Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ даргаа сонгох эрхтэй АН-ын гишүүдийн тоо буурчээ

Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 6-нд дууссан билээ. “172 мянга орчим гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдлаа” гэж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдсэн юм. Тэгвэл энэ тоо хасагдаж байгаа бололтой.

Ардчилсан намын дарга З.Энхболд 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ний өдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.

Тэднийг намынхаа анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхгүйгээр төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, олон тооны замбараагүй анкет, материалыг хүлээн авсан нь Ардчилсан намын үндсэн дүрэм, журам зааврыг зөрчсөн гэж үзсэн байна.

15 мянга орчим гишүүн дээрх шалтгаанаар Ардчилсан намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй болсон гэж зарим эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэв

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр шинжлэх ухааны салбарынхантай уулзлаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь уулзалтыг нээж хэлсэн үгэндээ шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг дурдаад цаашид салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэв.

Одоогийн байдлаар тус салбарт Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академи, яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөл, их сургуулиуд, хүрээлэнгүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагууд багтаж байна. Эдгээрт нийт 1720 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаа юм. Манай улсын хувьд одоогоор ОХУ-тай 30, БНХАУ-тай 6, Солонгос улстай 2, Беларус улстай 2, Вьетнам улстай 2, Тайваньтай шинжлэх ухаан, технологийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахад улсын төсвийн болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Харин эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд сүүлийн 30 орчим жил хөрөнгө оруулалт бага хийгдсэнийг уулзалтын үеэр салбарын сайдад уламжиллаа. Түүнчлэн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн, судлаачдын цалин, урамшуулал, нийгмийн баталгаа, хүний нөөцийн бодлого зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгааг сануулав. Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ж.Батсуурь судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи дамжуулах төв байгуулах, БНХАУ-тай хамтарсан шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгалаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Царцаа Намжил хүүхдийн жүжиг ирэх сарын 5-нд тайзнаа тавигдана

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байна.

Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон

“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон:
Зохиолч: Я.Баяраа Б.Хишигзаяа /СТА/
Ерөнхий найруулагч: СТА Б.Хишигзаяа, Ерөнхий зураач: Л.Цэрэндулам
Хөгжмийн зохиолч: СТА Б.Цацрал, Гэрлийн найруулагч: СТА Ц.Эрдэнэбат
Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: СТА С.Ган-Очир, Конструктор зураач: СТА Т.Түмэн-Өлзий
Хөгжмийн найруулагч: СТА Я.Батсайхан, Жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг,
Туслах найруулагч: СТА Э.Идэрболд

Categories
мэдээ улс-төр

Хууль зүй, дотоод хэргийн сайд, дарга нар хорих 461 дүгээр ангид ажиллав

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллав.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт сэжигтэн, яллагдагчийн ар гэрийнхэнтэй уулзах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нөхцөл байдалтай танилцсан юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Цагдан хорих байрны нөхцөл байдал сайжирсан гэдгийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэлж байна. Сэжигтэн яллагдагч ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй уулзах хууль зүйн зөвлөгөө авахад тодорхой бэрхшээл гарах гээд байна гэдэг асуудал тавьсан. Хүний эрхийн үндэсний комиссын хүсэлтийн дагуу газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцаж байна. Өмгөөлөгчтэй уулзаж, хууль зүйн туслалцаа авах эрх хэвийн явагдах бололцоотой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д удахгүй өргөн барина. Энэ хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч болзошгүй юм байна. Гэхдээ хүний эрх гэх нэрийдлээр хэт задгай байвал эргээд үйлчлүүлэгч болоод үйлчлэгчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй. Тиймээс нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддагыг бодож аль аль талдаа эрсдэлгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой” гэлээ гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг хойшлогдов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах, судлах шаардлагын үүднээс тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж буйг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулснаар хэлэлцүүлгийг хойшлуулав.


Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын дарааллын дагуу УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар танилцууллаа. Ажлын хэсэг гурвантаа хуралдсан бөгөөд Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах тухай тус банкны үйл ажиллагаанд Монголбанкны тавих хяналт, хөрөнгө, өр төлбөрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах эрхийг тус банкинд олгох тухай, ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох, томилох, хараат бус гишүүдийн тоо, тэдгээрийг сонгон шалгаруулах зэрэг асуудалд илүү анхаарал хандуулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монголбанкнаас бичгээр санал авч, тусгах боломжтой саналуудаар зарчмын зөрүүтэй саналыг томьёолол бэлтгэжээ. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдээс гарган, олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлээд буйгаа танилцууллаа.

Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын төлбөрийг төлөх боломж болон хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Хөгжлийн банкны цаашдын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодруулав. Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.доллар төлөх ёстой бөгөөд Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд, албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэллээ. Бондын төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэрийг цуглуулах гурван хувилбар гаргасны хоёрыг нь ажил хэрэг болгохоор хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагатай хамтраад яриа, хэлцээр эхлүүлэн гурван сарын болон, үлдэж буй 50 гаруй хоногийн хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэв. Эрх зүйн орчныг шинэчилснээр Хөгжлийн банк Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөт заасан төсөл хөтөлбөрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэн, жагсаалт гаргасны дагуу хөрөнгө оруулалт татах яриа хэлцлүүдийг хийх боломж бүрдэх юм байна. Одоогоор хийгдэж буй хэлцэлүүд амжилттай болж 85 хүртэлх хувийн санхүүжилтээ бүрдүүлж чадвал 15 хувийг нь тодорхой эх үүсвэрээр босгон ажиллах бизнес модель боловсруулаад байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хариулт өгсөн юм.

Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар горимын санал гаргав. Тэрээр хэлэлцэж буй хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж буй хуулиуд, ялангуяа Төсвийн тухай хуультай агуулга, зарчмын хувьд нэлээд зөрчилдөж байна. Хуулийн зөрчил нь Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөн ажиллаж байгаа энэ үед гэрээ хэлцэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсгэхээс магадлалтай тул Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа тайлбарлалаа. Горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжснээр дараагийн асуудлаа хэлэлцэхээр боллоо.

УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын яамнаас тодорхой ажлуудыг төлөвлөн, удирдлагаар ханган ажиллаж байгааг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм. Манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх үүднээс Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр зам барих төслийн урьдчилсан судалгааг боловсруулжээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан тохиолдолд тээвэрлэх үндсэн ачаа нь төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд бараа бүтээгдэхүүн байх аж. Үүний үр дүнд дотоодын түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэлтийн зардал буурах тооцооллыг гаргасан байна. Тодруулбал, тээвэрлэлтийн замын урт 350 гаруй км-ээр багасаж, нэг тонн төмрийн хүдрийн тээвэрийн зардал 3-4 ам.доллароор буурах юм байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийсэн юм. Зүүнбаян-Ханги гэж шинэ чиглэл гаргах нь хэр оновчтойг Улсын Их Хурлын гишүүд тодруулаад үүнийгээ Сайншанд-Ханги болгон өөрчлөх боломжийг судлах, шинээр тавих төмөр замын царигийн асуудлыг нарийвчлах, бүтээн байгуулалтын санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн концессыг дэмжих, цаашлаад бодлогын баримт бичгээ цогцоор нь шинэчлэх талаар анхаарах зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.

