Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл зүйч Ш.Батболд: Тэнэгрэлийн хамгийн эхний шинж тэмдэг ичихээ болих юм

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболдтой ярилцлаа.


-Монголчууд маань улам л амиа бодсон, сувдаг шунахай болоод байна уу даа. Сэтгэл зүйд аминч үзлийг юунаас эхтэй гэж үздэг юм. Аминч үзэл сэтгэлзүйн хэвийн үзэгдэл мөн үү?

-Эгоизм буюу хувиа хичээх үзэл хүн бүрт байдаг. Яагаад гэвэл тухайн хүнийг би гэдэг үзэл нь бусдаас ялгаж байдаг. Хувиа хичээх үзэл нь нийгэмших, иргэнших явцад нийгмийн хэм хэмжээ, ёс суртахуунаар хязгаарлагдаж байж хүн төлөвшдөг. Харин монголчуудад хувиа хичээх үзлийн хамгийн хурцадмал хэлбэр болох өөрийгөө дөвийлгөх үзэл хэрээс хэтэрсэн гэдэг нь ажиглагдаж байна. Энэ нь амиа хичээх үзлээс илүү хор уршиг ихтэй. Хувиа хичээх нь тухайн хүнд хортой байдаг бол өөрийгөө дөвийлгөх нь нийгэмд, харилцаж байгаа хүмүүстээ муугаар нөлөөлдөг. Хүнийг адгууснаас ялгаатай болгодог гол зүйл нь оюун ухаан, ёс суртахуун. Ёс суртахууны орон зай багасаад эхлэхээр өөрийгөө дөвийлгөх үзэл их болчихдог. Ёс суртахуунгүй болчихоор хүнээс төрөл бүрийн бүдүүлэг зан авир гарч эхэлдэг. Энэ талаар Зигмунд Фрейд “Ичих мэдрэмжгүй болох нь тэнэглэлийн эхний шинж” гэж бичсэн нь бий. Ичих мэдрэмжгүй байх гэдэг нь ёс суртахууны цензур тухайн хүний үйлдэлд илрэхээ байхыг хэлж байна. Тэнэгрэлийн эхний шинж ичиж зовохоо болих гэдэг үнэн болж таарч байгаа юм.

-Гадаа гудамжинд ил бие засах, шүлс нусаа хаях, нэгнийхээ урдуур дайрах зэрэг үйлдлүүд манайханд их ажиглагдах гээд байдаг. Тэнэгрэлийн шинж тэмдэг нь ичиж зовохоо байх гэж та хэллээ. Мэдээллийн, хөгжлийн эрин зуунд бид яагаад тэнэг бүдүүлэг хэвээрээ байгаа юм бэ?

-Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр орчиндоо дасан зохицох чадвартай, орчныхоо талаар зөв ойлголттой хүнийг хэлдэг. Нийгмийн дунд биеэ хэрхэн авч явах, хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдэг нь ёс суртахууны хэм хэмжээнд захирагдаж явдаг. Манайд өнөөдөр эрх мэдэлд хүрэхийн тулд юугаа ч золиослоход бэлэн, зальтай, юмыг аргалдаг, хуурдаг хүмүүс олон болчихоод байгаа нь гамшиг. Эдгээр шинж нь оюун ухаанлаг, ёс суртахуунлаг шинж огт биш. Өөрийгөө дөвийлгөх үзэлтэй, өөрийгөө бүхний төвд тавьдаг хүмүүс дээр, дооргүй их болсон. Эрх баригчид ард иргэдээ бодохгүй, ард иргэд нь төр барьж байгаа хүмүүсээ хүндлэхгүй. Бүгдээрээ нэг нэгнээ үгүйсгэж, үл хүндэлж, огт хүлээн зөвшөөрөхгүй харилцаа ёс суртахууны хоосон орон зайг эзэлчихээд байгаа учраас л дээрх үйлдлүүд гараад байгаа юм. Чойжамц хамбын хэлсэнчлэн “УИХ-ын гишүүн телевизээр гарсан чинь идэж уудгийг нь гайхаад л, нэг мисс хүүхэн гарсан чинь энгэр султайг нь гайхаад, хэний ч танихгүй нэг хүн телевизээр гарахад, “ашгүй одоо дуугүй өнгөрөх байлгүй” гэж бодтол дарвайсан шар юм чинь юу гээд байгаа юм” гэж нэг гэр бүл хэлсэн гэдэг шиг монголчууд монгол хүнээ үзэж чадахаа байчихаад байна. Энэ нь ухаангүй, тэнэг мулгуу гэхээс илүүтэй ёс суртахуунгүй болсныг илтгээд байгаа юм. Дээр дооргүй бие биенийхээ дээр илүүрхэж гарах гэсэн, амьтанлаг араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихаад байгаа хэрэг. З.Фрейд “Ёс суртахуун байхгүй болчихвол амьтанлаг араншин гарч ирдэг” гэж хэлсэн байдаг. Угтаа ёс суртахууны цензур л хүний хэлэх үг, хийх үйлдлийг хянадаг.

-Монголчуудаас адгууслаг араншин илрэх нь түлхүү болоод байна гэсэн үг үү?

-Ёс суртахуунгүй байдал нь араатанлаг үйлдэл хийхэд хүргэдэг. Ёс суртахуун, хүндлэл, хүлээн зөвшөөрөл байхгүй бол хэн хүчтэй нь оршихын тулд далд тэмцэл, хүчирхийлэл, мунхаглал яваад байгаа хэрэг. Наад зах нь дурын жолооч бие биенээсээ өрсөж урдуур орох гэж дайрцгаадаг, харааж зүхдэг, хаа сайгүй шүлсээ хаядаг гэх мэт үйлдлээр илэрч байгаа. Энэ бүхний цаана байгаа сүргийн инстинкт чинь хуйларч дагадаг, туйлшрамтгай, ухаалаг бус, бухимдалд суурилсан сэтгэл хөдлөлд захирагддаг. Хэрэв ёс суртахуунлаг мэдрэмж байхгүй бол амьтнаас ялгагдах зүйл байхгүй гэж үзэж болно. Нийгмийн харилцааг зохицуулдаг бичигдсэн болон бичигдээгүй хууль байна уу гэвэл байгаа. Гэхдээ тэрийг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй, дагадаггүй. Нэгнийхээ хийсэн зүйлийг нөгөөх нь үгүйсгэдэг, шүүмжилдэг, харлуулдаг. Үүнээс улбаалаад бодлогын залгамж халаа, тогтвортой байдал гэж үнэндээ байхгүй болчихсон. И.Майскийгаас эхлээд К.Аяако, Удо Б.Баркманн, Ю.Н.Кручкин зэрэг гадны олон эрдэмтэн үүнийг хэлж байсан, одоо ч хэлээд л байгаа.

