Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмад настны тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хариулсан юм. Гишүүд тэтгэвэрт гарсан хүн компанид ажиллахад тэтгэвэр авч байна гэж хэлээд бага цалин өгдөг. Цалингаасаа нийгмийн даатгал төлдөг. Гэхдээ тэтгэвэр нэмэгдэх нь бага. Үүнийг яаж зохицуулж байна вэ, тэтгэвэр авч байгаа 260 мянган ахмадуудын дундаж тэтгэврийн дүн хэд вэ. Хамгийн дээд болон бага тэтгэврийн дүн хэд вэ. Хувийн хэвшлийнхэн дундаж цалин өгдөг. Дундаж цалин нь 900 мянга, оффисын менежер 1.5 сая төгрөг байна. Цаашдаа тэтгэврийг цалинтай ойртуулах уу гэх зэрэг асуултыг сонирхов.

Тэтгэврийг тухайн үеийн инфляци, амьжиргааны түвшинг харгалзаж тогтоодог байна. Хувь тэнцүүлсэн 218 мянга, дундаж 306 мянга, бага тэтгэвэр 240 мянган төгрөг аж. Санал хураалт явуулахад Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 83.6 хувийн саналаар дэмжив. Ийн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг бүхэлд нь баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Налайхад хорио цээрийн дэглэм тогтоолоо

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт “Цэцэг өвчин” гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тус дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн А/26 дугаар захирамжаар голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Тавдугаар хороо буюу Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж байсан малчин өрхийн хоёр хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлага нэгдүгээрсарын 23-ны өдөр ирж “Бөх-Мо” мал эмнэлэгийн малын их эмч Н.Алтантуяа, Р.Өлзийбаяр, А.Мөнгөнцэцэг нар очиж 399 хонинд үзлэг тандалт хийж үзэхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан байна. Энэ мэдээллийн мөрөөр нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр 02 сарын 24-ны өдөр ирж 5 дугаар хороонд ажилласан бөгөөд сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабраторийн шинжилгээнд өгөхөд хонь малын гоц халдварт цэцэг өвчин болох нь тогтоогджээ.

Одоогоор дамжин өнгөрч байгаа машин техникийг ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр нэвтрүүлж байгаа бөгөөд тухайн хорооны иргэд болон голомтын бүсэд байрлах цэргийн ангиудын албан хаагчдын орж гарах хөдөлгөөнийг бүрэн хорьсон байдалтай байна. Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. 2017 оны нэгдүгээр сарын 23, 24, 25-ны өдрийн байдлаар нийт 1762 хонинд үзлэг тандалт хийсэн бөгөөд 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын хэлтсээс 8 албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 15 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс 3 эмч ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1, Цагдаагийн хэлтсээс 2 албан хаагч, Бөх-Мо” мал эмнэлгээс 4 эмч, нийт 33 хүн, 9 автомашин техниктэй үүрэг гүйцэтгэж байна. Хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан газарт Зэвсэгт хүчний ангиуд байрлаж байгаа бөгөөд тус хэсэгт гурван постыг байрлуулан хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг үе шаттай хийх юм. Тус бүс нь зорчигчдийн хөдөлгөөн ихтэй газар учраас орж, гарч байгаа хүн машинд ариутгал, халдваргүйжилтийг хийж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард хүйтний эрч суларна

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур болон орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Хүрэнбэлчир хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Ховдын нутаг, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хагаст 16-18м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн уулархаг нутгаар түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Булганы зүүн хойд, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Булганы баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө ихэнх нутгаар 9-14 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна

Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй

Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Categories
мэдээ улс-төр

Хэнтий хан уулын өндөрлөг хэсгийг Бурхан халдун болгохыг гишүүд дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун болгож өөрчлөх талаар хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудлын талаар саналаа хэлэв.

Гишүүд Хэнтий хан уулын талаар болон түүнд агуулагдаж байгаа Хүннү гүрний булш бунхан, Дуурилаг нарс, Шүтээн мод зэрэг газруудыг түүхийн дурсгалт газарт бүртгүүлэх хэрэгтэй хэмээн сануулж байлаа. Мөн газар нутгийн нэршил Баруун Алтайд маш их өөрчлөгдөж байна. Энэ бүхнийг анхаарах хэрэгтэй байна. Өндөр хаан хотыг Чингис болгосон. Уг нь бид хүндэлж биширдэг уул хайрханыхаа нэрийг ч хэлэхээс цээрлэдэг ёс бий. Гэтэл одоо Чингис, Чингис гээд дуудаад байх нь хэр оновчтой юм бол доо гэх мэчилэн саналаа хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хэнтий хан уулын нуруунд байгаа Бурхан халдун уул гэж хэсэг нурууг нэрлэх гэж байгаагаа тодорхой тайлбарлаж хүмүүст ойлгуулмаар байна. Мөн энэ тогтоолын төсөлтэй хамтатгаад Ноён уулын нэршлийн асуудлыг ч бодолцохыг сануулав. Ноён уулын алттай хэсгийг ухаж болно, Ноён уул биш гэж өөрчлөөд алтгүй хэсгийг нь Ноён уул гэж нэрлэснээ болих хэрэгтэй шүү дээ гэлээ.

Ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 56 нь дэмжлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтийн хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөхөөр заасан юм.

Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог аж. Зөвхөн өндөрлөг хэсэг нь хамаарах юм байна.

Улмаар ЮНЕСКО-гоос Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн учир уугуул нэрийг нь сэргээх асуудлыг Засгийн газраас мэдүүлсэн нь энэ аж.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бага Хэнтийн оргил нь Асралт хайрхан, Их хэнтийн хайрхан нь одоогийн нэрлэх гээд байгаа Бурхан халдун юм. Хуучин ЗХУ-ын экспедиц 100 мянган масштабын газрын зураг хийхдээ Хэнтийн хан уул гээд нэрлэчихсэн, тэр нэршлээрээ нэрлэгдсэн байгаа” гэж тайлбарлалаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм.

