Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгад хариу өгнө

Үдээс өмнөх хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонсох аж.

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: Өмнөх Сонгуулийн хуулийг хэвээр нь үлдээхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байсан. Гэсэн ч хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо. Хуулийн төслийг яагаад буцаахаар болов?

-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй 149 санал гарсан. Гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал хэт олон байна гэдэг шүүмжлэл хэлж байсан. Мөн Сонгуулийн тухай хуульд нэгтгэсэн гурван хуулиас нэгийг нь салгаж аваад 189 зүйл заалтыг нь хүчингүй болгож байснаас цогцоор нь шийдэх ёстой гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байсан. Тиймээс сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулж байхаар өөр цаг үед нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн.

Манай нам ямар ч хууль тогтоомж, бодлого шийдвэр боловсруулахдаа иргэдийнхээ нийтлэг эрх ашиг болон олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, хэм хэмжээгээ дагаж мөрддөг. Тэр утгаараа хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон. Парламентад суудалтай улс төрийн намууд уг хууль дээр санал нэгтэйгээр зөвшилцөх ёстой гэдгийг голлон анхаарсан хэрэг л дээ. Тиймээс МАН бүлгийн ээлжит бус хуралдаанаар уг хуулийн талаар хэлэлцээд хууль санаачлагчид нь буцаая гэсэн байр сууринд хүрсэн юм. Бүлгийн шийдвэрээр хуулийн төслийг буцаахаар болсон гэж ойлгож болно.

-Хуулийн төслийг өргөн барьсан цагаас хойш нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Заавал уг хуулийн төслийг өөрчлөх шаардлага байсан юм уу?

-2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент анхдугаар болон ээлжит бус, намрын ээлжит чуулганаараа хуулийн хүрээнд хүлээгдсэн хуулиудаа хэлэлцсэн. Төсвийн тухай хуулийг батлах гээд зав чөлөөгүй байхад энэ хуулийг оруулж хэлэлцэх боломжгүй байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан гишүүд парламентад суудалтай намууд ойлголцчихвол цаг алдалгүй батлах боломжтой гэж үзсэн байх. Одоо бол хугацааныхаа хувьд сонгуулиас өмнөх 150 хоногтоо амжихааргүй болоод байгаа юм. Хууль батлагдсаны дараа сонгуулийн өдрийг товлон зарлах учиртай. Энэ нь бас хугацаатай. Энэ мэтчилэн нөхцөл байдлууд тулгарсан.

-Танай бүлгийн гишүүдийн байр суурь нэгдэж чадахгүйн улмаас буцаагаад байгаа юм биш үү?

-Таатай нөхцөл, цаг хугацаагаа бид мэдрэх хэрэгтэй. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол энэ хууль батлагдсан ч, эс батлагдсан ч эсэргүүцэлтэй тулгарах байсан. Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмэн Төрийн тэргүүнээ сонгох сонгууль. МАН 65 суудал авчихаад хүч түрэн баталлаа гэхээс илүүтэй сонгогчид сонгууль өгсөндөө сэтгэл хангалуун үлдэх учиртай.

Өмнөх парламентын үед олон нам суудалтай байх үед баталсан хуулийг МАН өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөх нь гэсэн мессэж явсан. “Ганц намд зориулж хууль баталж байна” хэмээн шүүмжилж байгаа хүмүүс мөн л өөр нэг хүнд зориулж энэ хуулийг өөрчлөх санал тавиад байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль тэгэхээр өмнөх хуулиараа явах уу?

-Тэгнэ. Өмнөх Сонгуулийн хуулийг хэвээр нь үлдээхээр болж байгаа юм. Манай бүлгийн дүгнэлтэд байгаагаар нийтээр нь зарчмын хувьд тусгайлан дахин боловсруулахаар болсон. Ерөнхийлөгч, УИХ-ын болон аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн хууль гэж хуулиудыг тус тусад нь гаргах, хуулиудын алдааг засч сайжруулах ёстой гэж бүлэг үзсэн.

-Эгүүлэн татсан хуулиар ямар алдааг засах гэж байсан юм бол?

-Санал авах байранд санал өгч байгаа сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлөх, санал өгөх явцад асуудал гарах гэдэг заалт бий.

-Тэгээд…

-Саналд хөндлөнгөөс нөлөөлсөн сонгуулийн санал авах байранд байгаа албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох гэсэн заалт оруулж байсан юм, уг нь. Одоогийн хуулиар “иргэнийг” гэсэн байгаа. Гэтэл тэнд сонгуулийн тойрог, хэсгийн хороодоос томилогдсон албан тушаалтнууд ажилладаг. Энэ мэт хуулийн нэр томьёололд оруулах зүйлс байсан. Нам, хамтарсан намууд, хуулийн этгээд гэж бичих ёстой байтал нам, хамтарсан намууд, этгээд гэсэн заалт хүртэл бий. Гадаадад оршин суугаа сонгогчид гэх ёстой байтал гадаадад байгаа гэх жишээтэй. Хөнгөн хуумгай баталсан хуулийн алдаануудыг засъя гэдэг утгаар ажлын хэсэг ажилласан юм. Гэсэн ч зарим улс төрийн хүчин “Өөрсдөдөө ашигтай хууль хийх гэж байна” гээд мушгин гуйвуулсан. Тэгвэл одоо бид тэдэнд ашиггүйгээр нь үлдээчихье.

-Өнөө 149 саналын дийлэнх нь найруулгын шинжтэй байсан юм биш үү?

-Уг нь тийм. Хэтэрхий их устай хууль байсан болохоор усыг нь шахаж байсан юм. Гэсэн ч манай нам улс төрийн шийдвэр гаргасан. Дээрээс нь хүч түрэх биш ард иргэдийн эв нэгдэл, ойлголцол дээр маргаангүйгээр сонгууль явуулъя гэж МАН зорьсон юм. Улстөрийн нөхцөл байдлыг нь үнэлж дүгнээд намын бүлэг энэ удаа өөрчлөх гэж байгаа нь буруу гэж үзээд хууль санаачлагчид нь буцаалаа.


