Categories
мэдээ улс-төр

МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид маргааш 11.00 цагт МАХН-ын Төв байранд хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийлэх юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 28-нд өргөн барьсан. Харин үүнийг зөвхөн МАН-аас Ерөнхийлөгч сонгогдох төсөл боллоо гэх байр суурийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлээд буй юм.

Categories
мэдээ нийгэм

Он солигдох мөчид улсын хэмжээнд 121 хүүхэд мэндэлжээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд Эрүүл мэндийн яам хариуцлагатай жижүүр ажиллуулж 11-323002 дугаар утсаар 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас тогтмол мэдээ авч, шаардлагатай үед арга зүйгээр ханган ажиллалаа.

Дээрх 4 хоногийн хугацаанд салбарын хэмжээнд түргэн тусламжийн 22694 дуудлага хүлээн авснаас 1355 нь осол гэмтлийн, 374 нь төрөлттэй холбоотой, 207 нь хоолны болон архины хордлоготой холбоотой дуудлага байв. Нийслэл хот, аймаг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар нийт 19339 хүн үйлчлүүлжээ. Мөн улсын хэмжээнд 867 эх амаржиж үүнээс гэрийн төрөлт 6, эмнэлэгт 859 хүүхэд төрсөн бол 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 121 хүүхэд мэндэллээ.

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулиас 150 хоногийн өмнө холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг дэмжихээр байр сууриа нэгтгэжээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль нэг хуулиар явсан. Манай нам бол энэ гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Гэвч УИХ-аар хэлэлцээд нэг хуулиар зохион байгуулахаар болсон юм. Гэтэл “СЕХ-ноос бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь төвөгтэй байна. Тиймээс тусдаа хуультай болох нь зүйтэй” гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Ингэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд суурилж саналаа ирүүлсэн. Тухайн үед буюу 2013 онд УИХ-д таван нам байсан. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж Байнгын хороо шийдсэн. Харин зохион байгуулалттай холбоотой шинэ заалт оруулж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сарын дунд үед багтаан хэлэлцээд, Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа товыг зарлах зорилготой байгаа. Энэ хуульд УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тохирлоо. Энэ төслийг МАН-ын бүлэг дэмжсэн хэмээн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батлах нөхцөлийг ямар үндэслэлээр гаргасан бол?

-СЕХ-ноос саналаа гаргахдаа сонгуулиудыг тус бүрт нь өөрийнх нь хуулиар явуулж байх нь илүү тохиромжтой байна гэсэн үндэслэлээр бидэнд тухайлсан заалтуудыг нэрлэж ирүүлсэн. Хэрэглэхэд тохиромжгүй,ойлгомжгүй заалтууд нь үндсэндээ техникийн шалтгаантай зүйлүүд байсан юм. Түүнээс биш сонгуулийн тухай хуулинд тогтолцоотой холбоотой зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай биш гэж үзсэн. Зөв, эмх замбараатай, зохион байгуулалттайгаар сонгуулийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн санал дээр тулгуурласан төслийг оруулж ирсэн гэж ойлгож болно.

-Сонгуулийн тухай хуулинд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдэг заалтаа орхигдуулснаас үүдэж, өнгөрсөн сонгуулийн өмнө нэлээд маргаан дагуулсан. Энэ хуулийн төсөл дээр уг заалт тусгасан уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлээр зохион байгуулна гэж бодоход нэгдүгээр сард багтаан холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулчихбал онцын зөрчилдөх зүйл үүсэхгүй гэж байна. Сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт оруулж өгсөн байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлдөхөөр хуулийн төсөлдөө зааж өгсөн. Бие даагч С.Жавхлан гишүүн өөр намд элссэнээр тухайн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдэх үү?

-Өмнөх сонгуулийн тухайн хууль, тогтоомжууд дээр УИХ-д суудалтай нам гэсэн ойлголт янз бүрээр тайлбарлагдсан байдаг. Энэ хуулиийн төсөл дээр УИХ-д нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын Их Хурлын Тамгын газар нэрэмжит шагналтай болов

Монгол Улсын Их Хурал нэрэмжит шагналтай болж, шагналын журмыг Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар баталжээ.

