Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалт энэ зунаас эхлэх нь

Дөрвөн Засгийн газар дамжин яригдаж буй 547 км үргэлжлэх Эрдэнэт-Овоотын төмөр замын төсөл хэрэгжих нь тодорхой болжээ. Хятадын төмөр замын судалгаа, зураг төслийн нэгдүгээр хүрээлэн уг төслийг санхүүгийн хувьд хэрэгжих үндэслэлтэй гэж үзсэн байна. Хятадын хоёр ч банкнаас авах зээлийн нэг шалгуур нь энэ байсан юм. Төмөр замын бүтээн байгуулалт энэ зунаас эхлэх нь тодорхой болсон боллоо гэж хэлж болох юм.

Төсөл хэрэгжүүлэгч нь “Аспайр майнинг” нь манай улсад 2010-2011 оны үеэс анхаарал хандуулж эхэлсэн байдаг. Одоо тус компани нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт олборлолтын нэг, хайгуулын гурван тусгай зөвшөөрлийг хамарсан 430 метр хавтгай дөрвөлжин талбайд нүүрсний хайгуул хийж байгаа юм. Хэрэгжүүлж буй төслийн нэр нь “Овоот” аж.

“Аспайр майнинг” компани нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам барихаар “Нортерн рэйлвэйс” салбар компаниа манай улсад байгуулаад байгаа юм. Энэ төмөр зам жилд 20 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэх чадалтай, дан шугамтай байх гэнэ. Эрдэнэт-Овоотын төмөр зам нь гурван улсын Эдийн засгийн коридорын хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан ажил юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэсэн заалт бий.

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хоёр чиглэлийн төмөр зам тусгагдсан байдаг. Нэг нь баруун чиглэлээр явах Курагино-Кызыл-Цагаан Толгой-Урумчи, нөгөө нь зүүн чиглэлээр явах Курагино-Кызыл-Цагаан толгой-Эрдэнэт-Пекин-Тяньцзинь юм. ОХУ-ын tass.ru цахим хуудсанд “Монгол, Хятадыг холбосон тээврийн сүлжээтэй Курагино-Кызыл-н төмөр зам холбогдсоноор Ази-Номхон далайн бүсийн зах зээлд гарах шинэ гарцыг Орост нээж байна хэмээн бичсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өвчтэй хонь худалдсан малчинд хуулийн хариуцлага хүлээлгэлээ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин хонины цэцэг өвчний улмаас тусгаарлан ялгаад байсан тавь гаруй хонийг гарал үүслийн бичиггүйгээр худалдсан байна.

Тус сумын найман малчин өрхийн 540 гаруй хонийг цэцэг өвчний улмаас тусгаарлаж, 27 хонийг устгаад байсан юм. Зөрчил гаргасан малчинд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн өвчтэй хонь зах зээлд борлуулсан зөрчлийг давтан гаргасан ченжийг цагдаагийн газарт шалгуулахаар мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоточ банхарын гөлөг үнэд хүрч байна

Завхан аймгийн Отгон сумын цэвэр цустай хоточ банхарын гөлөг 200-300 мянган төгрөгт хүрчээ.

Улиастайд амьтадын нэгдсэн зах байхгүй хэдий ч гараас гар дамжин хоточ банхарын гөлөг эрэлт ихтэй байна. Тус аймгийн 81 гайхамшиг цуврал номонд “Түгээмэл тархацтай есөн мал, амьтаны тухай өгүүлэх” зургадугаар ботид ноосны чанар, мах, сүүний гарцаараа алдартай сартуул хонь, ноолуурын өндөр ашиг шимтэй буурал омгийн ямаа, тэсийн голын адуу, отгоны жинхэнэ Монгол хоточ банхар зэрэг есөн зүйлийн амьтан багтсан байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Мялзан өвчнөөр үхсэн бөхөнгийн эврийг тайрч авч байна

Ховд аймагт 3000 орчим бөхөн байдгаас 560 гаруй нь хорогдоод байгаа.

Мөн гурван хар сүүлт өвчний халдварыг авч үхсэн. Бөхөнд вакцин хийх ямар ч боломжгүй тул сэг зэмийг булж устган, халдваргүйжүүлэлт хийснээр өвчний тархалтыг зогсоох боломжтой гэж үзсэн.

Гэтэл нүхэнд булах гэж байгаа бөхөнгийн эврийг огтолж аваад байгаа талаар тус аймагт ажиллаж байгаа ажлын хэсгээс БОАЖЯ-нд утсаар мэдэгджээ.

Мялзан өвчин нь цусаар дамжиж халдварладаг учраас үхсэн бөхөнгийн эвэр огтлож авснаар амь насаа ч алдах эрсдэлдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Универсиад наадамд оролцох тамирчдыг өнөөдөр үднэ

Казахстаны Алмата хотод энэ сарын 29-нд дэлхийн оюутны спортын Универсиад наадамд эхэлнэ.

Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол маргааш 11:00 цагт Спортын төв ордонд болно.

Тус ёслолд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон Монголын цана, тэшүүрийн холбооны удирдлагууд оролцох юм.

Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Нийгмийн даатгалын тогтолцоо эдийн засгийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл, зарцуулалт, хадгалуулсан банк түүний хүүгийн хэмжээ болон цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлын талаар Ерөнхий сайдаас асуулга тавьсан. Яагаад ийм асуулга тавих болов?

-Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Өнөөдөр Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад орлогын зөв хуваарилалт чухал болж байна. Бидний зорьж буй нийгмийн нэг согог гэж хэлж болох өмчийн хуваарилалт дээр тулгуурласан баян хоосны ялгаа ихэссэн. Тэр дундаа дэлхийн улс оронд тухайн улсын баялгийн 90 орчим хувь нь нийт хүн амын 15 хувьд оногддог бол Монгол Улс дэлхийн чихийг дэлдийлгэх хэмжээнд хүрчихсэн. Манайд хүн амын тав хүрэхгүй хувь нь баялгийн 90 орчим хувийг эзэмшиж байна. Тэгэхээр орлогын тэгш бус хуваарилалтыг зохицуулах дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг эргэж харах, эдийн засагт хүндрэл учруулж буй засч залруулах боломжтой зарим асуудлаа цаг үетэйгээ нийлүүлэн өөрчилж сайжруулах шаардлага тулгарч байна. Үүний томоохон үндэс нь болох Нийгмийн даатгал татварын томоохон суурь болж байгаа тул анхаарч ажиллахаас өөр аргагүй юм.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө иргэдийн анхаарлын төвд байдаг хэдий ч яг хэдий хэмжээний хөрөнгөтэй нь тодорхой бус. Ерөнхийдөө ямархуу орлого, зарлагатай байдаг юм бэ?

-2016 оны байдлаар нийгмийн даатгалын орлого 1.4 тэрбум орчим, зарлага нь 1.9 тэрбум төгрөг байсан байна. 500 гаруй тэрбум төгрөгийн татаас авсан гэсэн үг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувьтай тэнцэж байгаа юм. 2017 онд бараг 600 орчим тэрбум төгрөгийн татаас авахаар байна. Хөгжингүй улс орнуудын жишгээс харахад нийгмийн даатгалын сан нь алдагдалтай байдаггүй, алдагдал байлаа ч сангийн менежмэнт нь зөв явагдаж, алдагдлаа нөхөж ашигтай гарсан байдаг. Эндээс харахад манай нийгмийн даатгалын тогтолцоо буруу байна. Санг удирдаж байгаа удирдлагын баг зөв менежмэнт явуулж чадаагүй. Энэ байдлаараа цааш явбал энэ алдагдал 2020, 2030 он гээд жил ирэх тутам өссөн дүн харагдаж байгаа.

-Өнөөдөр даатгалд хамрагдагчдын тоо хэд байдаг юм бэ. Төрийн болон хувийн хэвшилд ажиллаж буй хүн амын цөөнх дээр даатгалын сан тулгуурлаад байгаа юм биш үү?

-Яг тийм. Ганцхан тоо баримт дурдахад 2016 оны байдлаар нийгмийн даатгалаас давхардсан тоогоор зургаан сая орчим хүн үйлчилгээ авсан байдаг. Үүний 5.5 сая нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэвэл нэг хүн хоёроос доошгүй үйлчилгээ авсан гэсэн үг. Гэтэл нийт хүн амын 31 орчим хувь нь л даатгал төлдөг. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын гурваас нь даатгалын хураамж аваад буцаагаад 10 хүнд хуваахаар Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллах нь тодорхой. Энэ бол зохистой харьцаа алдагдаж байгаа хэрэг. Ажил эрхлэх насны хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр хүн амын нэгдсэн бүртгэлийг сайжруулах, хүн бүрийг даатгалд хамруулах нь чухал.

-Хэрэв хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр татвар, даатгалаа төлбөл улсын төсөвт орлого нэмэгдэх үү?

-Хүн бүрийг хамруулж чадвал наанадаж улсаас татаас авахаа болино. Түүнчлэн сангийн мөнгөөр зөв менежмэнт хийж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох, үр ашгаа өгөх эргэн төлөгдөх томоохон төсөл хөтөлбөрт эргэлдүүлэх, бонд, хувьцаа худалдаж авах гэхчилэн эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэж болно. Эдийн засаг эрчимжсэнээр даатгалын сангийн бааз суурь нэмэгдэнэ. Сангийн мөнгө бага байгаа нь нэг талаараа цалин орлоготой шууд холбоотой.

Тэгэхээр цалинг нэмэхийн тулд эдийн засгийг эрчимжүүлэх бүтээмжийг нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Цалин өссөнөөр даатгал болон татварын хэмжээ нэмэгдэж сангийн чадамж сайжирна. Өнөөдөр манайд нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 3600 орчим доллар бол Солонгост 26 мянган доллар, Япон 130 сая хүнтэй мөртлөө нэг хүнд ногдох нь 38 мянган доллар буюу манайхаас 10 дахин их байна. Манайд эдийн засгийн өсөлт хангалтгүй байгаа учраас нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Манайхан эдийн засаг гэхээр л улс орны эдийн засаг, уул уурхай, бонд энэ тэр гээд их томоор боддог. Гэтэл иргэдийн ахуй амьдрал, нийгмийг тойрсон энгийн асуудлууд дээр эдийн засаг тулгуурлаж байдаг.