Categories
мэдээ цаг-үе

Биднийг тойрсон төмөр замууд

Төмөр зам гэхээр геополитик, танк, буутай цэрэг яриад суучихдаг манай улсын хувьд хандлагаа өөрчлөхөөс аргагүй нь гэх бодол сэдэл төрөхөөр үйл явдал цэнхэр гариг даяар өрнөж байна. Таван толгойгоосоо Хятадын хил хүртэл нарийн царигийн төмөр зам барьж, нүүрсээ тээе гэхээр ийм юм яриад суучихдаг улс дэлхийд биднээс өөр алга. Дэлхий төмөр замын эдийн засгийн ашгийг хэрхэн харж байгааг сүүлийн үед өрнөсөн, өрнөж буй бүтээн байгуулалтуудаар нотолъё.

БЭЭЖИНГЭЭС ЛОНДОН РУУ ТӨМӨР ЗАМААР АЧАА ТЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

Бээжингээс Лондон хүртэл төмөр замаар ачаа тээвэр хийгээд эхэлчихлээ. Энэ маршрут Монголын өмнөд бүсийг захлан өнгөрнө. Барилгын материал, цүнх, чемодан, хувцас зэрэг бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Казахстан, Орос, Беларусь, Польш, Герман, Бельги, Франц зэрэг 56 орныг дайрч, Лондонд 18 хоногийн дотор хүрнэ, дэлхийн хамгийн урт төмөр замын шугам нээгдлээ гэж ирээд шуугьж байна. Азийн ачаа тээврийн хамгийн том цэг болох урд хөршийн хувьд энэ удаагийн аварга бүтээн байгуулалт төмөр замаар дэлхийг сүлжих том алхмынх нь нэг. Манайхны хөмсгөө зангидаж ирээд ярьдаг танк ачсан галт тэрэг гэх мэтийн үлгэрт дэлхий итгэдэггүйн бэлээхэн жишээ. Урьдын цагт Хятадаас Европ хүрэх ачааг далайгаар тээдэг байсан бол одоо ийм зовлонгоосоо салах том бодлого хэрэгжүүлж байгаа. Олон улсын төмөр замын эвлэлээс гаргасан нэг тооцоо бий. Урд хөршийн төмөр замын нийт урт 2010 онд мянга гаруйхан км байж. Гэтэл ердөө гуравхан жилийн дараа 103 мянган км болж дэлхийд гуравт бичигдэж байсан юм. Тэр үед Хятадын удирдлагууд “2025 онд төмөр замынхаа уртын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж амбицалж байв. Энэ сарын 1-нд Жэжян мужийн Иу өртөөнөөс Лондонг зорьсон анхны ачаа 12 мянган км зам туулна. Хятадуудын төмөр замаар дэлхийг хэрж байгаагийн нэг том жишээ мөнөөсөө мөн. Лондонгийн хувьд урд хөрштэй төмөр замаар холбогдсон Европын 15 дахь хот. Газраар төмөр замаар ингэж хурдлах нь далайгаар тээснээс хоёр дахин бага хугацаа зарцуулна, агаарын тээврээс хоёр дахин хямд гэсэн давуу талтай. Манайхны болгоомжилдог Хятадын хөрөнгө оруулалтыг Их Британийн Ерөнхий сайд “Хоёр улсын харилцааны алтан үе үргэлжилж байна. БНХАУ олон тэрбум долларын ашигтай чухал хөрөнгө оруулалт хийлээ” хэмээн сайшааж. Шинжаан, Казахстан, Төв Азийн орнуудыг дайран өнгөрөх энэ шугам Ази, Европыг хамгийн дөт байдлаар холбодог торгоны зам дагуу байрлаж байгаа юм. Бээжин, Лондонг холбосон маршрут БНХАУ-ын даргын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын нэг. “Шинэ Торгоны зам” ч хэмээдэг. Шинэ Торгоны зам хуурай замаар Азийг Европ, Ойрхи Дорнодтой холбох хэтийн зорилготой. Төсөл хэрэгжсэнээр 4.4 тэрбум хүн амтай, 21 их наяд ам.долларын бараа эргэлттэй шинэ эдийн засгийн бүс бий болно гэдэг. Тэгэхээр төмөр замаар дэлхийг сүлжих Хятадын амбиц ингээд зогсохгүй гэсэн үг. Лав л 2020 он гэхэд Пакистан, Балба, Энэтхэгтэй төмөр замаар холбогдох төлөвлөгөөг аль хэдийнэ гаргачихаад байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Хятадын “Нэг бүс, нэг зам”-ын эхний алхам нь Бээжин-Лондон байсан юм. Энэ төслийн хүрээнд Хятад улс Европт төмөр замаар хүрэх гурван чиглэл төлөвлөж байсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Эхнийх нь Хятад-Казакстан-Европ, хоёр дахь нь Хятад-Монгол-Орос -Европ, гурав дахь нь Хятад-Орос-Европ. Хоёр дахь хувилбар буюу манайхаар дайрах маршрут хасагдсан байх магадлалтай гэсэн болгоомжлол бий.

“Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд Хятадын Торгоны зам, Оросын Транс-Сибирийн төмөр замууд нийлнэ гэж ярьдаг. Энэ аварга сүлжээнд Монголын “Талын Зам”-ыг холбохоор төлөвлөсөн байгаа. Үүнийг ярихын тулд Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридор гэсэн том сэдвийг хөндөх хэрэг гарна.

ХЯТАДААС ОРОСЫГ ЗОРИХ ГАЛТ ТЭРЭГ АМАР МӨРНӨӨР СҮНГЭНЭНЭ

Хятад, Оросыг холбох төмөр зам ч манай улсыг тойрсон төмөр замын бас нэгэн том маршрут. Бээжингээс Москваг зорих галт тэрэг Амар мөрөн дээгүүр сүнгэнэнэ. Гүүрийн бүтээн байгуулалтад зарах мөнгөн дүн нь 400 сая ам.доллар. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан буюу RDIF, Хятадын хөрөнгө оруулалтын компани хамтарч байгаа. Энэ төмөр замаар жилд 21 сая тонн ачаа тээвэрлэнэ, сая гаруй хүн зорчино гэсэн тоо дуулддаг. Хятадын Тунцзян хотыг ОХУ-ын Нижнеленинсктэй холбох уг төмөр зам 2019 онд ашиглалтад орно гэж буй. Хоёр хөрш маань төмөр зам дээр дотно холбоотой ажилладгийн бас нэг жишээ нь Москва, Шаньси муж хооронд шууд галт тэрэгний шугам нээгдсэн явдал. Өөр нэг үйл явдлыг сануулъя. Зилинь мужийн төлөөлөгчид Приморийн хязгаар дундуур Владивосток хүртэл хурдны төмөр зам тавих санал гаргасан удаатай. Энэ санал ажил болбол Орос-Хятадыг холбосон анхны хил дамнасан хурдны төмөр зам зурайна. Хятадуудын хувьд баргийн зүйл дээр “а” гэж дуугарахгүй, цаанаасаа дохиотойгоор хөдөлж байж л ийм жинтэй санал тавьдаг. Товчхондоо төр засгийнхаа сонирхлыг илэрхийлсэн хэрэг. Оросын Приморийн хязгаарын тэргүүн энэ төслийг дэмжиж байгаагаа хэлчихсэн. Тэд ч Хятадаас ялгаагүй, юу юуны духанд хүрэлгүй “за зүй” гэж их мэдэгч царайлаад байх нөхөд биш.

