Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бат-Оргил: ХҮН-ын эхний дайралт амжилтгүй болсон нь харамсалтай ч, сул талаа засах боломж олгосон

Төрийн соёрхолт Н.Сувдын хүү, “Аж богдын харуул” дуугаараа нэгэн үеийнхнийг байлдан дагуулж явсан эрхэмтэй энэ удаа Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн бас Монголын хөгжлийн гарцыг хайж яваа залуу хүнийх нь хувьд ярилцлаа.


-2014 онд биднийг уулзахад та улсаа хөгжүүлэх талаар ихийг бодож төлөвлөж байсан. Харин одоо юунд илүү анхаарч байгаа бол?

-Нөхцөл байдал өмнөхөөс их өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад, юу болсныг хүмүүс мэднэ. Харамсалтай, гэхдээ энэ бол эхний дайралт байсан. Дайн нэг дайралтаар дуусдаггүй. Эх орныхоо төлөө явж байгаа учраас үргэлжлүүлэн ажиллах ёстой. Нэг удаа бүтэлгүйтээд шантарч болохгүй. Ер нь МАН, АН-ын нүүр царай харагдаж байна. АН эдийн засгийг ямар болгож орхив. МАН улс орноо авч явах чадваргүй байна. Намд ажиллаж байгаа хувь хүмүүсийг би хэлээгүй. АН-д ч, МАН-д ч сайн найзууд минь бий. Засагт ажиллаж байгаа ойр дотнын хүмүүс ч бий. Асуудал тэр хүмүүст байгаа юм биш. Системийн хямрал болж, энэ хоёр нам ард түмнээ манлайлж авч явж чадахгүй болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл санааны хомсдолд орсон. Агуу санаа, туг байж ард түмэн бүчиж, хөгждөг. Бид бүгд эзэн Чингис хааныг биширдэг. Яагаад тэр хүн агуу юм бэ? Олон хүнийг хядсан, улс орнуудыг эзлэснээрээ агуу болдоггүй.Тэр хүн бол агуу санаа тээгч байсан. Тэнгэрт нэг нар, газарт нэг хаан гэдэг нь тухайн үедээ эзэн дээдэс талцан хуваагдахад ард түмэн зовж зүдэрч байсныг болиулж, нэг л хаантай хүн төрөлхтөн жаргана гэсэн санаа байсан нь агуу юм. Гэтэл өнөөдөр манай улсыг XXI зуунд хөтлөх санаа алга. Хуучнаа санагалзсан л улсууд байна. МАН 1921 онд улсыг тусгаар тогтнуулсан гавьяагаа ярьдаг. АН болохоор бид коммунист дэглэмийг унагаж эрх чөлөө авчираа биз дээ гэдэг. Аль аль нь ирээдүйд яах вэ гэдэг зураглал байхгүй. Улс орныг манлайлж авч явах санаа, алсын хараа, агуу мөрөөдөл алга. Аар саархан арга хэмжээ л авч байна. Энэ тун харамсалтай.

ХҮН-ын эхний дайралт амжилтгүй болсон нь улс орондоо сайн сайхныг авчрах цаг хугацаа хойшилж байгаагаараа харамсалтай ч нөгөө талаар бас сайн зүйл болсон. Бидний сул талыг харуулсан. Сул талаа мэдэж, засч байж цаашаа явна. Монгол түмэнд АН, МАН-аас ямар ч ялгаагүй яг адилхан дахиад нэг нам хэрэггүй.Бид эхлээд дотооддоо учраа олох шаардлага байгаагаа ойлгосон. Нөлөөлсөн гадны хүчин зүйл олон байсан. Тэр тухай яриад яах вэ. Хүн өөрөө чадалтай бол ямар ч гадны хүч дийлэхгүй. Гаднаас буруутан хайхаар, өөрсдийнхөө сул талыг олж засах ёстой. Тийм болохоор бид дотоод ажилдаа илүү анхаарч байгаа. Том үл ойлголцол үүссэн учраас түүнийгээ зохицуулж, ойлголцоно гэдэг амар биш. Үүнийг амжилттай давж, бэхжинэ гэдэг чухал. Сүүлийн үед би түүхч Д.Өлзийбаатар гуайн “Монголчууд” цахим номыг машиндаа байнга сонсч яваа. Ахмад хүний үг бидэнд дутаж байжээ. Монголчууд хагаралдаж, үл ойлголцсон үедээ бөхөж, бүдгэрч байсан. Бид эрдэж бардаж алдаа гаргасан байна. Байгууллагыг удирдаж авч явж чадахгүй бол улсыг яаж удирдах билээ.

-Гурав дахь хүчнийг олон нийт хүсэн хүлээж байгаа ч том намууд самраад хаячихдаа гарамгай юм билээ. Найдаж байсан шинэ хүчин сонгуульд ч орж чадалгүй бүдрэхэд олон хүн урам нь хугарсан байх?

-Үнэн. Гэхдээ энэ бол шинэ байгууллагын зовлон шүү дээ. АН, МАН-ын түүхийг авч үзсэн ч дотроо өчнөөн хагаралтай л байсан. Аль ч намд хагарал бий. Эдний нэг онцлог хуучин коминтерний зурсан схемээс гарч чадахгүй байна. Бидний алдаа бол тэр бүтцийг бас дуурайсан. Бид өөрсдийн XXI зууны бүтцийг бий болгохын оронд яг адилхан хороод, үүрүүд байгуулаад, гишүүнчлэл гэж явдаг нь буруу байжээ.

-Цохилт амссаны дараа намаас гарч явсан хүмүүс олон байсан уу?

-Яахав урам нь хугарсан, шантарсан хүн олон бий. Гэхдээ тэр байдаг л асуудал. Байдал сайжрахад эргээд ирэх л байх.

-Эдийн засгийн хямрал гэдэг байсан бол одоо улс дампуурах эрсдлийн тухай ярьдаг боллоо. Эрх баригчдын зүгээс шинэлэг алхам хийхгүй, гал унтраах маягаар явж байна. Ийм үед яах ёстой юм бол?

-Зүйрлүүлж хэлбэл ганц дархан мэхтэй хөгшин бөх санагдах үе байдаг. Ойр хавийнхаа хүмүүсийг бүгдийг унагаадаг. Гэхдээ тэр бөх зөвхөн өөрийнхөө жижигхэн дэвжээн дээр аварга, тэгээд тэрүүхэндээ л хараад байдаг. Бусад улс орон хэрхэн хөгжиж байгааг анзаарахгүй байна. Дэвжээн дээрээ л залуу бөхчүүдийг, өрсөлдөгчдөө унагаагаад, түүгээрээ бахархдаг.

Бид Монголдоо зодолдоод байдаг нь инээдэмтэй хэрэг. Төрөөгүй хүүхэд хүртэл өртэй болчихлоо гэдэг үнэн. Хоёр дахь үнэн бол ийм байх албагүй юм. Энэ тоог дэлхийн эдийн засгийн түвшинд авч үзвэл маш бага мөнгө. Асуудлыг томоор харж, хаана ямар боломж байгааг олох учиртай. Бид хэчнээн сая тонн, нүүрс, зэс зарж байж тэр өрийг барагдуулах вэ?! Оросын нэг саятан хэлсэн байдаг. Сая долларыг бодож олж, зохиодог болохоос ажлын хөлсөө хурааж ийм мөнгөтэй болох боломжгүй. Улсаа авч явахын тулд бид тийм хэмжээнд л сэтгэх ёстой.

Улс орны хувьд авч үзвэл боломж их бий. Бид улс дотроо “зодолдоод” гадны өрсөлдөгч нартайгаа эн тэнцүү байж чаддаггүй. Нүүрс, зэс ярьсаар хавсарга эдийн засагтай явж ирлээ. Энэ янзаараа бол бид хэзээ ч хэнийг ч гүйцэхгүй. XXI зуун мэдлэгийн эдийн засагтай. Түүхий эдийн үнэ улам унаж, орц нь багасч байна. Жишээ нь өнөөдөр үйлдвэрлэж байгаа машины төмрийн орц 1930-аад онд үйлдвэрлэж байсан машины төмрийн орцоос 40-өөд хувиар багассан. Үнэ нь байнга унах түүхий эдийн экспортод гол найдлага тавиад байвал хол явахгүй. Түүхий эдэд тулгуурласан эдийн засаг Монголыг булшилна. Нано технологийн эрин эхэлчихээд байна. Кондратьевын супер циклийн онол гэж бий. Дэлхийн эдийн засаг гурваас дөрвөн жилийн үелзэлтэй унаж босдог. Гэтэл Кондратьевийн онолоор бол жарнаар үелздэг цикл бас байдаг. Аж үйлдвэрийн хувьсгалын үед эхний давалгаа болсон. Одоо найм дахь давалгаан дээрээ яваа. Энэ давалгаа 2013 онд эхэлсэн гэж үздэг. Тэр нь нано технологийн давалгаа. Зөвлөлт холбоот улс яагаад задарсан бэ гэвэл 1980-аад оны эхээр АНУ мэдээллийн технологийн супер давалгааг барьж авч чадсан. ЗХУ үүнийг харж чадаагүй алдчихсан. Өмнөх супер давалгаан дээр оросууд хүчтэй гарч ирсэн, аж үйлдвэрийн давалгааг барьж авч чадсан. Бид өнөөдөр зэс, нүүрс гэж яриад байгаа нь хаа байсан эхний гурав, дөрөвдүгээр үеийн давалгаа. Өөрөөр хэлбэл, Англи анх аж үйлдвэрийн гүрэн болж байсан 1790-ээд оны үеийн юмыг бид одоо яриад байгаа хэрэг. Гэрлийнхээс илүү хурдтай онгоц бий болгох тухай НАСА-гийн мэдээллийг би өглөө харлаа. Тэнд ийм технологи ярьж байхад бид нөгөө л нүүрсээ ярьж, хятадын эрлийз, тагнуул гэж хоорондоо хэрэлдэх нь мухардал. Хөмөрсөн тогооноосоо ч доошоо нүхэн дотор уначихаад үзэлцээд байна шүү дээ.

-Нүүдлийн мал аж ахуй, уул уурхайн түүхий эдэд суурилсан эдийн засгаа мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх хэрэгтэй юм байна. Ийм нөөц, суурь бүрдсэн гэж үздэг үү?

-Бид жараад оноос хойш сайн материаллаг бааз байгуулж чадсан. Бичиг үсэгт тайлагдсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байсан шүү дээ. Харамсалтай нь бид ухралт хийлээ. Зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг төрийн албан хаагч байдаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаатай мэдээлэл цацагдана гэдэг гутамшиг. Зурагтаар ч, сонин дээр ч алдаатай мэдээлэл явдаг нь өөр улсад бол төсөөлшгүй зүйл. Одоо телевиз үзэхэд хэцүү. Монгол хэлээр муу ярьдаг хөтлөгч нар олширчээ. Энэ бол үндэстэн мөхөхийн эхний шинж. Монгол Улсыг хэн нэгэн ирж эзэлж авах гэхээсээ бид дотроосоо ялзарч сүйрэх гээд байна. Манайд улс төрийн манлайлал алга. Сэхээтнүүд биш шуудхан хэлэхэд гэмт бүлэглэлүүд манай улс төрийн манлайд явж байна. Тэд бол тасчин урж идэж, яаж шоронд орохгүй байх вэ гэдгээ л бодож байх шиг байна. Сэхээтэн гэж бусдын төлөө зүтгэдэг сэхээрсэн хүнийг хэлдэг болохоос биш үнэтэй машин унаж, гар утас барьж, брэндээр гангарсан хүнийг хэлэхгүй.