-Ер нь манай улсын иргэдийн дундаж цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?

-Өнөөдөр ажил эрхэлж байгаа иргэдийн 16 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс доош цалинтай, 31 хувь нь 192-500 мянга, 38 хувь нь 500 мянгаас нэг сая хүртэл цалинтай, 15 орчим хувь нь нэг саяас дээш цалинтай байна. Цалин бага болохоор сангийн хөрөнгө бага байна гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг харилцах болон хадгаламжийн хэлбэрээр байршуулдаг гэсэн. Хадгаламжийн хувьд хаана, ямар байдлаар хэдэн хувийн хүүтэй хадгалагддаг юм бол. Гадны банкны нэр сонсогддог юм билээ?

-Надад байгаа мэдээллээр өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 885 тэрбум байгаагаас 57 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, 577 тэрбум төгрөгийг Төрийн банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк, Капитрон банк, Голомт банк, Хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкинд жилийн есөн хувийн хүүтэйгээр хадгалуулж байсан юм байна. Саяхан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс жилийн хүүг нэмж 15 хувийн хүүтэй хадгалуулахаар зөвшилцөж тохирсон нь сайн хэрэг. Ийм боломж байсан байна.

-Жилийн хадгаламжийн хүүг Үндэсний зөвлөлөөс тогтоодог юм уу. Бас хадгаламж нээх банкийг яаж сонгодог юм бэ?

-Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэж есөн хүний бүрэлдэхүүнтэй удирдлага бий. Засгийн газрыг төлөөлөн НХХЯ-ны сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, даатгуулагчийг төлөөлөн гурван гишүүн, ажил олгогчийг төлөөлсөн гурван гишүүнээс тус тус бүрддэг бөгөөд тус зөвлөлөөс тухайн жилд хадгалуулах мөнгөний хүү болоод банкуудыг сонгож байршуулдаг. Хадгаламжийн хүүний хувьд 2015 онд 11 хувийн хүүтэй хадгалуулж байгаад 2016 оны хавар есөн хувь болгож бууруулсан байсныг сая шинэ удирдлагын баг хуралдаад 15 болгосон байна. Эндээс харахад татвар төлөгч миний хувьд ч ойлгомжгүй зүйлүүд байна. Тэгэхээр энэ сангийн үйл ажиллагааг илүү тодорхой нээлттэй болгох, сангийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд мэдээлж байх, шилэн болгох, татвар төлсөн иргэд дансаа шалгая, мэдээлэл авъя гэхэд тэр нь хялбар байх гэхчилэн нээлттэй бодлого, хяналтын системийг сайжруулах шаардлагатай.

-Нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэр авдаг, барилга байшин засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмж авах нэрээр маш их мөнгө зарцуулдаг гэдэг?

-Яг хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон нь Нийгмийн даатгалын гурван байцаагч бусдын нэр дээр нийт 85.7 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг хууль бусаар авсныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хохирлыг барагдуулсан гэсэн мэдээллийг албан ёсоор авсан. Энэ бол гэмт хэргийн шинжтэй тогтоогдсон зөрчил болохоос биш таны хэлдгээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг асуудал байгааг үгүйсгэхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулинд тус байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ гэж заасан байдаг тул үе үеийн шийдвэр гаргагчдын хувьд хэт үрэлгэн зардлыг гаргаж ирсэн нь жилээс жилд өсөж ирсэн зардлын тайлангаас тодорхой харагдаж байна. Дээр хэлснээр Нийгмийн даатгалын санг шилэн болгох, даатгуулагчид сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг харж болох тогтолцоог нэвтрүүлэх. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд татвар төлөгчдийн төлөөллийг түлхүү оруулах шаардлагатай. Өнөөдөр сонгууль болж засаг солигдлоо, өөрийнхөө намын хүмүүсийг томилно оо л гээд байхаас биш үр дүнг харж хянадаг систем алга. Өнгөрсөн хугацаанд ажилласан тайланг нь хэлэлцэх, шүүдэг журам алга. Зүгээр л чөлөөлөөд дараагийн хүнийг нь томилдог жишиг тогтчихсон. Тэгэхээр үйл ажиллагаа, зардлыг биш үр дүнг санхүүжүүлдэг системд шилжих хэрэгтэй гэх мэт зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийх ёстой.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин барих, засах гэхчилэн хөрөнгө оруулалтын зардал их гардаг юм билээ. Энэ хэр нийцтэй вэ?

-Нийгмийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалтыг сүүлийн найман жилээр гаргасан тайланг харж байна. Үүнд барилга байгууламж барих, барилгын урсгал болон их засвар гэх мэт зардлууд жил тутам өссөөр 1997 онтой харьцуулбал 20 дахин өссөн. Хөрөнгө оруулалт, ДНБ-ий өсөлттэй зүй ёсоор холбогдох боловч нөгөө талаараа төсөв захиран зарцуулагчдын бодлого шийдвэртэй ч бас холбоотой. Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, зарим сумд өөрийн гэсэн байр байшин зарим нь бүр амралт сувиллын газартай ч болсон байна. Энэ бол буруу. Амралт сувилал хэрэгтэй бол тийм үйлчилгээ эрхэлдэг газраас үйлчилгээ авах хэрэгтэй.

