Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” дуурь олны хүртээл боллоо

Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурийг шинэчлэн өнгөрсөн ням гаригт ДБЭТ-ын тайзнаа тавилаа. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа амилуулсан юм. Дуурийн цомнолыг ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч бичжээ. Дуурь Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг.

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан тухай энэхүү дуурьт өгүүлнэ.

“Чингис хаан” дуурийг анх тавигдахад удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаачаар Н.Туулайхүү ажиллажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цагаан сар, хар нулимс”-ны тухай Баабар “Өдрийн сонин”-д өгүүлэв

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сурвалжлага” цагаан сар угтсан “Их хотын шөнийн хямдрал” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”-д гарсан тухай онцолжээ. Уг үзэсгэлэн худалдаа 26-ныг хүртэл үргэлжилнэ.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Сонгуулийг элдэв хэл амгүй, шударга явуулах нь манай намын зарчим” гэж ярьсан байна.

Харин АН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү “Сайн дүрэмтэй бол намын дарга сайн ажиллаж болно” хэмээн ярьжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-ны өдөр товлогдсон УИХ-ын байнгын хорооны сурвалжлагыг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт Баабар “Цагаан сар, хар нулимс”-ны тухай өгүүлжээ. Энэ удаа тэрбээр цагаан сар дөхөхөөр эрчимждэг зурхайчдын маргаанд анхаарал хандуулсан байна. Өдөр гаригт сайн муу гэж байдаггүй. Ингэж ярьдаг нь хятдууд дөрвийн тооноос, монголчууд долоогоос, европынхон 13-аас цэрвэдэг шиг мухар сүсгийн угшилтай, цэвэр билгэдлийн утгатай хэмээн Баабар дүгнэжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Өмнөговьд үйлдэгдсэн хүчирхийллийн цуврал гэмт хэргийг хэн үйлдсэн тухай мэдээлжээ.

“Өөрөөс нь…” нүүрт Гацуурт компанийн захирал Л.Чинбаттай хийсэн ярилцлагын үргэлжлэл нийтлэгджээ. “Энэ салбарт амьд үлдвэл үлдээд үлдэхгүй бол больё гэж бодох болсон” гэж тэр ярьсан байна.

“Генералууд” буланд бригадын генерал Т.Хүрэлбаатар оролцож “Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад үүрэгтэй” хэмээн өгүүлжээ.

Дөрвөн иргэн “Гайхмаараа” шингэнд хордож, нэг нь өвчний улмаас амиа алдсан тухай энэ нүүрт бас мэдээлсэн байна.

Арвантавдугаар нүүрээс иргэн танд үгээ хэлэх боломж олгодог “Хэлэх эрхийн индэр” буланг хүлээн авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажлын хэсэг “Монгол зэс” корпорацитай нэг ч удаа уулзаагүй гэв

Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” корпораци хууль бусаар 400 сая доллараар худалдан авсан талаар ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд дүгнэлтээ нийтэд танилцуулсан юм.

Тэрээр ХХБ-ыг харилцагчдынхаа мөнгөөр бизнес хийсэн буруутай. Мөн хууль бусаар Монголбанкнаас 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар зээлсэн байна. Нэг иргэн нэг л банкинд хувьцаа эзэмших хуультай. Гэтэл ХХБ-ны 93 хувь, Улаанбаатар банкны 99 хувийг Д.Эрдэнэбилэг гэж хүн эзэмшиж байна. Тиймээс энэхүү хууль бус асуудлыг шийдвэрлэхийг Монголбанкинд даалгасан гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Арилжааны банкууд 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл ХХБ-ны удирдлагууд төрийн өмчийг өөрийн болгох үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ажлын хэсгийн дүгнэлт бол 49 хувийг худалдахдаа хууль зөрчсөн байна гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Заавал шүүх тогтоох асуудал биш. Цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчөөд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Их хурлаар шийдвэрлэх ёстой юмыг шийдүүлээгүй. Засгийн газар хууль зөрчсөн тогтоол гаргасан бол өөрөө болон Их хурал хүчингүй болгодог Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ хүрээнд л ажиллах ёстой. Үүнд шүүх бус төрийн өөрийн оролцох асуудал” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл үүний дараа өнөөдөр 17:00 цагт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд, ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн О.Орхон, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар:

Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт нэг талын байр суурийг хэтэрхий барьсан байна. Манай компанийн зүгээс дөрвөн удаа ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлт тавьсан. Гэвч бидэнд боломж олгосонгүй. 49 хувьтай холбоотой бүх төрлийн мэдээллийг өөрийн компанийн зүгээс хүргүүлсэн. Дээр нь нэгдүгээр сарын 10-ны өдөр О.Орхон, Да.Ганболд, М.Мөнхбаатар миний бие ажлын хэсгийн асуултад хариулсан. Бидний хариултыг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүй. Нэг талыг барьсан байгаад харамсаж байна.

Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөх бус гэж үзээд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох талаар яригдсан байна. Хэрэв ингэвэл 49 хувь нь ОХУ-руу буцах юм. Хэрэв ийм байдал үүсвэл компанийн зардал, ирээдүйд олох байсан орлогыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэх нөхцөл байдал үүсч байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн О.Орхон:

Дүгнэлттэй холбоотой ХХБ зөвлөх, санхүүжүүлэгчээр оролцсон. Ажлын хэсгийн дүгнэлт санал дотор ХХБ-ын талаар олон дүгнэлт хийсэн байна. Энэ дүгнэлт нь нэг талыг барьсан, банкны нэр хүндэд ноцтой халдсан гэж үзэж байна. Банк дангаараа 400 сая ам.долларын санхүүжилт хийсэн мэт олголт дүгнэлт өгсөн байна лээ. Ийм зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар “Монгол зэс” корпорацид олгосон зээлийн үлдэгдэл 80 сая ам.доллар байгаа. Энэ манай нийт зээлийн багахан хувийг эзэлж байгаа. Хөгжлийн банкнаас ямар нэг эх үүсвэр өгсөн зүйл байхгүй. 49 хувийг худалдан авахад зориулсан эх үүсвэрийн зээл байхгүй. Эцэст нь хэлэхэд банк Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн зуучлалын үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ бол мөнгө угаасан үйлдэл биш. ХХБ Монголбанкны шалгалтад жилд хоёр удаа ордог. Албан ёсны дүгнэлт хийх ёстой байгууллага нь Монголбанк юм.

ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ:

Би ямар учиртай энэ хуралд ирсэн бэ гэхээр энэ банкны үүсгэн байгуулагчийн нэг юм. Хоёр удаа тус банкны гүйцэтгэх захиралаар ажилласан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх гэсэн юм. ХХБ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Банкны үйл ажиллагаа хэвийн болон хэвийн бус явж байгааг Монгол банк, олон улсын аудитын байгууллага дүгнэдэг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтийн цаана манай банкны нэр хүндийг гутаах гэсэн хандлага яваад байна уу гэх хардлага төрж байна. Бид олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон 115 сая ам.долларын төлбөрөө төлсөн. Энэ нь төлбөрийн чадвартай байгаагийн илрэл юм. 49 хувь чинь ОХУ-д байсан хувь. Тэр утгаараа Монгол Улсын хэн ч хохироогүй. Харин энэ үйлдвэрт шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бол нэг талыг барьсан дайралт хийж байна. Түүнд хувийн ашиг сонирхол байна уу гэсэн анхаарал татаж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд:

Эрдэнэттэй холбоотой асуудлаар яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж сонгогчдийн сэтгэл санаанд нөлөөлсөн. Удахгүй бид хэдэн сарын дараа Ерөнхийлөгийн сонгуульд орох гэж байгаа энэ босгон дээр асуудлыг дэвэргэж байгаа нь ойлгомжтой. Сонгуулийн босгон дээр янз бүрийн асуудлыг дөвийлгөж ярьдаг. Хувьчлалаас хойш хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд “Монгол зэс” корпорац тодорхой хяналт тавьж эхэлсэн. Хувьчлал хийгдэж байх үед гадаадын хэд хэдэн компани өрсөлдөгчөөр оролцсон. Ямар нэгэн байдлаар худалдан авч чадаагүй. Учир нь ОХУ, Монгол Улсын хооронд нөхөрсөг найрсаг харилцаа байдаг гэдгийг бодолцож Монголын талд худалдсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ наймааг өөртөө ашигтайгаар эргүүлэх сонирхол зарим улс орны аж ахуй нэгжид байгааг үгүйсгэхгүй. Гадаадын компанийн сонирхол татдаг үйлдвэр Монголд олон байхгүй. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас товч дүгнэхэд энэ үйлдвэрт бараа шахдаг. Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон байлаа ч хууль зөрчсөн гэдгийг тогтоодог юм биш. УИХ-ын гишүүн бол хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Үнэхээр хууль зөрчсөн эсэхийг хууль шүүхийн байгууллага тогтооно. Гэтэл хууль шүүхийн байгууллага тогтоогоогүй байхад хууль зөрчсөн гэж ажлын хэсэг дүгнэж байна. Хувьчлалтай холбоотой хохирогч байхгүй. Ямар ч нэхэмжлэл гаргаагүй байхад ажлын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнэж байна.