-Саарал үед оюунлаг хэсэг нь нийгмээ чиглүүлж, сэхээрүүлж, гэгээрүүлж явах учиртай болов уу. Манайд болохоор нэг хэсэг нь “Би яриад ч нэмэр болохоосоо өнгөрлөө” гээд, нөгөө хэсэг нь болохоор “Намайг ингэж хэлэхээр буруутгана, өөртөө гал дуудаад яахав” гэдэг хандлага байна л даа. Ирээдүйд гэрэл харагдахгүй болохоор иргэд нь итгэл найдвараа алддаг шиг байгаа юм?

-Хөгжсөн улс орны түүх тэмцлийн түүх байдаг. АНУ-ын ардчиллын түүх цусаар бичигдсэн. Тусгаар тогтнолын тунхаг бичигтээ Их Британиас асуусан ял нь “Та нар биднийг боол барлаг мэт үзэж, энхийн цагт зэвсэгт арми бидний дунд байлгаж, этгээд газар, боломжгүй цагт, бичиг баримтаа бүрдүүлэх боломжгүйгээр шүүх хурлуудыг товлож…” гэх мэтээр буруутгасан байдаг. Хамгийн инээдтэй нь энэ нь манай өнөөдрийн шүүхийн системийг санагдуулдаг.Тийм болохоор бидэнд тэмцэх зориг хэрэгтэй. Түүнээс биш хэзээ нэг цагт би дурдатгал бичнэ гээд явбал бүтэхгүй. Энэ бүхний эсрэг хүмүүс зоригтой босч эсэргүүцэх хэрэгтэй.“Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх чадваргүй, үндэсний бахархалгүй ард түмэн оршин тогтнох эрхгүй” гэж Гитлер л хэлсэн болохоос үнэн үг байдаг. Нэгийнх нь гэдсийг онгичиж байхад “Минийхийг битгий ухаасай” гээд хараагүй мэт царайлж гөлийж байгаа хүмүүс хэзээ ч ардчиллыг байгуулж чадахгүй. Дарангуйлагчийн дор амьдрах хувь тавилантай хүмүүс л ийм байна. Ард түмэн, сэхээтэн хоёр хоорондоо холбоотой. Сэхээтэн нь ард түмнээсээ хүчээ авч байдаг. Сэхээтэн ард түмнээ хурцалж чиглүүж өгдөг. Сэхээтний давхаргыг хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хядсан. Тусгаар тогтнол ямар үнээр олдсоныг бид мартжээ. Түүний төлөөсөнд бидний зүрх зоригийг авчихжээ. Буруу юмны эсрэг зоригтой дуугарах чадваргүй болчихжээ.

-Тусгаар тогтнолын үнэ цэнэ гэснээс одоо ч тусгаар тогтнол эрсдэлд орчихоод байгаа юм биш үү. Би монгол хүнийхээ хувьд Гадаад хэргийн сайд “Далай ламыг энэ Засгийн бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлуулахгүй” гэхэд нь эмзэглэсэн. Далан таваар бууж өгөөд, үүнийхээ оронд манайд мөнгө өгөөч гэж гуйхад хүрсэн байна. Энэ бол манайх урд хөршөөсөө ихээхэн хамааралтай байна гэсэн үг?

-Яг үнэн. Жижигхэн овоохой дотроо дүү нараа дэгээдэж унагадаг дархан мэхтэй, том биетэй тэнэгдүү хүүхэд шиг л байна. Бусад улстай харилцах болохоороо гөлөг болоод дээшээ хараад хэвтчихдэг. Ийм нөхцөл байдал үүсгэж, түүндээ өөрсдөө гүйгээд орчихно гэдэг ямар ч бодлогогүй хэрэг.

Тэгээд бас манайхан хэтэрхий их хашгирч байна. Бид хэнийг ч үзэн ядах бас шүтэх хэрэггүй. Өөрсдөдөө сэтгэл ханамжтай, өөрөө өөртөө болж байна гэсэн үг байдаг. Бид тийм биш болсон байна. Заавал ч үгүй хэн нэгэнд юу ч юм нотлох гээд дэлхий яриад л. Сүүлийн үед түүнийг сонсохоор өөрийн эрхгүй уур хүрдэг болсон. Дэлхийн чихийг дэлдийлгэсэн, гайхшруулсан гэдэг. Гэртээ аятайхан хоолоо идэж чадахгүй байж дэлхий яриад хэрэггүй. Хамгийн чухал нь олон улсын харилцаа ч бай, дотоодын улс төр ч бай энэ бол шатар нүүхтэй адил шүү дээ. Шатар нүүхэд “Чамайг үзэн ядаж байна” гээд хашгираад дийлэхгүй. Хэн нь илүү бодож байна, алсын хараатай, мэхтэй нь ялна. Манай гадаад харилцаа ч тийм болчихож. Маш их хашгирч байна. Омогших юмаа хайж ядсан баахан хүмүүс л байна. Бусад улс орны мэдээг харьцуулаад үзээрэй. Спортын амжилт гаргасан тухай мэдээлэхдээ манай тамирчин алт авлаа, манайхан чадлаа гээд бичдэг. Манайхан болохоор “Дэлхийг дэлдийлгэлээ, гайхшрууллаа, бид ямар агуу вэ” гээд байдаг. Хэрэггүй юманд хөөрцөглөхийн оронд дэлхийд өрсөлдөх чадвараа яаж сайжруулахаа бодож, бодит ажил болгох хэрэгтэй. Тэр ажил хийгдэхгүй байна. “Зээл өгөөч” гэж гуйж явдаг боллоо. Эхний ээлжинд Монгол Улс яаж хөгжих вэ гэдэг төсөөлөл хэрэгтэй. Жишээ нь боловсролын системээ хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Гурван сая хүн амтай учраас бид бүх салбар руу дайрч чадахгүй. Хэт олон салбараа тэргүүлэх чиглэл гээд зарлачихсан. Тэгсэн мөртлөө аль ч тэргүүлэх салбарт нь юу ч хийгдээгүй. Хоосон урианууд бий. Жишээ нь, аялал жуулчлалын салбар тэргүүлэх чиглэл гээд зарлачихсан. Энэ чиглэлээр юу хийсэн юм бэ. Үнэхээр тэргүүлэх чиглэл бол боловсон хүчин бэлтгэх, боловсролын салбарт ямар байдлаар туссан бэ? Тэргүүлэх чиглэл гэдэг бол олон улсын хуралд оролцохдоо хэлдэг үг төдий. Бодит ажил хийгдээгүй. Улс төрийн манлайлал байхгүй гэдэг чинь энэ. Яаж сонгогдох вэ гэдгийг л боддог. Ингэж амлабал санал авна. Банкнаас зээл авахын тулд хуурамч бизнес төлөвлөгөө бичдэг шиг л. Авсан зээлээрээ бизнес хийхгүй, үнэтэй машин авч унаад, мөргөлдүүлээд байхгүй болгодог шиг л байна. Ардчилал гэдэг чинь ард түмнээ аз жаргалтай амьдруулна л гэсэн үг. Түүнийг хоосон цэцэрхэл болгоод ард түмэн нь гамшгийн байдалд амьдарч байна. Би саяхан нэг арга хэмжээ зохион байгууллаа. Арван хүний 2-3 нь ар гэрийн гачигдалтай гээд оролцож чадахгүй байна. Гуч гаруй насны арван эмэгтэй суугаад “буу халж” байгаад нэг нь “Би жирэмслээд миний ураг амьгүй болсон” гэж хэлэхэд хэдэн эмэгтэй “Би ч бас” гэж хэлсэн гээч. Арван эмэгтэйгийн найм нь. За яахав, золгүй хүмүүс цугласан гэж бодъё. Гэхдээ л өөр улсад дурын арван эмэгтэй сонгоход тэдний ядаж нэг нь ийм байдалд хүрсэн гэвэл эвгүй статистик. Гэтэл энэ түүх манай улс ямар хэмжээнд байгааг илтгэж байгаа юм. Манай найзын аав өчигдөр нас барлаа. Улаанбаатар буяны газар очиход урт дараалалтай байна. Таван цонх гаргачихсан байхад хүмүүс нь багтахгүй дугаарлаж байна шүү дээ.Ийм байдалд хүмүүсийг хүргэчихээд ардчилал, хүний эрх, дэлхийн түвшин яриад яах билээ.

-Улс төрийн манлайлал гэж байна. Манай тогтолцоо хэн нэгэн хүчтэй удирдагч бий болгохгүй гэж яриад байгаа?

-Чингис хаан санаа тээгч байсан болохоос биш Тэмүүжин гэж хүнийг Чингис хаан болгочихъё, тэр хүнийг баяжуулчихъя гэж хүмүүс үхэн хатан тэмцээгүй. Тэр хүмүүсийн намтрыг үзэхэд дунджаар 20-30 жил байлдсан байдаг. Агуу санааны төлөө хүн амиа золиослож явсан болохоос биш хүчтэй хүнийг гаргаж ирье гэж мөрөөдөөгүй. Тэр санааг нь гаргаж ирсэн хүн байдаг бол хүмүүс аяндаа бүчнэ. Санаа тээгчийг хүмүүс амиараа хамгаалж байгаа болохоос биш “Энийг дагаад байвал яс зууна” гэсэн бэртэгчин бол амиа золих чадваргүй.

-Санаа л гээд байх юм. Эсвэл энэ Монголын төлөө эрслэн босохоос аргагүйд хүртлээ бид ядраагүй юм биш үү?

-Бас дахиад хэлэхэд зовоод босч байгаа бол мунхаг уур хилэн, боолуудын бослого болно. Хоёр өөрасуудал. Боол болтлоо яах гэж доошоо орсон юм бэ. Чи чухал хэргийн төлөө бүхнээ золиод явж байгаа бол өөр. Дахиад л Боорчийг аваад үзье. Наху баяны ганц хүү. Өнөөгийнхөөр бол гараашдаа арван хэдэн лексустай хүн шүү дээ. Гэтэл хамаг юмаа хаяад, анх удаа тааралдаж байгаа хүүг дагаад “Би чиний өмнөөс харвалдая” гэж байгаа юм. Манай хэдэн бэртэгчин тэгж хэлэх үү. Яаж арваннэг дэх лексусаа авчих вэ, гараашинд багтдаггүй ээ яах билээ л гэнэ шүү дээ.

-ХҮН намынхан энэ цаг үед эрх баригчдын оронд байсан бол улс орныг гацаанаас гаргах санаагаар дутахгүй байсан гэж та хэлэх үү?

-Дутахгүй. Улсын хөгжлийн загварын ерөнхий төсөөлөл бидэнд бий. Ингэж хөгжих ёстой гэсэн том санаа бидэнд байна. Монгол Улсад сүүлийн 25 жил бэлтгэсэн боловсон хүчнүүд цугласан шүү дээ. Гэм нь дотроо яаж учраа олох, зохион байгуулагдах эвээ олохгүй байгаа болохоос биш энэ улсыг яаж цаашаа аваад явчих вэ гэсэн ухаан нь дутаагүй юм шүү.

