Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” Дорнод аймагт өнөөдөр болно

“Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо болно. Энэ удаагийн наадам Эрээнцавын яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсэний 70 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог юм. Наадамд шүлгээ унших найрагчид өчигдөр Чойбалсан хотыг зорьсон байна.

“Болор цом” наадмын ерөнхий зохион байгуулагчаар тус аймгийн ЗДТГ, МЗЭ ажиллах бөгөөд ивээн тэтгэгч байгууллагаар Чойбалсан хотын захирагчийн алба, Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбоо, “Дорнод гурил” ХХК компани ажиллахаар болжээ.

Сонирхуулахад, тус наадмыг Улаанбаатар, Дорнод, Эрдэнэт хотод зохион байгуулж байсан бөгөөд Чойбалсан хот ийнхүү дөрөв дэх хот нь болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Боож үхлээ” утааны эсрэг жагсаалд иргэд нэгдэнэ

Өнөөдөр “Боож үхлээ” утааны эсрэг жагсаал Сүхбаатарын талбай дээр 12 цагт болно. Энэхүү жагсаал нь нэг цаг 30 минут үргэлжлэх бөгөөд олны нэртэй одууд ч оролцож байна.

Жагсаалд урлагийнханыг нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр утааны эсрэг гаргасан “Чи” дуугаа дуулахаар болсон. Мөн тэд утааны эсрэг шинэхэн уран бүтээлийнхээ клипний зураг авалтын энэ үеэр хийх юм.

Мөн тэднээс гадна одоогоор ДиЖи Үүрээ тэргүүтэй “Монгол Микс Прожект” компанийн хамт олон утааны эсрэг жагсаалд нэгдэж, жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллахаар болжээ.

“Боож үхлээ” жагсаалыг энэ удаа сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөж, “Лемонс” хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, “Sweetymotion” хамтлаг, “Mr.Dogs” хамтлаг ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцох юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Л.Нинжжамцыг томиллоо

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг шалгаруулах сонгон шалгаруулалт журмын дагуу явагдаж Үндэсний зөвлөл өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Олон нийтийн дунд нээлттэй зарлан явуулсан сонгох шалгаруулалтад есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс Лувсандашийн Нинжжамц олонхийн саналыг авч Ерөнхий захирлаар томилогдлоо.

Үндэсний зөвлөлд битүүмжлэн ирүүлсэн есөн нэр дэвшигчийн материалтай ажлын хэсэг танилцаж, сонгон шалгаруулалтыг явуулжээ. Эхний шатны сонгон шалгаруулалтаас Б.Ундраа, сэтгүүлч Д.Цондовдорж, Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нинжжамц нар тунаж үлдсэн юм. Эдгээр хүмүүс дээр нууцаар санал хураалт явуулж, ерөнхий захирлыг шалгаруулсан байна.

Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, Гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгссөн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв.

Categories
мэдээ нийгэм

Монгол шар зурхай баримтлагчид өнөөдөр сар шинээ тэмдэглэж байна

Өнөөдөр монгол шар зурхай баримтлагчид хаврын тэргүүн сарын шинийн 1-нээ тэмдэглэж байна. Манай зурхайчид сар шинийн баярыг нэгдүгээр сарын 28, хоёрдугаар сарын 27-нд болно гэж мэтгэлцэж байгаа. Тэгвэл энэ өдөр цагаан сараа тэмдэглэн уул овоондоо гарч сүү, сэржмээ өргөн цагаалж байгаа хүмүүс багагүй байна.

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрай “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр ингэж хэлсэн шалтгаанаа “Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг. Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхийн даяар “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна.

Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Энэ зурхайг одоо зөвхөн Монгол, Түвд хоёрт л хэрэглэж байна” гэв. Мөрөө олох гэсэн ард түмэн маань ингэж өөр өөр өдөр мөрөө гаргасаар байх уу…

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

ГХЯ болон АНУ-ын Элчин сайдын яам хамтран “Монгол, Америкийн 30 жилийн хамтын ажиллагаа: Стратегийн түншлэлийн төлөөх зорилт” эрдэм шинжилгээний бага хурал хийлээ.