Б.Мэдрээ: “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу

ХХБ-ны нэр хүндэд ноцтой халдсан гэв


О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

​ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тус Байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалан хуралдуулсан юм.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан юм.

Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.

Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тогтоохоор тусгажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн авотматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах; сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах саналаа энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.

Энэ үндсэн дээр тус Байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүдийг төлөөлөн үг хэлж, уг хуулийн төсөл нь Үндсэн болон бусад хуулийн заалттай харшилж байгаа, хуульд нэмэлт оруулах гэж буй заалт нь өөр хоорондоо зөрчилдсөн агуулгатай байгаа, мөн энэ өөрчлөлт нь төрийн захиргааны албан тушаалд улс төрийн албан тушаалтнууд орж ажиллахад хүргэж мэдэхээр байгаа тул хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 10.5-д заасан иргэдийн Хурлын төлөөлөгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллахыг хориглоно” гэсэн агуулгатай 10.6 дахь заалтыг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Мөн тэрбээр уг хуулийн 2 дугаар зүйлийн хасч, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтов.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг

хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Монгол Улсын иргэн… шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” болохыг тунхаглаж, ард түмнээс засаг төрөө байгуулж тохинуулах, иргэдээс төрийн үйл ажиллагаанд оролцох улс төрийн эрхийг баталгаажуулсан. Энэ эрхийг мөн Иргэний болон улс төрийн эрхийн пактад баталгаажуулсан байдаг. Түүнчлэн иргэдээс төрийн үйл хэрэгт хэрхэн оролцох, нөлөөлөх талаар Үндсэн хуульд “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна”, “сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” хэмээн тодорхойлсон байна.

Гэвч хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах, санал асуулга явуулах зэрэг арга хэрэгсэл нь хууль зүйн хувьд хангалттай зохицуулагдаагүй, иргэд болон төрийн байгууллага, албан тушаалтны хоорондын харилцааг нарийвчлан тодорхойлоогүйн улмаас иргэд бодитойгоор төрийн үйл хэрэгт нөлөөлөх, оролцоогоо хангах, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрэн хангагдаагүй явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд иргэд, байгууллагуудаас хуулийн төслийн тухай саналаа уламжлах харилцаанд хамаарах иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг, сонсгол хийх тухай хууль тогтоомжийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 105 хуульд иргэний оролцооны хэлбэрүүд болох төрөөс мэдээллийг хүртээмжтэй байлгах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт байгаа боловч хуулийн зохицуулалтууд нь харилцан адилгүй, нэгдмэл бус, уялдаагүй байгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаас дүгнэсэн байна.

Иймээс иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, УИХ-ын болон өөрийн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах асуудлыг хуульчлан зохицуулахаар Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төслийг анхдагч төслийн хэлбэрээр боловсруулах агаад нийт 7 бүлэгтэй юм. Хуулийн төсөлд сонгуулийн эрх бүхий 5000 иргэн хамтран хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар, сонгуулийн эрх бүхий 10 000 иргэн хамтран Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар тусгажээ. Мөн хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлахаар санаачлагчдын бүлэг 5-9 хүнтэй байгуулах, шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахаар зарлах, цуглуулах, түүнд тавигдах шаардлага, үргэлжлэх хугацаа, хүчингүйд тооцох талаар зохицуулсан байна. Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг сонгуулийн эрх бүхий иргэдийн 4 хувьтай тэнцэх тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх, Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи оролцож, олонхи нь дэмжсэн тохиолдолд шийдвэрлэгдсэн гэж үзэхээр тусгасан байна.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх уг хуулийн төслийг Австрали, АНУ-ын Калифорни муж, Беларусь, Казакстан, Киргизстан, Косово, Латви, Литва, ОХУ, ХБНГУ-ын Доод саксон муж, Швейцарь, Эстони зэрэг улсын ард нийтийн санал асуулгын талаархи хууль тогтоомжийг харьцуулан судалж, мөн олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын судалгаа, үнэлгээнд тулгуурлан боловсруулсан. Мөн хуулийн төсөл дээр батлагдсан арга зүйн дагуу үр нөлөөний үнэлгээ болон Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн нийцлийн үнэлгээг шинжээчдийн багаар хийлгэж, санал дүгнэлтийг тусгасан.

