Categories
мэдээ улс-төр

Төрийн өндөр албан тушаалтан гадаад улсад данс эзэмшихийг хориглох хуулийн төслийг хэлэлцлээ

Холбоотой ЗурагЗасгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг хууль байнгын хороо болон УИХ-аар хэлэлцүүлэгдэх явцад УИХ-ын гишүүдээс хэд, хэдэн тодорхой шүүмжлэлүүдийг гарсан байна. Тухайлбал, оффшорын эсрэг хууль гэж шууд нэрлэх, энэ харилцааг бие даасан хуулиар зохицуул гэдэг саналыг нэр бүхий гишүүд гаргасан байна. УИХ-ын Тамгын газраас судалгаа хийхэд 200 орчим төрт улсуудын хууль эрхзүйн тогтолцоонд оффшор гэсэн нэр бүхий хууль батласан улс орон байдаггүй аж.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Оффшорт данс эзэмшиж байгаа улстөрчдийн үйлдлийг хориглон хязгаарлахын тулд Франц улс 2010 онд Ил тодын тухай хуулийг батлан гаргасан. Саяхан Германы парламент Нийтийн албаныхан гадаад улсад данс эзэмшихийг хориглох хуулийн төслөө өргөн барьсан. Оффшор гэдэг нэр томьёо нийгэм, улс төрийн хэллэгт 1950-иад оны үеэс олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа боловч хууль тогтоомжид оффшор гэдэг үгийг хэрэглэдэг улс орон байхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр бус бие даасан хуулиар зохицуулах нь манай эрхзүйн зарчимд нийцэхгүй гэж үзсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй нэг төрлийн харилцааг хоёр гурван төрлийн тусдаа хуулиар зохицуулах нь эрхзүйн хийдлийг үүсгэх магадлал өндөртэй. Мөн нэр бүхий гишүүд, нийгмийн зүтгэлтнүүдээс гаргаж байгаа саналуудын нэг нь гэр бүл төрөл төрөгсөд, ах дүүсийг бүхэлд нь данс эзэмшихийг тусгайлан хуульчилан хоригло гэдэг шаардлага тавьж байгаа” гэсэн юм.

Мөн оффшортой холбоотой харилцаан дээр уучлал үзүүлэх замаар гадаадад хадгалагдаж байгаа мөнгийг Монгол Улсад орж ирэх боломжийг хангах тухай асуудал хөндөгдсөн байна.

Тухайлбал 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гаргаад гадаад улсад эзэмшиж байгаа дансаа оруулж ир, бид тайлбар шаардахгүйгээр эх орондоо оруулж ирсэн хөрөнгийг чинь хураахгүйгээр уучлал үзүүлье гэдгээ зарласан. Манай улсын хувьд 2015 онд Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар 33 орчим их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон гэдэг мэдээллийг татварын байгууллагаас өгсөн байна.

Гэвч хоёр жилийн давтамжтай хууль бус үйлдлийг өршөөж уучлах нь хэр зохистой вэ гэдэг асуудлыг хөндөгдөж байгаа аж.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монгол төрд зүтгэж л байгаа бол, зүтгэе гэж тангараг өргөсөн хүн бүр гадаад аль нэг улс оронд данс эзэмших, өөрөө биечлэн бизнес хийх энэ эрхээсээ татгалзаж, төрийн төлөө хоёргүй зүтгэх ёстой гэдэг хуулийн хязгаарлалт хориглолтыг оруулж хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байна” гэсэн юм.

Хуульзүй, Дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга н.Сайнзориг хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

“Оффшор” гэдэг үг нь эргийн гадна, гадаад улс, хилийн гадна гэх янз бүрийн утгаар хэрэглэгддэг байна. Харин энэ хуулийн төсөлд оффшор гэдэг үг хэрэглэгдэхгүй бөгөөд гадаад улс гэсэн нэр томьёогоор бичигджээ. Оффшорыг бизнесийн орчинд ерөнхийд нь олон улсад хүлээн зөвшөөрдөг. Гэвч оффшорын хамгийн сөрөг үзэгдэл нь хууль бусаар олсон орлогоо нуух, гэмт хэрэг хийж олсон орлогоо далдлах зэрэг асуудал зэрэг сөрөг туршлагууд олон улсын хэмжээнд байдаг. Үүнийг хуулиар зохицуулдаг байна.