“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг энэ өдрийн хуралдаанаар мөн хэлэлцсэн. Салбарын сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх замыг холбоо, навигацийн төхөөрөмжөөр нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд тоноглосон байна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 9.8.1-д “Иргэний нисэхийн дэд бүтэц болох холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж, улсын хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэж төрийн өмчлөлд байна” гэж тус тус заажээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын хоёр дахь хэсгийн 5 дахь заалтад “Нислэгийн хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах барилга байгууламж, онгоц хөөрөх зурвас, нийтийн хэрэгцээний аэродром” гэж зөвхөн барилга байгууламжийн хэсэг нь тусгагдсан байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 онд 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий есөн төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Иймд олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-иор хүлээсэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх шаардлагатай хэмээн үзэж дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг хувьчилж болохгүй үндэслэлийн талаар болон бусад орны жишгийн талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн гишүүн, ИНЕГ-ын Агаарын навигацын бодлогын хэлтсийн менежер Ганболд өгсөн хариултдаа, өдөрт Монгол Улсын агаарын орон зайд өдөрт тодорхой тооны тогтмол нислэг үйлдэгддэг ба нэг онгоцонд агаарын навигацын үйлчилгээ үзүүлэхэд олон төрлийн тоног төхөөрөмж ашигладаг. Эдгээрийг хувьчлах эрх зүйн орчин бүрдээгүй, агаарын орон зайн аюулгүй ажиллагааг хангах дүрэм, журмууд бүгд хуульчлагдсан байдаг. Бусад орнууд, тэр дундаа хөрш орнуудын энэ төрлийн дэд бүтэц нь төрийн өмч байдаг жишээ бий. Өнөөдрийн байдлаар зөвхөн Герман, Тайландад энэ төрлийн дэд бүтцийг хувьчилсан байдгийг хэллээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн. ИНЕГ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээс гадна Монгол Улсын иргэдийн өмнө үүрэг хүлээж, эрх ашгийг хамгаалан ажиллах ёстойг гишүүд онцолж байв. Эдийн засгийн ач холбогдолтой чухал салбар болох аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ИНЕГ чухал үүрэгтэй байхад чиглэлийн нислэгүүдийн хуваарилалтыг давхардуулдаг, газар зүйн байрлалын онцлогоос шалтгаалан Монгол Улсад зорчих хамгийн боломжит хувилбар нь онгоцоор нисэх байдаг ч өртөг нь бусад орны нислэгтэй харьцуулахад хэт өндөр байдаг. Улс орон, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ийм байдалтай гүйцэтгэдэг атлаа олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг байдлаар ажилдаа хандаж байгааг шүүмжилсэн юм. Цаашид иргэдэд ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй үйлчилгээг нэвтрүүлэх санал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих хөтөлбөрийн төсөл зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байгаа зэрэг санал хэлсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, салбарын сайд чөлөөтэй байгаа, харин байнгын хорооны хуралдаанаар сонсох өнөөдрийн мэдээллийн сэдэв тун чухал, тодруулах олон асуудал байгаа учир хойшлуулах горимын санал гаргав. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2015 оны 104 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэрэгжилтийг хангах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглэсэн гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 36 зүйлтэй ажээ. Хуулийн төслийн зорилгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж тодорхойлжээ.

Тус хуулийн төслийг мал эмнэлгийн салбарын эрдэмтэд, томилогдсон ажлын хэсэг боловсруулж салбарын эрдэмтэд, холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулан дөрвөн удаа хэлэлцүүлж, яамны цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авч тусгасан байна.

Энэхүү хуулийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Түүнчлэн мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн босоо удирдлагын тогтолцоог бий болгон, захиргааны, мэргэжлийн, санхүүгийн удирдлагын уялдаа холбоог сайжруулах замаар мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавхи сайжрах болно. Мөн мал, сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянан баталгаажуулж, эрүүл тайван байдлаа хадгалах, хөрш зэргэлдээ орнуудаас тавьсан түр хоригийг цуцлуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чөлөөт худалдаа хийх нөхцөл бүрдэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулгадаа онцолсон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тэрибшдагва, Л.Элдэв-Очир, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Ц.Гарамжав, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн олонхи нь мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг амьтан багтаж байгаа эсэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины чанар хүртээмжийн асуудал хэр хүрэлцээтэй байгаа, малын туулга угаалгын зардлыг хуульд хэрхэн тусгасан талаар илүүтэй сонирхож байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Энэхүү хуулийн төсөлд мал, амьтан гэдэгт гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын эрүүл мэндийг асуудлыг багтааж, асуудлыг өргөн хүрээнд хамруулсан. Мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн босоо удирдлагын тогтолцоог бий болгож сум, багт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсанаар мал эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг сайжруулна гэж үзэж байгаа. Вакцины асуудал хүндрэлтэй байгаа. Бид олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн давхар давхар хяналт дор вакциныг шинжлүүлсэн. Харин хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдсэн зайлшгүй нөхцөл байдлыг үед төсвөөс хөрөнгө гаргаж ажиллахаар тусгагдсан. Тиймээс бусад үед малчид малдаа угаалга, туулга хийхэд өөрсдөөсөө хөрөнгө гаргахаар хуульд тусгагдсан гэж хариулж байлаа.

Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнгэлбаяр: Удирдах хүнд нь мэдэгдэлгүйгээр алба хаагчийн биед болон байранд нэгжлэг хийхийг хориглохоор зохицуулсан

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.


-Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн. Гэтэл яагаад шинэчлэн найруулж батлах болов гэдэгт тайлбар өгнө үү?

-Ер нь 1992 оны Үндсэн хуулийг дагаж 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хууль анх батлагдан, 1994 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх 20 жилийн хугацаандаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хэм хэмжээнд маш сайн үйлчилсэн гэж судлаачид болон цагдаагийн алба хаагчид үздэг. Харин нийгэм, эдийн засгийн байдал, хууль эрх зүйн шинэчлэл, олон улсын эрх зүйн чиг хандлагын хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийг 2013 онд УИХ-аас баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Энэ үед Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн боловч албаны хууль батлагдаад, эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй. Ингээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны буюу хөдөлмөрийн дотоод журмаар өнөөдрийг хүртэл зохицуулж байна.

Иймд цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж чуулганы нэгдсэн хуралданаар хэлэцэхийг дэмжиж, хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна.

-Шинээр ямар эрх зүйн зохицуулалтууд орсон бэ?

Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хоёр бүлэгт заасан. Хуулийн төсөлд цагдаагийн алба хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлдэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг бичиг баримт шалгах, үзлэг хийх, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, бусдын орон байранд нэвтрэн орох зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гүйцэтгэх үндэслэл, журмыг тодорхойлон, цагдаагийн алба хаагч эдгээр ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэдэг байхаар тусгасан.
Тухайлбал, цагдаагийн үйл ажиллагааны үед хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, зөвхөн тунхаглалын шинжтэй бус, хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага тооцдог байхаар тусгана.

-Тэгвэл алба хаагчдын баталгаатай холбоотой ямар заалтуудыг тусгаж өгсөн бэ?

-2013 оны хуульд байсан тодорхой баталгаануудыг бол энэ хуулийн төсөлд уламжилж авч үлдсэн. Тухайлбал, алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь 10 жилийн хугацаанд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох, аймгийн төвөөс бусад суманд таван жил болон түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох зэрэг зохицуулалт явж байгаа. Алба хаагчийн баталгааг улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгаа гэж тусгаж өгсөн. Тухайлбал улс тарийн баталгаанд алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд хуульд заасан албан үүргээс нь гадуур дайчлах, оролцуулахыг хориглох, үйл ажиллагаандаа улс төрийн намын бэлэг тэмдэг агуулсан эд зүйл, техник хэрэгсэл ашиглахгүй байх гэх мэт.

Хууль зүйн баталгаатай холбоотойгоор хуулиар олгодог чиг үүргээс бусад үүрэг гүйцэтгэхийг хориглох, алба хаагч албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй байх, албан үүргээ гүйцэтгэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг Засгийн газар хариуцах гэх мэтчилэн баталгаануудыг оруулж өгсөн. Мөн цагдаагийн алба хаагчийг албан үүрэг биелүүлсэнтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас шалгах тохиолдолд шууд удирдах даргад нь урьдчилан мэдэгдэр, хуульд зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглох, удирдах даргад нь мэдэгдэлгүйгээр баривчлах, цагдан хорих, биед нь болон орон байр, өрөө тасалгаанд нэгжлэг хийхийг хориглосон зохицуулалтыг оруулсан.
Нийгмийн баталгаанд гэвэл эргүүл, харуул, жижүүрээр ажилласан алба хаагчдыг нэг жилийг 1.3 жилээр тооцдог байсан бол онц чухал объект, албадан саатуулах, эрүүлжүүлэх, замын хөдөлгөөний зохицуулалт зэрэгт ажиллаж буй алба хаагчдын ажилласан нэг жилийг 1.3 жилээр, нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан нэг жилийг 1.4 жилээр тооцох, алба хаагчийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамруулах, албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчлүүлэх зэрэг шинэ зохицуулалтыг тусгаж өгсөн.