1987 оны Нэгдүгээр сарын 27-ны өдөр анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц, Монгол улсаас НҮБ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Нямдоо нар дипломат харилцаа тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцолсон.

Тэрбээр, “Гарын үсэг зурсан өдрөөс хойш хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гээд бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн.1990 оноос хойш АНУ, Монголын ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг дэмжиж ирсэнд бид талархалтай байдаг. Тиймээс ч хоёр орны харилцаа ардчиллын үнэт зүйлст тулгуурлан хөгжиж, хамтран ажиллах бүхий л харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн. Үүнийг бодитой хэрэгжүүлэх нь бидний ирэх онуудад хийх ажлын гол тулгуур юм” гэлээ.

Дипломат харилцаа тогтоосноор харилцан ашигтай худалдаа, боловсрол соёлын солилцоо хийх боломж бүрдэнэ хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц гарын үсэг зурах үедээ хэлж байсныг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт дурсав. Тэрбээр,”Тэр үеэс бид эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. 1990 онд ардчилсан нийгмийг сонгосон цагаас хойш Монгол Улс АНУ-ын Ази, Номхон далбайн бүсийн гол хамтрагч болсон. Монгол бол Азийн “Баян бүрд” болсон улс. Тиймээс ч бид Монголын гуравдагч хөрш гэдгээрээ үргэлж бахархаж ирсэн.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг сэргээх, ядуурлыг бууруулах чиглэлээр бид тогтмол хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, 30 жилийн хугацаанд Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан 240 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Түүнчлэн Мянганы сорилтын корпораци Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цэвэр шаталттай зуух нийлүүлэх, анхны салхин цахилгаан станц барих, халдварт бус өвчин, МСҮТ-үүдийн сургалтын чанарыг дээшлүүлэх зэрэгт 285 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ жил бид хэд хэдэн чиглэлээр худалдаа, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, АНУ-ын компаниудыг Монголд авч ирсэн. Энэ сарын 19-нд бид Ил тод байдлын хэлэлцээрийг баталгаажуулж гуравдугаар сарын 20-ноос хэрэгжүүлэхээр болов. Хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол Улсын хууль, тогтоолыг дотоод, гадаадын аж ахуйн нэгжид сурталчилж, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх юм. Одоо Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд туслах зорилгоор Олон улсын валютын сан болон бусад орнуудад монголчуудад дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа” гэв.

Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан дипломатууд, мөн судлаачид Монгол Улс АНУ-ын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлага байгааг санууллаа. Тухайлбал, “Монгол, АНУ-ын харилцааны төлөв: Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан Дипломат академийн захирал, Элчин сайд Х.Бэхбат хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд эрчтэй, тууштай хөгжиж ирсэн ч худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд ахиц гараагүйг тэмдэглэлээ.

АНУ-аас Монголд орж ирсэн шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 308 сая ам.доллар байгаа бол 2015 онд Монгол Улс АНУ-руу 135.2 сая ам.долларын худалдаа хийсэн нь нийт худалдааных нь 1.8 хувийг эзэлжээ. Монгол, Америкийн хамтарсан хөрөнгө оруулалттай 300 орчим компани Монголд байдаг ч зөвхөн уул уурхай, нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс Монголын тэргүүлэгч гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татахад Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах нь эргээд эдийн засгийн салбарт дан ганц улс давамгай байдал тогтоохоос хамгаалж чадах боломжтой гэдгийг онцолсон юм.