-Яаж ёс суртахуунтай болох вэ?

-Хүн болгон өөрөөсөө эхлэх ёстой. Бид биесээ шүүмжлэхгүй, өөлөхгүй, харилцан бие биенээ хүндэтгэж байж өөрчлөгдөнө. Монгол хүн гэж нэгтгэж байгаа нийтлэг үнэт зүйлсээ огт ухаараагүй хүмүүс. Зарчимч шаардлага тавьж чаддаггүй шүүмжилдэг. Шүүмжлэлийнх нь цаана хувийн жижигхэн амбиц, өөрийгөө дөвийлгөх үзэл нь нуугдаж байдаг. Өнөөдрийн энэ байдал өөрчлөгдөхгүй, арав хорин жил болох юм бол энэ улс оршин тогтносон хэвээр байх уу, үгүй юү гэдэг ноцтой байдал ч үүсч мэднэ. Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт. Хорин хүн эвгүй бол эвдэрхий балгас мэт гэдэг. Бид хоорондоо эв түнжингүй, ард түмэн нь төр засгаа шүүмжлээд төр засаг нь ард түмнээ буруутгаад хоёр тийшээ хараад байвал хөндлөнгийн улсын идэш болно. Тэр намын, тэрний хийж байсан юм гэж юу байсан юм, би өөрөөр хийнэ гээд нурааж хаяад дахиад хийдэг. Ёс суртахуунлаг, бие биенээ хүндэтгэж байж нийгмийн харилцаа эрүүл болж хөгждөг гэдгийг ойлгох ёстой. Нэг хүн ёс суртахуунтай байх юм бол 1-2 хүнд нөлөөлнө, тэр нь цаашаа өөр бусад хүмүүст нөлөөлнө. Хүүхдийг багаас нь өөрөөсөө ялгаатай хүмүүстэй харилцах, ойлголцох, хамтран ажиллах, хүндэтгэхэд системтэй сургах ёстой. АНУ, Канад, Өмнөд Солонгосын суурь боловсрол хүн болгох, иргэншүүлэхэд чиглэсэн хичээл дөрвөн наснаас нь эхлээд ордог юм билээ.

-Бидний өвөг дээдсээс монгол ухаан хүмүүжлээр байгаль дэлхий, хүний жам ёсны харилцааг амьдрал дээр энгийнээр зааж сургаж ирсэн. Энэ хүмүүжил, сургаал яагаад алдагдав?

-Ардчилсан нийгэмд шилжээд бараг 30 жил боллоо. Энэ хугацаанд материаллаг зүйлийн хувьд ололт амжилт олсон болохоос сэтгэлгээний хувьд өөрчлөлт гараагүйгээр барахгүй ухралт болсон. Яагаад гэхээр нийгмийн сэтгэл зүйд нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжихэд суурь үнэт зүйлийн шилжилт дагаад өөрчлөгдөх ёстой байдаг гэж үздэг. Ийм үнэт зүйлийн шилжилт одоог хүртэл явагдаж байгаа, гэхдээ ухарч явж байна. Урьд нь коммунист ёс зүй, хамтын соёл гэж байлаа. Гэтэл үүний оронд ямар үнэт зүйл, этик бий болов гэхээр хариуцлагагүй, дураараа, сүргийн инстинкт л бий боллоо. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлийн оронд дураараа дургих, хэн зальтай нь тэсч үлдэх, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл, мөнгөтэй болох шунал эзлээд байна. Эрх чөлөө ямагт хариуцлага, ёс суртахуунтай холбоотой байдаг. Ийм хариуцлага, ёс суртахуун байхгүй болохоор өөрийгөө дөвийлгөсөн бүдүүлэг түрэмгий байдал хамаг орон зайг эзэлчихээд байна. Уг нь бусад орон иргэншсэн, ёс суртахуунтай хүнийг бодлогоор, системтэйгээр төлөвшүүлдэг юм билээ. Япончуудын бага боловсролын хөтөлбөрт япон хүн хэн юм бэ гэдэг ойлголтыг дөрвөн настайгаас нь эхлэн өгдөг, суурь үзэл баримтлал нь “боловсрол хүнийг хүндлэхээс эхэлдэг” гэж үздэг юм билээ.

-Боловсролыг багаас нь олгох ёстой гэдэг маргаангүй үнэн. Монгол хүний онцлог, ёс суртахуунд тохирсон боловсрол олгоход уг нь боломжгүй зүйл баймааргүй юм?

-Бүгдээрээ суугаад хийе гэхээр бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй. Нэг нь бодлого ярихаар нөгөөх нь процесс ярьж маргадаг. Бие биенээ сонсдоггүй, хүндэлдэггүй нь гол тулгамдсан асуудал. Бүгдээрээ бүх юмны заавал дээр нь байх гэдэг болохоор. Тамын тогооны үлгэр чинь бодит байдал дээр энэ.

-Аминч үзэл, өөрийгөө дөвийлгөх үзэл сэтгэлзүйн нэг төрлийн өвчин үү?

-Өвчин биш. Ёс суртахуун, хүмүүжлээр хязгаарлагдаж байх ёстой зүйл нь манайд жолооноосоо алдуураад хэвийн хэмжээнээс хэтэрчихээд байгаад гол асуудал нь байгаа юм. Монголчууд социализмын үед ажилчин гаралтайгаараа бахархдаг байсан бол одоо чинь бүгдээрээ Чингисийн удам, том тайж, мундаг ламын удам болчихсон байгаа юм биш үү.