Уг сонгуульд автоматжуулсан машин ашиглана. Мөн сонгуулийг зохион байгуулахад 14.9 тэрбум төгрөг зарцуулна хэмээн заалаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголын сар шинийн баяр болж байна

Өмнөд Монголчуудын сар шинийн баяр тохиож байна. Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр гэж үздэг. Манай улсын дуучид, жүжигчид жил бүр Хөх хотод очиж Өмнөд Монголчуудынхаа сар шинийн баярын нэвтрүүлэгт орж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай болоод байгаа. Тэгвэл энэ удаа “Увертура” хамтлаг, дуучин Д.Болд, А.Хишигдалай, Зоригт, уртын дуучин Үүрийнтуяа нар ая дуугаа өргөөд иржээ. Дуучин Д.Болд бүх настан буурлуудад зориулж “Миний хоёр эрдэнэ” дуугаа дуулсан байна. Уртын дуучин Үүрийнтуяа “Хээрийн салхитай аялгуу” дуугаа өргөж ая дууны дуун цэнхэр хадаг өргөөд иржээ.

Цагаан сар бол Дундад улсын хамгийн өргөн хэмжээний уламжлалт баярын өдөр юм. Дундад улс Цагаан сарыг Баруун Хан улсын үеэс тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлагдсаар байна.

Өмнөд Монголын Сөнид нутагт монголчууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг ёс заншлаас хүргэж байна.

Сөнид монголчууд хамгаас эрхэмлэн дээдэлдэг хүндэтгэл бэлгэдлийн идээ болох учир нарийн тогтсон ёс жаягтай байдаг. Цагаан сараар айл өрх болгон уламжлал ёсоороо маш ихэмсэг сайхан идээ засаж ахмад настан, айлчин гийчиндээ амсуулж, шинэ жилийн өөд хийморь, өлзий хишиг сайн сайхныг харилцан бэлгэдэж хүндэтгэлээ илэрхийлдэг.

Сөнид нутагт эрт дээр үеэс цагаан сарын шанз боовоор гурван үеийн идээ, таван үеийн идээ, долоон үеийн идээ гэж айл болгон өөрийн дээдсийн уламжлалын ёсоор засдаг. Идээ засахдаа тусгай идээ засах зориулалттай хайрсан шанз боовоо цар /идээ засах тавгийг манайханд “Цар” хэмээдэг/ дээрээ өнцгийг нь зөрүүлэн, өө сэвгүй тэгшхэн сайхан зэрэглэж, дөрвөн өнцөг дээр нь цагаан тос тавьж, гол дунд нь нударган чинээ цагаан тос тавиад боов боорцог, цагаан идээ, үзэм, чавга, чихэр, ёотонгоор чимж засна. Ямар ч айл гээд эцэг дээдийнхээ идээнээс давсан үетэй идээ засдаггүй. Гэхдээ гэгээн хувилгаан бол арван гурван үеийн идээ тавьж болдог байжээ. Ер нь Сөнид нутгийн айл болгон нөхцөл бололцоо дотроо аль болох л цагаан сарын идээгээ сайхан хийхийг хичээдэг. Шинийн идээний боовны өнгөөр тэр жилийн аз хийморийг шинждэгээс шинийн идээг ихэд эрхэмд үздэг. Цагаан сарын идээ нь монгол хүний хамгийн хүндэтгэлийн идээн болохоор ямар ч айл гэсэнгүй идээгээ битүүн засаж тавьдаг. Сөнид нутагт цагаан сарын шинийн нэгэнд шинийн идээ, тэнгэрийн идээ, битүүний идээ /битүүнд айл гэртээ тавьж амссан ууц шүүсийг хэлж буй./гэж гурван идээг хамт тавьдаг уламжлалтай байжээ.

Шинийн идээний ялгамжид гурван зүйлийн идээ байдаг. Үүнд Хас идээ /идээний дээд үеийг шанзаар хас хэлбэртэй засдаг/, Шанзан идээ, саман идээ гэж засдаг байжээ. Эрт дээр үед Сөнидийн ихэнх нутагт хас идээ тавьж байсан бол 19-р зууны дунд үеэс шанз идээ засах болсон байна. Ихэнхдээ энгийн айл таван үеийн шанз идээ тавих нь нэлээд түгээмэл байж, тайз язгууртан, ноёд түшмэдүүд есөн үеийн идээ засаж, гэгээн хувилгаан, ихэс лам нар бол есөн үеийн шанз идээ засан, дээр нь өрөм хуруудаар дөрвөн үе нэмж арван гурван үеийн идээ тавих ч бий.

Шинийн нэгэнд идээний нэг болох битүүний шүүс идээнд битүүнд хөндсөн ууцаа тавина. Битүүнд хөндөж талласан ууцаа сээр, дал, дөрвөн өндөр, шаантын хамт тэвшинд хийж ууцан дээр цагаан идээ тавьдаг. Зарим айл нь бүхэл шүүс тавих ч бий. Хэрэв зээ / нар нь ирвэл тавьсан битүүний шүүсэн дээрээ битүү толгой, сүвээний хавиргыг заавал нэмж тавьдаг. Хадамд гарсан хүүхэн буюу бүсгүй хүн ирвэл өвчүү нэмдэг уламжлалтай юм.

Сар шинээр гийчин зочид айлын цайг амссаны дараа, заавал шинийн идээ, тэнгэрийн идээ, битүүний идээнээс амсдаг ёстой.

Цагаан сарын мэндлэх ёс

Сөнидчүүд жил цагаан сараар уулзаж учирсаар даруй, “За Амар байна уу?”, “Сар шинэ сайхан шинэлэв үү?”, “Сайхан өвөлжиж, сайн хаваржиж байна уу?”, “Мал сүрэг мэнд сайн уу?”, “Шинэ хуучин жил таны бие лагшин тунгалаг уу?” гэж харилцан мэнд сайнаа мэдээд, сууж тавласны дараа, “Шинийн хүн олон уу?”, “Шинээр хол явж байна уу?”, “Морь хурдалж байна уу?”, “Шинэ жилийн өнгө сайхан байна уу?” гэх мэтээр сайн сайхны тухай харилцан үг солин, шинийн идээг бүртгэн, шинийн золголтоо өндөрлүүлж, дараа нэг айлд шинийн золголт хийхээр морддог байна.

Цагаан сарын золголтод хүн бүр хадаг, хив дурдан барьж, харилцан гар зөрүүлэн шинэлэх бөгөөд ахмад настай хүмүүстэй шинэлэхдээ хөөргөө хадгийн дээр нь тавьж баруун гартаа атгаж, ахмадынхаа гарын доогуур нь гараа зөрүүлэн бие бөхийн амар амгаланг нь асуун золгодог. Хүүхэд багачууд нь аав ээж болон настан буурлуудтайгаа золгохдоо хадаг барьж, хормой тосон мөргөөд золгоход ахмадууд нь “Урт насалж, удаан жаргаарай”, “Мөргөсөн толгой чинь мөнх болог, мөнгө доргоор элбэг яв”, “Тэнгэр ивээж тэгш жарга”, “Сайн явж санаагаараа жарга” гэх мэтийн сайхан ерөөлийг хариу болгон хэлдэг билээ. Нас жил, үе зэргийн хүмүүс нь харилцан хадаг барьж, гар зөрүүлэн шинэлэх буюу хөөрөг солилцох зэргээр шинийн золголт хийдэг ажээ.