ЦААСНААС ХЭТРЭХГҮЙ ЯВАА ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН “ТӨМӨР ЗАМ”

Уг нь бидэнд Европ, Азийг холбох өндөр боломж бий. Хятад, Орос гэдэг хоёр их гүрний голд оршдог гэдэг утгаараа. Нэг жилийн дотор Хятад, Монгол, Оросын хооронд 3.7 сая зорчигч зорчиж, 24.6 их наяд кг ачаа тээвэрлэгдсэн гэх статистик бий. Манайх экспортынхоо 80 хувийг Хятадад нийлүүлдэг. Оросын худалдааны хамгийн том түнш нь Хятад. Жилд ойролцоогоор 40–50 тэрбум долларын худалдаа хийдэг.Хоёр хөршийн худалдаа эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тоо дуулддаг. Зүүн Өмнөд Азийн орнууд, Европын холбооны худалдаа эргэлтийн хэмжээ 2014 онд 246 тэрбум евро хүрч байж. Энэ хэмжээ алсдаа илүү томорно гэсэн таамаг байгаа. Ази, Европыг холбосон их мөнгө хол байна гэж бодоход хоёр хөршийнхөө ачаа, барааг тээвэрлүүлээд суухад л дажгүй мөнгө олчих боломж харагдаж байна. Төдийгөөс өдий хүртэл цааснаас хэтрэхгүй яригдаж байгаа Монгол-Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгох тухай яриа бий. Аятайхан ярьж тохирч чадвал өмнө ярьсан аварга сүлжээнд нэгдчих боломж уг нь байгаа. Гурван улсыг холбосон төмөр зам сүүлийн жилүүдэд гурван улсын Ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээний гол сэдэв болж буй ч тэр гээд хэлчихээр ахиц анзаарагдахгүй өнөөг хүрсэн нь харамсалтай үнэн. Хатуухан хэлэхэд судална, ярилцана гэсэн албаны хуурай үг төдийгөөс хэтрэхгүй яваа.

Ази, Европын нийт тээврийн хоёр хувь нь төмөр замаар дамждаг, энэ хэмжээг 2030 онд найман хувьд хүргэнэ гэсэн багцаа таамаг байдаг. Ази Европ тивийн хооронд төмөр замаар тээвэр хийхэд дунджаар 24 өдөр зарцуулдаг бол далайн тээвэр үүнээс хоёр дахин урт хугацаа авдаг гэдэг. Ингээд харахад хугацаа бага, үнэ хямд төмөр замын тээвэр алсдаа моодонд орох нь хэтээсээ тодорхой асуудал. Дахиад хэлэхэд хоёр тивийг холбосон ашигтай байрлалд орших бидэнд том боломж байгаа гэсэн үг.

Төмөр замаа яаж барих вэ, бидэнд технологи нь байхгүй, нарийн өргөн царигийн аль нь зөв бол, аюулгүй байдлаа бодвол нарийнаар барихгүй байсан нь дээр гэх мэт улиг болсон тайлбарууд үнэндээ жижиг асуудал. Хятадын төмөр замын бодлого, инженерчлэл саяхныг хүртэл гаднаас хараат байсныг түүхээс нь харчихаж болно. Манайх оросуудаар төмөр замаа бариулсан, одоо ч төмөр замын тодорхой хувийг тэд эзэмшдэг гэж ярьдаг шиг хятадууд ч 150 жилийн өмнө британичуудаар анх төмөр замаа бариулж байсан. За тэгээд Япон, хуучны ЗХУ, Франц, Германы оролцоо төмөр замын хөгжилд нь тод мөртэй. Бусдаар төмөр замаа бариулж, бусдаас төмөр замаараа хараат байсан урд хөрш өнөөдөр өндөр хурдны галт тэргээ, хурдны галт тэрэг сүнгэнэдэг төмөр замаа өөрсдөө бүтээж байна. Урд хөршийн төмөр замынхныг гаднаас хуулсан энэ тэр гэсэн шүүмжлэл дуулддаг. Гэхдээ тэгснийхээ хүчинд л өнөөдөр төмөр замаар дэлхийг хэрсэн улс болж чадсан. Бидний хувьд ч ялгаагүй бусдын зүйлсийг өөриймшүүлээд, хоёр том гүрэнтэйгээ бодлоготой харилцаж байгаад, Азиас Европыг чиглэсэн төмөр замыг нутаг дээгүүрээ татуулаад авах боломж бий.


Categories
мэдээ цаг-үе

Ар Монголоос Америкт очсон хоёр дахь хүн

Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Ц.Оюундарийн бүтээл болох “Дүрвэгсдийн жимээр” хэмээх баримтат кино толилуулав. Уг кинонд хэдэнтээ дурдагдсан, бичлэг яриа нь мөн гарсан Жамбалдорж ламтанд миний бие 2009 онд золгон, бичил ярилцлага авч байсан юм. Тэгэхэд ламтан зуун насыг зооглоод байлаа. Өдгөө монголчууд АНУ-д олон болсон боловч төмөр хөшигний үед яг тусгаар тогтносон Монгол Улсаас ирсэн хүн гэвэл хэдий шууд ирээгүй боловч Дилав хутагт, Жамц гуай хийгээд энэхүү Жамбалдорж лам нар л байлаа. Тиймээс энэ хүний яриа бол АНУ дахь монголчуудын анх үеийн түүх болох юм. Энэ уулзалтаас хойш гурван жилийн дараа ламтан 103 насандаа жанч халсан билээ. Ингээд 2009 онд уулзаж ярилцсан тэрхүү сурвалжлагаа та бүхэнд хүргэж байна.


