Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд “Кувейт хотхон” барина

Өнгөрсөн оны зун Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн улмаас 100 гаруй айл нэрвэгдэж орон гэргүй болсон. Монголын улаан загалмай нийгэмлэг тухайн үед үерт өртөж орон гэргүй болсон хүмүүст тусламж түгээж байсан.

Монголын улаан загалмай нийгэмлэг Кувейтын Засгийн газарт хүсэлт тавьж, орон гэргүй болсон иргэдэд туслахыг хүссэн байна. Тус улсын Засгийн газар уг хүсэлтийг хүлээн авч, Монгол Улс дахь Элчин сайдын яамаар дамжуулан төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг гаргажээ.

Өнөөдөр энэхүү төслийн гэрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Төслийн гэрээнд МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Иатим Аль Фади нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү гэрээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 35 айлын байшин, цэцэрлэгт хүрээлэн, 100 гаруй хүний мөргөл үйлдэх масжид сүм, 10 ширхэг гэрлийн шон, явган хүний зам, ундны усны хоёр худаг зэргийг барьж байгуулах аж. “Кувейт хотхон” төслийн нийт зардал 277,835 ам. долларт бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд хотхон бүрэн баригдаж дуусах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын VII хуралдаан маргааш хуралдана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан маргааш 09:30 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “UBS” телевиз, “MNC” телевиз, “TV5” телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ

Categories
мэдээ улс-төр

Алтанбулагаас Замын-Үүд чиглэлийн замыг барьж дуусгана

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо “Торгоны замын ач холбогдол” нэгдсэн форум болон “Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-д Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцсон талаараа өнөөдөр мэдээллээ. Тус ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Шадар сайдын ажлын алба, ГХЯ, ЗТХЯ, СЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, МХЕГ-ын холбогдох удирдах ажилтнууд, төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжиүүдийн нийт 80 гаруй төлөөлөл оролцсон байна.

“Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-д Монголын талын төлөөлөгчид яам, газрын чиглэл бүрээр танилцуулга хийж, санал солилцож, хоёр талын уулзалтууд хийсэн байна. Тус хуралдаанд оролцох үеэр сайд Д.Ганбат БНХАУ-ын “Торгоны зам сан”-гийн ерөнхий захирал Ван Яньжи, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Пан нартай хоёр талын уулзалт хийжээ. Ингэхдээ зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан байна. Тухайлбал, Хөөт-Бичигт, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон авто замуудынхаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулжээ.

Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, 4 эгнээтэй, цемент бетон хучилттайгаар барьж байгуулах, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-3 чиглэлийн авто замыг барьж дуусгах зэрэг зорилтыг тавиад байгаа аж. Мөн 2020 он гэхэд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудаа холбох зорилт тавьсан талаараа тэрбээр онцлов. Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр урагшлуулах шаардлагатайг Сайд Д.Ганбат мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Мөн “Торгоны зам сан”-тай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боломжтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор хоёр талын мэргэжилтнүүдийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар талууд харилцан тохиролцсон” хэмээн хэллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин О.Дөлгөөн АНУ-ын “Academy of Art University” сургуулийн оюутан болжээ

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн Америк орныг зорьсон. Тэрбээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцахаар явсан байна.

Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдрах бөгөөд энэ нэгдүгээр сарын 18-нд эх орноосоо морджээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа Америкт авахуулсан гэрэл зургаа хийжээ. Мөн “За ингээд оюутны шинэхэн амьдрал эхлэх гэж байна даа” хэмээн тэмдэглэсэн байв.

Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь “Амьдралд тавтай морил” кинонд хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрээр олны танил болсон билээ. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1.2”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй жүжигчин бүсгүй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг малчдад зориулсан хандивын тоглолт хийнэ

Монгол поп опера Увертюра хамтлагийн “Монгол минь” хандивын тоглолт энэ нэгдүгээр сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэхүү хандивын тоглолтын талаар өнөөдөр /2017.01.26/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус хамтлагийн хандивын тоглолтоос олсон орлогыг Монголын морин спорт залуу уяачдын холбооны санаачилгаар зохион байгуулж буй “Залуу малчдыг дэмжих аян”-ыг санхүүжүүлэх юм байна. Ингэснээр Монгол улсын 21 аймгаас тус бүр нэг малчин залуу гэр бүлийг сонгож, 50 эм төлөг хандивлах гэнэ.

Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 21 залуу өрхөд мянга гаруй эм төлөг бэлэглэх бөгөөд аймгуудад залуу малчин, уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулах ажээ.

“Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва: Шинэхэн цомгоо бэлэглэнэ

-Манай хамтлагийнхан “Монгол минь” хандивын тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт хоёр дахь бие даасан цомгоо бэлэглэх болно. Бидний анхны цомог 2012 онд гарч байсан бол дөрвөн жилийн дараа шинэхэн цомгоо гаргаж, та бүхэндээ бэлэглэх гэж байна. Шинэхэн цомогт маань “Амьддаа бие биенээ хайрла”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Ээж минь” зэрэг нийт 10 дуу багтсан байгаа. Тоглолтын маань найруулга тэр чигээрээ эргэх дөрвөн улирлыг дүрслэн харуулж, эх орноо магтан дуулсан байх болно. “Монгол минь” тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тоглолтоо үзэж, залуу малчдаа дэмжихийг уриалж байна.

“Залуу малчдыг дэмжих аян”-ыг санаачлагч, Улсын их хурлын гишүүн Д.Гантулга: 21 залуу малчин өрхөд мал хандивлана

-Монголын залуу үе, залуу малчдаа дэмжиж, малч ухаанд сургах тал дээр анхаарах цаг болжээ. Хөдөө орон нутагт малаа өвлөн маллаж буй залуус цөөн болсон байна. Ихэвчлэн хөдөө орон нутагт ахмад буурлууд маань малаа малладаг болсон дүр зурагтай байгаа. Тиймээс залуу малчдыг дэмжих хүрээнд хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу малчин гэр бүлийг сонгож, халуун хошуутай малыг хандивлаж дэмжих гэж байна. Улсын хэмжээнд 21 аймгийн 21 өрхөд мал хандивлах болно.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Р.Пүрэвдагвад Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон билээ.

Р.Пүрэвдагва Ерөнхийлөгчий зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үүрд хадгалагдах цом гардуулан өгч амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

167 өрх шинэ байрны түлхүүрээ гардлаа

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХУД-ийн Засаг дарга Алдаржавхлан, ХУД-ийн ИТХ-ын дарга Цэрэн, “Нутгийн буян групп” ХХК-ийн захирал Л.Бат-Орших нар түлхүүрийг нь гардуулан өглөө.

Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн Улсын мэргэжлийн хяналтын дүгнэлт 2014 онд гарсан байдаг. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 3 дугаар багцад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан байна. Тус компани 2015 оны 6 дугаар сараас Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугчидтай гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцны барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийн 167 айлын 16 давхар орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 45 айл ийнхүү дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдэж байгаа юм. Мөн дээрх 45 айлаас гадна 122 өрх ч сар шинийн баярын өмнө шинэ байртай болох боломж давхар олгогдож байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг иргэдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлан, тэдэнтэй хамтарч, дэс дараатайгаар дахин төлөвлөж, шинэ орон сууцанд оруулах ажлаа үргэлжлүүлнэ. Дахин төлөвлөлтийн энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, шинэ барилгаа хурдан хугацаанд ашиглалтад оруулж, чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч байгаа компаниуд бий. Түүний нэг нь “Нутгийн буян групп” ХХК юм. Бид компаниудаа зөв сонгож, иргэдийн оролцоог хангаж чадвал богино хугацаанд иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж чадна гэж бодож байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа компанийн хамт олонд болон оршин суугч иргэддээ хамгийн сайн сайхныг хүсье.” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “Өвлийн дүн хүйтэнд 45 айл дулаан, тохилог байранд орж байгаад баяртай байна. Компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашдаа нэхмэлийн шард шинэ байранд орохоо хүлээж байгаа 300 орчим айл бий. Үүнд компаниуд оршин суугч хоорондын ойлголцол чухал байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа энэ компани шиг иргэдтэйгээ ойлголцдог компанийг сонгож чадвал иргэдээ байранд оруулах боломж байна.” гэсэн юм.

