Categories
мэдээ нийгэм

Хогийн цэгээс нярайн цогцос олджээ

123

Энэ оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-ийн оюутны тавдугаар дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээрээс 3 кг 800 грамм жинтэй эрэгтэй нярайн цогцос эхэстэй хамт хаясан хэрэг гарчээ.

Энэхүү хэрэгт одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг нярайг төрүүлсэн хаясан байж болзошгүй хүнийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Мөн жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаар мэдээллийг худалдаж авахаар болжээ. Уг хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг чандлан хадгална. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 94374924, 96668268, 99199612, 70120137

Манай улсын одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх 117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Categories
мэдээ улс-төр

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэж байна

Хуралдааны эхэнд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилготой уг хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжиж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад салбарын сайд хариулж байна.

Өнөөдрийн байдлаар 2200 орчим малын эмч, 2000 орчим малзүйч нар ажилладаг байна. Тэдний нийгмийн хамгааллыг хангах асуудал дутмаг байдгийг салбарын сайд онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уулд хорио цээрийн дэглэм тогтоохыг үүрэгдэв

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдлаа.

Хурлаар Налайх дүүрэгт гарсан хонь, ямааны цэцэг өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Хан-Уул дүүргийн XII хороонд олон тооны мал нохойд бариулсан талаарх мэдээллийг танилцуулж, хэлэлцүүлэв.

Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа Налайх дүүргийн V хороонд оношлогдсон гоц халдварт хонины цэцэг өвчний нөхцөл байдлыг таницууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 27 сум, нийслэлийн Налайх дүүрэгт цэцэг өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоон, зааврын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Налайх дүүргийн V хорооны Дархан ноёны худаг гэдэг газарт нэг малчны 2 хонинд өвчний шинж тэмдэг илэрсэн. Мал эмнэлгээс 399 хонинд үзлэг хийж, өвчний сэжигтэй 51 хонийг тусгаарласан. Мөн манай эмч нар голомтод ажиллалаа. Өвчний тархалт эрчимтэй явагдаж байгаа учраас хүн хүч нэмэгдүүлэх, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Холбогдох хууль журам, зааврын дагуу ажиллаж байна. Нийслэлд 180 мянган мал вакцинд хамруулахаар тооцож, ОХУ руу захиалга өгч авчруулсан байгаа” гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2017 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт айлын хотонд нохой орж, мал барьсан гэсэн мэдээлэл холбогдох байгууллагад ирсэн. Гурван нохой айлын хотонд орж, 15 ямаа, 11 хонь хазаж шархдуулсан байсан.Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 3 нохойг олж, устгуулсан. Нохдоос дээж авч, нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн. Одоогийн байдлаар 100 тун вакциныг 100 толгой малд хийгээд байна” гэв.

Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Малын гоц халдварт цэцэг өвчний талаар болон золбин нохойнд бариулсан малын талаар өнөөдөр онцгой комисс хуралдлаа. Золбин нохдын асуудлыг хэт улстөржүүлсээр байгаад дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ. Тиймээс устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ. Мөн тэрбээр үүсээд байгаа асуудлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад шуурхай хорио цээрийн дэглэм тогтоох, үхсэн малын сэг, зэмийг зохих журмын дагуу устгахыг, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт, өвчин гарсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, ариутгалын пост болон хөдөлгөөнт эргүүлийг сайжруулах, хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов.

Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ажлын хэсгийнхэнд холбогдох чиглэл, үүрэг өглөө.

Гоц халдварт цэцэг өвчнийг бусад дүүрэгт зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай авах, нийслэлийн хэмжээнд өвөлжиж буй бог малыг нэн даруй вакцинжуулах, эрсдэл бүхий нутаг дэвсгэртэй залгаа суурьшиж буй айл өрхүүдэд тандалт хийх, үзлэг зохион байгуулах, иргэдэд цэцэг өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэж, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдааг сайжруулж, зохицуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл бусад холбогдох зардлыг батлагдсан төсвөөс санхүүжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг, дүүргийн залгаа аймаг, сум, дүүргээс гарал үүслийн бичиггүй амьд мал, мах махан бүтээгдэхүүний, түүхий эд нэвтрүүлэхгүй байхыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн суурийг тавихад түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Иймд түүний амьдрал, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх үйл хэргийн түүхэн үнэнийг олон нийтэд таниулж, алдар гавьяаг мөнхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсрууллаа. Засгийн газраас дэмжсэн саналаа өчигдөр ирүүлсэн учир удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.

Уг тогтоолын төсөлд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах комисс байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, С.Зориг агсанд төрөөс олгосон шагнал, бэлэг, дурсгал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг Монгол Улсын Түүхийн музейд байршуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардал зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дээрх асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажилласан байна.