Шинийн золголтод ахмад томоотон буюу буурлуудтайгаа гэрийн гадна шинэлдэггүй, заавал гэрт орж, суудалд суусны дараа шинэлэх ёстой байдаг. Жил цагаан сар шинийн золголтод дээл хувцасныхаа товч шилбийг тоо ёсоор нь товчилж, энгэр заамаа засаж, малгайгаа төв ёсоор өсөж, дээлийнхээ нударгыг эргүүлэн байж, хойморт саатаа буурлуудтай хормой дэвсэн мөргөн золгодог байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай тогтоолыг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, нийтдээ 17 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тогтоохоор тусгасан байна. Тус Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Гантулга нар холбогдох Байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 46 нь буюу 86.6 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах; сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах саналаа энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.

Энэ үндсэн дээр тус Байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тусгасныг энэ сарын 24-ны өдөр хуралдсан тус Байнгын хорооны хуралдаанаас дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн гишүүдийн асуултад “2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд сонгуулийн техник хэрэгсэл ашиглахад батлагдсан төсвийн дагуу 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд техник хэрэгсэл ашиглахад зориулж 20 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Сонгуулийн тухай хуулиар техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийхээр заасан. Хуулийн энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллогыг хийнэ” гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 49 нь буюу 86 хувь нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүд, дэмжигчид төв байрныхаа гадаа жагсана

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнөөдөр 12.00 цагт төв намынхаа байрны гадаа жагсахаар болжээ. Ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 29-нд болох намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх эрхгүй болсон гишүүдээс хийх эсэргүүцэл бололтой.

Ардчилсан намын дарга З.Энхболд нэгдүгээр сарын 24-нд тушаал гаргаж, нэгдүгээр сарын 6-нд Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Үндэслэлдээ анхан шатны намын байгууллагадаа бүртгүүлээгүй нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл хэмээн үзсэн юм.

Categories
гадаад мэдээ

Хана барих тухай зарлигт Д.Трамп гарын үсэг зурлаа

Хууль бус цагаачдыг АНУ-д нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих тухай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа.

Тэрбээр лхагва гарагт Дотоодын аюулгүйн байдлын яамны ажилтай танилцах үеэрээ хана барих тухай тусгай зарлигт гарын үсэг зурсан байна.

“Ханыг бид барина. Харин Мексикийн Засгийн газар зардлыг нь гаргах хэрэгтэй” гэж тэрбээр өмнө нь нэг бус удаа хэлж байсан юм. Харин тус улсын өмнөд хөрш болох Мексикийн Засгийн газар энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзсаар байгаа билээ.

Зарлигт гарын үсэг зурахынхаа өмнө Ерөнхийлөгч Д.Трамп “ABC News” телевизэд ярилцлага өгөхдөө “хана барих ажил удахгүй, хэдхэн сарын дараа эхэлнэ” гэжээ. Түүний хэлснээр, хана барих зардал мөнгийг эхлээд АНУ гаргах бөгөөд дараа нь Мексикээр нөхөн төлүүлэх аж.

Д.Трамп ирэх долоо хоногт Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньетотой уулзахаар төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энхбаяраас Эрдэнэбат хүртэл утаатай тэмцсэн шастир оршвой

Улаанбаатар үүссэн цагаасаа л эхлээд утаатай байсаан. Түүх шастирт тэмдэглэснээр Хүрээ нь Туул голын хөвөөнөө 100 орчим жил нүүдэллэжээ. Одоогийн баримжаагаар Уубулангаас Шувуун фабрикийн хоорон дахь 70 орчим км газар голоо дагаад нүүгээд байсан гэсэн үг. Нүүсэн гол шалтгаан нь түлээ түлш ховордсон гэх. Мэдээж нүүдэлчид нэг газар олуулаа цуглахаар аргал хомоолоос авахуулаад түлээ түлш олдохоо больж таараа. Шүтлэгээсээ болоод мод огтлохгүй. Гандан баригдсанаар 1854 оноос нүүхээ больсон. “Тунгалаг Тамир” романд Хүрээний утааны тухай Эрдэнэ, Гэрэл нар хөөрөлддөг. Улаанбаатар дөнгөж 1960 онд 100 мянган хүнтэй болсноор утааны асуудал хурцаар тавигдах болжээ. 1980-аад онд Улаанбаатарын утааны асуудлыг Улс төрийн товчоогоор хэлэлцсэн баримт бий.

1990 онд 500 мянган хүнтэй байсан хот өдгөө 500 мянган автомашинтай болжээ. Сонин баримт: 1990 онд 500 мянган хүний 25 хувь нь байшинд суудаг байсан бол одоо гурав дахин олон оршин суугчтай хотын 25 хувь нь эсгий гэрт өвөл зунгүй амьдардаг юм байна. 2015 оны хүн ам орон сууцны тооллогын шинэчилсэн дүн шүү. Урьд нь хувьдаа байшин барихыг хориглодог байснаас тэр л дээ. 32-ын тойргоос хойш хашаандаа байшингүй айл ер нь байхгүй дээ. Баянхошуу ч барилгажсан. Хотын төв рүү Ногоон нуур орчим, тэгээд хөдөөнөөс шинээр шилжин ирэгсэд голдуу байрлах Шархад, Даландавхар, Толгойт гээд хотыг бүсэлсэн газар Улаанбаатарын жинхэнэ гэр хороолол бий. Тэд ядуу, байшин байтугай хашаагүй айл зөндөө. Тэнд л хамгийн хортой утаа гаргадаг. Байшинг бодвол эсгий гэр амархан дулаан алддаг учир осгочихгүйн тулд хавьгүй илүү гал түлэх шаардлагатай. Улаанбаатарт 580 мянган өрх байгаа гэж бодохоор бараг зуу гаруй мянган өрх эсгий гэрээс аймшигт утаа тасралтгүй үйлдвэрлэж байна.