Нэрэмжит шагнал нь “Хүндэт өргөмжлөл”, “Өргөмжлөл” гэсэн хоёр төрөлтэй байх юм байна. “Хүндэт өргөмжлөл”-өөр УИХ-ын хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан УИХ-ын Тамгын газрын ажилтан, Монгол Улсад хууль тогтоох, түүний хэрэгжилтийг хянах ажилд бодитой хувь нэмэр оруулсан төрийн болон бусад байгууллагын ажилтныг шагнах юм.

“Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдах УИХ-ын Тамгын газар, төрийн болон бусад байгууллагын ажилтан нь төрийн албанд 20-иос дээш жил, тухайн байгууллагадаа 10-аас дээш жил ажилласан байх ёстой бөгөөд гурван талт соёмбын дүрс бүхий цом хэлбэрийн өргөмжлөлийг 2.000.000 төгрөг дагалдах юм.

Энэхүү “Хүндэт өргөмжлөл”-ийн анхныхыг 2017 оны босгон дээр гардууллаа. Анхны шагналтнаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн бичээч Т.Уранчимэг нарыг шагнав.

Д.Лүндээжанцан нь 1990-1992 оны Ардын Их Хурал, Улсын Бага Хурлаас эхлээд Монгол Улсын парламентын гишүүнээр завсаргүй 7 удаа сонгогдон ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашсан, туршлагатай парламентч билээ.

Т.Уранчимэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг эхийг бичсэн, УИХ-ын Тамгын газарт 30 шахам жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг ажилтан юм.

“Өргөмжлөл”-өөр ажлын үр дүн, тухайн ажил, арга хэмжээнд оролцсон идэвх зүтгэлийг нь үнэлэн ажилтан, баг бүрэлдэхүүн, хамт олныг шагнах юм байна.

Уг “Өргөмжлөл”-өөр Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржханд, референт Ч.Батбямба, нарийн бичгийн дарга Ж.Ганчимэг, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт А.Батсайхан, Ц.Болормаа, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч Б.Батгэрэл, Д.Уянга, Мэдээллийн технологийн хэлтсийн референт П.Батбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц, Гадаад харилцааны хэлтсийн шинжээч О.Гэрэлхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн референт Д.Бадамноров, бичиг хэргийн ажилтан Д.Дашбал, хэвлэх цехийн ахлагч Д.Даваасүрэн, Дотоод аудитын албаны ахлах референт Ц.Лхагвагэрэл нар шагнагджээ.

Categories
мэдээ нийгэм

Бүтээн байгуулалтын ажилд бэлтгэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн
үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт
шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Мөн тэрээр өнгөрөгч 2016 онд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай
зөвлөгөөн зохион байгуулсан дүнгийн тухай танилцуулга хийж, “Өнгөрсөн
онд 24 удаа Шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, нийт 205 үүрэг даалгавар
өгөгдсөн байна. Цаг үеийн ажил, үйлчилгээний талаар 49, шийдвэрийн
хэрэгжилт, сахилга хариуцлагын талаар 35, иргэдэд үзүүлэх төрийн
үйлчилгээний талаар 58, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тохижилтын
талаар 63 үүрэг даалгавар өгөгдсөнөөс хэрэгжилт 91 хувьтай гарсан байна”
гэв.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Улаанбаатар
хотын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн хоногуудад өндөржүүлсэн
бэлэн байдлын II зэрэглэлд шилжин ажилласан. Баярын өдрүүдэд гэмт хэрэг,
зөрчлийн шинжтэй 9641 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн
өдрүүдтэй харьцуулах 58.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн
аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газар нийтийн хэв
журам сахиулан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт
1064 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж ажилласан. Мөн баярын өдрүүдэд
болсон “Монгол төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх”, “Улаанбаатарын
мөнгөн үдэш” баярын цэнгүүн зэрэг 19 удаагийн арга хэмжээний үед
цагдаагийн 828 алба хаагч хэв журам сахиулж хамгаалалтад үүрэг
гүйцэтгэсэн” гэлээ.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4347
дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн
шинжтэй 1606 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 112 ослыг
материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын
ослын хэрэг буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гудамж замд хийсэн
шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 841 зөрчил илрүүлсэн
байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн
зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.

НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн
хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Цаг
агаарын урьдчилсан төлвөөр шинэ оны эхний 10 хоногт хүйтний эрч сулрах
төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд аюулт
үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 145 удаагийн дуудлага ирснээс
объектын гал түймрийн 130 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах
ажиллагааны 15 удаагийн дуудлагатай байлаа. Шинэ жилийн баяр амралтын
өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд гарсан томоохон хэмжээний гамшиг ослын
дуудлагагүй тайван байлаа” гэв.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч С.Батболд “2017 оныг бид “Иргэдийн оролцоотой эрх зүйн
шинэтгэлийн жил болгон” зарлаж байна. Энэ жил бүхэлдээ ажлын хариуцлага,
сахилга батыг дээшлүүлэх жил болж байна” гээд 2017 онд Төсвийн
ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн
гэрээний бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээгээр хэрэгжих
ажлуудын задаргааг энэ долоо хоногт багтаан Бодлого, төлөвлөлтийн
хэлтэст хүргүүлэх, 2017 онд улс, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудын
газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгавар өглөө.

Categories
гадаад мэдээ

Антониу Гутерриш НҮБ-ын даргын үүрэгт ажилдаа орлоо

Өчигдрөөс эхлэн Португалийн Ерөнхий сайд
асан Антониу Гутерришийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг
хаших хугацааг албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр ирэх таван жилийн турш
дэлхийн хамгийн хүчирхэг байгууллагыг удирдах юм.

Түүнийг дүрвэгч цагаачдын хямрал,
ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай
асуудал гэх мэт олон улсын өмнө шийдэгдээгүй үлдсэн хүндхэн сорилтууд
хүлээж байна. Тэрбээр энэ бүхнийг шийдэхийн төлөө ажиллана.

Гэхдээ хамгийн түрүүнд нийгмийн хамгийн
сул дорой, эмзэг бүлгүүд рүү чиглэсэн ажлыг хийх болно гэдгээ мэдэгдээд
байгаа юм. Гутерришийн хийж хэрэгжүүлэх ажил АНУ-ын шинэ төрийн тэргүүн
Дональд Трампийн засаг захиргаанаас ирэх хүндхэн сорилтуудтай тулгарч
болзошгүй байгааг ч ажиглагчид энэ зуур сануулж байна.

Учир нь Трамп хууль бус цагаачдыг эх
орноосоо хөөн гаргаж, урд хил дээрээ хана босгоно гэж мэдэгдсэн. Мөн
НҮБ-ын хамгийн их анхаарал хандуулдаг асуудал болох уур амьсгалын
өөрчлөлтөд Трампийн засаг захиргаа эргэлзсэн байр сууринаас хандаж
байгаа. Хэрвээ Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох АНУ
НҮБ-ын үйл ажиллагааг дэмжихгүй бол тус байгууллагын нийт төсвийн 20
гаруй хувь нь хүндхэн байдалд хүрэх эрсдэлтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилээр сонин хэвлүүлж, гэр бүлийнхэндээ сюрприз барьжээ

Шинэ жилээр хүмүүс бие биедээ янз бүрийн бэлэг барьдаг. Харин гавьяат багш Ц.Амгалангийн гэр бүлийнхэнд барьсан шинэ жилийн сюрприз нь “Гэр бүлийн сонин” байлаа. “Өдрийн сонин”-ы хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн “Гэр бүлийн сонин”-ы нэг ширхэг нь гэхэд л 15000 төгрөгийн үнэтэй гарчээ. Гэсэн ч өнөр бүлийнхний хувьд энэсонин жинхэнэ бэлэг болж чадсан гэнэ. “Сонин нэг өдрийн настай” гэсэн яриа байдаг ч энэ гэр бүлийнхний хувьд насаараа хадгалах сонин ийнхүү мэндэлсэн юм.