“Нутгийн буян групп” ХХК нь иргэдтэй гэрээ байгуулахдаа өмнө нь амьдарч байсан орон сууцны талбайг нь 5 метр квадратаар нэмэгдүүлж, үүнээс илүүгээр тэлэх хүсэлтэй иргэддээ үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Тухайлбал Нэхмэлийн шарын 14-р байрны 1210 тоотын оршин суугч Г.Мижидсамбуу гуайнх 100 метр квадрат шинэ байранд орсон. Сэтгэл өөдрөг байгаагаа хотын даргад танилцууллаа. Хуучин байр нь хүн амьдрахад хэцүү байсан. “Нутгийн буян групп” ХХК иргэдтэй гэрээ байгуулж, хоёр жилийн дотор шинэ байраа хүлээлгэн өгсөнд талархаж байгаагаа хэллээ. Цаашид хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухыг бодсон ч ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэн, олон өрх айлыг орон сууцаар хангах бодлого нь зөв.“ гэж хэллээ.

Энэхүү барилга нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, бүрэн цутгамал, төмөр карказан хийцтэй, инженерийн шугам сүлжээний хувьд европын өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн сантехникийн болон цахилгааны тоноглол, БНСУ-ын орчин үеийн шилэн болон металл фасад хослуулан барьсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чинбат: Бидний гаргасан “Утааны эсрэг” дуу олон түмэнд нэгийг бодогдуулах байх

Өнөөдөр энэ сарын 28-нд болох утааны эсрэг жагсаалд нэгдэж байгаа урлагийнхан “New star” студи дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун өөрийн зохиосон утааны эсрэг дуугаа анх удаа тоглож сонирхуулсан юм. Утааны эсрэг жагсаалд нэгдэн дуу хоолойгоо өргөж байгаа хөгжмийн зохиолч Б.Чинбаттай цөөн хором ярилцлаа.

-Утааны эсрэг жагсаалд урлагийнхан маань дуу хоолойгоо өргөж таныг түүчээ нь болж байгаад баяртай байна. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголчууд маань тэртээ тэрэнгүй утаанд маш их хордож байгааг хүн бүр мэдэж байгаа. Хордож байгаагаа мэдэж байгаа мөртлөө бид зүгээр сууж болохгүй. Үүний төлөө бид тайван жагсаалд нэгдэж байна. Уран бүтээлч хүмүүс болохоор “Никитон” хамтлагтай энэхүү жагсаалд хамтран оролцож байна. Бидний гаргасан дуу олон түмэнд нэгийг бодогдуулах байх гэсэн бодлоор нэгдэж байна. Энэ дууны үг, аяыг “Никитон” хамтлагийн Б.Батчулуун бичсэн. Уг нь бол гурван жилийн өмнө бичсэн дуу. Бид хоёр яагаад ч юм бэ энэ дуугаа гаргах цаг нь болжээ гэж өнөөдөр ярьж байтал хөдөлгөөний залуус ийм жагсаал сэдээд гарч ирсэн. Ингээд цаг нь давхацсан үйл явдал боллоо.

-Энэ дуу цаашид хүмүүст хэрхэн нөлөөлөх бол гэж бодож байна вэ?

-Энэ дууг маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн дамжуулаасай гэж хүсч байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа энэхүү жагсаалд Улаанбаатарчууд маань бидэнтэй нэгдэж оролцох байх гэж горьдож байна

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед яг өөрийн бүтээлдээ түлхүү анхаарч байна. Балхаа ах ч юм уу, Ариунаа эгчтэй ажиллаад өөрийн уран бүтээлээ жаахан хойшин тавилаа. Энэ жилдээ өөрийнхөө уран бүтээлийг хийе гэж бодож байна. Энэ жил Никитоны шинэ CD хэвлэлтэд орно. Үүн дээр ажиллаж байна. Мөн “Sweet emotion” хамтлагийн 20 жил энэ жил тохиож байна. 20 жилийн ойд нь зориулсан төлөвлөсөн ажлууд байна. Мөн миний уран бүтээлүүд гарах байх.