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн монголчуудын гуравны нэг нь нэг хотод бөөгнөрснөөр XXI зуунтай зэрэгцэн утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Японы хөрөнгөөр утаатай тэмцэх “хөдөлгөөн” Засгийн газрын хүрээнд 2000 оноос эхэлсэн юм. Хамгийн түрүүн утаатай үзэлцэх тэмцэл контор тохижуулахаас эхэлж байв. Байгаль орчны яамны дэргэд утааны эсрэг албан ёсны байгууллага буй болж Ерөнхий сайдын ээж толгойллоо. Японы мөнгөөр Бээжинд конторын тавилга худалдан аваад МИАТ-ийн онгоцоор утаат Улаанбаатар руу зөөв. Тэр үеийн “Засгийн газрын мэдээ” сонинд “Ямар хувийнхаа тавилгыг онгоцоор зөөгөө юү, Улаанбаатарын утааг арилгах байгууллагын албаны тавилгыг онгоцоор зөөсөн юм, мэдэв үү!” гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэхийн албан эсэргүүцэл-“ноот” хэвлэгдэж байв. Утаа арилгах хамгийн анхны арга хэмжээ нь Яармагийн айлуудад “нэхээсгүй эдлэл” гэх эсгийтэй төстэй нимгэн материалыг тарааж мэдээллийн хэрэгслээр бахархан рекламдаж байв. Айлууд энэ материалаар гэрээ давхарлачихаар гал түлэхээ больдог юм байлгүй хэмээн ойлгосон ард түмэн арга хэмжээг алга ташилтаар мялааж байлаа. Байгаль орчны сайд 15 мянган мундаг зуух үнэгүй тараахаар амлаж ард түмнийхээ хайрыг татав. Хэргийн мөрөөр хөөвөл Японы Жайка төслөөр мянган тонн ган лист бэлгэнд авснаар Гомбодоржийн гэх зуух хотод тараагдав. Бас л алга ташилт. Харин утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Дараагийн арга хэмжээ “түлш сайжруулах” нэрээр өрнөлөө. Утаа гаргадаггүй, шингэн утаатай, коксжсон, хагас коксжсон гэх мэт хүмүүс дур дураараа нэрлэсэн янз бүрийн нүүрс янз бүрийн магтаалтайгаар түгэх болов. Үүнээ дагасан хэрүүл ч өсөв. Тэр хамгийг нь авсан л гэнэ, тэр тэндэргүй хуслаа л гэнэ, тэрний нүүрс хулхи л гэнэ. Далимдуулаад идэж уусан асуудал тасрахаа болилоо. Юутай ч утааны хэмжээ үүнээс үл хамааран өссөөр л байв. Утаагүй нүүрсний өртөг өссөн ч юм уу, цаадуул нь хүчрэхээ больсон ч юм уу, юутай ч гэсэн “утаатай” нүүрс хямдаар тарааж ард түмний амьдралыг дээшлүүлэх хөдөлгөөн шинээр өрнөв. Үр дүнд нь бараг л иргэний дайн үүсэв. Баахан хүн шоронд хийлээ. Ерөнхий сайд гэр бүл хамаатан саднаараа буруутав. Ямарчиг байсан утаатай тэмцэх нүүрсэн хөдөлгөөнөөс олон тэрбум төгрөг хусчихаад ял шийтгэлгүй өнгөрөгч, түүнийг энэ төсөл рүү шахагч том оврын дарга, араас нь хаацайлж ялгүй өнгөрөөгчдийг би нэр усаар нь үйлдэлтэй нь сонссон. Матаач болчих байх, орхиё, утаагаа л ярья. Юутай ч утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Утаатай тэмцэх дараагийн хөдөлгөөн “утаа гаргадаггүй бүрэн шаталттай илбэт зуух” нэрээр хөгжив. Улсын төсвөөс мөнгө гараад ирэхээр ийм мундаг зуух дор нь зохиогоод үйлдвэрлэдэг хүмүүс ямар ч олон байдаг юм. Дотоодын үйлдвэрлэлийг шахаж араас нь Турк зуух гэх соёлтой сайхан эдийг импортоор шахаж эхэллээ. Энэ нь дараагийн сонгуульд бэлдэгч эрх мэдэлтнүүдэд рэйтингээ тэнгэрт тулгах сайхан далим болов. Чингэлтэй мэтийн дүүргийнхэн зуухажсан даа, зуухажсан. Таван ам бүлтэй нэг айл таван зуухтай болсон тохиолдлыг 2008 онд мэдээллийн хэрэгслээр үзүүлж байв. Сонгуулиар маш олон өрх байтугай бүтэн гудамж, бараг хороолол цаасан дээр хуурамчаар буй болсон учир турк зуух дарга нарын байтугай ядуу иргэний хувьд ч залилан хийх сайхан бололцоо буй болгожээ. Үнийнх нь ердөө хэдхэн хувиар авсан “боловсон зуухаа” айлууд зах дээр зарж эхлэв. Зөвхөн Улаанбаатарт тараасан зуух аймаг, сумын төвийн бололцоотой айлын гэрийг халаах болов. Хэдэн арван мянгаараа. Хуурамч бүртгэлээр олон өрхтэй болсон хороон дарга нар ч овоо цулайсаан. Утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Бат-Үүл даргын үед Улаанбаатарыг утаанаас салгах шинэ технологи зарлагдав. Гэр хорооллын айлуудын газрыг барилгажуулах. Гэхдээ үүнийг зах зээлийн аргаар солилцоо явуулахаар төлөвлөжээ. Улаан хэрүүл болсон доо. Даргын 40 нас хүрч бие даасан хүүхэд барилгажуулах төсөлд оролцсон нь Бат-Үүлийг шоронд хийж шонд дүүжлэх шалтгаан мөн гэж хоолойгоо сөөтөл орилсоор нэлээд хэдэн нөхөд сонгуулийн дараа өндөр сэнтийд залраад чимээгүй болцгоов. Миний бодоход энэ асуудлыг зах зээлийн аргаар шийдэх гэсэн санаа нь зөв боловч цэвэр бохирын магистраль шугам байхгүй газар өнөө зах зээл нь залхуутайгаар хөдөлж ядсаар унтрах шат руугаа орсон байх.