Зуу гэж сайхан нас шүү. “Зуун насыг насалж, зургаадай таяг тулаарай” гэж ерөөдөг. Зуун насыг насалсан ч.. гэх мэтээр бичих нь огт боломжгүй зүйлийн тухай ярьж байгаа мэт. Нэг зуун жилийг барууны хэлэнд бүр онцгойлон үзэж century, век хэмээн тусгай өөр нэр ч өгсөн байгаа. Тэгвэл тэр ховор зуун насыг ануухан туулаад буй халх монгол өвгөн ламтай АНУ-ын Нью-Жерси мужид золгох хувь өнгөрсөн хулгана жилийн сүүлээр тохиолоо.

Монгол лам нарын суудаг Ницан хийдийг зорихоор бүрдсэн багаа танилцуулбал, Америкийн монголчуудын Соёлын холбооны (MACA) удирдах зөвлөлийн гишүүн Цагаанбаатар, түүний гэргий Вашингтон хот орчмын монголчуудын холбооны гишүүн Алимаа, Монгол Улсын Элчин сайдын яамны консул Алтангэрэл, үүнийг тэрлээч миний бие, бүгд үр хүүхдүүдийн хамт Ди Си хотоос замд мордсон юм. Далайн эрэг дээр очиж түр саатаад Ницан хийдэд очиход биднийг түвд лам нь хүлээн авлаа.

90 НАСТАЙ ЁНДОНЖАМЦ ЛАМ

Хүмүүс 100 настныг л голлон яриад байгаа болохоос Ницан хийдэд бас 90 настай монгол лам байгаа шүү дээ. Нэр нь Ёндонжамц. Ёндонжамц гуай Өмнөд Монгол Жирэмийн аймгийн Сөнөд Вангийн хошууны уугуул, есөн наснаас хийдэд шавилан суусан хүн юм байна. 15 нас хүрэхдээ аль хэдийнэ өдий төдий судрыг цээжээр унших болсон тэрбээр 21 насандаа Түвдэд очин ном үзэж эхэлжээ. Гэвч 40 настайд нь Хятадын түрэмгийлэл эхэлсэн тул Балбад зугтан гарсан байна. Ёндонжамц гуай тэнд Дээрхийн гэгээнтний ах, саяхан жанч халсан Индианагийн их сургуулийн багш асан, монголчуудын Дакцэр ринбүүчи гэдэг Түвдэн Норов гуайтай хамт сурч байжээ. Дараа нь Энэтхэгт суурьшаад, 1968 онд АНУ-д ирсэн байна. Ёндонжамц гуай хүүхдүүдийг маань өхөөрдөн үнсээд сайхан хууч дэлгэлээ. “Энэ өвөл гурван есөөр Монголд их хүйтэрсэн байна. Энэ их сайн юм. Гурван есөөр хүйтэрвэл хавар сайхан болдог юм. Гурван есөөр хүйтрэхгүй байвал харин хаврын хүйтэн гэж айхтар юм бий дээ” хэмээнэ. Бие тэнхээ нь хэр байгааг асууваас “Ямар ч байсан сүмээ гурав тойроод байгаа, харин энэ Жамбал 10 тойрчихдог” гэнэ.

ДАН ӨӨХӨН БУУЗ ИДСЭЭР 100 ХҮРСЭН

Хэрхэн ийм урт наслав, ямар зоог барьдаг вэ хэмээн Жамбалдорж гуайгаас хүн бүр л асуудаг гэнэ. Гэтэл Жамбалдорж гуай хар залуугаасаа ердөө өөхөн бууз идсээр өдийг хүрчээ. Өөхтэй бууз биш шүү, өөхнөөс өөр юу ч үгүй бууз. Түвд ламтайгаа түвдээр ярьсаар гарч ирээд биднийг харуутаа шууд монголоор ярьж эхлэв. “Би ер зуун настай хүн гэж хараагүй, одоо өөрөө зуу хүрэхээр бүр ер юм мэдэхгүй болчих юм байна шүү дээ. Хоёр чих юм сонсохгүй, хоёр нүд юм үзэхгүй…” хэмээсээр яриагаа эхлэв.

Жамбалдорж гуай бол яг Ар Монголоос АНУ-д ирсэн хоёр дахь хүн болох юм. Анхных нь Дилав хутагт. Дилав хутагтыг асран хамгаалахаар Энэтхэгээс уригдан иржээ. Уугуул нутаг нь Богд Түшээ гүнгийн Говь Мэйрэг Вангийн хошуу, одоогийнхоор бол Өмнөговь аймгийн Гурвансайхан сумын нутаг юм.

ХУТАГТ БАГШ МИНЬ ЗАХИСАН

Жамбалдорж гуай бол Дилав хутагтын шадар шавь нь. Багшийнхаа тухай ярихдаа “Хутагт багш минь” хэмээн сүсэлнэ.

Үхэл яахав, тэгээд л ирээд, үхэлгүй дээ. Үхэхэд бас сүмээ бодох юм. Хутагт багш маань “Чи гомбоогоо л сайхан босгоод аваарай, энэ газар нь их сайхан газар байгаа юм шүү” гээд л айлдсан сан… Энд юу ч байгаагүй шүү дээ. Дан мод байсан юм, шээдэг газар ч байхгүй. Би анх ирчихээд нэг айлд байлаа. Бүгд ажилдаа явчихна. Хаана шээхээ мэдэхгүй, гараад модны завсар ороод шээчихдэг байсан юм.

-Ингэхэд та хэдэн онд энд ирсэн юм бэ?

-Тэр оныг ер мартаад байдаг.

-Хэдэн настай байсан юм бэ?

-Жар хүрээгүй ээ, тавь дөнгөж гарч байсан, тавин нэгтэй байсан юм уу. Их залуу байлаа. Жагараас ирээд одоо нэг тавиад жил болж байна уу даа. Тэгээд багшийн нөлөө, халимаг хүмүүс туслаад л ийм гомбоо босгосон доо. Хутагт багшийн л ач. Хурлаан л барьчихвал та нар болно гээд л айлддаг сан.

-Жагарт хаана, хэдэн жил амьдрав?

-Доржээлин, Галинбуу гээд байдаг юм. Тэнд арван хэдэн жил болсон доо.