-Байгаль дэлхийгээ хайрлах тухай сэдэвтэй дуу цаашдаа гаргах уу?

-Гаргана. Хөгжмийн зохиолч, уран бүтээлч хүн болохоор байгаль дэлхийгээ хайрласан, бидэнд тулгамдаад байгаа асуудлуудын төлөө сэтгэл их татагддаг юм байна. Тэр сэдэл нь аялгуу эгшиг болж ингэж буудаг юм байна гэж бодож байна. Эхнээсээ ингээд гарлаа. Цаашдаа клипжүүлэх ажлаа хийнэ дээ.

-Хамтлагаараа дуулах уу, ганцаараа дуулах уу?

-Ерөнхийдөө миний төгөлдөр хуурийн CD гарах юм. Бусад уран бүтээлчидтэй ч шинэ уран бүтээлүүд хийнэ. Үүнийг цаг тухайд нь хэлээд явах байх.

-Утааны эсрэг урлагийнхнаа уриалж юу гэж хэлэх вэ?

-Бид ч гэсэн яг одоо энэхүү “New star” студид сууж байна. Үүгээр урлагийнхан үргэлж орж гарч байдаг. Биднийг бичлэг хийгээд сууж байхад урлагийнхан маань бүгд л дэмжье гэсэн байсан. Сүүлд “Sweet emotion” хамтлаг дэмжээд дуу хоолойгоо гаргаж байх шиг байна лээ. Энд бол ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Бидний ард хэн нэгэн байгаад тэдний захиалгаар ингээд яваад байгаа юм байхгүй шүү. Цэвэр уран бүтээлч хүмүүсийн санаа, иргэн хүний санаа зовнисон сэтгэл л байгаа. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг.Харсаар байтал хүүхдүүдээ ингээд хордуулаад байх уу. Уушигны өвчнөөр олон хүнээ харанхуй орон руу үдсээр байх уу. Ийм л хүнд нөхцөл байдал үүсээд байна шүү дээ.

-Утааны эсрэг жагсаал дээр та дуугаа дуулах уу?

-Бид жагсаал дээр клипнийхээ зургийг авна гэж бодож байгаа. Ямар ч байсан тэр жагсаал дээр бид очино. Хүмүүсийг ирээсэй гэж уриалж байна. Олон хүмүүсийг дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсч байна. Энэ бол яах аргагүй иргэн хүний үүрэг. Урлагийнхан бид эрчтэй, хүчтэй байхгүй бол цөхрөөд уначихсан энэ нийгэмд бид дагаад тийм сулбагар байгаад утаандаа бууж өгөөд байж болохгүй. Энэ дуунд маань бидний итгэл сэтгэл, эрч хүч шингэсэн болов уу гэж бодож байна.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Бүх яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм.

Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох, соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй ажил хийх боломж түлхүү бүрдэнэ гэж Зөвлөлийн гишүүд үзлээ.

Мөн хуралдаанаар Орон тооны бус зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах, авто болон явган хүний замыг заавал дагаж мөрдөх стандарттай болох, хиймэл эрхтэн, туслах болон асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материал хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэх үнэмлэх, түүнийг олгох журам боловсруулж батлах зэрэг 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан бие даасан агентлаг байгуулах, иргэдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамруулж орон сууцаар хангахад анхаарах, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй хүн заавал ажиллуулдаг байх зэрэг саналыг Зөвлөлийн гишүүд гаргасныг төлөвлөгөөнд нэмж тусгалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай хууль, эрх зүйн баримт бичиг хангалттай, хурал, зөвлөгөөн олон болдог ч хэрэгжилт тааруу байгааг өөрчилнө гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Иймээс өөрсдийнх нь талаар төр, засгаас гарч байгаа бодлого, шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, санал бодлоо тусгуулдаг байх, гарсан шийдвэрийг хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрдэг байхыг зарчим болгож Орон тооны бус зөвлөл байгуулснаа тэмдэглэв.

Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзвэл 2016 оны жилийн эцсийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 101 мянган хүн байна. Тэдгээрийн 10700 нь хүүхэд юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн дууллын золтой гэдэг үгийг азтай эсвэл цогтой хэмээн солихыг хүслээ

“Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн төрийн дууллын нэг үгийг солих болон төрийн далбаан дээрх сүлдийг буруу дүрсэлж хэрэглэх явдал түгээмэл байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын төрийн дууллын дөрөвдүгээр бадгийн эхний мөрний золтой гэдэг үгийг “Азтай” гэдэг үгээр сийрүүлэн эмхэтгэж солиулахыг хүсч байна. Золтой гэдэг үг нь утгын сонсголоороо чихнээ билэггүй сонсогдож буй.

Золтой гэдэг үгийн “Зол” нь тунчиг ядмагхан, мөчидхөн гэдэг утга санаа илэрхийлж байна.

Золгүй, азгүй, зол завшаан, зол муудах өчүүхэн тохиолдлоос арай чүү гарах, золигт мордуулах /хиймэл золигийн амьд хүнийг цөлөх, өмгөөлж буй хүний оронд өөр хүнийг хохироох/, тоглоом наадамд-“Муу золигт хожигдчихлоо шүү”, хууч золионы юм-золиос өвчний хүнд дохиолдсон гай барцадыг зайлуулан золиосонд явуулах гэж гурилаар хүн хийн хувцаслаж, ламаар ном уншуулан хаях нь шашны зан үйл.

Золиглох /үйл үг/ Бусдыг золигт гаргах, золионы юм болгох, золиос, золиослох, Золих /үйл үг/ нэг юмыг өөр юмаар төлөөлүүлж солих, дамж лан зээлсэн өрөө төлж дуусаад дамжлан тавьсан юмаа эргүүлэн авах, ялаа эдлэхийн оронд эд мөнгө харгуулан өгч ялаа золих Монгол Улс асар их баялагтай газар нутагтай үүнийхээ дагуу гадаадын шуналтай их гүрнүүдийн золиос болж чадан ядан бидэрч оршиж байна.

Энэ утгаараа Монгол Улс минь газар шороо хүн ардтайгаа хамт дамжлан зээлэнд ороод зээлээс зээл дамнан амьдраад байгаа юм шиг санагдах боллоо.

Ер нь зар сурталчилгаанд ч гэсэн “Золтой үйлчлүүлэгч, хэрэглэгч таныг золтой сугалаат худалдаандаа ирж, худалдан авалт хийж золтой үйлчлүүлэгч болохын тулд урьж байна” гэдэггүй.

Ямар нэгэн аз таараад мөнгө олсон ч “Золоор мөнгө оллоо” гэдэггүй байх аа. Төрийн дууллаа нандигнан сонсож Золтой гэдэг үгийг бүгд даяараа азтай эсвэл цогтой гэдэг 1960-1991 он хүртэл дуулагдаж ирсэн цогтой гэдэг үгээр солих шаардлагатай байна” хэмээн ярилаа.

Тэрбээр Золтой гэдэг үгийг солих хүсэлтээ УИХ-ын гишүүд болон холбогдох албаныханд хүргүүлж байгаа ажээ.

Мөн манайхан баяр ёслолын үеэр төрийн далбаагаа хүндэтгэн хэрэглэх нь нэмэгдэж байгаа ч БНХАУ-аас арга билэг нь нар буруу, галыг буруу дүрсэлсэн гэх мэт дүрслэлийн алдаатай далбаа их орж ирж байгааг анхаарч, зөв дүрслэлтэй туг, далбаа хэрэглэхийг уриаллаа.