-Одуудын цугларалтыг багцалж явах хэцүү ш дээ?

-Од гэхээсээ эв гэдэг бол эрдэм. Эрдмийг сурдаг, увидсаар олдоггүй.Бидний эхний л оролдлого байлаа шүү дээ.

-ХҮН намын анхны дарга хэн ч танихгүй хүн гараад ирсэн. Тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан хүн гаргаж ирж болоогүй юм уу. Та арын эгнээнд байх дуртай хүн үү?

-Санаа анхдагч, хэн дарга байх нь чухал биш гэж бодож байсан. Шаардлагатай бол би урд нь гараад явсан ч яах вэ. Хэсэг хүмүүсийг нэгтгэсэн хүн маань Боргил шүү дээ. Хүмүүсийг эвлүүлж учрыг нь олох өгөгдөл байдаг юм байна. Дарангуйлагч, дарга гэхээсээ илүү бусдыг уриалж манлайлдаг, туг нь болж чаддаг хүн дарга болох ёстой юм байна гэж одоо бол бодох болсон. Тэр нь хэн байх вэ гэж бид ярьж, бодож байна. Эвээ олж чадаагүйн нэг шалтгаан маш олон өөр соёлтой клубууд нэгдсэн юм. Тэр нь үл ойлголцолд хүргэсэн. Жишээ нь Реформ клубээс олон хүн орж ирсэн. Реформынхон барагтай бол бослого гаргаад байхгүй. Бодлогын дүн шинжилгээ хийдэг байгууллага. Эрүүл мэндийн салбарынхан бол зөвхөн эрүүл мэндийн асуудлаа л ярьдаг. Дүгнэлт хийгээд, шийдэл гаргадаг хүмүүс. Нөгөө талаас Майнд клубийнхэн өөр өөр мэргэжилтэй, Монгол түмнийг гэгээрүүлье гэсэн гүн ухаан сонирхдог хүмүүс. “Цахим өртөө” бол огт өөр соёлтой. Гадаадад амьдарч байсан хүмүүсийн нэгдэл шүү дээ. Фэйсбүүк үүсэхээс өмнө мэйлээр харьцаж нэгийгээ олсон, маш хүчтэй платформ. Тэд илүү эсэргүүцэгч уур амьсгалтай хэсэг. Энэ мэт олон байгууллагын төлөөлөл Удирдах зөвлөлд орж явахаар дасч ээнэгших, нэгдэж ойлголцож, соёлынхоо ялгааг бага багаар арилгахад цаг хугацаа шаардлагатай.

Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэргийн үүр уурхай болсон эзэнгүй Улаанбаатарын шөнө

Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны эцсийн автобусны буудал.

23:15 цаг Сонгинорхайрхан дүүргийн Зүүн салааны автобусны эцсийн буудлаас чанх хойшоо шороон замаар орж, хэд хэдэн гудамжаар өгсөж уруудав. Тэгсэн машины гэрэлд хоёр хүн гүйж яваа харагдлаа. Нэг нь нэлээд овортой зүйл барьчихсан явна. Харин нөгөөх нь хувцас бололтой зүйлс хааш яйш тэвэрчихсэн гүйж явлаа. Тэр хоёр нөхрийг гүйцэж очоод машиныхаа цонхыг онгойлгон “Газар асуух гэсэн юм” гэж хэлтэл пар хийтэл гүйлдээд алга болов. Хар хувцастай 40 эргэм насны залуу тэвэрч явсан хувцсаа тэр хавиар цувуулаад л хамаг эрчээрээ зугтаачихдаг юм байна. Том овортой эд зүйлс барьсан нөхөр мөн л биднээс зугтаагаад хэрэндээ л хурдан гүйж гарлаа. Машины гэрэлд харахад нэлээд том инчийн зурагт тэвэрчихсан яваа харагдсан. Ногоон хаалгатай айлын хашаа руу ороод нөгөө хоёр нөхөр ор сураггүй алга болчихлоо. Сандарч тэвдэн, үгийн солиогүй гүйсээр одсоноос харвал тэд айлаас хулгай хийгээд явж байхад нь ийн таарсан бололтой. Бидний шөнийн сурвалжлага эндээс эхэлсэн юм. Нийслэл хот шөнөдөө эзэнгүйдэж, сүүлийн гурван жил гэмт хэргийн гаралт ихэссэн. Хаа сайгүй архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, дээрэм гарч байгаа. Энэ талаар нийслэл хотын гудамжаар явж шөнийн сурвалжлага бэлтгэсэн юм. Нийслэл хотын захын гэр хороолол, зуслангийн байруудад сүүлийн жилүүдэд хулгай ихээр гарах болсон. Нэг шөнийн дотор зуслангийн хэдэн эгнээ байшинг тэр чигт нь ухаад бүх эд зүйлсийг нь ачаад явсан хэрэг байсхийгээд л бүртгэгдэж байгаа гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газраас онцолж байна лээ.

Гэр хорооллын харанхуй гудамж анир чимээгүй, хаа нэгтээ нохой хуцах нь сонсогдох аж. Гудамжаар ганцаараа, хоёулаа явж байгаа, гуйвж дайван алхах, дэлгүүрээс архи барьчихаад хар хурдаараа гүйж яваа бага насны хүүхэд тааралдана.

СОГТУУЧУУДААР ДҮҮРСЭН БАЯНХОШУУНЫ ЭЦЭС

Зүүн салааны гэр хорооллын гудамжаар хэсэг явж байгаад Баянхошууны автобусны буудлын эцэс орлоо. Тэр хавьд архидалт хавтгайрчээ. “Өрнөл”, “Бадмаараг” гэх мэт олон баар үйл ажиллагаа явуулж байна. Баарны үүдэнд хөлчүү залуус тамхи татаад зогсож байх юм. Мөн хажууханд нь бөөн зодоон болж байлаа. Хоёр согтуу эр өвлийн хүйтэнд гадуур хувцсаа тайлчихсан, майктай зодолдож байв. Нэгнийхээ дээр гараад суучихсан, нүүр нүдгүй балбаж байна. Хажууд нь байгаа залуус “Наадхаа алаад өг. Муу … гүйцээчих. Ийм арчаагүй… байсан юм уу” гээд л баахан хараал хэлж, хашгирах ажээ. Харин зодуулж байгаа залуутай хамт яваа бололтой эр “Та нар хүн аллаа шүү дээ. Одоо зодохоо больчих. Би найзыгаа аваад явна. Наадах чинь үхлээ шүү дээ” гээд л гуйгаад байх. Түүний үгийг тоож байгаа шинж ер алга.

Газар унагачихаад л дэвслээд байлаа. Зодуулж байгаа залуу өөдөөс нь эсэргүүцэх нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байв. Тэнд зодоон болж байхад уусан архи, пивондоо согтсон хэдэн охин хажууханд нь тамхи татаад чанга чанга инээлдэж байв. Тэр эмэгтэйчүүдэд хажууханд нь хэн нэгэн үхтлээ зодуулж байгаа нь огт асуудал биш бололтой. Хэн нь ч “Болиоч” гэх нь байтугай зодоон хийж байгаа хоёр руу тоож ч харсан шинжгүй.

Тэнд нэгнийгээ хэвтэрт ортол нь зодох, согтуу хөлчүү хүмүүс гудамжаар орилж хашгирч, эзэнгүй хээр талд хэдэн зэрлэг хүмүүс байгаа юм шиг л авирлаж байгааг зогсоох, хууль сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах цагдаа нар байсангүй. Баарны хамгаалагчаас “Энэ хороонд цагдаа нар байдаг биз дээ. Эргүүлийн цагдаа ирдэг юм уу. Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс зодолдоод байгаа юм биш үү” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс “Хаа нэг ирдэг юм. Бид дуудлага өгөх юм бол ирнэ шүү дээ. Бааранд зодолдоод байгаа хүмүүсийг хөөгөөд гаргачихдаг юм. Тэд гудамжиндаа зодолдож байвал бидэнд хамаагүй” хэмээн хариулж байна лээ. Баянхошууны автобусны буудлын эцсийн баар, караоке согтуу хөлчүү хүмүүсээр дүүрчээ. Баянхошууны эцсээс бид Дэнжийн мянга руу явахаар хөдөлсөн юм. Даландавхарын оршуулга дундуур ороод явлаа. Хэдэн жилийн өмнө энд засмал зам тавьсан. Машины хөл хөдөлгөөн ерөөсөө алга. Замын хоёр талаар хааяа хоёр, гурван хүн явж байгаа харагдана. Тэгсэн оршуулгын газраас хоёр хүүхэд дагуулсан эрэгтэй банз тэвэрчихсэн гараад ирдэг юм байна. Бид ч зогсож “Хаанаас банз авсан юм бэ. Танай гэр ойрхон уу” хэмээн яриа өдлөө. 50 гаруй настай тэрбээр “Чи манай гэрээр яах гэж байгаа юм. Энэ хэдийг дулаан хонуулах гээд түлээ олоод л явж байна шүү дээ” гээд уурлангуй хариулав. “Хүүхэд дагуулчихаад оршуулгын газраар явж болж байгаа юм уу. Наад хоёр чинь айж байгаа байлгүй дээ” гээд асуучихлаа. Мань хүн “За үхсэн хүнээс айдаг эр хүн гэж хаа байсан юм. Манай хоёр өдөр эндээс мод зөөж галаа түлчихдэг юм. Энд цөмөрсөн шарил олон байгаа. Хаагуур яаж явахаа мэднэ ээ, бид гурав” гээд инээв. Өөрөө хоёрхон ширхэг банз барьсан мөртлөө дагуулж яваа хоёр хүүхдэдээ дөрөв дөрвөн банз тэврүүлчихсэн байх. Тэгснээ “Хурдан яваач, юу гээд зогсоод байгаа юм, хар хүйтэнд” хэмээн загнасаар цаашлав. Нөгөө хоёр ч банзаа дааж ядсан амьтад түргэн алхалсаар харанхуй гудамж руу ороод бараа нь тасарлаа.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд цахилгаанаас болж айлын байшин шатав