-Өөрийгөө бодох, аминч үзэл цус ойртолтын шинж тэмдгийн нэгд орно гэдгийг судалгаагаар тогтоосон. Магадгүй монголчуудын цусанд аминч үзэл байгаа юм биш биз дээ?

-Хувиа хичээх үзлээс өөрийгөө дөвийлгөх үзэл давж гарсан. Нийгмийн сэтгэл судлалд хувиа хичээх, хамтач гэсэн хоёр үзэл байдаг гэж үздэг. Уг нь манайхан онолын хувьд хамтач үзэлтэй гэдэгт ордог. Нутаг усныхан, хамаатан саднаа гэдэг боловч тэр бүхний дээр өөрийгөө л тавьж үзэх жишээтэй. Тэр урьд нь тийм л юм байсан, хэзээ ийм болчихоов, энэ ч дээ гэх мэтээр л хардаг. Хамтач үзлийн хамгийн гол шинж нь “би” гэхээс илүү “бид” гэх үзэл байдаг. Гэвч монголчууд тийм биш. Өрнийн ч биш, дорнын ч биш өвөрмөц сэтгэлгээтэй. Түүхэн тодорхой үед энэ нь давуу тал болж байсан бол одоо үгүй.

-Нутгархдаг, жалга довны үзэл сэтгэл зүйн талаасаа өнөөдөр хэвийн үзэгдэлд орох уу. Сэтгэл зүйч үүнийг юу гэж хардаг нь сонин байна?

-Бүх улс оронд байдаг үзэгдэл боловч манайд хэвийн сэтгэл зүйн үзэгдлийн хэмжээнээс хальж гарсан. Бид хоорондоо аймгархаж нутгархаж байгаа ч гадныханд монгол хүн л гэж харагдана. Тэр намын, нам дотроо тэр аймгийн хүний хийсэн ажил, харин одоо би өөрийнхөө аймаг маягаар хийнэ гээд байгаа нь наад зах нь бодлогын залгамж, уялдаа холбоо байхгүй болгох цаашлаад энэ монголчууд гуйвамтгай, хэлсэн үгэндээ хүрдэггүй гэсэн дүр төрхийг л гадныханд бий болгоод байгаа биз дээ. Бүр тодорхой жишээн дээр таны дурдсан судалгаагаар нэг аймаг, сумынхан хоорондоо гэрлэж цус ойртолт бий болсноор оюуны болоод бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа байдал юм. Цус ойртолтын оюун ухаанд нөлөөлдөг хамгийн наад захын нөлөө нь ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл шүү дээ.

-Энэ явсаар юунд хүргэх вэ. Энэ бүхэн яаж зөв голдрилд орох вэ?

-Бухимдалд суурилсан сөрөг сэтгэл хөдлөлийн хэлбэр хуримтлагдаад хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болчихоод байна. Энэ байдал цаашид даамжрах юм бол үндэсний хэмжээний дотоодын үймээн самуун болохыг ч үгүйсгэхгүй. Хүн болгон дор бүр өөрийн хандлагаа өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Нэг монгол хүн нэгнээ хүндлээд гарцан дээр зам тавьж өгөхөөс л эхэлж болно. Нэг хүний нийгэмд үзүүлэх нөлөө их чухал. Нэг хүн зөв бодолтой, хандлагатай байхад гэр бүлдээ нөлөөлдөг. Гэр бүл нь өөр бусад хүнд, бусад гэр бүлд нөлөөлөх жишээтэй. Олонхи нь болохгүй байна гэдгийг шүүмжлэхээс биш бодитой зүйл хийдэггүй, фэйсбүүк, ширээний араас бусдыгаа шүүмжлээд, үгүйсгээд, үе үе туйлшраад байна. Тамхи татдаг хүмүүсийн 80 хувь нь зүрх судасны өвчнөөр нас бардаг гэдэг судалгааг уншаад тамхи татдаг хүмүүсийн 80 хувь нь би тэр хүмүүсийн тоонд орохгүй гэж үздэг шиг сэтгэлзүйн үзэгдэл манайд ноёлж байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Үгүйсгэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаггүй юм

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Ардчилсан намын шинэчлэлийн талаар өнөөдөр ид яригдаж байна. Гэхдээ шинэчлэл хийнэ гэхээр хаанаас, юунаас, юуг нь шинэчлэх ёстой юм бэ?

-Ардчилсан нам хүчтэй байх ёстой. Хүчтэй байхын тулд дотооддоо ардчилалтай, нээлттэй, гишүүдийнхээ оролцоог хангасан, шийдэлтэй, улс орны хөгжлийн бодлогоо төлөвлөдөг, бодлого гаргахдаа судалгаан дээр тулгуурладаг байх ёстой. Ардчилсан нам ард түмний хүлээлт, итгэл найдварыг тээж явдаг хүчтэй улс төрийн хүчин. Тэр утгаараа ардчилсан намын жижигхэн алдаа том болж харагддаг. “ард түмэн ардчилсан намд хайртай” гээд хэлчихэд буруудахгүй гэж боддог. Хүн хайртай хүнээ багахан алдаа гаргахад нь “Том алдаа байна” гэж хараад засахын төлөө явдаг. Харин хэнд ч хамаагүй хүн алдахад түүний алдааг анзаардаг хүн байдаггүй. Би өөдрөг хүн. Ардчилсан нам болохоо байлаа, нураад уначихлаа гэдэг уруу дорой байдлаар яавч шинэчлэлийг хийж чадахгүй. Энэ шинэчлэлийн эхлэл нь Ардчилсан намын даргыг нийт гишүүдээсээ сонгох сунгаа. Манай намын нийт гишүүдийн шударга оролцоог бүрэн хангахаас биш цаг зуурын оролцогчид битгий байгаасай. Намын даргад нэр дэвшсэн таван нэр дэвшигчийн эв нэгдлээр илэрхийлэгдсэн үйл ажиллагаа болж байгаа гэдгээ харуулж чадвал намын шинэчлэл эхэлчихлээ гэж бардам хэлж болох. Намын шинэчлэлийн нэг том алхам ингэж л харагдах учиртай юм. Тиймээс үр дүнгээсээ илүү процесс нь чухал.