Засгийн газраас оруулж ирсэн хуулийн зорилго нь Төрийн албан тушаалтан буюу ХОМ өгдөг этгээд гадаад улсад данс нээх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулах асуудлыг хориглох юм. Харин тусгай зохицуулалт буюу гадаад улсад тодорхой хугацаанд суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, Монгол Улсаас гадаад улсад сууж байгаа элчин сайдын яам, консулын газарт албан үүргээ гүйцэтгэж байгаа хүн хуулийн зохицуулалтаас ангид байх ёстой гэж хуулинд заасан байна.

Categories
мэдээ спорт

Кисэносатод ёкозүна цол олгохоор шийдвэрлэжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын барилдаан болж өчигдөр өндөрлөсөн. Хацү башёд “Тагоноүра” дэвжээний Озэки Кисэносато ганцаараа нэг унаатай тэргүүлсээр анх удаа Эзэн хааны цом хүртсэн билээ. Озэки Кисэносато 15 жилийн турш сумод барилдахдаа ганц ч удаа башё өнжиж үзээгүй бөгөөд дэд байрт 12 удаа шалгарч, Озэки цолтой таван жил буюу 31 башёд барилджээ. Түүнд энэ башёд түрүүлбэл аварга цол өгнө хэмээн амласан байсан юм.

Тэгвэл Мэргэжлийн сумогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, түүнд их аварга цол олгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Эрдэнэтийн асуудлаар худал мэдээлэл цацагдсан

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Эрдэнэт тойрсон асуудлаар өнөөдөр тайлбар хийлээ.

Бүлгийн дарга ярихдаа “МАН-ын дарга М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад буцааж авахаар боллоо гэсэн худал мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд цацагдсан. Бүлгийн хурал дээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал яригдаагүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах тухай асуудлаар УИХ-ын даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногт тэр ажлын хэсэг зарчмын дагуу Байнгын хороон дээр ажил танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна гэсэн байр суурьтай байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдсон асуудлаар худал мэдээлэл нэлээд цацагдаж байгааг анхаарна уу. Иймэрхүү худал асуудал Монголын гадаад, дотоодын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бүлэг шийдвэр гаргаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцаагаад авчих юм байна. Тавантолгойн төслийг 400 сая ам.доллараар худалдчих юм байна гэдэг худал мэдээллийг түгээснээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал, Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт нэгжлэг хийжээ. Энэ үеэр Б.Эрдэнэбат шалгалтаар явж байсан мөрдөгч Б-ын биед халджээ. Улмаар Б.Эрдэнэбатад, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Салхи шуургатай хүйтэн байна

Баруун аймгуудын нутгаар: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25,27-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 24-25,27-нд зарим газраар 14-16м/с, Алтайн уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 25-нд хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд хүйтэн суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 27-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. 25-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 26, 28-нд хүйтний эрч чангарна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26,28-нд зарим газраар цас орж, салхи зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25,27-нд хүйтэн суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас бударч явган шуурга шуурна. 25,28-нд салхи зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 26,28-нд хүйтний эрч чангарна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нас барсан дөрвөн иргэн “Гайхмаараа” шингэнд хордсон байж болзошгүй гэв

Энэ сарын 16-ны 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн тухай холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэд шингэн зүйл ууж хордсон гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээчид очин, хэргийн газарт байсан хуванцар савтай болон шилтэй шингэнүүдээс дээж авчээ. Мөн нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийхэд цуснаас нь метилийн спирт илэрсэн гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Нарийн буюу эсийн шинжилгээний хариу 7-14 хоногийн хугацаанд гарах тул хараахан бэлэн болоогүй байгаа аж.

Нас барсан иргэдийг үхэлд хүргэсэн метилийн спирт нь шил арчигч болон аяга таваг угаагч ахуйн хэрэглээний шингэнд агуулагддаг байна. Иймд албаны хүмүүсийн тайлбарласнаар нас барсан иргэд “Гайхмаараа” шил цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлалтай аж.

Метилийн спирт нь ахуйн цэвэрлэгээ, технологийн зориулалттай бөгөөд уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюулт бодис гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тайлбарлалаа. Тэрбээр нас барсан таван иргэний дөрөв нь хордож нас барсан бөгөөд нэг иргэн өвчний улмаас нас барсан болохыг мэдээллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 59 шил архинаас дээж авч, шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр уг архинууд стандарт, чанар аюулгүй байдлыг хангасан болохыг тогтоосон байна.