ЦАХИЛГААНЫ УТАСНААС БОЛЖ БАЙШИН НЬ ШАТАВ

“Хүчит шонхор” захын тэр хавиар мөн л согтуу хүн олон байлаа. Бүр замын хажууд тасраад унтчихсан хүн ч тааралдав. Зурагчинтайгаа хамжаад тасарсан эрийг сэрээх гэж оролдлоо. Сэрэх шинж огт алга. Өмдөндөө морь харчихсан бололтой. Хэсэг удвал осгож амь насаа алдах нь тодорхой байлаа. Ингээд 102 дугаарын утас руу залгаж дуудлага өглөө. Тэгсэн өөдөөс “Та 103 дугаар руу залга. Эмнэлэг наад хүнийг чинь хариуцна. Түргэн дууд” гэв. Ингээд Нийслэлийн шуурхай удирдлагын төв рүү залгалаа. Түгжрэл байхгүй, дуудлага бага байсан бололтой арав гаруй минутын дараа түргэний эмч хүрээд ирлээ. “Муусайн архичдыг нь цагдаагийн мэдэлд өгөөд амрах юмсан. Бид ингээд зөөх, эмнэлэг дээр очоод өмхий үнэртүүлээд, агсан согтуу тавиад орилж хашгираад байдаг юм” гэсээр өнөөхийг ачиж аваад Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү яваад өглөө. Дэнжийн мянгын гэр хорооллын тэндээс Хайлаастын эцэс рүү явах санаатай өгсөв. Тэгсэн 17 дугаар сургуулийн баруун талын дэнж дээр айлын гэр шатаж байгаа бололтой улаан гал цоролзож харагдав. Бид ч огцом өөдөө гардаг, нэлээн бартаатай замтай гудамжаар өгссөөр шатаж байгаа айлын гадаа арай гэж очлоо. Нийслэлийн онцгой байдлын гал унтраах аравдугаар ангийн гал сөнөөгчид хэдийнэ ирчихжээ. Даралттай усаар шүршиж галыг унтрааж байлаа. Бага насны дөрвөн хүүхэд, аав, ээжтэйгээ гарч ирээд зогсчихжээ. Гэртээ унтах гээд байж байтал гэнэт салхи шуураад байгаа юм шиг дуу чимээ гарсан гэнэ. Тэгснээ гэнэт гэр рүү нь бөөн хар утаа ороод ирсэн байна. Үүдний амбаараас нь гал гарсан байж. Гэрийн эздийн хэлж байгаагаар цахилгааны утаснаас гал гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байв. 7х8 харьцаатай байшин юу ч үгүй болтлоо шатсан байв. Гал сөнөөгчид дуудлага өгснөөс хэдхэн минутын дараа ирсэн гэх. Гэхдээ байшингийн дотор хөөсөнцөр, шилэн хөвөнгөөр хийсэн учир гал амархан тархжээ. Арав гаруй минутын дотор байшин бүхэлдээ гал тархаж шатсан байна. Гэрийн эзэгтэй “Одоо гэр орон байхгүй яаж амьдрах юм бэ. Одоо яана аа” гээд л уйлаад байсан. Гэрээсээ эд зүйл юу ч авч чадаагүй байна лээ. Бүгд л хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа дэрийтэл зогсож байсан. Гал гарч айл шатаж байхад ойр хавийн айлуудаас хувин ус бариад нэг ч хүн гарч ирээгүй. Хамар хашааны айл нь гэрийнхээ тэр хавиар цахилгааны утас гэх мэт хурдан шатаж магадгүй зүйлсээ харж хямгадан, машинаа хашаанаасаа гаргачихсан зогсож байв. Сүүлийн үед гэр хорооллын айл өрхүүдийн гэр, байшин шатах болсон. Яндангаас үсэрсэн цог, цахилгааны утасны гэмтэл, халуун тогоо зэргээс болж гал гарч, иргэд гэр оронгүй болж байгаа билээ.


Дэнжийн мянгын замын хажууд согтуу хүн унтаж байлаа

“ХОЁР ХҮҮХДЭЭ ДЭЛГҮҮРЭЭС АРХИ ЗЭЭЛЖ ИР ГЭЖ ЯВУУЛЖЭЭ”

Долоон буудлын эцэс анир чимээгүй, Чингэлтэйн ам ч хөл хөдөлгөөнгүй нам жим байлаа. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дамба, Дарь-Эхийн тэр хавьд ёстой л шоу цэнгээн ид өрнөж байв. “Баарны үүдээр нь такси эрийтэл зогсоод хаашаа явах уу, хүргээд өгнө шүү” гээд тэр хавиар явсан хүн бүрээс асуух юм. Тэгсэн 7-8 настай болов уу гэмээр нэгэн хүү цэцэрлэгт явдаг бололтой дүүгээ дагуулчихсан зам хөндлөн гарах гээд зогсож байлаа. Хэд хэдэн машин өнгөрөөгөөд дүүгээ хөтөлсөөр зам хөндлөн гараад гүйлээ. Хоёр хүүхэд шууд нэг дэлгүүр рүү яваад орсон юм. Бид ч араас нь орцгоолоо. Тэгсэн дэлгүүрийн худалдагч эмээд хандаад “Эгч ээ ээж, аав хоёр танаас архи аваад ир гэнэ. Маргааш өглөө мөнгийг нь өгнө. Цалин нь маргааш өглөө эрт бууна гэнэ” гээд архи зээлээр авах гээд зогсож байлаа. Худалдагч “Тэр хоёр уух мөрөөрөө уухгүй. Та хоёрыг тэр холоос гүйлгээд байхдаа яадаг юм. Гэрт байгаа хүмүүс чинь агсам тавихаар хүн байна уу” гэж лавлаж асууж байна. Тэгсэн бага нь “Бороо ах л авгайгаа ална гээд байсан. Аав, ээж хоёр хэрэлдээгүй байгаа” гэж хариулж байлаа. Хоёр шил архи торонд хийлгүүлж бариад гарцгаалаа. Хоёр хүүхдийг хүргэж өгөх санаатай “Ах нь гэрт нь хүргээд өгөх үү” гэсэн чинь танихгүй хүнээс айж байгаа бололтой. Өөдөөс харж байгаад гүйгээд явчихлаа. Дарь-Эхийн автобусны дунд буудлын онц ноцтой хэрэг гардаг гүн жалганы урд талаар гүйсээр яваад өгсөн.

Шар хадны эцэс. 2017.01.11

Баянзүрх дүүргийн Шархадны эцэст залуус бөөгнөрч, арын гудамжинд нь хоорондоо зодолдож байгаа дуу гарах. Бас л эргүүлийн цагдаа алга байв. Шар хадны эмнэлгийн хойд дэнжийн гудамжаар ороод явж байтал хөл нүцгэн эмэгтэй согтуу яваатай таарав. Хар дотуур өмд, цагаан богино цамцтай эмэгтэй гуйвж дайвсаар явж байгаад ногоон өнгийн хаалгатай айл руу шууд яваад орсон юм. Өвлийн хүйтэнд хөл нүцгэн явж байгаагаа мэдэж байгаа юм огт алга байна лээ. Шөнийн цэнгээний газрын үүдэнд энд тэндгүй “Хямдхан архи авах уу. Дэлгүүр хаачихсан байгаа” гэх хүнтэй тааралдах аж. Мөн биеэ үнэлэгчид ч зам дагаад зогсож байв. Нийслэл хотын гэр хорооллын нэгэн шөнийн амьдрал иймэрхүү өрнөдөг ажээ. Гэрэлтүүлэг байхгүй тас харанхуй гудамжинд согтуу хөлчүү хүмүүс л байх. Хэдэн жилийн өмнөөс хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарыг татан буулгаж, дүүргийн цагдаагийн хэлтэс болгонд эргүүлийн цагдааг хариуцуулж өгсөн. Гэвч цагдаа нар хариуцсан газартаа шөнө эргүүл хийхгүй байгаагаас Улаанбаатар хот эзэнгүй болж, гэмт хэргийн үүр уурхай болжээ.

Төрийн цагдаа нь эзэнгүй хотын гудамж, талбайд хулгайч, дээрэмчид шөнийн “ажилдаа” гарцгааж, айл ухаж, аль нэг гудамжинд ганцаараа яваа хүнийг дээрэмдэж, архи уусан хүмүүс орилолдон хашгирч байна лээ. Ёстой л хууль журамгүй, архидалт, хүчирхийлэл, зодооны үүр уурхай болсон газар мэт байна. Хаа нэгэн газарт хүн амины онц ноцтой хэрэг гарч байгааг таслан зогсоох газар ч байхгүй байна. Биднийг сурвалжлага хийсэн тэр шөнө гэмт хэргийн шинжтэй 310 гаруй дуудлага Шуурхай удирдлагын төвд ирснээс архидан согтуурч танхайрсан, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 156 хэрэг, хулгайн 83, дээрмийн 30 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс гадна хүн амины дөрвөн хэрэг гарсан байна лээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн: “Суурь” гэдэг компаниас болж хавдартай олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна

“Элэгний” Ж.Чинбүрэн эмч Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/-аар очоод удаагүй байна. Монгол дахь элэгний оношилгоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч түүнийг “Хавдар”-ын даргаар очиход зарим хүн “Эмчээ хийж байхгүй” хэмээн харамласан, харамссан аястай байсан. Том даргын ажил хийгээд явчихна гэж бодсон байх. Гэвч тэрээр тэгсэнгүй, эмчээ ч, захирлаа ч зэрэгцүүлэн хийсээр явна. Түүнийг өглөө эрт ажил дээр нь хүлээж байтал “Ажил цуглахаас өмнө амжуулаад 8:00 цагт Эх нялхас дээр 30 хоногтой нярайд элэг тайрах хагалгаа хийчихээд ирлээ. Манай залуус мундаг болжээ, дажгүй сайн боллоо” гэсээр орж ирсэн юм. Ж.Чинбүрэн эмч энэ албан тушаалд очоод Монголд цунами болоод байгаа элэгний хавдрын эсрэг илүү өргөн цар хүрээнд тэмцэж эхэлсэн нь мэдрэгдэж байгаа юм. Энэ талаар бид нэлээн сайн хөөрөлдсөнийг та бүхэн доорх ярилцлагаас уншина уу.


-Та сүүлийн үед хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх тухай их ярьдаг боллоо?

-Хавдрыг эрт үед нь яаж илрүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Өнөөдөр хичнээн мундаг хагалгаа хийлээ гээд хожуу үедээ ирчихсэн хүний хавдрыг төгс эмчлэхэд хэцүү байна. Тийм болохоор хавдрыг эрт үед нь илрүүлэх, оношлуулах ажлыг үндэсний хэмжээний ажил болгомоор байна. Нэг хором ч алдмааргүй байна.

-Манайхны хэнэггүй байдал хэвээрээ л байна уу, нийгмийн сэтгэл зүйн хандлага өөрчлөгдсөн үү?

-Иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Энэ нь их сайн. Хүн урт наслах тусам хавдраар өвчлөх магадлал ихэсч байдаг. Хорт хавдрын өвчнөөр хоёр эрэгтэй хүний нэг нь, гурван эмэгтэй хүний нэг нь амьдралынхаа туршид өвдөх магадлалтай байна. Иймд хорт хавдраар өвдөөд эдгэрсэн хүний тоог нэмэгдүүлэх нь чухал. ХСҮТ гэж энэ байгууллагын ажлын гол үр дүнг өвчтөнүүдийн хэдэн хувь нь эмчлүүлээд таваас дээш жил амьдарч байна гэсэн тоон үзүүлэлтээс л харна. Тэгэхээр энэ зорилгод хүрэхийн тулд цогц, системтэй ажил зохион байгуулах ёстой. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, энэ эмнэлэгт хандаж байгаа хүмүүст хүртээмжтэй, чанартай, хүндрэл багатай үйлчилгээ үзүүлэх. Дэлхийн ямар ч улсад хагалгаа хийгээд 100 хувь эмчлээд, эдгээгээд гаргачихдаг гэсэн ойлголт байхгүй. Хагалгаа бол тодорхой хэмжээний эрсдэлийг хүлээж байдаг. 3-5 хувь нь эндэх эрсдэл байдаг. Бид тэр үзүүлэлтээс их байгаад байна уу, эсвэл дор байгаад байна уу гэдэг л чухал асуудал юм.