Ингээд 2016 онтой залгаж Эрдэнэбатын эрин эхэллээ. Хагас жил сандал ширээний наймаа явагдсаар нэг сэрээд харсан чинь утаа хөшиглөөд юу ч харагдсангүй. Дээр үеийн нэг онигоо байдаг юм: Төрийн ордны арын хашаанд пуужин уначиж гэнэ. Дарга нарт хэлтэл Цэдэнбал “Зөвлөлтөөс бушуу асуу” гэсэн бол Самбуу гуай “Эхлээд Төмрийн заводоос асуусан нь дээр байх” гэсэн гэдэг. Эрдэнэбат юун түрүүн Монголдоо Төмрийн завод болох Академи, Боловсролын яам хоёроос асуужээ. Бүр “утаа арилга” гэж үүрэг өгснийг нь яана. Өнөө хоёр нь хөөр болчихсон “нэгэнт ийм үүрэг авсан болохоор одоохон биелүүлнэ” гэж мэдээллийн хэрэгслээр рэйтингээ дээшлүүлэв. Утаа арилгах аргыг хэдийнэ мэдэж байсан юм бол өдий болтол тас нуугаад явдаг, хүн чанар нь хөлийн жийрэг шиг болчихсон ямар өөдгүй товарищууд вэ? Мартсанаас онигоогоо үргэлжлүүлэхэд өнөө пуужин гээд байсан нь тэр үедээ нэрд гарсан шүлэгч нэгэн (одоогийнхоор бол “болор цомтон” юм даа) архи ууж тасраад Ордны арын хашаанд тас явчихсан байсан юм гэнэлээ.

Эрдэнэбат гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэлээ. Өртөг нь 30 тэрбум төгрөг. Ард түмэн урьдын нэгэн адил алга ташин хүлээж авав. Үнэгүй юманд нугасгүй. Дээр нь айл дулаацуулдаг импортын цахилгаан халаагуур олоод ирж. Одоохондоо зээлээр хөнгөлөлттэйгөөр хотын иргэдийг харж үзнэ л гэнэ. Нэг нэгийг барьчихсан зурагтаар үзүүлээд л явна. Мэдээж энэ нь турк зуухны замаар орно. Тэмээн дээрээ зааны гарз гаргана. Олон ч хүн баяжина даа. Арга хэмжээний ёслолын туузыг шинэ жилээр нээсэн, гэсэн ч утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Улаанбаатарын утааг нэмэгдүүлж өтгөрүүлэхийн тулд сүүлийн 16 жилд нийтдээ 170 орчим тэрбум төгрөг зарцуулчихаад байгааг саяхан зарлалаа. Энхбаярын төгрөг Эрдэнэбатын төгрөгөөс дор хаяхад хоёр дахин илүү ханштай байсныг бодолцвол энэ мөнгө үүнээс хавьгүй их байх ёстой доо. Үүгээр тухайлбал ядахнаа Долоон буудал хүртэл цэвэр бохирын магистраль татчихсан бол зах зээлийн утгаар хавьгүй хурдан барилгажчих байсан ч юм бил үү. Хувийн хэвшлийнхэн энэ хооронд Улаанбаатарыг танигдахгүй болтол нь барилгажууллаа. Гэхдээ Энхтайваны гудамж дагалдуулан магистраль шугам дагуу л бужигналдацгаасан. 32-ын тойргоос хойш хэн нь ч ийм ажил хийсэнгүй нь хэнд ч ойлгомжтой байх. Утаа нэмэгдсээр, өтгөрсөөр, хариуцсан хүмүүс нь бурзайсаар, шорон явсаар. Удахгүй Эрдэнэбатынхны баяртай гунигтай ээлж ирэх биз.

Улаанбаатарын байшинд амьдардаг өрхийн 55 хувь нь төвлөрсөн халаалттай юм байна. Үлдсэн 45 хувь дээр мөнөөх өвөл зунгүй гэрт амьдардаг зуу гаруй мянгыгаа нэмэхээр дор хаяж 350 мянган айл гал түлж байна. Хамгийн багаар бодоход 350 мянган яндан Улаанбаатарыг хордуулж байгаа юм байна л даа. Урьдын туршлагаас харахад энэ олон яндан даарснаас гэхээсээ хоол хийх гэж ажилладаг бололтой. Өнгөрсөн хугацааны бүхий л “тэмцэл” гал дээр хоол хийж иддэг монгол заншлыг тойрсон юм биш үү? Турк зуух гэхэд дулаацуулах болохоос дээр нь тогоотой хоол чанах бололцоогүй. Судалгаа явуулж тогтоомоор юм.

Үйлдвэржсэн хөгжингүй орнуудын хотууд зуун жилийн өмнө утаандаа баригдсан байжээ. “Лондон смог” нэршил сурах бичигт ч үлдсэн. Лондонд зэрэгцээд яваа хүн биенээ харж чаддаггүй шахуу байсан гэдэг. Өнөөгийн Лондон ямар сайхан тунгалаг агаартай гэж санана. Утаанаасаа салсан туршлага гэж эдэнд байдаг байлгүй дээ. Утаанаасаа салсан туршлага, судалгаа, оночтой арга барил гэж баймаар юм? Өвөл эхлэнгүүт л Засгийн газар болгон толгойд нь гэнэт орж ирсэн марзан санааг хэрэгжүүлж байснаа хавар салхи эхлэнгүүт мартчихдаг наргиантай явдал бидний уламжлал зан заншил болж тогтлоо. Ер нь манайд утаатай тэмцэнэ гэдэг нь нэг янзын унацтай бизнес юм биш үү? Төрийн бизнес! Баригдсан нь шоронд, баригдаагүй нь хаданд. Ерөнхий сайдаасаа эхлээд бараг бүх сайд нар, агентлагууд, төрийн үйлдвэрийн газруудыг хамруулж гардан гүйцэтгэдэг, тэндээсээ юм хусдаг, рекламдаж нэр сүрээ өргөдөг ажиллагаа нь утааг улам нэмэгдүүлж, улам өтгөрүүлээд байгаа харагдах юм. Сайд нар нь тус болгондоо импортын цахилгаан халаагуур духан дээрээ наачихсан зурагтаар чухал царайлаад л бүлтрээд явах юм. Хувийн хэвшилд даатгачихсан бол аль хэдийнэ утаагүй болчих байсан ч юм бил үү? Ядахнаа л хариуцлага тооцох эзэнтэй хоцорно шүү дээ. Туршлага бүхий гадаадын компанид даатгаж болно.