Харин “Найрсаг” нэрийн 6 архины хатуулгын хэмжээ нь буурсан үзүүлэлт гарчээ. Хаяг, шошгон дээр архины хатуулгыг 39 градус гэж бичсэн ч шинжилгээнд хамруулж үзэхэд 28-30 гарсан байна. Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар “Мөнхжин Од” ХХК-ийн үйлдвэрт хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтын явцад “Нарантуул” захаас болон зарим дэлгүүрээс татаж авсан уг үйлдвэрийн архинууд хатуулга бага гэсэн хяналтын дүгнэлт гарсан байна. Гэвч хатуулга хүрээгүй байдал нь хүний амь насанд нөлөөлөхгүй. Мөн энэхүү архинаас метилийн спирт илрээгүй учраас нас барсан иргэдийн үхэлд “Найрсаг” архи нөлөөлөөгүй болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ.

“Найрсаг” архины үйлдвэр болох “Мөнхжин од” компанаас шалгалтын явцад тодорхой зөрчил илэрсэн байна. Тухайлбал, архины таглаа саарал болон цэнхэр гэсэн хоёр өнгөтэй байжээ. Үйлдвэрийн ажилчид иргэд гар аргаар дуурайлган үйлдвэрлэж буй талаар хэлсэн ч уг хоёр өөр өнгийн таглаа үйлдвэрээс нь олдсон тул улсын байцаагч нар хуурамч архи үйлдвэрлэж байж болзошгүй гэж үзэн энэ сарын 17-ноос үйл ажиллагааг нь зогсоожээ.

Categories
гадаад мэдээ

Гамби улсын экс Ерөнхийлөгч төрийн сангаасаа мөнгө аван зугтжээ

Гамби улсын Ерөнхийлөгч асан Яахи Жамме өчигдөр эх орноосоо зугтаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр ийнхүү зугтахдаа төрийн санд байсан 11 сая ам.долларыг авч явсан байна. Мөн Ерөнхийлөгч хувийн онгоцондоо төр барьж байхдаа худалдан авсан тансаг зэрэглэлийн автомашин зэргээ ачаад явсан талаар албаныхан өгүүлэв.

Яахи Жамме өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн бөгөөд ялалт байгуулсан Адама Барроуд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөс татгалзсан юм. Түүнийг өөрийн хүсэлтээр огцрохгүй бол Сенегал улс Гамби руу цэргээ оруулахаа мэдэгдсэн билээ. Улсын сангаа хоосолж зугтаасан экс Ерөнхийлөгч Чад улсад орогнож буй гэнэ. Мөн Гамби улсын шинэ Ерөнхийлөгч Адама Барроу түүнийг нэн даруй баривчлахыг албаныханд даалгажээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нар гарын үсгээ зурж өгөхгүй байна гэв

Зүүн гар талаас: Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, дасгалжуулагч Л.Энхбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Ц.Цогтбаяр.

Өнөөдөр Монголын Чөлөөт Бөхийн холбоог хууль бус гэж эсэргүүцсээр ирсэн ТҮР ХОРОО-ны төлөөгчид хэвлэлийн хурал зарлалаа. Энэхүү ТҮР ХОРОО-нд чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, профессор доктор, олон улсын хэмжээний мастер Б.Баяраа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар оролцлоо.


МЧБХ-ны хамгийн сүүлийн албан ёсны Ерөнхийлөгч нь 2009 оны 3 сарын 14-ний Их хурлаар 180 төлөөлөгчийн санал хураалтаар сонгогдсон Л.Чинбат бөгөөд энэ хүний болон энэ үед байгуулагдсан удирдах зөвлөлийн эрх хэмжээ нь 2012 оны Лондонгийн олимпийн дараагаар дуусгавар болсон ажээ.

Үүнээс хойш энэ холбоо нь албан ёсны хурлаа хийгээгүй бөгөөд нэр бүхий хүмүүс дүрэм журам зөрчин, бусдын гарын үсгийг хуурамчаар зуран, хуурамч бичиг баримт үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн явдлыг эсэргүүцэж хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Гэхдээ одоогийн МБЧХ-ны Ерөнхийлөгч, удирдах зөвлөл гэгдэх “сумо бөхийн аварга”, “үндэсний бөхийн аварга”, УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөхийг үгүйсгэхгүй байна хэмээн тэд мэдэгдлээ.