-Тэгэхээр хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт маш чухал юм байна?

-Ерөөсөө л тэр. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч нарын ур чадвараас үл хамаараад хичнээн сайн хагалгаа хийсэн ч дахиад үсэрхийлээд байдаг шатандаа орчихсон байвал эмч нарын хүч хөдөлмөр, эмнэлгийн зүгээс үзүүлж буй нүсэр их хүч хөдөлмөр талаар болно. Үүнийг ярихын учир нь өнөөдөр Монголд оношлогдож байгаа хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь 3, 4 дүгээр шат буюу хожуу үедээ орчихсон үедээ эмнэлэгт хандаж байгаа юм. Энэ байдал нь миний яриад байгаа үр дүн гаргах боломжийг хязгаарлаад байна. Тэгэхээр “Чинбүрэн, чи энэ ажлыг аваад энэ их хавдрын өвчлөлийг хазаарлаж зогсоо” гэж байгаа бол би “Яаж эрт илрүүлэх вэ” гэдэг асуудлыг л хамгийн түрүүнд тавина. Тавиад ч явж байна.

-Та ер нь хэдэн жил энэ хавдар гэж аймшгаас хүмүүсийг аврахын төлөө тэмцэж байна вэ?

-Үзлэг оношилгоо, хагалгаа хийсээр 20 жил хавдартай ноцолджээ. Ингэж ноцолдож яваа эмчийн хувьд хэлэхэд сайн хагалгаа хийхдээ биш, мундаг мэс заслын эмч байхдаа гол нь биш, яаж эрт илрүүлж, эрт эмчлэх вэ гэдэгтээ л хамаг утга учир оршино. Энэ нь өөрөө бүхэл бүтэн нийгмийг хамарсан асуудал болоод байна шүү дээ.

-Эрт илрүүлэлтийн сайн жишээнүүдийг яримаар байна?

-Манай улсад сайн жишээнүүд байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Үүний үр дүнд энэ хавдраар өвчлөгсдийн тав болон түүнээс дээш жил амьдрагсдын тоо 40 хувь болтлоо өссөн. Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог өвчин. Эмэгтэйчүүд дотроо элэгний хавдар нэгд, хоёрт умайн хүзүүний хавдар ордог юм. Тэгэхээр умайн хүзүүний хорт хавдрын эдгэрэлт 40 хувь гэдэг бол том амжилт, дэвшил юм. Мөн түүнчлэн Хаан банк, МҮОНРТ хамтарсан хавдрын эсрэг аян зургаан жил хэрэгжиж 450-иад хүний хорт хавдрыг эрт оношилсон байдаг. Энэ мэт гадны болон дотоодын санхүүжилт, тусламжтайгаар дээрх үр дүнд хүрсэн. Цаашид хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрүүдийг төр засгийн нэгдсэн бодлогоор удирдах шаардлага байгааг дээрх жишээ харуулж байна. Мөн сүүлийн гурван жил төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд элэгний тухай мэдээллээр нийгмийг зодлоо шүү дээ. Элэгний С, Д, В вирус гэж ярьсны сайн тал нь хүмүүс В, С, Д вирус чинь аюултай юм байна гэдгийг ойлгоод эхэлсэн нь хамгийн чухал. Хүмүүсийн шинжилгээ өгөх идэвх сайн болсон. Нийгмийн анхаарлын төвд ингэж аваачихад хэвлэл мэдээллийнхэн маань онцгой үүрэг гүйцэтгэлээ. Энэ бол хавдрын эсрэг нэг шат ахисан хэрэг. Одоо төр засгийн оролцоо чухал. Тэгэхгүй бол энэ өвчин гамшгийн хэмжээнд оччихсон. Монголд тохиолдож байгаа элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их. Монгол дахь нийт хавдрын 40 хувийг дангаараа эзэлж байгаа. Бод доо, элэгний өвчлөлийг бид шийдчих юм бол нийт хавдрын 40 хувийг шийдлээ гэсэн үг. Ганцхан өвчний тухай ярьж байна шүү дээ.

-Нийт хавдраар өвчлөгсдийн эдгэрэлт ямар байна вэ?

-Нийт хавдрын тав болон түүнээс дээш жилд амьдарч байгаа нь 18 хувиас бага байна. Нийт хавдрын хэмжээнд аваад үзэхэд ийм байхад зөвхөн умайн хүзүүний хорт хавдрыг дангаар нь аваад үзэхэд үр дүн нь 100 хүний 40 хувь нь таваас дээш жил амьдарч эдгэрч байна гэсэн үг юм.

-Ер нь манай улсад оношилгоо ямар түвшинд байна вэ. Боломжтойнууд нь гадагшаа л явчих юм байна шүү дээ?

-Монголын эмч нартаа итгэх цаг болсон. Наад захын жишээ гэхэд В,С вирус буюу элэгний хавдар үүсгэдэг шалтгааныг Монгол Улс эмчилж чаддаг боллоо. Эмчилдэг эмийг төр болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор 90 хувийн хөнгөлөлттэйгөөр Монголд оруулаад ирчихлээ. С вирусийн эм Америкт 90 мянган доллар. Гурван сар буюу зургаан сарын курс эмчилгээ хийлгэхэд 90 мянган доллар төлдөг бол Монголд хамгийн анх орж ирсэн эмийн сарын эмчилгээ нь 400 доллар буюу гурван сар эмчлүүлэхэд 1200 доллар. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “ Элэг бүтэн Монгол” гэж оруулаад, нөгөө л хэвлэл мэдээллээр зодсоны ачаар улс төрийн намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Энэ юуг харуулж байна гэхээр хэвлэл мэдээлэл ямар хүчтэйг, үнэхээр дөрөв дэх засаглал гэдгийг хэлж байна. Ингээд нийгэм даяар ажил болгоод ирэхээр С вирусийн эмийг 2017 оноос эхлээд эмчилгээнд орж байгаа хүн ердөө сард 35-40 мянган төгрөг төлөөд л, нийтдээ 100 000 төгрөг хүрэхгүй мөнгө төлөөд л С вирусээ эмчлүүлээд эхэллээ гэсэн үг. Улсаас мөнгийг нь даадаг болчихсон, эмчилгээний зардлыг нь ч гэсэн. Монголд ийм сайхан боломж бүрдлээ. Тэгэхээр элэгний хавдрын шалтгааныг бид дийлдэг болчихлоо. Дийлдэг болчихоор хүмүүс эмчилгээ хийлгэх гээд эмнэлэгт хандаж үзүүлдэг болчихсон байна. Үзүүлж байгаа зарим хүмүүсийн элгэн дээр жижигхэн хавдар оношлогдож эхэлж байна. Элэг өөрөө дүлий эрхтэн, түүн дээр том хавдар үүсчихсэн байгааг мэдэхгүй явж байдаг. Гэтэл жижигхэн толбо байгаа үед нь илрүүлж чадсанаар энэ жижигхэн хавдрыг гаднаас нь тусгай жижиг төхөөрөмжөөр 120 градус хүртэл халаагаад, түлээд сорви болгочихдог юм. Үүнд ердөө 15 минут зарцуулна. Маргааш нь нөгөө хүн ажлаа хийгээд л явна. Өвдөлт зовуурь байхгүй. Эмчилгээ нь өөрөө өртөг багатай. Бид эрт үед нь илрүүлснээр олон улсын стандартын дагуу ийм өндөр түвшний эмчилгээг амжилттай хийж байгаа. Асар том дэвшил биздээ. Энэ бүх эмчилгээний технологи мэдээж цаг хормоор цааш ахиж дэвжээд явна. Бид ч дэлхийн жишгээс хоцрохгүйн тулд өдөр шөнөгүй л хичээн хөдөлмөрлөж байна.

-Энэ эмчилгээг хэзээнээс манайд хийж эхлэв?

-Энэ эмчилгээг 2009 онд анх Монголд нэвтрүүлсэн. Түлдэг эмчилгээ гэж ярья л даа, хоёулаа. Анх эхэлж байх үед эрт үеийн хавдар оношлогдохгүй, жилдээ 30-хан хүнд хийж байсан. Одоо бол жилдээ 400 гаруй хүнд хийж байна.

-Нэмэгдээд л байгаа юм байна?

-Харин тийм, 2017 онд бүр л ихсэнэ. Тэгэхээр л цаг алдалгүй “Хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж бага зардлаар, хурдан эмчилж, эдгэрэх магадлалын хувь хэмжээг өндөрсгөмөөр байна. Эрт илрүүлэлтийн хөтөлбөр байх юм бол оношлоод, эмчлэх технологи нь бэлээхэн байна. Одоо бол гаднаас тоног төхөөрөмж гуйх, хүн сургах гэсэн ойлголт байхгүй.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад ямар түвшинд байна вэ?

-Олон жилийн явцад муу болчихсон элгийг сольж байж тэр хүн эдгэрэх боломж бүрддэг. Анагаах ухааны технологи улам эрчтэй хөгжиж байна, элэг шилжүүлэн суулгах хагалгаа технологийн хувьд улам л сайжирч байгаа. Солонгост Их сургуулийн эмнэлэг төдийгүй хоёрдугаар шатлалын эмнэлгүүд хийж байна.

-Элэг солиулах гэдгийг үлгэрийн юм шиг ойлголт өнөөдөр ч нийгэмд байгаа?

-Элэг шилжүүлэн суулгах технологийг ХСҮТ дээр 2011 оноос нэвтрүүлж ажилласаар л байна. Миний хувьд 2011 оноос эхлэн эх орондоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Учир нь бид элэгний хагалгаа хийдэг, жилдээ 350-400 хүнд элэг тайрах эмчилгээ хийж байна. Энэ бол маш том тоо. Миний өөрийн туршлага, хийсэн хагалгаа гэхэд 1200 гарчихсан байна. Энэ нь боловсон хүчин манайд байна гэсэн үг. Ингээд л шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж дэмжлэг хайх ажлыг 2011 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд ганцаараа, байгууллагаараа яваад бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Олон нийтийн оролцоог бий болгох, шийдвэр гаргах түвшний хүмүүст ойлгуулах нь чухал гэдгийг ойлгосон. Тэгээд 2015 оноос хэвлэл мэдээллийнхэндээ хандсан, найз нөхөдтэйгөө нийлээд “Элэг нэгт монголчууд” сан байгуулж элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах төсөл хэрэгжүүлэхээр мөнгө төгрөг хайгаад явсан нь амжилттай болсон. Оны өмнөхөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэрбум төгрөгийн зардлаар сүүлийн үеийн тоног төхөөрөмж аваад өглөө. Одоо бид боловсон хүчнээ сургаад явж байна. Өнгөрсөн тав дахь өдөр Sam¬sung корпорацийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад ирлээ. Ийм том хагалгаа хийхэд мэдээж асар туршлагатай гадны зөвлөх баг, эмч нар байх ёстой. Алдаа гаргаж болохгүй. Samsung электроникс корпорацийн зүгээс ХСҮТ-д энэ төсөлтэй холбоотойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр урьдчилсан тохироонд хүрсэн. Эхний дэмжлэг нь тэндээс ирэх эмч нарын багийн зардлыг даах юм. Олон гишүүдтэй баг ирнэ. Тэдгээрийн зардал гэхэд нэг ирэхдээ л 15000-20000 ам.долларын зардал гарах юм билээ. Монгол мөнгөөр бодоход 30-40 сая төгрөг. ЭМЯ, Солонгос улсад суугаа манай Элчин сайдын яамнаас энэхүү гэрээнд хамтарч оролцож, энэ ажлын ач холбогдлыг үнэлсэн. Цаад байгууллагуудыг энэхүү ажилд туслаач гэдэг дуу хоолойнд төрийн зүгээс хэлүүлнэ гэдэг бол хамгийн чухал байсан.