Тэрбээр ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. “Ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд 10 орчим мянган хуудас материалтай танилцаж, шалгасан. УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн. Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгалаа. Нийтдээ “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг шилжүүлсэн байна. Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна. Энэ зээлийг Монголбанкнаас авсан байна. Энэ бол хууль бус үйлдэл юм” хэмээн тэрээр хэлсэн үгэндээ онцлов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Цогтбаатар: Шар цавын үлэг гүрвэлийн мөрт газарт байгалийн музей байгуулна

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай ярилцлаа.



-Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг аялагч, жуулчид үзэх боломжтой болгоно гэж сонслоо. Шар цавын үлэг гүрвэлийн мөрнүүдийн тухай та тодруулж ярьж өгөөч?

-Үлэг гүрвэлийн судалгааны салшгүй хэсэг нь үлэг гүрвэлийн мөр судлал гэж шинжлэх ухааны салбар байдаг л даа. Энэ салбар Монголд харьцангуй хожуу хөгжиж байгаа. Өмнө нь үлэг гүрвэлийн мөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Сайжрах гэдэг газраас олджээ гэсэн хуучны тэмдэглэл байдаг. Түүнээс хойш үлэг гүрвэлийн мөр Монголоос олддоггүй гэсэн сэтгэл зүй шинжлэх ухааны судлаачдын орчинд тархсан байсан л даа. 1995 онд миний удирдсан Монгол, Японы палеонтлогийн хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байдаг Шар цав гэдэг газраас үлэг гүрвэлийн мөр анх олсон юм. Тэр жил хээрийн судалгааны ажил дуусч байсан учраас нарийн судалгаа хийгдээгүй. 1996 онд нарийн судалгаа хийж, дөрөв, таван удаа хээрийн судалгааны анги энэ нутагт ажилласан. Энэ үнэхээр үлэг гүрвэлийн мөрт газар мөн байна. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой ховор сонин. Нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл гүйгээд явж өнгөрсөн мөрнүүд хадгалагдсан гэдэг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй мөрт үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм. Дэлхийн өөр бусад улс орнуудад байдаг мөрт газруудаас үүгээрээ ялгаатай. Палеонтологийн орчинд маш их шуугиан тарьсан даа. Бид гадаад дотоодод илтгэл хэлэлцүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг хийсэн л дээ. Энэ хугацаанд мөрт газрын хадгалалт хамгаалалтын асуудлыг сайн шийдэж амжаагүй байхад устаж үгүй болох шинж байдлууд илэрсэн. Мөнгө төгрөг шаарддаг учраас Монголын нөхцөлд нэг далайлтаар шийдэх боломжгүй. Хамгаалах ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Мөрт газар хүн очоод ховор олдворыг тасдагч хөрөөгөөр тасдаж аваад урагш хойш зөөж эхэлсэн. Жийп машинаар дээгүүр нь давхисан тохиолдол байсан. Хүнээс гадна мал амьтад туучих асуудлууд гарсан. Энэ газар Оюу толгойн нөлөөллийн бүсэд багтдаг. Түүх соёлын дурсгалт газрыг уул уурхай болон дэд бүтцийн компаниуд хамгаалах үүрэг хүлээдэг гэсэн үүднээс бид 2013 онд хашаажуулах төсөл бичиж Оюу толгой компани дэмжсэн. 1280 орчим метр, том талбайг хашсан юм. Хүнгүй зэлүүд газар учраас хашаа барьж, манаачтай болгосон. Худаг ус гаргах гэх мэт зөндөө ажил ундрахад “Гар бариад, бугуй барина” гэдэг шиг Оюу толгойнхонд хандсан. Тэд ч нөхцөл байдлыг ойлгоод худаг гаргаж өгсөн л дөө. Шинжлэх ухааны судалгааны материал боловч танин мэдэхүйн чухал ач холбогдолтой, үзүүлэн болохоор газрыг зөвхөн хашиж манан хадгалж дараад байж таарахгүй. Энэ хэсэгт байгалийн музей байгуулъя гэж шийдсэн. Хамгаална гэдэг эзэнтэй болгоно гэсэн үг. Аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төсөл Өмнөговь аймгийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д бичсэн. Энэ ажил эхлээд явж байна. Хашиж хамгаалахад хэдийгээр хүний хүчин зүйлээс тусгаарлагдах ч байгалийн хүчин зүйлийн нөлөө бий. Тиймээс дэлхийн туршлагыг судалж үзээд нар, салхинаас хамгаалсан битүү байгууламж барих нь зүйтэй гэж үзсэн юм. Тэр том газрыг бүгдийг битүүлэх боломжгүй. Хамгийн чухал, бөөнөөрөө хадгалагдсан мөртэй хэсэгт битүү байгууламж хийгээд бусад хэсэгт зам гүүр маягийн байгууламж хийхээр ажиллаж байна. Одоо энэ ажил 60-70 хувьтай яваа.