-Иргэдэд чиглэсэн, иргэд рүү хандсан ямар өөрчлөлтүүд байгаа бол?

Цагдаагийн алба хаагч бусдад шаардлага тавих, тээврийн хэрэгсэл зогсоож шалгах зэрэг үйл ажиллагаа явуулахдаа ямар үндэслэлээр үүрэг гүйцэтгэж байгаа, хүний эрх, эрх чөлөөнд халдахаа ямар эрх зүйн үндэслэлээр хийж байгааг хуульчилж өгснөөр иргэд “миний эрх эрх чөлөөг зөрчлөө, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа” гэдэг гомдол буурах болов уу. Эргээд хууль зүйн талаас авч үзвэл алба хаагч хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн бол хариуцлага хүлээхгүй байх, энэ нь алба хаагчийн албандаа итгэх хандлага дээшилж, иргэдэд ч ойлгомжтой болох байх гэж харж байгаа.

-Алба хаагчийн амралт бага, ажлын цаг урт байгаа зэрэгтэй холбоотой асуудал, гомдол санал гардаг. Шинэ хуулийн төсөлд үүнийг хэрхэн зохицуулж өгсөн бэ?

-Өнөөдрийн байдлаар цагдаагийн алба хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтаа эдэлж байна. Цагдаагийн албаны тухай хууль батлагдсан тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчид хоёр жил тутамд 3 өдрийн нэмэлт, бусад алба хаагчид таван жил тутамд 3 өдрийн нэмэлт амралт эдэлдэг болно. Харин ажлын зайлшгүй шаардлагаар нэмэгдэл амралтаа биеэр бүрэн эдэлж чадаагүй цагдаагийн алба хаагчид түүний зөвшөөрснөөр эдлээгүй хоног тутамд үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авах зохицуулалт тусгаж өгсөн.

-Цагдаагийн алба хаагчийн цол олгоход ямар зохицуулалт хийсэн бэ?

-Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол албан тушаалын цол эдлэхээр зохицуулсан. Харин шинэ хуулийн төсөлд цолыг ажилласан жил, ажлын үр дүн, албан тушаал аль алийг нь харгалзан үзэхээр байгаа. Тухайлбал: бүх цолд хугацааг заасан. Дэслэгчээс ахлах дэслэгч хүртэл гурван жил, ахлах дэслэгчээс ахмад хүртэл гурван жил гэх мэт. Хуучин Цагдаагийн байгууллагын тухай хуульд байсан хугацаануудыг оруулсан. Цагдаагийн байгууллага бага, дунд, ахлах гэсэн цолтой байх, цагдаагийн ерөнхий газрын удирдлага цэргийн дээд цолтой байхаар хуульд тусгасан.

-Алба хаагчийн сахилга, хариуцлагыг яаж зохицуулсан бэ, шинэ хуулийн төсөлд?

-Одоо бол сахилга, хариуцлагын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулж байна. Шинэ хуулийн төсөлд цагдаагийн алба хаагчид сахилгын 8 төрлийн шийтгэл оногдуулахаар заасан. Энэ нь тухайн алба хаачийн сахилга, хариуцлагыг сайжруулах зорилготой, гарсан зөрчлийн хүнд, хөнгөн, давтан зэргийг харгалзаж оновчтой шийтгэлийг ногдуулахаар заасан.

-Цагдаагийн байгууллагын бүтцийн талаар хэрхэн тусгасан байгаа вэ?

Хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалтын бүтцийг нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн уян хатан тодорхойлж, удирдлагыг нь томилох чөлөөлөх, тэдгээрийн ажлаа хариуцан тайлагнах журмыг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг журамд нийцүүлсэн.

Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэх ба үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх төрөлжсөн болон үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрдөх, гүйцэтгэх ажил явуулах албатай байх боломжтой.
Мөн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга батлана.

Categories
гадаад мэдээ

Трамп исламын шашинтнуудад виз олгохыг хориглов

АНУ-ыг заналхийлж буй террорист бүлэглэлүүдийн үүр уурхай болоод буй зарим исламын шашинтай улсын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглосон хуулийн төсөлд Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тус бүлэглэлийн дайчид энгийн иргэний дүрд хувилан олон улсад халдлага үйлдэж, заналхийлж буй юм.