Гэрийн эзэн Ц.Амгалан Өвөрхангай аймгийн Тарагт сумын хүн. Тийм ч учраас тэдний зочдын өрөөний хананд энэ гэр бүлийн шүтээн хайрхны зураг залардаг.Тэрбээр ярихдаа “Би 1950 оны нэгдүгээр сарын 1-нд Тарагт сумын нутаг, Авзага хайрхны тэрүүхэн наана Чулуутын Ар бөөрөг гэдэг газар хөдөө бууцан дээр төрсөн хүүхэд. Эхээс унахад энд тэнд маань хоргол наалдчихсан байсан гэдэг. Тэр утгаараа даарч хөрөх нь гайгүй, өлчир талдаа. Би энэ хайрхандаа жил бүр очдог. Сумын 90 жилийн ойгоор очоод, тахилын ширээ, хүндэтгэлийн самбар босгосон. Наян жилийн ойгоор “Өлзий ээлтэй нутаг минь” гэж дууны шүлэг бичсэн хэмээн хуучилсан.

Энэ гэр бүлийн гол шүтээн эцэг өвгөдөөс шүтэж ирсэн Аюуш бурхан. Гэрийн эзэгтэй Ц.Энэбиш өглөө бүр бурхандаа мөргөж, тахил өргөдөг заншилтай. Ээж хамгийн эхлээд хамаг амьтны тусын тулд дараа нь хань ижил, үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө залбирдаг. Замд яваа хүүхдүүдээ даатгадаг. Шар будаа, сүү өргөдөг гэнэ. Бурхан тахилын хэсэгт Бурхан багш, Манал бурхан, эвтэй дөрвөн амьтан заларчээ. Эзэгтэй бурхантайгаа ярьж суудаг.

Ц.Амгалан, Ц.Энэбиш нар1974 онд гэрлэж, өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Анх гэр бүл болохдоо хурим хийгээгүй ч 35 жилийн дараа 2009 онд Гэрлэх ёслолын ордонд ёслол үйлдсэн гэнэ.Гэрлэх ёслолын ордон, Гэр бүлийн нийгэмлэгээс энэ гэр бүлийг “Тэнгэрлэг гэр бүл”-ээр шалгаруулсан юм билээ.

Эхнэр, нөхөр хоёр багш мэргэжилтэй. Бага хүү ТЕГ-т ажилладаг, дэд хурандаа А.Болдбаатарын гэргий Ж.Болортуяа гэрийнхэндээ сюрприз барих дуртай. “Хангарьд пропертийз” компанийн захирал тэрбээр “Гэр бүлийн сонин” гаргах санаа сэдэж, нөхрөө уг ажилд “татан оруулжээ”. Энэ гэр бүлийнхэн шинэ жилээр нэгнийдээ цуглаж баярладаг. Энэ удаа А.Болдбаатарынд 31-нд цуглаж сонин хүлээж авцгаасан нь тэр.

Ц.Амгалан гуай эхээс есүүлээ. Тэрбээр бага насаа ийнхүү дурсав. “Аав биднийг өдөр бүр ээлжээр гэрийн ажил хийлгэдэг байлаа. Сайн хийвэл долоо хоногийн эцэст ажил дүгнээд, нэгээс гурван төгрөгөөр урамшуулдаг. Муу хийвэл улираана. Дахин хийхгүйн тулд бүгд хичээдэг байлаа. Биднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн. Дүү нар бүгд ажилтай төрөлтэй. Шөнө унтахдаа хувцаснуудаа сандал дээр заавал эвхээд тавь гэдэг байлаа. Тэгж л цэвэрч нямбай хэвшилд сургасан. Биднийг аашилж загнадаггүй. Ээж маань аймгийн оёдлын артельд ажилладаг. Төлөвлөгөө нормоо биелүүлэх гэж зүтгэнэ. Дуусгаж амжаагүй ажлаа гэртээ авчирдаг байлаа. Тэр үед чийдэн байх биш лааны гэрэлд гутал уллаж суусан нь бидний сэтгэлд үлджээ. Хүүхдүүддэээцэг, эхийнхээ хөдөлмөрч чанарыг өвлүүлэх гэж хичээсэн. Манай хүүхдүүд ч бас ээлжээр жижүүр хийгээд “Өнөөдөр чиний гурил элдэх ээлж. Маргааш миний ус барих ээлж” гээд явдаг байлаа.Эцэг эх маань хөрөнгө мөнгө биш боловсрол, мэдлэг өвлүүлсэн. Бид ч хүүхдүүдээ боловсролтой болгох гэж их зүтгэсэн дээ” гэв.