ГОВЬ ГУРВАН САЙХАНД ОДОО ТАНИХ ХҮН БАЙХГҮЙ

-Та Өмнөговийн хүн гэсэн байх аа? Хамаатан саднаас тань байдаг болов уу?

Балдан засаг, Говь гурван сайханд таних хүн үлдээгүй ээ. Нутгаасаа би арван естэй гарсан хүн. Улааныхан гэж аюул гарсан юм. Гэр орноо хаяад олон хүн зөвхөн амиа л авч гарч байлаа. Анх ч гайгүй шиг байсан юм аа. Улам чангараад л байлаа. Цэргүүд ч ирээд, дуран мурангаараа хараад л. Хувилгаан Очирдарь гэж манай их сайхан багш байсан юм. Тэр энэ тэр хүмүүсийг чинь улааныхан бариад аваад явчихлаа. Сайхан хурал ном хурдаг Хувилгаан Очирдарь багшийг Хүрээнд аваачаад шоронд хорьсон байгаа. Тэгээд л Даа Хүрээнд Ардын намынхан гэж их олон муу хүн иржээ гээд л хүмүүс яриад байдаг. Хүн барьж аваад л явдаг, алга болчихдог. Араас нь асуудаг хүн байхгүй. Алчихдаг бололтой. Тийм болоод ирэхээр чинь амиа л авч гарахаас аргагүй болно. Манай нутаг Өмнөд Монгол руу ойрхон байсан, тэгээд гэр гэрээрээ ар араасаа гараад гараад явсан даа. Өмнөд Монгол чинь тэр цагт их сайхан байлаа шүү дээ. Дархан Бэйл, тэгээд хоёр Сөнөдийнхөн Монголоос гарч ирэв үү, тэндээс тэр тэр тэгж гарч ирээд гээд л бидэнд их сайн.

Шууд явсаар Гүмбумд хүрч өвөлжчихөөд, дараа нь Алшаад ирлээ. Алшаа гэж их айл аа. Овоо малтай ч байлаа. Гэтэл газрын хор гэж нэг айхтар юм байна аа. Хатангир гэж хорыг нь идээд адуу, хонь, ямаа их үхэж байна аа. Тэмээ бол гайгүй. Сайхан айраг уудаг байсан, адуу үхээд, галзуураад байхгүй. Алшаад хэдэн тэмээтэй тэгж нэг өвөлжөөд. Тэгээд Дархан Бэйлийнд ирсэн, тэгтэл нөгөө Алшаагийн тэмээ тэнд баас алдаад, Дархан Бэйлийнд тэсдэггүй. Багш минь “Амьтны лай гэж тийм юм байдаг юм” гэж байнга айлддаг, тэр л болсон доо. Адуутай байхаар адуу нь хордоно, тэмээтэй болохоор тэмээ нь тэсэхгүй. Дөрвөд Дархан Бэйлийнд арваад жил бас суусан.

ЯПОН ГЭЖ ГАЙ, ХЯТАД ГЭЖ ГАЙ

Дандаа жаргалтай байна гэж байдаггүй юм даа. Зовлон гараад л ирдэг юм. Хэдэн жил сайхан байсан, Япон гээд бас нэг гай гараад ирлээ. Зүгээр суулгахгүй. Орон нутагтаа л бай гээд явуулахгүй. Тэгэхдээ тэр Дархан Бэйлийн заасан нутагт сууж байхан нэг ч хятад байхгүй, их сайхан байсан. Тэгж байтал хавар болсон, хятад ирж байна аа. Намар нь манай айл гүү бариад, сайхан адуутай байлаа. Тэгсэн нэг шөнө нөгөө хятадууд бүх адууг маань туугаад аваад явчихсан. Багшийн маань л хэлдэг тэр, дандаа сайн байгаад байдаггүй гэж. Тэгээд Сөнөд гэдэг газар хятад гайгүй ирээгүй байна гээд дахиад л нүүлээ. Тэгж байсан ашгүй японууд алга боллоо. Тэгтэл манай халхаас олон цэрэг ирлээ дээ. Дахиад л улаан болох нь гээд бүгдээрээ дахиад л зугтаалаа. Уг нь Богдын Хүрээнд лам нь ламаараа, хар нь хараараа их л сайхан байсан гэдэг, одоо бол лам хувраг элдэв хүнийг чирээд гулдраад л аваад явдаг, тэндээ алчихдаг болсон байна. Өмнөд Монгол тэгж бас улаан болоод бас л цаашаа зугтаасан даа.

-Та Гүмбумд хэзээ очсон юм бэ?

-Банчин Богдыг тэнд морилоход саатсан юм. Банчин Богд нутагтаа морилох нь гээд л Өмнөд Монголоор чинь нэг юм болов доо. Үзэмчин, тэр юу юу юм, бүгд л Банчин Богдыг залаад л… Одоо тэгээд манай Монгол чинь хурал номоо хураад сайхан болсон гэсэн дээ. Эхнээсээ тэгээд л сайхан явах байсан юм. Хурал ном хурсан хүнийг л учиргүй алаад эхэлсэн юм даа. Энэ яасан хүн бэ? Лам байна. Ална аа л гэдэг. Тэгээд л алаад байна. Тун зовлонтой болсон. Хэнийх нь мэдэхгүй нэг их мал хураагаад, туугаад аваад явна. Одоо гэхдээ сайн сайхан болно оо. (Амандаа маани уншив). Манай Монголд чинь өвөл их гайгүй сайхан байлаа гэнэв дээ. Энд дулаан газар байхаар цасаа мартаж. Цас ороод малынхаа хороог өдөржин малтаад хонохоор өглөө нь дахиад л цас дарчихсан байдагсан.

-Таныг багад нутагт чинь ямар хийд байв?

-Манай хийдийг Байшинтын хийд гэдэг байсан юм. Нэг долоо, найман зуутай. Бас хувилгаан багшийн хийд гэж нэг хурал байлаа. Манай нутагт бол ер нь арван гурван хурал байсан юмаа гэж хүн ярьдаг, би бага байсан болохоор мэддэггүй юм.

-Нутгийг тань хуучин нэрээр чухам юу гэдэг байв?

-Богд Түшээт гүн. Говь хошууны Мэйрэг Ван гэдэг. Сөнөдийн хойт талын нутаг.