-Жаахан тодруулахгүй юу?

-Хэн намын дарга болох вэ гэхээсээ илүүтэй намын даргын сунгаа хэрхэн зөв явагдав, сунгаа яаж намын жирийн гишүүдэд хамааралтай, хариуцлага хүлээсэн хүмүүсийн түвшинд эв нэгдлийг хэр хангаж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Ардчилсан нам шинэчлэлээ хийж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээ байх хэрэггүй. Эхний алхмаа хийж чадах ёстой.

-Танай нам заавал сонгуульд ялагдсаны дараа шинэчлэл хийх ёстой байсан юм уу. Эрх мэдэлтэй байх үедээ хийж болоогүй юм уу. Эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ энэ бүхнийг сөхөөрч амжаагүй юу?

-Ардчилсан нам байнгын үйл ажиллагаатай байсан. Тухайлбал, “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулахын тулд 2008 оноос эхлэн ард түмнээ, гишүүдээ сонсох аянг эхлүүлсэн. Тухайн үед Н.Алтанхуяг намын дарга, Д.Эрдэнэбат намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Энэ хоёр хүн сайн ажилласан. Монгол Улсаа бүтэн тойрч 78 мянган км явсан. Ард түмэн, намын гишүүдийнхээ санаа оноог сонссоны дүнд “Монгол хүн-2020” хөтөлбөрөө боловсруулан 2008-2012, 2012-2016 он хүртэл хоёр том сонгуульд орох мөрийн хөтөлбөрөө гаргаж ирсэн юм. 2008-2012 оны хооронд мөрийн хөтөлбөрийн эхний үе шат хэрэгжиж, өнгөрөгч дөрвөн жилд хоёр дахь үе шат нь үргэлжилсэн. Ардчилсан нам нээлттэй, бодлого тодорхойлогч болохыг зорьж шинэчлэл хийгээд явж байсан. Харин ямар ч шинэчлэл байгаагүй юм шиг ярьж болохгүй. Үгүйсгэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаггүй юм. Заавал үргэлжлэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаг. Үргэлжлэл дээр суурилахдаа алдаагаа ухаарч түүнийгээ давтахгүй, юун дээр онов гээд түүнийгээ баталгаажуулдаг хоёр баганан дээр явдаг. Ингэж явж байсан л даа.

Та харин сонгуульд ялагдсаныхаа дараа гэж байна. Би энэ сонгуульд ялагдсан шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлээс болсон гэж хардаг. Нам шинэчлэгдэж чадаагүй, хуучинсаг байсандаа ялагдчихсан гэж боддоггүй.

-Тэгээд юунаас болсон гэж?

-Хэд хэдэн шалтгааныг ярьдаг. Нэгдүгээрт, намд үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүсийн нэгдмэл байдал хангагдаж чадаагүй. Нэгдмэл байдал хангагдаж чадаагүй байхад түүн дээр дөрөөлж тодрох гэсэн улс төрийн тоглогчид олширсон.

-Нам дотроо юу?

-Нам дотроо. Бараг л намгүйгээр улс төр хийчих юм шиг байдал хэт газар авсан юм. Түүнчлэн нам хамаарахгүйгээр эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн тоглолтууд хүчээ авсан. Тиймээс бидний хүрэх зорилгод энэ бүхэн хамгийн том саад болсон. Намын шинэчлэл хийж байгаа бол үүнийг гаргахгүй байх арга хэмжээг авч, ийм байдлыг таслан зогсоох ёстой. Намынхаа дотоод зөрчил дээрээс ганцаарчилсан тоглолт хийж гарч ирэх гэсэн хүмүүс, эсвэл нам хооронд зөвшилцөж тэндээс нийтлэг улс төрийн эрх ашиг биш тодорхой улс төрийн эрх ашгийн төлөөх тэмцлээ дарж чаддаг болох хэрэгтэй юм. Үүнийг дарж чадах зоримог, нэгдмэл, хариуцлагатай үйл ажиллагаа руу орж чадвал Ардчилсан нам өөрийн хүчирхэг байдлаа сэргээж чадна. Миний хамгийн харамсдаг зүйл нь Засгийн газраа огцруулсан явдал. Огцруулах ямар шалтгаан байв, огцруулсныхаа дараа өөр улс төрийн тавцанд гол өрсөлддөг намтайгаа сонгууль угтсан он жилүүдэд хамтрахын төлөө явав гээд асуулт гарна.

-Танаас л асуучихмаар асуулт байна даа?

-Хамтарч засаг байгуулахын төлөө Ардчилсан намынхаа Засгийн газрыг унагасан. Түүнээс биш засаг уначихаад МАН-тай нэгдчихсэн зүйл огт биш. Энэ манай намын хамгийн буруу алхам болсон. Засгийн газар нь хэвээрээ, бид бүтээн байгуулалтаа үргэлжлүүлээд явсан бол үр дүн өөр байх ёстой байлаа. Гэсэн ч бид бүтээн байгуулалтаа улс төрөөрөө зөвтгөж чадаагүй юм. Тиймээс бидний хийсэн бүтээн байгуулалт ард түмэнд хамаагүй байлаа. Бүтээн байгуулалт иргэдэд хэдий өгөөжтэй байсан ч сонгууль гэдэг чинь улс төрийн харилцааны зүйл. Түүнээс бүтээн байгуулалтын сонгууль биш шүү дээ. Тэр цагаас хойш “Ардчилсан намынхан өөрсдийнхөө Засгийн газрыг унагаадаг”, “Өөр намтай нэгдэн албан тушаалын төлөө бүлэглэл болон явлаа” гэсэн бүхий л шүүмжлэл гарсан. Энэ үгийг нам дотроо хамгийн их ярьж байсан хүмүүс хувийн улс төрөө хийж чадсан. Сонгуулийн үр дүн ч үүнийг харуулсан. Миний юу гэж байгааг мэргэн уншигчид ухаад ойлгочихно.