Тэдний дөрвөн хүүхэд бүгд дээд сургууль төгсжээ. Том хүү А.Мөнхбаатар эмэгтэйчүүдийн эмч, одоо “Тод дэлгэц” эмнэлэгийн захирал, дараагийн хүү А.Ганбаатар “Авзага мээрэн” компанийн захирал, бага хүү А.Болдбаатар Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга, бага охин А.Мөнх-Эрдэнэ Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт боловсролын байцаагч хийдэг юм байна.Ахмад багш Ц.Амгалан “Манай хүүхдүүд сайн ханьтай. Өвөг дээдсийн ажилсаг хөдөлмөрч сайхан уламжлалыг хадгалж яваасай гэж хүсдэг. Та нар өөрсдөө ажилсаг бол хүүхдүүд чинь дагаад ажилтай болно. Өөрсдөө ажил хийхгүй бол хүүхдүүддээ хичнээн сайхан сургаал хэлээд нэмэргүй. Ээж, аав нь яаж ажиллаж байгааг хүүхдүүд харж мэдэрч өсдөг. Хүний сайн талыг харж бахдаж байвал чамд ч хүн сайн байна. Зарим улс бусдын өөг илүү хардаг. Хэрвээ хүний алдааг хардаг бол эхлээд өөрийнхөө алдааг харах ёстой. Зарим хүн бусдын алдааг сайн хардаг мөртлөө өөрийнх нь дутагдлыг хэлэхээр хүлээж авдаггүй, биеэ өмөөрдөг” хэмээн сургамжлав.

“Аливаа юманд сэтгэлээсээ л хандах хэрэгтэй” гэж эзэгтэй онцолсон. Харин Ц.Амгалан “Хүссэн зорьсоноороо амьдарвал Далай ламын хэлсэнчлэн хоёр амьдарсан шиг сэтгэл дүүрэн байдаг” гэсэн шүү.

Б.Эгшиглэн

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн 25 жилийн ойг энэ сарын 13-нд тэмдэглэнэ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн түүхтэй.

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна. Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахалж байна.

Комиссын гишүүдээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах нар ажиллаж байна.

Мөн шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссоос “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Истанбулд болсон халдлагад Монгол иргэн өртөөгүй болохыг ЕКГ-аас мэдэгдлээ

Турк улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарлаа.

Турк улсын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр одоогоор нас барсан 21 хүний мэдээллийг тодорхой болгосон бөгөөд эдгээр иргэний 16 нь гадаадын иргэн, тав нь турк улсын иргэн байжээ. Үлдсэн 18 хүний мэдээллийг тодорхой болгохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна. Хэрэг гарах үед дээрх цэнгээний газарт ойролцоогоор 700-800 орчим хүн байсан нь тогтоогдоод байна.

Уг халдлагад Монгол иргэн өртсөн талаар мэдээлэл байхгүй болохыг Истанбул дахь Ерөнхий Консулын Газраас /ЕКГ/ мэдэгдсэн бөгөөд халдлагад өртсөн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Турк улсад манай улсын нийт 4,000 орчим иргэн оршин сууж байгаагаас Истанбул хотод 3,500 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна.

Сүүлийн үед тус хотод ойрхон давтамжтай хэд хэдэн удаагийн халдлага гарсан тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад Харилцааны Яамны Консулын газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Долоон аймгийн малыг вакцинжуулж эхэллээ

Монгол Улс, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын 20 дугаар хурлаар талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн төв үйлдвэрээс нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаар болж, 5 сая тун вакциныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд авч, эрсдэл бүхий голомтот газруудад хийж эхэллээ. Тодруулбал, 2.5 сая тун вакциныг Архангай, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг 7 аймгийн 22 суманд 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Нэн хөнгөлөлттэй үнээр авч байгаа вакцины үлдэгдэл 15 сая тун вакциныг энэ сарын 15-нд авах юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүйтний улиралд вакцин хийхэд хүндрэлтэй байгаа тул зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байна. Мөн гуравдугаар сарын 1-ээс орон даяар вакцинжуулалтыг хийж эхлэхээр болсон гэж ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.