Тэдний гол шаардаж байгаа зүйл нь Чөлөөт бөхийн холбооныхоо Их хурлыг хийгээчээ, албан ёсны ерөнхийлөгчөө сонгоочээ гэсэн зүй ёсны шаардлага байв. Өмнө нь хийсэн ч гэлээ МЧБХ-ны хурлыг яагаад төрийн ордонд хийх гэв, хийлээ гэхэд цайны цагийн дараа удирдах зөвлөлөөс шууд даргаа сонгочихно гэж хэлж байгаа нь юу гэсэн үг вэ, яагаад Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дүү Батбаярыгаа тавьж байгаа юм бэ гэх мэтчилэн ах дүүсийн сүлжээ энэ холбоонд явагдаад байгаа талаар ярьж байв.

Мөн нэг чухал зүйл хөндсөн нь Г.Мандахнарангийн Риогийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаан дээр тавхан секунд дутуу байхад тойрч гүйсний төлөө торгож ялагдал хүлээлгэснийг буруу шүүсэн гэж үзэн Олон улсын Арбитрын шүүхэд хандсан байгаа гэнэ. Гэвч шүүхийн зардалд 20 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд өмнө нь ийм хэмжээний зардлыг Г.Мандахнаран хувиасаа гаргаж байжээ. Энэхүү шүүх хурал Монголын талд нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой байгаа боловч олон улсын шүүгчээр ажилладаг Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нарын хүмүүс гомдол дээр гарын үсгээ зурж өгөхгүй байгаа гэнэ. Монголын талаас заавал эдгээр шүүгчдийн гарын үсэг хэрэг болоод байгаа аж. Гэвч Арбитрын шүүхэд монголчууд ялалт байгуулах боломж байхад энэ хоёр хүний хайнга үйлдлээс болж хойшилчихоод байгаа тухай учирлаж байв.

Хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өвлийн улиралд хүүхдээр морь унуулахыг хуулиар хориглов

Энэ оноос өвлийн уралдааны үеэр хүүхдээр хурдан морь унуулсан тохиолдолд хуулийн хариулцлага хүлээлгэхээр болжээ.

Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын дагуу унаач хүүхдийн эрхийг ийнхүү хамгаалахаар болсон аж.

Иймд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний аюулгүй байдлыг хангах, шалгалтын ажил цаашид үргэлжилнэ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” болон “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай”, “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” гаргасан 3 захирамжийн талаарх танилцуулга, мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр танилцууллаа. Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгаврыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд уншиж танилцуулав. Мөн өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.


Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн 2873 алба хаагч, оло нийтийн цагдаагийн 783 ажилтан ажиллаж, 18341 аж ахуйн нэгж байгууллага, 5731 иргэнийг шалгасан. Шалгалтаар165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6025 мэдэгдэл өгч, 71 зөрчил илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд өмнөх 21 хоногтой харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13.4 хувиар буурсан. Тогтоол хэрэгжсэн 3 хоногийн мэдээг өмнөх оны мөн үе болон өмнөх 7 хоногтой нь харьцуулахад гэмт хэргийн гаралт, зөрчил, архидан согтуурч саатуулагдсан хүний тоо эрс багассан үзүүлэлттэй байна. Тухайлбал, гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 61.9, өмнөх 7 хоногтой харьцуулахад 21.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3283 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй1461 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг, гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил буурсан үзүүлэлттэй байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга А.Дашням “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус халианы нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан энэ сарын 12-ны өдөр нийслэл, дүүргийн Онцгой комиссын ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ундарч байгаа булгийн 2250 куб усыг соруулах, түр босгосон шороон даланд үүссэн мөс болон Амгалан дулааны станцын хойд хэсгийн далангийн 1688 куб мөсийг зөөвөрлөн Улиастайн гол руу тээвэрлэн зайлуулах ажлыг дүүргийн Гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүн зохион байгуулан ажилласны үр дүнд усанд автсан байшингийн хэсэг болон Амгалан дулааны станц руу усны халиа урсах эрсдэл багассан” гэв.

“Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоолыг хэрэгжилтийг хангуулахаар энэ сарын 17-20-ны өдрүүдэд нийт 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагч ажиллан, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 9672, нийтийн хоолны 3086 байгууллагад хяналт шалгалт хийж, ИТХТ-ийн тогтоолыг танилцуулан, архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нөхцөл байдалтай холбогдуулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар ажлын хэсэг болон холбогдох албаныхан сайн ажилласан гэдгийг дурьдаж хэлэх нь зүйтэй. Гэхдээ хяналт шалгалт энэ 3 өдрөөр дуусах биш хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажил цаашид үргэлжилнэ. Засаг даргын гаргасан ажлын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, мөн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/17, “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай” А/18 дугаар захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.