-Буруу тийшээ яваад байгаа тогтолцоог яаж зөв чигт чиглүүлэх вэ?

-Өнөөдөр дэлхий нийтээр хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж байна. Монгол хүнийх ч мөн адил. Төрөлт нэмэгдэж дундаж насжилт уртассан нь мэдээж маш сайн үзүүлэлт. Гэхдээ үүнийг дагаад ажиллах хүчний тоо буурч, жилээс жилд олгох тэтгэвэр тэтгэмж, халамжийн хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс бид нийгмийн даатгал, түүний санд зөв менежмэнт хийхгүй бол алдагдал улам нэмэгдэнэ. Яриад суух биш хийж эхлэх цаг нь болсон байна. Тухайлбал, тэтгэвэр дээр гэхэд байнга яригддаг тэтгэврийн зөрүүний асуудлаа цэгцэлье, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгоё. Нэрийн дансны тогтолцоогоо хэрэгжүүлье. Өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцооноос харахад авч байгаа тэтгэвэр төлсөн тэтгэврийн зөрүү 1-4 дахин алдагдалтай байна. Өгч байгаа татвар, авах тэтгэврийн хэмжээ, насны зохистой харьцаа алдагдсан. Энэ бол тэтгэврийн тогтолцоо буруу явж байгаагийн жишээ юм. Хүн амын олонхийг бүрдүүлж байгаа залуучуудаа ажилтай, орлоготой болгож тэр хэрээр даатгалд хамруулах нөхцөлийг бий болгох шаардлагатай. Нийгмийн даатгалын татвар, хураамжийг татварын байгууллагаар дамжуулан авч, хяналт шалгалтыг нь давхар хийх замаар зардлыг бууруулах боломж байна. Өнөөдөр Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд жилд 19-20 тэрбум зардаг. Хэдийгээр 100 төгрөг олоод нэг төгрөг зардаг гэж байгаа ч үрэлгэн төсөв их байсан байна. Цаашид зардлыг танаж, бүтцээ цомхон болгох шаардлага бас байна гэж харж байна. Энэ мэтчилэн эдийн засгийг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад энэ салбарт анхаарч ажиллана.


Categories
мэдээ цаг-үе

Хорлоогийн БАЯНМӨНХ: Мөөеө бид хоёр чинь хамгаалдаг мэхтэй бөхчүүд

Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж монгол түмнийхээ алган дээр тавьж байна. Монгол бөхийн мэхний их судрыг бүтээсэн эрхэмтэй хөөрөлдлөө.


-Та монгол бөхийн мэхийн талаар мундаг судар бүтээж. Энэ гурван ботид чухам хэдэн мэхийн хувилбар багтав?

-“Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх энэ гурван ботийг бүтээхийн тулд би амьдралынхаа дөч гаруй жилийг зориуллаа. 1971 онд Улсын багшийн дээд сургууль төгсөхдөө л энэ сэдвийг сонгож авсан юм. Энэ хугацаанд бас боловсролын докторын зэрэг хамгааллаа. Ингэж судалсаар монгол бөхийн 725 мэх байдаг юм байна гэдгийг тогтоолоо. Найман анги болгон, бүх шаардлагатай зургийг авахуулж гүйцээлээ. Энэ гурван ботид монгол бөхийн бүх мэх багтсан. Монгол бөхийн мэхийн тухай мянга шахам жилийн судалгаа байна. Арван гуравдугаар зууны Бэлгүтэй, Бүри бөх хоёрын зургийг “Монголын нууц товчоон”-оос эш татаж бүтээлгэн, гурван ботийн анхны дэвтрийн нүүрийг чимлээ.

-“Монголын нууц товчоон”-д “Улсын бөх Бүри бөх” гээд гардаг даа?

-“Улсын бөх Бүри” гэдэг чинь одоогоор улсын дархан аварга гэсэн үг шүү дээ. Тэр Бүри бөх ийм мэх хийдэг байсан гэснээс улбаалж түүнээс хойших бүх мэхийг багтаасан. Энэ 725 мэхээс цааш үсрээ л гурав, таван мэх л нэмэгдэхээс хэтрэхгүй.

-Таны хувьд монгол төрийнхөө наадамд арав түрүүлсэн их аварга хүн. Монгол бөхийн мэхний үлгэр дуурайл болсон хэн таны хувьд хэн байв?

-Гонжоон зааны гучин гурван сүлжээ мэх гэж домог яриа байдаг байсан. Монгол Улсын арслан Ванчинхүү маш олон сайхан угсраа мэхтэй хүн байсан гэж байгаа. Тэрний зургийг аваад, биччихсэн түүх одоогоор алга. Энэ мэхний номыг хийхэд өөрөө ямар бөхөөр ямар нэгэн амжилт гаргаагүй, үр хүүхдэдээ дэг сургууль заагаагүй хүн хийчихнэ гэхэд бас их хүнд. Тийм учраас энэ хүнд хөдөлмөрийг би л хийх ёстой гэсэн үүргийг өөртөө өгөөд хийсэн юм. Миний хүндэлж хайрладаг бөхчүүдээс Бээжин аварга олон сайхан мэхтэй хүн байлаа. Дархан аварга Агваансамдангийн Сүхбат олон сайхан мэхтэйг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Танай хүргэн хүн дээ?