Уул нь үйлдвэржээгүй Улаанбаатарын утаа гайгүй шүү дээ. Лагос, Бээжин, Тэгэран, Мэхико зэрэг хотын утаа нь хүхэр, мөнгөн ус, хүнцэл, тугалга мэтийг агуулсан үйлдвэрээс гаралтай үхлийн доозтой бодисоор хордуулж байгаа. Улаанбаатарынх бол нүүрс түлснээс үүссэн нүүрсхүчлийн давхар исэл дагнаж буй. Харин тоосжилт гэдгээр нь хэмжих юм бол маш өтгөн. Улаанбаатарын утаа хор холбогдлоороо дэлхийд тасархай нэгд орж байна, утаанаас болж хэдэн арван мянган хүн үхэж байна хэмээх сүржигнэсэн түгшүүрийн харанга ч хэн нэгнийг улс төрийн тайзан дээр баатар болгон гаргаж ирэх, мөнгө цаас идэх гэсэн шуналтны хомхой сэдэлтэй холбоотой нь нэн элбэг. Энэ ч бас утаат бизнес юм даа. Улаанбаатарт V цахилгаан станц барихаар шийдсэний 20 жилийн ойг бид хэдэн жилийн өмнө ёс төртэй тэмдэглэсэн. Станц барихгүй байх нь өөрөө бизнес юм даа. Айлуудад дулаан амьдраарай гэж ерөөгөөд эсгий туурга, утаагүй зуух, сайн шатдаг нүүрс, цахилгаан халаагуур үнэгүй тараасан нь хамаагүй ашигтай шүү дээ. Утаа бол мөнгө, аан?!

2017.1.15

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Эдийн засгийн ийм хямралд дахиад орохгүйн тулд хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь төрүүлэх ёстой

Ж.Ганбаатар зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Эдийн засгийн хямралаас гарахын тулд үндэсний компани, үйлдвэрлэгч бизнесмэнүүдээ дэмжих ёстой. Монголын баялаг болсон эдгээр хүмүүсээ эн тэргүүнд түших нь хамгийн зөв гарц гээд байгаа шүү дээ?

-Худалдаа наймааг бизнес биш гэж ойлгодог нь өнгөрсөн нийгмийн буруу ойлголтын үлдэгдэл. Та бүхэн түүхийн сурвалжуудыг анзаарахад хэдэн зуу, олон мянган жилийн тэртээгээс худалдаа хаана хөгжинө, тэнд хөгжил байдаг. Энэ бол бүх зүйлийн зангилаа. Торгоны зам, Газрын дундад тэнгист маш сайн төвлөрлийг бий болгож чадсан. Төвлөрлийг бий болгож чадсан нь л хөгждөг байхгүй юу. Үүний орчин үеийн алтан жишээ бол Нью-Йорк, Сингапур, Хонгконг, Лондон. Эдгээр хотуудад юу үйлдвэрлэдэг билээ. Төдийлөн үйлдвэрлэл хөгжүүлээгүй байдаг. Тэгсэн хэрнээ тэнд бүх мөнгийг төвлөрүүлж чадаж байна. Том хотууд ерөнхийдөө ийм байна.

Би энэ УИХ-д гишүүнээр сонгогдоод тав, зургаан сар болж байгаа. Харахад аман дээрээ бизнесийг хөгжүүлнэ, бизнес эрхлэгчид бол бидний хөгжлийн гарц, үүн дээрээ л тулгуурлах ёстой гэж ярьж байгаа боловч бодит байдал дээрээ үүнээс хойшоо сууж байна. Үүнийг харсан япон, америкчууд “Монголын ардчилсан нийгэм, эдийн засгийг ойлгохгүй байна” гэж яриад байгаа юм. Төрд л байвал мундаг гэдэг ойлголтыг хүн болгон ярьж байна. Газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс юм л бол “Төрийн анхааралд аваач ээ”, “Төр анхаараач ээ. Төрийн бодлогоор дэмжээч ээ” гэдэг. Бүгд ингээд сурчихсан. Төрөөс үл хамааралтайгаар л хөгждөг байх ёстой, эхлээд. Үйлдвэрлэл, бизнес явсаар, хөгжсөөр тодорхой түвшинд хүрээд өрсөлдөөн нь хөгжингүй орнуудын түвшинд хүрсний дараа л төрийн оролцоо тодорхой хэмжээгээр хэрэгтэй болж эхэлдэг. Аман дээрээ ардчиллыг дэмжиж, эдийн засгийг либерал болгоё гэж байгаа боловч үндсэн ойлголтоор нь эдийн засгийн харилцаагаа ойлгохгүй байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор нэг зүйлийг хэлэхэд, хувьчилж авсан арга нь луйврын шинжтэй байвал тэр нь буруу. Үүнд хариуцлага тооцох нь зөв. Монголын хувийн компани 49 хувийг авна гэдэг бол хамгийн том амжилт. Тэрийг зөв аргаар авчраад монголчууд өөрсдөө 49 хувийг нь эзэмшиж байгаа бол сайн. Үүнд бол ярих юм байхгүй. “Эрдэнэт” рүү янз бүрийн бүтээгдэхүүн шахаж байсан улс төрийнхний гар, хөлийг нь хааж чадаж байгаа бол сайн. Бүх юмыг төрд байлгана гэдэг бол хамгийн муу менежмэнт.

-Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүд яг энэ өнцгөөс нь их ярьж байгаа харагддаг?

-Эдийн засгийн байнгын хороон дээр олон удаа хэлсэн. Төрийн өмчит компаниуд дийлэнх нь ашиггүй ажиллаж байгаа. Энэ юуг хэлж байна вэ гэхээр ялангуяа сүүлийн 25 жилийн турш төрийг авч явсан хүмүүс эдийн засгийг ойлгохгүй байгаагаа л үүгээр харуулж байгаа юм. Углуургаар нь бүгдийг нь ойлгохгүй байна. Хаалттай хуралдаан болбол энэ талаар нэлээд тодорхой ярья гэж төлөвлөж байгаа.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Татварын тухай хуулиудыг хэлэлцэж байхад та “Та нар бизнес хийнэ гэж юу байдгийг мэддэггүй. Ямар хэцүү байдгийг ойлгодоггүй. Дороо хүн ажиллуулаад сар болгон цалинтай байлгахын төлөө яаж зүтгэдгийг мэдэх үү” гээд сүүлийн үед бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хөндсөн зүйл заалт хуулийн төслүүд дээр орж ирж байгааг шүүмжилсэн?