Хоёрдугаарт, Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь манай намын том алдаа. Улс төрийн намууд сонгуульд орох “тоглоомын дүрэм”-ээ боловсруулан ордог. Гэтэл манай намынхан сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Сонгуулийн хуулиа өөрчилсөн. Та санаж байгаа бол “Үндсэн хууль зөрчсөн ийм зүйлд оролцохгүй” гээд чуулганы хуралдааныг би орхин гарч байсан. Жижиг тойргоор сонгуульд орно, ийм болгож чадна гэсэн улс төрийн намын мэхэнд л манайхан унасан байхгүй юу. Тухайн үеийн сөрөг хүчин үүнийг мэдэж байсан учраас нэг мандаттай тойргууд дээр МАН-ын бүх хүн дөрвөн жил ажилласан. Дөрвөн жил яаж ажилласан бэ гэдэг нь тодорхой. Тэдний хувьд ард түмний сайн сайхны төлөө хийсэн бүтээсэн бодлогоор оролцоогүй нь ойлгомжтой. Сонгуулиар АН-д санал өгсөн нийт сонгогчдын хувь 2012 оны сонгуулийг хувь хэмжээтэй ойролцоо байсан. Улс төрийн үнэлгээний үнэлэмжээр Ардчилсан нам 30 гаруй суудал авах л байлаа. Тиймээс ялагдсан гэдэг үгийг би гутранги хэлбэрээр хэлэхгүй. Сонгуулийн хуулийн гэнэтийн өөрчлөлтөөс болсон.

-Танай намын фракцуудын зөрчил, удирдах түвшний хүмүүсийн эрх ямбын төлөөх тэмцлээс болж ийм байдалд хүрсэн юм биш үү. Шинэчлэл эхэлж байна гээд байгаа ч сунгааны дараа байдал дээрдэх үү?

-Намын өмнө үүрэг хүлээсэн бид мэтийн хүмүүсийн ноцтой алдаа байхгүй юу. Үүнд намын жирийн гишүүдийн буруу байхгүй. Фракц эрх мэдлийн төлөө яваад эхлэхээрээ л бурууддаг.

-Өнгөрсөн он жилүүд ийм байдалд л үргэлжиллээ…

-Өнгөрсөн он жилүүд гэж урт хугацаанд ярьж болохгүй. 2012 оны сонгуулийн өмнө ч гэсэн фракцууд байсан. Тэд нийтлэг эрх ашгийн төлөө ойлголцоо бүрдүүлээд явж чадсан. Засгийн эрхийг бариад явж байхад “Бид болж байна” гэж бодохоосоо өмнө “Би болохгүй байна” гэж боддог хүмүүсийн үйл хөдлөл нь хурц болдог юм билээ. Үүнээс үүдэж фракц эрх мэдлийн төлөөх фракц болж хувирдаг юм байна лээ. Сүүлийн үеийн фракцууд нийтлэг эрх ашгийн төлөөх фракц биш. Фракцын өөрчлөлт нь эрх мэдлийн фракцын өөрчлөлт болж өөрчлөгдсөнтэй холбоотой. Ямар шинэ фракцууд, ямар шинэ нэр томьёонууд гарч ирсэн билээ. Эргээд санаарай. Одоохон бид үүнийгээ засах зайлшгүй шаардлагатай.

-АН-ын дарга бол танай намд үлдсэн цорын ганц албан тушаал гээд байгаа. Үүний төлөө фракцууд үхэн хатан тэмцэлдээд байгаа юм биш үү?

-Энэ бол албан тушаал биш. Албан тушаалын төлөөх фракцаас болж ийм байдалд хүрсэн. Түүнээс биш хамгийн том үүрэг хүлээсэн хүнээ л сонгох гэж байгаа процесс. Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдгээр дамжуулан Ерөнхий сайд болох хүслээр сунгаанд оролцож байгаа хүмүүс больчих хэрэгтэй. Харин намаа ялуулахын төлөө үүрэг хүлээсэн тийм л дарга ус агаар шиг хэрэгтэй байна. Ардчилсан намын дарга албан тушаал сонирхогчдоос биш үүрэг хүлээгчдээс багаа бүрдүүлэх ёстой. Энэ таван хүнээс хэн нь ч гарч ирсэн нөгөө дөрөв нь багийн бүрэлдэхүүнд байна л гэж бодож байгаа. Тэгж байх хүнээ голохгүй байх ёстой юм. Тэгж байх хүмүүс нь энэ марафонд оролцсон нь миний үүрэг гэж бод. Үнэхээр тийм сэтгэл харагдаж байгаа бол тэр хүнээ сонго. Тийм зүйл харагдахгүй байгаа бол манай намын гишүүд битгий сонго.

-Танд арай дөнгүүр нь хэн юм шиг санагдаж байна вэ?

-Шууд хэлэх боломжгүй. Миний энэ хүсээд байгааг хэн илүү хангаж байна вэ гэдгийг манай намын гишүүд уншаад шүүг л дээ. Бодоод хариугаа олог. Энэ нь чухал байхгүй юу. Шинэчлэл гэдэг чинь цоо шинэ зүйл биш. Шинэ зүйл гэдэг чинь сайтар мартагдсан хуучин зүйл шүү дээ. Сайн бодоорой. Манай намынхан сайтар мартагдсан тэр хуучин зүйлээ гаргаад ирээрэй.

-Залуучууд нь “Ахмадууд зайгаа тавь, зайлаад өг” гээд шууд ил цагаан хэлцгээх юм байна шүү дээ?