-Сүхбат чинь миний шавь байхгүй юу. Монгол бөхийн манлай мэх гэдгийг наад хүн чинь үүсгэсэн юм. Ерэн дөрвөн оны Ардын хувьсгалын ойн долоогийн даваанд Пунцагийн Сүхбат, Гантогтох хоёрын барилдсан барилдааны мэх бас л сайхан болсон. Энэ бол монгол бөхийн хариу мэх байсан. Арван дөрвөн вариант дамжсан мэх байлаа. Энэ мэхний зураг хөрөг харин энэ номд орсон шүү.

-Мэх бол бөхийн нэг ёсны амжилт гаргах зэвсэг. Та чухам хэдэн мэх ашигладаг байв?

-Мэх болгоныг мэдэж байх нь бөх хүний үүрэг. Тэрнээс мэх болгоныг гүйцээж хийнэ гэдэг үлгэр. Нэг мэхийг нэг хүн насандаа ч хийж сурахгүй. Тийм учраас би зүүн хөл авдаг, халз хутгадаг хоёр мэхтэй, энэ мэхэндээ долоо найман варианттай л байсан. Хүн барьцаа хамгаалж чадахгүй байвал суйлаад хаячихна, дугтраад хаячихна, тойгдоод хаячихна. Миний хувьд цэрвүү барьц, барьц гэсэн хоёр л мэхтэй хүн.

-Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат та хоёр бол “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гээд домог болсон хоёр шүү дээ. Та Мөнхбат аваргын эсрэг мэх боловсруулж л байсан байж таараа даа?

-Бид хоёр өрсөлдөгч юм чинь тийм мэхний тактик байлгүй яахав. Бид хоёр хоёулаа пассивный бөхчүүд шүү дээ.

-Пассивный гэдэг чинь хамгаалдаг гэсэн үг үү?

-Хамгаалдаг хоёр бөх. Хүний мэхийг дутуу хийлгэж, үлдсэн нөхцөлд хаядаг тийм аргатай хүмүүс. Тийм учраас удаад байдаг байхгүй юу. Тэрнээс тийм их айхтар мэхийн зөрчилдөөн байхгүй шүү. Нэг аюул нь ямар ч бөх бид хоёрт дутуу мэх хийж болдоггүй юм. Хүн дутуу мэх хийлээ л бол тэрэнд нь асаа л мэхээ гүйцээж, дахиад тэр хүн мэх хийх ч аргагүй, унахаас өөр аргагүй байдалд л оруулдаг хоёр байхгүй юу. Ийм л нэг аргатай хоёр байхгүй юу, бид хоёр.

-Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ид барилдаж байх үедээ учраагаа барьцаар баглаад байдаг байсан даа. Энэ мэхэнд орох уу?

-Тэр барьц мэхэнд орно л доо. Тэгэхдээ жаахан болхидуухан л арга л даа. Тэрнээс чинь болж хаялцах барьц гээч юм гарч ирлээ шүү дээ. Хүн хүний хаялцах арга өөр. Зарим нь унахгүй байж байгаад хаяя гэсэн тактиктай боллоо шүү дээ.

-Олон сайхан мэхтэй бөхчүүд гэвэл Ванчинхүү арслан гээд та нэр дурдлаа. Одоо үеийн залуусаас танд харж явдаг бөх байна уу?

-Байна аа байна. Улсын харцага Баасанхүү байна шүү дээ. Баасанхүү харцага юу л таарна, тэр мэхийг хийнэ. Одоо бөхчүүд мэх хийхээс аргагүй болсон, цаг хугацаанд шахагдаад. Миний энэ ном гарлаа. Ном уншсан бөхчүүд “замбараагүй” их гоё мэхүүдийг хийж эхэлнэ. Монгол бөхийн хувьд урьд өмнө ийм сурах бичиг байгаагүй, харьцуулах юм байхгүй байсан хүмүүс энэ номыг харчихсан байхад, нэг хүн нэг мэх сурчихсан байхад л баллана.

-Нээрээ л тэгэх байх даа. Ушу, кекүшенку карате гэхэд л зурагт сурах бичгүүдээр сураад явчихдаг юм чинь?

-Тийм шүү дээ. Энэ ном чинь шууд багш юм чинь. Заавал би очоод заагаад байхгүй, бүх мэхийг заагаад, сануулж зөвлөчихсөн байгаа юм чинь. Монгол бөхийн 725 мэхээс гадна чөлөөт бөхийн олимпод хэрэглэж болох 102 мэхийг бас оруулсан.

-Бөхийн төрлүүд хэд хэдэн мэхтэй байдаг юм бол. Та судалж үзэв үү?

-Тэр бүхнийг судалсан хүн цөөхөн л дөө. Сумог 82 мэхтэй гэж зарладаг. Бусад төрлүүд далан нэг, далан гурав гэж судалдаг.

-Тэгэхээр таны ном чинь бүр арав дахин илүү мэхтэй болоод явчихав аа?