Хоёр орны хооронд хийгдсэн төрийн өндөр дээд айлчлалуудыг тодруулбал, 1990 оноос хойш АНУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн удаа, УИХ-ын дарга гурван удаа, Ерөнхий сайд найман удаа, Гадаад харилцааны сайд зургаан удаа, Батлан хамгаалахын сайд гурван удаа тус бүр айлчилжээ. АНУ-аас Монгол Улсад Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч тус бүр нэг удаа, Гадаад харилцааны сайд таван удаа, УИХ-ын дарга нэг, Батлан хамгаалахын сайд хоёр удаа айлчилсан байна. Энэ нь дээд өндөр төвшний уулзалт жил тутамд тогтмолжсон нь хоёр тал хамтын ажиллагаанд ямар их ач холбогдол өгч байгааг илэрхийлж буй юм.

30 жилийн ойн хүрээнд өнөөдөр УДБЭТ-т Америкийн “Break of reality” хамтлаг, Монголын Морин хуурын чуулга хамтарсан тоглолтоо үзэгчдэд толилуулна. Мөн “Хөсөгтөн” хамтлаг ирэх гуравдугаар сард Вашингтон, Нью Йорк, Сан Франциско, Чикаго, Сиэтл зэрэг хотоор аялан тоглолт хийх юм. Түүнчлэн Дэлхийд алдартай Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга энэ оны зургадугаар сард Монгол Улсад тоглох аж.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2017” хамтарсан сургууль хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид хамтран “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт 2017 оны 01 дүгээр сарын 23-27-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалт, дадлага сургууль нь манай оронд 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдах юм.

“Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуульд өмнөдийн бүсийн зургаан аймгийг хамруулах бөгөөд танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль хийх хэлбэрээр хоёр үе шаттайгаар явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

НИТХ сар бүр агаарын бохирдлын асуудлаар хуралдана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугч бүр хохирч байна. Энэ аюулыг гэтлэн давахын тулд нийслэлчүүд бид нийтээрээ хариуцлага хүлээх цаг ирлээ. Зөвхөн төр засаг биш, хэн нэгэн хүн биш, хамтын хүчээр утаатай тэмцэх хэрэгтэй болж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар хотоос авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тогтвортой биш, байнга өөрчлөгдөж байснаас үр нөлөө нь хангалтгүй байгааг бид өдөр тутамдаа мэдэрч байна. Үүнээс бид сургамж авах учиртай. Өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг олон өнцгөөс харж, нухацтай хэлэлцэн, агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдлыг бууруулах, иргэдээ хамгаалах талаар онцгой горимын хугацаанд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ тодорхойльё” гэлээ. Тэрбээр мөн хотын утааны асуудлыг зун, өвөл гэлгүй НИТХ сар бүр хэлэлцэж, үр дүнг ярилцаж байхыг онцлов.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууллаа. Хотын дарга өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад төрөөс хичнээн төгрөг зарцуулсан болоод үр дүнгийн талаар эхэнд нь дурьдав. Тэрбээр “2007-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улс, нийслэлийн төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын зээл, тусламжаас 87 тэрбум 185 сая трөгрөг буюу нийт 206 тэрбум 964 сая төгрөг зарцуулсан. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал “Байгальд халгүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Нүүрс” хөтөлбөр гээд нэрлэж болно. “Нүүрс” хөтөлбөрийг онцолж хэлэхэд, Багануурын нүүрсийг түлшинд ашиглаж, тоосонцор болон хүхрийн агууламжийг бууруулах зорилготой байсан ч түүхий нүүрсний хэрэглээг бууруулах биш эсэргээр нэмэгдүүлсэн юм. Эдгээр төсөл дунд хэрэгжилт нь сайн төсөл ч бий, үр дүнгүй төсөл хөтөлбөр ч байна” хэмээн ярилаа.

Хотын дарга цааш хэлэхдээ “Одоо хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгд тавьж, агаар болон орчны бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 200 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Үүнийг цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 48 сургуулийн сурагчдад 50 мянган амны хаалт олгосон. Үүнээс гадна гэр хорооллын замбараагүй тэлэлтийг зогсоож, яндангийн тоог бууруулж, суурьшлын шинэ бүс байгуулах талаар 3 захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Бидний хэтийн зорилго бол Улаанбаатар хот түүхий нүүрсний хэрэглээнээс салах явдал юм. Агаарын бохирдлыг бууруулахад шалтаг, шалтгаан тоочихоос илүү шийдвэртэй алхам хийх нь чухал гэж хотын удирдлагууд үзэж байна” гэсэн юм.