Үлэг гүрвэлийн мөрт газар

-60-70 сая жилийн өмнөх мөр хадгалагдаж үлдэхэд байгалийн өвөрмөц хүчин зүйл, газар нутгийн онцлог нөлөөлсөн байж таарах нь уу?

-Зөвхөн мөр төдийгүй палеонтологийн чулуужсан олдворууд хадгалагдах өвөрмөц нөхцлүүд байдаг л даа. Тэр дундаас чулуужсан олдвор Монголд их олддог гэдгээрээ дэлхийд танигдсан. Мөр үлдэнэ гэдэг хадгалалтын өвөрмөц нөхцөл шаарддаг. Нэгдүгээрт усан орчин шаардлагатай гэж үздэг. Мэдээж өнөөдрийн говь усгүй шүү дээ. Бидний судалгааны үр дүнгээр бол яг тэр орчин үлэг гүрвэлүүдийн үед олон салаа гүехэн устай үргэлжилсэн гол мөрөн байсан гэсэн үндэслэл гарсан. Гол мөрний эргээр үлэг гүрвэлүүд маш олноороо амьдарч байжээ. Тэдний мөр хадгалагдсан даруй хурдас чулуулгаар хучигдах учиртай. Тэр нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юм. Хурдас хуримтлалын онолоор бол он удаан жил хадгалагдахын тулд зүй тогтлоороо мөрт газар 10-20 метрийн дор байх учиртай. Дээр нь байсан хурдсууд элэгдэж, ил гарахаар нь бид олсон хэрэг. Тэр нь олон шалтгаантай. Газар нь өргөгдсөн байж болно. Дээд хэсэг нь эргэлээд үлдсэн. Цав гэхээр эрэглсэн газрыг хэлдэг шүү дээ.

Үлэг гүрвэлийн мөрийг хүмүүс үзэх боломжтой боллоо

-Аварга үлэг гүрвэлийн мөр олдсон гэсэн үү?

-Өнгөрсөн жил тэр орчимд хийсэн хээрийн судалгаагаар хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон. Тэр бол дэлхий нийтэд сенсаац болсон. Монголчууд цатгалан улсууд болохоороо тэрийг нэг их тоогоогүй, яриа ч үгүй.

Уртаашаа метр 10 орчим см мөр л дөө. Аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэдэг нь тогтоогдсон. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг. 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг. Хашааны гаднаас буюу Шар цаваас арваад км-ын зайд олдсон мөр. Энэ мөрийг Шар цавын мөртэй нэг цаг үеийнх байна уу гэдгийг нарийвчилж судлана.

Жижиг махан идэшт үлэг гүрвэлийн мөр

-Олон төрлийн үлэг гүрвэлийн мөр байсан юм уу?

-Дөрвөөс таван төрлийн үлэг гүрвэлийн хэдэн зуун мөр үлдсэн. Нэг амьтан яваад байсан биш сүрэглэж явсан, бүр нарийн ажиглавал өөрийн жаягтай, зэрэгцэж явдаг, сүрэглэж явдаг, гүйдэг амьтан шүү дээ. Өөр хоорондох зай нь цэргүүд жагсаад явсан юм шиг хоорондоо давтамжтай байх жишээтэй.

Шар цав Монгол Улсын палеонтологийн өвт газар гэж бүртгэгдсэн, тусгай хамгаалалттай газар.

-Оюу толгойн нөлөөллийн бүс гэж та хэлсэн. Олборлолт хийж байгаа газраас Шар цав хэр хол вэ?

-Оюу толгойн уурхай байгаа газраас 100 гаруй км, Хан богд сумаас 80 км, Манлай сумаас 96 км орчимд байдаг. Ойр орчимд нь айл амьтан байхгүй. Цөөхөн малчид бий.

-Үлэг гүрвэлийн мөртэй газар жийп машин явсан гэлээ. Дурсгалт газрууд, түүхэн үнэт олдворуудыг сүйтгэж байгаа хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Манайд хуучин хуулиар ерөнхийлсөн байдалтай байсан. Эргэж буцаад байгаа Эрүүгийн хуулинд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг орсон. Энэ хууль батлагдвал жийптэй битгий хэл мэргэжлийн бус хүн хөл нүцгэн ч явахгүй болох ёстой юм. Бидний саналыг энэ хуульд авсан л даа.