-Таны ярианаас “Хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэж ойлголоо?

-Яг тийм. Одоо бол боловсон хүчин нь байна, техник тоног төхөөрөмж нь байна, эмчлэх технологи нь байна, туршлага нь байна, дэмжээд туслаад өгье гэсэн гадна, дотнын улсууд нь байна. Нийгмийн сэтгэл зүй элэгний асуудал дээр нэлээд төвлөрчихлөө. Одоо гурав дахь том зорилт эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эхлүүлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх л үлдлээ.

-Монголын нөхцөлд элэг шилжүүлэн суулгана гэдэг том хагалгаа байх. Олон баг хамт олны хүч хөдөлмөр, потенциал, энерги бүгд л орж байж амжилттай болно байх?

-Манай нөхцөлд элэг шилжүүлэн суулгана гэдэг нь бүхэл бүтэн эмнэлгийн ажил юм. Нэг хүн хагалгаанд ороход эмнэлэг бүх нөөцөө дайчилдаг. 50-60 хүний баг оролцож байна шүү дээ. Олон сургалт тэгж явагдаж байна. Долоо хоног болгон хуралдаж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ дээр нэвтрүүлснээр ХСҮТ-ийн эмчилгээ үйлчилгээний чанар нэг давхраас есдүгээр давхарт гарлаа гэсэн үг. Нэг хүн биш 60-уулаа суралцаж байгаа юм. Энэ бүхэн чинь нэг өдрийн ажил биш, асар их цаг хугацаа орсон, хүч хөдөлмөр орсон, олон хүний нөөц бололцоог ашиглаж, сургаж, өөрөөр хэлбэл хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал бүгд нэг дор төвлөрсөн тийм л ажил. Нөгөө хувьсгалын тохироо нь одоо л бүрдсэн хэрэг. Нэмж хэлэхэд, Улсын нэгдүгээр эмнэлэг арвин их туршлага хуримтлуулаад байгаа. Бид дотоодын багаасаа суралцаж байна. Өнгөрсөн бүтэн сайн өдөр элэг шилжүүлэн суулгах мэс засал Улсын нэгдүгээр эмнэлэг хийхэд ХСҮТ-ийн баг хагалгааны явцтай танилцаж суралцлаа.

-Одоо тэгээд элэг шилжүүлэн суулгах ажлыг зогсоо зайгүй хийхгүй юу хүлээгээд байна вэ. Хувьсгалын тохироо бүрдчихлээ л гэнэ. Хүний нөөцөө бэлдчихлээ, шаардлагатай тоног төхөөрөмжөө оруулаад ирлээ л гэнэ…?

-ХСҮТ өргөтгөлөө барьж эхэлсэн байгаа. Түүн дотроо элэг шилжүүлэн суулгахад зориулсан хагалгааны өрөөг зураг төсөл дээр нь тусгаж өгөөд захиалсан байгаа. Австрийн хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Хоёр хүн зэрэг хагалгаанд орох зориулалтын өрөө. Үүнд эмнэлэг өөрөө хамаг сэтгэл зүрхээ зориулсан байх ёстой. Миний энэ ажлыг аваад хамгийн гол зорьж байгаа зүйл энэ. Гэтэл энэ өргөтгөлийн барилгын ажил удаашралтай байна. Одоо миний ажлын ихэнх цаг энэ өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, амь нас нь цаг минутаар хэмжигдэж буй олон зуун өвчтөнөө яаралтай хүлээн авч эмчлэхэд л зориулагдаж байна. Гэтэл ажил урагшаа ерөөсөө явахгүй байна.

-Барилгын ажил удаашрах ч гэж дээ, ерөөсөө зогсчихсон юм биш үү. Яг юунаас болоод байна вэ?

-Үндсэндээ 2011 оны долдугаар сард барилгын ажил эхэлсэн юм билээ. Төр засгаас бол их дэмжсэн байдаг. Энэ барилга олон гүйцэтгэгчтэй. Жишээлбэл, Австрийн хөнгөлөлттэй зээлээр Европын компани тоног төхөөрөмж суурилуулах, хагалгааны өрөө хийх, Монгол компани нь барилгаа барьж дуусгах гээд. Миний ажлаа аваад хийсэн нэг зүйл бол энэ олон гүйцэтгэгчдийн нэг ширээнд урьж суулгаад ярилцлаа. Юун дээр гацаад байна, юу нь болохгүй байна гэдгийг тодрууллаа. Хоорондоо уялдаагүй юм их байна. Зарим ажлыг хэн хийх нь мэдэгдэхгүй эзэнгүй ч явж байх шиг. Бид хүрээд ирсэн шугамыг ингэж залгаад ийм ажил хийнээ гээд л сууж байх жишээний. Гэтэл өнөө шугамыг нь хэн хийж тэнд аваачих нь мэдэгдэхгүй. Энэ эзэнгүй гээд байгаа ажил нь 100-гаад сая төгрөгийн ажил юм билээ. Одоо гүйцэтгэж байгаа монгол компани маань чадлынхаа хэрээр сайн ажиллаж байгаа. Үүнийг ЭМЯ маш сайн дэмжиж ирсэн. Оны өмнө дутуу санхүүжилтийг шийдэж өгсөн. Төсөв хүнд байсан ч гэсэн энэ ажлыг дуусга гэж онцгойлон анхаарч санхүүжилтийг нь шийдсэн Цогцэцэг сайдад баярлаж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Очирбат ч их сайн дэмжсэн. Хөрөнгө оруулалтын газрын дарга хүртэл цахилгааны асуудалтай холбоотой ажлыг яаж хурдан хийх үү гээд л санаа тавиад, анхаарал тавиад ажиллаж байгаа. Энэ бол яам өөрөө захиалагч, яам өөрөө оролцож байгаа нь маш сайн байгаа юм. Бид бас чадлаараа үүнд оролцож байна. Гэхдээ л энэ асуудал чинь их урт хугацаанд тухайлбал, 2011 оноос одоог хүртэл гэдэг чинь зургаа дахь жил рүүгээ ороод явж байна. Одоо энэ өргөтгөлийн ажилд хамгийн саад болж байгаа газар бол “Суурь” гэж компани байна. Энэ компани гүйцэтгээгүй ажлынхаа мөнгө болох 450 сая төгрөгийг урьдчилж аваад алга болчихсон.

-Үүний цаана чинь олон зуун хүний амь нас байгаа шүү дээ. Тэгээд олдохгүй байгаа компани юм уу?

-Хаана ч байгаа юм бүү мэд. Сайдын аудитын зөвлөл хуралдаад “Чинбүрэн одоо та хариуцаж байгаа албан тушаалтны хувьд шүүхэд өгч шийд” гэсэн. Албан тоот явуулчихсан, надад хариуцуулаад өгчихсөн. Энэ бол дэндүү хариуцлагагүй зүйл. Жишээ нь энэхүү өргөтгөлийн гурван давхар байшинд лифт нь хийгдээгүй онгорхой байгаа. Гэтэл энэ “Суурь” гэж компани лифт хийсэн гээд мөнгийг нь аваад арилсан байх жишээтэй. Ийм юм байж болохгүй биз дээ. Гэтэл энэ байшинг ашиглалтанд оруулахын тулд УИХ хүртэл ямар их санаа тавьсан, мөнгө төгрөгийг нь нэмж батлаад л, одоо энэ барилгыг дуусга гээд мөнгийг нь шийдээд л, аль эрт 2013 онд баталж өгөөд, бүр 2016 онд ч ямарч асуудалгүй мөнгийг нь батлаад өглөө шүү дээ. Төр засгийн зүгээс шалтгаалах бүх юмаа хийсэн. Тэгтэл ийм нэг увайгүй хүмүүс, аж ахуйн нэгжүүд хэний ч лоббигоор юм орж ирээд хэдэн зуун хүний амь насаар тоглож байна. Энэ өргөтгөл ашиглалтад ороход бид хавдрын нийт ачааллынхаа 30 хувийг багасгах юм шүү дээ. Хүмүүс хагалгаагаа хүлээгээд нэг сар болдог байсан бол 14 хоногоор наад зах нь наашлах юм. Дөнгөж саяхан фэйсбүүкээр Мөнхбаясгалан сэтгүүлч постолсон байна лээ, “Дашдаваа гэдэг хүн хагалгаанд орох гэж хүлээсээр байгаад тэсэлгүй нас барлаа” гэж. Миний зүрх рүү зүүгээр шивэх л сонсогдож байгаа байхгүй юу. Энэ бол нэг жишээ шүү дээ. Үүний цаана ийм маш олон хүн байгаа юм. Гэтэл бид ичмээр байдалд ороод байгаа юм л даа. Би энэ ажлыг авдаг, энэ барилгыг хурдан ашиглалтад оруулаад энэ хагалгааг хийх гээд байдаг. Цаана нь хүмүүс Чинбүрэн ажил авсан хүн юу хийгээд суугаад байдаг юм гэж бодож байгаа. Энэ бол эвгүй сонсогдохоор байгаа биз. Үнэндээ энэ ажлыг авснаас хойш миний ажлын 80 хувь нь энэ өргөтгөлийн барилгыг яаж хурдан ашиглалтад оруулах вэ гэдэгт зориулагдаж байна. Энэ байшин ашиглалтад орсноор зөвхөн элэгний хагалгаа хийгдэх гээд байгаа юм биш. Монгол Улсад туяа эмчилгээн дээр хувьсгал гарна. Туяа гэдэг чинь радио идэвхт бодисоор хавдрыг эмчилдэг эмчилгээ юм. Энэ бол хавдрыг эмчилдэг салшгүй нэг том хэсэг нь юм. Гэтэл одоо Монголд хуучин систем буюу туяа цацруулдаг бодис кобальт хэрэглэдэг. Энэ нь асар их гаж нөлөөтэй. Гэтэл хуучны технологийг халсан огт өөр технологи орж ирэх гээд байгаа юм. Энэ бол технологийн хувьсгал. Ийм аппарат ашиглалтад оруулах гээд энэ байшинг хүлээгээд байгаад байна даа.

-Тэгэхээр ганцхан элэгний асуудал биш болж таарлаа, олон төрлийн хавдар, туяа эмчилгээ сүүлийн үеийн технологиор энэ байшинд хийгдэх юм байна?