100 настай өвгөн ламтан ийнхүү цаг илүү тасралтгүй хуучлав. Олон сайхан үүх түүх хуучлуулаад л баймаар байсан ч бие нь чилээрхэх болов уу хэмээн эмээж, ламтанг амраалаа. Ингээд хажуу гэрийнх нь яг зэрэгцээ орших Ницан хийдээр оров. Олон сонин зураг байна. Ялангуяа Дилав хутагтын сонирхолтой зургууд байхыг даанч залуу түвд лам нь тайлбарлаж чадахгүй юм. Бүр социализмын үеийн хорин төгрөг өргөсөн байх нь нүдэнд дулаахан, бас содон харагдана. Энэ хорин төгрөг монголчууд хэр эртнээс энэ сүмд ирж байсныг харуулах мэт.

Зуутай, ертэй хоёр монгол лам ийнхүү АНУ-д сүм бариад, хурал ном хуран, сүсэгтэн олондоо буян болсоор сууна. Тэднийг залгамжлах монгол лам байхгүй ч манай Элчин сайдын яамнаас ийнхүү анхааран, холбоо тогтоосон нь сайн хэрэг боллоо. Дилав хутагтын гэрээс, хөрөнгөөр монгол лам нарын барьсан энэ сайхан сүм эсгий туургатан олон монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, цугладаг газар болсоор ирсэн, цаашид ч болсоор байх буй заа.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Утаанаас салах гэсэн биш Улаанбаатараасаа салах болох нь ээ

Сүүлийн үед хэсэг бүлэг хүн гэнэт сэрсэн мэт утаатай тэмцэх тухай ярих болж. Үүнийг нь дарга нар ч дуртай хүлээн зөвшөөрч утаатай хотод амьдарч болохоо байлаа, гамшиг боллоо гэж халаглаж байна. Утаанаас болж урд замаа харж явах битгий хэл гүнзгий амьсгаа авахад ч хэцүү байгаа нь үнэн. Угаасаа сүүлийн хэдэн жил нийслэлчүүд иймэрхүү дүр төрхтэйгөөр өвөлждөг болсон. Арай л хиар цохиулсан мэт угаартаж үхээгүй байна. Утааны хор уршгийн талаар мэргэжлийн байгууллагууд байнга анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаа. Нүүрснээс нүүрсхүчлийн исэл их хэмжээгээр ялгардаг нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгжиж уушги, бөөр, цусан хангамжийн янз бүрийн өвчлөлд хүргэдэг. Утаанаас болж зүрхний шигдээс, багтраа өвчинтэй болохоос гадна дутуу төрөлт нэмэгдэж байгаа нь наад захын жишээ. Мөн бага насны хүүхдүүдийн өсөлтөд аажмаар нөлөөлж давжааруулдаг гэхчилэн утааны хор уршгийн талаар бичээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Нийслэлчүүд гудамж талбайдаа бие биетэйгээ мөргөлдөх нь холгүй шахам зөрж байгаа ийм үед төр засгийн удирдлага утааны асуудалд анхаарлаа хандуулж байгаад гайхаад байх ч юм алга. Гэхдээ тэд утааг ингэж арилгая, агаарын бохирдлыг ингэж бууруулъя гэсэн ямар ч зөв шийдэл олохгүй байна. Ерөнхий сайд нь хүртэл өнөөг хүртэл утааг арилгах дорвитой арга олоогүй гэдгээ хэлсэн. Төр түшилцэж буй Их хурлын гишүүд нь ч гэсэн сав л хийвэл гадаад явж туршлага судлахгүй бол чадахгүй байна гэдэг. Эсхүл утаанаас болж та нар ингэж хордож байна гэсэн популизм ярихаас хэтэрсэнгүй. Харин сүүлийн үед айхтар мэргэн шийдэл олсон мэт ам булаалдан бахархалтайгаар ярьж буй сэдэв нь Улаанбаатар хотыг хаяж нүүх тухай асуудал болжээ. Тэдний ярьж буйгаар манай хот эргэн нөхөн төлжиж чадахгүй, ногоон байгууламж нь хорт утаагаа задлах чадваргүй, хөрсний асар их бохирдолтой болсон юм байх аа. Санаан зоргоороо ингэж ярьж байгаа цэцэн мэргэн улс Лондон хот хоёр мянган жилийн настай гэдгийг мэдэх болов уу. Ром хотыг манай эриний өмнөх зуунд байгуулсан гэдгийг дуулсан болов уу. Балар эртний түүхтэй эдгээр хот байгуулагдаад удаагүй байхдаа цэвэр, бохирын системтэй байсан гэж үү. Анх байгуулах үедээ хөрсөн доогуураа сантехникийн шугам угсарч бохироо соруулсаар өнөөг хүрсэн гэх гээд байна уу. Тийм хот дэлхий дээр хаа ч байхгүй. Бүгд л олон зуун жилийн дараа хотынхоо асуудлыг шийдсэн байдаг. Хэдэн зуун сая хүн амтай орчин үеийн хотууд бүгд л манай Улаанбаатар шиг замналаар замнасан байж таараа. Сүүлийн зуун жилд л иргэдийнхээ эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулж технологийн дэвшлийг ашиглаж эхэлсэн биз. Түүнээс өмнөх олон мянган жилд яг л манайх шиг ил задгай бие засан амьдарсан байж таараа. Агаарын бохирдол, утаа бол тэртээ тэргүй их хотуудын туулаад ирсэн зовлон. Хэдэн арваадхан жилийн өмнө Бээжин, Лондон тэргүүтэй дэлхийн томоохон хотууд утааны асуудлаа шийдэх гээд ядаж байсан гэдгийг битгий мартаарай.

Тэндхийн иргэд хувцсаа угаагаад хатаах гээд тохохоор өнгө нь мэдэгдэхгүй тортог болж байсан цаг саяхан. Тэглээ гээд тэд хотоо орхиод нүүгээд явчихсангүй. Харин ч тархи толгойгоо зөв ажиллуулан гарц шийдэл олоод өнөөгийн дүр төрхөө бүрдүүлсэн. Тэдэнтэй харьцуулбал Улаанбаатар хот цэл залуу байтугай нялх балчир гэж хэлж болохоор насжилттай. Хэдэн зуун байтугай мянган жилийн настай хотууд хөрсний бохирдол дээд цэгтээ гэж яриагүй байна. Гэтэл Улаанбаатарын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ гэж амныхаа зоргоор ярьж байгаа нь зүгээр л худлаа шалтаг юм.