-Хамгийн наад талдаа л арав дахин илүү. Манай үндэсний бөх чинь босоо барилдааан шүү дээ. Хэвтээ барилдаануудын мэхийг нэмбэл явж өгнө. 725 мэхтэй барилдаан гэдэг Гиннессийн номд л бичигдэнэ л дээ, өөр ямар ч арга байхгүй. Монголын ард түмэн гэдэг чинь ямар гайхамшигтай оюун ухаантай вэ гэдгийг энэ номууд батална.

-Өмнөд Монголын хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг бөхийн мэхийг судалж оруулав уу?

-Би тэрийг судлаагүй ээ. Монгол бөхийн барилдааны өчүүхэн нэг хэсэг шүү дээ. Гар гартайгаа, хөл хөлтэйгөө гэдэг чинь хавсарч цохих, өхийлдөх гээд хэдхэн мэхэнд л эргэлдэнэ.

-Таны ном мэхнээс гадна овоор овоглогдсон байх юм?

-Ов байлгүй яах вэ. Ов мэх гэдэг чинь өөрөө хэлбэл ухаан, суу заль, овсгоо, цовоо сэргэлэн, хийморилог байдал бүгд багтана. Мэх гэдэг нь арга шүү дээ. Ов гэдэг чинь маш шинэ юмыг сэддэг гэсэн үг шүү дээ.

-Мөөеө аварга залуудаа ам мэх хийдэг байсан гэдэг. Энэ яг ямар мэхэнд орох бол?

-Ам мэх монгол бөхөд их байдаг.

-Та тийм мэх хийж байв уу?

-Би тийм мэх хийж байгаагүй ээ. Тэгэхдээ ам мэхэнд хүн итгэх номгүй юм байгаа юм шүү. Ам мэх энэ тэр гээд ярих гээд тэгэнгүүт “Чи битгий донгос” гээд далбаанаас нь дугтраад л, хонгодоод тавьдаг юм. Ярих юм бол тэр хүнтэй яриад л байна шүү дээ. Тийм учраас ярьж л болдоггүй юм. Монгол Улсын арслан Чүлтэмсүрэн гэж байсан юм. Тэр хүн их овсгоотой, сэргэлэн хүн л дээ.

Тэр хүн “Бууж өгөхгүй ч гэсэн эхэлж ам мэх хийх ёстой байдаг юм” гэдэг байсан. “Аварга аа, би давчих уу” гэчихэд хүний сэтгэл санаанд их саад хийдэг гэнэ ээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Цагаан сар дөхөхөөр л бэлтгэлээ базаана даа гэсэн хүмүүс олон байв

“Өдрийн сонин”-ы № 010(5577) дугаарын сурвалжлагыг хүргэж байна.

Томоохон зах, худалдааны төвүүдэд мах, гурил, ногооны үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Өчигдөр 15:00 цагийн үед “Барс” захаар ороход хүнсний ногоо талх, хиам өндөг зэргийг худалдаалдаг хэсгээр хүн ихтэй байлаа. Мөн иргэд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ бөөнөөр авч яваа харагдсан. Сар шинийн баяр болоход нэг сар хагасын хугацаа үлдээд буй. Тиймээс баяр ёслолын үеэр хамгийн их хэрэглэгддэг мах, ногоо гурилын үнийг сонирхлоо. “Барс” захад монгол төмс 700-800 төгрөгийн үнэтэй, лууван 1000-1100 төгрөг, сонгино 1500-2500, манжин 1300-1500, байцаа 1500, улаан лооль 4000-4500, өргөст хэмх 4500-5000, чинжүү 4500, орос алим 5000-6500, америк алим 7000-8500 зэрэг үнэ ханштай байна. Ер нь зах, худалдааны төвүүдийн борлуулалт тааруухан байгаа гэдгийг худалдагчид хэлж байв. Тухайлбал, хүнсний ногооны захаар ороход худалдагчид “Нааш ир, эндээс ногоо аваарай, гоё шар төмс байна, хамгийн сайныг нь ялгаад өгье, 800 төгрөгийн төмсийг 700-гаар аваарай” хэмээн бие биенээсээ өрсөж зарах гэж их хичээцгээж байлаа.

Барс захын худалдагч Г.Мөнхнарангаас зарим зүйлийг тодруулахад “Худалдан авалт өмнөх жилүүдийг бодвол нэлээд буурсан. Гэхдээ шинэ оны өмнө сайн байсан. Ер нь баяр ёслол дөхөхөөр ахиухан орлого ордог. Бусад үед муухан байдаг юм. Шинэ жилээс хойш орлого тун тааруу байна. Өнөөдөр амралтын өдөр учраас харьцангуй хүн ихтэй байгаа нь энэ. Түүнээс биш, ажлын өдрүүдэд эл хульхан байдаг болсон” гэж байлаа.


Тус захаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ цуглуулж яваа гэх Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэцэгээс дараахь зүйлсийг тодрууллаа.


-Танайх хүнсээ Барс захаас авдаг уу, хэд хоноод цуглуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байна?