-Тэр залууст намын Их хурал хариуг нь өгчихсөн байх. Ингэдэггүй юм. Залуус гэдэг бол ахмадуудынхаа үргэлжлэл болон гарч ирдэг юм. Ахмадуудынхаа мэдэж байгаа, бодож буй түвшин рүү, сэтгэл рүү өөрсдөө хүрээд ир. Үүний дараа тэднийхээ залгамж болоод явдаг юм гэдгийг ойлгуулсан байх гэж бодож байгаа. Бүтээлч хүн юмыг засдаггүй. Шинээр хийдэг. Нэр дэвшигчид нь хөгшин залуу, шинэ хуучнаараа ялгараад бүтэхгүй шүү. Сунгаа эхэлснээс хойш “Хуучин торхонд шинэ дарс исгэдэггүй” гэдэг яриа сонссон. Харин би “Хагсаа нь гараагүй торхонд халбага айраг ч тогтдоггүй” гэж хэлмээр байгаа юм. Монголчууд эхлээд хагсааг нь гаргадаг байхгүй юу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг байх аа. Ардчилсан намынхан саалиа хураахын тулд саваа зөв сонгох учиртай. Тиймээс тэдний хагсаа нь арилаагүй л байна.

-Энэ намд өнөөдөр амин чухал шаардлагатай шинэчлэл юу байх бол?

-Сэтгэлийн шинэчлэл хэрэгтэй. Хүний оюун санааг өөрчилнө гэдэг хэцүү. 1990 онд ардчилал ялж өмнөх үеийн бэлэнчлэх хэвшмэл сэтгэлгээг арилгаж, шударга тэгш боломжийг бий болгосноор би өөрөө өөрийнхөө амьдралыг авч явна гэдэг сэтгэхүйг суулгахад бэрх байсан. Гэхдээ хийж чадсан. Намаа шинэчилье гэж ярьж байгаа энэ үед манай гишүүдийн сэтгэлийн шинэчлэл хамгийн чухал. 1992, 1996, 2000 оны сонгуульд манай гишүүд ямар сэтгэлээр оролцдог байлаа. Тэр сэтгэл өнөөдөр үгүйлэгдэж байна. Түүнчлэн сонгогдсон бол хариуцлагаа хүлээдэг зарчим эргээд үйлчлэх ёстой. Энэ сэтгэлүүд хоорондоо маш сайхан уягддаг байсан юм. Ямар нэг өгөө авааны зүйл байсангүй. Бид ялуулчихлаа гэж байхад нөгөөх нь та нар намайг ялуулчихлаа гэдэг байв шүү дээ. Сэтгэлийн шинэтгэл хийгдсэн байхад энэ бүхэн хоёр талаасаа их сайхан уулзана.

-Зарим нэр дэвшигчид 20 мянган төгрөг өгье, надад саналаа өгөөрэй гээд яваа талаар мэдээлэл бий. Ийм нэг сэтгэхүй арилахгүй нь ээ?

-Ардчилсан намын энэ том шинэчлэлийг 20 мянган төгрөгөөр худалдаж авч болдоггүй юм. Хэрэв тийм хүн байгаа бол өөрөөсөө ичих хэрэгтэй. Нэрээ татах хэрэгтэй. Таны саналыг худалдаж авъя гээд ирж байгаа бол “Уучлаарай. Таны мөнгө надад хэрэггүй. Харин таныг ямар бодолтой хүн бэ гэдгийг мэдэж авлаа” гээд тэр мөнгийг нь буцааж өгөөд өөр сонголт хийх ёстой. Тийм болохоор л би сэтгэлийн шинэчлэл гэж дээр дурдсан юм шүү дээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоогийн “Феодалын хөрөнгийг хурааж авч болдоггүй юм” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Энхболдтой хийсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хуулийн хүрээнд худалдан авч болно” ярилцлага нийтлэгдлээ.

Тэрээр ярилцлагадаа, “… Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувь Монголын талд ирсэнд туйлын талархалтай байгаа. Хамгийн гол нь хуулийн хүрээнд худалдан авч чадсан уу гэдэг асуудал. Үүнийг ажлын хэсэг шалгасан. Шалгалтын үеэр хууль зөрчсөн, УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс 49 хувийг улс өөрийн мэдэлдээ авах нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ 49 хувийг булааж авахгүй. Худалдаа хөгжлийн банкинд төрийн мөнгө бий. Анхнаасаа сонин санагдахаар зүйл олон байдаг. Би хувьдаа их зөн билигтэй хүмүүс “Эрдэнэт”-ийг худалдаж авчээ гэж харж байгаа. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гараагүй байхад буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд таван сая ам.доллар Оросын тал руу шилжүүлсэн байдаг. Энэ чинь их мөнгө биз дээ. Түүнийгээ хэрэв Монголын Засгийн газраар шийдвэр гаргуулж чадахгүй бол буцаан авахгүй гэсэн байдаг. Гэтэл хоёр сарын дараа худалдах, худалдан авах гэрээ хийсэн биз дээ. Нэг ёсондоо хоёр сарын өмнөөс Засгийн газрын гаргах шийдвэрийг урьдчилан гаргачихаад байна. Мөнгөтэй хүмүүс Монголын төрийг ч удирдаж болдог юм байна гэх байр суурь харагдаж байгаа…” хэмээн ярьжээ.

Монгол Улс авлигын индексээр 15 байраар ухарч, 87-д орсон талаар “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагаас өчигдөр мэдээлсэн билээ. Энэ талаарх нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхны байр суурийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас хүлээн авч уншаарай.

Баримт, үйл явдлын 7-р нүүрт Тахарын албыг татан буулгасантай холбоотойгоор шүүхийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцаж байгаатай холбогдуулан Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах судлаач, хуульч Л.Галбаатартай хийсэн ярилцлага орлоо.

Тэрээр “…Шүүгдэгчид өөрийнхөө хоолойг хэрчих нь битгий хэл шүүгчийн хоолойг хэрчихэд бэлэн харагдаж байна, олон улсын хэмжээнд онц ноцтой гэмт хэргүүдийг үр дүнтэй шийдвэрлэх, бие даасан шүүх, хараат бус шүүгчийн үйл ажиллагааны гол хүчин зүйл нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх тусгай алба гэж үздэг. Тухайлбал, ийм тусгай албанд ОХУ-ын Холбооны шүүхийн дэргэдэх хууль сахиулах алба, Тайванийн Шүүхийн цагдаагийн алба, Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба, Францын Үндэсний Жандармерын алба, Канадын Шерифийн алба, АНУ-ын Маршалын албыг тус тус нэрлэж болно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь нэг удаагийн шинжтэй бус, байнгын тогтмол, мэргэшсэн үйл ажиллагаа тул энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгай алба тодорхой стратегитай, гэмт халдлагын нөхцөл байдалтай уялдаж ажиллах шаардлагатай байдаг” хэмээн ярьсан байна.