Трамп Сири, Ирак, Иран, Ливи, Сомали, Судан болон Йемен улсын иргэдэд виз олгохоос татгалзсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа ялалт байгуулвал “исламын шашинтнуудад хориг тавина” хэмээн амлаж байсан юм. АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан агентлаг “Ойрхи Дорнодын зургаан орон, Африкийн хэд хэдэн орон энэхүү хоригт багтсан болно” гэж мэдэгджээ.

Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама иргэний дайны хохирогч болж буй Сирийн 100 мянган иргэнд оргонол олгохоо илэрхийлсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгч Трамп “Буруу шийдвэр” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Богд хааны даалинг дөрөв дахин томруулж Гиннест бүртгүүлнэ

Монголын уран хатгамалыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын уран хатгамалчид монголын даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр зэхэж байна. Үүний эхлэл болгож “Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэн болон “Хүндэтгэлийн даалин” урлалын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Богд хааны ордон музей, “Эгнэшгүй санаа төв”-өөс мэдээлэл хийлээ.

Монголын шашин төрийг хослуулан барьж байсан Богд хааны эдэлж хэрэглэж байсан даалинг хөдөө орон нутгийн болон “Эгнэшгүй санаа төв”-ийн урчууд хамтран дөрөв дахин томруулан урлахаар болжээ. Улмаар Гиннесийн номонд бүртгүүлэхээр зорьж буй юм байна.

Харин “Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд ХIX зуунаас XX зууны эхэн үед хамаарах эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Богд хааны ордны урчуудын шилдэг бүтээлүүдээс гадна орчин үеийн Монголын шилдэг уран хатгамалчдын бүтээл дэлгэгдэх аж.

Үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр “Богд хааны ордон музей”-д нээгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 1-нээс ахуйн хэрэглээний зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ

НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Нийгмийн хөгжил, Өргөдлийн хорооны хамтарсан хурал өнөөдөр боллоо. Хурлаар Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэв.

Хурлын эхэнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын гаргасан 3 захирамжийн дагуу болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. “210 гаруй мянган өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Ихэнх айл түүхий нүүрс түлдэг. Гэр хороололд бохир болон дулааны шугам сүлжээний асуудал одоо болтол шийдэгдээгүй учраас агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ. Мөн нийслэлийн оршин суугчдын ачаалал хэт ихэсч Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлын багагүй хувийг үүсгэж байгаа дулааны цахилгаан станцуудын түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, өөр технологиор ажиллуулах зорилт тавьсан. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс ахуйн хэрэглээний зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ. MNS52162016 стандарт хангасан зуухыг худалдах бөгөөд утаа гаргадаг бусад төрлийн зуух зарахыг хориглосон. Энэ хүрээнд саяхан зуух үйлдвэрлэгчидтэй уулзаж нэлээн сайн ойлголцсон” хэмээн ярилаа.

Хурал төлөөлөгчдийн асуултаар үргэлжилсэн юм. Өдөрт дунджаар 130-140 вагон нүүрсээр суудлын галт тэрэгний дулааны асуудлыг шийддэг аж. Энэ нь төдий чинээ утааг Улаанбаатар хотод бий болгож байгаа талаар төлөөлөгчид санал бодлоо хэллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Баятбаясгалан “Улаанбаатар төмөр зам нь суурьшлын бүсэд тодорхой хэмжээгээр агаар бохирдуулж байгаа хөдөлгөөнтэй, нэлээн хуучны технологи, техник бүхий аж ахуйн нэгж юм. Үндсэндээ зөвхөн утаа гаргахаас гадна тухайн орчноо үнс, тортог болгодог. Бид бүхэн Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Тэдний зүгээс суудлын галт тэргийг цахилгаанаар халаадаг болох талаар санал тавиад хамтарч ажиллахыг хүссэн. Энэ асуудлыг Эрчим хүч, Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтарч шийдэхээр холбогдох байгууллагад албан ёсны саналаа хүргүүлсэн” гэв.

Хамтарсан хурлын үеэр агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдол, нөөцийн асуудлыг мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.