-Өнөөдөр угаалгын нунтаг, саван, 00-ын цаас, төмс ногоо, өндөг, талх, боов зэргээ цуглуулахаар гарч ирсэн юм. Мах, гурилаа бөөнд нь авчихдаг болохоор тэр бүр авах шаардлагагүй. Бусад өргөн хэрэглээний бараагаа амралтын өдрөөр ингэж цуглуулдаг. Долоо юм уу 14 хоногт нэг зах ордог. Бараа бүтээгдэхүүний үнэ гайгүй тогтвортой байна. Гэхдээ нарийн ногоо, жимс, жимсгэнийн үнэ харьцангуй нэмэгдээд байгаа юм уу гэж харагдлаа.

-Цагаан сар болоход нэг сар хагасын хугацаа үлдээд байна. Танайх цагаан сарын ууц, өвчүүгээ авах гэж сонирхож байна уу. Цагаан сарын хүнсэнд хичнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Одоохондоо цагаан сарын бэлтгэл хийгээгүй байна. Сар шинийн ширээн дээрээ ууц гэхээсээ илүү үхрийн өвчүү авч тавьдаг юм бил үү гэж бодож байгаа. Одоо ч арай болоогүй байна. Хоёр сар гаргаад л цагаан сарын мах, гурилаа бэлтгэнэ дээ. Манайх өнгөрсөн жил сар шинийн баярт гурван сая орчим төгрөг зарцуулсан. Хүмүүс мөнгө бариад золгодог болохоор гар хоосон гаргаж болдоггүй юм. Тэгээд заавал бэлэг өгнө. Мишээл экспод бэлэгний үзэсгэлэн худалдаа гарсан байна лээ. Бямба гаригт очиж, үнэ ханшийг нь сонирхлоо. Монгол үйлдвэрийн бараа нэлээд байсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр арай өндөр үнэтэй байх юм. Тэмээний ноосон оймс гэхэд л 5000-8000 төгрөг, ноосон ороолт, бээлий хүртэл 20-30 мянга гэж байх жишээтэй байна гэж ярилаа.

Тус захад хонины ястай мах 5500, цул мах 6500 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах 5000-6300 төгрөгийн ханштай байлаа. Харин үхрийн мах 6300-7000 төгрөг гэж байна. Лууван 1000-1200 төгрөг, төмс 600-800 төгрөг, гурил 1100-1400, цагаан будаа 2100-2600 төгрөгийн үнэтэй байлаа.

Махны үнэ хамгийн хямд байдаг “Хүчит шонхор” захаар өчигдөр орлоо. Шинэ жилийн баяр гэж бужигнаад 10 гаруйхан хонож байгаа бөгөөд цагаан сар арай болоогүй байгаа болоод ч тэр үү, тус зах хөл, хөдөлгөөн харьцангуй багатай байна. Гэхдээ ууцны мах цөөхөн тоогоор худалдаанд гарсан байна лээ. Тухайлбал, хонины ууцны мах ихэвчлэн 120-220 мянган төгрөгийн үнэтэй байна. Том сүүлтэй, 40 орчим килограмм жинтэй тарган ууц 180 мянга гэж байна. Эндхийн наймаачдын ярьж байгаагаар иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн хэлбэр сайтай, том сүүлтэй ууцыг авах гэж хайдаг гэнэ.

Ууцны мах ачааны машин дээр тавьчихсан худалдаалж байгаа иргэдийн ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс аж. Тухайлбал, Булган аймгаас ирсэн гэх Т.Даваасүрэн ярихдаа “Би сүүлийн таван жил хотод ирж ууц зарж байгаа юм. Ирээд хоёр хонож байна. Цагаан сар дөхүүлээд л ирж ууц зардаг. Эртхэн ирж хэдэн төгрөг болгоё гэсэн чинь худалдан авалт муу байна. Хүмүүс ууц хайж эхлээгүй байх шиг байна. Цагаан сар дөхөхөөр ууц үнэд хүрнэ, ууцны мах борлуулах гэсэн наймаачид ч олон болох байх гэж бодсон юм. Уг нь наймаачидтай давхцахгүй, эртхэн ирээд зарчихвал сайн байдаг юм. Ямар ч байсан гурав, дөрвөн өдөр зогсоно доо, би 50 ширхэг ууцтай ирсэн байгаа” гэлээ.

Тус захад хонины мах 3500-4000, ямааны мах 2500-3000, үхрийн мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах 3000-3500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн өвчүүг 5800-6100 төгрөгөөр бодож өгнө гэж байв. Нэг өвчүү 15-30 кг болдог аж.

Тус захын жижиглэнгийн махны худалдагч О.Батцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Мах сайн зарагдаж байна уу?

-Шинэ жилийн өмнө нэг хэсэг худалдан авалт гайгүй болсон. Одоо буцаад муу болсон. Хүмүүс хөдөөнөөс хямд үнээр мах авчихдаг болсон байх. Энэ өвөл зудтай болно гээд малчид нэлээд мал, мах зарсан сурагтай байна. Тиймээс махны үнэ их өсөхгүй, худалдан авалт ч цөөтэй байгаа. Гэхдээ цагаан сар дөхөөд ирэхээр гайгүй болох байх.

-Иргэд ямар малын мах авах сонирхолтой байна?

-Өвлийн хүйтэнд адууны мах сайн авдаг юм. Адууны мах эрүүл мэндэд сайн гээд байгаа үү дээ.