Манай хот 378 жилийн түүхтэй. Бидний өвөг дээдэс аятай тухтай, тааваараа амьдраад болоод л байсан. Хөрсний бохирдлыг үүсгээд байгаа гэр хорооллын жорлонгийн тухай асуудал их л удаж сүүлийн 50 жилд яригдаж байгаа биз дээ. Тэрнээс өмнө бид хөрсний болоод агаарын бохирдол гэж мэддэг ч үгүй байсан. Ингээд бодохоор Ром, Лондонтой харьцуулахад манай хотын хөрс бохирдох яагаа ч үгүй байгаа.

Өнөөдөр хотын төв цэгээс дуртай зүг рүүгээ харж байгаад тавхан км давхихад л онгон дагшин байгальтай учран золгоно. Тарвага хошгирч цагаан уул, далан түрүү цэцэг найгасан үзэсгэлэнт байгальтай газар хүрч очно. Ийм газрыг бохирдсон гэдэг юм уу. Голын усны чимээ хоржигнож өвсний чийг үнэртэж байгаа газрыг аюултай гэдэг юм уу. Ерөөсөө хот зах руугаа жаахан л тэлэхэд цэвэр тансаг агаартай болчихно. Ийм байхад Улаанбаатараас нүүе гэж ярьж буй төрийн түшээд ямар учиртай улс вэ. Зүгээр л ажил хийхгүй, эсхүл хийх ажлаа саармагжуулах гэсэн башир арга шүү дээ. Санаатай, эсвэл санамсаргүйгээр гэдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч ингэж хэлж байгаа төрийн түшээд нийслэл хот төдийгүй улс эх орныг хөгжүүлэхгүй, нэг алхам ч гэсэн урагш алхуулахгүй байх өчүүхэн санааг дотроо агуулж явдгаа илэрхийлж байгаа хэрэг.

Манай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн шагналт, нийтлэлч Д.Цэнддоогийн судалгаа бий. “Нүүдэлчид аливаа асуудлыг зугтаж шийддэг. Асуудал тулгарахад яаж шийдэх вэ гэж бодохоос залхуурсандаа зүгээр л нүүчихдэг” гэж. Үнэхээр л тийм. Нүүдэлчин монголчуудын тархинд хамгийн түрүүнд орж ирж байгаа санаа нь зугтах. Зугтаагаад явчихвал асуудлыг ардаа орхиж байна гэж эндүүрдэг. Яахав харанхуй, бүдүүлэг байсан тэр үед тийм л аргатай байсан юм байгаа биз. Одоо бол тийм биш шүү дээ. Техник технологи дээд зэргээр хөгжсөн орчин үеийн нийгэмд бид амьдарч байна. Гэтэл эрт балрын сэтгэхүйгээсээ яагаад салахгүй байна вэ. Нүүдэлчин монголчуудын түүхэндээ анх удаа бий болгосон сая давсан хүн амтай хотыг устгах гэсэн санаатай бодлого явж байна гэж хийрхээд ч яахав. Гэхдээ л биднийг залан чиглүүлж буй төр засгийнхны санаанд хамгийн түрүүнд ийм шийдэл орж ирсэн байна. Гарц олж шийдэл хайхаас залхуураад зүгээр л бөөнөөрөө нүүгээд зугтаачихъя гэж санал болгож байгаа. Тэгчихээд үүнийгээ асуудал шийдчихлээ гэж гайхуулан ярихыг нь сонсоод өмнөөс нь ичиж үхмээр юм.

Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн гол цөм, хөдөлгөгч хүч. Олон хүн бөөгнөж байж л эдийн засаг бий болдог. Хэр олон хүн нэг дор төвлөрнө тэр хэрээр эдийн засаг хүчирхэгжих учиртай. Гэтэл өсөн өндийж буй эдийн засгийг задлахаар санаархаж буйг юу гэж хэлэх вэ. Зөөлнөөр гэмт хэрэг гэж болно. Харин хатуугаар бүр юу ч гэж хэлж болно. Ийм шийдвэр гаргах гээд, яриад сууж байгаа төрийн түшээдийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж хэлж ч болох юм. Ер нь тэгээд өөрсдийнх нь ярьж буйгаар нүүгээд явлаа гэхэд Улаанбаатарт хэн үлдэх вэ. Гэр хорооллынхон утаан дундаа бөртийгөөд хоцрох юм уу. Өөрсдөө эхэлж нүүж явчихаад эргэж ирээд гэр хорооллын утааг арилгая гэж яриад байна. Хамт амьдарч байхдаа утааг шийдэж чадаагүй байж хаяж зугтсан хойноо асуудлыг шийднэ гэж байх уу. Эсвэл өөрсдөө эрүүл агаарт нүүж очсон хойноо эргэж хараад үлдсэн хэд рүүгээ хэлээ гарган хохь чинь гэж хэлэх гээ юү.

Ер нь цаашид улс төр хөөхгүй, улс төрийн тавцангаас арчигдах хүсэлтэй хүн л Улаанбаатарыг нүүлгэнэ гэж ярьдаг юм. Улаанбаатарчууд бид тэнэг биш. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар гэдэг гишүүн “Та нарыг хаяад бид утаагүй газар очно” гэж ярьж байна лээ. УИХын гишүүн Улаанбаатарыг нүүлгэх тухай ярьж болох л байх л даа. Ингэж ярьснаараа тэр хүн улстөрч болоогүй байна гэдгээ л харуулж байгаа юм. Та нарыг утаатай чинь орхиод бид цэвэр агаарт амьдарна гэж сэрүүн зүүдэлж байгаа нь улс төрд ирээдүйгээ хүн гэдгээ харуулж буй хэрэг. Тэгээд ч энэ хүнийг дахин сонгож болохгүй гэдэг нь түүний үгнээс харагдаж байна. Монголын энэ том эдийн засгийг задлан буталж, цаашлаад үгүй хийхээр оролдож буй хүн цаашдаа монгол төрийн төлөө зүтгэж чадах уу. Бид өмнө нь Улаанбаатараар оролдсон хүн улс төрөөс арчигддаг тухай сануулан бичиж байсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон хэдэн гишүүн ингэж ярихад нь манай сонин шүүмжлэн бичээд нам болгож байлаа. Тэрийг одоогийн Их хурлын гишүүд мэдэхгүй байна. Улаанбаатарчууд дуугүй харж байгаад та нараар нийслэл хотоо устгуулна гэж хэзээ ч байхгүй. Хүч нөлөө нь та нарын бодож байгаа шиг сул дорой биш. Хотынхныг төр засаг барилцаж буй хэдхэн хүн басах болоогүй шүү. Хотын утааг хотод нь л шийдэх ёстой. Өөр гарц байхгүй. Улаанбаатар хоттой байж гэмээнэ хотын асуудлыг шийднэ. Хотгүй болсон хойноо ямар юмныхаа асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ. Өөрсдөдөө болон үр хойчдоо санаа зовсон хэсэг хүн утаанаас салгаад өг гэж ярьсан биш сүүлдээ бүр Улаанбаатараасаа салах юм болох нь л дээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өглөө

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т дууджээ.