-Би өөрийнхөө тойргийн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд төсөл бичих уралдаан зарлаж байгаа. Бизнесийн төсөл бичих уралдаан юм. Яагаад ийм уралдаан зарлахад хүргэв гэвэл 2000-2005 оны үед хүүхдүүд “Би ийм угаалгын газар ажиллуулах гэсэн юм”, “Ийм нэг юм хийх гэсэн юм” гэсэн санаачилга их гаргадаг байсан. Гэтэл одоо толгойтой хүн болгон л яаж төрд ажилд орох вэ, эсвэл гадагшаа яажшүү гарч ажиллах вэ, мэргэжлээрээ гадны нэг компанид ажиллая гэж хүсдэг болсноос биш өөрөө бизнес хийх сонирхол нь буучихсан. Өөрөө тэгээс нь эхэлж бизнес хийх сонирхолгүй болчихсон. Зурагтаар гарч байгаа шоунуудыг харахад л илт. Гэхдээ би тэдгээр шоунуудыг шүүмжлээгүй шүү. “Авьяаслаг монголчууд”, “Universe best songs” зэрэг шоунууд нийгмийн бүтээлч биш хэсэг рүү хандаж байна. Бизнесмэнүүд суучихаад төсөл шалгаруулаад худалдаж авдаг Америкийн том шоу байдгийг та бүхэн мэднэ. Тэр шоуг Монголд санаачилъя гэж бодож байгаа. Нийгэмд жаахан хөдөлгөөн оруулж бизнес хийх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй. Би бизнес хийж байж л амьдралаа авч явах юм байна гэдгийг ухаарах нь зүйн хэрэг. Гэр бүлийн хоёр хүн хоёул төрд ажиллавал ирээдүйд амьдралын гарц хэцүү шүү. Явцын дунд төсвөөс юм хумсалдаг, төсвөөр тэжээгддэг амьдрал жамаа дагаад ил тод гарч ирээд багасаад явчихна. Нэг нь сонирхлынхоо дагуу төрд ажиллаад явж болно. Нийгмийнхээ төлөө боловсролоо зориулахын төлөө тэгж явах нь зөв. Гэхдээ нэг нь бизнес хийж байж ар гэрийн амьдралаа авч явна шүү дээ. Зарим сургуулиудад би лекц уншихдаа төр ирээдүйд маш цомхон, хүчтэй хүмүүсийн амьдардаг салбар болох ёстой гэж хэлдэг. Жишээ нь, 50-60 мянган хүнтэй байхад л болно. Өнөөдөр 250 мянган хүнийг тэжээж байна. Цомхон байх ёстой.

Бизнес хийх сонирхлыг хүмүүст сайн төрүүлээч ээ. Түүнээс биш дуу дуулах, дугуйгаар явж, турникэндээ сайн байх ёстой ч гэх шиг. Тэр тэмцээнд орж болно. Гэхдээ хүн болгон тийм биш байгаасай гэж бодож байна. Бизнес эрхлэх сонирхол л их байх ёстой. Үүний төлөө л би энд дөрвөн жил сууна гэж бодож байгаа. Төрд удаан ажилласан, олон сонгогдсон хүмүүс “Төрийн ажлын туршлагатай”, “Би төрийн хүн ш дээ”, “Би төрийн хүн учраас төрийн ажил хийнэ ээ” гэдэг. Зарим үед бизнестэй холбоотой хууль эрхзүйн бичиг баримт боловсруулахад оролцдог. Гэтэл бизнесийн ямар ч туршлагагүй хүн бизнесийг зохицуулна гэдэг бол хэцүү. Сэтгүүлзүйн ямар ч туршлага, мэдлэггүй хүн энэ салбарыг чинь зохицуулна гэвэл та бүхэн бас нэлээд юм ярина даа. Огт бизнес хийж үзээгүй. Хадаас хадах нь бүү хэл хоёр хүн цалинжуулж үзээгүй, хармаанаасаа мөнгө гаргаж сураагүй ийм хүмүүстэй юу ярих вэ. 500 хүнийг цалинжуулъя гээд сард сая төгрөг өгнө гэвэл 500 сая төгрөг хэрэгтэй. Сая төгрөг гэдэг бол дундаж цалин. 500 сая төгрөгийг хүнд сар болгон гаргаад дээр нь нийгмийн даатгал, татвараа нэмбэл нэлээд болно шүү дээ. Энэ чинь өөрөө маш том эрсдэл. Тэр хүн тэрбумаас илүүг олж байж тэр хүмүүсийг цалинжуулна. Үүн дээр л энэ нийгэм хөдөлж Монгол Улс хөгжиж байгаа. Хөгжил гэдэг үүн дээр л явж байгаа. Би өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д сууж байсан болохоор улсын төсвийг өнөөдөр л хараад шогшроод байгаа юм биш. Энэ бүхнийг эдийн засаг талаас нь хүмүүс сайн ойлгохгүй байна л даа. Үүнийг хурдан засах ёстой.

-Төр засгийн зүгээс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ хэмээгээд янз бүрийн л алхам хийж, татварын хөнгөлөлт ч үзүүлэхээр болж байна?