Мөн удахгүй болох 34 дахь “Болор цом” яруу найргийн эхний шатанд үлдсэн 30 яруу найрагчийн талаарх сонирхолтой баримт, үзэл бодлыг өнөөдрийн дугаараас сонирхон уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев монгол охинд туслахаар иржээ

“Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/ манай улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай Л.Бүжинлхам охинд туслахаар ирсэн талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Лхагвасүрэнгийн Бүжинлхам хэмээх долоон настай охин төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй бөгөөд хоёр сартай байхдаа цөсний суваг нээх касайн хагалгаанд орсон байна. Уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгахгүй л бол охин урт наслах боломжгүй болжээ. Иймд элэг яаралтай шилжүүлэн суулгуулах шаардлагатай аж.

Охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээнд нь 70 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс хандивын аяныг цахим орчинд өрнүүлсөн бөгөөд “Рэкетир” кинонд Саяны дүрд тоглосон жүжигчин Саят Исембаев тус аянд нэгджээ. Тэрбээр Л.Бүжинлхам охинд туслахыг уриаллаа.

Мөн хэвлэлийн хуралд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Тэнгэрийн Модун ТББ-ийн тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд нар оролцож охинд тусламжийн гараа сунгахыг уриалсан юм.

Хэрвээ охинд туслахыг хүсвэл Л.Бүжинлхамын

  • Хаан банкны 5042409122
  • Голомт банкны 1605121634
  • Төрийн банкны 105000721324 тоот данс руу сэтгэлийн өглөг шилжүүлэх боломжтой.
Анх 2007 онд “Рэкетир 1” уран сайхны кино дэлгэцнээ гарсан. Үүнээс хойш тус киноны үргэлжлэл “Рэкетир 2” кино гарч эхэлсэн юм. Уг киноны нээлт манай улсад болж Саят Исембаев Монголд ирж байсан удаатай.
Categories
мэдээ нийгэм

Утааны жагсаалд нэгдсэн урлагийнхан мэдээлэл хийнэ

Ээж аавуудын санаачилгаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Жагсаалд нэгдэх уран бүтээлчид маргааш хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон юм. Дахин жагсаал “Боож үхлээ” нэртэйгээр энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Утааны эсрэг дахин жагсаалд нэгдэх санаачилгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон. Дуучин Б.Батчулуун Улаанбаатар хотын утаа түгжрэлийн тухай уран бүтээлээ хэвлэлийн хурлын үеэр танилцуулах ажээ.

Хэвлэлийн хурал “NEW STAR студи дээр 14.00 цагт болно.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн найман жилийн ажлыг дүгнэнэ

Монголын медиа корпораци “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах гэж байна. Өмнө нь тус аяныг Дорноговь аймаг, Сүхбаатар, Баянгол дүүрэгт амжилттай зохион байгуулж байсан билээ. Энэ удаад орон даяар зохион байгуулах гэж байгаа талаар “Eagle” телевизийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Монголын медиа корпорацийн зөвлөх Р.Батсайхан, МЕС судалгааны төвийн захирал Л.Золбаяр, “Eagle” телевизийн тоймч Б.Жаргалмаа нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын сонгуулийн насны иргэдийг төлөөлөх 400 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож хэлэлцүүлэгт оролцуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлыг дүгнүүлэх юм байна. “Ардын үг” зөвлөлдөх аяны хамгийн гол зарчим нь хэлэлцүүлэгт оролцох хүмүүст бүх талын мэдээллийг өгснийхөө дараа саналыг нь авах юм.

Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний үйл ажиллагааг шүүмжилдэг хүмүүсийг хэлэлцүүлэгтээ урьж тухайн 400 иргэнд тэнцвэртэй, бодит мэдээлэл өгөх ажээ. Ийнхүү бүх талын мэдээллийг сонссон иргэд Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн бодлого, үйл ажиллагааг нууцаар санал өгөх зарчмаар дүгнэх юм байна. Хэлэлцүүлэгт оролцох иргэдээ сонгохоос эхлээд “Ардын үг” аян сар гаруй хугацаанд үргэлжилнэ гэдгийг “Eagle” телевизийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш онцолж байлаа.

Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаа хэдий ч одоогийн Ерөнхийлөгч хуулийн дагуу дахин нэр дэвших боломжгүй учраас энэ удаагийн “Ардын үг” аян нь сонгуультай ямар нэгэн байдлаар холбоогүйг мөн тэрээр хэлж байлаа. Энэхүү аяныг зохион байгуулагчид мэдээлэл хийснийхээ дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид саналаа танилцуулж, “Ардын үг” аянд оролцохыг урихаар төлөвлөжээ.

“Ардын үг” аян Ерөнхийлөгчийн найман жилийн ажлыг дүгнэнэ Монголын медиа корпораци зөвлөлдөх ардчиллын ач тусыг нийгэмд сурталчлан таниулах зорилгоор “Ардын үг” зөвлөлдөх аяныг цаашид ч зохион байгуулах юм байна. Дэлхий даяр төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, иргэдийн итгэх итгэл буурч байгаа учраас зөвлөлдөх ардчиллын зарчмыг бий болгох, шийдвэр гаргах төвшинд хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршин хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын зарим мужууд шийдвэр гаргах төвшиндөө хэрэгжүүлэх болжээ. Манай улс ч гэсэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл боловсруулан парламентаар хэлэлцүүлж байгаа юм.

Зөвлөлдөх ардчилал гэж юу вэ? Онолын хувьд шууд ардчилал, төлөөллийн ардчилал, элит ардчилал, зөвлөлдөх ардчилал гэсэн ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна.

Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна. Учир нь Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм. Ийнхүү дэлхийн олон улсууд Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд бид ч гэсэн “Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр” уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байна.

Монголд хамгийн анх Улаанбаатар хотын удирдлагууд Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлж, ойрын үед хэрэгжүүлэх 14 том төсөл, хөтөлбөрийг иргэдээр эрэмбэлүүлж, хэрэгжүүлэх хугацааг тогтоолгон, ач холбогдлыг үнэлүүлж байсан удаатай. Мөн “Монголын медиа корпорац”-ийн санаачилгаар Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт Зөвлөлдөх аяныг амжилттай зохион байгуулсан туршлагатай билээ.

“Монголын медиа корпораци” Зөвлөлдөх ардчиллыг олон нийтийн үйлс, ардчиллын шинэ давлагаа болгон дэлгэрүүлэх, хэм хэмжээ болгон төлөвшүүлэхийн тулд “Ардын үг” зөвлөлдөх аяныг цаашид ч тодорхой асуудлуудаар орон даяар өрнүүлсээр байх болно.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь хороосон хэрэгтэнд 10.6 жилийн ял оноолоо

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Шунхлай” шатахуун түгээх станцын талбайд марган, улмаар цохиж, хүнд гэмтэл учруулан хүний амийг санаатай хөнөөсөн гэмт хэрэг 2016 оны есдүгээр сарын сарын 5-ны өдөр гарсан. Энэ хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар буюу “Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хэлэлцжээ. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зургаан удаагийн ял шийтгэлтэй, хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Б-г шүүхээс онц, аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 10 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулан, ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гацууртын ордыг ашиглах талаар хэлэлцээр хийнэ

Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах нөөц ашигласны тусгай төлбөр нь 3-аас доошгүй хувь байх талаар УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оржээ.

Сануулахад УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Эдгээр тогтоол гарсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсэг ордыг эзэмших, Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж байсан ч зогсонги байдалд ороод байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Шатахууны онцгой албан татварыг буурууллаа

Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа.

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоолоо. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаа юм. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болголоо.

Дашрамд дурдахад Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг өмнө нь хоёр удаа бууруулаад байсан юм.

Categories
мэдээ улс-төр

“Насны хишиг”-ийг олгохдоо зээл, зээлийн хүүнд суутгахыг хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“НАСНЫ ХИШИГ”-ИЙГ ОЛГОХДОО ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ХҮҮНД СУУТГАХЫГ ХОРИГЛОНО

Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав.

Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд тусгасан. Энэ дагуу:

– 65-69 настай ахмад настан 50 мянга

– 70-79 настай ахмад настан 80 мянга

– 80-89 настай ахмад настан 150 мянга

– 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

Насны шалгуур хангасан Монгол Улсын иргэн эсвэл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан Насны хишгээ авах юм.

Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь Насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана. Ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очих шаардлагатай бөгөөд халамжийн ажилтан бичиг, баримтыг өргөдөлд хавсарган анхан шатны баримт бүрдүүлнэ.

Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, Насны хишгийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Гэхдээ итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулж авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгох юм.

Харин гадаадад оршин суугаа иргэний Насны хишгийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгохоор заажээ.

Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ. Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхаар журамд тусгалаа. Ахмад настан хүсэлт гаргавал шинээр данс нээлгүй тухайн банкин дахь өөрийнх нь данстай холбож болохоор зохицуулсан байна. Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

Судалгаагаар 2015 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 122 мянга гаруй ахмад настан байдаг бөгөөд 65-69 настай 43089, 70-79 настай 57624, 80-89 настай 18700, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад байна.

Гацууртын ордыг ашиглах талаар хэлэлцээр хийнэ

Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах нөөц ашигласны тусгай төлбөр нь 3-аас доошгүй хувь байх талаар УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оржээ.

Сануулахад УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Эдгээр тогтоол гарсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсэг ордыг эзэмших, Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж байсан ч зогсонги байдалд ороод байсан юм.

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛЛАА

Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа.

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоолоо. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаа юм. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болголоо.

Дашрамд дурдахад Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг өмнө нь хоёр удаа бууруулаад байсан юм.

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглаж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Төлөвлөгөөний дагуу макро эдийн засгийн бодлогын хүрээнд 31, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогын хүрээнд 118, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд 64, хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлогын хүрээнд 65, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд 64, нийт 342 үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Энэ онд уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэн, ажилгүйдлийн түвшинг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар бүрийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарна.

Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн бодит өсөлт 3 хувь, инфляцийн түвшин 6.5 хувь, төсвийн тэнцлийн алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 9.1 хувь, ажилгүйдлийн түвшин 9 хувиас ихгүй байна гэж тооцоолжээ.

Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 5.4 их наяд төгрөг, үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 353.9 тэрбум, гадаад эх үүсвэрээс 825 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр байна.

“ОЮУТАН-ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРМЫГ БАТАЛЛАА

Цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллежийн эрэгтэй оюутан, политехник, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэх харилцааг энэ журмаар зохицуулах юм.

“Оюутан-Цэрэг” сургалтад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч нь тухайн жилийн 3 дугаар сарын 10-ны дотор харьяа аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлэх ёстой.

Оюутан, суралцагчийг сурлагын голч дүн /2,8-аас дээш/, бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур болгон сонгох юм. Хүсэлт гаргагч нь иргэний болон оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургалтад хамрагдах сургуулийн зөвшөөрөл, тодорхойлолт, сурлагын дүнгийн хүснэгт, суралцахыг хүссэн өргөдлөө бүрдүүлэх юм байна.

ПОЛЬШ УЛСААС 50 САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ АВАХ ТАЛААР УИХ-ТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж байна.

ТОВЧ МЭДЭЭ

-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

-Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.054 хувь байхаар тогтоолоо.

-Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болж, ой тэмдэглэх комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.

-Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдыг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах жагсаалтыг хавсралтаар баталлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын 1187 цэргийн албан хаагч дэлхийн зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.