Хуулийн төслийг 21 аймаг, орон нутгийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаар нийт 31 удаа хэлэлцүүлж, 1700 орчим хүн оролцсон бөгөөд нийт агуулгын хувьд багцалбал 200 зарчмын болон найруулгын санал гарсныг ажлын хэсгээс төсөлд тусган сайжруулж боловсруулсан гэдгийг дурдлаа.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж байна, гэхдээ энэ хуулийн төсөл нь маш том асуудлыг хөндсөн, шинэ Үндсэн хуулиас хойш иргэдийн улс төрийн эрхийг улам бататган баталгаажуулахад чиглэсэн сайн талтай хэдий ч хэрэгжилт нь ямар байх бол гэдэгт итгэл үнэмшил төдий л сайнгүй байна. Иймээс төслийг заалт нэг бүрээр нь ярилцаж, тун болгоомжтой, ихээхэн нухацтай хандах шаардлагатай гэдгийг хэлж байв.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

​Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Н.Номтойбаяр нар үг хэлсэн.

УИХ-ын гишүүд, цэргийн албан хаагчид ажиллаж байх үедээ цолны нэмэгдэл гэж авдаг бөгөөд тэтгэвэрт гарсны дараа тогтоолгосон тэтгэвэр дээрээ цолны нэмэгдлээ үргэлжлүүлэн авах асуудлыг хуульд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэдий хэмжээний нэмэлт зардал гарах талаар лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, цэргийн албан хаагчид алба хашиж байх хугацаандаа цолны цалинг давхар авч явдаг бөгөөд бэлтгэл чөлөөнд гарах үед нь авч байсан цалингийн 80 хувиар тооцон тэтгэврийг тогтоодог юм байна. Өөрөөр хэлбэл, цолны нэмэгдэл орсон цалингийн нийт хэмжээний 80 хувиар тооцохоор цолны нэмэгдэл тэтгэврийн хэмжээнд багтаж яваа аж.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч байгаа юм байна. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой гэлээ.

Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр танилцуулсан юм.