-Бүхэл бүтэн нэг давхар нь химийн тасаг орно, хоёр давхар нь туяаны тасаг орно, бас нэг давхар нь элэгний тасаг орно. Энэ барилга ашиглалтад ороход бид ямар том үсрэлт хийнэ гэхээр нэгдүгээрт, элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ. Хоёрдугаарт, туяа эмчилгээн дээр технологийн өндөр түвшинд асар том хувьсгал гарна. Хажуугаар нь байгаа эрүүл эрхтэн өртөж түлэгдэж гэмтдэг байсан бол одоо зөвхөн өвчтэй эрхтнээ л шарах боломжтой болно. Бүхэл бүтэн долоон сая еврогийн үнэтэй тоног төхөөрөмж суурилагдахаар хүлээж байна. Бид үүнийг хийснээрээ хавдрын тусламж үйлчилгээний чанарт цоо шинэ эрин үеийг эхлүүлэх гээд байна. 2017 онд хийх олон том ажлууд хүлээгдэж байна. Гэтэл энэ барилгатай бүх юм холбогдоод зогсчихоод байна. “Суурь” гэж компаниас болж цаашид хэдэн хүн амь насаа алдахыг бид хэлж мэдэхгүй байна. Надад үнэхээр харамсалтай байна. Энэ компаниас болж олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна шүү дээ.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үед зохиомол хэрэгт гүтгэх нь байтугай хийсэн хэргийг хүлээлгэх ч хэцүү болсон

“С.Зоригийн хэрэг”-ийн Шүүх хурал болж шүүх шийдвэрээ гаргалаа. Хэрэг хийсэн хүмүүсийн ар гэрийнхний гомдол харин тасрахгүй байна. Яллагдагчдын тал гомдолтой, хилс хэрэгт гүтгэлээ хэмээн үзэж байгаа юм. Энэ хүмүүсийг бол ойлгож байна аа.

Гэвч энэ хэргийг зохиомол хэрэг болгочихлоо гэж нийгэмд хүчтэй дэвэргэж, үр дүнд нь уг хэргийн Шүүх хурлыг юу ч биш болгох гэсэн тодорхой хүчин байгаа юм шиг анзаарагдаад байгаа нь л түгшүүртэй байна. Хүмүүс яаж харж, яаж мэдэрч байдаг юм бол доо. Тийм явуулгатай бүлэглэл цаана нь байгаа нь мэдрэгдэхгүй байна уу. Яг жинхэнэ дээ, ийм зохиомол шүүх хурлыг зохион байгуулаад, гурван шатны шүүхээр авч гараад, хоёр шатны прокуророор хянуулаад, ингээд жүжиг болгоод явуулна гэхэд санаанд ерөөсөө багтахгүй юм. Монголын Шүүхэд арай ч ийм дампуу зүйл байхгүй байх. Хуулийн бүх шатлалын процессыг та сайн хараарай. Ер нь л боломжгүй дээ. Өмгөөлөгч О.Алтангэрэл “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа энэ тухай тодорхой ярьсан. Ийм өрнөл дунд, ингэж шийдэгдсэн хэрэг зохиомол байх боломжгүй гэдгийг ерөнхийд нь процедураар тайлбарласан. Тийм болохоор Монголын Шүүх арай ч иймдээ хүрээгүй байх гэж итгэж байгаа юм. Харин энэхүү шүүх хурлыг ийм зохиомол мэтээр нийгэмд ойлгуулж, гүтгэсэн хилсдүүлсэн болгож нийгмийн сэтгэл зүйд тасралтгүй шуугиан үүсгэн, тэгснээр энэ хэргийг юу ч биш болгох гэсэн айхавтар явуулга яваад байгаа нь илүү ноцтой болоод байна. Хэргээ хүлээн, ял авсан гурван хүний ар гэрийнхэнтэй шатаалгаж нас барсан О-гийн гэр бүлийн ганц нэг хүн нийлчихсэн “Эдгээр хүмүүс ингэх хүмүүс биш ээ” гээд явж байгаа нь хүртэл сонин л харагдах юм. Бодит байдал дээрээ Амгаланбаатарын өөрөө хүлээсэн хүн амины гурван хэрэг нь гурвуулаа баримтаар батлагдчихсан (тэрний нэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг), Содномдаржаагийн гэрээс С.Зоригийн гэрт байсан хутга, цаг хоёр нь олдсон, хэргийг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн зарим нэг томоохон албан тушаалтнууд “Бид хэрэгтнийг гарцаагүй баримт нотолгоотой илрүүлж чадсан. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хуулийн дараагийн шатанд шилжүүлсэн. Тэнд яаж шийдэх нь, ер нь цаашаа яаж үргэлжлэх нь бидний асуудал биш” гэж хэлсэн. Нэгэнт ингэж баримт нотолгоотой шүүхээр шийдэгдсэн хэрэг харин цаашаа яаж үргэлжлэх гээд байгаа нь л ийнхүү эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Ямар ч байсан захиалагч, хэргийг зохион байгуулагч байгаа гэдэг нь тодорхой юм шиг байна. Тийм болохоор захиалагчийг илрүүлэн тогтоох ажлын хэсгийг албан ёсоор байгуулж, тагнуул цагдаагүй бүгд орсон том бүрэлдэхүүн ажиллаж эхэллээ. Анзаарахад энэ ажлын хэсэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс л хүн байхгүй байх шиг харагдсан даа. Анх бол бүх ажлын хэсэгт байсан санагдах юм. Ер нь тэгээд захиалагч нь тэр, энэ гэсэн яриа нийгэмд их л байна. Үнэн худлыг Шүүх тогтоох биз дээ. Энэ хэрэгтэй холбоотой нэр гарсан тодорхой хүмүүсийн асуудал нийгэмд анхаарлын тэмдэгтэй л үлдсэн. Зарим нэгнийх нь хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх л гэх юм. Заримынх нь хувьд гэрчийн мэдүүлэг өгөх хугацаа гэж бас байдаг, тэр нь гэрч олон жилийн хугацаанд мартаж санах гэдгийг бодолцсон хуулийн заалт. Энэ заалтаар зарим гэрчийн мэдүүлэг өгөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар байгаа бололтой. Заримыг нь бүр прокурор дээр хэрэгсэхгүй болгосон байна лээ. Энэ бүгд дээр хууль эрх зүйн талаас нь ул суурьтайхан тайлбарлаад өгөх хуульч байтугай тэтгэвэртээ гарсан өвгөн ч олдохгүй байна. Ярихаар бүгдээрээ хүн заагаад өгчихсөн юм шиг нэг л үгийг хэлэх. Тэр нь “За даа, наад хэргийн чинь талаар нэг их юм яримааргүй байна. Дэмий зүйлд орооцолдоод яахав” гэж. Хачирхалтай байгаа биз. Юу болчихоод байгаа юм бэ. Тийм болохоор л өөрийн логик гаргалгааг хийж байгаа юм. Жишээ нь захиалагчийн тухайд гэхэд “Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байгаад сая шинэ нөхцөл байдал үүссэн учраас хэргийг тусгаарлаж, дахиад шинээр мөрдөж байгаа юм болов уу” гэж. Ерөөсөө энэ хэрэг нь өөрөө эхнээсээ нууцын зэрэглэлтэй гэж хэлээд бүх зүйлийг нийгэмд оньсого таавар болгосон нь буруу байж. Ингэх нь эхнээсээ хэнд ашигтай байв. Одоо шүүхээр шийдэгдчихсэн хойно дахин завааруулж, ард түмний сэтгэл зүйг үймүүлэх нь бас хэнд ашигтай юм. Энэ бүгдийн эцэст ямар үр дүн гарах юм бол. Тэгэхээр л энэ хэргийг ил тод болгох хэрэгтэй юм биш үү. Нууц байснаараа явуулга хийж буй бүлгийн зорилгод улам нэмэр болоод байх шиг.

Эцэст нь хэлэхэд аллагыг захиалагч, зохион байгуулагч бүлэглэл, тэдгээрийг дагасан хүмүүсийн ерээд оны дундуур илбийн юм шиг бий болж байсан хөрөнгө мөнгө өнөөдөр эргэлзээ төрүүлж байна. Энэ бүлэглэлийн зүгээс өнөөдөр аймшиггүйгээр зохион байгуулж байгаа энэ их ажлыг нийгэм даяараа анзааран мэдэрч, ард түмэн бүгдээрээ сонор соргог байхгүй бол болохгүй нь. Тэд нэг л ингээд сурчихвал, ийм юмны ард гараад сурчихвал цааш цаашид Монгол Улс юу болж хувирах вэ!!! Өнөөдөр Монголын чөлөөт нийгэмд хүнийг зохиомол хэрэгт гүтгэх нь байтугай хийсэн хэргийг хүлээлгэх ч хэцүү болсныг олон даяараа мэдэж байгаа шүү дээ.

Б.Батболд

Categories
энтертаймент-ертөнц

89 дэх удаагийн “Оскар”-т нэр дэвшигчдийг зарлалаа

Академийн тэргүүн дээд шагнал гардуулах 89 дэх удаагийн наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. “Алтан бөмбөрцөг”-өөс нэр дэвшсэн бүх долоон номинацидаа ялснаар шинэ амжилтын эзэд болсон “La La Land” кино багийнхан “Оскар”-ыг ч мөн түүчээлж байна. Тус кино нийт 14 номинацид нэр дэвшсэнээр “Titanic”, “All About Eve” киноны түүхэн амжилтыг давтжээ.

Мөн “Moonlight” болон “Arrival” кино тус тус найман номинацид нэр дэвшсэн байна.

“La La Land” шилдэг найруулагч, шилдэг зураг авалт, шилдэг зохиол, мөн гол жүжигчид болох Эмма Стоун, Рьян Госслинг нар шилдэг гол дүрийн жүжигчдэд мөн өрсөлдөх юм.

89 дэх удаагийн “Оскар” хоёрдугаар сарын 26-нд Холливудэд болох бөгөөд телевизийн шоуны хөтлөгч Жимми Киммел хөтлөн явуулах ажээ.