Палеонтологийн, археологийн олдворуудыг хамгаална гэхээр энд байгаа хэдэн судалгааны байгууллага, музейгээ яриад байдаг болохоос биш яг эх ундарга дээр нь байгаа юмаа хамгаалах талаар дорвитой ажил хийгдээгүй. 2014 оны долдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Соёлын өвийг хамгаалах хуульд олдворт газрыг хамгаалах заалт орчихсон учраас одоо бол асуудал гаргасан хүмүүс шууд хариуцлага хүлээхээр байгаа.

Шар цавд хийгдэж байгаа ажлын явц

-Шар цавын үлэг гүрвэлийн мөр хэр урт настай эд вэ?

-Насны хувьд жаахан маргаантай байгаа. Оросын экспедицийн үед тогтоогдсон насаар бол 70 орчим сая жилийн өмнөх мөр. Биднийхээр бол 90 орчим сая жил болж магадгүй. Ойр орчмоос нь олдсон амьтан ургамалын үлдэгдлээр ингэж тогтоосон юм.

Categories
гадаад мэдээ

Мексикийн Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаас татгалзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийхээр товлосон уулзалтаа Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето цуцаллаа. АНУ руу хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хилийн дагуу хана барих мөнгийг гаргахыг Д.Трамп твиттерээр Мексикийн талаас шаардсаны дараа тэрбээр ийм шийдвэр гаргалаа.

Ирэх долоо хоногийн мягмар гарагийн уулзалтанд оролцохгүй гэдгээ би өнөө өглөө Цагаан ордонд мэдэгдсэн гэж Пена Ньето өчигдөр орой твиттер хуудсандаа бичсэн байна. Хоёр улсын удирдагчид анх удаагаа дээд хэмжээний уулзалт хийх гэж байсан нь энэ юм.

Гэхдээ чухам ямар шалтгааны улмаас уулзалтыг цуцлах болсныг Мексикийн Засгийн газар тодорхой мэдэгдсэнүй.

Пүрэв гарагийн өглөө Д.Трамп мөн твиттерт “хэрвээ Мексик хананы мөнгийг гаргах хүсэлгүй байгаа бол мягмар гарагт уулзалт болохгүй” гэж жиргэсэн юм.

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих тухай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт гарын үсэг зурсан билээ. Үүний хариуд Пена Ньето мэдэгдэхдээ “манай улс хананы мөнгийг гаргаж чадахгүй” гэжээ.

Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр болон хууль бус цагаачидтай холбоотойгоор Ерөнхийлөгч Д.Трамп Мексикийг удаа дараалан шүүмжилж байв. Шинжээчдийн мэдэгдсэнээр, АНУ-д 11 сая цагаач хууль бусаар ажиллаж, амьдарч байна.

Categories
мэдээ спорт

Зүүн Азийн өсвөрийн шатарчид Улаанбаатарт өрсөлдөнө

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах II тэмцээн 2017 оны зургадугаар сарын 17-26-нд Улаанбаатар хотноо Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ.

Өнгөрсөн онд Азийн шатрын холбооноос энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын шатрын холбоонд олгохоо албан ёсоор мэдэгдсэн юм. Азийн шатрын холбооны гишүүн дөрвөн холбоо энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж Монголын шатрын холбоо ийнхүү шалгарсан юм. Сүүлийн 10 гаруй жилд Монголын өсвөрийн шатарчид тив, дэлхий, олон улсын тэмцээнээс удаа дараалан олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн өндөр амжилтын эзэд болсон билээ.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас Н.Алтанхуягт хандан мэдэгдэл гаргалаа

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.

Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.

Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна.

Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

Өнөөдрөөс эхлэн гурав хоног “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд ажиллахгүй. Учир нь эдгээр өдрүүдэд урд хөршийн цагаан сарын баяр тохиож байгаа юм.

Харин галт тэрэг, нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид ирэх даваа гаригт хичээлдээ орно

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 17-ны өдөр дуусах байсан ч хүйтний эрч эрс чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор сунгасан билээ.

Тодруулбал, сурагчдын амралтыг БСШУС-ын сайдын тушаалаар энэ сарыг 30-ныг хүртэл сунгасан бөгөөд ирэх даваа гарагт сурагчид хичээлдээ орно.

Мөн томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт өндөр хувьтай, цаг агаар эрс хүйтэрч байгаа зэрэг шалтгааны улмаас Ховд, Завхан аймгийн Засаг дарга нар БСШУСЯ-нд хандаж хүсэлт гаргасан. Улмаар БСШУС-ын сайд дээрх хоёр аймгийн сурагчдын амралтыг мөн нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн юм.