Шинэчлэн боловсруулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөлд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой болгон спортыг түншлэлийн зарчмаар хөгжүүлэх орчин бүрдүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн биеийн тамир, спортод төрийн оролцоо давамгайлсан одоогийн тогтолцоог өөрчлөн спортыг хөгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих орчин бүрдүүлэх, бакалаврын төгсөлтийн дараахь сургалтаар биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо бий болгон чадварлаг мэргэшсэн хүний нөөцтэй болох, спортыг шинжпэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажпыг өргөжүүлэх, спортод хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, спорт дахь ялгаварлан гадуурхалт, шудрага бус өрсөлдөөн, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэлээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар биеийн тамир, спорт бүх иргэд, гэр бүл, байгууллагын хэрэгцээ болон хөгжихөд нийгмийн бусад салбар, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, спортын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо тодорхой болж, биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанар сайжирч, эрүүл чийрэг иргэн төлөвших нийгмийн таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, тэдний бие даан үйл ажиллагаа явуулах идэвх сайжирч, төрийн байгууллагын ачаалал аажмаар багасч, спортод аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг татахтай холбогдсон зохицуулалт бий болж, спорт бизнесийн зарчмаар хөгжих эхлэл тавигдаж, спорт эдийн засгийн эргэлтэд орж, төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэн, хөрөнгө оруулалт сайжирна гэж танилцууллаа. Түүнчлэн хүн амыг фитнесс, иог, чийрэгжүүлэлтийн төвөөр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зэргээр эрх зүйн орчин бүрдэх ажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Цогцолмаа, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Ганболд, С.Жавхлан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Арбитрын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 35 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Үүнд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг багтлаа.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан юм. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “…нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн…” хэмээн заасны дагуу төслийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол болон төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүй найруулгын шинжтэй саналуудыг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ гэсэн байдаг, гэтэл төрийн мэдлийн, төрийн үйлчилгээний, төрөөс олгож буй эрхийн асуудлаар дотоодын шүүхэд хандах эрхгүй болох эсэхийг тодруулаад, тус хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлж буй Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар тодруулсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, зөвхөн шүүхээр маргаан шийдвэрлэх байсан зохицуулалтыг энэ хуулийн төсөлд арбитраар шийдвэрлүүлэх боломжийг нээж, сонголттой болгохоор тусгасан гэдгийг тайлбарлав. Мөн талууд маргаанаа арбитраар шийдвэрлүүлнэ гэж урьдчилсан тохирсон тохиолдолд л арбитр шийдвэрлэх онцлог зохицуулалт байгааг танилцууллаа. Уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мөн тайлбарласан. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 75 хувийн саналаар дэмжлээ. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн хуралдаанаар 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаарх танилцуулгыг холбогдох хуулийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан болохыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулгадаа дурдав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэрээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор заасан байсныг өөрчилж, зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан албан тушаалтнуудад хамааруулах тухай төсөлд тусгахаар санал боловсруулсан байна. Түүнчлэн дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэрээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол сонгогдсон эсхүл томилогдсон өдрөөс хойш гурван сарын дотор зохих арга хэмжээ авна хэмээн тодорхой бус байсныг өөрчилж, гадаад улсын банкинд нээсэн дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, өмчийн байдалд өөрчлөлт орсон орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх асуудлыг төсөлд тусгах, мөн төсөлд дурдагдсан албан тушаалтнууд гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хамаарахгүй байх зохицуулалт дээр нэмж “дээр дурдсан тохиолдолд тухайн улсын банкинд өөрийн нэрээр данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан талаар АТГ мэдэгдэл гаргах” гэсэн тусгах санал гаргасан байна. Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол, дагалдах хуулийн төсөлтэй холбоотой нэг санал гаргаж буйгаа танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь “Монгол Улс цаашид офшор данстай холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, бусад улс орны жишгийн дагуу татварын системтэй уялдуулан зохицуулах нь оновчтой. Мөн “гадаад улс орон” хэмээн хавтгайруулахгүйгээр Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкнаас гаргасан жагсаалтад тулгуурлаад ч юм уу офшор бүсийг тодорхойлох арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, энэ хуулийн төслөөр 300 гаруй албан тушаалтан АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийнхэн нь хөрөнгө орлогоо мэдүүлж, ил болгох юм гэдгийг тодруулан хэллээ. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ШУ-ны салбарт 1800 эрдэмтэн, судлаач ажиллаж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл”
сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох
хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв
байранд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга,
Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд
сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд,
эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооноос Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, хүрээлэнгүүдийн үйл
ажиллагаатай танилцах, төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлогын
баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг энэхүү хэлэлцүүлгийг зохион
байгуулж байна. Юуны өмнө УИХ-ын түвшинд хэд хэдэн чиглэлд анхаарч
ажиллах шаардлага байна. Бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох,
төгөлдөржүүлэх, дутагдалтай байгаа зүйлсийг анхаарах мөн шинжлэх ухааны
салбарын тогтолцооны асуудлыг эргэж харах нь зүйтэй. Академийн эрх зүйн
байдлын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хууль зэрэг хуулиуд
байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн тогтолцоо
ярвигтай болсон байна. Салбарын хууль нь муу биш ч гагцхүү хэрэгжүүлэх
тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьж байна. Тийм ч
учраас Улсын Их Хурал дээрх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх дээр Засгийн
газрыг шахаж ажиллах шаардлага байна. Мөн энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн,
судлаач та бүхний оролцоо чухал гэдгийг гишүүн Ё.Баатарбилэг онцолсон
юм.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл танилцуулга
хийв. Шинжлэх ухааны академи 5 салбар чиглэлээр судалгаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар 1800 орчим эрдэмтэн, судлаачид ажиллаж байгаа бөгөөд
сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт
хийхгүй байгаагаас үүдэн эрдэм шинжилгээ, судалгааны салбар хүнд
байдалд орж байна. Мөн барилга байгууламжийн асуудал ч маш хүнд байна.
Монгол Улс шинжлэх ухааны салбартаа ойролцоогоор жилдээ 20 орчим сая ам
долларын хөрөнгө оруулалт хийвэл бидний үйл ажиллагаа сайжрах нөхцөл
бүрдэнэ гэж үзэж байгаагаа академич Д.Рэгдэл хэлсэн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлж эрдэмтэн, судлаачдын
мэдлэг, оюуны бүтээлийг баялаг болгох үүднээс Инновацийн тухай хуулийг
баталсан ч амьдрал дээр хэрэгжилт нь хангалтгүйн улмаас үүнийг засч,
сайжруулах асуудал бий гэдгийг онцлоод ажлын хэсэг байгуулан ажиллаж
буйг дуулгав. Мөн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахгүйгээр
шинжлэх ухааны салбараа хөгжүүлж чадахгүй. Тийм ч учраас нэгдсэн
ойлголцолд хүрч энэ салбарыг хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг гишүүн
Д.Гантулга онцоллоо.

УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгийн
гишүүд 2017 оны 01-р сараас эхлэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд,
Шинжлэх ухааны технологийн сан болон Шинжлэх ухааны академийн их, бага
чуулганы гишүүд, Их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын
хүрээнд шинжлэх ухааны бодлого салбарын бодлого, эрх зүйн орчин болон
тулгамдаж буй асуудлуудын талаар хэд хэдэн удаа томоохон уулзалт,
хэлэлцүүлгийг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр
нь танилцсан юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго нь шинжлэх ухаан, технологийн
салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг шинэчлэн тодорхойлж, эрдэм
шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний
ажлыг улс орны тулгамдсан асуудалд төвлөрүүлж, үр дүнг дээшлүүлэх замаар
хөгжлийн гол хөдөлгөгч хүч, тэргүүлэх салбарын хэмжээнд хүргэхэд
бодлого, эрх зүйн орчны хүрээнд ямар арга хэмжээ авах шаардлагатай
байгаа талаар санал солилцоход чиглэгдэж байлаа.

Энэ үеэр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн,
шинэ технологи, ноу-хау болон гарааны компаниудын үйл ажиллагааг
танилцуулах үзэсгэлэн дэлгэгдсэн байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр Шинжлэх ухааны академи болон харьяа
хүрээлэнгүүдийн төлөөлөл танилцуулга хийж, эрдэм шинжилгээ, судалгааны
ажлын бодит үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Авто замын барилга, засварын хяналтын ажилд Японы менежментийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас
“Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг
өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаЖАЙКА”-ийн
“Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн
бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг
хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад авто замын
барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал, инженерийн шугам сүлжээ,
талбайн цэвэрлэгээ, газар шорооны ажил, ус зайлуулах шугам, замын
хучилт, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийж дуусталх бүх ажил, фото
зургаар баримтжуулж, хяналт тавих норм норматив, стандартыг тусгаж
өгснөөс гадна фото зураг хэрхэн авах зааврыг хавсаргажээ. Зам барилгын
ажлын явцыг фото зургаар баримтжуулснаар замын далд гүйцэтгэлийн чанар
сайжирч, ажлын гүйцэтгэл илүү хялбар болох юм.

Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын
газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Япон улсаас Монгол улсад
суугаа ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/,
Япон улсын Асахикава хотын захиргааны төслийн баг, ЗТХЯ-ны Авто замын
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын Авто замчдын холбоо,
Зам, тээврийн хөгжлийн төв, Зам барилгын болон хяналтын зөвлөх
үйлчилгээний компаниуд оролцлоо. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын
орлогч дарга Б.Индра хэлсэн үгэндээ “Төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа
үзүүлсэн Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага,
хамтран хэрэгжүүлэгч Асахикава хотын захиргааны хамт олонд талархал
илэрхийлье. Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтад хамтран зүтгэж буй
харилцагч компаниуддаа ажлын өндөр амжилт хүсье. Нийслэлийн зам бат бөх
байх болтугай” гэлээ. гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын
захирамжаар хотын даргын дэргэд өргөтгөсөн зөвлөл байгуулагдлаа.
Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн
бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд
төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн
төлөөлөл, бизнес эрхлэгчид багтаж байна. Салбар салбарын төлөөлөл
багтсан нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл нь 25-30 хүний
бүрэлдхүүнтэй байхаар захирамжинд тусгажээ. Зөвлөлийн гишүүнээр Монгол
Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, МУ-ын эрүүлийг хамгаалахын
гавьяат ажилтан Д.Мөнхөө, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч
Д.Рэгдэл, МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэх захирал, МУСГЗ сэтгүүлч
Б.Ганчимэг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, “Эм Си Эс” группын
Ерөнхийлөгч Ж.Од, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч
Ж.Оюунгэрэл зэрэг салбар салбарын нэр хүндтэй хүмүүс багтжээ.

Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр Туушин зочид буудалд болж, 2017 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч С.Батболд хэлэхдээ “Засаг даргын дэргэдэх зөвлөл зөвхөн цөөн
тооны төрийн захиргааны албан тушаалтнаас бүрддэг байдал 20 гаруй жил
явж ирсэн. Миний хувьд дэргэдэх зөвлөлөө өргөтгөж, олон байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн.
Шийдвэрийн хэрэгжилтэнд ч сайнаар нөлөөлж, дарга нар биш иргэдийн
оролцоотойгоор нийгэмд үр дүнгээ өгөхүйц оновчтой шийдвэрүүд гарна гэж
харж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд та бүхний оролцоо маш чухал.
Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлийг байгуулж,
өнөөдөр анхны уулзалтаа хийж байна. Улиралд нэг удаа Засаг даргын гаргах
гэж байгаа болон гаргасан захирамж, шийдвэрийн талаар зөвлөлдөнө. Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь их чухал зүйл. Гарсан шийдвэр сайн хэрэгжих үндэс болно гэсэн үг.” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн
2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн
засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НЗДТГ-ын Бодлого,
төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Мөн 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”
болгосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар НЗДТГ-ын
Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.

2017 онд Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хувьд амаргүй жил
гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ хотын удирдлагын баг шалтаг
тоочин гараа хумхин суухгүй. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа
үргэлжлүүлж, иргэн рүүгээ чигэлсэн хөрөнгө оруулалтыг хийх болно.
Тухайлбал ирэх 1983 оноос хойш нийслэл хотод Сонгинохайрхан дүүргийн
эмнэлгээс хойш ганц ч эмнэлэг баригдаагүй. Бид энэ дөрвөн жилд багтаан
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж,
Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эмнэлэг, 10 эрүүл мэндийн төвийн
барилгыг шинэчилж, дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгийн үйлчилгээг
шинэ шатанд гаргах зорилт тавьж байна. Иргэдээ тав тухтай амарч,
зугаалах орчныг бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко
хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Авто замын салбарт гэхэд Азийн хөгжлийн
банктай хамтран нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “BRT” төслийн ажлыг
эхлүүлэн 2019 онд эхний 4 шугамыг ашиглалтанд оруулна. 3 том гүүрийг шинэчилж, Улаанбаатар-Чойр чиглэлийн 4 урсгалтай авто замын ажил хийгдэнэ. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц зэрэг бүтээн байгуулалтууд хийнэ гэдгээ хэллээ.

Боловсролын салбарт 3 ээлжээр хичээллэдэг 31 сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөтгөх ажил хийхээр төлөвлөж
байгаагаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга
С.Батболд хэллээ. Энэ онд хийх хамгийн том ажил нийслэлийн эрх зүйн
байдлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Бид “Нийслэлийн эрх зүйн байдлын
тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Одоо
үзэл баримтлал нь батлагдчихвал УИХ-д өргөн баригдахад бэлэн болсон.”
гэлээ. Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүд
хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар нээлттэй санал бодлоо
хэлж, хотын эрх зүйн байдлыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
талаар байр сууриа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Универсиад”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа

Казахстаны Алматы хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн оюутны өвлийн спортын “Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Тус ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Казахстан улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинас болон Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа нар оролцов. Энэ үеэр тус наадамд цанын төрөлд оролцох Ч.Отгонцэцэг, тэшүүрийн тамирчин Б.Тулга нар тамирчны тангаргаа өргөсөн юм.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр цанын тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбаа гардууллаа. Ч.Отгонцэцэг хоёр жилийн өмнө “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон туршлагатай тамирчны нэг бөгөөд олон улсын тэмцээнд түрүүлж байсан юм.