Үүний дараа НИТХ дахь намын бүлгүүд болон хороод санал, дүгнэлтээ танилцууллаа. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралдаан одоо Хангарди ордонд үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

MХЕГ-ынхан согтууруулах ундаа үйлдвэрлэгчидтэй уулзалт хийв

МХЕГ-аас санаачлан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, НМХГ, ДЭМБ, Хүнсчдийн холбоо болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн төлөөлөл оролцов. Энэ үеэр “Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Архины хор уршиг эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй дарамт”, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. МХЕГ-аас хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд бүх үйлдвэрт аттестатчилал явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар архины үйлдвэрийн тоо 48 байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт. Засгийн газрын тогтоолоор 2012 оноос хойш архины 43, спиртийн 6, дарсны 5, пивоны 7 нийт 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Үүний зэрэгцээ ҮСХ-ноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр байсан бол 2015 онд 7.2, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр байсан бол 2015 онд 25.3 литр болж буурчээ. Манай улс энэ үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 182 орноос 76-д жагссан байна.

Цаашид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол боловсруулж батлуулах, тусгай зөвшөөрлийг сунгахдаа тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа эсэхийг харгалзан үзэх, нэг хүнд ногдох архи, пивоны хэрэглээг багасгах шаардлагатай юм. Түүнчлэн үйлдвэрүүд дотоод хяналтаа сайжруулах, хяналтын лабораториа итгэмжлэлд хамруулж, багаж хэрэгслийг шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ хаяг шошгоны мэдээлэлд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой хэрэглээний талаар заавал тусгах зэргийг сануулж зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын цочмог халдвар буурч, эмнэлэгийн ачаалал багасчээ

Энэ сарын 25-нд хийсэн тандалт мэдээгээр амьсгалын замын цочмог халдварын тархалт буурч, эмнэлгүүдийн ачаалал тэр хэрээр багассан үзүүлэлт гарсан гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Ачаалал ихтэй гэгдэж байсан Сонгинохайрхан, Баянзүрх эмнэлэгүүдэд байдал ямар байгааг тодрууллаа.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Манайх хүүхдийн 165 ортой. Өнөөдрийн байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын цочмог халдварын тархалт сүүлийн үед багасч, эмнэлгийн ачаалал нэлээд буурсан. Ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдсэн ид ачаалалтай үед хоногт 300 гаруй хүүхэд хүлээж авдаг байсан бол, сүүлийн 10 өдрийн байдлаар хоногт 45-60 хүүхэд хүлээн авч байна. Тиймээс эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байсан эмч, сувилагчдаа эргүүлэн татаж, хэвийн горимоор ажиллаж байгаа” гэж ярилаа.

Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Сүүлийн 14 хоногийн байдлаар, ханиад томууны дэгдэлт эрс буурсан нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт болон хоног нэмж сунгасны үр дүн гэж үзэж байгаа. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн 130 ортой. Өнөөдрийн байдлаар, 120 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Хүлээн авах тасгаар хоногт 50-60 хүүхэд үйлчлүүлж байгаагаас 20-иод нь хэвтэн эмчлүүлдэг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас манай дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн ажлууд нь чухал ач холбогдолтой байлаа. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тус дүүргийн долоон хороо, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт таван хороог хуваарилж өгснөөр манай эмнэлгийн ачаалал эрс буурсан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг уучлал гуйхыг шаардав

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Тэрбээр уг мэдэгдэлдээ:

-Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаад нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.

Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт суусны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.

Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй. Ардчилсан нам алдаа дутагдал, дотоод зөрчлөө бусдад нялзаахгүй байхыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.