Түүнийг өмнө нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхийг шаардаж байсан юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 19.00 цагийн үед АТГ-т өмгөөлөгчийн хамт очиж, мэдүүлэг өгсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Далайн арлын тухай дахин өгүүлье” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Баасан гаригийн дугаарын эхний нүүрэндээ шатахууны үнийн тухай сурвалжлага болон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да. Ганболдтой хийсэн ярилцлагыг онцлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс та бүхэн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрнээс сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Далайн арлын тухай дахин өгүүлье” нийтлэл хэвлэгдлээ.

Хууль бусаар бөхөнгийн эвэр түүгчдээс болж мялзан өвчин малд халдварлах аюул нүүрлээд байна. Энэ тухай долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

12 дугаар нүүрнээс МУСГЗ Д.Жамьяантай хийсэн ярилцлагыг унших боломжтой бол 19 дүгээр нүүрэнд “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуунтай хийсэн ярилцлагыг нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд орон даяар явуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёдугаар сарын нэгний өдрөөс эхлэн товлон зарлах, Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдөр явуулахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Санал авах хугацааны хувьд эсрэг санал алга. Гэхдээ сурталчилгааны хугацаа 18 хоног байгаа нь нэр дэвшигчид нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт очиж ажиллаж чадахгүй байдал үүсэхээр байна. Одоо үйлчилж байгаа хугацаагаа 20-21 болгох хэрэгтэй. Нэр дэвшигчид үнэмлэхээ авсаны дараа 10 хоног юу ч хийхгүй нь. Эдгээр сул өдрүүдийг оруулаад сурталчилгааны хоногоо нэмбэл ямар вэ” гэсэн санал тавив.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга, “Мэтгэлцээнийг сурталчилгааны сүүлийн өдөр ганц удаа хийдэг. Сурталчилгааны өдрүүдэд 2-3 мэтгэлцээн зохион байгуулж болох уу. Гадаадад байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-нд явуулах нь. Гэтэл сошиалаар үр дүнг нь мэдээлээд эхэлдэг. Үүнд ямар хариуцлага тооцох вэ” гэсэн асуулт тавив.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дээрх асуултуудад, “Шинэ хуулинд сурталчилгааны хоногийг нэмэхээр тусгасан байсан ч хууль буцсан. Одоогийн хуулинд сурталчилгааны хоногийг 20-иор тогтоосон. Мөн мэтгэлцээнийг хэдэн ч удаа зохион байгуулж болно. Гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг Гадаад харилцааны яам, СЕХ хамтарч зохион байгуулна. Иргэний саналыг битүүмжилсэн дугтуйгаар авдаг. Тэрхүү битүүмжилсэн саналыг дипломат шуудангаар авчирдаг. Тиймээс нууцлал алдагдаж байсан тохиолдол байхгүй” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүдийн асуултыг тодруулсаны дараа санал хураалт явуулахад 86,8 хувийн дэмжлэг авлаа. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны өдөр орон даяар болох нь.

Categories
мэдээ улс-төр

Францын техник технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабэт Барсактай тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өнөөдөр уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат Монгол Улс, БНФУ хооронд эртнээс уламжлалт найрсаг сайхан харилцаатай явж ирсэн бөгөөд өдгөө энэ харилцаа маш их өргөжиж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, урлаг зэрэг бүх чиглэлээр амжилттай өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд хүрч, харилцан айлчлалууд тогтмолжсон хэдий ч эдийн засгийн тодорхой салбаруудад хамтын ажиллагаа, түүний дотор хөрөнгө оруулалт, техник технологийн солилцоо чиглэлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтууд, түүний дотор “Шинэ төмөр зам” төсөл, Олон улсын шинэ нисэх буудлын төслийн явц, цаашид хамтран ажиллах боломж, саналуудаа танилцуулжээ. Тухайлбал, Монгол Улсын алслагдсан газруудад эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, гамшгийн үед аврах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор нисдэг тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх, Францын техник, технологийг Монгол Улсын тээврийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, техникийн туслалцааны чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг дадлагажуулах, туршлага судлах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Улаанбаатар хотын утааг бууруулах хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас автомашины хорт утааг шүүх шүүлтүүр байрлуулахаар судалж байгаа бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллах санал тавив.

Элчин сайд хатагтай Элизабэт Барсак “Миний бие тээврийн чиглэлээр ажиллаж байсны хувьд Монгол Улсын зам, тээврийн салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа таатай байна” гэлээ. Монгол Улсад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох боломжтой талаар Европын холбооны байгууллагуудад хүсэлт тавих боломжтойг тэрээр дуулгасан юм. Мөн Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яаманд шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагаа хариуцаж байсны хувьд Монголын Зам, харилцааны сургуулийг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа ч илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Дипломат ажилтнуудын томилгоог 4 жил болгон сунгав

Чуулган зурган илэрцүүдУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулинд дараах нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Үүнд:

-Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарласан зохицуулалтыг тусгажээ.

-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөв. Практикт дипломат ажилтнууд ажиллах улсдаа очоод төвхнөх, суугаа орныхоо төр, засгийн албаны хүмүүстэй албаны болон ажилд эерэгээр нөлөөлөх хувийн харилцаа тогтоох, ажилтайгаа танилцах, үйл ажиллагаа жигдрэх зэрэгт багагүй хугацаа ордог. Иймд 4 жил хамгийн тохиромжтой бөгөөд томилолтын хугацааны олон улсын жишиг 4 жил байдгийг харгалзсан аж.

-Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албаных өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байна, үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэссэн. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага байна. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг нэмсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй юм.

Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийг батлав. Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.