шагнасан. Шинэ эргэлтийн бодлого гээчийг хэрэгжүүлж яваад Тугийн цохио хэмээх газар амь эрсэдсэн гэх Түвдэнгийн Бор хэмээх энэ бүсгүй маань одоо цагийн өндөрлөгөөс харахад буруутаж байгаа юм биш биз. Яг жинхэнэ баатар мөн үү, үзэл суртлын баатар уу. Социализмын үеийн залуус бол Т.Борын тухай дууг сонсч бахархаад л түүн шиг хүн болохсон гэж мөрөөдлөөр жигүүрлэж байсан тухайгаа хуучилдаг. Ардчиллын үеийнхэн харин хөрөнгөтэй хүмүүсийн эсрэг талд зогсч, дүрвэгсдийг явуулахгүй гэж байсныг юу гэж үзэхэв. Одоо учир мэдэх хүмүүсээс сонсч, үзэл сурталжаагүй гадны хэвлэл энэ тэрээс харах нь ээ, хэдэн учир мэдэхгүй 18, 19-тэй хүүхдүүдийг үсийг нь тайрч, хувцсыг нь солиод таван хошуутай малгай өмсгөөд тухайн үеийн хөрөнгөтэй улсуудыг “Нударган баян, лам нарыг шар хувалзууд. Эд бол ангийн дайсан” гэж ойлгуулаад л “сумлаад” явуулчихсан юм шиг байгаа юм. Нэг ёсондоо шинэ эргэлтийн бодлого гээч Сталины бодлогоор манай төр засгийн удирдлагууд үндэсний хөрөнгөтөн, оюун санааны удирдагчдыг бичиг үсэгт төдийлөн суралцаагүй жаахан залуусын тархийг угаагаад л эсрэг нь босгосон юм шиг байгаа юм. Хөвсгөлийн Бадам баатар ч үүнд хамаарах байх. Яг л Т.Бор шиг хувьсгалын эсэргүү нартай тэмцэж, үзэж тарсан гэдэг.

Бид одоо үзэл суртлын баатар, жинхэнэ баатраа ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болж. Бидэнд баатар гэж ойлгуулсан тэр хүмүүс үнэхээр баатар байсан уу, үзэл сурталжсан домгийн баатрууд уу. Барууны ном хэвлэлд манай түүхийн талаар бичихдээ Д.Сүхбаатарыг Данзангийн бие хамгаалагч, Чойбалсанг Бодоогийн дүү гэж л зурвас дурдсанаас биш гол баатрууд нь Данзан, Бодоо, Шагдаржав гэж бичсэн байх юм билээ. Гучаад оноос хойш харин энэ баатруудын нэрс эсрэгээрээ дурдагдах болсон шүү дээ, Монголын түүхэнд.

Тиймээс түүхээ үнэн болгомоор байна. Түвдэнгийн Бор маань зөвдсөн үү, буруутсан уу, үнэхээр баатарлаг үйлстэн мөн үү, эсвэл… Энэ бүхний үнэнийг нэг тийш нь болгоё.