Мах гэхээсээ илүү малын дотор мах буюу дайвар бүтээгдэхүүн авдаг иргэд олон байдаг гэнэ. Элэг, бөөр, умс, хятай зэрэг малын дотор мах кг нь 1500-3500 төгрөгийн үнэтэй юм байна.

Адууны мах худалдан авч байсан иргэн Г.Мөнхөөгөөс дараахь зүйлийг тодрууллаа.


-Та сар шинийн ууцаа худалдан авсан уу?

-Цагаан сарын бэлтгэлээ хийх болоогүй байна. Хоёрдугаар сарын 10-ны үеэр тэтгэврийн зээлээ аваад л мах гурил, бэлгээ авна гэж бодож байгаа. Энэ жил махны үнэ гайгүй байна. 140 мянган төгрөгөнд боломжийн ууц авчих байх гэж бодоод байгаа.

-Жилийн жилд сар шинийн махаа “Хүчит шонхор”-оос авдаг уу?

-Бараг жилийн жилд авдаг. Энэ жил мөн л хүчит шонхороос сар шинийн махаа авна. Дараа долоо хоногоос дахиж гарч ирж махны үнэ сонирхъё гэж бодож байна. Энэ жил махны үнэ нэг их хөөрөгдөхгүй байх гэж бодож байна. Ууц, өвчүүний махны худалдаа жигдрээгүй байна, энэ сарын 20-доос хойш жигд худалдаанд гарах байх гэж худалдаачид ярьж байсан гэв.

Н.ГАНЧИМЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хотын эргэн тойронд хэд хэдэн хиймэл нуур байгуулъя

Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүд ч утааны асуудалтай болоод олон оныг үдлээ. Бас ч гэж өмнөхөө бодвол сүүлийн үед утаанаас хэрхэн салах, яах ийх тухай дориун ярих боллоо. Технологи хөгжсөн өнөө цагт энэ их утаа, угаараас салах арга зам байх нь дамжиггүй. Харин зундаа нийслэл хот хөрсний бохирдол хэт хуурайшилт гээд бас утаанаас дутахгүй асуудалтай тулгардаг. Урин дулаан цагт хотын агаарыг аятайхан чийглэг, тоосгүй байлгах боломж бас байгаа харагддаг. Зундаа орж байгаа борооны их усыг ямар нэгэн аргаар цуглуулаад хотын эргэн тойронд дөрвөөс таван газар хиймэл нуур, цөөрөм байгуулах. Ер нь дэлхийн хаана ч гэсэн устай газар л амралт зугаалга хөгждөг. Дэлхийн бүх л хот далайн эрэг, гол мөрнөө дагаж хөгждөг. Хотыг тойруулаад хиймэл нуурууд байгуулчихвал дагаад аятайхан цэцэрлэгт хүрээлэн гээд хотынхны төдийгүй гадныхан ч очдог амралт зугаалгын бүс болгох маш их боломж харагдаад л байгаа юм.

Хэрэв тийм газар байгуулж дөнгөвөл тэнд үйлчилгээний жишиг болсон газрууд салбараа нээх нь тодорхой. Зарим улс орнууд нэг их нүсэр дэд бүтэц байгуулахгүйгээр зүгээр энгийн шуудуу татаад ус цуглуулдаг систем хийчихсэн байдаг юм билээ. Зун ид борооны үеэр хотын замууд живэнгээ алдаж, тэр их усыг яахаа мэдэхээ больдог нь үнэн. Бас өвөлдөө орох их цасыг цуглуулаад хиймэл нуурандаа асгаад байж болно. Цас зөөхөд зардал их гэвэл нэгэнт байгуулчихсан хиймэл нуураа мөсөн гулгуурын газраар ашиглаад байж болно.

Ер нь хэт нүсэр, айхтар их устай нуур гэж байгаа юм биш шүү. Хүүхдийн паркад байдаг хиймэл нуур маягийн, хүн унаж эндээд байхааргүй, тодорхой харуул манаатай л юм байхад болоод явчихна.Иргэд очиж цэвэр цэнгэг агаараар амьсгалахад ч хэрэгтэй.

Шийдвэр гаргах түвшний дарга нар тэнгэрийн цасыг тоолж суухаар энэ мэт иргэддээ хандсан зүйлд анхаарлаа хандуулбал мөн ч хэрэгтэй байна даа.


Categories
мэдээ нийгэм

“Коммунистуудын хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монголд үйл ажиллагаа явуулдаг онгоцны тийз захиалгын компаниуд хэт өндөр үнээр тийзээ борлуулж, ард иргэдээ “шулж” байна хэмээн манай сонин өмнө нь нийтэлж байсан билээ. тэгвэл энэ удаад энэ талаар ахин нэхэн сурвалжиллаа. Энэ тухай нэг болон долдугаар нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай хийсэн ярилцлагыг нийтлэн хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болсон алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Батболдын “Коммунистуудын хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Саяхан архинд хордож нас барсан таван хүний үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Шинжилгээгээр дөрвөн иргэнийх нь цуснаас метилийн спирт илэрсэн байна. Энэ тухай долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Мөн “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай хийсэн сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