-Та 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоё гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг жижиг дунд үйлдвэрлэгч мөн гээд хуульд заачихсан байгаа. Бүх аж ахуйн нэгжүүдийг энэ хөнгөлөлтөд хамруулах ёстой гэдэг дээр би анхнаас нь дуугарч байгаа. Манай намын бүлэг, Засгийн газар дээр тэгэх боломжгүй л гэж байгаа л даа. Гэхдээ нэг, хоёрхон компанид зуу гаруй тэрбумаар нь өгчихдөг. Идэж шамшигдуулж байгаа асуудал нь хэдэн их наядаар яригдаж байхад бүхэл бүтэн 750 мянган хүн ажиллаж байгаа энэ жижиг, дунд үйлдвэрийн салбарт хорин хэдхэн тэрбум төгрөгийн л асуудал байгаа. 20 хэдэн тэрбум төгрөг гэдэг бол та бидэнд, хувийн компанийн хувьд их мөнгө ч улсын төсөвтэй харьцуулбал энэ чинь харьцангуй гайгүй мөнгө. Энэ их хэцүү цаг үед бүх компанийнхаа татварыг багасгаснаараа мэдээж төсөвт 23 тэрбумаар ачаалал үүснэ. Нөгөө талдаа ямар ач холбогдолтой вэ гэхээр төр рүү орж ажиллах гэж байсан эсвэл гадагшаа явж ажиллах гэж төлөвлөж байсан хүмүүс гурав, тав, арван хүн цалинжуулаад бизнес хийж эхэлнэ. Тэр хэрээр төсөв нэмэгдэж, төсвийн дарамт багасна. Тэр хүн чинь татвар төлөхгүй ч нийгмийн даатгал, шимтгэл төлнө, хувь хүний орлогын албан татвар ч төлнө. Энэ утгаар нь харвал нэгээс хоёр жилийн дотор 23 тэрбумаас чинь илүүг төсөвт өгнө. Халамж авч байгаа хүмүүс нь шинээр бий болсон компанид орж ажиллана. Тэгэхээр үүнийг том хараасай гэж бодож байна. Ингээд ярьчихаар Ганбаатар өөрийнхөө компанийг уг хөнгөлөлтөд оруулах гэж байна гэж зарим хүн ойлгоод байх шиг байна. Сүүлдээ би инээх ч биш, уурлах ч биш тийм сонин байдалд орж байгаа юм. Би олон удаа хэлж байгаа, манай “Оргил” худалдааны төв бол үйлчилгээний салбарт сардаа 1.5 тэрбумаас илүү тэрбум төгрөг олдог. Ингэж хэлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм (инээв). Өмнө нь бизнес хийдэг УИХ-ын зарим гишүүн өөрийнхөө бизнесийг зарим зүйл дээр холбож байсан болохоор ийм хардалт их байдаг юм байна. За яах вэ, улстөрч чинь сайнаар хэлүүлэхгүй, муугаар хэлүүлэхгүй байна гэж байдаггүй юм байна. Хүн болгонд очоод өөрийгөө тайлбарлалтай нь биш. Хүн ойлгохоороо л ойлгоно биз.

-Та УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажилладаг. Эдийн засгийн хямралаас гарахад үйлдвэрлэлээ сэргээх хэрэгтэй гэдэг дээр олон хүн санал нэгддэг. Харин таны хувьд?

-Импортыг хаачихаад экспорт руу чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжиж байна гээд Монгол Улсыг хэтэрхий өндөр өртөгтэй улс болгочихов оо. Үүн дээр болгоомжилж байна. Энгийн жишээ татъя л даа. Хувцас хунараа зөвхөн Монголдоо л хийнэ гэвэл хилийн цаана маш хямдхан, хилийн наана маш үнэтэй болно гэсэн үг. Тэгвэл бид маш үнэтэй нийгэмд амьдарна. Та үнэтэй орон сууцанд хамгийн үнэтэй хаалга хэрэглэнэ. Хамгийн үнэтэй хувцас өмсөнө. Тэгэх юм бол өнөө контарбанд цэцэглэнэ. Бидний олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид энэ бүхнийг хооронд нь ялгаж салгах хэрэгтэй. Тэртэй тэргүй дэлхий даяарчлагдаж байгаа үед алийг нь дэмжих ёстой вэ гэдгээ харах ёстой шүү. Аль үйлдвэрээ дэмжиж, алийг нь хөл дээр нь босгох вэ гэдгээ сайн харах хэрэгтэй. Эдийн засгийн энэ байдлаас гарахад ганцхан хүний томьёолол бүтэхгүй. Олон талаас нь харах ёстой. Гишүүдийн ярьж байгаагаар том төслүүдээ хөдөлгөж, гадны зээл тусламжийг оруулж, экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа үйлдвэрүүдээ дэмжих ёстой гэдэг дээр санал нэг байна. Харин цаашдаа яавал ийм байдалд дахиж орохгүй вэ гэдгийг ярих хэрэгтэй. Яагаад байн байн ийм байдалд орох ёстой юм. Нийгмээрээ бизнес эрхлэх сонирхолтой байх ёстой. Нийгмээрээ шүү дээ. Дарга болж байгаа хүнийг хэвлэл мэдээллээр түлхүү гаргахаар дарга л мундаг гэсэн ойлголтыг өгдөг. Нэг дарга гарч ирээд “Би төдөн тийм үйлдвэрийг хаалаа, боолоо. Тийм тушаал гаргалаа. Тэр тушаалаар төчнөөн үйлдвэрийн үүдийг хаасан. Би ийм тийм стандарт гаргасан” гэж ярьдаг. Энэ бүхэн нь хүний бизнес эрхлэх сонирхлыг шууд хаачихдаг. Ийм дарамттай байдаг. Сайд дарга нар тэр хийсэн ажил, гаргасан тушаалаа дотооддоо л ярих ёстой. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах ёсгүй. Энэ бүхнийг бодох хэрэгтэй. Цаашдаа ийм байдалд орохгүйн тулд хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй.

Гэтэл одоо төрд орж ажиллахыг хүн болгон л хүсч байна. Жишээ нь, “Манай компанид орооч, ажиллаач” гэхээр “Үгүй ээ. Төрд л ормоор байна. Мэргэжилтэн ч болтугай хийгээд явмаар байна” гэж байна. Яг үүнтэй адил бизнес хийх сонирхолтой хүмүүсийг л бий болгох хэрэгтэй. “Авьяаслаг монголчууд”-тай зэрэгцүүлээд бизнесийн төсөл бичдэг шоуг хиймээр байна шүү дээ. Уг шоуг санаачлаад араас нь дэмжээд явах сонирхол байна. Энэ шоу чинь Америкт жинхэнэ утгаараа гарчихсан. Д.Трампийн анх санаачилсан шоу шүү дээ.

-Монголчуудын сэтгэлгээнд л асуудал байгаад байна гэж үү?

-Та дархан аварга бол дээшээ, мундаг дуучин бол дээшээ, та хамгийн мундаг шүлэг уншдаг бол дээшээ, бүжигчин бол дээшээ, балетчин дээш, хошин шогийн жүжигчин бол дээшээ гэдэг. Гэтэл бизнес хийж байгаа хүнийг адгийн шулаач, панзчин, наймаачин чи холд гэдэг. Энэ чинь өөрөө ойлголтын зөрүүг харуулж байгаа байхгүй юу. Юу ч гэж хэлмээр юм. Заримдаа миний инээд хүрээд суудаг юм. Янз янзын мессэж ирж л байдаг. Ойлголтын зөрүү гэж энийг л хэлж байгаа юм. АНУ, Европт би иймэрхүү зүйлс яривал нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэгтэй адил мэдээжийн юмыг энэ хүн яасан их ярьдаг юм бэ гэж гайхах байх.