89 ДЭХ УДААГИЙН “ОСКАР”-Т НЭР ДЭВШИГЧИД:

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин:

  • Кейси Аффлек “Manchester by the Sea”
  • Эндрью Гарбилд “Hacksaw Ridge”
  • Рьян Госслинг “La La Land”
  • Вигго Мортенсен “Captain Fantastic”
  • Дензен Вашингтон “Fences”

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин:

  • Махершала Али “Moonlight”
  • Жефф Брижис “Hell of High Water”
  • Лукас Хеджс “Manchester by the Sea”
  • Дев Пател “Lion”
  • Майкл Шэннон “Nocturnal Animals”

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин:

  • Изабель Хюпперт “Elle”
  • Рут Негга “Loving”
  • Натали Портмэн “Jackie”
  • Эмма Стоун “La La Land”
  • Мерил Стрип “Florence Foster Jenkins”

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин:

  • Вайола Дэвис “Fences”
  • Наоми Харрис “Moonlight”
  • Николь Кидмэн “Lion”
  • Октавия Спенсер “Hidden Figures”
  • Мишель Уилльямс “Manchester by the Sea”

Шилдэг энимэйшн кино:

  • “Kubo and the Two Strings”
  • “Moana”
  • “My Life as a Zucchini”
  • “The Red Turtle”
  • “Zootopia”

Шилдэг зураг авалт:

  • “Arrival”
  • “La La Land”
  • “Lion”
  • “Moonlight”
  • “Silence”

Шилдэг хувцас дизайн:

  • “Allied”
  • “Fantastic Beasts and Where to Find Them”
  • “Florence Foster Jenkins”
  • “Jackie”
  • “La La Land”

Шилдэг найруулагч:

  • Деннис Вилленью “Arrival”
  • Мел Гибсон “Hacksaw Ridge”
  • Дамьен Шазель “La La Land”
  • Кеннет Лонерган “Manchester by the Sea”
  • Барри Женкинс “Moonlight”

Шилдэг баримтат кино:

  • “Fire at Sea”
  • “I Am Not Your Negro”
  • “Life, Animated”
  • “O.J.: Made in America”
  • “13th”

Шилдэг богино хэмжээний баримтат кино:

  • “Extremis”
  • “4.1 Miles”
  • “Joe’s Violin”
  • “Watani: My Homeland”
  • “The White Helmets”

Шилдэг эвлүүлэг:

  • “Arrival”
  • “Hacksaw Ridge”
  • “Hell of High Water”
  • “La La Land”
  • “Moonlight”

Гадаад хэл дээрх шилдэг кино:

  • “Land of Mine”
  • “A Man Called Ove”
  • “The Salesman”
  • “Tanna”
  • “Toni Erdmann”

Шилдэг нүүр хувиргалт:

  • “A Man Called Ove”
  • “Star Trek Beyond”
  • “Suicide Squad”

Шилдэг киноны хөгжим:

  • “Jackie”
  • “La La Land”
  • “Lion”
  • “Moonlight”
  • “Passengers”

Киноны шилдэг дуу:

  • “La La Land” киноны “Audition”
  • “Trolls” киноны “Can’t Stop the Feeling”
  • “La La Land” киноны “City of Stars”
  • “Jim: The James Foley Story” киноны “The Empty Chair”
  • “Moana” киноны “How Far I’ll Go”

Шилдэг кино:

  • “Arrival”
  • “Hell of High Water”
  • “Hidden Figures”
  • “La La Land”
  • “Lion”
  • “Manchester by the Sea”
  • “Moonlight”

Шилдэг продюсер:

  • “Arrival”
  • Fantastic Beasts and Where to Find Them”
  • “Hail, Caesar!”
  • “La La Land”
  • “Passengers”

Шилдэг богино хэмжээний энимэйшн кино:

  • “Blind Vaysha”
  • “Borrowed Time”
  • “Pear Cider and Cigarettes”
  • “Pearl”

Шилдэг богино хэмжээний кино:

  • “Ennemis Interieurs”
  • “Le Femme et le TGV”
  • “Silent Nights”
  • “Sing”
  • “Timecode”

Шилдэг дууны найруулга:

  • “Arrival”
  • “Deepwater Horizon”
  • “Hacksaw Ridge”
  • “La La Land”
  • “Sully”

Шилдэг дууны эвлүүлэг:

  • “Arrival”
  • “Hacksaw Ridge”
  • “La La Land”
  • “Rogue One: A Star Wars Story”
  • “13 Hours: The Secret Soldiers of Bengazi”

Шилдэг визуал эффект:

  • “Deepwater Horizon”
  • “Doctor Strange”
  • “The Jungle Book”
  • “Kubo and the Two Strings”
  • “Rogue One: A Star Wars Story”

Шилдэг сэдэвлэсэн кино зохиол:

  • “Arrival”
  • “Fences”
  • “Hidden Figures”
  • “Lion”
  • “Moonlight”

Шилдэг кино зохиол:

  • “Hell of High Water”
  • “La La Land”
  • “The Lobster”
  • “Manchester by the Sea”
  • “20th Century Women”
Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн “Дэлхийн цом”-д уригдлаа

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно.Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг найман багийн нэгээр Монголын багийг урьжээ. Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцох юм байна.

Дэлхийн Цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэх аж.

Categories
мэдээ улс-төр

Хотын даргад хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайдад хандлаа

НИТХ дахь АН-ын бүлэг өчигдөр Монгол Улсын ерөнхий сайдад “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичиг илгээжээ.

Энэхүү хүсэлтэнд “Төрийн болон орон нутгийн төсвийн байгууллагууд нь Монгол Улсын нэгдсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасан “хууль дээдлэх” гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан ажиллаж, Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн болон орон нутгийн төсөв, өмч хөрөнгийг хэрхэн зарцуулах талаараа иргэн, олон нийтэд мэдээлэх, мэдээлэл авах эрхийг хангах үүрэгтэй.

Гэвч Засгийн газрын 2016 оны “Нийслэлийн засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолд заасан байгууллага, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дээрх хууль тогтоомжийг даган мөрдөж ажиллахгүй байна.

Хууль тогтоомж биелүүлэх хэрэгжилтийг хангахгүй байгаа тухайд:

1. Шилэн дансны тухай хуулийн 3,7 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах болон мэдээлэх байгууллага, эрх бүхий албан тушаалтныг тодорхойлон заасан бөгөөд эдгээр байгууллага, албан тушаалтан мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан хэлбэр, шаардлагын дагуу мэдээллээ хүргэхээс гадна 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т заасан тогтмол болон долоо хоногийн дотор мэдээллээ иргэн, олон нийтэд мэдээлж байхаар хуульчлан заасан. Харин Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглох зохицуулалттай.

НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга түүний харъяаны байгууллага,орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нь нийслэл, орон нутгийн төсөв, өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулсан эсэх, удирдлагын шийдвэр, үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус, ойлгомжгүй, иргэд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхгүй байгааг удаа дараа шүүмжилж, албан шаардлага хүргүүлэн Шилэн дансны хуулийг дагаж мөрдөхийг сануулан ажиллаж ирсэн.

Мөн Нийслэлийн Аудитын газраас өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд “ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-д хийсэн хяналт шалгалтаар тус хуулийн хэрэгжилт “ХАНГАЛТГҮЙ БАЙНА” гэж дүгнэх, зөвлөмж хүргүүлсэн ч Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй байна.

2. Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай хуулиас гадна одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийслэлийн Засаг даргын Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн A/606 тоот захирамжийг биелүүлж ажиллахгүй байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ажлаа хүлээж авснаас хойш 2016 оныг дуустал бүрэн эрхийнхээ хүрээнд үндсэн үйл ажиллагааны талаар 350 “А”захирамж гаргаснаас 39,7 хувь буюу 139 захирамжийг гаргасан эсэх нь тодорхойгүй, мөн боловсон хүчний талаар гаргасан захирамж, мэдээллээ өнөөг хүртэл цахим хуудаст байршуулахгүй, үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүүгийн ил тод байдал, нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэд олон нийтэд мэдээллэх, мэдээллээр хангах үүргээ биелүүлэхгүй нууцалж байгаа нь Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчихөөс гадна, мөн иргэд олон нийтийн хяналт тавих, мэдээлэл хайх, авах эрхийг нь зөрчсөн үйлдлийг гаргаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь тус улсад хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд эс дагаж мөрдвөөс хуульд заасан зохих хариуцлага хүлээдэг.

Иймд Монгол Улсын ерөнхий сайдаас Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, түүний харьяа байгууллага, орон нутгийн өмч оролцоотой хуулийн этгээдийн удирдлагуудад хуульд заасан холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх, мэдээлэл авах эрхийг хангах, хууль тогтоомж мөрдөж ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд тодорхой арга хэмжээ авч ажиллана уу.

Хууль тогтоомж мөрдүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаараа тодорхой хариу ирүүлнэ үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгойн ханган нийлүүлэгчдийн форум” нэгдүгээр сарын 31-ний өдөр болно

Оюутолгойн компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Уг тайланд дурдсанаар 2016 онд “Оюутолгой” компанийн нийт худалдан авалтын 62 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдээс нийлүүлсэн бөгөөд энэ нь 279 сая ам.доллараар хэмжигдэж байна.

Тус компани уурхайн бүтээн байгуулалтад Монголын ханган нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Оюутолгойн ханган нийлүүлэгчдийн форум”-ыг нэгдүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо, Шангри Ла цогцолборт зохион байгуулахаар болжээ.

Ингээд өнгөрсөн оны “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн мэдээг хүргэе.

Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.

2015 оны 4-р улирал

2016 оны 1-р улирал

2016 оны 2-р улирал

2016 оны 3-р улирал

2016 оны 4-р улирал

2016 он бүтэн жилээр

2015 он бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

23,708

22,867

22,716

25,739

25,615

96,938

91,771

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

9,369

9,662

9,525

9,146

9,819

38,152

34,537

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.69

0.70

0.64

0.66

0.61

0.65

0.67

Алт (г/т)

0.92

0.63

0.33

0.21

0.25

0.36

0.78

Мөнгө (г/т)

1.67

1.92

1.92

1.99

1.50

1.83

1.56

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

231.8

229.5

207.1

203.2

206.7

846.6

788.5

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

24.7

25.1

24.9

22.9

22.0

23.8

25.6

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

57.3

57.6

51.7

46.6

45.5

201.3

202.2

Алт (‘000 унциар)

207

144

70

37

49

300

653

Мөнгө (‘000 унциар)

355

395

391

361

273

1,420

1,223

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

236.2

213.1

227.4

206.2

182.0

828.7

819.8

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

54.7

51.2

54.4

45.7

37.6

188.9

201.3

Алт (‘000 унциар)

160

175

95

38

39

347

737

Мөнгө (‘000 унциар)

360

305

395

341

239

1,280

1,158

Металл авалт (%)

Зэс

88.4

85.6

83.3

78.0

76.6

81.0

87.6

Алт

74.2

72.2

69.3

62.0

63.4

68.5

74.4

Мөнгө

70.8

66.4

65.9

61.7

57.2

63.1

69.9

Categories
мэдээ нийгэм

222 дугаар цэцэрлэг үүдээ нээлээ

2016 оны 12 дугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 180 хүүхдийн суудалтай 140 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 222 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил дуусч ашиглалтад хүлээн авсан. 222 дугаар цэцэрлэг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйл ажиллагаа эхэлж 129 хүүхдийн ирцтэй байна. Тус цэцэрлэгт 191 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна. 140 дүгээр бага сургуульд 37 дугаар сургуулийн бага ангийн 17 дугаар хорооны сурагчид шилжин суралцах юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

    Categories
    гадаад мэдээ

    Д.Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модиг урьжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьж, түүнийг АНУ-д айлчлахыг урьжээ.

    Вашингтон мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэг улсыг “сайн найз, дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслах түншүүдийн нэг гэж үзэж байна” гэжээ.

    Хоёр улсын удирдагчид эдийн засаг, батлан хамгаалах зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжуудын талаар утсаар ярилцсан байна.

    Н.Моди энэ оны сүүлчээр АНУ-д айлчлах бололтой.

    Мөн хоёр улсын удирдагчид терроризмтой хамтран тэмцэхээр тохиролцжээ.

    Сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп Энэтхэгт нэлээд ам сайтай хандаж байсан юм. Тэрбээр Н.Модигийн талаар “хүнд суртлыг халж, эдийн засгийн шинэчлэлийг амжилттай хийж байгаа” хэмээн сайшааж ярьж байсан билээ.